Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

Бид та нартай хамт явна

Бид та нартай хамт явна

«Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» (ЗЕХ. 8:23).

ДУУ 146 Надад хүргэсэн тус

ТОЙМ *

«Өөр хоньд» («арван хүн») тослогдогсодтой («нэг иудей хүн») хамт Еховаг шүтэхийг завшаан гэж үздэг (1, 2-р догол мөрийг үзээрэй)

1. Ехова юу гэж зөгнөсөн бэ?

ЕХОВА өнөө үед болох үйл явдлын талаар зөгнөхдөө «Өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран “Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо” гэх болно» хэмээжээ (Зех. 8:23). «Иудей хүн» гэдгээр Бурхны агуу хүчээр тослогдсон хүмүүсийг хэлдэг. Тэднийг бас «Бурхны Израйл» гэдэг (Гал. 6:16). Харин «арван хүн» гэдгээр дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүсийг хэлдэг. Тэд тослогдогсдыг Ехова сонгосныг мэддэг бөгөөд тослогдогсодтой мөр зэрэгцэн үйлчилдгээ нэр төрийн хэрэг гэж үздэг.

2. «Арван хүн» тослогдогсодтой хэрхэн «хамт явдаг» вэ?

2 Одоо дэлхий дээр байгаа тослогдсон хүн бүрийн нэрийг мэдэх боломжгүй. * Гэхдээ дэлхий дээр мөнх амьдрах найдвартай бид тэдэнтэй «хамт явах» боломжтой. Яагаад ингэж хэлж болох вэ? Библид «Арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран “Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо” гэх болно» гэж бичсэн. Энд «нэг иудей хүн» гэсэн атлаа «өөрсөдтэйгөө», «та нартай» гэж олон тоогоор бичжээ. Үүнийг юу гэж ойлгох вэ? Нэг иудей хүн гэдгээр ганц хүнийг бус, тослогдсон бүлэг хүнийг хэлсэн хэрэг юм. Тослогдоогүй хүмүүс тослогдогсодтой хамт Еховад үйлчилдэг. Гэхдээ тэд тослогдогсдыг бус, Есүсийг Удирдагчаа гэж үздэг (Мат. 23:10).

3. Энэ өгүүллээс ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Христийн тослогдсон дагалдагчид одоо ч дэлхий дээр байгаа учир зарим хүн дараах асуултыг асууж болох юм. 1) Тослогдсон хүн өөрийнхөө талаар ямар үзэл бодолтой байх ёстой вэ? 2) Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртсэн итгэл нэгтэндээ хэрхэн хандах нь зүйтэй вэ? 3) Бэлгэдлийн идээнээс хүртдэг хүмүүс нэмэгдэж байгаа нь санаа зовоох асуудал мөн үү? Хариуг нь энэ өгүүллээс мэдэж авъя.

ТОСЛОГДОГСОД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

4. Тослогдсон хүн 1 Коринт 11:27–29-д бичсэн ямар анхааруулгыг нухацтай бодох учиртай вэ? Яагаад?

4 Тослогдогсод 1 Коринт 11:27–29-д бичсэн анхааруулгыг нухацтай бодох учиртай (уншина). Яавал тослогдсон хүнийг «зохисгүй авирласан» гэх вэ? Еховагийн зөв шударга хэм хэмжээний дагуу амьдардаггүй атлаа талх, дарснаас хүртдэг бол «зохисгүй авирладаг» гэсэн үг (Евр. 6:4–6; 10:26–29). «Есүс Христээр дамжуулж өгөх» Бурхны шагналыг хүртье гэвэл тослогдогсод үнэнч байх ёстой (Флп. 3:13–16).

5. Тослогдогсод өөрсдийнхөө талаар ямар үзэл бодолтой байх ёстой вэ?

5 Еховагийн үйлчлэгчид агуу хүчээр удирдуулдаг учраас даруу байхыг хичээдэг (Эф. 4:1–3; Кол. 3:10, 12). Тиймээс тослогдогсод өөрсдийгөө бусдаас илүү гэж боддоггүй. Ехова агуу хүчээ тослогдогсод болон бусад үйлчлэгчдээ яг адилхан өгдгийг тэд мэддэг. Библийн үнэнийг бусдаас илүү ойлгодог гэж боддоггүй. Бас хэн нэгэнд «Чи тослогдсон» гэж хэлдэггүй, бэлгэдлийн идээнээс хүрт гэж ятгадаггүй. Харин хүмүүсийг тэнгэрт урих эрхтэй Нэгэн бол зөвхөн Ехова гэдгийг зөвшөөрч даруу байдаг.

6. 1 Коринт 4:7, 8-д бичсэний дагуу тослогдогсод биеэ хэрхэн авч явдаг вэ?

6 Тослогдогсод тэнгэрт амьдрах урилга авснаа завшаан гэж үздэг ч өөрсдийгөө онцгой хүндэтгэл хүлээх эрхтэй гэж боддоггүй (Флп. 2:2, 3). Ехова хэнд ч мэдэгдэлгүйгээр өөрсдийг нь тосолсныг бас ойлгодог учраас тослогдсон гэдэгт нь итгэхгүй байвал гайхдаггүй. Тэгээд ч Бурхнаас тусгай томилолт авсан гэж хэлсэн хүнд юу юугүй итгэчихэж болохгүй гэсэн Библийн анхааруулга байдаг шүү дээ (Илч. 2:2). Тэд бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэггүй учраас тослогдсон гэдгээ анх уулзсан болгондоо яриад байдаггүй. Бас тослогдсоноороо сайрхдаггүй (1 Коринт 4:7, 8-ыг уншина).

7. Тослогдогсод юунаас зайлсхийх ёстой вэ? Яагаад?

7 Христийн тослогдсон дагалдагчид өөрсдийгөө тусгай бүлгийн хүмүүс гэж үздэггүй. Тийм учраас зөвхөн тослогдсон хүмүүстэйгээ л хамт байх ёстой гэж боддоггүй. Бас тослогдсон тухайгаа ярилцах эсвэл Библи судлах тусгай бүлэг байгуулах зорилгоор тослогдсон хүнийг хайж явдаггүй (Гал. 1:15–17). Ийм байвал хурал нэгдмэл байх боломжгүй. Амар тайван, эв нэгдэлтэй байлгадаг агуу хүчийг эсэргүүцэж байгаа хэрэг болно (Ром 16:17, 18).

ТОСЛОГДОГСДОД ХЭРХЭН ХАНДАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Тослогдсон болон удирдах үүрэгтэй итгэл нэгтнүүдээ алдартнуудтай адилтгаж болохгүй (8-р догол мөрийг үзээрэй) *

8. Дурсах цуглаан дээр дарс, талхнаас хүртдэг хүмүүст хэрхэн хандах нь зүйтэй вэ? (Бас зүүлтийг үзнэ үү).

8 Тослогдсон итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах ёстой вэ? Ер нь хүнийг, бүр Христийн тослогдсон ах дүү байсан ч хэтэрхий их хүндлэх нь буруу юм (Мат. 23:8–12). Библи бидэнд ахлагчдын «итгэлийн жишээг нь дуурайхыг» уриалдгаас бус, хүнийг удирдагчаа болгохыг хэзээ ч зөвлөдөггүй (Евр. 13:7). Зарим хүнийг «гүнээ хүндэтгэх хэрэгтэй» гэж бичсэн байдаг нь үнэн. Гэхдээ тослогдсон учраас бус, харин «сайн удирддаг, ялангуяа, Бурхны үгийг ярих, заах ажлыг шамдан хийдэг» учраас хүндэтгээрэй гэсэн (1 Тим. 5:17). Хэрэв бид тослогдогсдыг хэтэрхий их анхаарч, магтаад байвал тэдэнд эвгүй санагдаж мэднэ. * Бүр бардам ч болж болзошгүй (Ром 12:3). Бид өөрсдийнхөө буруугаас болж Христийн ах дүүгээр нүгэл үйлдүүлэхийг огтхон ч хүсдэггүй! (Лук 17:2).

9. Тослогдогсдыг хэрхэн хүндлэх вэ?

9 Еховагийн тосолсон хүмүүсийг зохих ёсоор хэрхэн хүндлэх вэ? Тэднээс хэрхэн тослогдсоныг нь асуух хэрэггүй. Энэ нь тэдний хувийн хэрэг шүү дээ (1 Тес. 4:11; 2 Тес. 3:11). Бас тослогдсон хүний хань ижил, аав ээж эсвэл гэр бүлийнх нь бусад гишүүнийг тослогдсон гэж бодох шаардлагагүй. Тэнгэрт амьдрах найдвар бол өвөг дээдсээс уламжлан ирдэг өв хөрөнгө биш юм. Ехова тэдэнд ийм найдвар өгдөг (1 Тес. 2:12). Түүнчлэн, хүний сэтгэлийг тавгүйтүүлэх асуулт асуухаас зайлсхийх учиртай. Жишээлбэл, дэлхий дээр ханьтайгаа хамт амьдрахгүй болно гэж бодохоор ямар санагддагийг тослогдсон Гэрчийн эхнэрээс асуух ёсгүй. Шинэ ертөнц бий болоход Ехова «бүх амьтны хүслийг хангана» гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно (Дуу. 145:16).

10. Зусар бялдууч занг жигшдэг хүн ямар аюулаас зайлж чадах вэ?

10 Тослогдогсдыг бусдаас илүү гэж үздэггүй бол аюулаас зайлж чадна. Ямар аюул вэ? Тослогдсон зарим хүн үнэнч бус болно гэж Библид бичсэн байдаг (Мат. 25:10–12; 2 Петр 2:20, 21). Хэрэв тослогдсон, олны танил эсвэл Еховад олон жил үйлчилж ирсэн хүн үнэнч бус болох юм уу Еховагийн байгууллагаас гарлаа гэхэд зусар бялдууч занг жигшдэг хүн тэдний араас явахгүй (Юуд. 16). Еховадаа итгэсээр, үнэнч үйлчилсээр байна.

САНАА ЗОВОХ ХЭРЭГ БАЙНА УУ?

11. Сүүлийн жилүүдэд юу ажиглагдаж байгаа вэ?

11 Дурсах цуглааны үед бэлгэдлийн идээнээс хүртэгчид жилээс жилд цөөрсөөр ирсэн билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд олширч байна. Энэ нь санаа зовоох асуудал мөн үү? Биш ээ. Яагаад гэдгийг ярилцъя.

12. Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэгчдийн тооноос болж яагаад санаа зовох хэрэггүй вэ?

12 «Ехова хүмүүсээ мэддэг» (2 Тим. 2:19). Дурсах цуглааны үеэр бэлгэдлийн идээнээс хүртэгчдийг тоолдог. Гэхдээ хэн нь үнэхээр тослогдсоныг Еховагаас өөр хэн ч яг таг мэддэггүй. Тэгэхээр тослогдоогүй атлаа өөрийгөө тослогдсон гэж боддог хүмүүс ч тоологддог гэсэн үг. Тэдний зарим нь бэлгэдлийн идээнээс хүртэж байснаа хожим нь больдог. Сэтгэцийн эмгэгтэй зарим хүн тэнгэрт гарч Христтэй хамт захирна гэж боддог. Тиймээс одоо дэлхий дээр байгаа тослогдогсдын тоо хэд вэ гэдгийг бид мэдэхгүй.

13. Агуу их гамшиг эхлэх үед тослогдогсдын хэд нь дэлхий дээр байхыг Библид бичсэн үү?

13 Есүс тослогдсон ах дүүгээ дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулж тэнгэрт аваачна (Мат. 24:31). Библид бичсэнээр, эцсийн өдрүүдэд дэлхий дээр цөөн хэдэн тослогдсон хүн үлдэх ажээ (Илч. 12:17). Гэхдээ агуу их гамшиг эхлэх үед тэдний хэд нь дэлхий дээр байхыг тодорхой бичээгүй.

Хурлын гишүүн талх, дарс хүртвэл бид яах ёстой вэ? (14-р догол мөрийг үзээрэй)

14. Ром 9:11, 16-г үзвэл, тослогдогсдыг сонгох талаар юу ойлгох хэрэгтэй вэ?

14 Тослогдогсдыг хэзээ сонгохоо Ехова шийддэг (Ром 8:28–30). Есүсийг амилсны дараа Ехова хүмүүсээ сонгон тосолж эхэлсэн. Христийн нэгдүгээр зууны жинхэнэ дагалдагчид бүгд тослогджээ. Харин түүнээс хойших үеийн Христийн дагалдагчдын дийлэнх нь Христийн жинхэнэ дагалдагчид биш байв. Гэхдээ тэр хугацаанд Христийг жинхэнэ ёсоор дагаж ирсэн цөөн хэдэн хүн байсан бөгөөд Ехова тэднийг тосолсон. Есүс тэр хүмүүсийг зэрлэг өвсөн дунд ургасан буудайтай зүйрлэсэн байдаг (Мат. 13:24–30). Ехова 144 000-ын бүрэлдэхүүнд оруулах хүмүүсээ эцсийн энэ өдрүүдэд ч сонгож байгаа. * Хэрэв заримыг нь төгсгөл болохын өмнөхөн сонгохоор шийдсэн бол Еховатай маргах хүн гарахгүй нь мэдээж (Ром 9:11, 16-г уншина). * Бид Есүсийн ярьсан жишээний ажилчидтай адилхан зан гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Тэд сүүлчийн ганцхан цаг ажилласан ажилчидтай барьцаж эзэндээ гомдоллодог шүү дээ (Мат. 20:8–15).

15. Матай 24:45–47-д гардаг «итгэмжит, ухаалаг боолын» бүрэлдэхүүнд тослогдогсод бүгдээрээ ордог уу? Тайлбарлана уу.

15 Тэнгэрт амьдрах найдвартай бүх хүн «итгэмжит, ухаалаг боолын» бүрэлдэхүүнд ордоггүй (Матай 24:45– 47-г уншина). Ехова Есүс хоёр нэгдүгээр зуунд цөөн хэдэн хүнээр олон хүнийг хооллож байсан аргаа өнөөдөр ч хэрэглэдэг. Тухайн үеийн тослогдсон дагалдагчдын дундаас хэдхэн хүн Библийн Грек Судрыг бичсэн. Өнөөдөр бас цөөн хэдэн тослогдсон хүн Бурхны ард түмнийг «цагт нь хоол ундаар» хангах үүрэг гүйцэтгэдэг.

16. Та энэ өгүүллээс юу мэдэж авсан бэ?

16 Энэ өгүүллээс бид юу мэдэж авсан бэ? Ехова үйлчлэгчдийнхээ ихэнхийг дэлхий дээр мөнх амьдруулахаар, харин цөөнхийг тэнгэрт амьдруулж, Есүстэй хамт захируулахаар шийджээ. Тэрбээр «нэг иудей хүнийг» ч, «арван хүнийг» ч ивээдэг, хэн хэнээр нь нэг л хууль сахиулдаг, үнэнч байхыг бүгдээс нь шаарддаг. Бүгд даруу байх ёстой. Бүгд мөр зэрэгцэн, эв нэгдэлтэй үйлчилж, хурлыг амар тайван байлгах үүрэгтэй. Тэгэхээр төгсгөл ойртох тусам Христийн мөрөөр даган, бултаараа «нэг сүрэг» мэт үйлчилцгээе (Ёох. 10:16).

^ д/м 5 Христийн нас барсныг дурсах цуглаан энэ жил 4 дүгээр сарын 7-ны мягмар гаргийн үдэш болно. Тэр үдэш бэлгэдлийн идээнээс хүртсэн хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Бэлгэдлийн идээнээс хүртэгчид нэмэгдээд байвал яагаад санаа зовох хэрэггүй вэ? Энэ өгүүллээс хариуг нь мэдэж авъя (Энэ өгүүлэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 1 дүгээр сарын өгүүлэлд үндэслэсэн).

^ д/м 2 Дуулал 87:5, 6-д бичсэнийг үзвэл, Есүстэй хамт тэнгэрээс захирах бүх хүний нэрийг Бурхан ирээдүйд илчлэх бололтой (Ром 8:19).

^ д/м 8 «Харуулын Цамхаг» сэтгүүлийн 2016 оны 1-р сарын дугаарын «Хайр “зохисгүй авирладаггүй”» гэсэн гарчигтай хавсралтыг үзнэ үү.

^ д/м 14 Үйлс 2:33-т бичсэнээр, Ехова агуу хүчээ Есүсээр дамжуулж өгдөг. Харин тэнгэрт амьдрах урилгыг өөрөө өгдөг.

^ д/м 14 Дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2008 оны 1-р сарын 15-ны дугаарын 22, 23-р хуудсан дахь 13–16-р догол мөрөөс үзнэ үү.

ДУУ 29 Үнэнч явъя

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Чуулганд ирсэн төвийн төлөөлөгч болон түүний эхнэрийг итгэл нэгтнүүд нь бүчиж аваад зургийг нь дарж байна. Яасан хүндэтгэлгүй юм бэ!