Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31

Та «жинхэнэ суурьтай хотыг» хүлээж байна уу?

Та «жинхэнэ суурьтай хотыг» хүлээж байна уу?

«Бурхны зохион бүтээж, барьж байгуулсан, жинхэнэ суурьтай хотыг тэрээр хүлээж байв» (ЕВР. 11:10).

ДУУ 136 Хаанчлал тань ирэх болтугай!

ТОЙМ *

1. Олон хүн юугаа золиосолдог вэ? Яагаад?

ЕХОВАГИЙН олон сая үйлчлэгч янз бүрийн юмаа золиосолдог. Зарим нь ганц бие байхаар, нөгөө зарим нь хань ижилтэй ч үр хүүхэдгүй байхаар шийдсэн. Харин үр хүүхэдтэй гэр бүлүүд энгийн амьдарч ирсэн. Яагаад? Еховагийн төлөө чадлынхаа хэрээр үйлчлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ. Үүндээ ч баяртай байдаг бөгөөд зайлшгүй шаардлагатай бүхнийг Ехова өгнө гэж найддаг. Найдвар нь талаар болох болов уу? Үгүй! Яагаад ийм итгэлтэй хэлж болох вэ? Эрт цагт Ехова үйлчлэгчдээ юугаар ч дутаагаагүй. Жишээлбэл «итгэдэг ... бүх хүний эцэг болсон» Абрахамыг ивээсэн (Ром 4:11).

2. а) Еврей 11:8–10, 16-г үзвэл, Абрахам яагаад Ур хотоос дуртайяа явсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Абрахам Ур хот дахь ая тухтай амьдралаа дуртайяа орхижээ. Яагаад гэвэл «жинхэнэ суурьтай хотыг тэрээр хүлээж байв» (Еврей 11:8–10, 16-г уншина). Тэр «хот» нь юу вэ? Абрахам тэр хотыг хүлээж байхдаа ямар бэрхшээлийг даван туулсан бэ? Бид Абрахамыг хэрхэн дуурайх вэ? Мөн Абрахамын жишээг дагадаг орчин үеийн хүмүүсээс юу сурах вэ?

«ЖИНХЭНЭ СУУРЬТАЙ ХОТ» ГЭЖ ЮУ ВЭ?

3. Абрахамын хүлээж байсан «хот» гэж юу вэ?

3 Абрахам «хот» буюу Бурхны Хаант төрийг хүлээж байсан. Есүс Христ ба түүний 144 000 дагалдагч энэхүү Хаант төрийн бүрэлдэхүүнд багтдаг. Хаант төрийг «амьд Бурхны хот буюу тэнгэрийн Иерусалим» гэж Паул нэрлэсэн байдаг (Евр. 12:22; Илч. 5:8–10; 14:1). Есүс энэ л Хаант төрийн төлөө залбирахыг шавь нартаа захисан. Тэрбээр: «Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж залбирахыг зааж өгчээ (Мат. 6:10).

4. Эхлэл 17:1, 2, 6-г үзвэл, Абрахам Еховагийн амласан хот буюу Хаант төрийн талаар хэр их юм мэдэж байсан бэ?

4 Бурхны Хаант төрийн бүтэц, зохион байгуулалтын талаарх нарийн ширийнийг Абрахам мэдэж байсан уу? Үгүй. Энэ нь олон зууны туршид «ариун нууц» байсан (Эф. 1:8–10; Кол. 1:26, 27). Гэхдээ үр удмынх нь зарим нь хаад болохыг Абрахам мэдэж байлаа. Учир нь Ехова тийн амласан билээ (Эхлэл 17:1, 2, 6-г уншина). Абрахам, Хаант төрийн Хаан болох Тослогдсон Нэгнийг буюу Мессиаг нүдээрээ үзсэн юм шиг л Бурхны амлалтад тийм бат итгэж байв. Есүс тухайн үеийнхээ иудейчүүдэд «Та нарын эцэг Абрахам миний юу хийхийг үзнэ гэж найдан ихэд баярлаж байсан. Тэгээд ч үзсэн, баярласан» гэж хэлсэн нь ийм учиртай (Ёох. 8:56). Үүнээс харвал, үр удмынх нь зарим нь Еховагийн байгуулах Хаант төрийн бүрэлдэхүүнд багтахыг Абрахам мэдэж байсан нь тодорхой. Тэрбээр Еховаг амлалтаа биелүүлнэ хэмээн итгэлтэйгээр хүлээж байжээ.

Абрахам Еховагийн амлалтад итгэдгээ хэрхэн баталсан бэ? (5-р догол мөрийг үзээрэй)

5. Абрахам, Бурхны байгуулах «хотыг» хүлээж байсныг юугаар батлах вэ?

5 Абрахам, Бурхны байгуулах «хот» буюу Хаант төрийг хүлээж байсны баталгаа юу вэ? Юуны өмнө, тэрбээр дэлхий дээрх ямар ч хаант улсад харьяалагдаж байгаагүй. Аль нэг газар суурьшиж, хэн нэг хааныг дэмжилгүй, нутаг сэлгэн нүүдэллэж амьдарсан. Бас өөрийн гэсэн хаант улс байгуулаагүй. Харин Еховаг дуулгавартай дагаж, амлалтаа биелүүлэхийг нь хүлээсэн. Ийнхүү Еховад бат итгэдгээ баталсан. Абрахамд ямар саад бэрхшээл учирч байсныг ярилцъя. Мөн Абрахамаас юу сурч болохыг авч үзье.

АБРАХАМ ЯМАР БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ТУУЛСАН БЭ?

6. Ур ямар хот байсан бэ?

6 Абрахам айх аюулгүй, ая тухтай, өндөр хөгжилтэй хотод амьдарч байжээ. Зузаан хэрэмтэй, гүнзгий устай сувгаар гурван талаараа хүрээлэгдсэн Ур хотын оршин суугчид нь бичиг үсгийн боловсролтой, тоондоо сайн хүмүүс байв. Хотын тууриас худалдааны бичиг баримтууд олдсоныг харахад худалдаа арилжааны төв байсан бололтой. Хувийн байшингуудыг тоосгоор өрж, ханыг нь шавардаж шохойддог байжээ. Зарим байшин 13–14 өрөөтэй бөгөөд байшингийн голын хэсгийн дээвэргүй талбай нь шигтгэмэл чулуун шалтай байв.

7. Ехова өөрийг нь болон гэр бүлийг нь хамгаална гэдэгт Абрахам найдах хэрэгтэй болсны учир юу вэ?

7 Ехова өөрийг нь болон гэр бүлийг нь хамгаална гэдэгт Абрахам найдах хэрэгтэй болов. Яагаад? Абрахам Сара хоёр Ур хотод тав тухтай байшинд аюулгүй амьдарч байсан. Харин одоо Канаанд, хөдөө хээр майханд амьдрахаас өөр аргагүй. Хотын зузаан хэрэм, гүн суваг шуудуун хамгаалалт гэж байхгүй учраас дайсанд амархан эзлэгдэхээр болжээ.

8. Нэг удаа Абрахамд юу тохиолдсон бэ?

8 Абрахам Еховагийн тушаалыг дагасан ч гэр бүлээ тэжээж чадахгүйд хүрч байсан удаатай. Оч гэсэн газар нь очтол аймшигтай өлсгөлөнд нэрвэгдсэн нутаг угтжээ. Тэгээд арга буюу Египет рүү явж, тэнд түр суув. Гэтэл Египетэд байхад нь тус нутгийн удирдагч буюу фараон Абрахамын эхнэрийг авчихав. Фараон Еховагийн тушаалаар Сараг буцааж өгөх хүртэл Абрахам ямар их зовж шаналж байсныг төсөөлж үзээрэй (Эх. 12:10–19).

9. Абрахамын гэр бүлд ямар бэрхшээл учирсан бэ?

9 Абрахамын гэр бүлийн амьдрал ч эрээнтэй бараантай байлаа. Хайртай эхнэр Сара нь хүүсэр байв. Тэд хүүхэдгүйдээ олон жил гансарч явжээ. Эцэст нь Сара өөрийн шивэгчин Хагарыг Абрахамд өгсөн. Ингэснээр Абрахам Сара хоёр хүүхэдтэй болох ажээ. Гэтэл Хагар жирэмсэн болмогцоо Сараг дорд үзэх болов. Тэгэхээр нь Сара Хагартай ширүүн харьцжээ. Үүнээс болоод Хагар зугтсан (Эх. 16:1–6).

10. Ишмаел Исаак хоёртой холбоотой ямар үйл явдал Абрахамын итгэлийг сорьсон бэ?

10 Эцэс сүүлд нь Сара хөл хүнд болж, Абрахамд хүү төрүүлж өгөв. Хүүгээ Исаак гэж нэрлэжээ. Абрахам хоёр хүүдээ хоёуланд нь хайртай байлаа. Гэвч Ишмаел Исаакийг шоглосны улмаас Абрахам хүү Ишмаелаа Хагартай хамт явуулахаас өөр аргагүй болжээ (Эх. 21:9–14). Хожим нь Ехова Исаакаар тахил өргөхийг Абрахамд тушаав (Эх. 22:1, 2; Евр. 11:17–19). Ехова хүү Ишмаелд нь ч, Исаакт нь ч тусална гэдэгт Абрахам найдах хэрэгтэй болсон.

11. Абрахам Еховаг тэвчээртэй хүлээх хэрэгтэй байсны учир юу вэ?

11 Энэ бүх хугацаанд Абрахам Еховаг тэвчээртэй хүлээж сурчээ. Тэрбээр гэрийнхнээ аваад Ур хотоос явахдаа 70 гаруй настай байсан бололтой (Эх. 11:31—12:4). Түүнээс хойш 100 жил Канаан нутгаар хэсүүчилж, майханд амьдарсаар 175-тайдаа нас баржээ (Эх. 25:7). Гэхдээ хэрэн тэнүүчилсэн нутгийг нь үр удамд нь өгнө гэсэн Еховагийн амлалт биелэхийг Абрахам үзээгүй. Мөн «хот» буюу Бурхны Хаант төр байгуулагдахыг ч үзээгүй. Тэглээ ч гэсэн Абрахам «урт удаан сэтгэл хангалуун амьдарсан» (Эх. 25:8, ШЕ). Абрахам янз бүрийн бэрхшээлийг үл тоон бат итгэлтэй байж, Еховаг баяр хөөртэй хүлээж байсан. Яагаад? Ехова Абрахамыг анд нөхрөө хэмээн үзэж, насан туршид нь хамгаалсан учраас тэр юм (Эх. 15:1; Ис. 41:8; Яак. 2:22, 23).

Бурхны үйлчлэгчид итгэлтэй, тэвчээртэй Абрахам Сара хоёрыг хэрхэн дуурайдаг вэ? (12-р догол мөрийг үзээрэй) *

12. Бид юу хүлээдэг вэ? Одоо юу үзэх вэ?

12 Бид Абрахамын нэгэн адил, жинхэнэ суурьтай хотыг хүлээж байгаа. Гэхдээ байгуулагдахыг нь хүлээдэггүй. Бурхны Хаант төр аль эрт 1914 онд байгуулагдаж, тэнгэрт ноёрхлоо тогтоочихсон (Илч. 12:7–10). Харин дэлхийг бүхэлд нь захирах цагийг бид хүлээж байна. Тэр болтол, бидэнд бас Абрахамд тохиолдсон шиг янз бүрийн бэрхшээл тохиолдох нь зайлшгүй. Абрахам Сара хоёрын жишээгээр амьдарч ирсэн Еховагийн орчин үеийн үйлчлэгчид байдаг уу? «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн ах эгч нарын намтраас харахад Абрахам Сара хоёр шиг итгэлтэй, тэвчээртэй хүн олон бий. Цөөн хэдэн жишээг авч үзээд тэднээс юу сурч болохыг ярилцъя.

АБРАХАМЫГ ДУУРАЙДАГ ХҮМҮҮС

Билл Уолден бүхнээ золиослоход бэлэн байсан, Еховагийн ивээлийг ч хүртсэн

13. Уолден ахын түүхээс та юу мэдэж авсан бэ?

13 Юугаа ч золиослоход бэлэн байгаарай. Бурхны хот буюу Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдардаг хүн ямар байх ёстой вэ? Бурхныг баярлуулахын тулд юугаа ч золиослоход бэлэн байсан Абрахамыг дуурайх ёстой (Мат. 6:33; Марк 10:28–30). Билл Уолден * ахын тухай ярья. Тэрбээр 1942 онд Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж эхлэхдээ АНУ-ын их сургуулийг архитектор инженер мэргэжлээр төгсөх гэж байлаа. Багш нь түүнийг сургуулиа төгсөнгүүт нь цалин сайтай ажилд оруулахаар болсон ч Билл татгалзжээ. Үүнийгээ Бурханд бүрэн цагаар үйлчлэхийн тулд гэж тайлбарлажээ. Дараахан нь Биллд цэргийн зарлан ирэв. Цэрэгт явахгүйгээ хүндэтгэлтэйгээр хэлсэн боловч түүнийг 10 000 доллараар торгож, 5 жил хорихоор болжээ. Шоронд гурван жил хоригдоод суллагдсаныхаа дараа Гилеад сургуульд сурч, Африкт миссионероор томилогдов. Дараа нь Эва гэдэг бүсгүйтэй гэрлэж, тэндээ хамт үйлчлэх болжээ. Африкт үйлчлэх гэдэг нь их юмаа золиосолно гэсэн үг байлаа. Хэдэн жил үйлчилсний дараа Билл ээжийгээ асрах шаардлагатай болсон тул эхнэртэйгээ цуг АНУ руу буцжээ. Билл амьдралаа дүгнэж хэлэхдээ «Еховад 70 гаруй жил үйлчилсэн энэ сайхан завшаанаа бодохоор баярын нулимс нүдийг минь бүрхдэг. Намайг үргэлж удирдаж, өөртөө үйлчлүүлсэн Еховадаа байнга талархдаг» гэжээ. Та бүрэн цагаар үйлчлэх боломжтой юу?

Ехова хүч өгдгийг Элени Аристотелис хоёр биеэрээ үзсэн

14, 15. Та Аристотелис ах, Элени эгчийн жишээнээс юу ойлгосон бэ?

14 Ямар ч зовлонгүй амьдарна гэж бүү бодоорой. Хамаг амьдралаа Еховад үйлчлэхэд зориулсан хүмүүст ч бэрхшээл учирдгийг Абрахамын түүхээс мэдэж болно (Яак. 1:2; 1 Петр 5:9). Аристотелис Апостолидис * ахын амьдрал үүнийг баталдаг. Тэрбээр 1946 онд Грект баптисм хүртэж, 1952 онд зорилго нэгтэй Элени гэдэг бүсгүйтэй сүй тавьжээ. Гэтэл Элени өвдөж, тархины хавдартай болох нь тогтоогдов. Хавдрыг нь авч хаясан ч гэрлээд хэдхэн жил өнгөрсний дараа хавдар нь дахижээ. Эмч нар мэс засал хийсэн боловч Эленигийн биеийн зарим хэсэг саажиж, хэвийн ярьж чадахаа болив. Гэхдээ Элени өвчнөө ч, засгийн газрын хавчлагыг ч үл тоон идэвх зүтгэлтэй үйлчилсээр байлаа.

15 Аристотелис эхнэрээ 30 жил асрахдаа ахлагчаар үйлчилж, чуулганы хороонд ажиллаж, чуулганы танхим барилцаж явжээ. 1987 онд Элени дэлгэрүүлж явахдаа осолд орж, ухаан оролгүй 3 жил болсны эцэст нас барав. Аристотелис өөрт тохиолдсон явдлаа дүгнэн: «Би олон жил янз бүрийн зовлон үзлээ. Энэ олон жилийн хугацаанд амьдралдаа тохиолдсон ярвигтай асуудал, золгүй явдал, хүнд бэрхийг тэвчээртэй, тууштай давах хэрэгтэй болсон. Гэхдээ Ехова энэ бүхнийг давах хүчийг хэзээ ямагт өгч байсан» гэжээ (Дуу. 94:18, 19). Хэчнээн хүнд хэцүү юм тохиолдсон ч өөрийнх нь төлөө чадах бүхнээ хийдэг үйлчлэгчдээ Ехова хайрладаг!

Одри Хайд сайхан ирээдүйгээ анхаарсан учраас өөдрөг байсан

16. Норр ах эхнэртээ юу гэж зөвлөсөн бэ?

16 Ирээдүйдээ анхаарлаа хандуулаарай. Абрахам Еховагийн өгөх шагналыг анхаардаг байсан учраас бэрхшээлийг даван туулж чаджээ. Одри Хайд * эгч бас ирээдүйн найдвараа бодож явахыг хичээдэг байв. Анхны нөхөр Нейтан Норр нь хорт хавдраар нас барж, хоёр дахь нөхөр Гленн Хайд нь Альцхаймерын өвчин туссан байна. Нас барахаасаа хэдхэн 7 хоногийн өмнө Норр ахын хэлсэн үг Одри эгчид тус болсон гэдэг. Тэрбээр: «Нейтан надад “Бид ирээдүйн бат найдвартай учраас үхэл бол төгсгөл биш. Бид дахин хэзээ ч зовохгүй” гэж сануулаад, “Урагшаа, шагнал руугаа хар” гэж хэлсэн. ... Бас “Завгүй бай. Бусдын төлөө сайн юм хийхийг л хичээж яв. Тэгвэл баяр баясгалантай амьдарна” гэсэн» хэмээн дурсжээ. Ямар сайхан зөвлөгөө вэ! Бусдын төлөө сайн юм хийгээд завгүй байж, «итгэл найдвартайдаа баярлаж» явахыг зөвлөжээ (Ром 12:12).

17. а) Ирээдүйдээ анхаарал хандуулах нь өнөөдөр яагаад бүр ч чухал болоод байна вэ? б) Мика 7:7-д бичсэнийг дагавал ирээдүйд ямар ивээл хүртэх вэ?

17 Ирээдүйдээ анхаарал хандуулах нь өнөөдөр бүр ч чухал болоод байна. Энэ тогтолцооны эцсийн өдрүүд төгсгөл рүүгээ ойртож байгааг дэлхий дахинд болж буй үйл явдлууд баталдаг. «Жинхэнэ суурьтай хот» дэлхийг бүхэлд нь захирах цаг тун удахгүй. Бид янз бүрийн ивээл хүртэх бөгөөд түүний дотор нас барсан хайртай дотнын хүмүүстэйгээ уулзаж баярлана. Тэр үед Ехова Абрахамыг итгэлтэй, тэвчээртэй байсан хэмээн шагнаж, гэрийнхэнтэй нь хамт дэлхий дээр амилуулна. Та тэднийг угтаж авах уу? Хэрэв та Абрахамыг дуурайн Бурхны Хаант төрийн төлөө бүхнээ золиослоход бэлэн байвал; бэрхшээлийг үл тоон бат итгэлтэй байвал; Еховаг тэвчээртэй хүлээж сурвал тэднийг угтаж авах нь дамжиггүй (Мика 7:7-г уншина).

ДУУ 28 Шинэ дуу

^ д/м 5 Амлалт биелэхийг хүлээхэд тэвчээр, итгэл хэрэгтэй. Энэ талаар Еховагийн эртний үйлчлэгч Абрахам болон орчин үеийн үйлчлэгчид сайхан жишээ үзүүлжээ. Тэднээс суралцаж, Еховагийн амлалт биелэхийг тэвчээртэй хүлээхээр эргэлт буцалтгүй шийдэцгээе.

^ д/м 13 Уолден ахын намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 12-р сарын 1-ний дугаарын 8–10-р хуудсанд нийтэлсэн (англи).

^ д/м 14 Апостолидис ахын намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 2-р сарын 1-ний дугаарын 24–28-р хуудсанд нийтэлсэн (англи).

^ д/м 16 Хайд эгчийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 7-р сарын 1-ний дугаарын 23–29-р хуудсанд нийтэлсэн (англи).

^ д/м 56 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бэрхшээлийг үл тоон Еховад үнэнч үйлчилдэг өндөр настай эхнэр нөхөр хоёр. Тэд Еховагийн амласан ирээдүйг анхаардаг учраас бат итгэлтэй хэвээрээ байна.