Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 39

Итгэл нэгт эмэгтэйчүүддээ урам хайрлаарай

Итгэл нэгт эмэгтэйчүүддээ урам хайрлаарай

«Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна» (ДУУ. 68:11).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ *

Идэвх зүтгэлтэй, зав чөлөөгүй Гэрч бүсгүйчүүд цуглаанд явж, сайн мэдээ дэлгэрүүлж, цуглааны танхим цэвэрлэх, засварлах ажилд оролцож, итгэл нэгтнүүддээ санаа тавьдаг (1-р догол мөрийг үзээрэй)

1. Гэрч эмэгтэйчүүд Еховагийн байгууллагад ямар хувь нэмэр оруулдаг вэ? Тэдэнд ямар бэрхшээл тохиолддог вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

ШАРГУУ хөдөлмөрлөдөг эмэгтэйчүүд хурлуудад олон байдаг нь хэчнээн бахархмаар вэ! Жишээлбэл тэд цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцдог, танхим засварлах ажилд тусалдаг, итгэл нэгтнүүддээ санаа тавьдаг. Мэдээж тэдэнд янз бүрийн бэрхшээл тохиолддог. Зарим нь настай эцэг эхээ асардаг. Заримыг нь гэр бүлийнхэн нь эсэргүүцдэг. Үр хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлэх гэж нөр их ажилладаг нэг нь ч бий.

2. Эмэгтэйчүүдэд яагаад урам хайрлах хэрэгтэй вэ?

2 Эмэгтэйчүүдэд яагаад урам хайрлах хэрэгтэй вэ? Энэ ертөнцийн ихэнх хүн тэднийг зохих ёсоор хүндэлдэггүй учраас тэр юм. Түүнээс гадна, тэднийг дэмжиж байгаарай гэсэн зөвлөгөө Библид бий. Тухайлбал, Фойбыг «хүлээж аваад хэрэгтэй бүхнээр нь туслахыг» элч Паул Ром дахь хурлынхнаас хүсжээ (Ром 16:1, 2). Паул урьд нь фарисайчуудын заншлын дагуу эмэгтэйчүүдийг дорд үздэг байсан биз ээ. Харин одоо Христийн дагалдагч учраас эмэгтэйчүүдийг хүндэлж, сайхан сэтгэлээр ханддаг Есүстэй адил болжээ (1 Кор. 11:1).

3. Есүс эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан бэ? Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байсан бэ?

3 Есүс эмэгтэй хүн бүрийг хүндэлдэг байсан (Ёох. 4:27). Тэр үеийн иудейн шашны удирдагчид эмэгтэйчүүдийг дорд үздэг байсан бол, Есүс огт өөр байлаа. Библийг тайлбарласан нэг номд «Есүс эмэгтэйчүүдийг хэзээ ч гутааж, дорд үзэж байгаагүй» гэжээ. Эцгийнх нь хүсэл тааллыг биелүүлдэг эмэгтэйчүүдийг бүр ч их хүндэлдэг байв. Есүсийн хувьд тэд төрсөн эгч дүүгээс нь өөрцгүй байсан. Эрчүүдийг өөрийнхөө гэр бүлийнхэнд тооцдог гэж хэлэхдээ эмэгтэйчүүдийг бас дурджээ (Мат. 12:50).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Есүс Еховад үйлчилдэг эмэгтэйчүүдэд туслахад хэзээд бэлэн байсан. Талархаж магтдаг байсан. Бас өмгөөлж хамгаалдаг байсан. Есүсийг хэрхэн дуурайж тэдэнд санаа тавихыг ярилцъя.

ХАЙРТ ЭГЧ ДҮҮ НАРТАА САНАА ТАВИХ НЬ

5. Зарим Гэрч эмэгтэй яагаад хурлынхантайгаа найзалж нөхөрлөж чаддаггүй вэ?

5 Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бид бүгдээрээ хүмүүстэй сайхан харьцаатай байж, найзалж нөхөрлөх учиртай. Гэхдээ Гэрч эмэгтэйчүүдийн зарим нь тэгж чаддаггүй. Яагаад? Дараах бүсгүйчүүдийн яриаг сонирхъё. Жордан * гэдэг Гэрч эмэгтэй: «Би ганц бие учраас хуралд миний хэрэг байхгүй юм шиг санагддаг» гэжээ. Кристен гэдэг эхлэгч үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд өөр хуралд шилжиж очжээ. Тэрбээр: «Шинэ хуралд очихоор эхэндээ ганцаарддаг юм билээ» гэсэн юм. Эрэгтэй хүнд ч ийм мэдрэмж төрдөг. Еховагийн Гэрч биш гэрийнхэнтэйгээ амьдардаг Гэрч хүн гэртээ ч, хуралдаа ч ганцаардах нь бий. Зарим эмэгтэйчүүд өвчин тусах юм уу өвчтэй хүн асраад гэрээсээ гарч чаддаггүй. Үүнээсээ болоод ганцаарддаг байж болох юм. Аннетт: «Би ээжийгээ асардаг гол хүн байсан болохоор уулзалт үдэшлэгт очиж чаддаггүй байлаа» хэмээн ярьсан.

Бид Есүсийг дуурайн үнэнч эмэгтэйчүүдэд санаа тавьж чадна (6–9-р догол мөрийг үзээрэй) *

6. Лук 10:38–42-т бичсэнийг үзвэл Есүс эгч дүү хоёрт хэрхэн тусалсан бэ?

6 Есүс бол Еховад үнэнч эмэгтэйчүүдэд цаг заваа зориулдаг жинхэнэ найз юм. Мариа Марта хоёртой хэрхэн нөхөрлөж байсныг авч үзье. Тэдний хэн хэн нь ганц бие байсан бололтой (Лук 10:38–42-ыг уншина). Есүс үг яриа, үйл хэргээрээ хэний ч сэтгэлийг татдаг учраас тэд түүнтэй хамт байхдаа биеэ огтхон ч барьдаггүй байжээ. Жишээ нь нэг удаа Мариа Есүсийн хөлд суугаад * сургаалыг нь сонсож байв. Тэгтэл Марта Есүсийн яриаг тасалж, Мариа надад туслахгүй байна гэж гомдоллосон. Тэгэхэд нь Есүс маш чухал зүйлийг хоёуланд нь хэлж өгчээ. Тэр явдлаас хойш гэрт нь хэдэн удаа очиж энэ хоёр эмэгтэйд, бас ах Лазарт нь санаа тавьжээ (Ёох. 12:1–3). Лазарыг хүнд өвчин тусахад Мариа Марта хоёр Есүсээс тусламж гуйхаасаа санаа зовоогүй нь ийм учиртай (Ёох. 11:3, 5).

7. Гэрч эмэгтэйчүүдийн урмыг сэргээх нэг арга юу вэ?

7 Зарим Гэрч эмэгтэйн хувьд цуглаан бол итгэл нэгтнүүдтэйгээ хамт байх сайхан боломж байдаг. Тиймээс энэ боломжийг ашиглан тэдэнтэйгээ мэндэлж, ярьж хөөрөх зэргээр санаа тавьж байгаагаа мэдрүүлэх нь зүйтэй. Дээр дурдсан Жордан: «Хариултыг минь анхааралтай сонсоход, намайг дэлгэрүүлэх ажилд урихад, өөр ямар нэгэн байдлаар надад санаа тавихад үнэхээр урамтай байдаг» гэжээ. Итгэл нэгт бүсгүйчүүдээ хүндэлж явдгаа мэдрүүлцгээе. Киа: «Цуглаанд очиж чадаагүй өдөр итгэл нэгтнүүдээс мессеж заавал ирдэг. Үүнийг би санаа тавьж байгаагийн илрэл гэж боддог» гэж ярьсан юм.

8. Есүсийг хэрхэн дуурайх вэ?

8 Есүсийг дуурайн итгэл нэгт эмэгтэйчүүддээ цаг заваа зориулж болно. Жишээ нь гэртээ уриад цай уух зэргээр чөлөөт цагаараа хөгжилдөж болох юм. Тийм үед сэтгэл сэргээм зүйлийг ярих нь зүйтэй (Ром 1:11, 12). Ахлагчид Есүсийнхтэй адилхан хандлагатай байх нь чухал. Зарим хүнд ганц бие байх нь амаргүйг Есүс мэддэг байсан. Гэхдээ үүрдийн жаргал гэрлэх юм уу үр хүүхэдтэй болохоос шалтгаалахгүйг тодорхой хэлсэн (Лук 11:27, 28). Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьдаг бол дундаршгүй жаргал эдэлдэг (Мат. 19:12).

9. Ахлагчид Гэрч эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж болох вэ?

9 Ахлагчид Гэрч эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ, ээж шигээ үзэх нь онцгой чухал (1 Тим. 5:1, 2). Цуглааны өмнө юм уу дараа зав гарган тэдэнтэй ярилцах нь сайн. Кристен: «Намайг завгүй байгааг нэг ахлагч анзаараад цагийн хуваарийг минь асуусан. Надад санаа тавьсанд нь маш их баярласан» гэж ярьсан юм. Ахлагчид итгэл нэгт эмэгтэйчүүдтэй ярилцах цаг зав тогтмол гаргадаг бол санаа тавьж буйн илрэл болно. * Аннетт ахлагчидтай тогтмол ярилцахын нэг ач тусыг онцолж: «Би тэднийг, тэд намайг сайн мэддэг болсон. Тийм болохоор хүнд үедээ тэднээс тусламж гуйхаасаа санаа зовдоггүй» гэжээ.

ГЭРЧ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТАЛАРХАХ НЬ

10. Эмэгтэйчүүдийг баярлуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

10 Авьяас чадварыг нь мэддэг, хийсэн ажлыг нь үнэлдэг бол эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн баярладаг. Харин хэн ч үнэлэхгүй, талархахгүй бол гуньж гутарна. Бусад хүн өөрийг нь анзаарахгүй байгаа юм шиг санагдах үе байдгийг Абигаил гэдэг ганц бие эхлэгч хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр: «Хүмүүс намайг тэрний эгч, дүү эсвэл тэрний охин л гэж мэддэг. Би заримдаа үл үзэгдэгч болчихдог бололтой» гэжээ. Тэгвэл Пам гэдэг ганц бие эмэгтэйн юу ярьсныг анхааръя. Тэрбээр олон жил миссионероор үйлчилсний эцэст эцэг эхээ асрахаар нутаг буцжээ. Одоо 70 гарсан ч эхлэгчээр үйлчилж байна. Пам: «Хийж байгаа зүйлийг минь үнэлж, талархахаар надад маш сайхан санагддаг» гэсэн юм.

11. Есүс өөрт нь үйлчилдэг эмэгтэйчүүдэд хэрхэн талархдаг байсан бэ?

11 Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд Есүст үйлчилж, «эд хөрөнгөөрөө туслах» завшаан эдэлдэг байв. Есүс ч их талархдаг байжээ (Лук 8:1–3). Есүс тэдэнд ийм завшаан олгоод зогсоогүй Бурхны хүсэл тааллын тухай маш чухал зүйлийг зааж өгсөн. Жишээлбэл үхээд амилна гэдгээ хэлсэн (Лук 24:5–8). Удахгүй таагүй явдал тохиолдохыг элч нартаа төдийгүй эмэгтэйчүүдэд хэлж сэтгэл санааг нь бэлджээ (Марк 9:30–32; 10:32–34). Есүсийг баривчлах үед элч нар зугтсан бол, Есүсийг дэмждэг зарим эмэгтэй түүнээс холдоогүй. Бүр шонд хадуулж амиа алдаж байхад нь ч дэргэд нь байсныг тэмдэглүүштэй (Мат. 26:56; Марк 15:40, 41).

12. Есүс эмэгтэйчүүдэд ямар ажил даалгасан бэ?

12 Есүс эмэгтэйчүүдэд чухал ажил даалгадаг байсан. Жишээ авъя. Бурхнаас эмээдэг эмэгтэйчүүд Есүсийн амилсныг анх харжээ. Энэ мэдээг элч нарт хүргэх даалгаврыг Есүс тэдэнд өгсөн (Мат. 28:5, 9, 10). Түүнээс гадна, МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар агуу хүчээр тослогдсон шавь нарын дунд эмэгтэйчүүд байсан байх. Хэрэв тийм бол тэд гайхамшгаар гадаад хэлээр ярих чадвартай болж, «Бурхны хүчирхэг үйлсийн талаар» хүмүүст ярьсан байж таарна (Үйлс 1:14; 2:2–4, 11).

13. Орчин үеийн Гэрч эмэгтэйчүүд юу хийдэг вэ? Тэдэнд хэрхэн талархах вэ?

13 Еховагийн төлөө их юм хийдэг өнөөгийн эмэгтэйчүүд магтаал хүртэх зохистой. Тэд барилга барих, засварлах ажилд оролцдог, гадаад хэлний бүлгүүдэд тусалдаг, Бетелд сайн дураараа ажилладаг. Гамшигт нэрвэгдэгсдэд тусалдаг, ном хэвлэл орчуулдаг, байнгын эхлэгч, миссионероор үйлчилдэг. Эрчүүдийн нэгэн адил эхлэгчийн сургууль, Сайн мэдээ тунхаглагчийн сургууль, Гилеад сургуульд сурдаг. Түүнээс гадна, хурал болон байгууллагатай холбоотой амаргүй үүрэг гүйцэтгэж байгаа нөхөртөө тусалдаг эмэгтэйчүүд олон. Хариуцлагатай үүрэгтэй тэр эрчүүд бол Бурхны өгсөн «бэлэг» юм. Тэд бусдын төлөө их юм хийдэг. Гэхдээ эхнэрүүд нь дэмждэггүй байсан бол тэдэнд амаргүй байх нь ойлгомжтой (Эф. 4:8). Та тэр эмэгтэйчүүдэд хэрхэн тусалъя гэж бодож байна вэ?

14. Ахлагчид Дуулал 68:11-ийг үндэс болгон эмэгтэйчүүдтэй юуны тухай ярилцдаг вэ?

14 Сайн дурын ажилчид болон чадварлаг дэлгэрүүлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байдгийг ахлагчид мэддэг (Дуулал 68:11-ийг уншина). Тиймд эмэгтэйчүүдтэй уулзаж туршлага судалдаг. Ахлагчид, дээр дурдсан Абигаилаас хэсгийнхээ хүмүүстэй яриа эхлэхийн тулд үр дүнтэй ямар арга олсныг нь асуухад баярласан ажээ. Абигаил: «Ехова намайг байгууллагадаа хэрэгтэй хүн гэж үздэгийг ойлгосон» гэж ярьсан юм. Түүнээс гадна, төлөвшсөн үнэнч эмэгтэйчүүд бэрхшээлийг давах аргыг залуу бүсгүйчүүдэд зааж өгөхдөө гаргууд байдгийг ахлагчид мэддэг (Тит 2:3–5). Тэгэхлээр Гэрч эмэгтэйчүүд магтаал, хүндэтгэл хүртэх зохистой хүмүүс юм!

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ӨМГӨӨЛӨХ НЬ

15. Гэрч эмэгтэйчүүдэд ямар тусламж хэрэгтэй вэ?

15 Гэрч эмэгтэйчүүдэд төвөгтэй асуудал тулгарахад тэднийг өмгөөлөх хүн хэрэгтэй болж мэдэх юм (Ис. 1:17). Жишээлбэл Гэрч эмэгтэй бэлэвсрэх юм уу нөхрөөсөө салбал төлөөлж ярих хүн хэрэгтэй бөгөөд нөхрийнх нь хийдэг байсан зарим ажлаас хийлцэх хэрэг гарч болно. Эмч мэргэжилтэнтэй ярихад настай эмэгтэйд тусламж шаардлагатай болж мэднэ. Еховагийн байгууллагад сайн дураараа ажилладаг эхлэгч эмэгтэйг бусад эхлэгч шиг дэлгэрүүлдэггүй гэж шүүмжилбэл өмөөрч ярих хэрэг гарч магадгүй. Эмэгтэйчүүдэд өөр яаж туслах вэ? Есүсийн жишээг дахин бодъё.

16. Марк 14:3–9-ийг үзвэл Есүс Мариаг хэрхэн өмөөрсөн бэ?

16 Бурханд үнэнч эмэгтэйчүүдийг буруу ойлгох явдал гарахад Есүс шууд л өмөөрч байсан. Жишээ нь Марта Мариаг шүүмжлэхэд Есүс өмөөрсөн (Лук 10:38–42). Нэг удаа хүмүүс Мариаг буруу юм хийлээ гэж загнахад Есүс түүнийг бас л өмөөрдөг (Марк 14:3–9-ийг уншина). Есүс Мариагийн сэтгэлийг ойлгоод, «Надад сайн юм хийлээ. ... Энэ эмэгтэй чадахаа л хийлээ» гэж хэлэн түүнийг магтсан. Түүгээр ч барахгүй, «Сайн мэдээ дэлхийн хаана ч тунхаглагдсан, энэ эмэгтэйн юу хийснийг дурсаж ярина» гэж зөгнөсөн. Мариагийн сайн үйлсийг энэхүү өгүүллээр ярилцаж байгаа нь уг зөгнөл биелж буйн баталгаа юм. Есүс Мариаг амин хувиа бодоогүй гэж магтахдаа сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана гэж хэлсэн нь сонирхолтой! Буруугүй атлаа зэмлүүлсэн Мариа Есүсийн үгийг сонсоод ямар их тайвширсан бол оо!

17. Гэрч эмэгтэйг ямар үед өмөөрөх хэрэгтэйг жишээгээр хэлнэ үү.

17 Та итгэл нэгт эмэгтэйчүүдээ шаардлагатай үед өмөөрдөг үү? Дараах жишээг бодоорой. Гэрч биш нөхөртэй эмэгтэй цуглаандаа голдуу хоцорч ирээд, цуглаан дуусангуут гараад явна. Хүүхдээ хааяа л авчирна. Үүнийг анзаарсан зарим дэлгэрүүлэгч тэр эмэгтэйг шүүмжилж, хүүхдээ цуглаанд дагуулж ирэхийг нөхрөөрөө яагаад зөвшөөрүүлж болдоггүй юм бэ гээд л ярьж гарав. Гэтэл чадах бүхнээ хийдгийг нь тэд мэдэхгүй. Ажил төрлөө зохицуулах, хүүхдүүдээ цуглаанд авч явахыг ганцаараа шийдэх аргагүй шүү дээ. Тийм шүүмж сонсвол та яах вэ? Хэрэв тэр эмэгтэйг магтаж, чадлаараа зүтгэж байгааг нь сануулбал тэд шүүмжлэхээ болих биз ээ.

18. Гэрч эмэгтэйчүүдэд өөр яаж туслах вэ?

18 Бид итгэл нэгт эмэгтэйчүүддээ үнэхээр санаа тавьдаг бол шаардлагатай тусламж үзүүлнэ (1 Ёох. 3:18). Өвчтэй ээжийгээ асардаг байсан Аннетт: «Зарим найз маань хоол унд авчирна. Зарим нь ээжийг асрах гээд ирнэ. Тэгэхээр нь би бусад ажлаа амжуулна. Надад ямар их хайртай юм бэ, би хуралдаа хэрэгтэй юм байна гэсэн бодол төрдөг байсан» гэжээ. Жордан ч бас тусламж авчээ. Нэг Гэрч эрэгтэй машинаа яаж тордож байхыг түүнд зааж өгсөн байна. Жордан: «Итгэл нэгтнүүд маань надад санаа тавьж, машинаараа аюул осолгүй яваасай гэж хүсдэгийг харахаар сайхан байна» гэсэн юм.

19. Ахлагчид эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж болох вэ?

19 Ахлагчид бас Гэрч эмэгтэйчүүдэд санаа тавьдаг. Ехова үүнийг анхаарч байдгийг тэд мэддэг (Яак. 1:27). Тийм учраас онцын шаардлагагүй үед хатуу дүрэм журам гаргахын оронд Есүсийг дуурайн ухаалаг байж тэднийг ойлгохыг хичээдэг (Мат. 15:22–28). Ахлагчид эмэгтэйчүүдэд туслахдаа Еховагийн хайрыг мэдрүүлж, тусалж дэмжих хамт олонтойг нь ойлгуулахыг хичээдэг. Киаг өөр байранд нүүж орох гэж байгааг бүлэг хариуцагч нь мэдмэгцээ туслах ажил зохион байгуулжээ. Киа: «Ахлагчид их ажил нугалж өгсөн шүү. Тэд сэтгэл сэргээм юм ярихаас гадна бодитой тусламж үзүүлсэн болохоор хуралд миний хэрэг байдаг юм байна, хүнд үед ганцаардахгүй юм байна гэдгээ ойлгосон» гэжээ.

ХУРЛЫН БҮХ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ

20, 21. Хурлынхаа эмэгтэйчүүдийг хайрладгаа хэрхэн батлах вэ?

20 Хурлынхнаа тойруулаад нэг хараарай. Ажилч хичээнгүй, үлгэр дуурайл болсон, дэмжлэг тусламж авах зохистой Гэрч эмэгтэйчүүд олон байгаа биз? Энэ өгүүллээр, Есүсийн жишээг судлаад эмэгтэйчүүдэд цаг заваа зориулж, тэднийг сайн мэддэг болох хэрэгтэйгээ ойлголоо. Бурхны төлөө хийдэг бүхнийг нь үнэлж, талархах учиртайг мэдлээ. Шаардлагатай үед тэднийг өмөөрөх ёстойг ч мэдэж авлаа.

21 Элч Паул ромчуудад бичсэн захидлынхаа төгсгөлд Христийн дагалдагч есөн эмэгтэйн нэрийг дурдаж мэнд хүргээд, магтаж сайшаасан байдаг (Ром 16:1, 3, 6, 12, 13, 15). Үүнийг сонссон тэр эмэгтэйчүүд баярласан нь эргэлзээгүй. Бид ч бас хурлынхаа эмэгтэйчүүдэд дэм болох учиртай. Ингэдэг бол тэднийг гэр бүлийнхээ гишүүд хэмээн хайрладгаа батлан харуулна.

ДУУ 26 Бурхантай хамт алхагтун!

^ д/м 5 Гэрч эмэгтэйчүүдэд янз бүрийн бэрхшээл учирдаг. Есүсийг дуурайн тэдэндээ хэрхэн урам хайрлахыг энэ өгүүллээр үзнэ. Есүс эмэгтэйчүүдэд цаг заваа зориулж, тэднийг хайрлан хүндэлж, өмгөөлөн хамгаалдаг байсан.

^ д/м 5 Зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 6 Нэг нэвтэрхий тольд бичсэнээр, багшийнхаа хөлд суухыг багш болохоор бэлтгэгдэж буй шавь нарт зөвшөөрдөг байсан. Харин эмэгтэйчүүд багш болох эрхгүй байжээ. Тийм болохоор Есүсийн хөлд суугаад, сургаалыг нь шимтэн сонсож байгаа Мариаг харсан бол еврей эрчүүдийн ихэнх нь гайхаж цочирдох байв.

^ д/м 9 Ахлагчид эмэгтэйчүүдэд туслахдаа зарим нэг зүйлийг анхаарах шаардлагатай. Жишээ нь гэрт нь ганцаараа очихоос зайлсхийгээрэй.

^ д/м 65 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Есүсийг дуурайн, Бурханд үнэнч эмэгтэйчүүдэд санаа тавьдаг Гэрч эрчүүд. Нэг нь хоёр эмэгтэйн машины дугуйг сольж өгч байна. Нөгөө нь бие муутай эгчийг эргэж байна. Гурав дахь нь эхнэртэйгээ хамт ээж охин хоёрын гэрт очиж гэр бүлийн хичээл хийх гэж байна.