Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 51

Ехова сэтгэлийн зовлонтой хүмүүсийг авардаг

Ехова сэтгэлийн зовлонтой хүмүүсийг авардаг

«ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» (ДУУ. 34:18).

ДУУ 51 Бид Еховад үнэнч

ТОЙМ a

1, 2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 АМЬДРАЛ дэндүү богино бөгөөд «бэрхшээлээр дүүрэн» гэж бодогдох үе байдаг (Иов 14:1). Тийм учраас бид заримдаа сэтгэлээр унадаг нь зүйн хэрэг. Еховагийн эртний үйлчлэгчдэд ч ийм бэрхшээл тохиолдож байсан. Зарим нь бүр үхье гэж бодож байжээ (Х.дээд 19:2–4; Иов 3:1–3, 11; 7:15, 16). Гэхдээ итгэж найддаг Ехова Бурхан нь тэднийг байнга тайвшруулж, зоригжуулдаг байв. Биднийг сургаж, тайвшруулахын тулд тэдэнд тохиолдсон явдлыг Библид бичиж үлдээжээ (Ром 15:4).

2 Сэтгэлийн зовлонгоо давж гарсан Еховагийн зарим үйлчлэгчийн тухай энэ өгүүллээр ярилцана. Тэд бол Иаковын хүү Иосеф, бэлэвсэн эмэгтэй Наоми болон түүний бэр Рут, 73-р дууллыг бичигч леви хүн, элч Петр юм. Ехова тэднийг хэрхэн зоригжуулсан бэ? Тэдэнд тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ? Эдгээр асуултын хариуг мэдсэнээр, Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг [«сэтгэлийн дарамттай хүмүүсийг», ШЕ] авардаг» гэдэгт итгэнэ (Дуу. 34:18).

ХАРГИС, ШУДАРГА БУС ЯВДЛЫН ЗОЛИОС БОЛСОН ИОСЕФ

3, 4. Залуу Иосефт юу тохиолдсон бэ?

3 Иосефыг 17 орчим настай байхад Бурхан хоёр зүүд зүүдлүүлжээ. Иосеф нэг л өдөр гэрийнхнийхээ хүндэтгэлийг хүлээсэн хүн болохыг тэдгээр зүүд хэлж өгдөг (Эх. 37:5–10). Гэтэл зүүд зүүдэлснээс хойш тун удалгүй Иосефын амьдрал орвонгоороо эргэв. Ах нар нь түүнийг хүндэтгэх нь бүү хэл, харийн хүмүүст боол болгон худалдаж орхив. Иосеф Египетийн түшмэл Потифарын гэрт хүргэгджээ (Эх. 37:21–28). Ингээд аавын хайртай хүү Иосеф Еховаг мэддэггүй египет захирагчийн боол болох нь тэр! (Эх. 39:1).

4 Тэгтэл байдал улам дордов. Иосефыг Потифарын эхнэр хүчингийн хэрэгт хилсээр буруутгалаа. Потифар хэргийг нягтлалгүй Иосефыг шоронд хийж, төмөр гинжээр гинжилжээ (Эх. 39:14–20; Дуу. 105:17, 18). Хүчингийн хэрэгт хилсээр буруутгагдах нь залуу хүнд ямар хэцүү байхыг бодоод үз дээ. Мөн үүнээс болоод Еховагийн нэр хэрхэн гутаагдахыг төсөөл дөө. Ингэж бодвол, Иосеф яаж сэтгэлээр унахгүй байх билээ!

5. Иосеф сэтгэлээр хэт унахгүйн тулд яасан бэ?

5 Эхлээд боол, дараа нь шоронгийн хоригдол болсон Иосефын хувьд нөхцөл байдлаа өөрчлөх боломж огт байгаагүй. Гэсэн ч тэрбээр өөдрөг байж чадсаны учир юу вэ? Хийж чадахгүй юмаа анхаарахын оронд даалгасан ажлыг чадах чинээгээрээ биелүүлж байв. Хамгийн гол нь Еховаг баярлуулахыг хичээж байсан. Тийм учраас Ехова Иосефын хийсэн болгоныг ивээжээ (Эх. 39:21–23).

6. Иосеф урьд нь зүүдэлсэн хоёр зүүдээ санаад хэрхэн тайвширсан бэ?

6 Мөн Иосеф урьд нь зүүдэлсэн зөнтэй зүүднүүдээ бодоод урам зориг ордог байсан байх. Гэр бүлийнхэнтэйгээ эргээд уулзана, нөхцөл байдал сайжирна гэдгийг тэдгээр зүүднээс мэдэж авчээ. Үнэхээр тийм юм болсон. Иосефыг 37 орчим настай байхад зөнтэй зүүднүүд нь гайхалтайгаар биелж эхэлжээ! (Эх. 37:7, 9, 10; 42:6, 9).

7. 1 Петр 5:10-ыг үзвэл, зовлонгоо тэвчихэд юу туслах вэ?

7 Сургамж. Энэ ертөнц харгис хэрцгий явдлаар дүүрэн бөгөөд бид шударга бус явдлын золиос болж магадгүйг Иосефт тохиолдсон явдал сануулдаг. Итгэл нэгтнүүд маань ч биднийг гомдоож магадгүй. Хэрвээ Еховаг Хад, Хоргодох газар гэж үздэг бол тэгтлээ их сэтгэлээр унах юм уу Бурханд үйлчлэхээ болихгүй (Дуу. 62:6, 7; 1 Петр 5:10-ыг уншина). Еховаг зүүд зүүдлүүлэх үед Иосеф 17-хон настай байсныг санаарай. Тэгэхээр Ехова залуу үйлчлэгчдэдээ итгэдэг байх нь ээ. Өнөөдөр Еховад итгэдэг Иосеф шиг залуус олон. Бурханд дуулгавартай байдгаас нь болоод тэдний заримыг шударга бусаар шоронд хорьдог (Дуу. 110:3).

УЙ ГАШУУД АВТСАН ХОЁР ЭМЭГТЭЙ

8. Наоми Рут хоёрт юу тохиолдсон бэ?

8 Иудад өлсгөлөн нүүрлэхэд Наоми гэр бүлийнхэнтэйгээ харийн нутаг Моабт очиж суурьшжээ. Тэнд нөхөр Елимелех нь нас барж, Наоми хоёр хүүтэйгээ хоцров. Хожим нь хоёр хүү нь Рут, Орпа гэдэг моаб эмэгтэйчүүдтэй гэрлэжээ. Гэвч аль аль нь үр хүүхэдгүй байлаа. Арваад жилийн дараа Наомигийн хөвгүүд ч нас барав (Рут 1:1–5). Гурван эмэгтэй хэчнээн их гашуудсан бол оо! Рут Орпа хоёр, мэдээж, дахин гэрлэх боломжтой. Харин өндөр настай Наомиг хэн халамжлах вэ? Тэрбээр сэтгэлээр маш их унасан учраас «Намайг Наоми гэж битгий дууд. Учир нь Төгс хүчит Нэгэн надад хэрцгий хандсан тул намайг Мара хэмээн дууд» гэж хэлж байсан удаатай. Ийм их зовлон амссан тэрбээр эцэстээ Бетлехем рүү буцахаар шийдэж, Рут түүнтэй хамт явав (Рут 1:7, 18–20).

Сэтгэлээр унаж уй гашууд автсан үйлчлэгчдээ тусална гэдгээ Ехова Наоми Рут хоёрт баталсан. Тэгвэл танд ч гэсэн туслахгүй гэж үү? (8–13-р догол мөрийг үзээрэй) b

9. Рут 1:16, 17, 22-ыг үзвэл, Рут Наомигийн сэтгэлийг хэрхэн сэргээсэн бэ?

9 Цөхрөнгөө барсан Наомид юу тус болсон бэ? Тэрбээр хувиршгүй хайрыг мэдэрсэн. Рут Наомиг хаяж явалгүй хувиршгүй хайраа илчилжээ (Рут 1:16, 17, 22-ыг уншина). Тэрбээр Бетлехемд ирээд хаягдсан тариан түрүүг өөртөө болон хадам ээждээ зориулж хичээнгүйлэн түүх болов. Удалгүй залуу эмэгтэй олны сайшаалыг хүлээжээ (Рут 3:11; 4:15).

10. Ехова Бурхан, Наоми Рут нар шиг ядарсан хүмүүст хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?

10 Ехова израйлчуудад өгсөн хуульдаа ургац хураах үеэр талбайнхаа өнцөг булангуудыг хадалгүй ядууст үлдээх заалт оруулжээ. Эндээс Наоми Рут нар шиг ядарсан хүмүүсийг Ехова хэчнээн их энэрч өрөвддөгийг мэдэж болно (Лев. 19:9, 10). Тийм учраас Наоми Рут хоёр гуйлга гуйж нэр нүүрээ барахгүйгээр хоолтойгоо золгох боломжтой байв.

11, 12. Наоми Рут хоёрыг Боаз хэрхэн баярлуулсан бэ?

11 Рутын, тариан түрүү түүдэг байсан талбайн эзэн нь Боаз гэдэг чинээлэг эр байлаа. Рут хадам ээж Наомидаа хэчнээн үнэнч, хэчнээн хайртайг харсан Боазын сэтгэл хөдөлжээ. Тийм учраас Боаз тэдний гэр бүлийн өвийг худалдан авч, Рутыг эхнэрээ болгов (Рут 4:9–13). Тэд хүүтэй болж, Обед хэмээн нэрлэв. Обед нь Давид хааны өвөг эцэг болжээ (Рут 4:17).

12 Нялх Обедыг энгэртээ тэврэн Еховад чин сэтгэлээсээ талархан баярлаж суугаа Наомиг төсөөл дөө! Гэхдээ үүнээс ч илүү сайхан юмыг Наоми Рут хоёр ирээдүйд үзнэ. Тэд амилахаараа хүү Обед нь амласан Мессиа буюу Есүс Христийн өвөг эцэг болсныг мэдэх болно!

13. Наоми Рут хоёрт тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

13 Сургамж. Бид зовлон амсахаараа сэтгэлээр унаж, гашуудаж мэднэ. Бүр гарах гарцгүй болсон мэт санагдаж болох юм. Тийм үед тэнгэрийн эцэг Еховадаа бүрэн найдаж, итгэл нэгтнүүдээсээ холдохгүй байх хэрэгтэй. Ехова зовлонг арилгахгүй нь мэдээж. Наомид нөхөр хүүхдүүдийг нь амилуулж өгөөгүй шүү дээ. Гэхдээ Ехова зовлонг давахад маань ямар нэг аргаар тусална. Жишээ нь итгэл нэгтнүүд маань хувиршгүй хайраа илэрхийлэн бидний төлөө сайн юм хийж магадгүй (Сур. 17:17).

БҮДРЭХ ШАХСАН ЛЕВИ ХҮН

73-р дууллыг бичсэн хүн Еховаг хайхардаггүй хүмүүсийн амжилтад атаархан бүдрэх шахсан. Бидэнд ч ийм юм тохиолдож болзошгүй. (14–16-р догол мөрийг үзээрэй)

14. Леви хүн яагаад сэтгэлээр унасан бэ?

14 73-р дууллыг бичигч нь леви хүн байсан. Тэрбээр Еховаг шүтэх шүтлэгийн газар үйлчилж онцгой завшаан эдэлдэг байв. Гэсэн хэдий ч нэг хэсэг сэтгэлээр унаж явжээ. Яагаад? Хорон муу, сайрхагч хүмүүст атаархах болсон. Муу юм хийдэгт нь биш, харин сайн сайхан амьдардагт нь атаархжээ (Дуу. 73:2–9, 11–14). Тэд ямар ч зовлонгүй, баян тансаг, аз жаргалтай мэт харагдсан. Үүнээс болоод тэрбээр сэтгэлээр унаж «Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, гараа гэмгүй байдал дотор угаалаа» гэж хэлсэн. Энэ леви хүн Еховад үйлчлэхээ болих шахжээ.

15. Дуулал 73:16–19, 22–25-ыг үзвэл, леви хүн сэтгэлээр унахаа болихын тулд яасан бэ?

15 Дуулал 73:16–19, 22–25-ыг уншина. Леви хүн «Бурханы ариун газарт» орсон. Еховаг шүтдэг хүмүүсийн дунд ороод тайвширч, ямар байдалтай байгаагаа сайтар нягталж, залбирсан. Тэгээд буруу юм бодож байснаа болон Еховагаас холдуулдаг зам дээр хөл тавьснаа ухаарчээ. Мөн хорон муу хүмүүс «хальтиргаатай газар дээр» байдаг бөгөөд бүрмөсөн сүйрэхийг ойлгосон. Тэрбээр Еховагийнх шиг үзэл бодолтой болсны ачаар хорон муу хүмүүст атаархахаа больж, сэтгэл нь уужирчээ. Ингэснээр урьдынх шигээ амар тайван, аз жаргалтай болсон. Тэрбээр: «[Еховагаас] өөр юуг ч газар дээр би хүсдэггүй» гэжээ.

16. Леви хүнээс юу сурах вэ?

16 Сургамж. Амжилттай яваа юм шиг харагддаг хорон муу хүмүүст хэзээ ч атаархахгүй байя. Тэдний аз жаргал зуурдынх бөгөөд тэд мөнх амьдрахгүй (Ном. 8:12, 13). Тэдэнд атаархвал сэтгэлээр унаж, Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгана. Тиймээс муу хүмүүсийн амжилтад атаархаж байгаагаа мэдвэл леви хүнийг дуурайгаарай. Бурхны зөвлөгөөг дагаарай. Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүстэй дотно байгаарай. Та Еховаг бүхнээс илүү хайрладаг бол жинхэнэ аз жаргалыг мэдэрнэ. Мөн «жинхэнэ амь» руу хөтлөх зам дээр бат зогсоно (1 Тим. 6:19).

ДУТАГДЛААСАА БОЛЖ СЭТГЭЛЭЭР УНАСАН ПЕТР

Петр сэтгэлээр унасан ч Бурханд үйлчлэхийг голлон анхаарсан. Үүнийг эргэцүүлж бодвол бид өөрсдөө ач тус хүртээд зогсохгүй, хүмүүст тусалж чадна. (17–19-р догол мөрийг үзээрэй)

17. Петр яагаад сэтгэлээр унасан бэ?

17 Элч Петр эрч хүч, идэвх санаачилгатай хүн боловч заримдаа болчимгүй зан гаргадаг байв. Үүнээсээ болоод хожим нь харамсах юм хэлчихдэг, хийчихдэг байжээ. Жишээлбэл Есүс зовлон эдлээд үхнэ гэдгээ элч нартаа хэлэхэд Петр түүнийг зэмлэн «Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэжээ (Мат. 16:21–23). Тэгэхэд нь Есүс Петрийн буруу бодлыг залруулсан. Бөөн хүн Есүсийг баривчлахаар ирэхэд Петр яах ийхийн завдалгүй тэргүүн тахилчийн боолын чихийг тас цавччихдаг (Ёох. 18:10, 11). Есүс дахиад л Петрийн алдааг засав. Бас нэг удаа Петр: «Танд тохиолдох явдлаас болж бүгдээрээ бүдэрсэн ч, би хэзээ ч бүдрэхгүй!» гэж сайрхдаг (Мат. 26:33). Гэвч удалгүй өөртөө хэт итгэх итгэл нь хүнээс айх айдсаар солигдож, Есүсийг мэдэхгүй хэмээн гурван удаа мэлзсэн. Үүнээсээ болоод ихэд гутарсан тэрбээр «гадагшаа гарч яван гашуунаар уйлав» (Мат. 26:69–75). Есүс намайг хэзээ ч уучлахгүй гэж бодсон байх.

18. Сэтгэлийн зовлонгоосоо ангижрахад нь Есүс Петрт хэрхэн тусалсан бэ?

18 Хэдийгээр Петр сэтгэлээр унасан ч Еховад үйлчлэхээ болиогүй. Алдаа гаргасныхаа дараа элч нартай үргэлж хамт байсныг бодвол дахин сэргэсэн ажээ (Ёох. 21:1–3; Үйлс 1:15, 16). Сэтгэлээ засахад нь юу тус болсон бэ? Итгэл нь бүү алдраасай гэж Есүс түүний төлөө залбирчээ. Бас эргэж ирээд ах дүүгээ батжуулаарай хэмээн захижээ. Ехова Есүсийн чин сэтгэлийн залбиралд хариулсан. Хожим нь Есүс Петрт үзэгдсэн нь түүнийг зоригжуулах гэснийх биз ээ (Лук 22:32; 24:33, 34; 1 Кор. 15:5). Элч нарыг шөнөжин загасчлаад юу ч барьж чадалгүй үүр цайлгах үед Есүс тэдэнтэй уулздаг. Тэр үедээ Петрт өөрийг нь хэр их хайрладгаа батлах боломж олгосон. Есүс дотнын андаа уучилсан бөгөөд түүнд чухал ажил даалгасан (Ёох. 21:15–17).

19. Дуулал 103:13, 14-ийг харвал, биднийг нүгэл үйлдэхэд Ехова яадаг вэ?

19 Сургамж. Есүс өршөөнгүй сэтгэлтэй бөгөөд Эцгээ яг таг дуурайсан гэдгийг Петрт тохиолдсон явдал харуулдаг. Тэгэхээр, алдаа гаргалаа гэхэд Ехова намайг хэзээ ч уучлахгүй гэж бодох ёсгүй байх нь ээ. Сатан л ингэж бодуулахыг хүсдэг. Ехова бидэнд хайртай, хэр чадлыг маань мэддэг, уучлахыг хүсдэг гэдгийг санаж явцгаая. Биднийг гомдоосон хүмүүстэй харьцахдаа Еховаг дуурайцгаая (Дуулал 103:13, 14-ийг уншина).

20. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

20 Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг» гэдгийг Иосеф, Наоми, Рут, леви хүн, Петрт тохиолдсон явдал харуулдаг (Дуу. 34:18). Бидэнд зовлон учирч, сэтгэлээр унах үе гардаг. Ийм юм болохыг Ехова зөвшөөрдөг ч зовлонг давахад маань тусалдаг. Тийм учраас бидний итгэл батаждаг (1 Петр 1:6, 7). Еховагийн үнэнч үйлчлэгчид төгс бусаасаа юм уу хүнд хэцүү асуудлаас болоод сэтгэлээр унадаг. Тийм үед Ехова тэдэнд хэрхэн тусалдгийг дараагийн өгүүллээр үргэлжлүүлэн үзнэ.

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

a Сэтгэлийн зовлон амсаж явсан Иосеф, Наоми, Рут, леви хүн, элч Петрийг Ехова хэрхэн тайвшруулж, зоригжуулсныг энэ өгүүллээр үзнэ. Мөн тэднээс юу сурч болохыг ярилцаж, тэдэнд тусалсан Еховагаас суралцъя.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хань ижлээ алдсан Наоми Рут Орпа гурав уй гашууд автжээ. Хожим нь Обедыг төрөхөд Рут Наоми Боаз гурав баярлаж байна.