Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 4

Халуун сэтгэлээр хайрлаж сурцгаая

Халуун сэтгэлээр хайрлаж сурцгаая

«Ах дүүгийн ёсоор бие биеэ хайрла» (РОМ 12:10).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ a

1. Хүмүүс гэрийнхнээ ч хайрлахаа больсон нь юунаас харагддаг вэ?

 ЭЦСИЙН өдрүүдэд хүмүүс гэрийнхнээ ч хайрлахаа болихыг Библид зөгнөсөн байдаг (2 Тим. 3:1, 3). Энэ зөгнөл биелж байгааг бид харж байна. Жишээлбэл, олон сая гэр бүл салж сарниж байна. Үүнээс болоод эцэг эх нь нэг нэгэндээ уурлаж, хүүхдүүд нь хайрлах хүнгүй хаягдаж байна. Салж сарниагүй нь бие биетэйгээ танихгүй хүн мэт харьцдаг болжээ. Гэр бүлийн асуудлаар зөвлөгөө өгдөг нэг хүн: «Аав, ээж, хүүхдүүд хоорондоо харьцахаа больсон. Хамаг цагаа компьютер, таблет, ухаалаг утас, видео тоглоом зэрэгт зарцуулдаг болсон. Нэг гэрт амьдардаг атлаа бие биеэ сайн мэддэггүй» гэж хэлжээ.

2, 3. а) Ром 12:10-ыг үзвэл, бид хэнийг халуун сэтгэлээр хайрлах ёстой вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Бид энэ ертөнцийн хүйтэн сэтгэлтэй хүмүүс шиг болохыг хүсдэггүй (Ром 12:2). Тийм учраас зөвхөн гэр бүлийнхнээ төдийгүй итгэл нэгтнүүдээ халуун сэтгэлээр хайрлаж сурах хэрэгтэй (Ром 12:10-ыг уншина). Чухам яана гэсэн үг вэ? Гэр бүлийн гишүүд бие биедээ элгэмсүү дотно байдаг шүү дээ. Үүн шиг, бид хурлынхаа итгэл нэгтнүүдэд ч ийм л сэтгэлээр хандаж сурах ёстой гэсэн үг. Ийнхүү бие биеэ халуун сэтгэлээр хайрладаг бол жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг болсон эв нэгдлийг батжуулна (Мика 2:12).

3 Бие биенээ халуун сэтгэлээр хайрлаж сурахад тустай Библийн зарим жишээг ярилцъя.

ЕХОВА «ЭНЭРЭЛ ХАЙРААР» БЯЛХАМ

4. Египетээс гарсан нь 34:6-г үзвэл, Ехова биднийг хэр их хайрладаг вэ?

4 Еховагийн бишрэм чанаруудыг Библиэс мэдэж болно. Жишээлбэл, «Бурхан бол хайр» гэж бичсэн байдаг (1 Ёох. 4:8). Үүнийг ойлгосон хүн Бурхантай найзлахыг хүсдэг. Библид бас Еховаг «энэрэл хайр[аар] ... бялхам» гэдэг (Египетээс гарсан нь 34:6-г уншина). Ехова бидэнд ямар их хайртайг үнэхээр сайхан хэлсэн байгаа биз!

5. Ехова өрөвч гэдэг нь юунаас харагддаг вэ? Бид түүнийг яаж дуурайх вэ?

5 Египетээс гарсан нь 34:6-д Еховагийн энэрэл хайрыг бас нэг гайхалтай чанар буюу өрөвч сэтгэлтэй зэрэгцүүлж бичсэнийг анхаараарай (Яак. 5:11). Ехова бидний алдааг уучилдаг нь өрөвч сэтгэлийнх нь нэг илрэл юм (Дуу. 51:1). Библид бичсэнээр, өрөвч сэтгэл гэдэг нь зөвхөн уучлахыг хэлдэггүй. Өрөвч хүн зовлонд унасан нэгнийг хараад сэтгэлийн гүнээс оргилон гарах хүчтэй мэдрэмждээ хөтлөгдөн тусалдаг. Бидэнд туслах гэсэн Еховагийн сэтгэл хөхүүл хүүхдээ энэрдэг эхийн сэтгэлээс ч илүү агуу (Ис. 49:15). Ехова өрөвч учраас бэрх цагт бидэнд тусалдаг (Дуу. 37:39; 1 Кор. 10:13). Итгэл нэгтэн тань уур хүргэлээ гэхэд уураа дотроо хадгалалгүй, уучилж өршөөдөг бол өрөвч сэтгэлтэйн шинж болно (Эф. 4:32). Зовж зүдэрч яваа итгэл нэгтнүүддээ туслах нь өрөвч сэтгэл илэрхийлэх гол арга юм. Бид хайрандаа хөтлөгдөн нэг нэгнээ өрөвддөг бол энэрэл хайрын агуу жишээ болсон Еховаг дуурайж байна гэсэн үг (Эф. 5:1).

«ИОНАТАНЫ СЭТГЭЛ ДАВИДЫН СЭТГЭЛТЭЙ НИЙЦЭВ»

6. Ионатан Давид хоёр бие биеэ хайрладаг байсан нь юунаас харагддаг вэ?

6 Нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрладаг байсан төгс бус хүмүүсийн жишээ Библид олон байдаг. Ионатан Давид хоёрын тухай ярилцъя. Библид «Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа» гэж байдаг (1 Сам. 18:1). Саулын дараа хаан ширээ залгамжлах хүнээр Давид сонгогджээ. Гэтэл Саул Давидад атаархаж, түүнийг алахыг оролдох болов. Харин Саулын хүү Ионатан эцгийнхээ талд ороогүй. Ионатан Давид хоёр хэзээ ямагт найзууд байж, нэг нэгнээ дэмжиж байхаа бие биедээ амласан (1 Сам. 20:42).

Ионатан Давид хоёр олон насны зөрүүтэй ч нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрласан (6–9-р догол мөрийг үзээрэй)

7. Ионатан Давид хоёрын нөхөрлөлд юу садаа болж болох байсан бэ?

7 Ионатан Давид хоёрын нэг нэгнээ гэсэн хайр үнэхээр гайхалтай. Үнэндээ бол, тэдний нөхөрлөлд садаа болох зүйл мундахгүй байв. Жишээлбэл, Ионатан Давидаас 30 насаар ах. Тийм болохоор өөрөөсөө хамаагүй залуу, туршлага багатай хүнтэй найзлаад яах юм бэ гэж бодож болох л байсан. Гэвч тэгээгүй. Харин ч Давидыг маш их хүндэлдэг байжээ.

8. Та яагаад Ионатаныг Давидын сайн найз гэж бодож байна вэ?

8 Ионатан Саул хааны хүүгийн хувьд өөрийгөө хаан болох бүрэн эрхтэй гэж бодоод Давидад атаархаж болох л байсан (1 Сам. 20:31). Гэвч тэрбээр Еховад үнэнч, даруу хүн байв. Тийм учраас Давидыг ирээдүйн хаанаар сонголоо гэж дургүйцээгүй. Мөн Давидад үнэнч байсан. Үүнээс нь болж уурлан хилэгнэсэн эцэг Саулаа үл тоон найзыгаа дэмжсэн (1 Сам. 20:32–34).

9. Ионатан Давидыг өрсөлдөгчөө гэж үздэг байсан уу? Тайлбарлана уу.

9 Ионатан Давидад хайртай байсан учраас түүнийг өрсөлдөгчөө гэж үзэж байгаагүй. Ионатан мэргэн харваач, эрэмгий дайчин хүн байлаа. Ард олон түүнийг болон эцэг Саулыг нь «бүргэдээс ч хурдан, арслангаас ч хүчтэй» гэлцдэг байв (2 Сам. 1:22, 23). Тийм учраас Ионатан баатарлаг үйлсээрээ сайрхан гайхуулж болох байсан. Гэхдээ тэрбээр өрсөлдөөнч, атаархуу хүн биш учраас Давидад атаархаагүй. Харин ч Еховад найддаг, эр зоригтой гэж Давидаар бахархдаг байсан. Жишээлбэл Голиатыг алсных нь дараа Давидыг өөр шигээ хайрладаг болжээ. Яавал итгэл нэгтнүүдээ ийм халуун сэтгэлээр хайрладаг болох вэ?

ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ХАЙРЛАДГАА ХЭРХЭН ХАРУУЛАХ ВЭ?

10. «Нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрла» гэдгийг юу гэж ойлгох вэ?

10 Библид «Нэг нэгнээ чин зүрхнийхээ угаас хайрла» гэсэн уриалга бий (1 Петр 1:22). Энэ талаар Ехова бидэнд сайхан жишээ үзүүлдэг. Бид л үнэнч байвал Ехова халуун сэтгэлээр хайрласаар байна (Ром 8:38, 39). Библийн грек эх бичгийг харвал, 1 Петр 1:22-т «хүчтэй» гэдэг үг гардаг. Энэ үг нь сунгах, хүчлэх гэсэн утгатай. Заримдаа бид итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлахын тулд өөрийгөө «сунгах», «хүчлэх» хэрэг гарч мэднэ. Уур хүргэсэн үед ч «бие биеэ хайрлан уужуу ухаантай байх» хэрэгтэй. Бас «амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй явахыг чин сэтгэлээсээ хичээх» шаардлагатай (Эф. 4:1–3). «Эв нэгдэлтэй» явахыг хичээдэг бол ах дүү нарынхаа дутагдлыг харахгүй. Харин ч тэдэнд Еховагийн үзэл бодлоор хандана (1 Сам. 16:7; Дуу. 130:3).

Юүдиа Сунтухе хоёр эвлэрэх шаардлагатай болсон. Итгэл нэгтэнтэйгээ эвтэй байх амаргүй үе бидэнд ч бий (11-р догол мөрийг үзээрэй)

11. Заримдаа нэг нэгнээ хайрлах нь яагаад амаргүй байдаг вэ?

11 Ах дүү нарынхаа дутагдлыг мэдчихлээр тэднийгээ үргэлж хайрлаад байх амаргүй болдог. Христийн І зууны дагалдагчдад ийм бэрхшээл учирсан бололтой. Юүдиа Сунтухе хоёр «сайн мэдээний төлөө [Паултай] ... мөр зэрэгцэн зүтгэж» байхдаа эвтэй байсан байх. Гэвч ямар нэг шалтгааны улмаас хоорондоо муудалцжээ. Тийм учраас Паул тэдэнд «Эзэнд эв нэгдэлтэй үйлчлээрэй» гэж захисан (Флп. 4:2, 3).

Ахлагчид насны зөрүүтэй ч найзууд байх боломжтой (12-р догол мөрийг үзээрэй)

12. Яавал итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлаж сурах вэ?

12 Яавал хурлынхаа ах эгч дүү нарыг халуун сэтгэлээр хайрлаж сурах вэ? Тэднийгээ сайн мэддэг болох тусам сэтгэлийг нь ойлгоход дөхөм болно. Энэ хэрээр халуун сэтгэлээр хайрлахад амар байна. Итгэл нэгтнүүдтэйгээ дотносоход нас сүүдэр, гарал үүсэл саад болох ёсгүй. Ионатан Давид хоёр 30 насны зөрүүтэй атлаа сайн найзууд байсныг санаарай. Та өөрөөсөө ах юм уу дүү хүнтэй найзалж чадах уу? Тэгж чадвал «ах дүүгийн барилдлагыг хайрладаг» гэсэн үг юм (1 Петр 2:17).

(12-р догол мөрийг үзээрэй) b

13. Хурлын бүх хүнтэй яг адилхан дотно байх боломжтой юу? Тайлбарлана уу.

13 Итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлана гэдэг нь хурлынхаа бүх хүнтэй яг адилхан дотно байна гэсэн үг үү? Тийм биш ээ. Амьдрал дээр ийм байх боломжгүй. Адилхан сонирхолтой хүмүүс хоорондоо илүү дотно байдгийг буруутгах аргагүй. Есүс элч нараа бүгдийг нь «анд нөхөд» гэдэг байсан ч Ёоханыг бусдаас нь илүү хайрладаг байжээ (Ёох. 13:23; 15:15; 20:2). Гэхдээ тэрбээр Ёоханыг онцгойлон үзэж байгаагүй. Жишээ нь, Ёохан Яаков хоёр Бурхны Хаант төрд дээгүүр суудалтай болгож өгөхийг гуйхад Есүс: «Баруун, зүүн талд минь хэн суухыг би шийдэхгүй» гэж хариулсан (Марк 10:35–40). Бид Есүсийг дуурайх учиртай. Дотнын найзуудаа бусдаас онцгойлон үзэх ёсгүй гэсэн үг (Яак. 2:3, 4). Эс тэгвэл талцан хуваагдах явдлыг өөгшүүлнэ. Христийн дагалдагчдын хуралд ийм явдал гарах ёсгүй (Юуд. 17–19).

14. Филиппой 2:3-т бичсэнээр, бид яавал бусадтайгаа өрсөлдөхгүй вэ?

14 Хурлын бүх хүн бие биеэ халуун сэтгэлээр хайрладаг бол өрсөлдөх явдал гарахгүй. Ионатан Давидыг өрсөлдөгчөө гэж үзээгүй, хаан ширээний төлөө тэмцээгүйг санаарай. Бид бүгдээрээ Ионатаныг дуурайх хэрэгтэй. Чадвартай итгэл нэгтэндээ бүү атаархаарай. Харин «даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож» байгаарай (Филиппой 2:3-ыг уншина). Хүн бүр хуралдаа хувь нэмэр оруулдгийг санаарай. Бид үргэлж даруу байдаг бол бусдынхаа сайн талыг харж, сайхан жишээг дуурайна (1 Кор. 12:21–25).

15. Танягийн гэр бүлийнхэнд тохиолдсон явдлаас та юу ойлгосон бэ?

15 Бидэнд таагүй юм тохиолдвол Ехова тайвшруулдаг. Яаж? Итгэл нэгтнүүд маань биднийг халуун сэтгэлээр хайрлаж, бодитой тусламж үзүүлдэг. 2019 онд Еховагийн Гэрчүүдийн зохион байгуулсан олон улсын чуулганы нэг нь АНУ-д болсон юм. «Хайр хэзээ ч дуусдаггүй!» сэдэвтэй уг чуулганд оролцсон нэг гэр бүлийнхэнд юу тохиолдсоныг ярилцъя. Гурван хүүхдийн ээж Таня: «Бид машинаар зочид буудал руугаа явж байлаа. Тэгтэл жолоодлогогүй болсон нэг машин манай эгнээнд орж ирээд машиныг маань мөргөчихөв. Гэмтэж бэртсэн хүн байгаагүй ч бид машинаасаа гараад яахаа мэдэхгүй гайхан зогсоцгоолоо. Биднийг машиндаа суулгах гээд замын нөгөө талаас нэг хүн даллаж байв. Чуулган дөнгөж тараад явж байсан итгэл нэгтнүүдийн маань нэг байлаа. Бидэнд туслах гээд зогссон хүн гэвэл тэр ахаас гадна Шведээс ирсэн таван ах эгч байв. Эгч нар охин бид хоёрыг тэврэн авахад ямар их тайвширсан гэж бодно! “Одоо зүгээр дээ” гэж хэлсэн ч тэд биднийг орхиж яваагүй. Эмнэлгийнхнийг ирж шаардлагатай тусламж үзүүлтэл бидэнтэй хамт байсаар байлаа. Энэ хэцүү үед Еховагийн хайрыг мэдэрсэн дээ. Тэр явдлаас хойш бид ах дүү нараа улам их хайрладаг болсон. Бас Еховаг хайрлах, түүнд талархах сэтгэл улам нэмэгдсэн» гэж ярьжээ. Тусламж хэрэгтэй үедээ итгэл нэгтнүүдийнхээ халуун хайрыг амсаж байснаа та санаж байна уу?

16. Бид ямар шалтгааны улмаас нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрлах ёстой вэ?

16 Бие биеэ халуун сэтгэлээр хайрладаг бол ямар үр дүнтэйг бодоод үз дээ. Тусламж хэрэгтэй үед нь ах дүү нараа тайвшруулна. Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулна. Есүсийн шавь гэдгээ батална. Ингэснээр чин сэтгэлтэй хүмүүсийг Еховад үйлчлэх хүсэлтэй болгоно. Хамгийн гол нь «энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» Еховагаа магтан алдаршуулдаг (2 Кор. 1:3). Бүгдээрээ нэг нэгнээ халуун сэтгэлээр хайрлаж явцгаая!

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

a Шавь нар нь бие биеэ хайрлах хайраараа хүмүүст танигдана гэж Есүс хэлсэн. Энэ шаардлагыг хангахыг бид бүгдээрээ хичээдэг. Гэр бүлийнхнээ хайрладаг тэр л хайраараа итгэл нэгтнээ хайрлаж сурах учиртай. Итгэл нэгтнүүдээ халуун сэтгэлээр хайрлаж сурахад энэ өгүүлэл тусална.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Залуу ахлагч настай ахлагчаас суралцаж байна. Настай ахлагч түүнийг эхнэртэй нь гэртээ урьжээ. Хоёр гэр бүл нэг нэгнээ дайлж байна.