Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

Агуу хүч тусалдаг

Агуу хүч тусалдаг

«Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» (ФЛП. 4:13).

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ *

1, 2. а) Хүнд үеийг давж гарахад юу тусалдаг вэ? Тайлбарлана уу. б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

«ТУУЛСАН зовлонгоо эргээд бодохлоор өөрийн хүчээр яагаад ч давж чадахгүй байсан» гэж ярьдаг хүн олон байдаг. Та бас ингэж ярьж байсан уу? Хүнд өвчин тусах эсвэл хайртай хүнээсээ хагацахын зовлонг давж гарсны дараа танд ингэж санагдсан байж болох юм. Та тэр хүнд үеэ эргэн дурсахдаа Ехова агуу хүчээрээ «хэрээс хэтэрсэн хүч» өгсөн учраас л давж чаджээ гэж боддог уу? (2 Кор. 4:7–9).

2 Түүнээс гадна, өнөөгийн бузар муу ертөнцийн нөлөөнд автахгүйн тулд агуу хүчинд найдах хэрэгтэй (1 Ёох. 5:19). Бас «чөтгөрүүдтэй тэмцэхэд» хүч хэрэг болдог (Эф. 6:12). Энэ бүгдийг даван туулахад агуу хүч ямар хоёр аргаар тусалдгийг авч үзье. Агуу хүчний тусламжийг бүрэн дүүрэн авахын тулд яах хэрэгтэйг ярилцъя.

АГУУ ХҮЧ БИДЭНД ХҮЧ ӨГДӨГ

3. Бэрхшээлийг давахад Ехова бидэнд хэрхэн тусалдаг вэ?

3 Ехова бидэнд агуу хүчээрээ хэрхэн тусалдаг вэ? Хүч тэнхээ өгдөг. Тиймээс бид бэрхшээл тохиолдсон ч даалгавраа биелүүлж чаддаг. Элч Паул «Христийн хүчинд» найдсан учраас янз бүрийн зовлонг үл тоон Еховад тасралтгүй үйлчилснээ бичжээ (2 Кор. 12:9). Тэрээр миссионерын хоёр дахь аяллынхаа үеэр дэлгэрүүлэх ажлаа ч сайн хийсэн, амиа тэжээхийн тулд хөдөлмөр ч эрхэлсэн. Тухайлбал, Коринтод ирээд Акул Прискила хоёрынд байхдаа тэдэнтэй хамт майхан оёдог байжээ. Учир нь Паул бас тийм мэргэжилтэй байв (Үйлс 18:1–4). Ехова агуу хүчээрээ тусалсан учраас Паул дэлгэрүүлж ч чадсан, ажил ч хийсэн.

4. 2 Коринт 12:7б–9-ийг үзвэл Паулд ямар бэрхшээл тулгарсан бэ?

4 2 Коринт 12:7б–9-ийг уншина. Паул «махан биедээ өргөстэй болсон» гэж хэлсэн нь ямар утгатай вэ? Хэрэв таны биед өргөс орчихвол өвдөх нь мэдээж. Паул өөртөө тулгарсан сорилт, бэрхшээлийг хэлжээ. Үүнийгээ үргэлж «өвтгөж шаналгадаг» «Сатаны элч» гэсэн. Сатан юм уу чөтгөрүүд Паулын биеийг өргөсөөр хатгаж байгаа мэт зовоосон гэсэн үг биш байх. Гэхдээ бузар муу энэ сүнснүүд Паулд «өргөс» байгааг олж хараад улам лав шаахыг оролдсон биз ээ. Өөрөөр хэлбэл, зовлон дээр нь зовлон нэмсэн байж болох юм. Паул яасан бэ?

5. Ехова Паулын залбиралд хэрхэн хариулсан бэ?

5 Эхлээд Паул тэр «өргөсийг» авхуулахыг хүссэн. «Өргөсөө авхуулах гэж Эзнээс [Еховагаас] гурван удаа гуйсан» гэжээ. Гэхдээ Паул хэчнээн залбирсан ч «өргөс» нь байж л байсан. Ехова залбиралд нь хариулаагүй гэсэн үг үү? Үгүй ээ, хариулсан. Бэрхшээлийг нь алга болгоогүй ч даван туулах хүч тэнхээ өгсөн. Ехова: «Хүчин мөхөс үед миний хүч чадал бүрэн илэрдэг» гэжээ (2 Кор. 12:8, 9). Мөн Паулд баяр баясгалан, амар тайвныг бэлэглэсэн (Флп. 4:4–7).

6. а) Ехова бидний залбиралд хэрхэн хариулж болох вэ? б) Догол мөрд заасан Библийн зүйлүүдэд ямар амлалт байдаг вэ?

6 Та бас сорилтыг үгүй болгож өгөөч гэж Еховагаас гуйж байсан уу? Хэчнээн шаргуу гуйсан ч бэрхшээл бахь байдгаараа байгаа бол эсвэл байдал улам дордсон бол би Еховагийн дургүйг хүргэсэн юм биш байгаа гэж санаа зовсон уу? Тийм бол Паулын жишээг санаарай. Ехова түүний залбиралд хариулсан шигээ таны залбиралд ч хариулна! «Өргөсийг» тань авч өгөхгүй байж магадгүй. Гэхдээ бэрхшээлийг давах хүч тэнхээг агуу хүчээрээ өгнө (Дуу. 61:3, 4). Та «цохиулж» болох ч Ехова таныг орхихгүй (2 Кор. 4:8, 9; Флп. 4:13).

АГУУ ХҮЧ БИДНИЙГ УДИРДАН ЧИГЛҮҮЛДЭГ

7, 8. а) Агуу хүч юугаараа салхитай адилхан бэ? б) Агуу хүч хэрхэн нөлөөлдгийг Петр юу гэж бичсэн бэ?

7 Агуу хүч өөр ямар аргаар тусалдаг вэ? Удирдан чиглүүлдэг. Хэрэв бид агуу хүчээр удирдуулбал сорилтыг үл тоон Бурхны шинэ ертөнцөд саадгүй хүрнэ. Энэ нь усан онгоц салхины хүчийг ашиглавал шуургыг үл тоон зорьсон газраа саадгүй хүрдэгтэй адил юм.

8 Элч Петр загасчин учраас тэнгис далайгаар аялж сурсан хүн байлаа. Тиймд агуу хүч хэрхэн нөлөөлдгийг бичихдээ тэнгис далайгаар явахтай холбоотой үг хэрэглэснийг грек эхээс мэдэж болно. Тэрээр: «Зөгнөл бол хүний бодол биш, харин ариун хүчээр удирдуулдаг хүмүүс Бурхны илчилснийг хэлсэн хэрэг» хэмээн бичжээ (2 Петр 1:21).

9. «Удирдуулдаг» гэж Петрийн бичсэнийг уншихлаар юу санаанд ордог вэ?

9 «Удирдуулдаг» гэдэг үгийг бичихдээ Петр юу бодож байсан бэ? Уг үгтэй төстэй грек үгийг Лук «Үйлс» номдоо бичжээ. Тэрээр: «Онгоц ... салхинд туугдлаа» гэжээ (Үйлс 27:15). Петр Библийг бичигчдийг агуу хүчээр «удирдуулдаг» гэж бичсэнийг уншихлаар явж буй усан онгоц санаанд ордог гэж нэгэн Библи судлаач тэмдэглэжээ. Онгоц салхинд туугдсаар зорьсон газраа хүрдгийн адил Библи бичигчид агуу хүчээр удирдуулан үүрэг даалгавраа биелүүлсэн гэж Петр хэлсэн. Тэр судлаач цааш нь бичихдээ «Библийг бичигчид, зүйрлэн хэлбэл, дарвуулаа өргөсөн» гэжээ. Ехова хийх юмаа хийсэн. Өөрөөр хэлбэл, «салхи» буюу агуу хүчээ өгсөн. Библийг бичигчид ч хийх юмаа хийсэн. Тэд тэрхүү агуу хүчний удирдлагыг дагажээ.

АЛХАМ 1: Еховагийн үйлчлэгчийн хийвэл зохих бүхнийг тогтмол хийгээрэй

АЛХАМ 2: Еховагийн ажлыг хамаг чадлаараа хийгээрэй (11-р догол мөрийг үзээрэй) *

10, 11. Бурхны агуу хүчээр удирдуулахын тулд ямар хоёр зүйлийг хийх хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

10 Ехова агуу хүчээрээ хүмүүсийг удирдан Библийг бичүүлсэн. Өнөөдөр ч үйлчлэгчдээ агуу хүчээрээ удирдаж байгаа. Ийнхүү Ехова хийх юмаа хийж байна. Бурхны агуу хүчээр удирдуулъя гэвэл бид юуг, яаж хийх ёстой вэ?

11 Нэг жишээ авъя. Далайчин салхины хүчийг ашиглахын тулд хоёр зүйлийг хийх ёстой. Нэгдүгээрт, онгоцоо салхины урсгалд оруулна. Тэгээд ч зогсоол дээрээ зогсоод салхины урсгалаас хол байвал онгоц хөдлөхгүй шүү дээ. Хоёрдугаарт, дарвуулаа өргөөд бүрэн гүйцэд дэлгэх хэрэгтэй. Салхины урсгалд аваачсан ч дарвуулыг өргөхгүй бол онгоц урагшаа явахгүй. Үүнтэй адил, бид агуу хүчнийх нь тусламжийг авахгүй бол Еховад тасралтгүй үйлчилж чадахгүй. Тэгэхээр агуу хүчээр удирдуулахын ач тусыг хүртье гэвэл бид хоёр зүйлийг хийх ёстой байх нь ээ. Нэгдүгээрт, Бурхны агуу хүчний «урсгалд» орох буюу агуу хүч нөлөөлдөг үйл хэрэгт оролцох шаардлагатай. Хоёрдугаарт, дарвуулыг аль болохоор дээш нь өргөдөг шиг тэдгээр үйл хэрэгт хамаг чадлаараа оролцох нь чухал (Дуу. 119:32). Энэ хоёр зүйлийг хийдэг бол Бурхны агуу хүч биднийг удирдаж, саад бэрхшээлийг давахад тусална. Мөн Бурхны шинэ ертөнцөд очтолоо үнэнч байхад маань тусална.

12. Одоо юуны тухай ярилцах вэ?

12 Агуу хүч ямар хоёр аргаар тусалдгийг ярилцлаа. Бидэнд хүч өгч, сорилтын үед үнэнч байхад тусалдаг байх нь ээ. Бас биднийг удирдан чиглүүлж, мөнхийн амь руу хөтөлдөг замаар тууштай явахад тусалдаг. Тэгвэл одоо, агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд ямар дөрвөн зүйлийг хийх ёстойг ярилцъя.

АГУУ ХҮЧНИЙ АЧ ТУСЫГ БҮРЭН ДҮҮРЭН ХҮРТЭХ НЬ

13. 2 Тимот 3:16, 17-д бичсэнээр Судар ямар тустай вэ? Бид юу хийх ёстой вэ?

13 Нэгдүгээрт, Бурхны Үгийг судлах (2 Тимот 3:16, 17-г уншина). «Бурхан бичүүлсэн» гэж орчуулсан грек үгийг үгчилбэл «Бурхан амьсгалсан» гэсэн утгатай. Бурхан Библи бичигчдийн ухаан санаанд өөрийнхөө бодлыг агуу хүчээрээ «амьсгалан» оруулжээ. Библийг уншиж, эргэцүүлэн бодох үед Бурхны удирдамж заавар бидний ухаан санаа, зүрх сэтгэлд хоногшдог. Тэгээд Бурхнаа баярлуулж амьдрах хүсэлтэй болно (Евр. 4:12). Гэхдээ агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртье гэвэл цаг зав гаргаад Библийг тогтмол судалж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэгвэл Бурхны Үг бидний үг яриа, үйл хэрэгт нөлөөлнө.

14. а) Цуглааны үеэр Бурхан агуу хүчээ өгдөг гэхийн учир юу вэ? б) Дарвуулаа дэлгэсэн завьтай адил байя гэвэл яах хэрэгтэй вэ?

14 Хоёрдугаарт, итгэл нэгтнүүдтэйгээ хамт Бурхныг шүтэх (Дуу. 22:22). Цуглааны үеэр Бурхан агуу хүчээ өгдөг (Илч. 2:29). Хэрхэн өгдөг вэ? Бид итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховаг шүтэхээр цуглаад агуу хүч гуйн залбирч, Бурхны Үгэнд үндэслэсэн дуу дуулж, агуу хүчээр томилогдсон эрчүүдээс Библид үндэслэсэн заавар авдаг. Мөн эмэгтэйчүүд тэр л агуу хүчний тусламжаар даалгавраа бэлдэж, биелүүлдэг. Агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртье гэвэл цуглаанд хариулахад бэлдээд ирэх хэрэгтэй. Тэгвэл бид дарвуулаа дэлгэсэн завьтай адил байна.

15. Дэлгэрүүлэх үедээ Бурхны агуу хүчний ач тусыг хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

15 Гуравдугаарт, дэлгэрүүлэх ажилд оролцох. Дэлгэрүүлэх, заах ажилдаа Библийг ашигладаг бол агуу хүчний тусламжийг авч байна гэсэн үг (Ром 15:18, 19). Гэхдээ Бурхны агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцож, боломж л гарвал Библиэс уншуулах хэрэгтэй. «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-д байдаг ярианы жишээний дагуу дэлгэрүүлбэл хүмүүстэй илүү сайн ярилцаж чадна.

16. Агуу хүчийг авах хамгийн энгийн арга юу вэ?

16 Дөрөвдүгээрт, Еховад залбирах (Мат. 7:7–11; Лук 11:13). Агуу хүчийг авах хамгийн энгийн арга бол Еховагаас энэ хүчийг гуйх явдал юм. Залбирал маань ямар ч саадгүй Бурханд хүрнэ. Биднийг шоронд байсан ч Ехова залбирлыг маань сонсоод агуу хүчээ өгнө. Агуу хүчинд Сатан ч саад болж чадахгүй (Яак. 1:17). Агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртье гэвэл хэрхэн залбирах вэ? Зөвхөн «Лук» номд байдаг нэг жишээнээс хэрхэн залбирахыг мэдэж авъя. *

ЦӨХРӨЛТГҮЙ ЗАЛБИРАХ

17. Лук 11:5–9, 13-т гардаг жишээг үзвэл хэрхэн залбирах хэрэгтэй вэ?

17 Лук 11:5–9, 13-ыг уншина. Агуу хүчийг хэрхэн гуйхыг Есүс жишээгээр тайлбарлажээ. Уг жишээнд гардаг хүн «цөхрөлтгүй гуйгаад байсан» учраас хэрэгтэй юмаа авсан. Шөнө орой болсон ч санаа зоволгүй найзаасаа тусламж гуйсан (Лук 11:8-ын тайлбарыг цүм18 7 сарын дугаараас үзээрэй). Есүс энэ жишээгээ залбиралтай холбож хэрхэн тайлбарласан бэ? «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ» гэжээ. Бидэнд ямар сургамжтай вэ? Агуу хүчний тусламжийг авъя гэвэл цөхрөлтгүй залбирах ёстой байх нь ээ.

18. Есүсийн татсан жишээг бодож үзвэл, Ехова агуу хүчээ заавал өгнө гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

18 Ехова яагаад агуу хүчээ өгөхийг Есүсийн ярьсан дээрх жишээнээс бас ойлгож болно. Тэр хүн шөнө дүлээр ирсэн зочноо баярлуулахыг хүссэн ч дайлах юмгүй байв. Хөршөөсөө цөхрөлтгүй гуйсан учраас хөрш нь тэр хүнд талх өгсөн гэж Есүс хэлжээ. Үүгээрээ юуг ойлгуулах гэсэн бэ? Хүн хэдий төгс бус ч өөрөөс нь цөхрөлтгүй гуйдаг хөршдөө тусалдаг юм бол сайхан сэтгэлтэй төгс Эцэг маань цөхрөлтгүй гуйдаг хүнд агуу хүчээ өгөх нь бүр ч тодорхой. Тийм учраас Ехова заавал өгнө гэдэгт эргэлзэлгүй, агуу хүчийг нь шаргуу гуйцгаая (Дуу. 10:17; 66:19).

19. Бид ялна гэдэгтээ яагаад эргэлзэх хэрэггүй вэ?

19 Сатан бидэн рүү дайрахаа болихгүй. Гэлээ ч бид ялна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Яагаад? Агуу хүч бидэнд хоёр аргаар тусалдаг. Нэгдүгээрт, бэрхшээлийг давах хүч өгдөг. Хоёрдугаарт, шинэ ертөнцөд хүргэх замаас гаралгүй, Еховад тасралтгүй үйлчлэхэд маань тусалдаг. Иймээс агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртэхээр эргэлт буцалтгүй шийдэцгээе!

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

^ д/м 5 Бэрхшээлийг даван туулахад Бурхны агуу хүч хэрхэн тусалдгийг энэ өгүүлэлд бичсэн. Түүнчлэн агуу хүчний ач тусыг бүрэн дүүрэн хүртье гэвэл яах хэрэгтэйг мэдэж аваарай.

^ д/м 16 Залбирал Есүсийн амьдралд чухал байр эзэлдэг байсныг Сайн мэдээний номыг бичигчдээс Лук хамгийн олон удаа онцолжээ (Лук 3:21; 5:16; 6:12; 9:18, 28, 29; 18:1; 22:41, 44).

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: АЛХАМ 1: Хоёр Гэрч цуглаанд иржээ. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт цуглаанд суух нь Еховагийн агуу хүч нөлөөлдөг үйл ажиллагаанд оролцож буй хэрэг юм. АЛХАМ 2: Тэд цуглаанд оролцох гээд бэлдсэн байна. Энэ хоёр алхам бусад үйл хэрэгт, тухайлбал Бурхны Үгийг судлах, дэлгэрүүлэх, залбирахад ч хамаатай.