Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2

Та бусдыг «асар ихээр тайвшруулж» чадна

Та бусдыг «асар ихээр тайвшруулж» чадна

«Энэ хүмүүс л Бурхны Хаант төрийн төлөө надтай хамт зүтгэж, намайг асар ихээр тайвшруулдаг» (КОЛ. 4:11).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. Еховагийн үнэнч үйлчлэгчид ямар зовлон амсаж байгаа вэ?

САНАА зовоож, сэтгэлээр унагах юм бишгүй бий. Дэлхий дахинд буй Еховагийн олон үйлчлэгч тэр бүхнээс ангид байдаггүй. Танай хуралд ийм хүмүүс байгаа юу? Зарим нь хүнд өвчин тусах юм уу үхэл хагацал үзэж байгаа. Нөгөө зарим нь хайртай хүнээ эсвэл дотнын найзаа үнэний замаас гарахад маш их шаналдаг. Байгалийн гамшигт нэрвэгдээд зүдэрч яваа хүн ч бий. Ийм ах дүүгээ тайвшруулах хэрэгтэй. Тэдэндээ хэрхэн туслах вэ?

2. Элч Паул ямар зовлон амсаж явсан бэ?

2 Элч Паул «үхлийн аюулд олон удаа орж байсан» (2 Кор. 11:23–28). Бас «махан биедээ өргөстэй болсон». Энэ нь өвчин эмгэг байсан бололтой (2 Кор. 12:7). Хамт зүтгэж явсан Дем «энэ ертөнцийг хайрлаад» Паулыг орхиж урмыг нь хугалсан (2 Тим. 4:10). Паул амин хувиа бодолгүй бусдад тусалдаг, эр зоригтой тослогдсон дагалдагч байсан ч заримдаа сэтгэлээр унадаг байсан нь мэдээж (Ром 9:1, 2).

3. Паулыг хэн тайвшруулж байсан бэ?

3 Зовж зүдрэх үед нь Ехова Паулыг агуу хүчээрээ тэнхрүүлж байсан нь ойлгомжтой (2 Кор. 4:7; Флп. 4:13). Бас итгэл нэгтнүүдээр нь туслуулж тайвшруулдаг байжээ. Паул зарим итгэл нэгтнийхээ тухай бичихдээ «Надтай хамт зүтгэж, намайг асар ихээр тайвшруулдаг» байсан гэжээ (Кол. 4:11). Заримыг нь нэрлэвэл, Аристарх Тухик Марк нар юм. Тэд Паулыг зоригжуулж, зовлонгоо тэвчихэд нь тусалжээ. Найзууд нь ямар зан чанартай байсан учраас Паулыг тайвшруулж чадсан бэ? Итгэл нэгтнээ тайвшруулж, урмыг нь сэргээхдээ тэр гурвыг хэрхэн дуурайх вэ?

ҮНЭНЧ АРИСТАРХ

Аристарх шиг үнэнч бол зовж яваа итгэл нэгтнээсээ нүүр буруулахгүй (4, 5-р догол мөрийг үзээрэй) *

4. Аристархыг яагаад Паулын үнэнч анд гэж хэлж болох вэ?

4 Тесалоникийн македон хүн Аристарх бол Паулын үнэнч анд юм. Паул миссионерын гурав дахь аяллаараа Эфэст очжээ. Тэнд болсон явдлын тухай унших үед Аристархын нэр анх удаа гардаг. Паулыг дагалдан явдаг түүнийг олон түмэн барьж авчээ (Үйлс 19:29). Аристарх тэдний гараас мултарсан ч хар амиа бодоогүй. Харин ч Паулыг орхилгүй, үнэнч анд нь гэдгээ баталсан. Хэдэн сарын дараа Паулыг Грект байхад эсэргүүцэгчид мөн л амь насанд нь заналхийлжээ. Тэгэхэд ч Аристарх Паулыг дэмжсээр байсан (Үйлс 20:2–4). Хоригдол болсон Паулыг МЭ 58 оны орчим Ром руу авч явахад Аристарх хамт байжээ. Холын замд усан онгоц сүйрэхэд ч хамт байв (Үйлс 27:1, 2, 41). Ромд ирээд, Паултай хамт хэсэг хугацаанд хоригдож байсан бололтой (Кол. 4:10). Ийм үнэнч андынхаа ачаар Паул хэчнээн их зоригжиж, тайвширсан бол оо!

5. Сургаалт үгс 17:17-д бичсэнчлэн, бид хэрхэн үнэнч найз байх вэ?

5 Хэрэв бид Аристархыг дуурайвал итгэл нэгтнээ ядарч зүдэрч явахад ч дэргэдээс нь холдохгүй. Ийнхүү үнэнч анд гэдгээ батална (Сургаалт үгс 17:17-г уншина). Итгэл нэгтэн маань хамгийн хэцүү даваагаа давсан ч нэг хэсэгтээ тайвшрахгүй байж магадгүй. Хорт хавдартай эцэг эхээ гурван сарын дотор дараалан алдсан Францес: «Хүнд бэрх сорилт хүнийг их удаан зовоодог юм билээ. Эцэг эх маань нас бараад удсан л даа. Гэхдээ одоо хэр нь шаналж явдгийг минь ойлгодог үнэнч найзууддаа би талархаж явдаг» гэж ярьжээ. *

6. Үнэнч найз яадаг вэ?

6 Үнэнч найзууд ядарч яваа нэгэндээ цаг хүчээ харамгүй зориулдаг. Питер гэдэг Гэрч хурдан явцтай, аминд халтай өвчин тусжээ. Түүний эхнэр Катрин: «Питерийг эмчид үзүүлэх болоход манай хурлын эхнэр нөхөр хоёр эмнэлэгт аваачсан юм. Тэд нөхрийн маань өвчний талаар дуулаад энэ хэцүү үед бид хоёрыг үнсэнд хаясан шалз шиг орхихыг хүсээгүй. Тэгээд тусламж хэзээ хэрэг болно, тэр үед байнга хамт байж, тусалж дэмжсэн» гэж ярьжээ. Зовох цагт тайвшруулдаг үнэнч найзтай байх нь хэчнээн сайхан бэ!

НАЙДВАРТАЙ ТУХИК

Тухикийг дуурайвал бэрхшээл туулж яваа нэгнийхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй (7–9-р догол мөрийг үзээрэй) *

7, 8. Колосай 4:7–9-д бичсэнээр, Тухик найдвартай хүн байсан нь юунаас харагддаг вэ?

7 Ромын Ази мужаас гаралтай, Христийн дагалдагч Тухик бол Паулын итгэлт нөхөр юм (Үйлс 20:4). МЭ 55 оны орчим Паул Иудей мужид амьдардаг итгэл нэгтнүүддээ туслах зорилгоор хандивын ажил зохион байгуулжээ. Энэ чухал ажлыг хийхдээ Тухикаас тусламж авсан бололтой (2 Кор. 8:18–20). Түүнээс гадна, Паул Ромд анх удаа хоригдож байхдаа Ази мужийн хурлуудад урам сэргээм үгтэй захидал бичиж, Тухикаар хүргүүлж байжээ (Кол. 4:7–9).

8 Тухик хэзээ ямагт Паулын итгэл даадаг анд нь байсан (Тит 3:12). Тэр үеийн Христийн дагалдагчид бүгдээрээ Тухик шиг найдвартай байгаагүй. Паул МЭ 65 оны орчим хоёр дахь удаагаа хоригдож байхдаа «Ази мужийн бүх хүн ... надаас нүүрээ буруулсан» гэж бичжээ. Тэд эсэргүүцэгчдээс айсан байж болох юм (2 Тим. 1:15). Харин Тухик найдвартай хүн учраас Паул түүнд бас дахин даалгавар өгчээ (2 Тим. 4:12). Тэрбээр Тухик зэрэг сайн найзуудаа өндөр үнэлдэг байсан нь лавтай.

9. Тухик шиг найдвартай хүн байя гэвэл яах хэрэгтэй вэ?

9 Бид Тухик шиг итгэл даадаг найз байж чадна. Жишээ нь, итгэл нэгтэндээ тусална гэж амласан бол амласнаа заавал биелүүлэх хэрэгтэй (Мат. 5:37; Лук 16:10). Туслах хүн байгааг дуулахаараа ямар ч хүн тайвшрах нь ойлгомжтой. Үүний учрыг нэг Гэрч эмэгтэй тайлбарлан: «Нөгөө хүн маань тусална гэж амласнаа биелүүлэх болов уу, цагтаа ирэх болов уу гэж санаа зовох шаардлагагүй байдаг» гэжээ.

10. Сургаалт үгс 18:24-ийг үзвэл, зовж шаналсан, сэтгэлээр унасан хүн хэрхэн тайвшрах вэ?

10 Зовж шаналсан, гуньж гутарсан хүн итгэл хүлээсэн найздаа сэтгэлээ уудалж тайвшрах нь олонтоо (Сургаалт үгс 18:24-ийг уншина). Хүү нь хурлаас хасагдахад Бижэй сэтгэлээр унажээ. Тэрбээр: «Найдвартай хүнд хамаг юмаа яримаар санагддаг юм билээ» гэв. Карлос өөрийн буруугаас болж хурлын ажил хийх эрхгүй болжээ. Тэрбээр: «Шүүмжлэх вий гэж айхгүйгээр бүх юмаа чөлөөтэй ярьж болох хүн надад хэрэгтэй байсан» гэсэн юм. Карлос тийм хүнийг олжээ. Тэр нь ахлагчид байлаа. Бэрхшээлээ давж гарахад нь тэд тусалсан ажээ. Мөн ахлагчид нууцыг нь хадгална гэдгийг Карлос мэдээд тайвширсан байна.

11. Итгэл хүлээсэн үнэнч найз ямар байдаг вэ?

11 Итгэл хүлээсэн үнэнч найз байя гэвэл тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Нөхөр нь хаяж явахад Жанна дотнын найзуудтайгаа сэтгэлээ хуваалцаж тайтгарчээ. «Би нэг ярьсан юмаа дахин дахин давтаад байсан байх. Тэгсэн ч найзууд маань тэвчээртэй сонсож байсан» хэмээн ярьжээ. Та бас сайн найз байя гэвэл сайн сонсогч байгаарай.

ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ МАРК

Сайхан сэтгэлт Маркийн дэмээр Паул зовлонгоо тэвчсэн; бид бас зовж яваа ах дүүдээ тусалж чадна (12–14-р догол мөрийг үзээрэй) *

12. Марк гэж хэн бэ? Хүний төлөө гэсэн сэтгэлтэй нь юунаас харагддаг вэ?

12 Марк бол Иерусалимд амьдардаг иудей дагалдагч юм. Түүний үеэл Барнаб олны танил миссионер хүн (Кол. 4:10). Маркийнх чинээлэг айл байсан бололтой. Гэсэн хэдий ч тэрбээр мөнгө төгрөг, эд хөрөнгийг чухалчилдаггүй байжээ. Насан туршдаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй явсан. Бусдад туслахаараа баярладаг байв. Жишээлбэл, ажил үүргээ гүйцэтгэж явсан Паулд ч, Петрт ч хоол хүнс худалдаж авах, хонох газар олох зэргээр тусалж байжээ (Үйлс 13:2–5; 1 Петр 5:13). Паул Маркийг «Бурхны Хаант төрийн төлөө ... хамт зүтгэж» яваа «түшиг тулгуур болдог» хүмүүсийн нэг гэсэн (Кол. 4:10, 11, зүүлт).

13. 2 Тимот 4:11-ийг харвал, Паул Маркийг хайрлаж хүндэлдэг байсан гэхийн учир юу вэ?

13 Марк Паулын дотнын найзуудын нэг болжээ. Яагаад ийн хэлж болох вэ? Паул МЭ 65 оны орчим Ромд сүүлийн удаа хоригдож байхдаа Тимотод бичсэн хоёр дахь захидалдаа Маркийг дагуулж ирээрэй гэсэн байдаг (2 Тим. 4:11). Өдий болтол үнэнч үйлчилсэн Маркийг хайрлаж хүндэлдэг байсан нь лавтай. Тийм учраас энэ эгзэгтэй үед Марктай хамт байхыг хүсжээ. Марк хоол хүнс, бичгийн хэрэгслээр хангах зэргээр Паулд бодитой тусламж үзүүлдэг байсан бололтой. Ийнхүү тус дэм болж, урам зоригийг нь бадрааж байсан учраас Паул цаазлагдах хүртлээ сэтгэлийн тэнхээтэй байсан биз ээ.

14, 15. Бусдад туслах талаар Матай 7:12-оос юу мэдэж болох вэ?

14 Матай 7:12-ыг уншина. Зовох цагт бодитой тусламж үзүүлсэн хүнд бид хэчнээн их талархдаг билээ дээ! Гэнэтийн ослоор аавыгаа алдсан Райан гэдэг Гэрч эрэгтэй: «Зовж явахад өдөр тутмын ажил ч хэцүү санагддаг. Ийм үед хэн нэг нь тусалж шалихгүй гэмээр юм хийж өгөхөд л баярладаг» гэж ярьсан.

15 Хэрэв бид ажигч гярхай байдаг бол хүмүүст хэрхэн туслахаа мэдэж авна. Жишээ нь, дээр дурдсан Питер Катрин хоёрыг эмнэлэгт үзүүлэх болгонд нь тусалж байя гэж нэг Гэрч эмэгтэй боджээ. Питер Катрин хоёрын хэн хэн нь жолоо барьж чадахгүй болсныг тэрбээр анзаараад унаагаар хүргэж өгөх хуваарь гаргав. Тэр хуваарийн дагуу хурлын зарим хүн машинаараа үйлчлэхээр болжээ. Ямар үр дүнтэй байсан бэ? «Нуруун дээрээс ачаа аваад хаях шиг л болсон» гэж Катрин хэлсэн. Шалихгүй гэмээр тусламж ч зовж буй хүнийг тайвшруулдгийг бүү мартаарай.

16. Маркаас юу сурах вэ?

16 Есүсийн шавь Марк, Бурхны даалгасан олон чухал ажлыг хийдэг байсан нь эргэлзээгүй. Мөн «Марк» номыг бичсэн билээ. Тэрбээр завгүй хүн байсан ч Паулыг тайвшруулдаг байсан. Паул ч санаа зоволгүй Маркаас тусламж гуйдаг байжээ. Анжела гэдэг Гэрч бүсгүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй найзууддаа талархаж явдаг гэнэ. Учир нь дотнын хүн нь бусдын гарт амиа алдахад найзууд нь ирж түүнийг тайвшруулсан ажээ. «Тусалъя гэсэн чин сэтгэлтэй найзуудаасаа тусламж гуйхад амар байдаг. Төвөг болно гэж бүү бодоорой» гэж Анжела ярьсан юм. Тиймээс бид өөрсдөөсөө «Хүмүүс миний тухай ярихдаа бодитой тусламж үзүүлж бусдыгаа тайвшруулдаг гэдэг үү?» гэж асуух нь зүйтэй.

БУСДЫГ ТАЙВШРУУЛЖ БАЙЦГААЯ

17. 2 Коринт 1:3, 4-т бичсэнийг эргэцүүлэн бодвол бид бусдыг тайвшруулж чадна гэхийн учир юу вэ?

17 Тайвшруулах шаардлагатай итгэл нэгтэн олон байдаг. Таныг яаж тайвшруулсан, тэр л аргаар бусдыг тайвшруулаарай. Нино гэдэг Гэрч бүсгүйн эмээ нас баржээ. Нино: «Тусалъя гэсэн чин сэтгэлтэй хүнийг Ехова зовж байгаа хүн рүү илгээдэг» гэжээ (2 Коринт 1:3, 4-ийг уншина). Өмнө дурдсан Францес: «2 Коринт 1:4-т бичсэн үг яг үнэн. Биднийг яаж тайвшруулсан, тэр л аргаар бид бусдыг тайвшруулж чадна» гэж ярьжээ.

18. а) Бусдыг тайвшруулах болоход зарим хүн яагаад зүрхшээдэг вэ? б) Тайвшруулъя гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

18 Зовж яваа нэгнээ тайвшруулах гэхээр юу хэлж, юу хийхээ мэдэхгүй зүрхшээж болох юм. Гэлээ ч санаачилга гаргах нь зүйтэй. Пол гэдэг ахлагчийн аав нас баржээ. Хурлынхан нь түүнийг тайвшруулах гэж үнэхээр их хичээсэн байна. Пол үүнийг дурсан «Надтай уулзах амаргүй байгаа нь мэдрэгдсэн. Юу ярихаа ч мэдэхгүй байсан хэр нь намайг тайвшруулах гээд хичээж байгааг нь ойлгоод их баярласан» гэж ярьжээ. Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Тажон гэдэг Гэрч: «Газар хөдөлсний дараа хүмүүс надад захидал, зурвас их өгсөн. Үнэндээ би бүгдийг нь санадаггүй л дээ. Гэхдээ надад чин сэтгэлээсээ санаа тавьж байсныг нь мартдаггүй» хэмээн дурссан юм. Бусдад санаа тавьдаг бол сайн тайвшруулагч байж чадна.

19. Та яагаад бусдыгаа тайвшруулж байхаар шийдсэн бэ?

19 Энэ ертөнцийн төгсгөл ойртох тусам дэлхийн нөхцөл байдал улам доройтож, амьдрал улам хэцүү болно (2 Тим. 3:13). Бас өвлөж авсан нүгэл болон төгс бус байдлаас үүдэлтэй бэрхшээлийг бодож үзвэл тайвшрах шаардлагатай үе байнга гарах нь тодорхой. Элч Паул эцсээ хүртэл үнэнч байж чадсаны нэг шалтгаан итгэл нэгтнүүдтэй нь холбоотой. Тэд түүнийг тайвшруулдаг байсан. Аристарх шиг үнэнч, Тухик шиг найдвартай, Марк шиг хүний төлөө гэсэн сэтгэлтэй байцгаая. Ингэдэг бол Еховад тууштай үйлчлэхэд нь ах дүүдээ тус болох нь дамжиггүй (1 Тес. 3:2, 3).

^ д/м 5 Элч Паул янз бүрийн зовлон амсаж явжээ. Тэр хэцүү үед итгэл нэгт гурван найз нь түүнийг маш их тайвшруулсан. Тэд ямар зан чанартай хүмүүс байсныг мэдэж авцгаая. Мөн бусдыг тайвшруулахын тулд тэр гурван хүнийг хэрхэн дуурайхыг ярилцъя.

^ д/м 5 Энэ өгүүлэлд гарсан зарим хүний нэрийг өөрчлөв.

ДУУ 28 Шинэ дуу

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аристарх Паул хоёр усан онгоцны сүйрлийг хамт давсан.

^ д/м 58 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хурлуудад захидал хүргэх даалгаврыг Паул Тухикт өгчээ.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Марк Паулд бодитой тусламж үзүүлжээ.