Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 47

Та «өөрчлөгдсөөр» байх уу?

Та «өөрчлөгдсөөр» байх уу?

«Эцэст нь ах дүү нар аа, үргэлж баяр хөөртэй байж, өөрчлөгдөөрэй» (2 КОР. 13:11).

ДУУ 32 Тууштай, гуйвшгүй байя!

ТОЙМ *

1. Матай 7:13, 14-ийг үзвэл, биднийг яагаад аялж яваа хүнтэй адилтгаж болох вэ?

БИД бүгдээрээ аялж яваа хүнтэй адилхан. Очих газар буюу зорилго маань хайр халамжтай Еховагийн удирдлага дор шинэ ертөнцөд амьдрах юм. Бид амь руу хөтөлдөг замаар явах гэж өдөр бүр хичээдэг. Гэхдээ Есүс энэ замыг нарийн, явахад заримдаа хэцүү гэж хэлсэн (Матай 7:13, 14-ийг уншина). Бид төгс бус учраас замаасаа гарах амархан (Гал. 6:1).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ? (Бас  «Өөрчлөгдөхөд даруу зан тустай» гэсэн хавсралтыг үзнэ үү).

2 Амь руу хөтөлдөг нарийн замаасаа гарахгүй байя гэвэл бодол, хандлага, үйл хэргээ өөрчлөхөд бэлэн байх ёстой. Элч Паул Коринт дахь Христийн дагалдагчдад байнга «өөрчлөгдөхийг» уриалжээ (2 Кор. 13:11). Паулын уриалга бидэнд ч хамаатай. Өөрийгөө өөрчилж, алдаагаа засахад Библи хэрхэн тусалдаг вэ? Амийн замаасаа гарахгүй байхад маань төлөвшсөн найзууд хэрхэн тусалдаг вэ? Еховагийн байгууллагаас ирсэн зааврыг дагаж мөрдөх нь ямар үед амаргүй байж болох вэ? Өөрийгөө өөрчлөнгөө Еховад үйлчлэхийн баяр баясгаланг алдахгүй байхад даруу зан яагаад тустай вэ? Эдгээрийг энэ өгүүллээр ярилцана.

БУРХНЫ ҮГНИЙ ДАГУУ ӨӨРЧЛӨГДӨӨРЭЙ

3. Өөрийгөө Бурхны Үгээр шалгах ёстойн учир юу вэ?

3 Бодол санаа, зүрх сэтгэлээ өөрөө шалгах гэхлээр саад учирдаг. Яагаад гэвэл бидний зүрх хуурамч бөгөөд зүрх маань биднийг хааш нь хөтлөөд байгааг мэдэхэд төвөгтэй (Иер. 17:9). Буруу юм бодоод өөрийгөө хуурах амархан (Яак. 1:22). Тиймээс өөрийгөө шалгая гэвэл Бурхны Үгийг ашиглах ёстой. Бурхны Үг бидний доторхыг буюу «зүрхний бодол болон хандлагыг» илчилдэг (Евр. 4:12, 13). Бурхны Үг нь, нэг ёсондоо, хүний дотор эрхтнийг хардаг рентген аппарат юм. Гэхдээ бид Библийн эсвэл Бурхны төлөөлөгчдийн зөвлөгөөний ач тусыг хүртье гэвэл даруу байх ёстой.

4. Саул хаан бардам болсон нь юунаас харагддаг вэ?

4 Даруу биш байвал юу болдгийг Саул хаанд тохиолдсон явдал харуулдаг. Саул ихэд бардам болсны гайгаар бодол, үйл хэргээ өөрчлөх ёстойгоо гаднаа ч, дотроо ч хүлээн зөвшөөрөөгүй (Дуу. 36:1, 2; Хаб. 2:4). Энэ нь дараах явдлаас харагддаг. Ехова Саулд амалекчуудыг ялсныхаа дараа юу хийх ёстойг нь тодорхой зааж өгчээ. Гэтэл Саул Еховагийн үгэнд ороогүй. Үүнийг нь зөнч Самуел сануулсан ч Саул алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч өөрийгөө зөвтгөж, хийсэн хэргийнхээ үр дагаврыг шалихгүй гэж үзсэн бөгөөд буруугаа бусдад тохсон (1 Сам. 15:13–24). Урьд нь ч бас иймэрхүү хандлага гаргаж байсан (1 Сам. 13:10–14). Тэрбээр бардам занд дийлдсэн нь харамсалтай. Бодлоо өөрчлөөгүйн улмаас Ехова түүнийг хатуу зэмлэж, хаан байлгахаас татгалзжээ.

5. Саул шиг болохгүйн тулд яах вэ?

5 Саул шиг болохыг хэн маань ч хүсэхгүй. Тийм учраас «Би Бурхны Үгэнд байдаг зөвлөгөөг уншихлаараа надад хамаагүй гэж боддог уу? Дуулгаваргүй загначихаад, тийм ч муу юм хийгээгүй гэж боддог уу? Хийсэн хэргийнхээ бурууг бусдад тохдог уу?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Аль нэгэнд нь тийм гэж хариулж байвал бодол, хандлагаа өөрчлөх ёстой. Эс тэгвэл бардам болж, Еховад гологдох аюултай (Яак. 4:6).

6. Саул Давид хоёрын ялгааг хэлнэ үү.

6 Саул хаанаас тэс ондоо Давид хааны тухай бодъё. Давид «ЭЗЭНий хуулийг» хайрладаг хүн байсан (Дуу. 1:1–3). Ехова даруу хүнийг авран хамгаалдаг, бардам хүнийг эсэргүүцдэгийг тэрбээр мэддэг байв (2 Сам. 22:28; Яак. 4:6). Тийм учраас Бурхны хуульд нийцүүлэн бодлоо өөрчилжээ. Давид: «Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг» хэмээн бичсэн байдаг (Дуу. 16:7).

БУРХНЫ ҮГ

Замаасаа хазайх үед Бурхны Үг бидэнд анхааруулдаг. Даруу хүн Бурхны Үгэнд нийцүүлж бодлоо өөрчилдөг (7-р догол мөрийг үзээрэй)

7. Даруу хүн яадаг вэ?

7 Даруу хүн Бурхны Үгэнд нийцүүлж бодлоо өөрчилдөг учраас буруу юм хийхээс зайлсхийж чаддаг. Бурхан бидэнд Үгээрээ дамжуулан «Энэ бол зам. Үүгээр алхагтун» гэж хэлдэг. Биднийг баруун юм уу зүүн тийшээ хазайвал анхааруулдаг (Ис. 30:21). Еховагийн үгэнд орвол олон талын ач тус хүртэнэ (Ис. 48:17). Жишээ нь хүнд зэмлүүлж ичгэвтэр байдалд орохгүй. Бас биднийг хайртай хүүхэд шигээ үздэгийг нь ойлгоод Еховатай улам дотносно (Евр. 12:7).

8. Яаков 1:22–25-ыг үзвэл, Бурхны Үгийг хэрхэн толь мэт ашиглах вэ?

8 Бурхны Үг тольтой адилхан (Яаков 1:22–25-ыг уншина). Ихэнх хүн өглөө бүр гэрээсээ гарахдаа толинд хардаг. Хүмүүстэй уулзахаасаа өмнө засаж янзлах юм байвал олж хараад засдаг. Үүнтэй адил, Библийг өдөр бүр уншихлаар бодол, хандлагаа өөрчлөх аргуудыг мэдэж авдаг. Өглөө гэрээсээ гарахаасаа өмнө өдрийн зүйлийг унших нь ач тустай байдгийг олон хүн мэддэг. Уншсан зүйлдээ нийцүүлэн бодлоо өөрчлөхийг хичээдэг. Тэгээд Бурхны Үгээс олж авсан зөвлөгөөг ажил болгох арга замыг тэр өдөржингөө хайдаг. Бас судлах хэвшилтэй. Өөрөөр хэлбэл Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн боддог. Энэ нь энгийн арга юм шиг санагдаж болох юм. Гэхдээ амь руу хөтөлдөг нарийн замаас гарахгүй байхад тустай хамгийн чухал аргуудын нэг юм.

ТӨЛӨВШСӨН НАЙЗУУДАА СОНСООРОЙ

ТӨЛӨВШСӨН НАЙЗУУД

Төлөвшсөн итгэл нэгтнүүд маань сайхан сэтгэлээр сануулга өгч болох юм. Зориг гаргаад хэлсэнд нь бид талархдаг билүү? (9-р догол мөрийг үзээрэй)

9. Найз тань ямар үед таныг зэмлэж магадгүй вэ?

9 Та замаасаа хазайгаад Еховагаас холдож байсан уу? (Дуу. 73:2, 3). Тэр үед төлөвшсөн найз тань зориг гаргаад таныг зэмлэсэн бол та үгэнд нь ороод зөвлөгөөг нь дагасан уу? Тийм бол зөв юм хийжээ. Та сануулга өгсөн тэр найздаа талархдаг нь лавтай (Сур. 1:5).

10. Алдааг тань хэлж өгсөн найздаа хэрхэн хандах хэрэгтэй вэ?

10 Бурхны Үгэнд «Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй» гэж байдаг (Сур. 27:6). Юу гэсэн үг вэ? Дараах жишээг бодоорой. Та хөл ихтэй гудамжинд зам хөндлөн гарах гээд утсаар ярин зогсож байна. Яриандаа халаад машин ирж явааг харалгүй зам дээр хөл тавилаа. Яг тэр мөчид таны найз гараас тань зууран авч, хойш нь угз татав. Маш чанга барьсан болохоор таны гар хөхөрч орхижээ. Гэлээ ч та найзынхаа ачаар машинд мөргүүлэх аюулаас аврагдлаа. Хөхөрсөн газар хэд хоног өвчтэй байлаа гээд та найздаа гомдож, уурлахгүй нь мэдээж! Харин ч тус хүргэсэнд нь талархана. Үүнтэй адил, Бурхны тогтоосон хэм хэмжээнд нийцэхгүй юм ярьж эсвэл хийж байгааг найз тань сануулбал эхэндээ хэцүү санагдах байх. Гэхдээ зэмлэлээ гэж найздаа гомдох ч хэрэггүй, уурлах ч хэрэггүй. Эс тэгвэл тэнэг хэрэг болно (Ном. 7:9). Харин зориг гаргаад сануулга өгсөнд нь талархаарай.

11. Зарим хүн яагаад сайн найзынхаа зөвлөгөөг үл тоомсорлодог вэ?

11 Зарим хүн яагаад сайн найзынхаа зөвлөгөөг үл тоомсорлодог вэ? Бардам учраас. Бардам хүн хүссэн юмаа л сонсох дуртай. Тэд «үнэнийг сонсохоо больдог» (2 Тим. 4:3, 4). Өөрийгөө илүү ухаантай, бусдаас илүү чухал хүн гэж үздэг учраас зөвлөгөөг үл хэрэгсдэг. Гэхдээ элч Паул: «Хэн ч биш атлаа өөрийгөө чухал гэж боддог хүн өөрийгөө хуурч байгаа хэрэг» гэж бичсэн (Гал. 6:3). Үүнийг ойлгоход Соломон хааны хэлсэн үг тус болдог. «Сануулгыг хэрхэн хүлээн авахаа мэдэхээ байсан тэнэг хөгшин хаанаас хэдий ядуу ч ухаантай залуу нь дээр» (Ном. 4:13).

12. Галат 2:11–14-т гардаг явдлыг үзвэл, бид элч Петрээс юу сурах хэрэгтэй вэ?

12 Элч Петрийн тухай бодъё. Тэрбээр олны өмнө элч Паулд зэмлүүлжээ (Галат 2:11–14-ийг уншина). Уг нь түс тас хэллээ, хэлэх ёсгүй газар хэллээ гэж Паулд уурлаж болох л байсан. Гэвч Петр энэ асуудалд ухаалаг хандаж сануулгыг хүлээж авсан. Бас Паулд уурлаагүй, хорсол өвөрлөөгүй. Харин түүнийг «хайрт итгэл нэгт» гэж хожим нь бичсэн байдаг (2 Петр 3:15).

13. Бусдын алдааг хэлж өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?

13 Найзынхаа алдааг хэлж өгмөөр санагдвал юуг анхаарах хэрэгтэй вэ? Найз дээрээ очихоосоо өмнө «Би хэт шударга байгаа юм биш биз?» гэж өөрөөсөө асуугаарай (Ном. 7:16). Хэт шударга хүн Еховагийн тогтоосон хэм хэмжээнд бус, өөрийнхөө үзэл бодолд үндэслэн бусдыг шүүдэг. Бас хэтэрхий хатуу байж болох юм. Өөрийгөө тийнхүү шалгасны дараа ч найзтайгаа ярилцах нь зүйтэй гэж бодогдоод байвал асуудлын гол нь юунд байгааг олж тогтоогоод, алдаагаа хүлээн зөвшөөрөхөд тус болох асуултуудыг найзаасаа асуугаарай. Найз тань таны өмнө бус, Еховагийн өмнө хариуцлага хүлээнэ гэдгийг санаад Сударт үндэслэн яриарай (Ром 14:10). Бурхны Үгэнд байдаг мэргэн ухаанаар удирдуулаарай. Хүнд зөвлөхдөө Есүс шиг өрөвч энэрэнгүй байгаарай (Сур. 3:5; Мат. 12:20). Яагаад? Бид бусадтай хэрхэн харьцана, Ехова бидэнтэй тэгж харьцана (Яак. 2:13).

БУРХНЫ БАЙГУУЛЛАГЫН ЗААВРЫГ ДАГАЖ МӨРДӨӨРЭЙ

БУРХНЫ БАЙГУУЛЛАГА

Еховагийн байгууллага видео, ном хэвлэл гаргаж, цуглаан зохион байгуулдаг. Энэ бүхэн Бурхны Үгэнд байдаг зөвлөгөөг дагахад тустай. Удирдах Зөвлөл заримдаа байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг (14-р догол мөрийг үзээрэй)

14. Бурхны байгууллага бидний төлөө юу хийдэг вэ?

14 Ехова амийн замаар яваа биднийг удирдахдаа байгууллагынхаа дэлхий дэх хэсгийг ашигладаг. Еховагийн байгууллага видео, ном хэвлэл гаргаж, цуглаан зохион байгуулдаг. Энэ бүхэн Бурхны Үгэнд байдаг зөвлөгөөг дагахад тустай. Тэдгээрт агуулагдаж буй мэдээлэл Сударт үндэслэсэн учраас найдвартай. Удирдах Зөвлөл дэлгэрүүлэх ажлыг хамгийн сайн аргаар хийх шийдвэрийг гаргахын тулд агуу хүчинд найддаг. Гэсэн хэдий ч гаргасан шийдвэрээ тогтмол нягталж, шаардлагатай бол өөрчилдөг. Яагаад? «Өнөөгийн ертөнц өөрчлөгдөж байна». Бурхны байгууллага шинэ нөхцөлд тохируулан ажиллах ёстой (1 Кор. 7:31).

15. Зарим дэлгэрүүлэгчид юу хэцүү санагддаг вэ?

15 Бурхны байгууллага Библийн сургаалыг шинэчилж тайлбарлах юм уу ёс суртахууны хэм хэмжээтэй холбоотой заавар өгөхөд бид дагахад бэлэн байдаг. Гэхдээ Бурхны байгууллагаас гаргасан шийдвэр амьдралд маань нөлөөлбөл яах вэ? Жишээ нь сүүлийн жилүүдэд шүтлэгийн зориулалттай барилга барих, засварлах ажлын зардал огцом нэмэгдэж байна. Тийм учраас Удирдах Зөвлөл цуглааны танхимуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглах заавар өгсөн. Энэхүү шийдвэрийн улмаас хурлуудыг нэгтгэж, зарим танхимыг худалдаж байна. Тэгээд мөнгийг нь хэрэгцээ шаардлагатай газруудад танхим барихад зарцуулж байна. Таны амьдарч буй нутагт танхимуудыг зарж, хурлуудыг нэгтгэж байгаа бол шинэ нөхцөлд дасахад хэцүү санагдаж болох юм. Зарим дэлгэрүүлэгч холоос цуглаандаа очих хэрэгтэй болсон. Танхимаа барилцаж, засвар үйлчилгээ хийлцэж явсан Гэрчүүд танхимыг нь зарсанд гайхаж, цаг, хүчээ дэмий барсан юм шиг санаж магадгүй. Гэсэн ч шинэ арга хэмжээг дэмждэг тэднийг магтууштай!

16. Колосай 3:23, 24-т байдаг зөвлөгөөг хэрэгжүүлэх нь ямар ач тустай вэ?

16 Хийж буй бүх ажил маань Еховагийн төлөө гэдгийг, мөн Ехова байгууллагаа удирдаж байгаа гэдгийг санавал үргэлж баяр хөөртэй байна (Колосай 3:23, 24-ийг уншина). Давид хаан сүм барих ажилд хандив өргөж сайн жишээ үлдээжээ. Тэрбээр: «Би хэн болоод, миний ард түмэн хэн болоод ийнхүү харамгүйгээр өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл Танаас ирдэг бөгөөд Таны мутраас авснаа бид Танд өргөсөн юм» гэж хэлсэн байдаг (Ш.дээд 29:14). Бид бас хандив өргөхдөө Еховагаас ирсэн юмыг л Еховад буцааж өгдөг. Тэглээ ч ажил үйлсийг нь дэмжиж цаг, хүч, хөрөнгө мөнгөө хандивладгийг маань Ехова өндөр үнэлдэг (2 Кор. 9:7).

НАРИЙН ЗАМААС БҮҮ ГАРААРАЙ

17. Замаасаа гарч яваагаа анзаарсан бол яагаад сэтгэлээр унах хэрэггүй вэ?

17 Амь руу хөтөлдөг нарийн замаас гарахгүйн тулд бид бүгдээрээ Есүсийн мөрөөр дагах ёстой (1 Петр 2:21). Замаасаа гарч яваагаа анзаарсан бол сэтгэлээр бүү унаарай. Өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгосон гэдэг нь Еховагийн зааврыг биелүүлэхийг хүсдэгийн шинж юм. Ехова төгс бус биднээс Есүсийг төгс дуурайхыг шаарддаггүйг санаарай.

18. Зорилгоо биелүүлье гэвэл яах ёстой вэ?

18 Бүгдээрээ ирээдүйг голлон анхаарцгаая. Бодол, хандлага, үйл хэргээ өөрчлөхөд бэлэн байцгаая (Сур. 4:25; Лук 9:62). Үргэлж даруу, баяр хөөртэй байж, өөрчлөгдөцгөөе (2 Кор. 13:11). Тэгвэл «Хайр ба амар тайвны Бурхан [бидэнтэй] хамт байна». Бид одоо баяр хөөртэй амьдарч, шинэ ертөнцөд мөнх амьдарна.

ДУУ 29 Үнэнч явъя

^ д/м 5 Бодол, хандлага, үйл хэргээ өөрчлөх нь зарим хүнд амаргүй санагдаж болох юм. Бид бүгдээрээ өөрийгөө өөрчлөх хэрэгтэйн учир юу вэ? Өөрийгөө өөрчлөнгөө баяр баясгалантай хэвээрээ байхын тулд яах хэрэгтэй вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүлэл өгнө.

^ д/м 76 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Буруу шийдвэр гаргасны балгаар ямар хохирол амссанаа итгэл нэгтэндээ ярьж байгаа залуу. Итгэл нэгтэн нь (баруун талд) зөвлөгөө өгөх хэрэгтэй эсэхээ мэдэхийн тулд дуугүй сонсож байна.