Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 34

Өөрчлөлтийг даван туулах нь

Өөрчлөлтийг даван туулах нь

«Та нар Бурхны нэрийг хайрладаг ... Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» (ЕВР. 6:10).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

ТОЙМ *

1-3. Бүрэн цагийн үйлчлэгчдийн үүрэг даалгавар яагаад өөрчлөгддөг вэ?

«БИД ХОЁР миссионероор жаргалтай үйлчлээд 21 жил болж байлаа. Тэгтэл дөрвөн аав ээжийгээ асрах шаардлагатай болов. Тэднийгээ асрахдаа дуртай байсан ч дассан бүхэндээ сэтгэл хоргодоод нэг л гунигтай байсан» гэж Роберт, Мэри Жоу хоёр дурсжээ.

2 «Бид хоёр эрүүл мэндийн улмаас даалгавраа цаашид биелүүлэх боломжгүй болсноо мэдээд уйлсан. Гадаадад үйлчлэх мөрөөдөл маань ингээд л дууссан даа» гэж Виллиам Терри хоёр ярьсан юм.

3 «Хавчигчид манай байгууллагын салбарыг хэзээ нэгэн цагт хаана гэдгийг бид мэдэж байсан. Гэхдээ Бетел хаагдахад шоконд ордог юм билээ» гэж Алексей ярив.

4. Энэ өгүүллээс ямар асуултын хариуг авах вэ?

4 Дээрх хүмүүсээс гадна өөр томилолт авсан бүрэн цагийн үйлчлэгчдийн, тухайлбал бетелчдийн жишээг дурдвал хэдэн мянга болно. * Үнэлж эрхэмлэдэг томилолт нь өөрчлөгдөхөд тэд шаналсан биз ээ. Шинэ нөхцөлд дасахад нь юу тус болох вэ? Та тэдэнд хэрхэн туслах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл өөрчлөлтийг хэрхэн даван туулахыг бид бүгдээрээ мэддэг болно.

ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ?

Бүрэн цагаар үйлчлэхээ болих нь яагаад хэцүү байдаг вэ? (5-р догол мөрийг үзээрэй) *

5. Үүрэг даалгавар өөрчлөгдөхөд хүн яадаг вэ?

5 Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцдог эсвэл Бетелд үйлчилдэг бидний хэн хэн нь хүмүүст хайртай болж, үйлчилдэг нутаг орондоо дасдаг. Тиймээс ямар нэгэн шалтгаанаар тэндээсээ явах боллоо гэхэд зүрх урагдах шиг болдог. Ижил дасал болсон итгэл нэгтнүүдээ санадаг. Ялангуяа хавчлагын улмаас явах болсон бол ард үлдсэн тэдэндээ санаа зовдог (Мат. 10:23; 2 Кор. 11:28, 29). Өөр томилолт авахлаар шинэ соёлд дасах хэрэгтэй болдог учраас үнэхээр хэцүү санагдаж магадгүй. Тэр байтугай нутагтаа буцаж ирэхэд ч иймэрхүү сэтгэгдэл төрдөг. «Бид хоёр үндэснийхээ соёлыг ч, төрөлх хэлээрээ дэлгэрүүлэх аргыг ч мартсан байсан. Нутгийн хүн атлаа харийн хүн шиг болчихсон байв» гэж Роберт, Мэри Жоу хоёр дурссан юм. Үүрэг даалгавар гэнэт өөрчлөгдөхөөр мөнгө төгрөгөөр гачигдах нь бий. Тийм үед зарим хүн яахаа ч мэдэхээ больж сэтгэлээр унадаг. Тэдэнд юу тус болох вэ?

Еховатай дотносож, түүнд найдах нь амин чухал (6, 7-р догол мөрийг үзээрэй) *

6. Еховатай дотно байхын тулд яах хэрэгтэй вэ?

6 Еховатай дотно байгаарай (Яак. 4:8). Үүний тулд яах вэ? «Залбирлыг сонсдог Нэгэнд» найдаарай (Дуу. 65:2). «Түүний өмнө зүрхээ нээ» гэж Дуулал 62:8-д байдаг. «Гуйж хүсдэг, бодож төсөөлдөг бүхнээс маань илүү ихийг» Ехова хийж чадна (Эф. 3:20). Залбирч гуйсан төдийгүй гуйгаагүй зүйлийг ч өгдөг. Бидний төсөөлж ч байгаагүй аргаар асуудлыг шийдэж өгдөг.

7. a) Еховатай дотно байхын тулд өөр яах хэрэгтэй вэ? б) Еврей 6:10–12-т бичсэнээр, Еховад үргэлж үнэнч үйлчлэх нь ямар ач тустай вэ?

7 Еховатай дотно байхын тулд Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодоорой. Миссионероор үйлчилж байсан нэг эрэгтэй: «Бүрэн цагаар үйлчилж байхдаа баримталж байсан хуваарийнхаа дагуу гэр бүлийн хичээлээ тогтмол хийж, цуглаандаа бэлдэж байгаарай» гэж хэлжээ. Түүнээс гадна, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцоорой. Урьдынх шигээ их юм хийж чадахгүй ч үнэнч үйлчилсээр байгаа хүмүүсийг Ехова мартдаггүй (Еврей 6:10–12-ыг уншина).

8. 1 Ёохан 2:15–17-д энгийн амьдрахад тустай ямар зөвлөгөө байдаг вэ?

8 Энгийн амьдраарай. Амьдралаа яаж залгуулах вэ гэж санаа зовоод Еховад үйлчлэхээ болиузай (Мат. 13:22). Гачигдахын зовлонгүй амьдаръя гэвэл их мөнгө ол гэж зөвлөдөг найз нөхөд, хамаатан садныхаа үгэнд бүү ороорой (1 Ёохан 2:15–17-г уншина). Бүхий л хэрэгцээг маань «хэрэгтэй цагт» хангахаа амладаг Еховад найдаарай. Тэгвэл тэрээр бат итгэлтэй байхад тусалж, сэтгэл санааг амар амгалан байлгаж, зайлшгүй шаардлагатай эд зүйлийг өгнө (Евр. 4:16; 13:5, 6).

9. Сургаалт үгс 22:3, 7-д бичсэнээр, өрөнд орохоос зайлсхийх нь яагаад чухал вэ? Зөв шийдвэр гаргахын тулд яах хэрэгтэй вэ?

9 Өрөнд орохоос зайлсхийгээрэй (Сургаалт үгс 22:3, 7-г уншина). Нүүдэл суудал хийхэд маш их зардал гарч магадгүй. Ийм үед өр тавих амархан. Үүнээс сэргийлэхийн тулд онцын шаардлагагүй эд барааг зээлээр бүү аваарай. Сэтгэлийн дарамттай үед, тухайлбал, дотнын хүнээ асарч байгаа бол хэр их мөнгө зээлэхээ шийдэх амаргүй байж болох юм. Тийм үед зөв шийдвэр гаргахын тулд Бурханд залбирч, шаргуу гуйгаарай. Ехова таныг тайвшруулж, «зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаалж», зөв шийдвэр гаргахад тусална (Флп. 4:6, 7; 1 Петр 5:7).

10. Яаж шинэ найзуудтай болох вэ?

10 Сайнаар нөлөөлдөг хүмүүстэй дотно байгаарай. Сэтгэл санааны байдал, гачигдал зовлонгоо дотнын найзууддаа, ялангуяа адилхан зовлон үзсэн, таныг сайн ойлгох хүмүүст хэлээрэй. Ингэвэл тайвширна (Ном. 4:9, 10). Та өмнөх томилолтынхоо үед олон сайн найзтай байсан шигээ одоо ч сайн найзуудтай болоорой. Сайн найзтай байя гэвэл та өөрөө сайн найз байгаарай. Яаж? Еховагийн ачаар олж авсан туршлагаасаа хуваалцаж, жаргалтай хүн гэдгээ мэдрүүлээрэй. Таныг яагаад бүрэн цагийн үйлчлэлд дуртай байдгийг хурлын зарим хүн ойлгохгүй байж магадгүй ч зарим нь илүү ихийг мэдэхийг хүсээд тантай найз болох биз ээ. Гэхдээ та өөрийнхөө тухай, Еховад үйлчлээд ямар амжилт гаргасан тухайгаа битгий их яриарай. Бас өөрт төрсөн таагүй сэтгэгдлээ ярихаас зайлсхийгээрэй.

11. Ханьтайгаа хамт үргэлж жаргалтай байя гэвэл яах нь зүйтэй вэ?

11 Ханийнхаа эрүүл мэндийн байдлаас болоод бүрэн цагаар үйлчилж чадахгүй болсон бол ханиа бүү буруутгаарай. Эсвэл та өвдсөн бол ханьдаа дараа болж байна гэж өөрийгөө бүү буруутгаарай. Та хоёр «нэг бие» шүү дээ. Бас ямар ч үед бие биедээ санаа тавина, халамжилна гэж Еховад амласнаа санаарай (Мат. 19:5, 6). Та гэнэт жирэмсэн болсны улмаас бүрэн цагийн үйлчлэгч биш болбол энэ үйлчлэлээс илүү чухал нь хүүхэд болсон гэж ярьж байгаарай. Мөн Бурхны өгсөн «бэлэг» гэж үздэгээ байнга хэлээрэй (Дуу. 127:3–5). Үүний зэрэгцээ бүрэн цагийн үйлчлэгч байхдаа ямар ивээл хүртэж байснаа ярьж байгаарай. Ингэдэг бол хүүхэд тань таныг дуурайн, Еховад бүрэн цагаар баяр хөөртэй үйлчлэх хүсэлтэй болно.

ХУРЛЫНХАН НЬ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

12. а) Бүрэн цагаар үйлчилдэг итгэл нэгтнээ тэр хэвээр нь үйлчлүүлэхийн тулд хэрхэн туслах вэ? б) Танай хуралд томилогдож ирсэн итгэл нэгтэндээ хэрхэн тусалбал шинэ нөхцөлд дасах вэ?

12 Бүрэн цагаар үйлчилдэг итгэл нэгтнээ тэр хэвээр нь үйлчлүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг Гэрчүүд, хурлууд олон байдаг нь магтууштай хэрэг юм. Тэд ажлаа үргэлжлүүлэхийг уриалах, мөнгө төгрөг болон хэрэгтэй юмыг нь өгөх юм уу эцэг эхээ асрахад нь тусалдаг (Гал. 6:2). Хэрэв бүрэн цагаар үйлчлэхээ болиод танай хуралд томилогдож ирсэн хүн байвал алдаж эндсэн байна, сахилгын арга хэмжээ авхуулсан байна гэж бүү бодоорой. * Харин үүний оронд шинэ нөхцөлд хурдан дасахад нь туслаарай. Халуун дотноор угтан аваарай. Эрүүл мэндийн улмаас их юм хийж чадахгүй байлаа ч магтаарай. Сайн танилцаарай. Мэдлэг, туршлагаас нь суралцаарай.

13. Томилолт нь өөрчлөгдсөн хүмүүст ямар тусламж хэрэгтэй вэ?

13 Өөр томилолт авсан хүмүүст эхний үед амьдрах байр олох, нийтийн унаагаар зорчих, ажил төрөл хайх гэх мэтийн тусламж хэрэгтэй байдаг. Бас татвар төлөх, нөхөн төлбөр авах гэх мэтийн асуудалтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл хэрэгтэй байж магадгүй. Хамгийн гол нь тэднийг зүгээр өрөвдөөд суухын оронд ойлгох нь чухал. Өөрсдөө эсвэл гэрийнхэн нь өвдсөн байж магадгүй. Хайртай хүн нь нас барснаас болоод гашуудаж байж мэдэх юм. * Эсвэл хамт үйлчилж байсан дотнын найзуудаа үгүйлээд гансарч явдаг байж мэднэ. Тайвширч тайтгартал тодорхой хугацаа хэрэгтэй.

14. Шинэ хурлынхан нь нэг Гэрч эмэгтэйд хэрхэн тусалсан бэ?

14 Ийм үед шинэ хурлынхан нь түүнтэй хамт дэлгэрүүлж, зоригжуулаад байвал шинэ нөхцөлд хурдан дасахад нь тус дөхөм болно. Гадаадад олон жил үйлчилсэн эмэгтэй: «Би урьд нь үйлчилж байсан газраа өдөр бүр Библийн хичээл заадаг байсан. Энд ирснээс хойш Библи уншуулъя, видео үзүүлье ч гэсэн тийм боломж олдоогүй. Харин шинэ хурлынхан маань намайг давтан уулзалт, Библийн хичээлдээ авч явдаг байлаа. Идэвхтэй, зоригтой тэр ах дүү нарынхаа ахиж дэвшиж яваа суралцагчдыг хараад хэсгийнхээ хүмүүсийн талаар өөдрөг бодолтой болсон. Бас шинэ хэсгийнхээ хүмүүстэй яаж яриа эхлэхийг сурсан. Дахин баяр хөөртэй болоход минь энэ бүхэн тус болсон доо» гэж ярьсан юм.

ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙГЭЭД БАЙГААРАЙ!

Үйлчлэлээ өргөжүүлэх арга хайгаарай (15, 16-р догол мөрийг үзээрэй) *

15. Өөр томилолт авсан хүн яавал жаргалтай байх вэ?

15 Та өөр томилолт авсан ч жаргалтай байх бүрэн боломжтой. Өөрчлөлтийг бүтэлгүйтэл, ухралт гэж бүү бодоорой. Еховагийн мутрыг харахыг хичээгээрэй. Дэлгэрүүлээд байгаарай. Христийн I зууны үнэнч дагалдагчдыг дуурайгаарай. Тэд хаана ч очсон «сайн мэдээ тунхаглаж байлаа» гэж байдаг шүү дээ (Үйлс 8:1, 4). Дэлгэрүүлээд л байвал заавал сайн үр дүнд хүрнэ. Жишээлбэл нэг улсаас эхлэгчдийг хөөжээ. Тэд зэргэлдээх улсад очоод өөрсдийнх нь хэлээр ярьдаг, үнэнийг мэдэх хүсэлтэй хүн олон байгааг мэдэв. Хэдхэн сарын дотор шинэ бүлэг бий болжээ.

16. Шинэ даалгавраа баяр баясгалантай хийе гэвэл яах хэрэгтэй вэ?

16 «ЭЗЭНий баяр баясгалан бол та нарын хүч чадал юм» (Нех. 8:10). Бид гүйцэтгэж буй үүрэг даалгавраа үнэлж эрхэмлэдэг. Гэхдээ баяр баясгалантай байхын үндэс нь үүрэг даалгавар биш, Еховатай тогтоосон харьцаа байх учиртай. Тиймээс Еховатай үргэлж дотно байгаарай. Мэргэн ухаан, удирдлага заавар, тусламж дэмжлэг гуйгаарай. Та өмнөх үүрэг даалгавраа яагаад эрхэмлэдэг болсон билээ? Тэндхийн хүмүүст туслахын тулд сэтгэл зүрхээ зориулсан учраас тэр шүү дээ. Тэгвэл одоо ч бас тийм л сэтгэлээр үйлчлээрэй. Шинэ даалгавраа эрхэмлэдэг болоход тань Ехова тусална (Ном. 7:10).

17. Бид юуг санаж явах хэрэгтэй вэ?

17 Еховад үйлчлэх нь үүрдийнх, харин одоо гүйцэтгэж буй үүрэг түр зуурынх гэдгийг санаж яваарай. Шинэ ертөнцөд бүх хүний даалгавар өөрчлөгдөнө. Одоогийн өөрчлөлтийг даваад гарчихвал ирээдүйд алзахгүй гэж өгүүллийн эхэнд гарсан Алексей үздэг ажээ. Тэрээр: «Ехова болон шинэ ертөнц миний хувьд бодитой ч арай л хол юм шиг санагддаг байсан. Харин одоо Ехова нүдний минь өмнө байдаг болж, шинэ ертөнц бүр ойрхон болсон» гэж ярьсан юм (Үйлс 2:25). Ямар ч ажил үүрэг гүйцэтгэдэг бай, Еховатай үргэлж хамт алхацгаая. Ехова биднийг хэзээ ч орхихгүй. Хаана ч үйлчилсэн баяр хөөртэй байхад заавал тусална (Ис. 41:13).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

^ д/м 5 Зарим итгэл нэгтэн маань тусгай бүрэн цагаар үйлчлэх боломжгүй болох юм уу эсвэл өөр даалгавар авдаг. Тэдэнд ямар бэрхшээл учирдгийг болон шинэ нөхцөлдөө дасахад нь юу тус болохыг энэ өгүүллээр авч үзнэ. Тийм хүмүүсийг хэрхэн зоригжуулж, тэдэнд хэрхэн туслах вэ? Өөрчлөлтийг давахад Библийн ямар зарчим тус болох вэ?

^ д/м 4 Мөн хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүд тодорхой насанд хүрэхээрээ үүргээ өөр эрчүүдэд хүлээлгэж өгдөг болсон. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2018 оны 9-р сарын дугаараас «Үнэнч ахмадууд аа—Ехова та нарыг өндөр үнэлдэг», 10-р сарын дугаараас «Гэнэтийн өөрчлөлт гарахад ч тайван байгаарай» гэсэн өгүүллүүдийг тус тус үзнэ үү.

^ д/м 12 Өмнөх хурлынх нь ахлагчид тухайн бүрэн цагийн үйлчлэгчийн талаарх захидлыг аль болох хурдан бичих шаардлагатай. Ингэвэл эхлэгч, ахлагч эсвэл туслах үйлчлэгчээр завсардахгүй үйлчлэхэд нь тус болно.

^ д/м 13 «Сэрцгээ!» сэтгүүлийн 2018 оны №3-аас «Уй гашуугаа хэрхэн тайлах вэ?» цуврал өгүүллийг үзнэ үү.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гадаадад миссионероор үйлчилж байсан эхнэр нөхөр хоёр хурлынхантайгаа салах ёс хийж байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Тэд нутагтаа очоод Еховад шаргуу залбирч, шинэ нөхцөлд дасахад туслахыг гуйж байна.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ехова тэднийг дахин бүрэн цагийн үйлчлэгч болгожээ. Тэд шинэ хурлынхаа дэлгэрүүлэх хэсэгт цагаачтай тааралдаад миссионер байхдаа сурсан хэлээрээ дэлгэрүүлж байна.