Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

Ехова сэтгэлийг тань амраах болтугай

Ехова сэтгэлийг тань амраах болтугай

«Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (ДУУ. 94:19)

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

ТОЙМ *

1. Юунаас болоод санаа зовдог вэ? Энэ нь ямар уршигтай вэ?

СЭТГЭЛИЙН зовлон * гэж юу болохыг та мэдэх үү? Жишээ нь бусад хүн үг яриагаараа, үйл хэргээрээ таныг гомдоосон байж болох юм. Эсвэл та өөрийнхөө үг, үйлдлээс болоод зовж шаналсан байх. Жишээлбэл, алдаа гаргачихаад Ехова намайг хэзээ ч уучлахгүй гэж айж түгшсэн байж магадгүй. Дээрээс нь, өөрийгөө буруутган, итгэлээр дутмаг, муу хүн гэж бодсон байж мэднэ. Үнэхээр тийм гэж үү?

2. Санаа зовох нь итгэлээр дутмаг байгаагийн шинж биш гэдгийг харуулах Библийн жишээг дурдана уу.

2 Библид гардаг гурван хүний жишээг авч үзье. Зөнч Самуелын эх Ханна бат итгэлтэй эмэгтэй байв. Гэсэн хэдий ч гэр бүлийнхээ гишүүний таагүй харьцаанаас болоод сэтгэл нь хямарч явжээ (1 Сам. 1:7). Элч Паул бат итгэлтэйгээрээ үлгэр дуурайл болсон хүн. Тэгсэн атлаа «хурлуудын төлөө ... санаа зовдог» байсан (2 Кор. 11:28). Давид хаан гайхалтай итгэлтэй байсан учраас Еховагийн хайрыг татжээ (Үйлс 13:22). Тэглээ ч гэсэн нүгэл үйлдэж, сэтгэлийн зовлонд унасан (Дуу. 38:4). Ехова энэ гурван үйлчлэгчээ тайвшруулж, сэтгэлийг нь амраасан. Тэдэнд тохиолдсон явдал ямар сургамжтайг одоо ярилцъя.

ҮНЭНЧ ХАННАГААС СУРАЛЦАХ НЬ

3. Юунаас болоод сэтгэл тавгүйтдэг вэ?

3 Бусад хүн, ялангуяа, гэрийнхэн эсвэл дотнын найзууд ширүүн үг хэлэх юм уу бүдүүлэг авирлахад сэтгэл тавгүйтдэг. Тэр хүнтэй муудалцаад тангараг тасрахаас айж болох юм. Уг нь гомдооё гэж бодоогүй байх л даа. Тэгсэн хэр нь бодлогогүй ярьчихсан байж мэднэ. Энэ нь танд илдээр дүрэх шиг санагдсан байж магадгүй! (Сур. 12:18). Гэтэл зарим хүн гомдмоор үгийг санаатайгаар хэлдэг. Залуухан Гэрч бүсгүйд яг ийм явдал тохиолджээ. Тэрбээр: «Сайн найз гэж бодож явсан хүн маань хэдэн жилийн өмнө олон нийтийн сүлжээгээр миний тухай цуурхал тараасан юм. Би голдоо ортол гомдсон. Яагаад ийм муухай юм хийснийг нь ойлгож чадахгүй байлаа» гэж ярьжээ. Та дотнын хүндээ гомдсон бол Ханнагаас сурах юм бий шүү.

4. Ханна ямар зовлон амссан бэ?

4 Ханна хангалттай их зовсон эмэгтэй. Тэрбээр хүүхэд ололгүй олон жил болжээ (1 Сам. 1:2). Израйлчууд хүүсэр эмэгтэйг хараагдсан гэж үздэг байв. Тийм болохоор Ханна олны шившиг болдог байжээ (Эх. 30:1, 2). Мууд муухай нэмэр гэгчээр, нөхөр нь Пенинна гэдэг бас нэг эхнэртэй бөгөөд тэр эмэгтэй олон хүүхэд төрүүлсэн ажээ. Пенинна Ханнаг өрсөлдөгчөө гэж үзэн, «бухимдуулахын тулд өддөг байв» (1 Сам. 1:6). Эхэндээ Ханна энэ бүхэнтэй эвлэрч чадаагүй. Сэтгэлээр унаж, «уйлан, хоол унд ч иддэггүй байжээ». Тэрбээр «ихэд шаналсан» (1 Сам. 1:7, 10). Ханна яаж тайвширсан бол?

5. Ханна залбирсны ачаар яасан бэ?

5 Ханна хамаг сэтгэлээ уудлан Еховад залбирсан. Дараа нь тэргүүн тахилч Елид учир байдлаа тайлбарлажээ. Тэгэхэд нь Ели: «Амар амгалан явагтун! Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» гэсэн. Дараа нь юу болсон бэ? Ханна «буцан явж, хоол унд идэж, түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болов» (1 Сам. 1:17, 18). Залбирсны ачаар сэтгэл нь хөнгөрчээ.

Сэтгэлээ тайтгаруулж, амар амгалан байя гэвэл Ханнаг хэрхэн дуурайх вэ? (6–10-р догол мөрийг үзээрэй)

6. Филиппой 4:6, 7 болон Ханнагаас залбирлын талаар юу мэдэж болох вэ?

6 Шаргуу залбирвал санаа зовохоо болино. Ханна тэнгэрийн Эцэгтээ сэтгэлээ уудлан залбирсаар байсан (1 Сам. 1:12). Бид бас юунд санаа зовж, юунаас айж, ямар алдаа гаргаснаа яаралгүй хэлж, удаан залбирч болно. Залбирал маань шүлэг найраг шиг уран цэцэн, утга төгөлдөр байх албагүй. Тэр бүү хэл, сэтгэл хямарч, гуньж гутарснаасаа болоод нулимс унаган залбирч болно. Тийм үед ч Ехова биднийг тээршээлгүй сонсдог. Харин бид зовлонгоо хэлж залбирахаас гадна Филиппой 4:6, 7-д байдаг зөвлөгөөг мартах учиргүй (уншина). Ялангуяа талархан залбирч байхыг Паул онцлон тэмдэглэжээ. Еховад талархах өдий төдий шалтгаан бий. Тухайлбал, амь бэлэглэсэнд нь, олон сайхан зүйлийг бүтээсэнд нь, үнэнчээр хайрладагт нь, гайхамшигтай ирээдүй амласанд нь талархаж болно. Ханнагаас, өөр юу сурах вэ?

7. Ханна нөхөртэйгөө цуг хаана тогтмол очдог байсан бэ?

7 Ханна зовлонтой байсан ч, Еховаг шүтэхээр Шилод байдаг мөргөлийн асар луу нөхөртэйгөө цуг тогтмол явдаг байжээ (1 Сам. 1:1–5). Нэг удаа мөргөлийн асарт байхад нь тэргүүн тахилч Ели: «Израилийн Бурхан чиний гуйсан гуйлтыг биелүүлэх болтугай!» гэж хэлдэг. Тэгэхэд нь Ханна тайвширчээ (1 Сам. 1:9, 17).

8. Цуглаан ямар ач холбогдолтой вэ? Тайлбарлана уу.

8 Цуглаандаа байнга яваад байвал санаа зовохоо болино. Эрчүүд цуглааны эхэнд залбирахдаа «Бидэнтэй хамт агуу хүчээрээ байгаач» гэж Бурхнаас гуйх нь олонтоо. Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарын нэг нь амар тайван юм (Гал. 5:22). Сэтгэлийн зовлонтой үедээ ч цуглаанд очвол Ехова болон итгэл нэгтнүүд маань урам сэргээж, сэтгэл тайвшруулна. Ехова залбирал болон цуглаанаар дамжуулан тайвшруулдаг. Энэ бол биднийг тайвшруулах гол арга нь юм (Евр. 10:24, 25). Ханнад тохиолдсон явдлаас бас нэг зүйлийг мэдэж авъя.

9. Ханнагийн тухай бодож үзвэл юу өөрчлөгдөөгүй вэ? Юу өөрчлөгдсөн бэ?

9 Ханнагийн санааг зовоож байсан асуудал тэр даруйдаа шийдэгдээгүй. Тэрбээр Еховад мөргөчихөөд буцаж ирээд урьдын адил Пениннатай нэг дор амьдарчээ. Пениннагийн хандлага өөрчлөгдсөн тухай Библид байдаггүй. Тиймээс Пенинна Ханнаг өдөж шаналгахаа болиогүй нь лавтай. Гэхдээ Ханна тайвширсан учраас гуньж гутрахаа больсон. Хамаг зовлонгоо Еховад даатгасныхаа дараа санаа зовохоо больсныг анхаараарай. Ехова түүнийг тайвшруулж, сэтгэлийг нь амраажээ. Хожим нь Ханна залбирлынхаа хариуг авч, олон хүүхэд төрүүлсэн! (1 Сам. 1:19, 20; 2:21).

10. Ханнагаас юу сурах вэ?

10 Санаа зовох шалтгаан бахь байдгаараа байсан ч тайвширч болдог. Хэчнээн шаргуу залбирч, цуглаанд тогтмол явсан ч зарим бэрхшээл байж л байдаг. Гэхдээ Ханнагийн жишээнээс харвал, шаналсан сэтгэлийг маань тайвшруулахад Еховад юу ч саад болж чадахгүй. Ехова үнэнч үйлчлэгч биднийгээ хэзээ ч мартахгүй, эрт орой хэзээ нэгэн цагт шагнана (Евр. 11:6).

ЭЛЧ ПАУЛААС СУРАЛЦАХ НЬ

11. Паул юунаас болоод санаа зовдог байсан бэ?

11 Паул олон зүйлээс болж санаа зовж байжээ. Жишээ нь, тэрбээр итгэл нэгт ах дүү нартаа хайртай учраас тэдэнд тохиолдсон бэрхшээлээс болж сэтгэлийн дарамттай явсан (2 Кор. 2:4; 11:28). Дэлгэрүүлж байхад нь эсэргүүцэгчид түүнийг барьж аваад зодож жанчина, шоронд хийнэ. Түүнчлэн, «ядуу тарчиг байх» гэх мэтийн санаа зовоосон асуудлыг даван туулах хэрэгтэй (Флп. 4:12). Амьдралдаа наад зах нь гурван удаа усан онгоцны сүйрэлд өртсөнийг нь бодож үзвэл ямар их айж түгшиж явсныг төсөөлж болох байх (2 Кор. 11:23–27). Сэтгэл тавгүйтсэн ийм үедээ Паул яадаг байсан бол?

12. Паул яагаад хэтэрхий их санаа зовдоггүй байсан бэ?

12 Итгэл нэгт ах дүү нарт нь төвөгтэй асуудал тулгарахад Паул санаа зовдог байсан ч бүхнийг өөрөө шийдвэрлэх гэж оролдоогүй. Тэрбээр бүгдийг өөрийн хүчээр хийж чадахгүйгээ хүлээн зөвшөөрдөг даруу хүн байв. Хурлынханд санаа тавих ажлыг хүмүүст даалгадаг байжээ. Тухайлбал, Тимот Тит нарын найдвартай хүмүүст хариуцлагатай үүрэг оноосон. Тэдний хийсэн ажил Паулын сэтгэлийн зовлонг нимгэлсэн нь эргэлзээгүй (Флп. 2:19, 20; Тит 1:1, 4, 5).

Хэтэрхий их санаа зовохгүй байя гэвэл элч Паулыг хэрхэн дуурайх вэ? (13–15-р догол мөрийг үзээрэй)

13. Ахлагчид Паулыг хэрхэн дуурайх вэ?

13 Бусдаас тусламж гуйгаарай. Зовлон амсаж буй итгэл нэгтнүүдийнхээ төлөө сэтгэлээ чилээж явдаг Паул шиг өрөвчхөн ахлагчид өнөөдөр олон бий. Гэхдээ ганц ахлагч хурлын бүх гишүүнд туслах аргагүй. Үүнийг хүлээн зөвшөөрдөг бол шаардлага хангасан бусад эрчүүдээс тусламж гуйна. Мөн Бурхны сүргийг хариулах ажилдаа туслуулахын тулд залуу эрчүүдийг сургана (2 Тим. 2:2).

14. Паул юунаас айгаагүй вэ? Түүнээс бид юу сурах вэ?

14 Сэтгэлийн дэмжлэг хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрөөрэй. Паул даруу учраас нөхдийн тус дэм хэрэгтэйг мэддэг, тэднийхээ ачаар тайвширдаг байжээ. Үүнээс болоод арчаагүй, доожоогүй эр гэж хэлүүлэхээс санаа зовоогүй. Паул Филемонд бичсэн захидалдаа «Итгэл нэгтнүүдээ хайрладаг чинь намайг ихэд баярлуулж, тайвшруулдаг» гэжээ (Флм. 7). Зовж явахад нь тайвшруулж, зоригжуулсан өөр олон хүнийг Паул дурдсан байдаг (Кол. 4:7–11). Бусдын дэмээр тайвшрах хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрч даруу байвал итгэл нэгтнүүд маань бидэнд дуртайяа тусална.

15. Сэтгэл шаналгасан хэцүү үед Паул тайвшрахын тулд яасан бэ?

15 Бурхны Үгэнд найдаарай. Судрыг уншвал тайвширна гэдгээ Паул мэддэг байсан (Ром 15:4). Ямар ч зовлонг давах мэргэн ухааныг Судраас олж авдаг байв (2 Тим. 3:15, 16). Паул хоёр дахь удаагаа Ромд хоригдож байхдаа удахгүй үхэх гэж байгаагаа ойлгожээ. Сэтгэл шаналгасан ийм хэцүү үед Паул яасан бэ? «Нэн даруй ирэхийг» Тимотоос гуйж, «хуйлмал номнууд» авчрахыг захисан (2 Тим. 4:6, 7, 9, 13). Яагаад? Тэдгээр ном нь бие дааж судлахдаа уншдаг Еврей Судрын хэсэг байсан бололтой. Бид Паулыг дуурайн Бурхны Үгийг тогтмол судлах шаардлагатай. Тэгвэл бидэнд ямар ч бэрхшээл тохиолдсон, Ехова Үгээрээ тайвшруулна.

ДАВИД ХААНААС СУРАЛЦАХ НЬ

Ноцтой нүгэл үйлдсэн бол Давид хааныг хэрхэн дуурайх вэ? (16–19-р догол мөрийг үзээрэй

16. Давид ноцтой нүгэл үйлдээд юу амссан бэ?

16 Давидын сэтгэл ихэд шаналж байлаа. Тэрбээр Батшебатай завхайрсан бөгөөд нөхрийг нь алуулсан. Мөн хэргээ нуухыг оролджээ (2 Сам. 12:9). Сэтгэл нь өвдөж байсан ч эхэндээ үл тоомсорлосон. Гэвч энэ нь Еховатай тогтоосон харьцаанд нь төдийгүй сэтгэл санаа, бие махбодод нь муугаар нөлөөлжээ (Дуу. 32:3, 4). Давид сэтгэлийн зовлонгоосоо хэрхэн ангижирсан бэ? Хэрэв бид ноцтой нүгэл үйлдвэл яах хэрэгтэй вэ?

17. Дуулал 51:1–4-т бичсэнийг харвал Давид яасан бэ?

17 Өршөөл гуйж залбираарай. Давид эцэст нь Еховад залбирчээ. Чин сэтгэлээсээ гэмшиж, хийсэн хэргээ Еховад бүгдийг нь илчилсэн (Дуулал 51:1– 4-ийг уншина). Тэгээд тайвширч, баяр баясгалантай болжээ (Дуу. 32:1, 2, 4, 5). Та ноцтой нүгэл үйлдвэл бүү нуугаарай. Харин Еховад илэн далангүй хэлээрэй. Тэгвэл өөрийгөө буруутган шаналж байсан сэтгэл тань бага багаар тайвширна. Гэхдээ Еховатай тогтоосон харьцаагаа сэргээе гэвэл зөвхөн залбирах нь хангалтгүй.

18. Сахилгын арга хэмжээ авахад Давид яасан бэ?

18 Сахилга батын арга хэмжээ авлаа гэж бүү дургүйцээрэй. Зөнч Натан Еховагийн даалгавраар Давид дээр очиж нүглийг нь илчлэхэд Давид өөрийгөө өмөөрөөгүй, уулын чинээ нүглээ туулайн чинээ болгох гэж оролдоогүй. Батшебагийн нөхрийн эсрэг төдийгүй хамгийн гол нь Еховагийн эсрэг нүгэл үйлдсэнээ шууд хүлээн зөвшөөрчээ. Еховаг сахилгын арга хэмжээ авлаа гэж дургүйцээгүй. Ехова ч түүнийг уучилсан (2 Сам. 12:10–14). Хэрэв та ноцтой нүгэл үйлдсэн бол Еховагийн хоньдыг хариулах үүрэгтэй хүмүүстэй ярилцах шаардлагатай (Яак. 5:14, 15). Өөрийгөө өмөөрч болохгүй. Сахилгын арга хэмжээг хэдийчинээ хурдан хүлээж аваад алдаагаа засна, төдийчинээ хурдан сэтгэл амарч, баяр баясгалантай болно.

19. Бид яах ёсгүй вэ?

19 Алдаагаа бүү давтаарай. Алдаагаа давтахгүйн тулд Еховагаас тусламж гуйх хэрэгтэйг Давид хаан мэдэж байв (Дуу. 51:7, 10, 12). Тиймээс Еховагийн өршөөлийг хүртсэнийхээ дараа буруу юм бодохгүй байхаар шийдсэн. Тэгээд сэтгэл нь амарчээ.

20. Өршөөл үзүүлдэг Еховад талархдагаа хэрхэн харуулах вэ?

20 Өршөөл үзүүлдэг Еховад талархдаг хүн уучлалт гуйн залбирдаг, сахилга батын арга хэмжээ авлаа гэж дургүйцдэггүй, алдаагаа давтахгүй байхыг хамаг чадлаараа хичээдэг. Ийм учраас сэтгэл нь амардаг. Ноцтой нүгэл үйлдсэн Жэймс гэдэг Гэрч үүнийг биеэрээ үзжээ. Тэрбээр: «Би нүгэл үйлдсэнээ ахлагчдад хэлэхэд мөрөн дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг л болсон. Дотор уужирч билээ» гэж ярьсан юм. Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг» гэж бодохоор хэчнээн тайвшрам бэ! (Дуу. 34:18).

21. Еховагаас тусламж авч тайвшрахын тулд яах хэрэгтэй вэ?

21 Эцсийн өдрүүд дуусах дөхөж буй энэ үед санаа зовоох юм нэмэгдэх нь дамжиггүй. Та санаа зовоод байвал Еховад нэн даруй залбираарай. Библийг хичээнгүйлэн судлаарай. Ханна Паул Давид нараас суралцаарай. Юунаас болоод санаа зовоод байгаагаа ойлгохын тулд тэнгэрийн Эцгээсээ тусламж гуйгаарай (Дуу. 139:23). Ялангуяа, даахын аргагүй хүнд ачаагаа Еховад даатгаарай. Тэгдэг бол дуулалчийн адилаар «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» хэмээн дуулах биз ээ (Дуу. 94:19).

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

^ д/м 5 Бид бүгдээрээ янз бүрийн асуудлаас болоод санаа зовдог. Санаа зовж явсан Еховагийн эртний гурван үйлчлэгчийн тухай энэ өгүүллээр ярилцана. Тэр гурвыг Ехова хэрхэн тайвшруулж, сэтгэлийг нь амраасныг бас хэлэлцэнэ.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Сэтгэлийн зовлон гэдэг нь санаа зовох, сэтгэл түгших, сэтгэл зовнихыг хэлдэг. Энэ нь мөнгө, эрүүл мэнд, гэр бүл гэх мэт янз бүрийн асуудлаас үүдэлтэй. Мөн нүгэл үйлдсэний улмаас эсвэл болоогүй юмыг ургуулж бодоод сэтгэл тавгүйтдэг.