Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40

«Эцсийн өдрүүдийн» төгсгөлд завгүй байгаарай

«Эцсийн өдрүүдийн» төгсгөлд завгүй байгаарай

«Эзний үйл хэргээр үргэлж бялхан, гуйвж дайвахгүй, тууштай байцгаа» (1 КОР. 15:58).

ДУУ 141 Амар тайвныг эрхэмлэдэг хүнийг хайцгаая

ТОЙМ *

1. Бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаадаа яагаад итгэлтэй байдаг вэ?

ТА 1914 оноос хойш төрсөн үү? Тийм бол өнөөгийн тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч бүх насаа элээж байгаа юм байна (2 Тим. 3:1). Эцсийн өдрүүдийн тухай Есүсийн зөгнөл биелж байгаа нь хэн бүхэнд дуулддаг. Үүнд: дайн дажин, хоол хүнсний хомсдол, газар хөдлөлт, өвчин тахал, ёс бус байдал ихсэх, Еховагийн ард түмнийг хавчиж хяхах зэргийг дурдаж болно (Мат. 24:3, 7–9, 12; Лук 21:10–12). Түүнчлэн хүмүүс биеэ хэрхэн авч явааг харахлаар элч Паулын зөгнөл биелж байгаа нь батлагддаг ( «Өнөөгийн хүмүүс ямар вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Еховаг шүтдэг бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаадаа эргэлзэлгүй итгэдэг (Мика 4:1).

2. Ямар асуултын хариуг мэдэх шаардлагатай вэ?

2 1914 оноос хойш олон жил өнгөрсөн учраас бид «эцсийн өдрүүдийн» төгсгөлд амьдарч байгаа нь тодорхой. Төгсгөл хаяанд ирсэн болохоор дараах чухал асуултын хариуг мэдэх хэрэгтэй. «Эцсийн өдрүүдийн» төгсгөлд ямар ямар үйл явдал болох вэ? Тэр болтол Ехова биднээр юу хийлгэхийг хүсдэг бол?

«ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН» ТӨГСГӨЛД ЮУ БОЛОХ ВЭ?

3. 1 Тесалоник 5:1–3-т бичсэнээр, улс орны удирдагчид юу гэж зарлан тунхаглах вэ?

3 1 Тесалоник 5:1–3-ыг уншина. Паул «Еховагийн өдрийн» тухай дурджээ. Энэ нь «Агуу Вавилон» буюу бүх хуурамч шашин руу довтлоход эхэлж Хармагедоноор дуусна (Илч. 16:14, 16; 17:5). Тэр «өдөр» эхлэхийн өмнөхөн улс орны удирдагчид: «Амар тайван, аюулгүй байна!» гэж зарлан тунхаглана. Ер нь удирдагчид улс үндэстнүүдийн эв нэгдлийг бататгах тухай ярихдаа иймэрхүү үг хэлдэг. * Гэхдээ Библид бичсэн «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн тунхаглал өөр утгатай. Юугаараа өөр вэ? Энэ тунхаглалыг сонссон олон хүн манай удирдагчид эх дэлхийгээ айх аюулгүй, амар тайван болголоо гэж бодно. Гэвч үнэндээ «агуу их гамшиг» эхэлнэ. Дараа нь «гэнэт сүйрнэ» (Мат. 24:21).

Улс орны удирдагчид: «Амар тайван, аюулгүй байна!» гэж зарлавал бүү хууртаарай (3–6-р догол мөрийг үзээрэй) *

4. а) «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн зарлалын талаар бид юу мэдэхгүй вэ? б) Харин юуг мэддэг вэ?

4 «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн зарлалын талаар бид зарим нэг зүйлийг л мэдэхээс бус, бүгдийг нь мэдэхгүй. Удирдагчид ямар учраас ингэж зарлахад хүрэх вэ, хэрхэн зарлах вэ гэдгийг мэдэхгүй. Ганц удаа тунхаглах уу, нэлээд хэдэн удаа зарлах уу гэдгийг бас мэдэхгүй. Юу ч болсон, хүмүүн удирдагчид дэлхий ертөнцийг амар амгалан болгож чадахгүй учраас тэдний зарлалд итгэх үндэс байхгүй. Харин ч Библид зөгнөсөн нөгөө зарлалыг хэлж байна гэж үзэх нь зүйтэй. Энэ бол «Еховагийн өдөр» эхлэхийн дохио юм!

5. «Еховагийн өдөрт» бэлэн байхад тустай ямар зөвлөгөө 1 Тесалоник 5:4–6-д байдаг вэ?

5 1 Тесалоник 5:4–6-г уншина. «Еховагийн өдөрт» бэлэн байхад хэрэг болох зөвлөгөөг Паул өгчээ. Бид «бусадтай адил унталгүй», «сэргэг», сонор сэрэмжтэй байх ёстой. Жишээлбэл, улс төрийн үйл хэрэгт оролцож төвийг сахих байр сууриа алдахаас сэрэмжлэх хэрэгтэй. Эс тэгвэл «энэ ертөнцийнх» болно (Ёох. 15:19). Бурхны Хаант төр л дэлхий ертөнцийг амар амгалан болгох цорын ганц найдвар гэдгийг бид мэддэг билээ.

6. Хүмүүсийг хэрхэн сэрээх вэ? Яагаад?

6 Бид өөрсдөө сэргэг байхаас гадна бусдыг сэрээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд ямар үйл явдал болохыг Библиэс мэдэж авахад нь туслах хэрэгтэй. Агуу их гамшиг эхэлчихвэл хүмүүс Еховагийн үйлчлэгч болъё гэж хүссэн ч оройтно гэдгийг санацгаая. Дэлгэрүүлэх ажил маань хойшлуулшгүй чухал байдаг нь ийм учиртай! *

ДЭЛГЭРҮҮЛЭЭД ЗАВГҮЙ БАЙГААРАЙ

Бид дэлгэрүүлснээрээ Бурхны Хаант төр л дэлхий ертөнцийг амар тайван, аюулгүй болгоно гэдийг баталдаг (7–9-р догол мөрийг үзээрэй)

7. Ехова биднээр юу хийлгэхийг хүсдэг вэ?

7 «Еховагийн өдөр» мөдхөн ирнэ. Тэр болтол бид дэлгэрүүлээд завгүй байх нь чухал. Ехова үүнийг хүсдэг. Тиймд «Эзний үйл хэргээр үргэлж бялхаж» байгаа эсэхээ нягтлах шаардлагатай (1 Кор. 15:58). Дагалдагчид нь юу хийхийг Есүс зөгнөжээ. Тэрээр эцсийн өдрүүдэд болох онцгой үйл явдлуудын тухай яриад «Юуны түрүүнд, бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглагдсан байх ёстой» гэж хэлсэн байдаг (Марк 13:4, 8, 10; Мат. 24:14). Та дэлгэрүүлэх бүрдээ Библийн энэ зөгнөл биелэхэд хувь нэмэр оруулдгаа санаарай!

8. Дэлгэрүүлэх ажил хэр ахицтай байна вэ?

8 Хаант төрийн тухай дэлгэрүүлэх ажил хэр ахицтай байна вэ? Жил ирэх тусам улам бүр урагшилж байна. Жишээ нь, эцсийн энэ өдрүүдэд дэлхий дахинд буй дэлгэрүүлэгчдийн тоо хэр нэмэгдсэнийг бодъё. 1914 онд 43 улсад 5 155 дэлгэрүүлэгч байсан бол өнөөдөр 240 улсад 8,5 сая дэлгэрүүлэгч бий! Гэлээ ч ажил хараахан дуусаагүй байна. Хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг зөвхөн Бурхны Хаант төр шийдвэрлэнэ гэдгийг бид тунхаглаад л байх ёстой (Дуу. 145:11–13).

9. Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлээд байх хэрэгтэйн учир юу вэ?

9 «Одоо болно» гэж Еховаг хэлтэл бид дэлгэрүүлнэ. Ехова Бурхан, Есүс Христ хоёрыг таньж мэдэх хугацаа хэр зэрэг үлдсэн бол? (Ёох. 17:3). Мэдэхгүй. Ямар ч байсан, агуу их гамшиг эхлэхээс өмнө «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай бүх хүн» сайн мэдээг хүлээж авна (Үйлс 13:48). Хожимдоогүй байгаа дээр нь ийм хүмүүст хэрхэн туслах вэ?

10. Үнэнийг заах ажлаа хийхэд Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?

10 Үнэнийг заахад хэрэгтэй бүхнийг Ехова байгууллагаараа өгүүлдэг. Тухайлбал, бид 7 хоног бүр ажлын өдрийн цуглаанд суугаад удирдамж заавар авдаг. Анхны болон давтан уулзалтын үед юу хэлэхийг, Библийн хичээл яаж хийхийг энэ цуглаанаас мэдэж авдаг. Бас Еховагийн байгууллага Заах ажлын багажны хайрцаг өгсөн. Энэ нь:

  • яриа эхлэхэд,

  • сонирхол төрүүлэхэд,

  • илүү ихийг мэдэх хүсэл төрүүлэхэд,

  • Библийн үнэнийг заахад,

  • сонирхсон хүнд вэб сайтаа танилцуулахад болон цуглаанд урихад тустай.

Багажтай л бол боллоо гэж бодож болохгүй. Үүнийгээ ашиглах хэрэгтэй. * Жишээлбэл сонирхсон хүнтэй сайхан ярилцаад танилцуулга юм уу сэтгүүл өгвөл дахин уулзтал тэр хүн унших юмтай байна. Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд сар бүр оролцох нь хүн бүрийн үүрэг юм.

11. Библийн онлайн хичээлийг яагаад санаачилсан бэ?

11 Үнэнийг мэдэж авахад нь Ехова хүмүүст өөр ямар аргаар тусалж байгаа вэ? jw.org® сайтад байдаг Библийн онлайн хичээлийн талаар ярилцъя. Дэлхий дахинд сар бүр хэдэн арван мянган хүн Библийн хичээл заалгах боломж байгаа эсэхийг интернэтээс хайдаг. Бурхны Үгэнд байдаг үнэнийг мэдэж авах хүсэлтэй ийм хүмүүст туслах зорилгоор Библийн онлайн хичээлийг санаачилсан юм. Зарим хүн нэрэлхээд Библийн хичээл заалгах саналыг хүлээж авахгүй байж магадгүй. Хэрэв боломж олдвол, сайтынхаа энэ хэсгийг танилцуулаад тухайн хүний ойлгодог хэлээр гарсан хичээлийг үзүүлэх юм уу линкийг нь явуулаарай. *

12. Библийн онлайн хичээлээс юу мэдэж авах вэ?

12 «Библийн онлайн хичээл» гэсэн хэсэгт дараах сэдвүүд байгаа: «Библи ба Библийн Зохиогч», «Библийн гол баатрууд», «Итгэл найдварын тухай Библийн мэдээ». Тухайн хүн хичээлийн явцад:

  • Библи ямар ач тустайг,

  • Ехова, Есүс, тэнгэрийн элч гэж хэн болохыг,

  • Бурхан яагаад хүнийг бүтээснийг,

  • Яагаад зовлон зүдүүр, муу муухай юм байдгийг мэдэж авна.

Мөн энэ хичээлээр дараах зүйлийг мэдэж авна. Ехова ...

  • зовлон, үхлийг устгана,

  • нас барагсдыг амилуулна,

  • хүний засгийн газруудыг Бурхны Хаант төрөөр солино.

13. Онлайн хичээл бий болсноор Библийн хичээл заадаг багш хэрэггүй болсон уу? Тайлбарлана уу.

13 Онлайн хичээлийг санаачилсан нь Библийн хичээл хийдэг хуучин аргыг халж байгаа хэрэг үү? Тийм биш ээ. Есүс бидэнд шавь бэлдэх даалгавар өгсөн билээ. Уг хичээлийн зорилго бол сонирхсон хүмүүс онлайн хичээлээр олж авсан мэдлэгээ эрхэмлэж, илүү ихийг мэдэх хүсэлтэй болох юм. Тэгвэл тэд Библийн хичээлийг ганцаарчлан заалгах биз ээ. Библи зааж өгөх багштай болох хүсэлт гаргахыг онлайн хичээл бүрийн төгсгөлд уриалсан байдаг. Бид өдөрт дунджаар 230 хүсэлтийг вэб сайтаар хүлээж авдаг. Өөрийн гэсэн багштай болж Библи заалгах нь үнэхээр чухал!

ШАВЬ БЭЛДЭХИЙГ БАЙНГА ХИЧЭЭГЭЭРЭЙ

14. Матай 28:19, 20-д бичсэн Есүсийн зааврыг хэрхэн биелүүлэх вэ? Яагаад?

14 Матай 28:19, 20-ийг уншина. Бид Библийн хичээл заахдаа хүмүүсийг «шавь болгож», Есүсийн «тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заахын» тулд чадах бүхнээ хийх учиртай. Еховаг болон Хаант төрийг нь дэмжихийн чухлыг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд сурснаа амьдралдаа хэрэгжүүлэх, Еховад амь амьдралаа зориулах, баптисм хүртэх зэргээр үнэний дагуу амьдрах хүсэлтэй болгох нь чухал. Тэгвэл тэд Еховагийн өдрийг эсэн мэнд давна (1 Петр 3:21).

15. Бид яах хэрэгтэй вэ? Яагаад?

15 Энэ тогтолцооны төгсгөл болтол маш богинохон хугацаа үлдсэнийг дээр ярьсан. Ийм учраас Еховагийн үйлчлэгч болохыг хүсэж байгаа нь тодорхой биш, өөрийгөө өөрчилдөггүй хүнтэй хичээл хийх цаг бидэнд байхгүй (1 Кор. 9:26). Бид хойшлуулшгүй чухал ажил хийдэг! Оройтоогүй байгаа дээр нь Хаант төрийн мэдээг дуулгах шаардлагатай хүн олон байна.

ХУУРАМЧ ШАШИНТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙГЭЭ БАТЛААРАЙ

16. Илчлэл 18:2, 4, 5, 8-д бичсэний дагуу юу хийх ёстой вэ? (Зүүлтийг үзнэ үү).

16 Илчлэл 18:2, 4, 5, 8-ыг уншина. Ехова үйлчлэгчдээсээ өөр юу хүсдэгийг эдгээр зүйлд бичжээ. Христийн жинхэнэ дагалдагч бүр Агуу Вавилонтой ямар ч холбоогүй гэдгээ тодорхой харуулах ёстой. Суралцагч хүн үнэнийг мэдэж авахаасаа өмнө хуурамч шашны байгууллагын гишүүн байсан төдийгүй үйл ажиллагаанд нь оролцдог эсвэл мөнгө хандивладаг байсан байж болох юм. Гэхдээ дэлгэрүүлэгч болъё гэвэл хуурамч шашнаас холбоогоо таслах ёстой. Сүмийн юм уу Агуу Вавилонтой холбоотой байгууллагын гишүүн байхаа больё гэдгээ захидлаар эсвэл өөр аргаар мэдэгдэх шаардлагатай. *

17. Христийн дагалдагч ямар ажлаас хол байх ёстой вэ? Яагаад?

17 Христийн жинхэнэ дагалдагч Агуу Вавилонтой холбоотой ажил хийдэг эсэхээ магадлах шаардлагатай (2 Кор. 6:14–17). Жишээ нь компанид ажилладаг Гэрчийн тухай бодъё. Ажилчин учраас захирлын тушаасныг л хийнэ. Хааяа сүмийн байранд ажиллах хэрэг гарч магадгүй. Харин тийм газар олон цагаар эсвэл тогтмол ажиллуулах гэвэл ажиллахгүй гэдгээ зоригтой хэлнэ. Өөрөө бизнес эрхэлдэг Гэрч бол Агуу Вавилонтой холбоотой байгууллагад ажиллахгүй, гэрээ байгуулахгүй. Бид яагаад ийм хатуу чанд үзэлтэй байдаг вэ? Бурхны хувьд бузарт тооцогддог шашны байгууллагуудын нүгэлт үйл ажиллагаанд оролцохыг хүсдэггүй учраас тэр юм (Ис. 52:11). *

18. Нэг Гэрч Библийн зарчмыг хэрхэн баримталсан бэ?

18 Хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан нэг ахлагчид олон жилийн өмнө тохиолдсон явдлыг ярилцъя. Сүмд гэрээгээр ажиллаж байсан хүн тэр ахлагчаас мужааны бага сага ажил хийж өгөөч гэж гуйжээ. Сүмд ажиллахгүй гэж ярьдгийг нь мэддэг ч өөр хүн олж чадаагүй тул аргаа бараад Гэрчид хандсан ажээ. Гэрч Библийн зарчмыг ягштал баримталдаг учраас саналыг нь хүлээж авсангүй. Дараагийн 7 хоногт нь орон нутгийн сонин дээр гэрэл зураг нийтлэгджээ. Өнөөх сүмийн хананд загалмай хадаж буй өөр нэг мужааны зураг байлаа. Хэрэв Гэрч Библийн зарчмыг баримтлаагүй бол сонин дээр зураг нь гарах байсан биз ээ. Ингэвэл итгэл нэгтнүүдийнхээ дунд нэр хүндээ алдана! Бас Еховад ямар санагдах байсан бол!

БИД ЮУ МЭДЭЖ АВАВ?

19, 20. а) Энэ өгүүллээс бид юу мэдэж авсан бэ? б) Өөр юу мэдэж авах хэрэгтэй вэ?

19 Удахгүй Библийн нэг чухал зөгнөл биелнэ. Юу гэвэл, дэлхийн удирдагчид: «Амар тайван, аюулгүй байна!» гэж зарлан тунхаглана. Гэхдээ тэд хүн төрөлхтнийг жинхэнэ утгаар, үүрд амар тайван амьдруулж чадахгүй. Үүнийг бид Еховагийн ачаар мэдэж авсан. Уг тунхаглал гарсны дараа гэнэт сүйрнэ. Бид үүнээс урьтаж юу хийх ёстой вэ? Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажилд оролцоод завгүй байх хэрэгтэй. Энэ бол Еховагийн хүсэл юм. Бид бас хуурамч шашнаас хол байх учиртай. Сүм хийдийн гишүүн байхаа больж, Агуу Вавилонтой холбоотой ажил хөдөлмөр эрхлэхээс татгалзана гэсэн үг.

20 «Эцсийн өдрүүдийн» төгсгөлд өөр үйл явдлууд бас болно. Тэр үед Ехова биднээр юу хийлгэх вэ? Ойрын ирээдүйд болох үйл явдлуудаас өмнө өөрийгөө хэрхэн бэлдэх вэ? Дараагийн өгүүллээр үзье.

ДУУ 17 Гэрчүүд ээ, урагшаа!

^ д/м 5 Удахгүй дэлхийн удирдагчид: «Амар тайван, аюулгүй байна!» гэж ярьж эхэлнэ. Энэ нь агуу их гамшиг эхлэхийн дохио болно. Тэр цаг болтол Ехова биднээр юу хийлгэхийг хүсдэг вэ? Энэ өгүүлэлд хариу нь бий.

^ д/м 3 Жишээлбэл НҮБ «олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах» тухайгаа вэб сайтдаа дурджээ.

^ д/м 6 Энэ дугаарт нийтлэгдсэн «Бурхны шүүлт—Хангалттай хугацаа олгодог уу?» гэдэг өгүүллийг үзнэ үү.

^ д/м 10 Заах ажлын багажны хайрцагт байгаа материалуудыг ашиглах дэлгэрэнгүй зааврыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2018 оны 10-р сарын дугаарын «Бурхны тухай үнэнийг заах нь» өгүүллээс аваарай.

^ д/м 11 Одоогоор англи, португал хэлээр байгаа ч удахгүй олон хэлээр гарна.

^ д/м 16 Түүнээс гадна, хуурамч шашинтай холбоотой Уай Эм Си Эй (YMCA) болон Уай Даблю Си Эй (YWCA) зэрэг олон улсын залуучуудын байгууллагаас хол байх хэрэгтэй. Ийм байгууллагууд нь үйл ажиллагаагаа шашных биш гэдэг ч, үнэн хэрэгтээ шашны үзэл баримтлал, зорилгыг хөхиүлэн дэмждэг.

^ д/м 17 Шашны байгууллагатай холбоотой ажил эрхлэхийг Бурхан юу гэж үздэгийг дэлгэрэнгүй мэдье гэвэл «Бурхнаараа хайрлуулж явъя» номын 15-р бүлгийн 14–17-р догол мөрөөс үзнэ үү.

^ д/м 83 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Кофе шопоор үйлчлүүлж байгаа хүмүүс зурагтын «Шуурхай мэдээ»-гээр «Амар тайван, аюулгүй байна!» гэсэн зарлал сонсож байна. Дэлгэрүүлэх ажлаа түр завсарлаж буй Гэрч хос энэ мэдээг сонсоод гайхахгүй байна.