Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 35

Еховагийн хурал дахь хүн нэг бүрийг хүндлээрэй

Еховагийн хурал дахь хүн нэг бүрийг хүндлээрэй

«Нүд: “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлэх аргагүй шүү дээ. Толгой: “Чи надад хэрэггүй” гэж хөлд хэлэх аргагүй» (1 КОР. 12:21).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

ТОЙМ *

1. Ехова үнэнч үйлчлэгч бүрдээ юу өгдөг вэ?

ЕХОВА үнэнч үйлчлэгч бүрдээ хайртай бөгөөд тэдэнд тодорхой үүрэг өгдөг. Хэдийгээр хуралд гүйцэтгэдэг үүргээрээ ялгаатай ч бид бүгдээрээ үнэтэй, нэг нэгэндээ хэрэгтэй хүмүүс. Элч Паул энэ чухал үнэнийг бидэнд ойлгуулсан. Яаж?

2. Эфэс 4:16-г үзвэл, бид яагаад бие биеэ хүндэлж, хамтран ажиллах ёстой вэ?

2 Еховагийн үйлчлэгчид бие биедээ «Чи надад хэрэггүй» гэж хэлэх ёсгүйг Паул энэ өгүүллийн гол зүйлд онцлон тэмдэглэжээ (1 Кор. 12:21). Хурлаараа амар тайван байя гэвэл бие биеэ хүндэлж, хамтран ажиллах ёстой (Эфэс 4:16-г уншина). Хүн бүр эв нэгдэлтэй хамтран ажилладаг бол тэр хурал батажна, хайраар бялхана.

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Хурлын хүн бүрийг хүндэлж байгаа маань юунаас харагдах вэ? Энэ өгүүллээр, ахлагчид бие биеэ хэрхэн хүндлэхийг эхлээд авч үзнэ. Бид ганц бие итгэл нэгтнүүдээ үнэтэй гэж үздэг бол яах хэрэгтэйг дараа нь ярилцана. Эцэст нь төрөлх хэлээр маань чөлөөтэй ярьж чаддаггүй итгэл нэгтнээ хэрхэн хайрлаж хүндлэхийг мэдэж авна.

АХЛАГЧИД БИЕ БИЕЭ ХҮНДЛЭХ НЬ

4. Ахлагчид Ром 12:10-т байдаг ямар зөвлөгөөг дагах шаардлагатай вэ?

4 Ехова хурлын ахлагч бүрийг агуу хүчээрээ томилдог. Гэхдээ тэдний чадал чансаа харилцан адилгүй (1 Кор. 12:17, 18). Зарим нь ахлагч болоод удаагүй, туршлага багатай байхад, зарим нь өндөр нас, эрүүл мэндийн улмаас хийж чадах юм нь хязгаартай болсон байдаг. Гэсэн ч тэд бие биедээ «Чи надад хэрэггүй» гэж хэлж байгаа юм шиг хандах учиргүй. Харин Ром 12:10-т бичсэн Паулын зөвлөгөөг ахлагч бүр дагах шаардлагатай (уншина).

Ахлагчид бие биеэ хүндэлж яриаг нь сайн сонсдог (5, 6-р догол мөрийг үзээрэй)

5. Ахлагчид нэг нэгнээ хүндэлдэг нь юунаас харагдах вэ? Энэ нь яагаад чухал вэ?

5 Ахлагчид нэг нэгнээ сайн сонсдог бол хүндэлж байна гэсэн үг. Энэ нь ялангуяа ахлагчдын зөвлөлийн хурлаар ноцтой асуудал хэлэлцэх үед маш чухал. Яагаад? «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1988 оны 10 дугаар сарын 1-ний дугаарт хариу нь бий. Тэнд «Христ ахлагчдын зөвлөлийн аль ч гишүүний оюун санааг агуу хүчний тусламжтайгаар удирдаж, ямар нэг асуудлыг шийдэхэд хэрэг болох Библийн зарчмыг сануулж эсвэл чухал шийдвэр гаргуулж чадна гэдгийг ахлагчид хүлээн зөвшөөрдөг (Үйлс 15:6–15). Ахлагчдын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг нэг ч ахлагч монопол эрхгүй» гэж бичжээ.

6. Ахлагчид хэрхэн эв нэгдэлтэй хамтран ажилладаг вэ? Энэ нь хуралд ямар ач тустай вэ?

6 Ахлагч хүн бусад ахлагчаа хүндэлдэг бол ахлагчдын уулзалт дээр юм л бол түрүүлж дуугараад байхгүй. Их ярихгүй, өөрийнхөө саналыг л дандаа зөв гэж бодохгүй. Харин үзэл бодлоо илэрхийлэхдээ даруу, дөлгөөн байна. Бусдын ярихыг анхаарч сонсоно. Хамгийн гол нь, Библийн зарчмыг үндэс болгохыг эрмэлздэг бөгөөд «итгэмжит, ухаалаг боолын» зааврыг дагахад бэлэн байдаг (Мат. 24:45–47). Ахлагчид ямар нэгэн асуудлыг хэлэлцэхдээ бие биеэ хайрлаж, хүндэлдэг бол Бурхны агуу хүч тэдэнтэй хамт байж, хурлаа батжуулах шийдвэр гаргахад нь тусална (Яак. 3:17, 18).

ГАНЦ БИЕ ИТГЭЛ НЭГТНЭЭ ХҮНДЛЭХ НЬ

7. Ганц бие байх талаар Есүс ямар үзэл бодолтой байсан бэ?

7 Өнөөгийн хуралд гэрлэсэн хосууд, хүүхэдтэй гэр бүлүүд олон. Бас ганц бие Гэрчүүд цөөнгүй. Тэдэнд хэрхэн хандах ёстой вэ? Ганц бие байх талаар Есүс ямар үзэлтэй байсныг бодъё. Тэрбээр дэлхий дээр үйлчилж байх хугацаандаа хүнтэй суугаагүй. Харин үйлчлэлдээ хамаг анхаарлаа хандуулж, цаг заваа зориулсан. Гэрлэх эсвэл ганц бие байх хэрэгтэй гэж огт зааж байгаагүй. Гэхдээ зарим дагалдагч нь хүнтэй суухгүй байхаар шийднэ гэдгийг Есүс яриандаа дурдаж байсан (Мат. 19:11, 12). Тэрбээр ганц бие яваа хүмүүсийг хүндэлдэг байжээ. Тэднийг хэзээ ч дорд үзэх юм уу аль нэг талаараа дутуу гэж бодож байгаагүй.

8. 1 Коринт 7:7–9-ийг үзвэл, Паул юуг нягталж үзэхийг итгэл нэгтнүүддээ уриалсан бэ?

8 Элч Паул бас Есүсийн нэгэн адил ганц бие үйлчлэгч байсан. Гэхдээ Христийн дагалдагч хүн гэрлэх нь буруу гэж хэзээ ч зааж байгаагүй. Энэ нь мэдээж хувь хүний шийдэх асуудал юм. Гэлээ ч Еховад ганц бие хэвээрээ үйлчилж чадах эсэхээ нягталж үзэхийг итгэл нэгтнүүддээ уриалжээ (1 Коринт 7:7–9-ийг уншина). Тэрбээр ганц бие дагалдагчдыг дорд үзэж байгаагүй. Тиймээс ганц бие, залуу Тимотыг сонгож хариуцлагатай үүрэг оноожээ * (Флп. 2:19–22). Тэгэхээр, Гэрч эрэгтэйг гэрлэсэн эсвэл гэрлээгүй гэдгээр нь шаардлага хангасан эсвэл хангаагүй гэж үзэх нь буруу байх нь ээ (1 Кор. 7:32–35, 38).

9. Гэрлэх болон ганц бие байхыг юу гэж үзэх хэрэгтэй вэ?

9 Христийн дагалдагч хүн гэрлэх ёстой гэх юм уу эсвэл ганц бие байх ёстой гэж Есүс Паул хоёрын хэн нь ч заагаагүй. Тэгвэл гэрлэх болон ганц бие байхыг юу гэж үзэх хэрэгтэй вэ? «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний дугаарт энэ асуултын хариу бий. Тэнд «Үнэндээ [гэрлэх болон ганц бие байхын] аль алийг нь Бурхнаас ирсэн бэлэг гэж үзэж болно. ... Ганц бие байхыг ичгэвтэр эсвэл гунигтай явдал гэж Ехова боддоггүй» хэмээн бичжээ. Үүнийг санаад хурлынхаа ганц бие Гэрчүүдийг хүндлэх хэрэгтэй.

Ганц бие хүмүүсийг хүндэлдэг бол юунаас зайлсхийх вэ? (10-р догол мөрийг үзээрэй)

10. Ганц бие итгэл нэгтнүүдээ хүндэлдгээ хэрхэн харуулах вэ?

10 Ганц бие итгэл нэгтнүүдийнхээ сэтгэл санаа, нөхцөл байдлыг хүндэтгэн үздэгээ хэрхэн харуулах вэ? Тэдний зарим нь хүнтэй суухгүй байхаар шийдсэн байдгийг санах нь зүйтэй. Харин зарим нь гэрлэх хүсэлтэй ч тохирох хүнээ олоогүй л байдаг. Ханиасаа хагацсан хүмүүс ч бий. Аль нь ч байлаа гэсэн, яагаад гэрлэдэггүйг нь асуух юм уу хань олж өгөх гэж зүтгэх нь зөв үү? Тийм тусламж хүсдэг ганц бие Гэрч байлгүй л яах вэ. Харин тусламж гуйгаагүй байхад нь хань ижил олж өгөх гээд байвал тэдэнд ямар санагдах бол? (1 Тес. 4:11; 1 Тим. 5:13). Ганц бие үнэнч Гэрчүүдийн юу ярихыг сонирхъё.

11, 12. Яавал ганц бие итгэл нэгтнүүдийнхээ урмыг хугалж болзошгүй вэ?

11 Үүргээ сайн биелүүлдэг, гэр бүлгүй нэгэн дүүрэг хариуцагч ганц бие байхыг олон давуу талтай гэж үздэг ажээ. Гэхдээ итгэл нэгтнүүд нь сайн санасандаа «Яагаад эхнэр авдаггүй юм бэ?» гэж асуухлаар урам хугардаг гэжээ. Салбарт үйлчилдэг ганц бие эрэгтэй: «Зарим ах эгчид ганц бие хүмүүс өрөвдмөөр харагддаг бололтой. Тэдний яриаг сонсохоор ганц бие байхыг бэлэг гэхээсээ илүү, бэрхшээл гэж бодмоор» хэмээн хэлсэн юм.

12 Бетелд үйлчилдэг ганц бие эмэгтэй: «Зарим дэлгэрүүлэгч ганц бие бүх хүнийг ирээдүйн ханиа хайж явдаг гэж боддог. Тэдний бодлоор бол, ганц бие хүмүүс олон хүн цугларсан газар очихыг ханьтай болох боломж гэж үздэг бололтой. Би нэг удаа Бетелийн ажлаар өөр газар явж байгаад оройн цуглаанд очсон юм. Миний насны хоёр залуу хуралд нь байдгийг намайг гэртээ байлгаж байсан эгч хэлсэн. Гэхдээ хань ижилтэй болгох гээд байгаа юм биш шүү гэдгээ ч хэлэв. Тэгсэн атлаа цуглааны танхимд ороод намайг шууд л нөгөө хоёр залуу дээр аваад очдог байгаа! Бид гурав ямар эвгүй байдалд орсон гэж санана!» хэмээн ярьжээ.

13. Ганц бие бетелчин эмэгтэйд ямар хүн урам хайрладаг вэ?

13 Өөр нэг бетелчин эмэгтэй: «Юманд ул суурьтай ханддаг, тодорхой зорилготой, тусч, Еховад баяр хөөртэй үйлчилдэг, хуралд маш их хувь нэмэр оруулдаг ганц бие настай эхлэгчдийг би мэднэ. Тэд бол гэрлэх, ганц бие байх талаар зөв үзэлтэй хүмүүс. Бусдаас мундаг учраас ганц бие байгаа гэж боддоггүй, хань ижил, үр хүүхэдгүйдээ гутардаггүй» гэж ярьжээ. Гишүүн бүр нь бие биеэ хайрлаж хүндэлдэг хуралд байх нь үнэхээр таатай. Тийм хурлынхан нэгнийгээ өрөвдөлтэй амьтан гэж боддоггүй эсвэл атаархдаггүй, үл тоомсорлодоггүй эсвэл өргөмжилдөггүй. Та ийм хуралд байвал өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ ухаарна.

14. Ганц бие хүмүүсийг хэрхэн хүндлэх вэ?

14 Ганц бие итгэл нэгтнүүдийнхээ гэр бүлийн байдлыг анхаарахын оронд сайхан зан төлөвийг нь хараад үнэлж үздэг бол тэд талархана. Тэднийгээ хань ижилгүй гэж өрөвдөх бус, харин үнэнч байгааг нь үнэлдэг бол «Чи надад хэрэггүй» гэж хэлж байгаа мэт сэтгэгдэл хэзээ ч төрүүлэхгүй (1 Кор. 12:21). Харин ч тэд хайрлуулдаг, хүндлүүлдэг, хуралд хэрэгтэй хүн гэж тооцогддогоо мэдэж авна.

ТӨРӨЛХ ХЭЛЭЭР МААНЬ САЙН ЯРЬДАГГҮЙ НЭГНЭЭ ХҮНДЛЭХ НЬ

15. Зарим хүн үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд яадаг вэ?

15 Үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд гадаад хэл сурах зорилго тавьдаг дэлгэрүүлэгч сүүлийн жилүүдэд олон болжээ. Зорилгоо биелүүлнэ гэдэг нь амьдралаа өөрчилнө гэсэн үг. Эдгээр итгэл нэгтэн маань дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй гадаад хэлний хуралд үйлчлэхийн тулд эх хэлнийхээ хурлаас шилжиж очдог (Үйлс 16:9). Еховад түлхүү үйлчлэх зорилгоор энэ шийдвэрийг өөрсдөө гаргадаг. Гадаад хэлээр чөлөөтэй ярьж суртал нэлээд хэдэн жил хэрэгтэй болдог ч тэд их ажил амжуулдаг. Сайхан зан чанар, дадлага туршлагатай учраас хурлыг батжуулахад хувь нэмэр оруулдаг. Бусдыг гэсэн сэтгэлтэй эдгээр ах дүү маань бидэнд үнэтэй!

16. Ахлагчид Гэрч эрэгтэйг ямар үндэслэлээр ахлагч, туслах үйлчлэгчийн шаардлага хангасан гэж үздэг вэ?

16 Ахлагчдын зөвлөл Гэрч эрэгтэйг хурлынхны ярьдаг хэлээр чөлөөтэй ярьдаггүй гэдгээр шалтаглан ахлагч, туслах үйлчлэгч болгохоос цааргалж болохгүй. Ахлагч, туслах үйлчлэгч байх Библийн шаардлага хангаж буй эсэхийг л харгалзан үзэхээс бус, тухайн нутгийн хэлээр хэр сайн ярьдаг вэ гэдгийг үндэс болгох учиргүй (1 Тим. 3:1–10, 12, 13; Тит 1:5–9).

17. Гадаадад нүүж очсон гэр бүлд ямар асуудал тулгардаг вэ?

17 Зарим айл нутгаасаа дүрвэх юм уу ажил хийхээр гадаадад очдог. Тийм учраас хүүхдүүд нь шинэ газрынхаа хэлээр боловсрол эзэмших болдог. Эцэг эх нь ч ажил олохын тулд тухайн хэлийг сурах шаардлагатай байж болох юм. Хэрэв тэр улсад төрөлх хэлнийх нь хурал эсвэл бүлэг байвал яах вэ? Аль хуралд харьяалагдах хэрэгтэй вэ? Шинээр нүүж очсон газрынхаа хэлний хурлыг сонгох уу, эх хэлнийхээ хурлыг сонгох уу?

18. Галат 6:5-ыг үзвэл, өрхийн тэргүүний шийдвэрийг хүндэтгэж байгаагаа итгэл нэгтнүүд нь хэрхэн харуулах вэ?

18 Аль хурлын цуглаанд явахыг өрхийн тэргүүн шийдэх ёстой. Ингэхдээ гэрийнхэнд нь юу хамгийн сайн болохыг харгалзан үзнэ (Галат 6:5-ыг уншина). Энэ нь тухайн гэр бүлийн асуудал учраас өрхийн тэргүүн ямар ч шийдвэр гаргасан, итгэл нэгтнүүд нь хүлээн зөвшөөрөх учиртай. Шийдвэрийг нь хүндэтгэж буйгаа харуулан тэр гэр бүлийг халуун дотноор угтан авч, хайраа илэрхийлцгээе (Ром 15:7).

19. Өрхийн тэргүүн юуны тухай бодонгоо залбирах ёстой вэ?

19 Зарим гэр бүл амьдарч буй улсынхаа үндэсний хэлний хуралд биш өөр хэлний хуралд явдаг. Тэр хэл нь эцэг эхийн хувьд төрөлх хэл байхад хүүхдүүдийн хувьд тийм биш байдаг. Хүүхдүүд нь тэр хэлийг сайн мэддэггүйн улмаас цуглааныг ойлгодоггүй Бурхантай дотносож чаддаггүй байж мэднэ. Яагаад? Сургууль дээр эцэг эхийнх нь хэлээр бус, харин тус улсын албан ёсны хэлээр хичээл заадагтай холбоотой. Тийм тохиолдолд аав нь хүүхдүүдээ Еховатай болон Еховагийн ард түмэнтэй дотно болгох талаар нухацтай бодож, мэргэн ухаан гуйж залбирах шаардлагатай. Нэг бол хүүхдүүдээ эх хэлээрээ чөлөөтэй ярьдаг болгох, үгүй бол тэдний сайн ойлгодог хэлний хуралд гэр бүлээрээ шилжих шийдвэр гаргах хэрэгтэй болно. Өрхийн тэргүүн ямар ч шийдвэр гаргасан бай, хурлынх нь итгэл нэгтнүүд тэр гэр бүлийнхнийг хайрлаж хүндэлдгээ мэдрүүлэх нь зүйтэй.

Гадаад хэл сурч буй хүмүүсийг хүндэлдгээ хэрхэн харуулах вэ? (20-р догол мөрийг үзээрэй)

20. Гадаад хэл сурч буй итгэл нэгтнүүдээ хүндэлдгээ хэрхэн харуулах вэ?

20 Дээрх шалтгаануудын улмаас гадаад хэл сурах гэж чармайдаг Гэрчүүдтэй хурал олон байна. Санал бодлоо илэрхийлэх нь тэдэнд үнэхээр амаргүй байж болох юм. Гэхдээ хазгай муруй хэлэхийг нь анхаарахаа боливол Еховаг хайрлах хайр, түүнд үйлчлэх хүслийг нь мэдэрнэ. Энэ сайхан чанаруудыг нь олж харахын хэрээр тэднийг улам их хайрлаж хүндэлнэ. Тэгээд төрөлх хэлээр маань чөлөөтэй ярьдаггүй тэдэнтэй харьцахдаа «Чи надад хэрэггүй» гэж хэлж байгаа мэт авирлахгүй.

БИД ЕХОВАД ХЭРЭГТЭЙ

21, 22. Бид ямар гайхалтай завшаантай вэ?

21 Ехова үйлчлэгч бүрдээ ажил үүрэг өгсөнд нь бид маш их талархдаг. Эрэгтэй эмэгтэй, гэрлэсэн гэрлээгүй, хөгшин залуу, сайн ярьдаг ярьдаггүй аль нь ч бай, бид бүгдээрээ Еховад болон бие биедээ хэрэгтэй хүмүүс юм (Ром 12:4, 5; Кол. 3:10, 11).

22 Паулын хэлсэн жишээнээс мэдэж авсан олон сайхан зүйлийг ажил болгож явцгаая. Ингэдэг бол ах дүү нараа урамшуулан зоригжуулахын тулд юу хийхээ мэднэ. Бас тэднийг ямагт хүндэлж, хайрлаж явна.

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

^ д/м 5 Еховагийн үйлчлэгчид янз бүрийн гарал үүсэлтэй. Хуралд гүйцэтгэдэг үүрэг нь ч өөр өөр. Еховагийн гэр бүлийн гишүүн бүрийг хүндлэх нь яагаад чухал байдгийг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 8 Тимотыг гэрлэж байгаагүй гэж баттай хэлэх аргагүй.