Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 2

«Есүсийн хайртай шавиас» суралцах нь

«Есүсийн хайртай шавиас» суралцах нь

«Бие биеэ хайрлаж явцгаая. Яагаад гэвэл хайр нь Бурхнаас эхтэй» (1 ЁОХ. 4:7).

ДУУ 3 «Бурхан бол хайр»

ТОЙМ a

1. Бурхан бидэнд хайртай учраас бид ямар байдаг вэ?

 «БУРХАН бол хайр» гэж Ёохан бичжээ (1 Ёох. 4:8). Энэ хэдхэн үгээс нэг чухал зүйлийг мэдэж болно. Юу гэвэл, амийн Эх булаг болсон Бурхан маань бас хайрын Эх булаг ажээ. Ехова бидэнд хайртай! Тийм учраас бид айж түгших юмгүй, аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг.

2. Матай 22:37–40-ийг үзвэл, ямар хоёр агуу тушаал байдаг вэ? Хоёр дахь тушаалыг биелүүлэх нь яагаад хэцүү вэ?

2 Христийн дагалдагч хүн бусдыг хайрлах уу, үгүй юү гэдгээ сонгох эрхгүй. Энэ бол тушаал (Матай 22:37–40-ийг уншина). Еховаг сайн таньж мэдэхийн хэрээр эхний тушаалыг биелүүлэх нь хялбар байдаг. Учир нь Ехова бол төгс. Тэрбээр бидэнд санаа тавьж, сайхан сэтгэлээр ханддаг. Харин хоёр дахь тушаалыг биелүүлэх амаргүй байж магадгүй. Яагаад гэвэл итгэл нэгт ах дүү нар маань төгс бус шүү дээ. Заримдаа тэд хатуу ширүүн үг хэлэх юм уу сэтгэл гонсойлгох юм хийж мэднэ. Энэ тушаалыг биелүүлэх нь бидэнд амархан биш гэдгийг Ехова мэддэг. Тийм учраас нэг нэгнээ яагаад хайрлах ёстой, яаж хайрлах вэ гэдгийг зарим хүнээр Библид бичүүлжээ. Тэр хүмүүсийн нэг нь Ёохан юм (1 Ёох. 3:11, 12).

3. Ёохан юуг онцолсон бэ?

3 Христийн дагалдагчид хайраа илэрхийлэх ёстойг Ёохан номууддаа олон удаа онцолжээ. Есүсийн амьдралын талаар бичсэн номд нь «хайр», «хайрлах» гэдэг үг Сайн мэдээний бусад гурван номд гардгаас ч олон удаа гардаг. Тэрбээр 100 орчим настай байхдаа Сайн мэдээний ном болон гурван захидлаа бичжээ. Библийн тэдгээр номоос Христийн дагалдагч хүн юу ч хийсэн хайрандаа хөтлөгдөх ёстойг мэдэж болно (1 Ёох. 4:10, 11). Аливааг хайрандаа хөтлөгдөн хийдэг болоход нь Ёоханд хугацаа хэрэгтэй байв.

4. Ёохан бусдыг дандаа хайрладаг байсан уу?

4 Ёохан залуудаа бүх юмыг хайрандаа хөтлөгдөн хийдэг хүн байсан уу гэвэл тийм биш ээ. Жишээ авъя. Есүс шавь нартайгаа Самариар дайраад Иерусалим орох болжээ. Гэтэл Самарийн нэг тосгоныхон тэднийг хүлээж авахаас татгалзав. Ёохан яасан бэ? Тэнгэрээс гал буулгаж, тосгоны оршин суугчдыг бүгдийг нь хүйс тэмтэрье гэж хэлдэг (Лук 9:52–56). Бас нэг удаа бусдыгаа бодолгүй өөдгүй зан гаргасан. «Та Хаант төрөө захирахаараа хоёр хүүгийн минь нэгийг баруун талдаа, нөгөөг нь зүүн талдаа суулгаж өгөөч» гэж ээжээрээ хэлүүлжээ. Элч нар энэ тухай сонсоод Яаков Ёохан хоёрт зэвүүцдэг (Мат. 20:20, 21, 24). Ёохан энэ мэтээр алдаа гаргадаг байсан ч Есүс түүнийг хайрладаг байв (Ёох. 21:7).

5. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

5 Энэ өгүүллээр, Ёоханы тухай ярилцаж, хайрын талаар бичсэн зарим зүйлийг нь авч үзнэ. Ингэснээр итгэл нэгтнүүддээ хайртайгаа хэрхэн батлахыг сурна. Бас өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнээ хайрладгаа батлах чухал аргыг мэдэж авна.

ХАЙРАА ҮЙЛ ХЭРГЭЭРЭЭ ХАРУУЛААРАЙ

Ехова бидэнд хайртайгаа баталж Хүүгийнхээ амийг золиосолсон (6, 7-р догол мөрийг үзээрэй)

6. Ехова хайраа хэрхэн илчилдэг вэ?

6 Ер нь бид нэг нэгнээ дотроо хайрладаг эсвэл хайртайгаа хэлдэг л бол боллоо гэж боддог. Гэхдээ жинхэнэ ёсоор хайрлах гэдэгт үйл хэрэг бас ордгийг санах хэрэгтэй (Яаков 2:17, 26-тай харьцуулаарай). Жишээлбэл Ехова биднийг сэтгэл зүрхэндээ хайрладаг (1 Ёох. 4:19). Бас хайртай гэдгээ Үгээрээ дамжуулан хэлдэг (Дуу. 25:10; Ром 8:38, 39). Түүнээс гадна, хайраа үйл хэргээрээ харуулдаг. «Бурхан биднийг мөнх амьдруулах гэж цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээж нүгэлт биднийг хайрладгаа батлан харуулсан» хэмээн Ёохан бичжээ (1 Ёох. 4:9). Ехова хайртай Хүүгээ биднээс харамлаагүй. Хүү нь бидний төлөө зовж тарчлан, амиа алдсан билээ (Ёох. 3:16). Тэгэхээр Ехова бидэнд үнэхээр хайртай гэдэгт эргэлзэх хэрэг байна уу?

7. Есүс бидэнд хайртай гэдгээ хэрхэн баталсан бэ?

7 Есүс элч нараа хайрладгаа тэдэнд хэлдэг байсан (Ёох. 13:1; 15:15). Тэрбээр элч нартаа болон бидэнд хэчнээн их хайртайгаа үгээрээ төдийгүй үйлсээрээ баталсан. «Нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс илүү агуу хайр байхгүй» гэж Есүс хэлсэн (Ёох. 15:13). Ехова Есүс хоёр бидний төлөө юу хийснийг бодохоор ямар хүсэл төрдөг вэ?

8. 1 Ёохан 3:18-ыг харвал бид яах ёстой вэ?

8 Бид Ехова Есүс хоёрт дуулгавартай байдаг бол тэднийг хайрладаг гэсэн үг (Ёох. 14:15; 1 Ёох. 5:3). Есүс бидэнд бие биеэ хайрлахыг тушаасан (Ёох. 13:34, 35). Бид итгэл нэгтнүүдээ хайрладгаа үгээрээ илэрхийлээд зогсохгүй үйлсээрээ харуулах учиртай (1 Ёохан 3:18-ыг уншина). Ямар үйлсээр харуулах вэ?

ИТГЭЛ НЭГТНҮҮДЭЭ ХАЙРЛААРАЙ

9. Ёохан хайрандаа хөтлөгдөөд юу хийсэн бэ?

9 Ёохан гэртээ үлдээд, аавтайгаа хамт загас барих ажлаа хийж мөнгө олоод сууж болох л байсан. Гэвч тэгээгүй. Тэрбээр Ехова Есүс хоёрын тухай үнэнийг хүмүүст мэдүүлэхэд үлдсэн бүх амьдралаа зориулжээ. Сонгосон амьдралынх нь зам дардан байгаагүй. Хавчигдан зовж явсан. Нэгдүгээр зууны сүүлчээр нас өндөр болсон хойноо Патм арал руу цөлөгдсөн (Үйлс 3:1; 4:1–3; 5:18; Илч. 1:9). Бас Есүсийн тухай дэлгэрүүлснийхээ улмаас шоронд хоригдож байсан. Тэр үедээ ч бусдыг хайрладаг байжээ. Жишээлбэл Патм арал дээр байхад нь Бурхан түүнд ирээдүйд болох үйл явдлыг ер бусын аргаар үзүүлсэн. Ёохан үүнийг тэмдэглэж аваад хурлууд руу илгээсэн. Энэ нь «удахгүй болох ёстой үйл явдлыг» мэдэж аваасай гэснийх байлаа (Илч. 1:1). Цөллөгөөс буцаж ирээд Есүсийн амьдрал, үйл хэргийн тухай номоо бичсэн бололтой. Бас итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулахын тулд гурван захидал бичжээ. Хүний төлөө амьдарсан Ёоханыг та хэрхэн дуурайх вэ?

10. Хүмүүст хэр их хайртай маань юунаас харагддаг вэ?

10 Бид яаж амьдрахаа өөрсдөө шийдэх эрхтэй. Хүмүүст хэр их хайртай маань гаргасан шийдвэрээс харагддаг. Сатаны ертөнц хамаг цаг хүчээ өөртөө зориулаарай, нэр алдартай болоорой, мөнгө төгрөг олоорой гэж уриалдаг. Харин дэлхий дахинд буй Христийн дагалдагчид хүний төлөө гэсэн сэтгэлтэй учраас аль болох олон цагаар сайн мэдээ дэлгэрүүлж, хүмүүсийг Еховатай дотно болгохыг хичээдэг. Зарим нь бүр дэлгэрүүлэх, заах ажилд бүрэн цагаар оролцдог.

Бид ах дүү болон гэрийнхнийхээ төлөө их юм хийснээрээ хайртайгаа баталж чадна (11, 17-р догол мөрийг үзээрэй) b

11. Христийн үнэнч дагалдагчид Еховаг болон итгэл нэгтнүүдээ хайрладгаа хэрхэн баталдаг вэ?

11 Өөрийгөө, гэр бүлээ тэжээхийн тулд бүтэн өдрөөр ажиллахаас өөр аргагүй хүн Христийн үнэнч дагалдагчдын дунд олон байдаг. Гэсэн хэдий ч тэд Бурхны байгууллагыг чадлынхаа хэрээр дэмждэг. Жишээлбэл зарим нь гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусалдаг. Зарим нь барилгын ажилд оролцдог. Бас хүн бүр дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөдөг. Тэд Бурхан болон хүмүүст хайртай учраас энэ бүхнийг хийдэг. Мөн 7 хоног бүр цуглаандаа сууж, идэвхтэй оролцон нэг нэгнээ хайрладгаа баталдаг. Хэчнээн их ядарсан байлаа ч цуглаанаа тасалдаггүй. Хэдий сандардаг ч хариулдаг. Хүн болгон өөрийн гэсэн зовлонтой хэр нь цуглааны өмнө болон дараа бусдыгаа урамшуулан зоригжуулдаг (Евр. 10:24, 25). Хайрт итгэл нэгтнүүдийн маань хийдэг бүхэн бидэнд үнэ цэнтэй!

12. Ёохан итгэл нэгтнүүдээ хайрладаг байсныг өөр юунаас мэдэж болох вэ?

12 Ёохан итгэл нэгтнүүдээ магтаж сайшаахаас гадна зэмлэдэг байсан нь тэднийгээ хайрладаг байсны шинж юм. Жишээ нь, захидлуудыг нь харвал итгэл, сайн үйлсийнх нь төлөө ах дүү нараа магтсан байдаг ч нүгэл үйлдсэн нэгнийгээ зэмлэн буруушаажээ (1 Ёох. 1:8—2:1, 13, 14). Бид ч ах дүү нараа сайн үйлсийнх нь төлөө магтаж байх нь зүйтэй. Харин муу хандлага юм уу муу зуршилтай болж байгаа нэгэндээ эвтэйхэн зөвлөн хэлж хайраа илэрхийлэх учиртай. Ингэхэд зориг хэрэгтэй. Гэхдээ Библид бичсэнээр, жинхэнэ найзууд нэг нэгнээ «хурцлах» буюу алдаа дутагдлыг нь хэлж сануулдаг (Сур. 27:17).

13. Бид юунаас зайлсхийх ёстой вэ?

13 Бид зарим юмнаас зайлсхийж байгаагаараа ах дүүгээ хайрладгаа батална. Жишээлбэл хэлсэн үгээс нь болж амархан уурлахгүй байх хэрэгтэй. Есүсийн дэлхий дэх амьдралын төгсгөлд болсон нэг явдлыг бодъё. Тэрбээр шавь нартаа «Махыг минь идэж, цусыг минь уудаг хэн боловч мөнх амьдарна» гэжээ (Ёох. 6:53–57). Энэ үг хачин жигтэй санагдсан учраас ихэнх шавь нь түүнийг орхин явжээ. Гэхдээ Ёохан нарын жинхэнэ найзууд нь тэгээгүй. Тэд Есүсийг үнэнчээр дагаж байлаа. Хэлсэн үгийг нь ойлгоогүй. Тэр ч бүү хэл гайхсан. Гэхдээ Есүсийг буруу юм хэлчихлээ гэж бодоогүй, бас уурлаагүй. Харин ч үнэн юм ярьдгийг нь мэддэг болохоор итгэж найдсаар байсан (Ёох. 6:60, 66–69). Найзуудынхаа хэлсэн үгэнд амархан уурлахгүй байх нь хэчнээн чухал вэ! Харин ямар утгатай үг хэлснийг нь асууж болно шүү дээ (Сур. 18:13; Ном. 7:9).

14. Бид яагаад ах дүүгээ хэзээ ч үзэн ядах ёсгүй вэ?

14 Ёохан бас ах дүүгээ үзэн ядахгүй байхыг зөвлөсөн. Энэ зөвлөгөөг дагахгүй бол Сатаны нөлөөнд автах аюултай (1 Ёох. 2:11; 3:15). МЭ І зууны сүүлээр ийм явдал болж байсан. Сатан тэр үед нэг нэгнээ үзэн ядах, талцан хуваагдах явдлыг өдөөхийн тулд чадах бүхнээ хийжээ. Ёоханыг захидлуудаа бичиж байх үед Сатаныхтай адилхан хандлагатай хүмүүс хуралд шургалан орсон байлаа. Жишээлбэл Диотреф нэг хурлыг талцан хуваагдахад хүргэжээ (3 Ёох. 9, 10). Тэрбээр удирдах зөвлөлөөс томилогдсон төлөөлөгчдөд хүндэтгэлгүй хандсан. Дургүй хүмүүсийг нь гэртээ байлгаж, дайлж зочилсон дагалдагчдыг хурлаас хасахыг оролдсон. Ямар том толгой вэ! Сатан өнөөдөр ч Бурхны ард түмнийг хагалан бутаргахыг оролдож, ялалт байгуулахыг хүсдэг. Тиймээс бие биеэ үзэн ядахгүй, талцан хуваагдахгүй байцгаая.

ГЭРИЙНХНЭЭ ХАЙРЛААРАЙ

Есүс эхийгээ Ёоханд даатгасан. Ёохан Мариаг тэжээж, Бурхантай дотно байхад нь тусалжээ. Өнөөгийн өрхийн тэргүүнүүд гэрийнхнийхээ бүх хэрэгцээг хангах ёстой (15, 16-р догол мөрийг үзээрэй)

15. Өрхийн тэргүүн хүн юуг санаж явах ёстой вэ?

15 Өрхийн тэргүүн гэрийнхэндээ хайртайгаа батлах нэг чухал арга бол бие махбодын хэрэгцээг нь хангах явдал юм (1 Тим. 5:8). Гэхдээ хамгийн чухал нь тэднийгээ Бурхантай дотно байлгах гэдгийг санах хэрэгтэй (Мат. 5:3). Есүс өрхийн тэргүүнүүдэд ямар жишээ үзүүлснийг анхаараарай. «Ёохан» номд бичсэнээр, Есүс тарчлаах шонд хадуулаад амьсгал хураах гэж байхдаа гэр бүлийнхнээ бодсоор байсан. Тэнд Ёохан болон Есүсийн эх Мариа зогсож байв (Ёох. 19:26, 27). Уг нь ээжийгээ халамжилж, тэжээх дүү нар Есүст байсан. Гэхдээ тэдний хэн нь ч түүний шавь болж амжаагүй байсан бололтой. Тийм учраас Есүс эхийгээ Ёоханд даатгажээ. Учир нь Ёохан Мариад халамж анхаарал тавьж, Еховад тууштай үйлчлэхэд нь тусалж чадах хүн байлаа.

16. Ёохан ямар ямар үүрэгтэй байсан бэ?

16 Ёохан маш олон үүрэг даалгавартай хүн байв. Элч учраас дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцдог байсан. Тэрбээр бас эхнэртэй байсан бололтой. Хэрэв тийм бол гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ Бурхантай дотно болоход нь тусалдаг байсан биз ээ (1 Кор. 9:5). Эндээс өрхийн тэргүүнүүд юу сурах вэ?

17. Өрхийн тэргүүн хүн гэрийнхнээ Еховатай дотно байлгах гэж хичээх нь яагаад чухал вэ?

17 Гэр бүлтэй Гэрч эрэгтэй хариуцлагатай үүрэг ихтэй. Жишээлбэл амьжиргаагаа залгуулах ажил хийж байхдаа биеэ авч явах байдлаараа Еховаг алдаршуулах ёстой (Эф. 6:5, 6; Тит 2:9, 10). Мөн хуралд хариуцлагатай үүрэгтэй бол ах дүү нараа дэмжиж, урамшуулж, дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцох учиртай. Үүний зэрэгцээ эхнэр хүүхэдтэйгээ Библийг тогтмол судлах шаардлагатай. Өөрсдийг нь эрүүл саруул, аз жаргалтай, Еховатай дотно байлгахын тулд хийдэг бүхнийх нь төлөө гэрийнхэн нь түүнд талархах биз ээ (Эф. 5:28, 29; 6:4).

«ХАЙРЫГ МИНЬ ТАТ»

18. Ёохан юунд итгэлтэй байсан бэ?

18 Ёохан өндөр насыг наслахдаа юм юм үзжээ. Итгэл сулруулж мэдэх янз янзын зовлон амсаж явсан. Гэхдээ Есүсийн тушаалыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийжээ. Жишээ нь ах дүүгээ чин сэтгэлээсээ хайрладаг байсан. Тийм ч учраас Ехова Есүс хоёр өөрийг нь хайрладаг бөгөөд ямар ч сорилтыг давах хүч өгнө гэдэгт итгэлтэй байв (Ёох. 14:15–17; 15:10; 1 Ёох. 4:16). Ах дүүгээ хайрлахад нь, энэ хайраа үгээрээ, үйлсээрээ илэрхийлэхэд нь Сатан болон түүний ертөнц Ёоханд саад болж чадаагүй.

19. 1 Ёохан 4:7 биднийг юунд уриалдаг вэ? Яагаад?

19 Бид жигшүүрт бурхан Сатаны ертөнцөд амьдардгаараа Ёохантай адилхан (1 Ёох. 3:1, 10). Итгэл нэгтнүүдээ хайрлахыг маань болиулах гэж Сатан хичээдэг. Гэхдээ бид өөрсдөө л хүсэхгүй бол Сатан яаж ч чадахгүй. Ах дүүгээ хайрласаар байцгаая. Энэ хайраа үг яриа, үйл хэргээрээ илэрхийлж явцгаая. Ингэдэг бол Еховагийн гэр бүлийн нэг хэсэг гэдэгтээ баярлаж, аз жаргалтай амьдарна (1 Ёохан 4:7-г уншина).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

a «Есүсийн хайртай шавь» нь элч Ёохан байсан бололтой (Ёох. 21:7). Тэрбээр залуу байхдаа ч олон сайхан зан чанартай хүн байсан нь лавтай. Өтөлсөн хойно нь Ехова түүгээр хайрын тухай их юм бичүүлжээ. Энэ өгүүллээр, Ёоханы бичсэн зарим зүйлийг ярилцаж, түүнээс юу сурахыг авч үзнэ.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Өчүүхэн ч завгүй өрхийн тэргүүн: гамшигт нэрвэгдэгсдэд тусалж байна; дэлхий дахины үйл хэргийг дэмжин хандив өргөж байна; гэр бүлийн хичээлдээ итгэл нэгтнүүдээ урьсан байна.