Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27

Хавчигдахаасаа өмнө бэлдэцгээе

Хавчигдахаасаа өмнө бэлдэцгээе

«Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй» (2 ТИМ. 3:12).

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

ТОЙМ *

1. Хавчигдахаас өмнө яагаад бэлдэх хэрэгтэй вэ?

 ШАВЬ нь болохоор шийдсэн хүн бүхэн үзэн ядагдана гэдгийг Эзэн Есүс амиа алдахынхаа өмнөх үдэш хэлжээ (Ёох. 17:14). Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Еховагийн үнэнч Гэрчүүд жинхэнэ шүтлэгийг эсэргүүцэгчдэд хавчигдаж ирсэн (2 Тим. 3:12). Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам хавчлага улам бүр ширүүсэх нь дамжиггүй (Мат. 24:9).

2, 3. а) Айдас юунд хүргэх вэ? Яагаад? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Хавчигдахаасаа өмнө ямар бэлтгэл хангах нь зүйтэй вэ? Чухам юу тохиолдохыг бүгдийг нь төсөөлөх хэрэггүй. Хэрэв тэгвэл айж түгшин, санаа зовно. Ургуулан бодсоор байгаад яг сорилт тулгарахаас өмнө Еховад үйлчлэхээ больж мэднэ (Сур. 12:25; 17:22). Айдас бол бидний «дайсан Диаволын» хэрэглэдэг хүчирхэг зэвсэг юм (1 Петр 5:8, 9). Хавчлагыг тэвчихийн тулд одооноос хэрхэн бэлдэх вэ?

3 Энэ өгүүллээр, Еховатай хэрхэн дотносохыг, энэ нь яагаад хойшлуулшгүй чухал болохыг ярилцана. Түүнчлэн зоригжихын тулд яах хэрэгтэйг авч үзнэ. Мөн хавчлага шахалтыг хэрхэн давахыг мэдэж авна.

ЕХОВАТАЙ ХЭРХЭН ДОТНОСОХ ВЭ?

4. Еврей 13:5, 6-д бичсэнээр, юунд итгэлтэй байх ёстой вэ? Яагаад?

4 Ехова танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай (Еврей 13:5, 6-г уншина). «Бурхныг сайн мэддэг хүн соригдох үедээ Бурхнаас өөр хэнд ч, юунд ч найддаггүй» гэж олон жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ. Юутай үнэн үг вэ! Хавчлагыг тэвчье гэвэл бид Еховаг хайрлах ёстой. Мөн бидэнд хайртай гэдэгт нь бат итгэх учиртай (Мат. 22:36–38; Яак. 5:11).

5. Еховагийн хайрыг мэдрэхийн тулд яах хэрэгтэй вэ?

5 Библийг өдөр бүр уншихдаа Еховатай улам дотносох зорилго өвөрлөөрэй (Яак. 4:8). Унших явцдаа Еховагийн хайр, нигүүлсэнгүй сэтгэл гэх зэрэг гайхалтай зан чанарыг анхаарч, үг яриа, үйл хэргээрээ хэрхэн илэрхийлснийг ойлгож мэдрэхийг хичээгээрэй (Ег. 34:6). Хэзээ ч хайрлуулж байгаагүй хүн Бурхан өөрийг нь хайрладаг гэдэгт итгэж чаддаггүй. Танд бас тэгж санагддаг бол Ехова танд хэрхэн өршөөл нигүүлслээ үзүүлснийг өдөр бүр жагсааж бичээрэй (Дуу. 78:38, 39; Ром 8:32). Тухайн өдөр болсон явдлыг болон Библиэс уншсанаа эргэцүүлбэл жагсааж бичих юм олон гарах биз ээ. Таны төлөө хийсэн бүхнийг нь бодоод талархах тусам Еховатай улам дотносох нь гарцаагүй (Дуу. 116:1, 2).

6. Дуулал 94:17–19-д бичсэнээр, чин сэтгэлээсээ залбирах нь ямар ач тустай вэ?

6 Тогтмол залбираарай. Бяцхан хүү хайртай аавдаа тэврүүлээд, тэр өдөр болсон сайн, муу бүх явдлыг нууж хаалгүй шулганан ярьж байгаа дүр зургийг төсөөл дөө. Хэрэв та өдөр бүр чин сэтгэлээсээ залбирч Еховатай дотносдог бол аавтайгаа дотно энэ хүүтэй адил байна (Дуулал 94:17–19-ийг уншина). Хайртай Эцэг Еховадаа залбирч «зүрхээ ус мэт асгаарай». Өөрөөр хэлбэл юунаас айж, юунд санаа зовж байгаагаа бүгдийг нь хэлээрэй (Гаш. 2:19). Ингэвэл ямар ач тустай вэ? «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг» өгдгийг биеэрээ мэдэрнэ (Флп. 4:6, 7). Та залбирах тусам Еховатай улам дотносож байгаагаа ойлгоно (Ром 8:38, 39).

Еховад болон Хаант төрд нь итгэдэг бол зоригтой байна

Стэнли Жонс Бурхны Хаант төрийг бодитой гэдэгт итгэдэг учраас зоригтой байжээ (7-р догол мөрийг үзээрэй)

7. Хаант төрийн тухай Бурхны амлалт биелнэ гэдэгт яагаад бат итгэх ёстой вэ?

7 Бурхны Хаант төр ивээл хишгээ хүртээнэ гэдэгт итгэлтэй байгаарай (Тоол. 23:19). Хэрэв та энэ амлалтад бат итгэдэггүй бол Сатан болон түүний гар хөл бологчид таныг амархан айлгаж дөнгөнө (Сур. 24:10; Евр. 2:15). Бурхны Хаант төрд итгэх итгэлээ одооноос батжуулахын тулд яах хэрэгтэй вэ? Хаант төрийн талаарх Бурхны амлалтыг болон энэ амлалт биелнэ гэдэгт яагаад итгэж болохыг зориуд зав гаргаад судлаарай. Энэ нь ямар ач холбогдолтой вэ? Итгэл үнэмшлийнхээ улмаас шоронд 7 жил хоригдсон Стэнли Жонсын жишээг авч үзье. Тэрээр яагаад үнэнч, тэвчээртэй байж чадсан бэ? «Би Бурхны Хаант төрийн тухай мэддэг, юу хийхийг нь ойлгодог учраас итгэл минь бат байсан. Огт эргэлзэж байгаагүй. Тийм болохоор хэн ч намайг Еховагаас холдуулж чадаагүй» гэж ярьжээ. Та Бурхны амлалтад бат итгэдэг бол Бурхантай улам дотносно, айснаасаа болоод бууж өгнө гэж хэзээ ч байхгүй (Сур. 3:25, 26).

8. Цуглааныг хэрхэн үздэг маань юуны шалгуур вэ? Тайлбарлана уу.

8 Цуглаандаа тогтмол яваарай. Еховатай дотносоход цуглаан тустай. Цуглааныг хэрхэн үздэг тань хавчлагыг тэвчих эсэхийн шалгуур болно (Евр. 10:24, 25). Яагаад? Жижиг сажиг саадаас болж цуглаанаа таслаад байвал итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглах нь эрсдэлтэй болох үед яах болж байна вэ? Харин цуглаанаа хэзээ ч таслахгүй гэж эргэлт буцалтгүй шийдвэл хамт цуглахыг маань болиулах гэж хавчигчид хэчнээн оролдлоо ч бид бууж өгөхгүй. Одооноос цуглаанаа эрхэмлэдэг болоорой. Хэрэв та цуглаанаа эрхэмлэдэг болбол «хүнд бус, Бурханд захирагдахад» тань ямар ч эсэргүүцэл, засгийн газрын хориг саад болж чадахгүй (Үйлс 5:29).

Библийн эшлэл болон цуглааны дууг цээжлэх нь хавчлагын үед тустай (9-р догол мөрийг үзээрэй) *

9. Библийн эшлэл цээжлэхийг яагаад сайн бэлтгэл гэж хэлж болох вэ?

9 Дуртай Библийн эшлэлээ цээжлээрэй (Мат. 13:52). Та ой сайтай хүн биш байлаа ч цээжилсэн эшлэлийг тань Ехова агуу хүчээрээ сануулж өгнө (Ёох. 14:26). Зүүн Германд эхлээд шоронд, дараа нь ганцаарчилсан хориход хоригдож байсан нэг ахын юу хэлснийг анхаараарай. Тэрээр: «Библийн хэдэн зуун эшлэлийг цээжээр мэддэг байсандаа би ямар их баярласан гэж санана! Библийн янз бүрийн сэдвээр эргэцүүлэн бодож өдөр хоногийг үр ашигтай өнгөрөөж байлаа» гэжээ. Тэр ах Библийн эшлэлийг цээжилснийхээ ачаар Еховатай дотно, үнэнч, тэвчээртэй байжээ.

(10-р догол мөрийг үзээрэй) *

10. Дуугаа яагаад цээжлэх шаардлагатай вэ?

10 Еховаг магтан алдаршуулах дууг цээжлээд, дуулж байгаарай. Паул Силас хоёр Филиппойд хоригдож байхдаа магтуу дууг цээжээр дуулжээ (Үйлс 16:25). ЗХУ-ын үед амьдарч байсан Еховагийн Гэрчүүд Сибирьт цөллөгт байхдаа хэрхэн зоригжиж байсан бол? Мария Федунь гэдэг эгч: «Бид дууны номд байдаг дуунуудаас цээжилсэн бүх дуугаа дуулсан» гэжээ. Тэр дуунуудыг дуулахаараа бүгдээрээ сэргэж, Еховатай дотно байгаагаа мэдэрдэг байсан гэж Мария эгч ярьсан юм. Та дуртай магтуугаа дуулахаараа зоригждог уу? Тэгвэл одооноос цээжлээрэй! ( «Зориг хайрлаач» гэсэн хавсралтыг үзээрэй).

ЗОРИГЖИХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

11, 12. а) 1 Самуел 17:37, 45–47-г үзвэл Давид яагаад зоригтой байсан бэ? б) Давидаас юу сурах вэ?

11 Хавчигдах үед зориг хэрэгтэй. Хэрвээ зүрх алдаад байвал яах вэ? Зориг бол бие бялдар, хүч тэнхээ, авьяас чадвараас шалтгаалдаггүй гэдгийг санаарай. Голиаттай тулалдах болсон залуу Давидын жишээг бодъё. Аварга биетэнтэй харьцуулахад Давид биеэр жижиг, чадал муутай, хуяг дуулга өмсөөгүй, бүр илд ч үгүй байсан шүү дээ. Тэгсэн атлаа зоригтой хүү байлаа. Давид ааг омогтой аварга биетнээс айж хулчийлгүй, харин ч тулалдахаар гүйн очжээ.

12 Давид яагаад зоригтой байсан бэ? Ехова хамт байгаа гэдэгт бат итгэж байжээ (1 Самуел 17:37, 45–47-г уншина). Голиатыг өөртэйгөө харьцуулан аварга томыг нь гайхаагүй. Харин Еховатай харьцуулан өчүүхэн жижиг гэдгийг нь анхаарсан. Энэ явдлаас бид юу ойлгож болох вэ? Ехова бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэж, эсэргүүцэгчид Төгс хүчит Бурхны хажууд өчүүхэн гэдгийг ойлговол зориг орно (Ш.дэд 20:15; Дуу. 16:8). Тэгвэл хавчигдаагүй байгаа дээрээ, яг одооноос хэрхэн зоригжих вэ?

13. Яавал зоригжих вэ? Тайлбарлана уу.

13 Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг олон нийтэд дэлгэрүүлээд байвал зоригтой болно. Яагаад? Дэлгэрүүлэх ажлын ачаар Еховад найдаж сурдаг, хүнээс айхаа больдог (Сур. 29:25). Дасгал хөдөлгөөн хийгээд байвал булчин шөрмөс чангардгийн адил айлаар, гудамж талбайгаар, албан байгууллагуудаар, бас албан бусаар дэлгэрүүлээд байвал зоригждог. Одоо л дэлгэрүүлж зоригжоод байвал манай үйл ажиллагааг хорьсон үед ч дэлгэрүүлэхээ болихгүй (1 Тес. 2:1, 2).

Нэнси Юэн сайн мэдээ дэлгэрүүлэхээ болиогүй (14-р догол мөрийг үзээрэй)

14, 15. Нэнси Юэн, Валентина Гарновская хоёроос юу сурах вэ?

14 Гайхалтай хатан зориг гаргасан үнэнч хоёр эгчийн жишээнээс их зүйлийг ойлгож болно. Нэнси Юэн эгч шавилхан биедээ (1,5 м өндөр) баймааргүй их зоригтой эмэгтэй байлаа. * Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэхээ боль гэсэн шаардлагыг тэрээр хүлээж аваагүйн улмаас коммунист дэглэмтэй Хятадын шоронд 20 гаруй жил хоригджээ. Мөрдөн байцаагчид түүнийг улсынхаа «хамгийн засаршгүй этгээд» гэжээ.

Ехова өөртэй нь хамт байгаа гэдэгт Валентина Гарновская итгэл төгс байсан (15-р догол мөрийг үзээрэй)

15 Валентина Гарновская ЗХУ-ын шоронд гурван удаа, нийт 21 жил хоригджээ. * Яагаад? Дэлгэрүүлэхээ болихгүй гэж бат шийдсэн байв. Тийм учраас түүнийг «онц аюултай гэмт хэрэгтэн» гэж үздэг болжээ. Бурханд чин үнэнч энэ хоёр эмэгтэй яагаад зоригтой байсан бэ? Ехова өөрсөдтэй нь хамт байгаа гэдэгт итгэл төгс байжээ.

16. Зоригтой байхын нууц юу вэ?

16 Зоригтой байхад хүч тэнхээ, авьяас чадвар чухал биш байх нь ээ. Харин Ехова бидэнтэй хамт байдаг бөгөөд бидний төлөө тэмцдэг гэдэгт итгэх ёстой (Д.хууль 1:29, 30; Зех. 4:6). Энэ бол зоригтой байхын нууц юм.

ХАВЧЛАГА ШАХАЛТЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

17, 18. Ёохан 15:18–21-ийг үзвэл Есүс юу гэж анхааруулсан бэ? Тайлбарлана уу.

17 Бид олны хүндэтгэлийг хүлээхээрээ баярладаг ч хэр зэрэг нэр хүндтэй вэ гэдгээрээ өөрийнхөө үнэлэмжийг тодорхойлох ёсгүй. Есүс: «Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хөөж, доромжилж, нэрийг чинь гутаахад та нар жаргалтай» гэсэн байдаг (Лук 6:22). Энэ нь ямар утгатай вэ?

18 Дагалдагчид нь үзэн ядагдахаараа баярлана гэж Есүс хэлэх гээгүй. Харин юу тохиолдохыг анхааруулсан. Бид ертөнцийнх биш билээ. Есүсийн зааснаар амьдарч, Есүсийн дэлгэрүүлсэн мэдээг дэлгэрүүлдгээс маань болоод ертөнцийнхөн биднийг үзэн яддаг (Ёохан 15:18–21-ийг уншина). Бид Еховагийн таалалд нийцүүлэхийг хичээдэг. Тэнгэрийн Эцгээ хайрладгаас маань болоод хүмүүс биднийг үзэн ядвал санаа зовох хэрэггүй.

19. Элч нарыг хэрхэн дуурайх вэ?

19 Хүмүүсийн хэл ам, хийж байгаа үйлдлээс болж Еховагийн Гэрч гэдгээсээ бүү ичээрэй (Мика 4:5). Есүсийг нас барсны дараахан элч нар ямар гайхалтай жишээ үзүүлснийг судалбал хүнээс айх айдсаа ялж сурна. Иерусалимд байсан тэдгээр элч Иудейн шашны удирдагчдад ямар их үзэн ядагдаж байгаагаа мэдэж байв (Үйлс 5:17, 18, 27, 28). Гэлээ ч Есүсийн шавь гэдгээ нууж хаалгүй өдөр бүр сүмд очиж дэлгэрүүлсэн (Үйлс 5:42). Айдаст автаагүй, дэлгэрүүлэхээ болиогүй. Бид хүнээс айх айдсаа ялахын тулд Еховагийн Гэрч гэдгээ ажил, сургууль, хөршийнхөндөө ил тод хэлж, тогтмол дэлгэрүүлж байх хэрэгтэй (Үйлс 4:29; Ром 1:16).

20. Элч нар үзэн ядагдсан ч яагаад баяр баясгалантай байсан бэ?

20 Элч нар яагаад баяр баясгалантай байсан бэ? Үзэн ядагдаж байгаагийнхаа учрыг мэддэг, Еховагийн хүсэл тааллыг биелүүлснийхээ улмаас хавчигддагаа нэр төрийн хэрэг гэж үздэг байв (Лук 6:23; Үйлс 5:41). Хожим нь элч Петр: «Шударга сайны төлөө зовох болсон ч та нар жаргалтай» хэмээн бичжээ (1 Петр 2:19–21; 3:14). Зөв юм хийснийхээ төлөө үзэн ядагдаж байгаагаа ойлговол хүнээс айхгүй.

БЭЛТГЭЛ САЙТЫН БЭЛ ИХ

21, 22. а) Та хавчигдахаасаа өмнө ямар бэлтгэл хийхээр шийдсэн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Биднийг хэзээ хяхаж хавчихыг эсвэл засгийн газар манай байгууллагын үйл ажиллагааг хэзээ хориглохыг бид мэдэхгүй. Гэхдээ одооноос Еховатай дотносож, зоригжиж, хүмүүст үзэн ядагдахын зовлонг тэвчиж сурах зэргээр бэлдэх хэрэгтэйгээ мэддэг. Одооноос бэлтгэлээ базаавал ирээдүйд бат зогсож чадна.

22 Засгийн газар Еховаг шүтэхийг маань хоригловол яах вэ? Тийм үед ч Еховадаа үйлчилсээр байхад тус болох зарчмуудыг дараагийн өгүүллээр авч үзнэ.

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

^ Үзэн ядагдахыг хэн ч хүсэхгүй. Гэвч эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгдээрээ хавчигдана. Бэлтгэлээ базааж, хавчлагаас айхгүй байхад энэ өгүүлэл тус болно.

^ Еховагийн нэр алдаршина гэсэн видео үзнэ үү (JW телевизийн ЯРИЛЦЛАГА > СОРИЛТЫГ ТЭВЧИХ НЬ гэж орно уу).

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аав ээж нь хүүхдүүдтэйгээ гэр бүлийн хичээл хийж, цаасан дээр бичсэн Библийн эшлэлийг цээжлүүлж байна.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Цуглаанд явах замдаа дуугаа бэлдэж байна.