Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 36

Та «хүмүүсийн загасчин» болоход бэлэн үү?

Та «хүмүүсийн загасчин» болоход бэлэн үү?

«Айх хэрэггүй. Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» (ЛУК 5:10).

ДУУ 137 Зоригтой байхад туслаач

ТОЙМ *

1. Есүс дөрвөн загасчинд ямар урилга өгсөн бэ? Тэд яасан бэ?

ЕСҮСИЙН шавь Петр Андрей Яаков Ёохан нар загас барьж аж төрдөг хүмүүс байв. «Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё» * гэж Есүсийг хэлэхэд тэд ямар их баярласан бол оо. Тэгээд яасан бэ? «Тэр даруй тороо орхиод түүнийг дагав» хэмээн Библид бичжээ (Мат. 4:18–22). Ингэж шийднэ гэдэг нь амьдралаа бүрмөсөн өөрчилнө гэсэн үг байлаа. Загас барихын оронд «хүмүүсийг загасчлах болно» (Лук 5:10). Бурхны тухай үнэнийг хайрладаг чин сэтгэлтэй хүмүүсийг Есүс өнөөдөр ч урьж байгаа (Мат. 28:19, 20). «Хүмүүсийн загасчин болгоё» гэсэн Есүсийн урилгыг та хүлээж авсан уу?

2. Хүмүүсийн загасчин болох асуудалд яагаад хөнгөн хандаж болохгүй вэ? Энэ шийдвэрийг гаргахын тулд яах ёстой вэ?

2 Та Библи судлан ахиц гаргаад, дэлгэрүүлэгч болох эсэхээ шийдэх гэж байгаа суралцагч байж болох юм. Хэрэв Есүсийн шавь болох уу, үгүй юү гэдгээ мэдэхгүй байгаа бол бүү зовоорой. Тээнэгэлзэж байна гэдэг нь энэ асуудал маш чухал гэдгийг ойлгосон хэрэг. Петр ба түүний нөхөд тороо «тэр даруй» орхисон гэж Библид бичсэн нь үнэн. Гэхдээ юу ч бодолгүй ийм шийдвэр гаргасан юм биш. Петр Андрей хоёр зургаан сарын өмнө Есүстэй танилцаж, Мессиа гэдгийг нь мэдсэн билээ (Ёох. 1:35–42). Үүнтэй адил, та бас Ехова Есүс хоёрын тухай их юм мэдэж авсан бөгөөд Еховатай улам бүр дотносохыг хүсэж байгаа байх. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахын тулд сайтар бодож нягтлах ёстой. Шийдвэрээ гаргахад нь Петр, Андрей болон бусад шавьд юу тус болсон бэ?

3. Хүмүүсийн загасчин болоход ямар зан чанар тустай вэ?

3 Есүсийн анхны шавь нар хүсэл тэмүүлэлтэй, ажлаа сайн мэддэг, эр зоригтой, сахилга баттай эрчүүд байсан учраас загасчлах ажилдаа амжилт гаргадаг байв. Хүмүүсийн загасчин болоход ч энэ л зан чанарууд хэрэг болсон нь эргэлзээгүй. Яавал тэдэн шиг болохыг энэ өгүүллээр үзье. Учир нь Христийн сайн шавь болоход тань тустай.

ХҮСЛЭЭ ОРГИЛУУЛААРАЙ

Петр нар хүмүүсийн загасчин болсон. Энэ чухал ажил өнөөг хүртэл үргэлжилж байна (4, 5-р догол мөрийг үзээрэй)

4. Петр яагаад загасчин болсон бэ?

4 Петр гэр бүлээ тэжээхийн тулд загасчлах ажил хийдэг байв. Гэхдээ энэ нь ажил мэргэжил төдий байгаагүй. Тэрбээр загас барих хорхойтой хүн байжээ (Ёох. 21:3, 9–15). Тийм учраас хүмүүсийг загасчлах ажилд ч дуртай болсон. Еховагийн тусламжаар энэ ажлаа сайн хийж сурчээ (Үйлс 2:14, 41).

5. Лук 5:8–11-ийг үзвэл, Петр яагаад айсан бэ? Яавал ийм айдсыг ялах вэ?

5 Бид яагаад дэлгэрүүлдэг вэ? Еховад хайртай учраас. Энэ бол дэлгэрүүлдгийн маань гол хөшүүрэг юм. Еховаг хайрладаг болбол өөрийгөө голж чамлах үзлээ ялна. Есүс Петрийг хүмүүсийн загасчин болгоё гэж урихдаа «Айх хэрэггүй» гэж хэлсэн (Лук 5:8–11-ийг уншина). Петр шавь болохоос айгаагүй. Харин Есүсийн заасан газраас маш олон загас бариад гайхаж биширсэндээ өөрийгөө Есүстэй хамт ажиллах зохисгүй гэж боджээ. Та бас Петр шиг айж байгаа байх. Христийн шавь хүний хийх ёстой бүхнийг хийж чадах эсэхээ мэдэхгүй байж магадгүй. Тийм бол Еховаг, Есүсийг, хөршүүдээ улам бүр хайрладаг болоорой. Тэгвэл хүмүүсийн загасчин болох хүсэл оргилно (Мат. 22:37, 39; Ёох. 14:15).

6. Бид яагаад дэлгэрүүлдэг вэ?

6 Яагаад сайн мэдээ дэлгэрүүлдгээ цааш нь бодож үзье. Есүс: «Явж ... шавь болгогтун» хэмээн тушаасан билээ. Бид энэ тушаалыг биелүүлэхийг хичээдэг (Мат. 28:19, 20). Бас хүмүүс «хоньчингүй хонь турж эцдэгийн адил зовж зүдэрч» байна. Тэд Хаант төрийн тухай үнэнийг мэдэх зайлшгүй хэрэгтэй (Мат. 9:36). Ехова ямар ч хүнийг үнэний тухай зөв мэдлэгтэй болоосой, аврагдаасай гэж хүсдэг (1 Тим. 2:4).

7. Ром 10:13–15-ыг үзвэл дэлгэрүүлэх ажил чухал гэхийн учир юу вэ?

7 Дэлгэрүүлэхийн ач холбогдлыг бодохлоор амь аврах энэ ажлыг хийх хүсэл төрнө. Загасчин хүн зарж борлуулах юм уу хүнсэндээ хэрэглэхийн тулд загас барьдаг бол, бид аврахын тулд хүмүүсийг «загасчилдаг» (Ром 10:13–15-ыг уншина; 1 Тим. 4:16).

МЭДЛЭГЭЭ АРВИЖУУЛААРАЙ

8, 9. Загасчин хүн юу мэдэх ёстой вэ? Яагаад?

8 Есүсийг дэлхий дээр байх үеийн израйл загасчид далайн ямар амьтдыг идэж болдгийг мэддэг байсан (Лев. 11:9–12). Мөн хаана загасчлахыг ч мэддэг байжээ. Загас бол ус сайтай, идэш ихтэй газар байх дуртай амьтан. Тэгвэл загасчлахад цаг чухал уу? Загас барих хамгийн тохиромжтой цагийн талаар Номхон далайн нэгэн аралд амьдардаг Гэрчийн юу гэж хэлснийг анхаараарай. Тэрбээр загасанд хамт явъя гэж нэг миссионерт хэлжээ. Тэгтэл миссионер: «Маргааш өглөө 9 цагт уулзъя» гэв. Харин нутгийн Гэрч: «Үгүй дээ. Хоёулаа өөрсдөдөө тохиромжтой цагт биш, загас барихад тохиромжтой цагт явна» гэжээ.

9 Үүнтэй адил, хүмүүсийн загасчин болсон Есүсийн шавь нар хүн ихтэй газар, дэлгэрүүлэхэд тохиромжтой цагт очдог байв. Жишээлбэл, Есүсийн дагалдагчид сүмд эсвэл синагогт очих юм уу айлаар, захаар явж дэлгэрүүлдэг байжээ (Үйлс 5:42; 17:17; 18:4). Бид бас хэсгийнхээ хүмүүсийг хэдийд, хаана байдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд тэдэнтэй тааралдаж болох газар, уулзаж болох цагт очиж дэлгэрүүлэхийн тулд төлөвлөгөөгөө өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй (1 Кор. 9:19–23).

САЙН ЗАГАСЧИН: 1. Хаана, хэзээ загасчлахаа мэддэг (8, 9-р догол мөрийг үзээрэй)

10. Еховагийн байгууллага бидэнд ямар багаж өгсөн бэ?

10 Загасчин хүн багаж хэрэгслээ зөв сонгохоос гадна яаж хэрэглэхээ мэддэг байх учиртай. Бид бас дэлгэрүүлэхэд тохирсон багажтай байхаас гадна хэрхэн хэрэглэхээ мэддэг байх шаардлагатай. Есүс шавь нартаа хүмүүсийг хэрхэн загасчлахыг тов тодорхой зааж өгсөн. Юу авч явах, хаана очиж дэлгэрүүлэх, юу хэлэхийг нь зааж өгчээ (Мат. 10:5–7; Лук 10:1–11). Еховагийн байгууллага үр дүн сайтай багаж бүхий «Заах ажлын багажны хайрцаг» гаргасан. * Яаж ашиглахыг ч зааж өгсөн. Үүний ачаар бид ажлаа үр өгөөжтэй хийх итгэлтэй, чадвартай болдог (2 Тим. 2:15).

САЙН ЗАГАСЧИН: 2. Тохирсон багажийг гаргууд ашигладаг (10-р догол мөрийг үзээрэй)

ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ

11. Хүмүүсийн загасчид яагаад зоригтой байх ёстой вэ?

11 Загасчин хүн зоригтой байх шаардлагатай. Учир нь тэд голдуу харанхуй шөнөөр загасчилдаг. Заримдаа цаг агаар гэнэт муудаж, салхи шуурга дэгддэг. Хүмүүсийн загасчид ч зоригтой байх хэрэгтэй. Еховагийн Гэрчийн ёсоор дэлгэрүүлж эхлэхэд гэр бүлийнхэн эсэргүүцэх, найз нөхөд доог тохуу хийх, хүмүүс мэдээг маань сонсохгүй байх зэргээр «салхи шуурга дэгдэж» мэднэ. Гэлээ ч бид гайхдаггүй. Есүс дагалдагчдаа эсэргүүцэгчид рүү явуулна гэдгээ урьдчилан сануулж байсан билээ (Мат. 10:16).

12. Иошуа 1:7–9-ийг үзэхэд, яавал зоригтой болох вэ?

12 Яавал зоригтой болох вэ? Нэгдүгээрт, Есүс энэ ажлыг тэнгэрээс удирддаг гэдэгт итгэлтэй байгаарай (Ёох. 16:33; Илч. 14:14–16). Хоёрдугаарт, танд санаа тавина гэсэн Еховагийн амлалтад бат итгээрэй (Мат. 6:32–34). Итгэл батжихын хэрээр зоригтой болдог. Петр ба түүний нөхөд амьжиргааны эх үүсвэрээ орхиод Есүсийг дагаснаараа бат итгэлтэйгээ харуулсан. Үүнтэй адил, та Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болсноо, цуглаанд явж эхэлснээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэлж бат итгэлтэйгээ харуулсан! Бас Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахын тулд биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаа мэдэгдэхүйцээр өөрчилсөн нь эргэлзээгүй. Ингэхэд ч итгэл, зориг хэрэгтэй. Зориг бадрахын хэрээр «хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байна» гэдэгт бат итгэнэ (Иошуа 1:7–9-ийг уншина).

САЙН ЗАГАСЧИН: 3. Байдал муугаар эргэсэн ч ажлаа зоригтой хийдэг (11, 12-р догол мөрийг үзээрэй)

13. Өөр яавал зоригжих вэ?

13 Өөр яавал зоригжих вэ? Зоригтой байхад туслахыг гуйж залбираарай (Үйлс 4:29, 31). Ехова залбиралд тань хариулна, таныг хэзээ ч орхихгүй. Ямар тусламж хэрэгтэй байна, түүнийг тань өгнө. Мөн Ехова хүмүүсийг хэрхэн аварч байсныг эргэцүүлээрэй. Бас бэрхшээлийг давахад тань хэрхэн тусалсныг, амьдралаа өөрчлөх хүчийг хэрхэн өгснийг бодоорой. Ард түмнээ Улаан тэнгис рүү удирдсан Нэгэн, Христийн шавь болоход тань тусалж чадахгүй гэж үү? (Ег. 14:13). «ЭЗЭН миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» хэмээн дуулсан дуулалч шиг бат итгэлтэй байгаарай (Дуу. 118:6).

14. Масаэ Томоёо нараас юу сурч болох вэ?

14 Угийн ичимхий хүмүүсийг Ехова хэрхэн зоригжуулсныг мэдвэл зориг ордог. Масаэ гэдэг Гэрч эмэгтэйд юу тохиолдсоныг ярилцъя. Тэрбээр ичимхий учраас хүмүүст итгэл үнэмшлийнхээ талаар хэзээ ч ярьж чадахгүй гэж боддог байжээ. Танихгүй хүнтэй ярих нь өндөр хана өөд авирахтай адил санагдсан гэнэ. Ийм учраас Бурхныг болон бусдыг улам бүр хайрладаг болохын тулд ихээхэн чармайсан байна. Тэрбээр шийдвэрлэх цаг үед амьдарч байгаагаа нухацтай бодоод, дэлгэрүүлэх их хүсэлтэй болгож өгөөч гэж залбирав. Ингээд айдсаа ялснаар барахгүй байнгын эхлэгч болжээ. Ехова шинэ дэлгэрүүлэгчдийг ч «чин зоригтой» болгодог. Томоёо гэдэг Гэрч эмэгтэйн тухай бодъё. Түүнийг анх удаа айлаар дэлгэрүүлэхэд хамгийн түрүүнд уулзсан гэрийн эзэгтэй: «Еховагийн Гэрчүүдтэй юу ч ярихгүй!» гэж хашхираад хаалгаа тас хийтэл хаачихжээ. Томоёо хамт явсан дэлгэрүүлэгчдээ «Чи сонсов уу? Намайг ганц ч үг хэлээгүй байхад Еховагийн Гэрч гэж мэдэж байна. Ямар гоё юм бэ!» гэсэн гэдэг. Одоо Томоёо байнгын эхлэгчээр үйлчилж байна.

САХИЛГА БАТТАЙ БАЙГААРАЙ

15. Сахилга бат гэж юу вэ? Христийн дагалдагчид яагаад сахилга баттай байх шаардлагатай вэ?

15 Сахилга бат гэж юу вэ? «Хийх ёстой зүйлийг хийхийн тулд өөрийгөө албадах чадвар» юм. Сайн загасчин сахилгатай байдаг. Тухайлбал: өглөө эрт босох, ажлаа хийж дуусгах, тэнгэр муухай байсан ч шантрахгүйн тулд өөрийгөө албадах ёстой. Тэвчээртэй байя, ажлаа дуусгая гэвэл бид бас сахилга баттай байх шаардлагатай (Мат. 10:22).

16. Яавал сахилгатай болох вэ?

16 Сахилга батыг өвлөж авдаггүй. Ямар ч хүн аливаа юмыг эсэргүүцэх төрөлхийн хандлагатай. Сахилгатай байхын тулд өөрийгөө захирах хэрэгтэй болдог. Тийм учраас хэцүү санагдсан юмыг хийж сурахын тулд тусламж авах хэрэгтэй. Ехова агуу хүчээрээ тэрхүү тусламжийг өгдөг (Гал. 5:22, 23).

17. Элч Паул сахилга баттай болохын тулд юу хийсэн гэж 1 Коринт 9:25–27-д бичсэн бэ?

17 Элч Паул сахилга баттай хүн байжээ. Гэсэн ч зөв юм хийхийн тулд «өөрийгөө зовоох» хэрэгтэй байснаа хүлээн зөвшөөрсөн (1 Коринт 9:25–27-г уншина). Тэрбээр сахилга баттай болж, бүх юмыг «зохистой, эмх замбараатай» байлгахыг уриалжээ (1 Кор. 14:40). Бид Еховаг шүтэх үйл хэрэгт, түүний дотор хүмүүсийг загасчлах ажилд тогтмол оролцохын тулд нөр их хөдөлмөрлөх ёстой (Үйлс 2:46).

БҮҮ ХОЙШЛУУЛААРАЙ

18. Ехова бидний амжилтыг юугаар дүгнэдэг вэ?

18 Загасчин хүн хэр олон загас барьснаараа амжилтаа дүгнэдэг. Харин бид хэр олон хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалснаараа амжилтаа дүгнэдэггүй (Лук 8:11–15). Сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлаа хийгээд л байвал Ехова биднийг амжилттай явж байна гэж дүгнэнэ. Яагаад? Өөрт нь болон Хүүд нь дуулгавартай байгаа учраас тэр юм (Марк 13:10; Үйлс 5:28, 29).

19, 20. Дэлгэрүүлэх ажилд яарах сэтгэлээр оролцох ямар шалтгаан байдаг вэ?

19 Зарим улсад хэдээс хэдэн сарын хооронд загасчилж болохыг заасан байдаг. Тийм учраас загасчид зөвшөөрлийн хугацаа дуусах тийшээ хандахлаар улам яардаг. Хүмүүсийн загасчин бид бас дэлгэрүүлэх ажилд яарах сэтгэлээр оролцдог. Энэ тогтолцооны төгсгөл маш хурдан ойртож байна! Амь аврах ажил тун удахгүй дуусна. Таатай нөхцөл бүрдэхийг хүлээж энэ чухал ажилд оролцохоос хойш бүү суугаарай (Ном. 11:4).

20 Дэлгэрүүлэх хүслээ оргилуулж, Библийн мэдлэгээ арвижуулж, эр зоригтой, сахилга баттай болохын тулд одооноос хичээгээрэй. Хүмүүсийг загасчилдаг 8 сая гаруй хүнтэй нэгдээрэй. Тэгвэл та Еховагийн өгдөг баяр баясгаланг мэдэрнэ (Нех. 8:10). Энэ ажилд бүх хүчээ дайчилж, одоо боллоо гэж Еховаг хэлтэл оролцоорой. Хаант төрийн тухай дэлгэрүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр эргэлт буцалтгүй шийдэхэд тустай гурван зүйлийг дараагийн өгүүллээр үзье.

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

^ д/м 5 Есүс даруу зантай, ажилсаг загасчдыг «хүмүүсийн загасчин» буюу шавиа болгохоор урьж байсан. Тэрбээр ийм зан төлөвтэй хүмүүсийг өнөөдөр ч урьдаг. Есүсийн шавь болох эсэхээ шийдэж чадахгүй байгаа суралцагчид яах нь зүйтэйг энэ өгүүллээр ярилцана.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: «Хүмүүсийн загасчин» гэдгээр сайн мэдээ дэлгэрүүлдэг, Христийн шавь бэлддэг бүх хүнийг хэлдэг.

^ д/м 10 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2018 оны 10-р сарын дугаарын 11–16-р хуудсанд нийтлэгдсэн «Бурхны тухай үнэнийг заах нь» гэсэн өгүүллийг үзээрэй.