Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 40

«Чамд даалгасан юмыг хамгаал»

«Чамд даалгасан юмыг хамгаал»

«Тимот оо, чамд даалгасан юмыг хамгаал» (1 ТИМ. 6:20).

ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя

ТОЙМ *

1, 2. 1 Тимот 6:20-ийг үзвэл, Тимотод даалгасан юм нь юу байсан бэ?

ҮНЭ ЦЭНТЭЙ юмаа бид найдвартай газар эсвэл итгэлтэй хүнд өгч хадгалуулдаг. Жишээ нь, мөнгөө банкинд хадгалдаг. Тийм учраас мөнгө минь алга болох вий, хулгайд алдагдах вий гэж айдаггүй. Тэгэхээр, үнэтэй юмаа хэн нэгэнд хариуцуулна, хадгалуулна гэж юу гэсэн үг болохыг бид мэддэг.

2 1 Тимот 6:20-ийг уншина. Элч Паул Тимотод үнэтэй юм хариуцаж авсныг нь сануулсан. Тэр нь хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгын тухай үнэн зөв мэдлэг юм. Тимот бас «сайн мэдээг тасралтгүй тунхаглах» даалгавар авсан (2 Тим. 4:2, 5). Хариуцаж авсан юмаа хамгаалахыг Паул Тимотод зөвлөжээ. Бидэнд бас хариуцаж авсан үнэ цэнтэй юм бий. Тэр нь юу вэ? Еховагийн хариуцуулж өгсөн үнэтэй юмыг яагаад хамгаалах ёстой вэ?

ҮНЭНИЙГ ХАРИУЦУУЛСАН НЬ

3, 4. Библийн үнэнийг үнэ цэнтэй гэх ямар ямар шалтгаан байна вэ?

3 Ехова Библид байдаг үнэний тухай үнэн зөв мэдлэгийг бидэнд өгсөн. Энэ үнэн үнэ цэнтэй. Яагаад гэвэл үнэнийг мэдсэнээр Еховатай сайн харьцаа тогтоох, жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах аргад суралцдаг. Библид байдаг Бурхны тухай үнэнийг хүлээн зөвшөөрч, үнэний дагуу амьдардаг болсон хүн худал хуурмаг сургаал хийгээд ёс суртахуунгүй явдлын хүлээснээс чөлөөлөгддөг (1 Кор. 6:9–11).

4 Бурхны Үгэнд байдаг үнэн ямар учраас үнэ цэнтэй байдгийн өөр нэг шалтгаан бий. Юу гэвэл, Ехова энэ үнэнийг «зөв хандлагатай» даруу хүмүүст л илчилдэг (Үйлс 13:48). Ехова «итгэмжит, ухаалаг боолоор» дамжуулан үнэнийг түгээдгийг даруу хүмүүс хүлээн зөвшөөрдөг (Мат. 11:25; 24:45). Бид өөрсдийн хүчээр энэ үнэнийг ойлгож чадахгүй. Үүн шиг үнэтэй юмыг өөр хаанаас ч олох аргагүй (Сур. 3:13, 15).

5. Ехова бидэнд өөр юу хариуцуулж өгсөн бэ?

5 Еховагийн бидэнд хариуцуулсан бас нэг зүйл бол өөрийнх нь болон санаа зорилгынх нь тухай үнэнийг заах хүндтэй үүрэг юм (Мат. 24:14). Бидний хүргэдэг мэдээ үнэлж баршгүй үнэ цэнтэй. Яагаад гэвэл Еховагийн гэр бүлд багтаж, мөнх амьдрах боломжийг олгодог (1 Тим. 4:16). Бид дэлгэрүүлэх ажилд их бага ямар нэгэн хэмжээгээр оролцдог маань энэ цаг үеийн хамгийн чухал ажилд хувь нэмэр оруулж буй хэрэг юм (1 Тим. 2:3, 4). Бурхны хамтран зүтгэгч байна гэдэг ямар их нэр төрийн хэрэг вэ! (1 Кор. 3:9).

ЕХОВАГИЙН ДААЛГАСАН АЖЛЫГ ҮНЭЛЭЭРЭЙ!

Бусад хүн үнэний замаас гарч байхад Тимот үнэнээс зуурсаар байсан (6-р догол мөрийг үзээрэй)

6. Зарим хүн яасан бэ?

6 Тимотын үед амьдарч байсан зарим хүн Бурхны хамтран зүтгэгч байх завшаанаа үнэлээгүй. Дем энэ ертөнцийг хайрлаад Паултай хамт үйлчлэх завшаанаа үл тоомсорлосон (2 Тим. 4:10). Фугел Хермоген хоёр Паулд тулгарсан хавчлага өөрсдөд нь тулгарах вий гэж айгаад дэлгэрүүлэхээ больсон бололтой (2 Тим. 1:15). Хүмэнай Александр Филет нар Еховад тэрсэлж, үнэнийг орхисон (1 Тим. 1:19, 20; 2 Тим. 2:16–18). Энэ хүмүүс урьд нь Еховад хайртай байсан ч даалгасан ажлыг нь үнэлэхээ больжээ.

7. Сатан бидний эсрэг ямар арга хэрэглэдэг вэ?

7 Еховагийн хариуцуулж өгсөн үнэ цэнтэй юмыг үнэлэхгүй болгохын тулд Сатан ямар арга хэрэглэдэг вэ? Зарим аргыг нь бодож үзье. Үнэнээс зуурч буй гарыг маань сулруулахын тулд зугаа цэнгэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан бодол санаа, биеэ авч явах байдлыг маань өөрчлөх гэж оролддог. Биднийг үе тэнгийнхэн маань дарамталбал эсвэл хүмүүс эсэргүүцэж хавчвал айгаад дэлгэрүүлэхээ болино гэж Сатан боддог. Мөн биднийг үнэнээс холдуулахын тулд тэрслэгчдийн сургаалаар сэтгэлийг маань татах гэж хичээдэг (1 Тим. 6:20, 21).

8. Дэниел гэдэг Гэрчид тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?

8 Хэрэв бид болгоомжлохгүй бол үнэнээс аажмаар холдож болзошгүй. Нэг жишээ авъя. Дэниел * гэдэг Гэрч компьютер тоглоомд дуртай байжээ. Тэрбээр: «Би арваад настайгаасаа компьютер тоглоом тоглож эхэлсэн. Эхэндээ хал балгүйг нь сонгож тоглодог байсан. Харин яваандаа зодоон цохион, сүнс чөтгөртэй тоглоом тоглодог болсон» гэсэн юм. Сүүлдээ өдөрт 15 цаг тоглодог болжээ. Дэниел: «Үнэндээ бол би тоглож байгаа тоглоом, зарцуулж байгаа цаг хугацаанаас болоод Еховагаас холдож байгаагаа мэдэж байсан. Гэхдээ Библийн зарчим надад хамаагүй гэж боддог болтлоо зүрх минь хатуурсан байлаа» гэжээ. Хэрэв бид үзэж харах, тоглож наадах зүйлээ анхаарахгүй бол үнэнээс зуурч байсан гар маань суларч мэднэ. Ингэвэл Еховагийн хариуцуулж өгсөн үнэтэй зүйлийг алдана.

ҮНЭНЭЭС ЗУУРАХ НЬ

9. 1 Тимот 1:18, 19-ийг үзвэл, Паул Тимотыг ямар хүнтэй зүйрлэсэн бэ?

9 1 Тимот 1:18, 19-ийг уншина. Паул Тимотыг цэрэгтэй зүйрлээд, «сайн тэмцэхийг» зөвлөсөн. Гэхдээ Паул шууд утгаар дайтахыг хэлээгүй. Христийн дагалдагчид тулалдаанд орж буй цэрэгтэй юугаараа адилхан бэ? Христийн цэргүүд бид ямар зан чанартай болох хэрэгтэй вэ? Үнэнээс зуурахад тустай таван зүйлийг Паулын хэлсэн жишээнээс мэдэж авъя.

10. Бурханд үнэнч байх гэдгийг өөрөөр юу гэж хэлж болох вэ? Яагаад үнэнч байх хэрэгтэй вэ?

10 Бурханд үнэнч байх нь. Сайн цэрэг үнэнч байдаг. Хайртай хүнээ эсвэл үнэтэй гэж үздэг юмаа хамгаалахын тулд шаргуу тэмцдэг. Бурханд үнэнч байх буюу Бурхныг үнэнчээр хайрлахыг зорилго болгоорой гэж Паул Тимотод зөвлөжээ (1 Тим. 4:7). Бурхныг хайрлаж, үнэнч байх тусам үнэнээс зуурах хүсэл төдийчинээ хүчтэй оргилно (1 Тим. 4:8–10; 6:6).

Өдөржингөө ажиллаад ядарсан бол цуглаанд очихын тулд өөрийгөө хүчлэх хэрэг гарч мэднэ. Гэхдээ ивээл хүртэх нь зайлшгүй! (11-р догол мөрийг үзээрэй)

11. Бид яагаад сахилгатай байх хэрэгтэй вэ?

11 Сахилга баттай болох нь. Цэрэг хүн албандаа тэнцэхийн тулд өөрийгөө дасгалжуулдаг байх ёстой. Тимот Паулын зөвлөснөөр, буруу юм хүсэхээс зайлсхийж, Бурхны таалалд нийцдэг зан чанартай болох гэж хичээсэн. Бас итгэл нэгтнүүдтэйгээ байнга холбоотой байсан. Тийм учраас Сатаны нөлөөнд автаагүй (2 Тим. 2:22). Ингэхийн тулд сахилга баттай байх шаардлагатай байв. Бид махан биеийн хүсэл тачаалтайгаа тэмцэж ялахын тулд сахилгатай байх хэрэгтэй (Ром 7:21–25). Хуучин хүнээ тайлж, шинэ хүнийг өмсөхөд ч сахилга бат хэрэгтэй (Эф. 4:22, 24). Өдөржингөө ажиллаад ядарсан бол оройн цуглаанд очихын тулд өөрийгөө хүчлэх хэрэг гарч мэднэ (Евр. 10:24, 25).

12. Библийг ашиглах чадвараа хэрхэн сайжруулах вэ?

12 Цэрэг хүн дасгал сургууль хийх хэрэгтэй байдаг. Зэр зэвсгээ гарамгай эзэмшихийн тулд тогтмол хичээллэх шаардлагатай. Үүн шиг, бид Бурхны Үгийг сайтар ашиглаж сурах хэрэгтэй (2 Тим. 2:15). Цуглаанд суухлаар зарим аргыг сурч авдаг. Гэхдээ Библийн үнэнийг үнэхээр үнэ цэнтэй гэж бусдад итгүүлэн үнэмшүүлье гэвэл Библийг бие дааж тогтмол судалдаг байх учиртай. Бурхны Үгээр итгэлээ батжуулах хэрэгтэй. Үүний тулд Библийг уншаад өнгөрөх биш, уншсанаа эргэцүүлэн бодож, байгууллагынхаа ном хэвлэлийг судлах нь чухал. Ингэвэл зөв ойлгоно, амьдралдаа хэрэгжүүлнэ (1 Тим. 4:13–15). Улмаар Бурхны Үгийг заах чадвартай болно. Бурхны Үгийг заах гэдэг нь Библийн зүйлийг уншиж өгөх төдийхнийг хэлдэггүй. Тухайн зүйлийг ойлгуулж, өөрт нь ямар хамаатайг бодуулна гэсэн үг. Библийг бие дааж тогтмол судлах хэвшилтэй бол Бурхны агуу хүчний удирдлагаар бичигдсэн Үгийг нь хүмүүст илүү сайн заадаг болно (2 Тим. 3:16, 17).

13. Еврей 5:14-т бичсэнийг харвал бид яагаад зөв бурууг ялгаж сурах ёстой вэ?

13 Зөв бурууг ялгаж сурах нь. Цэрэг хүн аюулыг урьдаас олж хараад зугтах ёстой. Бид бас ямар нөхцөл хор уршигтайг урьдаас олж харах чадвартай болох хэрэгтэй бөгөөд тийм аюулаас зугтдаг байх ёстой (Сур. 22:3; Еврей 5:14-ийг уншина). Жишээ нь үзэж харах, уншиж сонсох юмаа сонгохдоо ухаалаг байх нь чухал. Телевизийн шоу нэвтрүүлэг, кинонд их төлөв садар явдлыг харуулдаг. Ийм явдал Бурханд таалагддаггүй бөгөөд хор уршигтай. Тийм учраас Бурхныг гэсэн хайрыг маань аажмаар хөргөж мэдэх зугаа цэнгэлээс хол байцгаая (Эф. 5:5, 6).

14. Дэниел зөв бурууг ялгаж сурсны ачаар яасан бэ?

14 Дээр дурдсан Дэниел зодоон цохионтой, сүнс чөтгөртэй тоглоом тоглоод горыг нь амсаж байгаагаа ухаарч эхэлжээ. Тэгээд энэ асуудлаа шийдэхэд туслах материалыг «Харуулын цамхаг номын сан»-гаас олоод судлав. Үр дүн нь юу байсан бол? Муу нөлөөтэй тоглоомоор тоглохоо больсон байна. Онлайнаар тоглох захиалгаа цуцалж, бүх тоглогчоосоо харилцаагаа тасалжээ. Дэниел: «Компьютер тоглоом тоглохын оронд салхинд гарах юм уу хурлынхаа найзуудтай хамт хөгжилддөг болсон» гэжээ. Тэрбээр одоо ахлагч, эхлэгчээр үйлчилж байна.

15. Худал түүх ямар аюултай вэ?

15 Тэрслэгчдийн тараадаг худал мэдээллийн аюулыг олж хардаг байсан Тимотыг бид дуурайх учиртай (1 Тим. 4:1, 7; 2 Тим. 2:16). Тэрслэгчид итгэл нэгтнүүдийн маань талаар худал түүх зохиох юм уу Еховагийн байгууллагын талаар эргэлзээ төрүүлэхийг оролдож магадгүй. Энэ нь итгэлийг эвдэн бусниулах аюултай. Ийм суртал ухуулгад автахгүй байцгаая. Яагаад? «Үнэнийг ойлгохоо больсон, завхарсан бодолтой хүмүүс» тийм түүх зохиодог. Зорилго нь «маргаж мэтгэх» юм (1 Тим. 6:4, 5). Тэд худлаа юмандаа биднийг итгүүлж, ах дүү нараа хардаж сэрдэхэд хүргэдэг.

16. Бид юунд сатаарах ёсгүй вэ?

16 Сатааруулах юмнаас хол байх нь. Элч Паул «Христ Есүсийн жинхэнэ цэрэг» Тимотод мөнгө төгрөг, эд хөрөнгийн хойноос хөөцөлдөлгүй, харин Бурханд үйлчлэхийг голлон анхаарахыг зөвлөсөн (2 Тим. 2:3, 4). Бид бас эд хөрөнгөө арвижуулах хүсэлдээ дийлдэлгүй, гол юмаа анхаарах учиртай. «Эд баялагт хууртвал» Еховаг хайрлахаа, Үгийг нь эрхэмлэхээ, сайн мэдээ дэлгэрүүлэхээ больж мэднэ (Мат. 13:22). «Хаант төр[ийг] ... үргэлж эн тэргүүнд тавихад» цаг хүчээ зориулж, энгийн амьдрах ёстой (Мат. 6:22–25, 33).

17, 18. Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүйн тулд яах шаардлагатай вэ?

17 Нэн даруй арга хэмжээ авахад бэлэн байх нь. Цэрэг хүн өөрийгөө хамгаалахын тулд юу хийхээ урьдчилан төлөвлөх ёстой. Бид Еховагийн хариуцуулж өгсөн юмыг хамгаалахын тулд аюулыг олж харсан даруйдаа арга хэмжээ авах шаардлагатай. Ингэхийн тулд яах вэ? Аюул тулгарахад юу хийхээ урьдчилан төлөвлөх хэрэгтэй.

18 Жишээгээр бодъё. Ямар нэгэн үйл явдалд оролцохоор ирсэн хүмүүс хамгийн ойрхон байгаа аюулгүйн гарцыг хөтөлбөр эхлэхээс өмнө мэдэж авдаг. Яагаад? Гэнэтийн аюул тулгарвал хурдан гарах гэсэндээ тэр. Үүнтэй адил, интернэт хэрэглэж, кино эсвэл телевизийн нэвтрүүлэг үзэж байтал садар самуун явдал, зодоон цохион, алаан хядаан юм уу тэрслэгчдийн суртал ухуулга гэнэт гарч ирвэл ямар «гарцаар» зугтахаа урьдаас мэдсэн байх хэрэгтэй. Бэлтгэлтэй байдаг бол Еховатай тогтоосон харьцаанд сэв суулгах аюулаас хурдан зугтаж чадна. Тэгээд Ехова биднийг урьдын адил цэвэр ариун гэж үзнэ (Дуу. 101:3; 1 Тим. 4:12).

19. Еховагийн хариуцуулж өгсөн үнэ цэнтэй юмыг хамгаалбал ямар ивээл хүртэх вэ?

19 Бид Еховагийн хариуцуулж өгсөн үнэтэй юмыг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, Библийн үнэнийг болон бусдад заах завшаанаа эрхэмлэх ёстой. Тэгдэг бол цэвэр мөс чанартай байж, утга учиртай амьдарч, хүмүүст Еховаг таниулахын баяр жаргалыг эдэлнэ. Ехова туслах учраас бид хариуцуулж өгсөн юмыг нь хамгаалж чадна (1 Тим. 6:12, 19).

ДУУ 29 Үнэнч явъя

^ д/м 5 Үнэнийг мэдэж, мэдсэнээ хүмүүст заах хүндтэй үүргийг Ехова бидэнд өгсөн. Үүнийг завшаан гэж үзэхэд, завшаанаа алдахгүй байхад энэ өгүүлэл тус болно.

^ д/м 8 Нэрийг өөрчлөв.