Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

Ехова байгууллагаа удирдаж байна

Ехова байгууллагаа удирдаж байна

«“Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» (ЗЕХ. 4:6).

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

ТОЙМ *

1. Баптисм хүртсэн Христийн дагалдагч юуг зогсолтгүй хийх ёстой вэ?

ТА БАПТИСМ хүртсэн үү? Тийм бол Еховад итгэдгээ, байгууллагатай * нь хамтран ажиллахад бэлэн гэдгээ олон нийтэд харуулсан хэрэг. Гэсэн хэдий ч Еховад итгэх итгэлээ батжуулаад л байх хэрэгтэй. Бас Ехова өнөөдөр байгууллагаа удирдаж байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

2, 3. Ехова өнөөдөр байгууллагаа хэрхэн удирдаж байгаагаас юу мэдэж болох вэ? Жишээ хэлнэ үү.

2 Ехова өнөөдөр байгууллагаа хэрхэн удирдаж байгаагаас зан чанар, санаа зорилго, хэм хэмжээг нь мэдэж болно. Байгууллагынх нь үйл ажиллагаанаас харагддаг Еховагийн гурван зан чанарыг онцлон ярилцъя.

3 Нэгдүгээрт, «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» (Үйлс 10:34). Ехова хайрандаа хөтлөгдөн Хүүгээ «бүгдийн төлөө золиос болгож өгсөн» (1 Тим. 2:6; Ёох. 3:16). Сайн мэдээ сонсохыг хүссэн бүх хүн рүү үйлчлэгчдээ илгээдэг. Ийнхүү золиосны ач тусыг хүртэх боломжийг аль болох олон хүнд олгодог. Хоёрдугаарт, Ехова бол эмх журам, эв нэгдлийн Бурхан (1 Кор. 14:33, 40). Тэгэхээр бид Еховад эмх журамтай, эв нэгдэлтэй үйлчлэх ёстой. Гуравдугаарт, Ехова бол агуу «Багш» (Ис. 30:20, 21). Еховагийн байгууллага хурлын гишүүдэд болон бусад хүнд Библид үндэслэн зааж сургахыг голлон анхаардаг нь ийм учиртай. Христийн дагалдагчдын хурал I зуунд Еховагийн эдгээр зан чанарыг хэрхэн тусгадаг байсан бэ? Орчин үед хэрхэн тусгадаг вэ? Еховагийн байгууллагатай хамтарч ажиллахад агуу хүч танд хэрхэн туслах вэ?

БУРХАН ХЭНИЙГ Ч АЛАГ ҮЗДЭГГҮЙ

4. Үйлс 1:8-д Есүс дагалдагчдадаа юу гэж тушаасан бэ? Тэдэнд ямар тусламж хэрэгтэй байсан бэ?

4 Нэгдүгээр зуунд. Есүс бүх хүн төрөлхтөнд итгэл найдвар төрүүлэм мэдээ тунхагладаг байсан (Лук 4:43). Дагалдагчид нь Есүсээс, анх хийж эхэлсэн ажлыг нь үргэлжлүүлэн «дэлхий даяар гэрчлэх» тушаал авчээ (Үйлс 1:8-ыг уншина). Тэд энэ ажлыг өөрсдийн хүчээр хийж чадахгүй нь тодорхой байсан. Есүсийн амласан «туслагч» буюу агуу хүч хэрэгтэй байлаа (Ёох. 14:26; Зех. 4:6).

5, 6. Есүсийн дагалдагчдад агуу хүч хэрхэн тусалсан бэ?

5 Есүсийн дагалдагчид МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар агуу хүч авчээ. Тэгээд агуу хүчний тусламжаар тэр даруй дэлгэрүүлж эхлэв. Маш богинохон хугацаанд олон мянган хүн сайн мэдээнд нааштай ханджээ (Үйлс 2:41; 4:4). Хавчлага өрнөхөд шавь нар айдаст авталгүй, харин ч Бурхнаас тусламж гуйсан. «Таны үгийг үргэлж эр зоригтой тунхаглахад боолууддаа туслаач» гэж залбирахад тэдэн дээр агуу хүч буужээ. Ийнхүү тэд Бурхны үгийг зоригтой ярьсаар байлаа (Үйлс 4:18–20, 29, 31).

6 Есүсийн шавь нарт өөр янз бүрийн бэрхшээл тохиолдсон. Жишээ нь Ариун судар цөөхөн байсан. Библи судлахад зориулсан ном хэвлэл өнөөдрийнх шиг олон байгаагүй. Бас шавь нар янз бүрийн хэл аялгуутай хүмүүст дэлгэрүүлэх ёстой байсан. Тэд эдгээр бэрхшээлийг үл тоон хичээл зүтгэлтэй дэлгэрүүлсний эцэст санаанд багтамгүй амжилт гаргажээ. Хэдхэн арван жилийн дотор «сайн мэдээ тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдсан» (Кол. 1:6, 23).

7. 100 гаруй жилийн өмнө Бурхны үйлчлэгчид юуг ойлгосон бэ? Тэгээд яасан бэ?

7 Орчин үед. Ехова одоо ч ард түмнээ удирдаж, хүч тэнхээ өгч байна. Агуу хүчний нөлөөгөөр бичигдсэн Үгээрээ буюу Библиэр их төлөв удирддаг. Библид Есүсийн үйл хэрэг, дагалдагчдадаа өгсөн тушаалыг бичсэн байдаг (Мат. 28:19, 20). Энэ сэтгүүлийн 1881 оны 7 дугаар сарын дугаарт «Биднийг нэр хүндтэй, эд хөрөнгөтэй болгох гэж дуудсан, тосолсон юм биш ээ. Байгаа бүхнээ зориулж, сайн мэдээ тунхаглаасай гэж сонгосон» хэмээн бичжээ. 1919 онд хэвлэгдсэн «Дэлгэрүүлэх ажлыг хэнд даалгасан бэ?» товхимолд «Хийж барахааргүй энэ ажлыг бид Эзний өгөх хүчээр л хийж чадна» гэж бичсэн байна. Эдгээр итгэл нэгтэн маань дэлгэрүүлэх ажилд Христийн эртний дагалдагчидтай адил ханцуй шамлан оржээ. Тэд ямар ч хүнд дэлгэрүүлэхэд агуу хүч тусална гэсэн итгэлтэй байсан. Өнөөгийн бид ч бас итгэдэг.

Еховагийн байгууллага сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд хамгийн сайн багаж хэрэглэж ирсэн (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8, 9. Еховагийн байгууллага сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар арга хэрэглэж ирсэн бэ?

8 Еховагийн байгууллага сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд хамгийн сайн багаж хэрэглэж ирсэн. Багаж гэдэгт хэвлэмэл ном хэвлэл, «Бүтээлийн тухай фото драм», пянз тоглуулагч, чанга яригчтай машин, радио нэвтрүүлэг ордог. Одоо компьютер, интернэт ашиглаж байна. Бурхны байгууллага бас орчуулгын ажлыг түүхэнд хэзээ ч байгаагүй өргөн далайцтай хийж байна! Яагаад? Сайн мэдээг бүх үндэстэнд өөрийнх нь хэлээр сонсгох гэсэндээ тэр. Ехова хэнийг ч алаг үздэггүй. Тэрбээр сайн мэдээ «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд» тунхаглагдахыг зөгнөсөн (Илч. 14:6, 7). Ехова Хаант төрийн тухай мэдээг хүн болгонд дуулгахыг хүсдэг.

9 Уулзах боломжгүй, тухайлбал, байнгын харуул хамгаалалттай байранд амьдардаг хүмүүст сайн мэдээг хэрхэн дуулгах вэ? Үүний тулд Еховагийн байгууллага нийтэд дэлгэрүүлэх янз бүрийн арга хэрэглэж ирсэн. Жишээ нь 2001 онд Удирдах Зөвлөл ном хэвлэлийн тавиур ашиглан дэлгэрүүлэхийг Франц зэрэг орны Гэрчүүдэд зөвшөөрсөн. Үр дүн нь их сайн байлаа. 2011 онд АНУ-ын Нью-Йорк хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэгэнд шинэ хөтөлбөр хэрэгжүүлснээр эхний жилд 102 129 ном, 68 911 сэтгүүл тараажээ. 4 701 хүн Библийн хичээл заалгах захиалга өгсөн байна! Энэ ажлыг агуу хүч дэмжсэн нь тодорхой. Тиймээс Удирдах Зөвлөл ном хэвлэлийн тавиур тавьж нийтэд дэлгэрүүлэх аргыг дэлхий дахинд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.

10. Дэлгэрүүлэх, заах ажлаа улам сайн хийдэг болъё гэвэл яах хэрэгтэй вэ?

10 Та яах вэ? Ехова биднийг цуглаанаар дамжуулан сургадаг. Тиймээс сурсан юмаа хэрэгжүүлж байгаарай. Дэлгэрүүлэх ажлын бүлэгтэйгээ хамт тогтмол дэлгэрүүлээрэй. Тэгвэл бүлгийнхэн тань дэлгэрүүлэх, заах ажлаа сайн хийдэг болоход тусална. Мөн та тэдний үзүүлж буй жишээг хараад урамшин зоригжино. Юу ч тохиолдсон дэлгэрүүлээд л байгаарай. Энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлд онцолсноор, бид өөрсдийн хүчээр бус, агуу хүчний тусламжаар Бурхны хүслийг биелүүлж чадна (Зех. 4:6). Тэгээд ч бид Бурхны ажлыг хийж байгаа шүү дээ.

ЕХОВА БОЛ ЭМХ ЖУРАМ, ЭВ НЭГДЛИЙН БУРХАН

11. І зууны удирдах зөвлөлийн гишүүд хэрхэн санаа нэгтэй ажилласан бэ?

11 Нэгдүгээр зуунд. Иерусалим дахь удирдах зөвлөлийн гишүүд Бурхны ард түмний дунд ноёлж байсан эмх журам, эв нэгдлийг хадгалахын тулд санаа нэгтэй ажилладаг байсан (Үйлс 2:42). Жишээлбэл, хөвч таслахтай холбоотой асуудал МЭ 49 оны орчим хурцдахад удирдах зөвлөл уг асуудлыг Бурхны агуу хүчээр удирдуулан хэлэлцжээ. Хэрэв энэ асуудлаас болж Христийн дагалдагчид талцан хуваагдвал дэлгэрүүлэх ажилд саад учрах байлаа. Элч нар болон ахлагчид иудей үндэстэн байсан хэдий ч иудейн заншлыг дагаагүй, үүнийг чанд баримталдаг хүмүүсийн нөлөөнд ч автаагүй. Харин Бурхны Үг болон агуу хүчээр удирдуулсан (Үйлс 15:1, 2, 5–20, 28). Ямар үр дүнтэй байсан бол? Ехова тэдний шийдвэрийг дэмжсэн. Хуралд эв нэгдэл, амар тайван байдал ноёлсон. Мөн дэлгэрүүлэх ажил урагшилсан (Үйлс 15:30, 31; 16:4, 5).

12. Еховагийн байгууллагад эмх журам, эв нэгдэл ноёлж байдгийн нэг баталгаа юу вэ?

12 Орчин үед. Еховагийн байгууллага ард түмнээ эмх журамтай, эв нэгдэлтэй байлгахыг хичээж ирсэн. «Сионы Харуулын цамхаг ба Христийн залран буйг тунхаглагч» сэтгүүлийн 1895 оны 11 дүгээр сарын 15-ны дугаарт 1 Коринт 14:40-д үндэслэсэн «Зохистой, эмх журамтай» гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Уг өгүүлэлд «Элч нар Христийн I зууны дагалдагчдад ... эмх журмын талаар их ярьсан. “Биднийг сургахын тулд” “эрт үед бичигдсэн бүхнийг” чанд сахисаар байх нь чухал байна» гэж бичжээ (Ром 15:4). Еховагийн байгууллага хурлуудыг I зууны үеийнхтэй адил эмх журамтай, эв нэгдэлтэй байлгахыг хичээж ажилладаг. Жишээ авъя. Та гадаадад эсвэл нутгийнхаа өөр хурлын «Харуулын цамхаг» судлалын цуглаанд суухаар боллоо гэхэд цуглаан яаж болдгийг, аль өгүүллийг судлахыг мэднэ. Тийм болохоор гэртээ байгаа юм шиг санагддаг биз дээ? Бурхны агуу хүчний нөлөөгөөр л ийм эмх журамтай, эв нэгдэлтэй байх боломжтой! (Зеф. 3:9).

13. Яаков 3:17-г үзвэл, бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

13 Та яах вэ? Ехова ард түмнээ «амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй» яваасай гэж хүсдэг (Эф. 4:1–3). «Хурлыг эмх журамтай, эв нэгдэлтэй байлгахад би хувь нэмэр оруулдаг уу? Удирдах үүрэгтэй хүмүүст дуулгавартай байдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Мөн та ахлагч бол «Хурлынхан маань намайг найдвартай хүн гэж үздэг үү? Би цагаа баримталдаг, тусархуу, бусдад үйлчлэх дуртай хүн үү?» гэж асууж болно (Яаков 3:17-г уншина). Зарим нэг талаараа сайжрах хэрэгтэйгээ анзаарсан бол агуу хүч гуйж залбираарай. Энэ хүчний нөлөөгөөр зан чанар, үйл хэргээ сайжруулах тусам таныг итгэл нэгтнүүд тань илүү их хайрлаж, хүндэлнэ.

ЕХОВА БИДНИЙГ СУРГАДАГ, ХЭРЭГТЭЙ БҮХНИЙГ ӨГДӨГ

14. «Хүслийг [ми]нь үнэн зөв мэддэг байгаасай» гэсэндээ Ехова I зууны үйлчлэгчдээ хэрхэн сургасан бэ? (Кол. 1:9, 10).

14 Нэгдүгээр зуунд. Ехова ард түмнээ сургаж, мэдлэг олгох дуртай (Дуу. 32:8). Өөрийг нь таньж мэдээсэй, хайрлаасай, хайрт хүүхэд нь болж мөнх амьдраасай гэж хүсдэг. Иймээс Ехова ард түмэндээ боловсрол олгодог (Ёох. 17:3). МЭ І зуунд Ехова ард түмэндээ хурлаар дамжуулан заавар өгдөг байсан (Колосай 1:9, 10-ыг уншина). Бас ард түмнээ сургахад нь Есүсийн амласан «туслагч» буюу агуу хүч чухал үүрэг гүйцэтгэсэн (Ёох. 14:16). Яаж? Бурхны Үгийг илүү сайн ойлгуулсан. Есүсийн хэлж ярьж, хийж үйлдсэн бүхнийг сануулсан. Үүнийг хожим Сайн мэдээний дөрвөн номд бичсэн байдаг. Энэ мэдлэгийн ачаар I зууны дагалдагчид итгэлээ батжуулахын зэрэгцээ Бурхныг, Хүүг нь, бие биеэ улам их хайрладаг болжээ.

15. Исаиа 2:2, 3-т бичсэн Еховагийн амлалт биелж байгааг юугаар батлах вэ?

15 Орчин үед. «Эцсийн өдрүүдэд» бүх үндэстэн Еховагаар заалгах гэж «уул» руу нь цутгах буюу жинхэнэ шүтэгчидтэй нь нэгдэнэ гэдгийг Ехова зөгнөсөн (Исаиа 2:2, 3-ыг уншина). Энэ зөгнөл биелж байгааг бид харж байна. Жинхэнэ шүтлэг бусад бүх хуурамч шүтлэгээс дээгүүр өргөмжлөгдөж байна. Ехова үнэхээр элбэг дэлбэг найрыг бэлтгэжээ! (Ис. 25:6). Тэрбээр «итгэмжит, ухаалаг боолоор» дамжуулан илтгэл, өгүүллээс авхуулаад хүүхэлдэйн кино, видео гээд элбэг дэлбэг хоолыг төрөл төрлөөр нь өгч байна (Мат. 24:45). Иовын найз Елихуд төрсөн шиг сэтгэгдэл бидэнд бас төрдөг. Елиху: «[Ехова] шиг багш хэн бэ?» гэж дуу алдсан байдаг (Иов 36:22).

Мэдлэгээ зүрх сэтгэлдээ шингээж, ажил болгоорой (16-р догол мөрийг үзээрэй) *

16. Еховагийн сургалтын ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?

16 Та яах вэ? Бурхны Үгээс уншиж судалсан зүйлээ ажил болгоход тань агуу хүч тусална. «Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» гэж дуулалч шиг залбираарай (Дуу. 86:11). Тэгээд Үгээрээ, байгууллагаараа дамжуулан өгдөг хоол ундыг нь байнга хүртэж байгаарай. Зөвхөн мэдлэг олж авах нь таны зорилго биш байх. Мэдлэгээ зүрх сэтгэлдээ шингээж, ажил болгохыг хүсдэг нь мэдээж. Еховагийн агуу хүч танд тусална. Та бас итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулахыг хүсдэг нь эргэлзээгүй (Евр. 10:24, 25). Яагаад? Та нар бүгдээрээ нэг гэр бүлийнхэн шүү дээ. Цуглаан дээр чин сэтгэлээсээ хариулж, даалгавраа сайн биелүүлэхийн тулд Бурхнаас агуу хүчийг нь гуйж байгаарай. Ингэдэг бол «хоньдыг» нь хайрладгаа Ехова Есүс хоёрт харуулна (Ёох. 21:15–17).

17. Еховагийн байгууллагыг үнэнчээр дэмждэгээ хэрхэн батлах вэ?

17 Удахгүй цорын ганц байгууллага дэлхий дээр үлдэнэ. Энэ бол Бурхны агуу хүчээр удирдуулдаг байгууллага юм. Тиймд Еховагийн байгууллагыг идэвхтэй дэмжээрэй. Хэнийг ч алаг үздэггүйгээ баталж уулзсан болгондоо сайн мэдээ дэлгэрүүлээрэй. Бурхнаа дуурайн эв нэгдэл, эмх журмыг эрхэмлэж хуралдаа хувь нэмэр оруулаарай. Бэлгэдлийн хоол ундыг амтархан хүртэж агуу Багшаа сонсоорой. Тэгвэл та Сатаны ертөнц устгагдах цагт айхгүй. Харин ч Еховагийн байгууллагатай үнэнчээр хамтран ажиллаж буй хүмүүсийн дунд итгэл төгс зогсоно.

ДУУ 152 Бидний хүч, бидний найдвар, бидний итгэл

^ д/м 5 Өнөөдөр Ехова байгууллагаа удирдаж байгаа гэдэгт та итгэдэг үү? Ехова Христийн дагалдагчдын хурлыг I зуунд хэрхэн удирдаж байсныг, мөн өнөөдөр хэрхэн удирдаж байгааг энэ өгүүллээр үзнэ.

^ д/м 1 ҮГИЙН ТАЙЛБАР: Еховагийн орчлонт ертөнц дэх байгууллага хоёр хэсэгтэй бөгөөд нэг нь тэнгэрт, нөгөө нь дэлхий дээр бий. Энэ өгүүллээр, «байгууллага» гэдгээр дэлхий дэх хэсгийг хэлсэн болно.

^ д/м 52 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эхлэгч эмэгтэй хэрэгцээ ихтэй газар үйлчилж буй хүмүүсийн тухай видео үзээд тэднийг дуурайхаар шийдэж байна. Эцэст нь дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилнэ гэсэн зорилгодоо хүрчээ