Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

Та баптисм хүртэхэд бэлэн үү?

Та баптисм хүртэхэд бэлэн үү?

«Та нарыг баптисм одоо авардаг» (1 ПЕТР 3:21).

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

ТОЙМ *

1. Байшин барихаасаа өмнө яах ёстой вэ?

НЭГ хүн байшин барихаар шийджээ гэж бодъё. Ямар байшинтай болохоо төсөөлчихсөн байгаа. Тэгвэл шууд л дэлгүүрт очиж барилгын материал худалдаж аваад байшингаа барьж эхлэх үү? Үгүй. Юуны түрүүнд нэг чухал юм хийх ёстой. Хэр их зардал гаргахаа тооцоолно. Яагаад? Байшин барьж дуусгахад хүрэлцэх мөнгөтэй эсэхээ мэдэж авах хэрэгтэй. Зардлаа урьдчилаад тооцоолбол байшингаа дутуу хаяхгүй, дуустал нь барьж чадна.

2. Лук 14:27–30-д бичсэнээр, баптисм хүртэхээсээ өмнө юуг нухацтай бодох ёстой вэ?

2 Та Еховаг хайрлаж, түүнд талархдаг болсон учраас баптисм хүртье гэж бодож байна уу? Тийм бол таныг байшин барихаар шийдсэн хүнтэй адилтгаж болох юм. Яагаад? Лук 14:27–30-д бичсэн Есүсийн үгийг хараарай (уншина). Есүсийн шавь болно гэж юу гэсэн үг болохыг тайлбарлажээ. Есүсийг дагая гэвэл «зардлыг» тооцоолох буюу бэрхшээлийг даван туулахад, зарим нэг юмаа золиослоход бэлэн байх ёстой (Лук 9:23–26; 12:51–53). Тиймээс баптисм хүртэхээсээ өмнө энэ бүхнийг нухацтай бодож үзээрэй. Тэгвэл баптисм хүртсэнийхээ дараа Бурхандаа үнэнч, тууштай үйлчилнэ.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бэрхшээлийг даван туулж, золиос гарган байж баптисм хүртэх шаардлага байна уу? Байлгүй яах вэ! Баптисм хүртсэн хүн одоо ч, ирээдүйд ч дундаршгүй их ивээл хүртэнэ. «Би баптисм хүртэхэд бэлэн үү?» гэсэн асуултад хариулахад тань дөхөм болох үүднээс баптисм хүртэхтэй холбоотой зарим чухал асуултыг ярилцъя.

БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛАХ БА БАПТИСМ ХҮРТЭХ

4. а) Бурханд өөрийгөө зориулах гэж яахыг хэлдэг вэ? б) Матай 16:24-т бичсэн «өөрийнхөө төлөө амьдрахаа болих» гэдгийг юу гэж ойлгох вэ?

4 Өөрийгөө зориулах гэж яахыг хэлдэг вэ? Баптисм хүртэхийн өмнө хийх ёстой нэг чухал алхам байдаг. Үүнийг Еховад өөрийгөө зориулах гэдэг. Энэ бол онцгой залбирал юм. Танд үүрд үйлчилнэ гэж Еховад чин сэтгэлээсээ залбирна гэсэн үг. Ийнхүү өөрийгөө зориулсан бол «өөрийнхөө төлөө амьдрахаа болино». Өөрөөр хэлбэл, одооноос эхлээд танд үйлчлэхийг өөрийнхөө хүсэл сонирхлоос дээгүүр тавина гэж амлана (Матай 16:24-ийг уншина). Ингээд та Еховагийнх болно. Энэ бол агуу завшаан (Ром 14:8). Өөрийгөө зориулж байгаа хүн Бурханд тангараг өргөж байгаа хэрэг. Ехова тангарагла гэж албаддаггүй. Гэхдээ тангарагласан бол тангаргаа биелүүлээсэй гэж хүсдэг (Дуу. 116:12, 14).

5. Өөрийгөө зориулах баптисм хүртэх хоёр ямар ялгаатай вэ?

5 Өөрийгөө зориулах баптисм хүртэх хоёр ямар ялгаатай вэ? Өөрийгөө зориулах гэдэг нь ганцаарчлан залбирахыг хэлдэг. Үүнийг Ехова та хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Харин баптисм хүртэх үйл явц олны өмнө, голдуу чуулганы үед болдог. Баптисм хүртэхийг тань хүмүүс хараад, Еховад өөрийгөө аль хэдийн зориулсан юм байна гэж ойлгоно. * Тэгэхээр, та Ехова Бурхныг бүхий л зүрх, амь амьдрал, оюун ухаан, хүчээрээ хайрладаг болсноо, түүнд үүрд үйлчлэхээр шийдсэнээ олон нийтэд мэдэгдье гэвэл баптисм хүртэх ёстой (Марк 12:30).

6, 7. 1 Петр 3:18–22-ыг үзвэл, баптисм хүртэх ёстой ямар хоёр шалтгаан байдаг вэ?

6 Заавал баптисм хүртэх шаардлагатай юу? 1 Петр 3:18–22-т бичсэнийг авч үзье (уншина). Ноагийн итгэлийн баталгаа нь хөвөгч авдар байсан шиг, Еховад өөрийгөө зориулсны тань баталгаа бол баптисм юм. Заавал баптисм хүртэх ёстой юу? Тийм ээ. Үүний учрыг Петр тайлбарласан. Нэгдүгээрт, баптисм «таныг авардаг». Хэрэв Есүст итгэдгээ үйлсээрээ харуулдаг бол баптисм биднийг аварна. Есүст итгэх гэдэг нь бидний төлөө амиа өгөөд тэнгэрт гарсан бөгөөд одоо «Бурхны баруун талд байгаа» гэдэгт итгэхийг хэлнэ.

7 Хоёрдугаарт, баптисм хүртсэнээрээ «хүн чанараа ариусгадаг». Өөрийгөө зориулж, баптисм хүртвэл Бурхантай онцгой харьцаатай болдог. Үнэн голоосоо гэмшиж, золиосонд итгэсэн учраас Ехова бидний нүглийг уучилсан. Тийм болохоор Бурхны өмнө сэтгэл өвдөхгүй явж чаддаг.

8. Баптисм хүртэхээр шийдэх гол шалтгаан юу вэ?

8 Баптисм хүртэхээр шийдэх гол шалтгаан юу вэ? Библийг хичээнгүйлэн судалсны үр дүнд та Еховагийн тухай их юм мэдэж авсан. Зан чанар, үйл хэргийг нь мэдээд таны сэтгэл хөдөлж, Еховаг хайрладаг болсон байх. Тэр хайр баптисм хүртэх шийдвэрийн тань гол шалтгаан байх ёстой.

9. Матай 28:19, 20-д бичсэн Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртэх гэж юу гэсэн үг вэ?

9 Түүнээс гадна, Библийн сургаалыг мэдэж, итгэдэг болсон учраас баптисм хүртэх шийдвэр гаргадаг. Есүс шавь бэлдэх тушаал өгөхдөө юу гэж хэлсэн билээ? (Матай 28:19, 20-ийг уншина). «Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр» баптисм хүртэх ёстой гэжээ. Юу гэсэн үг вэ? Еховагийн тухай, Хүү Есүсийнх нь тухай, агуу хүчний тухай Библийн үнэнд бүхий л зүрхээрээ итгэх ёстой гэсэн үг. Библийн эдгээр үнэн «хүний гүн рүү нэвтэрдэг» бөгөөд «хүчтэй» (Евр. 4:12). Заримыг нь авч үзье.

10, 11. Та Эцгийн тухай ямар үнэнийг мэдэж аваад итгэдэг болсон бэ?

10 Та анх Эцгийн тухай үнэнийг мэдэж авснаа сана даа. Ямар үнэн бэ? Нэрийг нь Ехова гэдэг. Тэрбээр «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн», цорын ганц жинхэнэ Бурхан (Дуу. 83:18; Ис. 37:16). Биднийг бүтээсэн Бүтээгч. «Аврал бол ЭЗЭНийх» (Дуу. 3:8; 36:9). Ехова хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аврах арга хэмжээ авч, мөнх амьдрах найдвар өгсөн (Ёох. 17:3). Та Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртвэл Еховагийн Гэрч болно (Ис. 43:10–12). Тэгээд дэлхий дахины гэр бүлд багтана. Энэ гэр бүлийнхэн Бурхны нэрээр овоглож, Бурхны нэрийг бусдад хэлж таниулдгаараа бахархдаг (Дуу. 86:12).

11 Эцгийн талаар Библид юу гэж байдгийг ойлгоно гэдэг ямар их завшаан бэ! Та энэ үнэнд итгэвэл Еховад өөрийгөө зориулъя, баптисм хүртье гэсэн хүсэлтэй болно.

12, 13. Та Хүүгийн тухай ямар үнэнийг мэдээд итгэдэг болсон бэ?

12 Хүүгийн тухай дараах үнэн танд ямар санагдсан бэ? Есүс бол эрх мэдлийн хувьд орчлонт ертөнцөд хоёрдугаарт ордог бодгаль юм. Тэрбээр бидний төлөө амиа золиос болгон дуртайяа өгсөн. Золиосонд итгэдгээ үйлсээрээ харуулбал нүгэл маань уучлагдана, Бурхантай дотносно, мөнх амьдрах ирээдүйтэй болно (Ёох. 3:16). Есүс бол Тэргүүн Тахилч юм. Тэрбээр золиосны ач тус хүртээхийг, биднийг Бурхантай дотно болгохыг хүсдэг (Евр. 4:15; 7:24, 25). Есүс бол Бурхны Хаант төрийн Хаан. Тийм учраас Ехова түүгээр дамжуулан нэрээ ариусгаж, муу муухай бүхнийг арилгаж, ирээдүйд хүн төрөлхтнийг мөнхөд ивээнэ (Мат. 6:9, 10; Илч. 11:15). Есүс бол бидний үлгэр дуурайл (1 Петр 2:21). Бурхны хүсэл тааллыг биелүүлж амьдрах талаар жишээ үлдээсэн (Ёох. 4:34).

13 Есүсийн тухай Библийн сургаалыг хүлээн зөвшөөрвөл Бурхны Хүүг хайрладаг болно. Улмаар Есүсийг дуурайн Бурхны хүсэл таалалд нийцүүлж амьдрахыг хүснэ. Тэгээд өөрийгөө Еховад зориулж, баптисм хүртэх хүсэлтэй болно.

14, 15. Та агуу хүчний тухай ямар үнэнийг мэдээд итгэдэг болсон бэ?

14 Та Бурхны агуу хүчний тухай дараах үнэнийг мэдээд яасан бэ? Агуу хүч бол Бурхан биш, Бурхны үйлдэх хүч. Ехова энэ хүчээрээ хүмүүсийг удирдаж Үгээ бичүүлсэн. Уншсанаа ойлгож, хэрэгжүүлэхэд агуу хүч нөлөөлдөг (Ёох. 14:26; 2 Петр 1:21). Ехова бидэнд «хэрээс хэтэрсэн хүчийг» агуу хүчээрээ өгдөг (2 Кор. 4:7). Бид сайн мэдээ дэлгэрүүлэх, хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байх, сэтгэлийн хямралыг давах, сорилтод сөхрөхгүй байх хүчтэй байдаг нь агуу хүчний нөлөө юм. Бурханд таалагдах сайхан зан чанаруудыг илэрхийлэхэд агуу хүч тусалдаг (Гал. 5:22). Бурхан өөрт нь найддаг, агуу хүчийг нь чин сэтгэлээсээ гуйдаг хүнд энэ хүчээ харамгүй өгдөг (Лук 11:13).

15 Бурхандаа тууштай үйлчлэхэд агуу хүч тусална гэж бодохоор сэтгэл тайвширдаг. Та Бурхны агуу хүчний тухай үнэнийг мэдээд итгэдэг болбол өөрийгөө Бурханд зориулж, баптисм хүртье гэсэн чин эрмэлзэлтэй болно.

16. Бид юуны тухай ярилцсан бэ?

16 Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэхээр шийдэх нь маш чухал. Үүний тулд хэр их зардал гаргахыг тооцоолох шаардлагатайг дээр ярьсан. Өөрөөр хэлбэл бэрхшээлийг сөрөхөд, ямар нэг юмаа золиослоход бэлэн байх ёстой. Гэхдээ хүртэх ивээл нь харьцуулшгүй их ээ. Баптисм таныг аварна, Бурхандаа сэтгэл өвдөхгүй үйлчлэхэд тусална. Ехова Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн баптисм хүртэхээр шийдэх нь хамгийн чухал. Бас Эцэг, Хүү, агуу хүчний тухай үнэнд бүхий л зүрх сэтгэлээрээ итгэсэн байх ёстой. Одоо та өөрөөсөө «Би баптисм хүртэхэд бэлэн үү?» гэж асуугаарай. Юу гэж хариулах бол?

БАПТИСМ ХҮРТЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

17. Баптисм хүртэхээсээ өмнө яах ёстой вэ?

17 Та өөрийгөө баптисм хүртэхэд бэлэн гэж үзэж байна уу? Тийм бол Еховатай сайн харьцаатай болохын тулд дараах зүйлүүдийг хийсэн нь лавтай. * Библийг тогтмол судалдгийн ачаар Ехова Есүс хоёрын тухай их зүйлийг мэдэж авсан, итгэдэг болсон (Евр. 11:6). Библид бичсэн Бурхны амлалт заавал биелнэ гэж найддаг. Христийн золиосонд итгэдэг учраас нүгэл, үхлээс аврагдана гэдэгтээ итгэдэг. Нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрч гэмшсэн. Буруу юм хийж явснаа мэдээд үнэн голоосоо харамссан. Тэгээд Еховагаас уучлал гуйсан. Хуучнаараа амьдрахаа больж, амьдралын хэв маягаа Бурханд таалагдахуйц болгон өөрчилж байгаа (Үйлс 3:19). Итгэдэг болсон зүйлээ хүмүүст урам зоригтой ярьдаг. Баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болж, хурлынхантайгаа хамт дэлгэрүүлж эхэлсэн (Мат. 24:14). Энэ чухал алхмуудыг хийсэн танаар Ехова бахархаж байгаа. Та Еховаг маш их баярлуулсан нь дамжиггүй (Сур. 27:11).

18. Баптисм хүртэхээсээ өмнө өөр яах шаардлагатай вэ?

18 Баптисм хүртэхээсээ өмнө дараах хэдэн алхмыг бас хийх учиртай. Дээр ярьсанчлан, Бурханд өөрийгөө зориулаарай. Еховад чин сэтгэлээсээ ганцаарчлан залбирч, хүслийг нь биелүүлж амьдрахаа амлаарай (1 Петр 4:2). Дараа нь, ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид баптисм хүртэх хүсэлтээ мэдэгдээрэй. Тэгвэл таныг өөр ахлагчидтай уулзуулна. Таныг аль хэдийн мэддэг, хайрладаг болсон тэднээс бүү айгаарай. Тэд тантай Библийн үндсэн сургаалын талаар ярилцана. Үндсэн сургаалыг зөв ойлгож уу, Бурханд өөрийгөө зориулах болон баптисм хүртэхийн чухлыг ухаарсан уу гэдгийг мэдэх зорилготой. Хэрэв таныг бэлэн болсон гэж үзвэл удахгүй болох чуулганаар баптисм хүртэхийг зөвшөөрнө.

БАПТИСМ ХҮРТСЭНИЙХЭЭ ДАРАА ЯАХ ЁСТОЙ ВЭ?

19, 20. Баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ? Яаж?

19 Баптисм хүртсэнийхээ дараа яах ёстой вэ? * Еховад өөрийгөө зориулсан бол тангараг өргөсөн гэсэн үг. Таныг тангаргийнхаа дагуу амьдарна гэж Ехова харж байдаг. Энэ бүхнийг санаад амласнаа биелүүлээрэй. Яаж?

20 Хурлынхантайгаа дотно байгаарай. Та баптисм хүртсэн болохоор хурлынхантайгаа «ах дүүгийн барилдлагатай» болсон (1 Петр 2:17). Одоо та нар нэг гэр бүлийнхэн. Цуглаанд тогтмол явбал тэдэнтэйгээ улам дотносно. Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодож байгаарай (Дуу. 1:1, 2). Библиэс уншсаныхаа дараа цаг зав гаргаад тэр зүйлээ сайтар бодоорой. Тэгвэл таны сэтгэл хөдөлнө. Байнга залбираарай (Мат. 26:41). Чин сэтгэлээсээ залбирах тусам Еховатай улам дотносно. «Хаант төр[ийг] ... үргэлж эн тэргүүнд тавьж амьдрагтун» (Мат. 6:33). Яаж? Дэлгэрүүлэх ажлыг амьдралынхаа хамгийн гол зүйл болгоорой. Тогтмол дэлгэрүүлбэл итгэл тань үргэлж бат байна, мөнх амийн зам дээр гарахад нь хүмүүст тусална (1 Тим. 4:16).

21. Баптисм хүртсэнээр ямар боломж бүрддэг вэ?

21 Еховад өөрийгөө зориулах, баптисм хүртэх гэдэг бол хамгийн чухал шийдвэр юм. Зардал гаргадаг нь үнэн. Тэгвэл зардал гаргасны хэрэг гарах уу? Гаралгүй яах вэ! Энэ ертөнц байгаа цагт ямар ч бэрхшээл тохиолдож магадгүй. Гэхдээ «түр зуурынх бөгөөд ялихгүй» гэдгийг санаарай (2 Кор. 4:17). Баптисм хүртсэнээр одоо сэтгэл хангалуун амьдарна, ирээдүйд «жинхэнэ амьтай» болно (1 Тим. 6:19). Тиймд сайтар бодоод, залбирч байгаад «Би баптисм хүртэхэд бэлэн үү?» гэдэг асуултад хариулаарай.

ДУУ 48 Өдөр бүр Еховатай алхъя

^ д/м 5 Та баптисм хүртэх тухай бодож байгаа юу? Тийм бол энэ өгүүлэл танд зориулагдсан. Эл чухал сэдэвтэй холбоотой үндсэн хэдэн асуултыг авч үзье. Тэдгээр асуултад хариулж, баптисм хүртэхэд бэлэн болсон эсэхээ мэдэж аваарай.

^ д/м 19 Та «Библиэс юу мэдэж авах вэ?», «Бурхнаараа хайрлуулж явъя» гэдэг хоёр номоо дуусгаж амжаагүй бол Библийн багштайгаа дуустал нь үзээрэй.