Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 44

Төгсгөл болохоос өмнө бие биетэйгээ дотносоорой

Төгсгөл болохоос өмнө бие биетэйгээ дотносоорой

«Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг» (СУР. 17:17).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

«Агуу их гамшгийн» үед бидэнд сайн найзууд хэрэгтэй (2-р догол мөрийг үзээрэй) *

1, 2. 1 Петр 4:7, 8-д бичсэнийг үзвэл бид хүнд үеийг хэний дэмээр давах вэ?

«ЭЦСИЙН өдрүүд» дуусах тийшээ хандахын хэрээр бидэнд гай зовлон тохиолдож магадгүй (2 Тим. 3:1). Жишээлбэл баруун Африкийн нэг улсад сонгуулийн кампанит ажлын дараа үймээн дэгдэж, хүчирхийлэл гаарчээ. Энэ байдал 6 сар гаруй үргэлжилж, халуун цэг дээр амьдардаг итгэл нэгтнүүдэд маань аюул нүүрлэсэн. Тэд энэ хүнд үеийг хэрхэн давсан бол? Зарим нь аюул багатай дүүрэгт амьдардаг итгэл нэгтнийдээ очиж толгой хоргоджээ. Нэг Гэрч эрэгтэй: «Олон найзтайдаа би их баярласан. Бид нэг нэгэндээ түшиг болж байсан» гэж ярьсан юм.

2 Бид сайн найз нөхөдтэй бол «агуу их гамшгийн» үед алзахгүй (Илч. 7:14). Тиймээс одооноос бие биетэйгээ дотносох нь хойшлуулшгүй чухал (1 Петр 4:7, 8-ыг уншина). Иеремиад тохиолдсон явдал сургамжтай. Тэрээр Иерусалим устгагдахын өмнөх хүнд үеийг дотнын найзуудынхаа дэмээр давжээ. * Иеремиаг хэрхэн дуурайх вэ?

ИЕРЕМИАГААС СУРАЛЦЪЯ

3. а) Иеремиад зожгорох шалтгаан байсан уу? б) Иеремиа Барухт юу ярьдаг байсан бэ? Үр дүн нь юу байсан бэ?

3 Иеремиа үнэнч бус хүмүүстэй хамт дор хаяж 40 жил амьдарчээ. Төрсөн нутаг Анатотод нь амьдардаг айл хөршүүд, тэр байтугай төрөл саднууд нь тэр хүмүүсийн тоонд орно (Иер. 11:21; 12:6). Гэлээ ч Иеремиа зожгороогүй. Үнэнч бичээч Барухтаа сэтгэлээ уудалдаг байв. Үүнийг нь бид Барухын тэмдэглэлээс мэддэг (Иер. 8:21; 9:1; 20:14–18; 45:1). Иеремиад тохиолдсон бүхнийг Барух тэмдэглэн авч байгааг төсөөлөхөд төвөггүй. Тэд бие биеэ улам их хайрлан хүндэлдэг болсон нь лавтай (Иер. 20:1, 2; 26:7–11).

4. Ехова Иеремиад ямар даалгавар өгсөн бэ? Иеремиа Барух хоёр энэ даалгаврыг хамт биелүүлсэн нь ямар ач тустай байсан бэ?

4 Иерусалимд юу болох гэж байгааг Иеремиа израйлчуудад олон жил зоригтой сэрэмжлүүлсэн (Иер. 25:3). Ехова ард түмнээ гэмшээсэй гэсэндээ сэрэмжлүүлэг өгөхөөр болжээ. Сэрэмжлүүлгийг хуйлмал номд бичихийг Иеремиад даалгасан (Иер. 36:1–4). Бурхны өгсөн даалгаврыг биелүүлэхэд нэлээд хэдэн сар хэрэгтэй байсан бололтой. Иеремиа Барух хоёр нягт хамтран ажиллаж даалгавраа биелүүлжээ. Энэ хугацаанд дотносон ярилцаж бие биеийнхээ итгэлийг батжуулсан биз ээ.

5. Барух Иеремиагийн сайн найз гэдгээ хэрхэн баталсан бэ?

5 Хуйлмал номд юу бичсэнийг илчлэх цаг болов. Уг мэдээг хүмүүст уншиж өгөхийг Иеремиа өөрийн анд Барухт даалгажээ (Иер. 36:5, 6). Барух аминд халтай энэ даалгаврыг зоригтой биелүүлсэн. Сүмийн хашаанд очоод хуйлмал номыг хүмүүст уншиж өгсөн андаараа Иеремиа хэчнээн их бахархсан бол оо! (Иер. 36:8–10). Барухын юу хийснийг Иудагийн түшмэд дуулаад хуйлмал номыг чанга уншиж өгөхийг түүнээс хүсжээ! (Иер. 36:14, 15). Тэгээд Иеремиагийн үгийг Иехоиаким хаанд уламжлахаар шийдсэн. Харин Барухт санаа тавьж «Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд» хэмээн зөвлөв (Иер. 36:16–19). Үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байлаа!

6. Эсэргүүцэл тулгарсан ч Иеремиа Барух хоёр яасан бэ?

6 Иехоиаким хаан Иеремиагийн бичсэн үгийг сонсоод ихэд уурлан хуйлмал номыг шатааж, Иеремиа Барух хоёрыг баривчлахыг тушаав. Гэлээ ч Иеремиа айгаагүй. Өөр нэг хуйлмал авч Барухт өгөөд Еховагаас ирсэн мэдээг дуудаж өгөхөд Барух «Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номон дээр байсан урьдын бүх үгсийг түүн дээр бичив» (Иер. 36:26–28, 32).

7. Иеремиа Барух хоёр хамт ажиллаад яасан бол?

7 Зовлонг хамт туулахлаар бие биетэйгээ дотносох нь олонтоо. Тэгвэл Иеремиа Барух хоёр Иехоиаким хааны шатаасан хуйлмал номын оронд өөр хуйлмал ном бичиж байхдаа зан зангаа мэдэлцэн улам дотноссон нь лавтай. Энэ хоёр үнэнч хүн бидэнд ямар сайхан жишээ үлдээгээ вэ!

БОДОЛ, СЭТГЭЛЭЭ ХУВААЛЦЪЯ

8. Дотно найзтай болоход юу саад болж мэдэх вэ? Яагаад бууж өгч болохгүй вэ?

8 Урьд нь хэн нэгэнд гомдож явсан бол бусдад сэтгэлээ уудлахад амаргүй байж болох юм (Сур. 18:19, 24). Эсвэл хүнтэй дотносон нөхөрлөх цаг зав, хүч тэнхээ байхгүй юм шиг санагдаж магадгүй. Гэсэн ч бууж өгч болохгүй. Зовлон тохиолдоход итгэл нэгтнээсээ тусламж авъя гэвэл тэдэнтэй одооноос сайн найз болох хэрэгтэй. Үүний тулд бодол, сэтгэлээ хуваалцах нь маш чухал (1 Петр 1:22).

9. а) Есүс найзууддаа итгэдэг байсны баталгаа юу вэ? б) Бусадтай бодол, сэтгэлээ чөлөөтэй хуваалцдаг бол дотнын найзууд болно гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

9 Есүс найзууддаа итгэдэг байсан учраас бодсон санаснаа нууж хаалгүй хэлдэг байв (Ёох. 15:15). Бид бас Есүсийг дуурайх нь зүйтэй. Баярласан, зовсон, гутарсан сэтгэлээ тантай хуваалцаж буй хүнийг анхааралтай сонсоорой. Тэгвэл та хоёрт адилхан бодол, сэтгэл, зорилго олон байгааг ойлгох биз ээ. Хорь гаруй настай Синди гэдэг Гэрч бүсгүйн тухай ярилцъя. Тэрээр 60 гаруй настай Мари-Луизе гэдэг эхлэгчтэй найз болжээ. Тэр хоёр пүрэв гаргийн өглөө бүр хамт дэлгэрүүлж, янз бүрийн сэдвээр чөлөөтэй ярилцдаг байв. Синди: «Би найзуудтайгаа чухал чухал сэдвээр ярилцах дуртай. Яагаад гэвэл тэднийг илүү сайн мэдэж, ойлгодог болдог» гэж ярьсан юм. Бодол, сэтгэлээ илэн далангүй хуваалцахын хэрээр нөхөрлөл зузаардаг. Та Синдиг дуурайн хүмүүстэй халуун дотно, илэн далангүй ярилцвал дотнын найзууд болох нь дамжиггүй (Сур. 27:9).

ХАМТ ҮЙЛЧИЛЬЕ

Сайн найзууд Бурхандаа хамт үйлчилдэг (10-р догол мөрийг үзээрэй)

10. Сургаалт үгс 27:17-г бодож үзвэл итгэл нэгтэнтэйгээ хамт үйлчлэх нь ямар ач холбогдолтой вэ?

10 Бид Иеремиа Барух хоёр шиг хамт үйлчилбэл нэгнийхээ сайхан зан чанарыг олж хараад, бие биеэсээ суралцаж, улам дотносно (Сургаалт үгс 27:17-г уншина). Жишээ нь хамт дэлгэрүүлж яваа найз тань итгэл үнэмшлээ зоригтой хамгаалахлаар эсвэл Еховагийн тухай болон санаа зорилгынх нь талаар итгэл төгс ярихлаар танд ямар санагддаг вэ? Улам их хайрлаж хүндэлмээр санагддаг биз ээ.

11, 12. Итгэл нэгтэнтэйгээ хамт дэлгэрүүлэхлээр дотнын найзууд болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

11 Хамт дэлгэрүүлдэг бол улам дотносдогийг харуулах хоёр жишээ үзье. Хорин гуравтай Аделин гэдэг бүсгүй Кондис гэдэг найздаа Гэрчүүд бараг очдоггүй газар хамт очиж дэлгэрүүлэх санал тавьжээ. Тэрээр: «Бид улам идэвхтэй дэлгэрүүлэхийг, энэ ажилдаа илүү дуртай болохыг хүссэн. Еховад хамгийн сайныгаа өгөхийн тулд хэн хэнд маань урам зориг хэрэгтэй байсан» гэж ярьсан юм. Хоёр найз хамт дэлгэрүүлээд ямар ач тус хүртсэн бол? Аделин: «Бид хоёр тухайн өдрийн сонин сайхныг, хүмүүстэй ярилцахад юу нь сэтгэлд хүрснийг, Ехова удирдаж байгааг хэрхэн мэдэрснээ орой бүр ярилцдаг байсан. Энэ нь хоёуланд маань сайхан санагдсан. Бас бие биеэ улам сайн мэддэг болсон» гэжээ.

12 Лайла Марианн хоёр бол ганц бие франц бүсгүйчүүд юм. Тэд Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын нийслэл Бангуй хэмээх нүргээнт хотод таван 7 хоног дэлгэрүүлэхээр очжээ. Лайла: «Янз бүрийн бэрхшээл тохиолдсон. Гэхдээ Марианн бид хоёр бодол, сэтгэлээ чөлөөтэй хуваалцдаг, бие биедээ үнэхээр хайртай учраас улам дотноссон. Марианн шинэ нөхцөлд амархан дасдаг, хүмүүсийг хайрладаг, идэвхтэй дэлгэрүүлдэг юм билээ. Тийм болохоор би найзыгаа улам их хүндэлдэг болсон» гэжээ. Дотносохын тулд заавал гадаадад нүүж очих албагүй. Хурлынхаа хэсгээр итгэл нэгтэнтэйгээ хамт дэлгэрүүлэх бүрдээ тэдэнтэйгээ илүү сайн танилцаж, дотносон нөхөрлөх боломжтой.

НАЙЗЫНХАА САЙН ТАЛЫГ ХАРЖ, УУЧИЛЖ БАЙЯ

13. Итгэл нэгтэнтэйгээ байнга хамт үйлчлэхлээр ямар бэрхшээлийг давах хэрэг гарч магадгүй вэ?

13 Итгэл нэгтэнтэйгээ байнга хамт үйлчлэхлээр сайн талыг нь ч, муу талыг нь ч олж хардаг. Дутагдлыг нь мэдсэн ч дотнын найзууд хэвээрээ байхын тулд яах хэрэгтэй вэ? Иеремиагийн жишээг дахин бодъё. Бусдын сайн талыг харж, муу талыг нь тоохгүй байхад юу тус болсон бол?

14. Иеремиа Еховагийн талаар юу мэдсэн бэ? Энэ нь түүнд ямар ач тустай байсан бэ?

14 Иеремиа өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн номыг бичсэн бөгөөд «Хаадын дээд», «Хаадын дэд» номыг бас бичсэн бололтой. Эдгээр номыг бичиж байхдаа, Ехова төгс бус хүмүүсийг хэчнээн их энэрдгийг ойлгосон биз ээ. Тухайлбал муу юм хийж явсан Ахаб хааныг гэмшихэд Ехова гэр бүлд нь учрах гай гамшгийг түүнд харуулахгүй байхаар шийдсэн (Х.дээд 21:27–29). Манассе бол Ахабаас ч илүү муу юм хийж Еховаг гомдоосон хүн. Тэглээ ч гэсэн Ехова Манассег гэмшихээр нь уучилсныг Иеремиа мэдэж авчээ (Х.дэд 21:16, 17; Ш.дэд 33:10–13). Иймээс Иеремиа Еховаг дуурайн дотнын найзуудынхаа алдааг тэвчиж, өршөөн нигүүлссэн нь лавтай (Дуу. 103:8, 9).

15. Барух өөр юмыг анхаарахад Иеремиа хэрхэн Ехова шиг тэвчээртэй байсан бэ?

15 Барух нэг хэсэг даалгавраа биелүүлэхийн оронд өөр юмыг анхаарсан. Иеремиа яасан бэ? Найз минь өөрчлөгдөхөөсөө өнгөрчээ гэж яаран дүгнээгүй. Харин сайхан сэтгэлээр шулуухан хэлсэн Бурхны үгийг дамжуулсан (Иер. 45:1–5). Энэ явдлаас бид юу сурч болох вэ?

Сайн найзууд бие биеэ уучилдаг (16-р догол мөрийг үзээрэй)

16. Сургаалт үгс 17:9-д бичсэнийг үзвэл, нөхөрлөлдөө сэв суулгахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

16 Итгэл нэгтнээсээ төгс байхыг шаардах нь утгагүй. Нэгэнт найз болсон бол нөхөрлөлдөө сэв суулгахгүйг маш их хичээх ёстой. Найзыгаа буруу юм хийхэд Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөөг сайхан сэтгэлийн угаас өгөх хэрэгтэй болж болох юм (Дуу. 141:5). Хэрэв биднийг гомдоовол уучлах учиртай. Тэгээд уучилсан бол болсон явдлыг тэр хүнд эсвэл бусдад дахин ярихаас зайлсхийх хэрэгтэй (Сургаалт үгс 17:9-ийг уншина). Эцсийн энэ өдрүүдэд ах дүүгийнхээ алдаа дутагдлыг бус, сайн талыг анхаарах нь маш чухал! Ингэвэл нөхөрлөл зузаарна. Агуу их гамшгийн үед дотнын нөхөд зайлшгүй хэрэгтэй.

ҮНЭНЧЭЭР ХАЙРЛАЯ

17. Иеремиа жинхэнэ найз гэдгээ хэрхэн баталсан бэ?

17 Зовох цагт нөхрийн чанараа таниулсан хүн бол зөнч Иеремиа юм. Жишээ авъя. Ордны түшмэл Ебед-мелех Иеремиаг намаг шавар болсон нөөцлүүрт амиа алдах аюулаас аварсныхаа дараа жононгуудад хорлогдохоос айжээ. Иеремиа үүнийг дуулаад, найз маань өөрөө аргаа олчихно гэж бодоогүй. Шоронд хоригдож байсан хэр нь дуугүй суулгүй чадах юмаа хийхээр шийджээ. Иеремиа Еховагийн амласныг Ебед-мелехт уламжилж сэтгэлийг нь тайвшруулсан (Иер. 38:7–13; 39:15–18).

Сайн найзууд хэрэгтэй үед нь бие биедээ тусалдаг (18-р догол мөрийг үзээрэй)

18. Найз нөхөд маань зовлон эдэлж байвал Сургаалт үгс 17:17-д бичсэний дагуу яах хэрэгтэй вэ?

18 Өнөө үед итгэл нэгтнүүдэд маань янз бүрийн бэрхшээл тохиолддог. Жишээлбэл байгалийн гамшигт өртдөг. Эсвэл хүмүүсийн буруу үйлдлээс болж хохирдог. Ийм зовлон амсаж буй найз нөхдөө гэртээ байлгах чадалтай нэг нь байхад, мөнгө төгрөгөөр туслах боломжтой хүн ч бий. Харин тэдэнд туслахыг Еховагаас гуйх нь хэний ч чадах зүйл юм. Итгэл нэгтнээ зовж шаналж байгааг мэдвэл юу хэлж, яаж туслахаа мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ бүх хүний хийж чадах зүйл бий. Жишээлбэл зав гаргаад тэдэнтэйгээ хамт байж чадна. Яриаг нь анхааралтай сонсож чадна. Мөн өөрийн дуртай сэтгэл тайвшруулам Библийн зүйлийг хэлж өгөх боломжтой (Ис. 50:4). Хэрэгтэй үед нь найзынхаа дэргэд байх нь хамгийн чухал (Сургаалт үгс 17:17-г уншина).

19. Итгэл нэгтэнтэйгээ одооноос дотносон нөхөрлөх нь ирээдүйд ямар ач тустай вэ?

19 Бид итгэл нэгтнүүдтэйгээ найз болж, үргэлж эвтэй байхын тулд одооноос хичээх ёстой. Яагаад гэвэл дайснууд худал яриа, ташаа мэдээллээр биднийг хагаралдуулахыг оролдоно. Бидний хооронд яс хаяна. Гэвч тэдний зүтгэл талаар болно. Тэд бие биеэ гэсэн хайрыг маань хөргөж чадахгүй. Юу ч хийсэн, биднийг эвдрэлцүүлж чадахгүй. Бид зөвхөн энэ тогтолцооны төгсгөлийн үед ч биш, харин үүрд мөнх нөхөрлөнө!

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

^ д/м 5 Төгсгөл ойртох тусам бид бүгдээрээ итгэл нэгтэнтэйгээ дотносох шаардлагатай. Энэ өгүүллээр, Иеремиад тохиолдсон явдлаас юу сурч болохыг авч үзнэ. Түүнчлэн, одооноос бие биетэйгээ дотносох нь хүнд үед ямар ач тустайг ярилцана.

^ д/м 2 «Иеремиа» номд гардаг үйл явдал он цагийн дарааллаар бичигдээгүй.

^ д/м 57 ЗУРГИЙН ТАЙЛБАР: «Агуу их гамшгийн» үед ямар байдалтай байхыг дүрсэлсэн зураг. Хэдэн Гэрч дээврийн хөндийд орогнож байна. Ийм хэцүү цагт бие биеэ тайвшруулж байгаа нь дотносон нөхөрлөсний үр дүн юм. Энэ Гэрчүүд агуу их гамшиг эхлэхээс өмнө маш дотно болцгоосныг дараах гурван зураг дээр харуулжээ.