Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6

Эцэг Ехова бидэнд маш их хайртай

Эцэг Ехова бидэнд маш их хайртай

«Тиймээс ийнхүү залбир. “Тэнгэрийн Эцэг минь”» (МАТ. 6:9).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ *

1. Персийн хаантай уулзахын тулд яах хэрэгтэй байсан бэ?

ТА ӨӨРИЙГӨӨ 2 500-гаад жилийн тэртээх Персэд амьдарч байгаагаар төсөөл дөө. Нэг удаа хаанд бараалхъя гэж бодоод хааны ордон байдаг Суса хот орохоор явав. Тэнд очоод эхлээд зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөлгүйгээр хаанд бараалхвал амиа алдаж мэднэ! (Ест. 4:11).

2. Ехова биднээс юу хүсдэг вэ?

2 Ехова Персийн хаантай огт адилгүй нь ямар сайхан хэрэг вэ! Тэрбээр ямар ч хүмүүн удирдагчаас агуу атлаа биднийг хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. Халгаж цэрвэлгүй ойртоосой гэж хүсдэг. Ехова Агуу Бүтээгч, Төгс хүчит Нэгэн, Хэмжээгүй эрхт Эзэн гэх зэргийн эрхэм дээд цол хэргэмтэй ч «Эцэг» хэмээн дотночлон дуудуулах дуртай (Мат. 6:9). Элгэмсэг, дотно байгаасай гэж хүсдэгийг нь бодохоор сэтгэл хөдөлмөөр!

3. Еховаг яагаад «Эцэг» гэж дуудаж болох вэ? Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

3 Еховаг «Эцэг» гэж дуудах нь ч зөв юм. Яагаад гэвэл тэрбээр амийн Эх булаг билээ (Дуу. 36:9). Ехова Эцэг учраас бид үгэнд нь орох ёстой. Хий гэснийг нь хийдэг бол гайхалтай ивээл хүртэнэ (Евр. 12:9). Жишээ нь ирээдүйд тэнгэр газрын аль нэгэнд мөнх амьдарна. Одоо ч ач тустай. Энэ өгүүллээр дараах асуултыг ярилцъя. Ехова бидэнд хайртайн ямар баталгаа байдаг вэ? Хэзээ ч орхихгүй гэдэгт нь яагаад итгэж болох вэ? Харин эхлээд, тэнгэрийн Эцэг маань бидэнд маш их хайртай бөгөөд халамж анхаарал тавьдаг гэдэгт нь яагаад итгэх хэрэгтэйг авч үзье.

ЕХОВА БОЛ ХАЙР ХАЛАМЖТАЙ ЭЦЭГ

Бидэнтэй дотно байхыг хүсдэг Еховаг хүүхэдтэйгээ дотно байхыг хүсдэг халамжтай аавтай зүйрлэж болно (4-р догол мөрийг үзээрэй)

4. Зарим хүн Еховаг яагаад Эцгээ гэж бодож чаддаггүй вэ?

4 Бурхныг Эцгээ гэж бодох нь танд хэцүү юү? Ехова өчүүхэн намайг тоохгүй гэж зарим хүн бодоод Төгс хүчит Бурхан санаа тавьж, халамжилдаг гэдэгт итгэж чаддаггүй. Тэгвэл халамжтай Эцэг маань юу хүсдэг вэ? Бидэнд амь өгсөн тэрбээр өөртэй нь анд нөхөр болоосой гэж хүсдэг. Элч Паул Афины хүмүүст энэ тухай ярьж байхдаа «Бурхан хүн бүрд ойр байдаг» хэмээн тайлбарлажээ (Үйлс 17:24–29). Хайр халамжтай аав дээрээ гүйгээд очдог хүүхэд шиг байгаасай гэж Ехова хүн бүрээс хүсдэг.

5. Нэг Гэрч эмэгтэйн хэлсэн үгээс та юу ойлгосон бэ?

5 Багаасаа эцгийн хайрыг мэдрээгүйн улмаас Еховаг Эцгээ гэж бодож чаддаггүй хүмүүс бий. Нэг Гэрч эмэгтэй: «Манай аав намайг хэл амаар доромжилдог байсан. Анх Библи судалж байх үед тэнгэрийн Эцэгтэй дотносох нь надад маш хэцүү байлаа. Харин илүү сайн мэдэхийн хэрээр бүх юм өөрчлөгдсөн» гэж ярьсан юм. Танд бас тэгж санагддаг уу? Тийм бол бүү гутраарай. Та Еховаг хамгийн сайн Эцэг гэдгийг яваандаа ойлгоно.

6. Матай 11:27-д бичсэнээр, Еховаг хайр халамжтай Эцэг гэж үзэхэд тус болох нэг арга юу вэ?

6 Еховаг хайр халамжтай Эцэг гэж үзэхэд тус болох нэг арга нь Есүсийн үг сургаал, үйл хэргийг Библиэс уншиж судлах юм (Матай 11:27-г уншина). Тэрбээр Эцэгтэйгээ яг адилхан зантай учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэжээ (Ёох. 14:9). Еховагийн тухай ярихдаа дандаа Эцэг гэдэг байв. Сайн мэдээний дөрвөн номд л гэхэд Есүс Еховаг «Эцэг» гэж 165 удаа хэлсэн байдаг. Яагаад ийм олон удаа хэлсэн бэ? Нэг шалтгаан нь, Ехова бол хайр халамжтай Эцэг гэдгийг хүмүүст ойлгуулах явдал байлаа (Ёох. 17:25, 26).

7. Ехова Хүүгээ хэрхэн харж ханддаг байсан бэ? Эндээс Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

7 Ехова Хүүдээ хэрхэн хандаж байснаас юу мэдэж болохыг ярилцъя. Ехова Есүсийн залбирлыг дандаа сонсдог байсан. Сонсохоор үл барам, залбиралд нь хариулдаг байжээ (Ёох. 11:41, 42). Есүс зовлон туулж явахдаа ч Эцгийнхээ хайр халамж, тусламж дэмжлэгийг мэдэрдэг байв (Лук 22:42, 43).

8. Есүс яагаад Эцэгтээ бүрэн найддаг байсан бэ?

8 Есүс: «Би Эцгийн ачаар амьд байдаг» хэмээн хэлснээрээ Еховаг амийн Эх булаг, амьдралыг Тэтгэгч гэж хүлээн зөвшөөрсөн хэрэг юм (Ёох. 6:57). Есүс Эцэгтээ бүрэн найддаг байв. Ехова ч Хүүгийнхээ махан биеийн хэрэгцээг хангадаг байсан. Хамгийн гол нь, үнэнч байхад нь тусалсан (Мат. 4:4).

9. Ехова хайр халамжтай Эцэг гэдгээ Есүст хэрхэн баталсан бэ?

9 Хайр халамжтай Эцэг Ехова нь байнга тусалж дэмждэгийг Есүс сайн мэддэг байсан (Мат. 26:53; Ёох. 8:16). Эцэг нь түүнийг бүх аюулаас аварч хамгаалаагүй ч зовлонг давахад нь тусалжээ. Ямар ч гай зовлон түр зуурынх гэдгийг Есүс мэддэг байв (Евр. 12:2). Ехова хайр халамжтай Эцэг гэдгээ Хүүдээ хэрхэн баталсан бэ? Үгийг нь сонсож, хэрэгтэй зүйлийг нь өгч, зааж сургаж, тусалж дэмжиж байжээ (Ёох. 5:20; 8:28). Тэнгэрийн Эцэг маань биднийг ч бас тийнхүү халамжилдаг. Энэ тухай дэлгэрэнгүй үзье.

БИДЭНД ХЭРХЭН САНАА ТАВЬДАГ ВЭ?

Халамжтай аав нь хүүхдээ 1) сонсдог, 2) тэжээдэг, 3) сургадаг, 4) хамгаалдаг. Тэнгэрийн Эцэг маань биднийг бас ингэж халамжилдаг (10–15-р догол мөрийг үзээрэй) *

10. Дуулал 66:19, 20-д бичсэнээр, Ехова бидэнд хайртайгаа хэрхэн баталдаг вэ?

10 Ехова бидний залбирлыг сонсдог (Дуулал 66:19, 20-ийг уншина). Тэрбээр хэдэн удаа, юуны тухай, хэр удаан залбирах хязгаар тогтоогоогүй. Харин байнга залбирахыг уриалдаг (1 Тес. 5:17). Хаана ч, ямар ч үед залбирч болно. Бурхан завгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Залбирлыг маань сонсоход ямагт бэлэн байдаг. Бид үүнийг мэдрэхээрээ Еховатай улам дотносдог. Дуулалч: «Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог» гэжээ (Дуу. 116:1).

11. Ехова залбиралд маань хэрхэн хариулдаг вэ?

11 Тэнгэрийн Эцэг маань бидний залбирлыг сонсдог төдийгүй хариулдаг. Элч Ёохан: «Таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан, Бурхан сонсдог» хэмээн итгэл төгс хэлжээ (1 Ёох. 5:14, 15). Мэдээж, Ехова хүссэнээр маань хариулах албагүй. Бидэнд юу хамгийн сайн гэдгийг мэддэг учраас заримдаа үгүй гэсэн хариу өгч мэднэ. Эсвэл хүлээлгэж болох юм (2 Кор. 12:7–9).

12, 13. Тэнгэрийн Эцэг маань бидэнд хэрэгтэй бүхнийг хэрхэн өгдөг вэ?

12 Ехова биднийг хэрэгтэй бүхнээр хангадаг. Тэрбээр эцгүүдэд тавьдаг шаардлагаа өөрөө ч биелүүлдэг (1 Тим. 5:8). Хоол, хувцас, гэр орны төлөө бүү санаа зовоосой гэсэндээ хүүхдүүд биднийхээ хэрэгцээг хангадаг (Мат. 6:32, 33; 7:11). Хайр халамжтай Эцэг учраас ирээдүйд хэрэг болох зүйлийг ч өгдөг.

13 Хамгийн гол нь, Ехова биднийг өөртэй нь дотносоход тустай бүхнээр хангадаг. Өөрийнхөө болон санаа зорилгынхоо тухай, мөн амьдралын утга учир болон ирээдүйн тухай үнэнийг Үгээрээ дамжуулан илчилсэн. Анх энэ чухал үнэнийг мэдэж авахад маань эцэг эх эсвэл Библийн багш тусалсан нь Ехова бидэнд санаа тавьсны илрэл юм. Одоо хурлын ахлагчид болон төлөвшсөн итгэл нэгтнүүдээр маань туслуулж байна. Түүнээс гадна, бид цуглаанд очихоороо итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховагаар заалгадаг. Энэ болон өөр олон аргаар Ехова хүн бүрд эцгийн сэтгэлээр ханддаг (Дуу. 32:8).

14. Ехова биднийг яагаад сургадаг вэ? Яаж сургадаг вэ?

14 Ехова биднийг сургадаг. Есүс төгс, харин бид төгс бус. Тийм учраас халамжтай Эцэг маань биднийг сургах зорилгоор, шаардлагатай бол, сахилга батын арга хэмжээ авдаг. «Ехова хайрладаг хүнээ сахилгажуулдаг» гэсэн сануулга Библид бий (Евр. 12:6, 7). Сахилгажуулах арга нь янз бүр. Жишээлбэл, бид Библи уншаад, цуглаан дээр зөвлөгөө сонсоод өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгож болох юм. Эсвэл ахлагчид зөвлөгөө өгч магадгүй. Ехова хэзээ ямагт хайрын сэтгэлээр сахилгажуулдаг (Иер. 30:11).

15. Ехова биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

15 Зовох цагт Ехова бидэнд тусалдаг. Хүүхэд нь зовбол хайр халамжтай эцэг нь тусалдаг шиг, биднийг зовбол тэнгэрийн Эцэг маань тусалдаг. Өөртэй нь дотно байхад саад болох бүхнээс хамгаалахын тулд агуу хүчээ өгдөг (Лук 11:13). Бас сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг. Жишээ нь гайхалтай ирээдүйг бэлдсэн. Сайхан найдвар өвөрлөсөн бид хатуу хүтүүг тэвчих сэтгэлийн тэнхээтэй болдог. Бидэнд тохиолдож буй ямар ч муу муухай юмыг хайртай Эцэг маань ирээдүйд ул мөргүй арилгана гээд бод доо. Ямар ч зовлон түр зуурынх байдаг бол, Еховагийн ивээл үүрдийнх (2 Кор. 4:16–18).

ЭЦЭГ МААНЬ БИДНИЙГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ

16. Тэнгэрийн Эцгийнхээ үгэнд ороогүй Адамаас болж юу болсон бэ?

16 Дэлхий дээрх гэр бүлд ноцтой хэрэг гарахад Ехова ямар арга хэмжээ авсныг бодохлоор бидэнд хэчнээн их хайртай нь харагддаг. Адам дуулгаваргүй загнасны гайгаар өөрөө ч, үр удам нь ч тэнгэрийн Эцгийнхээ жаргалтай гэр бүлд багтах эрхгүй болсон (Ром 5:12; 7:14). Гэхдээ Ехова Адамын үр удмын төлөө тустай юм хийжээ.

17. Адамыг тэрсэлсэн даруйд Ехова яасан бэ?

17 Ехова Адамыг шийтгэсэн ч төрөөгүй үр удмыг нь ганд нь хаяагүй. Дуулгавартай хүмүүсийг гэр бүлдээ хүлээж авна гэдгээ тэр даруйд амласан (Эх. 3:15; Ром 8:20, 21). Хайртай Хүү Есүсийнхээ өргөх тахилыг үндэс болгож энэ амлалтаа биелүүлэхээр болжээ. Ехова Хүүгээ өгснөөрөө бидэнд ямар их хайртайгаа батлан харуулсан (Ёох. 3:16).

Биднийг нүүрээ бурууллаа ч гэмшвэл Бурхан баяр хөөртэй угтан авна (18-р догол мөрийг үзээрэй)

18. Ехова биднийг нүүрээ буруулсан байлаа ч гэр бүлийнхээ гишүүн болгохыг хүсдэг гэдэгт яагаад итгэж болох вэ?

18 Ехова биднийг төгс бус гэж тээршээлгүй гэр бүлийнхээ гишүүн болгохыг хүсдэг. Бид Еховагийн урмыг хугалж мэднэ. Эсвэл хэсэг зуур Еховагаас нүүрээ буруулж магадгүй. Тэглээ ч Ехова биднийг эргээд ирнэ гээд хүлээж байдаг. Бидэнд ямар их хайртайг нь ойлгуулахын тулд Есүс замаа алдсан хүүгийн тухай үлгэр ярьж өгсөн (Лук 15:11–32). Үлгэрт гардаг аав хүүгээ ирнэ гээд харуулдаад л байсан. Тэгээд хүүгээ буцаж ирэхэд хөл хөөрцөг болон угтаж авдаг. Бид Еховагаас холдлоо ч гэмшвэл Ехова биднийг баяр хөөртэйгөөр угтан авна гэдэгт итгэж болно.

19. Ехова Адамын учруулсан хохирлыг хэрхэн арилгах вэ?

19 Тэнгэрийн Эцэг маань Адамын учруулсан хохирлыг бүгдийг нь арилгана. Үүний тулд юу хийсэн бэ? Адамыг тэрсэлмэгц нэг шийдвэр гаргажээ. Хүүтэй нь хамт тэнгэрийн хаан, тахилчийн алба хаших 144 000 хүнийг хүмүүсийн дундаас сонгож, үрчлэн авахаар шийдсэн. Есүс болон тэр удирдагчид хүн төрөлхтнийг ирээдүйд төгс болгоно. Дуулгавартайгаа баталж эцсийн сорилтыг давсан хүмүүст Ехова мөнхийн амийг бэлэглэнэ. Тэгээд төгс хүүхдүүд нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгааг хараад баярлах нь дамжиггүй. Ямар сайхан байх бол оо!

20. Ехова биднийг маш их хайрладгийн баталгаа юу вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

20 Ехова бидэнд маш их хайртайгаа батлан харуулдаг. Тэрбээр хамгийн сайн Эцэг билээ. Залбирлыг маань сонсдог. Бие махбодын хэрэгцээг хангахын зэрэгцээ өөртэй нь дотно байхад хэрэгтэй бүхнийг өгдөг. Биднийг сургадаг, тусалж дэмждэг. Ирээдүйд гайхалтай ивээл хүртээнэ. Хайрлаж, халамжилдаг Эцэгтэй гэж бодохоор сэтгэл зүрх маань баяр хөөрөөр дүүрдэг! Тэнгэрийн Эцгийнхээ хайрыг хайраар хэрхэн хариулахыг дараагийн өгүүллээр үзнэ.

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

^ д/м 5 Бид Еховаг голдуу Бүтээгч, Хэмжээгүй эрхт Захирагч гэж боддог. Гэхдээ бас хайр халамжтай Эцэг гэж үзэх хэрэгтэй. Яагаад гэдгийг энэ өгүүллээр үзнэ. Мөн Ехова биднийг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэж болох шалтгааныг мэдэж авна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хүүхэдтэйгээ хамт байгаа дөрвөн аав. Нэг аав хүүгээ анхааралтай сонсож байна, нөгөө аав охиндоо хоолыг нь идүүлж байна, гурав дахь нь хүүгээ сургаж байна, дөрөв дэх нь хүүгээ тайвшруулж байна. Ехова биднийг ингэж халамжилдгийг ойлгуулахын тулд түүний мутрыг дүрсэлжээ.