Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Бид энд байна. Биднийг явуулаач»

«Бид энд байна. Биднийг явуулаач»

ТА ХЭРЭГЦЭЭ ихтэй газар, тухайлбал гадаадад үйлчлэх тухай бодож байна уу? Тэгвэл Жак Бергам ба түүний эхнэр Мари-Лин Бергамын туршлагаас суралцаарай.

Жак 1988 оноос эхнэртэйгээ хамт бүрэн цагаар үйлчилж эхэлсэн. Янз бүрийн нөхцөлд гайхалтай сайн дасан зохицдог тэд Францын салбарын харьяанд байдаг Гваделуп болон Францын Гвианад олон үүрэг гүйцэтгэж иржээ. Жак Мари-Лин хоёроос цөөн хэдэн асуулт асууя.

Ямар учраас бүрэн цагийн үйлчлэгч болсон бэ?

Мари-Лин: Би Гваделупт төрж өссөн. Хүүхэд байхаасаа л ээжтэйгээ хамт өдөржин дэлгэрүүлдэг байлаа. Ээж минь идэвх зүтгэлтэй Гэрч байсан. Би хүмүүст хайртай учраас 1985 онд сургуулиа төгсөнгүүтээ эхлэгч болсон.

Жак: Намайг хүүхэд байхад эргэн тойронд минь бүрэн цагийн үйлчлэгчид олон байлаа. Тэд дэлгэрүүлэх ажилд хэчнээн их дуртай гээч! Сургуулийн амралтаар би туслах эхлэгчээр үйлчилнэ. Хагас бүтэн сайн болохоор хэсгээрээ дэлгэрүүлж байгаа эхлэгчид дээр автобусаар явж очно. Өдөржин хамт дэлгэрүүлсний дараа далайн эрэг дээр очиж амардаг байлаа. Их л хөгжилтэй байдаг сан!

1988 онд Мари-Линтэй гэрлэлээ. Удалгүй би: «Бид хоёр татлаа түлхээгүй юм чинь дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцож яагаад болохгүй гэж?» гэж бодлоо. Тэгээд эхлэгч болж, Мари-Линтэй хамт үйлчилж эхэлсэн. Эхлэгчийн сургуульд сурснаас хойш нэг жилийн дараа бид хоёрыг тусгай эхлэгчээр томилов. Бид Гваделупт нэлээд хэдэн даалгавар биелүүлээд Францын Гвианад томилогдсон.

Та хоёр олон жил үйлчлэхдээ янз бүрийн томилолт авч байсан. Шинэ нөхцөлд хэрхэн дасдаг байсан бэ?

Мари-Лин: Бид хоёрыг Исаиа 6:8-д дуртай гэдгийг Францын Гвианагийн бетелчид мэддэг байв. Тэгээд утсаар ярихаараа тоглоом шоглоомоор «Дуртай Библийн зүйлээ санаж байна уу?» гэж асууна. Энэ нь шинэ томилолт өгөх гэж байна гэсэн үг болохоор бид хоёр хариуд нь «Бид энд байна. Биднийг явуулаач» гэдэг байлаа.

Бид хоёр шинэ даалгавраа хуучинтайгаа харьцуулах дургүй. Харьцуулахлаар шинэ даалгавраа баяр хөөртэй биелүүлэхэд саад болдог. Шинээр томилогдож очсон газрынхаа итгэл нэгтнүүдтэй найз болохыг хичээдэг.

Жак: Бид хоёрыг нүүх гэхэд зарим найз маань дургүйлхдэг байлаа. Хамт байх гэсэндээ тэр л дээ. Гэвч Гваделупаас явах болоход нэг ах бидэнд «Талбай нь дэлхий юм» гэж Есүсийн хэлснийг сануулсан (Мат. 13:38). Тийм болохоор томилолт өөрчлөгдөх болгонд нөгөө л талбайдаа үйлчилж байгаа шүү дээ гэж боддог. Тэгээд ч хамгийн чухал нь дэлгэрүүлэх ажил биз дээ!

Хаана ч очсон хүмүүс нь жаргалтай амьдраад болоод л байдаг. Бид ч бас усыг нь уувал ёсыг нь дагахыг боддог. Хоол нь өөр байсан ч тэдний иддэгийг идэж, уудгийг нь уухыг хичээдэг. Эрүүл мэндээ ч анхаардаг. Бас томилогдсон газрынхаа талаар дандаа сайнаар ярьдаг.

Мари-Лин: Нутгийн ах дүү нараас их юм сурдаг. Францын Гвианад анх очсон үеэ санаж байна. Ширүүн бороо орж байлаа. Бороо зогсохоор дэлгэрүүлнэ гээд хүлээж байтал нэг дэлгэрүүлэгч «Явах уу даа?» гэлээ. Би их гайхаж «Яаж?» гэж асуув. «Шүхрээ бариад, дугуйгаа унаад» гэж хариуллаа. Тэгэхэд би дугуй унангаа шүхэр барихыг сурсан юм. Сураагүй бол борооны улиралд хэзээ ч дэлгэрүүлж чадахгүй байх байсан!

Та хоёр 15 удаа нүүсэн. Нүүх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Мари-Лин: Ер нь нүүх амаргүй. Тэглээ ч гэсэн, дэлгэрүүлэх ажлын дараа тухтай амарч болдог орон гэр чухал.

Жак: Би шинэ газар томилогдож очихоороо гэрийнхээ доторхыг будаж янзалдаг юм л даа. Тийм болохоор салбарын ах нар заримдаа «Жак, энэ удаа будаг шунх гэж өөрийгөө битгий зовоогоорой» гэж хэлдэг. Учир нь тэнд нэг их удахгүй гэдгийг мэдсэн байдаг.

Эхнэр маань боож баглахдаа «мэргэжлийн»! Бүх юмыг хайрцагт хийж, «угаалгын өрөө», «унтлагын өрөө», «гал тогоо» гэх мэтээр шошго наана. Шинэ газар очоод, хайрцгуудыг өрөө өрөөнд нь оруулахад амар байдаг. Юу юу байгааг жагсааж бичээд хайрцаг болгонд хийчихдэг болохоор хэрэгтэй юмаа олоход төвөггүй.

Мари-Лин: Бид хоёр эмх цэгцтэй байж сурсан учраас нүүж очсон даруйдаа л дэлгэрүүлэх ажилдаа гардаг.

Та хоёр «Бурхандаа сайн үйлчлэхийн» тулд цагаа яаж хуваарилдаг вэ? (2 Тим. 4:5).

Мари-Лин: Даваа гарагт амарч, цуглаануудад бэлддэг. Мягмар гаргаас эхлэн тувт дэлгэрүүлдэг.

Жак: Бид цагаа гүйцээх ёстой ч, үүнийг тэгтлээ их анхаараад байдаггүй. Гол нь дэлгэрүүлэхээ л боддог. Гэрээсээ гарсан цагаасаа гэртээ харин харьтлаа, уулзсан хүн болгонтойгоо ярилцахыг хичээдэг.

Мари-Лин: Жишээ нь салхинд гарахдаа ч танилцуулгаа аваад явдаг. Еховагийн Гэрчүүд гэдгээ хэлээгүй байхад л зарим хүн бидэн дээр ирээд хэвлэл байна уу гэж асуудаг. Тийм болохоор хувцаслалт, биеэ авч явах байдлаа анхаардаг. Хүмүүс ийм л юмыг ажигладаг шүү дээ.

Жак: Бид сайн үйлсээрээ хөршүүддээ дэлгэрүүлэхийг хичээдэг. Орчныхоо хогийг түүнэ, газар унасан навч хамна, хогийн сав дүүрсэн бол хогийг нь асгана. Хөршүүд ажиглачихаад, «Надад өгөх Библи байхгүй биз?» гэж хааяа асууна.

Та хоёр голдуу алслагдсан хэсгүүдэд дэлгэрүүлдэг байсан. Дурсамжаасаа хуваалцаач.

Жак: Гвианагийн зарим хэсэгт очих тун хэцүү. Үе үе 600 километрийн аялал хийнэ. Долоо хоног хэрэгтэй. Зам нь их муу. Амазоны ойд байдаг Сант Эли тосгонд очсон маань санаанаас гардаггүй. Эхлээд бартаат замын унаагаар, дараа нь моторт завиар нэлээн хэдэн цаг явж билээ. Тэндхийн ихэнх хүн алт олборлодог. Зарим нь манай хэвлэлийг аваад талархлаа илэрхийлж жижиг жижиг цул алт хандивласан! Орой нь байгууллагын кинонуудыг үзүүлэхэд олон хүн ирж үзсэн.

Мари-Лин: Нөхөр маань Камопи тосгонд Дурсах цуглааны илтгэл тавих даалгавар авсан юм. Бид тийшээ очихын тулд моторт завь хөлөглөн Ояпок голоор 4 цаг аялсан. Сэтгэл хөдөлгөм сайхан аялал байлаа.

Жак: Боргио тааралдвал осолтой. Уг нь ойртох тусам их гоё харагддаг юм! Гэвч завьчны ур чадварыг ёстой л нэг шалгана даа! Үнэхээр сайхан аялал байсан. Зургаахан Гэрч байсан хэр нь Дурсах цуглаанд 50 орчим хүн ирсэн! Бүр индианчууд хүртэл ирсэн гээч!

Мари-Лин: Еховад илүү ихийг өгөх хүсэлтэй залуучуудыг энэ мэт сонирхолтой аялал хүлээж байгаа ч юм билүү! Ийм нөхцөлд Еховад найдах хэрэгтэй байдаг. Тэр хэрээр итгэл батаждаг. Яагаад гэвэл Ехова яаж тусалж байгааг нүдээрээ хардаг.

Та хоёр нэлээд хэдэн хэл сурсан. Хэлний авьяастай байх, тийм үү?

Жак: Үгүй дээ. Зайлшгүй шаардлагатай болоод л сурсан хэрэг. Би Библи унших даалгавар ч аваагүй байж «Харуулын цамхаг» судлалын цуглааныг сранан-тонго * хэлээр удирдсан юм. Ямар байсныг нэг ахаас асуутал «Зарим үгийг ойлгоогүй ч маш сайн байсан» гэж хариулж билээ. Хүүхдүүд их тусална. Намайг буруу хэлчихвэл томчууд биш, хүүхдүүд л засаж өгнө шүү дээ. Би тэднээс их юм сурсан.

Мари-Лин: Би франц, португал, сранан-тонго хэлтэй хүмүүст Библийн хичээл заадаг байв. Эхлээд, тааруухан ярьдаг хэлээрээ, сүүлд нь сайн мэддэг хэлээрээ Библийн хичээл зааж байхыг нэг эгч надад зөвлөсөн юм. Ямар чухал зөвлөгөө байсныг удалгүй ойлгож билээ.

Нэг нь сранан-тонго, нөгөө нь португал хэлтэй хоёр хүнд дараалан Библийн хичээл заасан юм. Эхлээд сайн мэддэг сранан-тонго хэлээрээ хичээл хийв. Дараа нь тааруухан мэддэг португал хэлээрээ хичээл хийх гэтэл хамт явсан дэлгэрүүлэгч маань: «Хүүе, чи чинь өөр хэлээр яриад байна шүү дээ!» гэлээ. Би бразил эмэгтэйтэй португалаар ярихын оронд сранан-тонгогоор яриад байснаа ойлгосон!

Хамт үйлчилж байсан хүмүүс тань та хоёрт их хайртай юм билээ. Яаж тийм дотно болсон бэ?

Жак: «Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг» гэж Сургаалт үгс 11:25-д бий. Бид хоёр бусдын төлөө өөрийгөө зориулахаас цааргалдаггүй. Цуглааны танхим засаж байх үед зарим хүн надад «Дэлгэрүүлэгчид л хийнэ биз дээ» гэж хэлсэн. Тэгэхэд нь «Би ч бас дэлгэрүүлэгч шүү дээ. Тийм болохоор хаана ажил байна, тэнд л баймаар байна» гэж хариулсан. Зөвхөн өөртөө цаг зав гаргах хэрэгтэй үе хүн болгонд байдаг. Тэглээ гээд бусдад туслахаас хойш сууж болохгүйг бид хоёр байнга санаж явдаг.

Мари-Лин: Бид итгэл нэгтнүүддээ санаа тавьж, хэнд юу хэрэгтэй байгааг мэдэхийг хичээдэг. Жишээлбэл хүүхдийг нь харж өгөх эсвэл сургуулиас нь авах хүн хайж байгааг мэдвэл туслахын тулд төлөвлөгөөгөө өөрчилдөг. Ингэж туслаад сайн найзууд болцгоодог.

Хэрэгцээ ихтэй газар үйлчлээд ямар ивээл хүртсэн бэ?

Жак: Бид хоёр бүрэн цагаар үйлчлээд жаргалтай байна. Еховагийн түмэн зүйлийн бүтээлийг харж баясдаг. Бэрхшээл байлгүй л яах вэ. Гэхдээ Бурхны ард түмэн тусалдаг учраас бид хаа ч очсон санаа зовдоггүй.

Би төвийг сахидгаасаа болоод залуудаа Францын Гвианад шоронд орж явсан. Нэг л өдөр миссионер болчихоод тэр шоронд хоригдож байгаа хүмүүст дэлгэрүүлэхээр очно гэж төсөөлж ч байгаагүй. Ехова үнэхээр арвин ихээр ивээдэг!

Мари-Лин: Би өгөхөөрөө баярладаг. Еховад үйлчлэхээр жаргалтай болдог, нөхөртэйгөө ч дотносдог. Жишээ нь нэг удаа Жак надаас гэр бүлийн асуудалтай хоёрыг гэртээ урьж хамт хоол идэх үү гэж асуусан юм. Тэгэхэд нь би: «Би бас яг тэгж бодож байлаа» гэж хариулж билээ. Ер нь иймэрхүү тохиолдол олон байдаг.

Жак: Саяхан би түрүү булчирхайн хорт хавдартайгаа мэдсэн. Мари-Лин сонсох дургүй л дээ. Гэхдээ би: «Хань минь, би “өндөр” наслаагүй ч маргааш үхлээ гэхэд гомдох юм алга аа. Хамгийн чухал юмаа хийсэн, Еховадаа үйлчилсэн гэж бодохоор сэтгэл хангалуун байна» гэж хэлсэн (Эх. 25:8)

Мари-Лин: Ехова огт бодож байгаагүй хаалгыг нээж, төсөөлж ч байгаагүй зүйлийг хийлгэдэг. Бид хоёрыг арвин их ивээсэн. Еховагийн байгууллага биднийг хаашаа яв гэнэ, тийшээ явахад бэлэн байна. Яагаад гэвэл Ехова заавал тусална!

^ д/м 32 Сранан-тонго нь англи, голланд, португал болон Африкийн хэлнүүдийн холимог бөгөөд боолуудын зохиосон хэл юм.