Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

Христийн тушаалыг дагахад нь тусалъя

Христийн тушаалыг дагахад нь тусалъя

«Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. ... Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» (МАТ. 28:19, 20).

ДУУ 120 Дуулгавартай байж, ивээл хүртье

ТОЙМ *

1. Матай 28:18–20-ийг харвал Есүс шавь нартаа юу гэж тушаасан бэ?

ЕСҮС амилсныхаа дараа Галилд цугларсан шавь нартайгаа уулзав. Тэдэнд хэлэх нэг чухал юм байлаа. Тэр нь юу вэ? Түүний хэлсэн үг Матай 28:18–20-д бий (уншина).

2. Ямар асуултуудыг авч үзэх вэ?

2 Хүмүүсийг шавь болго хэмээсэн Есүсийн тушаал Бурхны орчин үеийн үйлчлэгч бидэнд ч хамаатай учраас энэ тушаалтай холбоотой гурван асуултыг авч үзье. Нэгдүгээрт, шинэхэн шавь нарт Бурхны хууль тушаалаас гадна өөр юу заах хэрэгтэй вэ? Хоёрдугаарт, хурлын бүх дэлгэрүүлэгч Библийн суралцагчид ахиц гаргахад нь хэрхэн туслах вэ? Гуравдугаарт, идэвхгүй болсон итгэл нэгтнүүдээ шавь бэлдэх ажилд дахин оролцдог болгохын тулд яах хэрэгтэй вэ?

САХИН БИЕЛҮҮЛЭХИЙГ ЗААГААРАЙ

3. Есүс ямар тодорхой заавар өгсөн бэ?

3 Есүсийн заавар маш тодорхой. Тушаасан бүхнийг нь бид хүмүүст заах ёстой. Гэхдээ нэг чухал зүйлийг мартаж болохгүй. Есүс: «Миний та нарт тушаасан бүхнийг тэдэнд заа» гэж хэлээгүй. Харин «Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн. Энэ тодорхой зааврыг дагахын тулд бид суралцагчдаа юу хийхийг нь заагаад зогсохгүй, яаж хийхийг нь харуулах хэрэгтэй (Үйлс 8:31). Энэ нь яагаад чухал вэ?

4. Тушаалыг сахин биелүүлэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээгээр тайлбарлана уу.

4 Тушаалыг «сахин биелүүлэх» гэдэг нь дуулгавартай дагана гэсэн үг. Христийн тушаасныг сахин биелүүлэх буюу дуулгавартай дагахыг заах гэж юу гэсэн үг болохыг жишээгээр тайлбарлая. Жолооны багш замын хөдөлгөөний дүрэм сахихыг сурагчдад хэрхэн заадаг вэ? Эхлээд замын хөдөлгөөний дүрмийг хичээлийн танхимд заана. Гэхдээ тэр дүрмийг яаж дагаж мөрдөхийг заахын тулд бас нэг юм хийх хэрэгтэй. Сурагчтайгаа хамт жолооны дадлагад гарч, заалгасан зүйлээ хэрхэн ажил болгохыг хэлж өгдөг. Энэ жишээнээс юу сурч болох вэ?

5. а) Ёохан 14:15; 1 Ёохан 2:3-т бичсэнийг үзвэл, Библийн суралцагчдаа юу заах хэрэгтэй вэ? б) Библийн зарчмыг баримталдаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

5 Бид суралцагчтайгаа хамт Библи судлахдаа Бурхан хүнээс юу хүсдэгийг заадаг. Гэхдээ энэ нь хангалтгүй. Заалгасан зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэрхэн ажил болгохыг заах ёстой (Ёохан 14:15; 1 Ёохан 2:3-ыг уншина). Библийн үндсэн зарчмуудыг ажил, сургуульдаа болон амралт зугаалгаар явж байхдаа хэрхэн баримтлахыг жишээгээр тайлбарлаарай. Библийн зааврыг биелүүлбэл хор хөнөөлөөс хол байдгийг эсвэл зөв шийдвэр гаргадгийг тайлбарлахдаа өөртөө тохиолдсон явдлаас яривал сайн. Суралцагчийнхаа дэргэд Еховад залбирч, агуу хүчээрээ удирдахыг гуйх нь зүйтэй (Ёох. 16:13).

6. Есүсийн тушаалыг сахин биелүүлэхийг заах гэдэгт өөр юу ордог вэ?

6 Есүсийн тушаалыг сахин биелүүлэхийг заах гэдэгт өөр юу ордог вэ? Шавь бэлдэх хүслийг Библийн суралцагчдаа төрүүлэх хэрэгтэй. Зарим суралцагч дэлгэрүүлнэ гэхээс айдаг. Тиймээс тэвчээртэй заагаад байвал яваандаа мэдлэг нь нэмэгдэж, итгэл нь батжиж, сэтгэл нь хөдлөөд дэлгэрүүлэх хүсэлтэй болно. Тэгвэл суралцагчаа сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэлтэй болгохын тулд яах хэрэгтэй вэ?

7. Сайн мэдээ дэлгэрүүлэх хүсэлтэй болоход нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

7 Библийн суралцагчаасаа дараах асуултыг асууж болно. «Хаант төрийн тухай мэдээг хүлээж аваад таны амьдралд ямар сайн өөрчлөлт гарсан бэ? Бусад хүнд энэ мэдээг дуулгах хэрэгтэй гэж боддог уу? Та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?» (Сур. 3:27; Мат. 9:37, 38). Манай «Заах ажлын багажны хайрцаг»-т байдаг танилцуулгуудыг суралцагчдаа үзүүлээд алийг нь гэрийнхэн, найзууд, хамт ажилладаг хүмүүс тань сонирхох бол гэж асууна. Тэгээд сонгосон танилцуулга бүрээс нь хэдийг өгөөрэй. Дараа нь тэр хүмүүстэй эвтэйхэн ярилцаад танилцуулгаа өгч байгаагаар дасгал сургууль хийгээрэй. Суралцагчаа дэлгэрүүлэгч болсны дараа хамт явж, туслах хэрэгтэй (Ном. 4:9, 10; Лук 6:40).

АХИЦ ГАРГАХАД НЬ ХУРЛААРАА ХУВЬ НЭМЭР ОРУУЛААРАЙ

8. Суралцагч маань Бурхныг болон бусдыг хайрладаг болох нь яагаад чухал вэ? (Бас  «Бурхныг улам их хайрлахыг суралцагчдаа заах нь» гэсэн хавсралтыг үзнэ үү).

8 «Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн тушаалыг санаарай. Үүнд Бурхныг хайрла, бусдыг хайрла гэсэн хамгийн агуу хоёр тушаал ордог. Аль аль нь дэлгэрүүлэх хийгээд шавь бэлдэхтэй нягт холбоотой (Мат. 22:37–39). Яагаад тэгж хэлж болох вэ? Хэрэв хүн Бурхныг болон бусдыг хайрладаг болбол дэлгэрүүлэх ажилд оролцохыг хүснэ. Библийн зарим суралцагч дэлгэрүүлнэ гэхээс айдаг. Бурхнаас тусламж авбал хүнээс айхаа аажмаар болино гэдгийг тийм суралцагчид ойлгуулах хэрэгтэй (Дуу. 18:1–3; Сур. 29:25). Энэ өгүүллийн хавсралтад Бурхныг хайрладаг болоход нь суралцагчдаа хэрхэн туслахыг бичсэн байгаа. Тэгвэл хурлынхан яаж тусалбал шинэхэн шавь хайраа илэрхийлж сурах вэ?

9. Жолооны курст явж буй сурагч хэрхэн үнэтэй сургамж авдаг вэ?

9 Жолооны курсийн тухай жишээндээ эргэж оръё. Багшийгаа хажуудаа суулгаад замын хөдөлгөөнд оролцож яваа сурагч хэрхэн жолоо барьж сурдаг вэ? Багшийнхаа үгийг сонсдог, хашир жолооч нарыг ажигладаг. Жишээлбэл, багш нь үлгэр жишээч жолооч нарт сурагчийнхаа анхаарлыг хандуулж болох юм. Тэд бусад машиныг урдуураа оруулах юм уу эсвэл өөдөөс ирж яваа жолоочийн нүдийг гялбуулахгүйн тулд гэрлээ шилжүүлдэг. Сурагч иймэрхүү жишээнээс үнэтэй сургамж авч, сурсан болгоноо жолоо барихдаа хэрэгжүүлнэ.

10. Суралцагч ахиц гаргахын тулд яах шаардлагатай вэ?

10 Үүнтэй адил, амь руу хөтөлдөг замаар явж эхэлсэн Библийн суралцагч багшаасаа сурахаас гадна Еховагийн бусад үйлчлэгчийн сайхан жишээнээс суралцдаг. Суралцагч хүн ахиц гаргая гэвэл яах шаардлагатай вэ? Цуглаанд очих нь их чухал. Яагаад? Цуглаанд сууж Библид үндэслэсэн заавар зөвлөгөөг сонсохоороо мэдлэг нь арвижиж, итгэл нь батжиж, Бурхныг улам бүр хайрладаг болно (Үйлс 15:30–32). Түүнээс гадна, хуралд тэр суралцагчтай ямар нэг талаараа төстэй Гэрчүүд байдаг. Библийн багш нь тэднийг суралцагчтайгаа танилцуулдаг. Христийн дагалдагч хүн хайраа хэрхэн илэрхийлдгийг суралцагч тэднээс олж хардаг. Жишээ болгон дараах дүр зургийг бодож үзье.

11. Суралцагч цуглаанд суухаараа ямар сайхан жишээг олж хардаг вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

11 Хүүхдээ ганцаараа өсгөдөг суралцагч өөртэй нь адилхан Гэрч эмэгтэйг олж харлаа. Жаахан хүүхдүүдээ цуглаанд авч ирэх гэж ямар их хичээл зүтгэл гаргаж байгааг хараад сэтгэл нь хөдлөв. Тамхинаас гарах гэж тэмцэж байгаа суралцагч нэг дэлгэрүүлэгчтэй танилцав. Өөртэй нь адилхан тэмцэж байгаад тамхинаас гарч чадсан ажээ. Еховаг хайрладаг болохын хэрээр тушаалыг нь дагах хүсэлтэй болсноо тэр дэлгэрүүлэгч ярив (2 Кор. 7:1; Флп. 4:13). Өөртөө тохиолдсон явдлаа ярьсныхаа дараа «Чи ч бас тамхиа хаяж чадна» гэж хэлэхэд суралцагч урамшлаа. Библи судалж буй охин амьдралдаа сэтгэл хангалуун байдаг залуухан Гэрч бүсгүйг анзаарчээ. Дандаа баяр хөөртэй явдгийг нь хараад, учрыг нь мэдэхийг хүсэв.

12. Хурлын бүх хүн Библийн суралцагчид тусалж чадна гэхийн учир юу вэ?

12 Библийн суралцагч янз янзын дэлгэрүүлэгчтэй танилцахаараа Христийн тушаалыг даган Бурхныг болон бусдыг хайрлана гэж яахыг хэлдгийг ойлгож авдаг (Ёох. 13:35; 1 Тим. 4:12). Түүнээс гадна, дээр ярьсанчлан, өөрийнхтэй нь адилхан бэрхшээлийг давсан дэлгэрүүлэгчдээс суралцана. Суралцагч тэр хүмүүсийн жишээнээс Христийн шавь болоход хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийж чадахаа ойлгоно (Д.хууль 30:11). Библийн суралцагчийг ахиц гаргахад хурлын бүх хүн янз бүрийн аргаар хувь нэмэр оруулж чадна (Мат. 5:16). Та цуглаанд ирдэг болсон суралцагчийн урмыг сэргээхийн тулд юу хийж чадахаа бодоорой.

ИДЭВХГҮЙ ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД ТУСЛААРАЙ

13, 14. Есүс сэтгэлээр унасан элч нартаа хэрхэн хандсан бэ?

13 Бид идэвхгүй болсон итгэл нэгтнүүддээ шавь бэлдэх тушаалыг дахиад биелүүлдэг болоход нь туслахыг хүсдэг. Есүс сэтгэлээр унасан элч нартаа хэрхэн хандаж байсан бэ? Бид хэрхэн дуурайх вэ?

14 Есүсийг алагдахын өмнө элч нар «бүгдээрээ түүнийг хаяад зугтав» (Марк 14:50; Ёох. 16:32). Үүнээсээ болж хэсэг зуур сэтгэлээр унасан элч нартаа Есүс хэрхэн хандсан бэ? Амилсныхаа дараа зарим дагалдагчдаа «Бүү ай! Ах дүү нарт минь [миний амилсныг] хэлээрэй» гэсэн (Мат. 28:10а). Есүс элч нараа орхиогүй. Тэд өөрийг нь орхисон ч, Есүс тэднийг «ах дүү нар минь» гэжээ. Есүс Еховатай адилхан нигүүлсэнгүй, өршөөнгүй сэтгэлтэй (Х.дэд 13:23).

15. Дэлгэрүүлэхээ больсон итгэл нэгтнүүдийнхээ талаар бид ямар бодолтой явдаг вэ?

15 Үүнтэй адил, бид бас дэлгэрүүлэхээ больсон хүмүүсийг маш их анхаардаг. Тэд бол бидний ах дүү нар, бид тэдэндээ хайртай! Бид тэдгээр итгэл нэгтнийхээ хайрын сэтгэлээр хийж байсан үйлсийг одоо ч санадаг. Зарим нь бүр хэдэн арван жил хөдөлмөрлөсөн шүү дээ (Евр. 6:10). Бид тэднийгээ үнэхээр их үгүйлдэг! (Лук 15:4–7). Есүсийг дуурайн, тэдэнд хэрхэн санаа тавих вэ?

16. Идэвхгүй болсон ах дүү нартаа санаа тавьдгаа хэрхэн харуулах вэ?

16 Халуун сэтгэлээр уриарай. Есүс сэтгэлээр унасан элч нараа цуглаанд урьсан нь тэдний урам зоригийг сэргээх нэг арга байсан юм (Мат. 28:10б; 1 Кор. 15:6). Бид бас идэвхгүй болсон хүмүүсийг цуглаанд урьж, урмыг нь сэргээх хэрэгтэй. Цуглаанд ирүүлэхийн тулд нэг бус удаа урих хэрэг гарах байх. Урилгыг нь хүлээж авсан шавь нараа хараад Есүс баярласан нь лавтай (Матай 28:16; Лук 15:6-тай тус тус харьцуулаарай).

17. Идэвхгүй болсон итгэл нэгтэн маань цуглаанд ирвэл яах нь зүйтэй вэ?

17 Халуун дотноор угтаж аваарай. Шавь нараа ирэхэд Есүс халуун дотноор угтаж авсан бөгөөд өөрөө эхэлж ярьсан (Мат. 28:18). Идэвхгүй дэлгэрүүлэгчийг цуглаанд ирвэл яах нь зүйтэй вэ? Бид өөрсдөө санаачилга гарган халуун дотноор угтаж авах хэрэгтэй. Эхэндээ, юу ярихаа мэдэхгүй, тэвдэж магадгүй. Уулзсандаа баяртай байгаагаа хэлэхэд л болно. Эвгүй байдалд оруулахаас болгоомжлоорой.

18. Идэвхгүй дэлгэрүүлэгчдийг хэрхэн урамшуулан зоригжуулах вэ?

18 Чин сэтгэлээсээ урамшуулан зоригжуулаарай. Есүсийн шавь нар дэлхий даяар дэлгэрүүлэх даалгавраа биелүүлж чадахгүй байх гэж айсан байх. Харин Есүс тэдэнд «Би та нартай үргэлж хамт байх болно» гэж батлан хэлжээ (Мат. 28:20). Ингэж хэлсэн нь үр дүнтэй байсан уу? Тийм ээ. Удалгүй тэд «сайн мэдээг тасралтгүй тунхаглаж, зааж сургаж» эхэлсэн (Үйлс 5:42). Идэвхгүй дэлгэрүүлэгчдэд бас урам зориг хэрэгтэй. Тэд дахин дэлгэрүүлнэ гэхээс айж байгаа байх. Ганцаараа дэлгэрүүлэхгүй гэдгийг нь батлан хэлэх хэрэгтэй. Тэгээд дэлгэрүүлэхэд бэлэн болохоор нь тэдэнтэйгээ хамт явах нь зүйтэй. Тэд сайн мэдээг дахин дэлгэрүүлж эхлэхээрээ бидний тусламжийг үнэлэх биз ээ. Идэвхгүй болсон хүмүүсийг ах, эгч, дүү шигээ үзэж харьцвал тэд маань дахин идэвх зүтгэлтэй болж, улмаар хурлынхан бүгдээрээ баярлах нь дамжиггүй.

АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ

19. Бид юу хүсдэг вэ? Яагаад?

19 Шавь бэлдэх ажлыг хэдий болтол хийх вэ? Энэ тогтолцооны төгсгөл хүртэл (Мат. 28:20; «Үгийн тайлбар»-аас «Тогтолцооны төгсгөлийн үе»-ийг үзнэ үү). Бид тэр болтол даалгавраа биелүүлж чадах болов уу? Чадна! Тийм ч учраас «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг эрж олоход цаг, хүч, хөрөнгөө дуртайяа зориулдаг (Үйлс 13:48). Ийнхүү Есүсийг дуурайдаг. Тэрбээр: «Миний хоол бол намайг явуулсан нэгний хүсэл таалалд нийцүүлж, даалгасан ажлыг нь бүрэн гүйцэд хийх юм» гэж хэлсэн (Ёох. 4:34; 17:4). Бид ч даалгасан ажлыг нь дуусгах хүсэлтэй (Ёох. 20:21). Мөн бусдыг, идэвхгүй дэлгэрүүлэгчдийг ч бидэнтэй хамт энэ ажлыг хийж дуусгаасай гэж хүсдэг (Мат. 24:13).

20. Филиппой 4:13-ыг үзвэл, бид Есүсийн даалгасан ажлыг яагаад дуусгаж чадах вэ?

20 Үнэндээ бол Есүсийн өгсөн даалгаврыг биелүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ бидэнд туслагч бий. Есүс бидэнтэй хамт байхаа амласан. «Бурхны хамтран зүтгэгч» бид шавь бэлдэх ажлыг Христтэй хамтарч хийдэг (1 Кор. 3:9; 2 Кор. 2:17). Тиймээс энэ ажлыг дуусгаж чадна. Ийм даалгавар биелүүлж, бас энэ даалгаврыг биелүүлэхэд нь бусдад тусалж байгаа маань ямар их завшаан, нэр төрийн хэрэг вэ! (Филиппой 4:13-ыг уншина).

ДУУ 139 Үнэнч байхад нь тусалъя

^ д/м 5 Есүсийн захиснаар, дагалдагчид нь хүмүүсийг шавь болгож, тушаасан бүхнийг нь сахин биелүүлэхийг заах учиртай. Есүсийн захиасыг хэрхэн биелүүлэхийг энэ өгүүллээр үзнэ. Энэ өгүүлэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 7 дугаар сарын 1-ний дугаарын 7–10-р хуудсан дахь өгүүлэлд үндэслэсэн.

^ д/м 66 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бурхныг хайрладаг болохын тулд юу юу хийх хэрэгтэйг суралцагчдаа зааж өгч буй багш. Дараа нь суралцагч багшийнхаа зөвлөсөн гурван зүйлийг хэрэгжүүлж байна.