Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 5

«Христ бол эр хүний тэргүүн»

«Христ бол эр хүний тэргүүн»

«Христ бол эр хүний тэргүүн» (1 КОР. 11:3).

ДУУ 2 Ехова танд баярлалаа

ТОЙМ *

1. Эхнэр хүүхэдтэйгээ харьцахад нь эрчүүдэд юу нөлөөлдөг вэ?

«ТЭРГҮҮЛЛИЙН зарчим» гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Зарим эрчүүд уламжлал, ёс заншлаа дагаж эсвэл аав, өвөөгөө дуурайж эхнэр хүүхэдтэйгээ харьцдаг. Европт амьдардаг Янита гэдэг Гэрч эмэгтэй: «Манай нутгийнхны дунд эмэгтэйчүүдийг эрчүүдээс дорд үздэг, тэдэнтэй зарц боол шиг харьцах ёстой гэсэн бодолтой хүн олон байдаг» гэжээ. АНУ-д амьдардаг Лук гэдэг Гэрч эрэгтэй: «Эмэгтэй хүн урт үстэй, ухаан богинотой учраас тэднийг сонсох ч хэрэггүй гэж хөвгүүддээ заадаг аавууд байдаг» хэмээн ярьсан. Харин Ехова өрхийн тэргүүнүүдээс ийм үзэл бодолтой байгаасай гэж хүсдэггүй (Марк 7:13-тай харьцуулаарай). Тэгвэл эр хүн өрхийн сайн тэргүүн байхын тулд яах хэрэгтэй вэ?

2. Өрхийн тэргүүн хүн юуг мэдэж авах ёстой вэ? Яагаад?

2 Эр хүн өрхийн сайн тэргүүн байхын тулд, юуны түрүүнд, Ехова өөрөөс нь юу хүсдэгийг мэдэж авах ёстой. Түүнчлэн, Ехова яагаад тэргүүллийн зарчмыг бий болгосныг, Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайхыг мэдэх хэрэгтэй. Энэ бүхнийг мэдэж авах нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл Ехова өрхийн тэргүүн хүнд тодорхой хэмжээний эрх мэдэл олгосон бөгөөд эрх мэдлээ зөв эдлээсэй гэж хүсдэг (Лук 12:48б).

ТЭРГҮҮЛЛИЙН ЗАРЧИМ ГЭЖ ЮУ ВЭ?

3. 1 Коринт 11:3-аас тэргүүллийн зарчмын талаар юу ойлгох хэрэгтэй вэ?

3 1 Коринт 11:3-ыг уншина. Энэ зүйлд Еховагийн бий болгосон тэргүүллийн зарчмыг бичжээ. Тэргүүллийн зарчим гэдэгт эрх мэдэл эдлэх, эрх мэдлийнхээ хүрээнд ажил үүргээ хариуцлагатай биелүүлэх гэсэн үндсэн хоёр ойлголт багтдаг. Ехова орчлонт ертөнц дэх гэр бүлийнхээ «тэргүүн» нь учраас хамгийн дээд эрх мэдэлтэй. Тиймд тэнгэр, газар дахь хүүхдүүд нь бүгдээрээ Еховад захирагдан, оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлэх ёстой (Ром 14:10; Эф. 3:14, 15). Ехова хурлыг захирах эрх мэдлийг Есүст өгсөн. Есүс эрх мэдлээ хэрхэн эдэлснээ Еховад тайлагнана (1 Кор. 15:27). Харин эхнэр хүүхдээ захирах эрх мэдлийг нөхөр хүнд өгсөн. Нөхрүүд эрх мэдлээ хэрхэн эдэлснээ Ехова Есүс хоёрт тайлагнана (1 Петр 3:7).

4. Ехова Есүс хоёр ямар эрх мэдэлтэй вэ?

4 Ехова орчлонт ертөнц дэх гэр бүлийн Тэргүүн учраас хууль дүрэм гаргаж, түүнийгээ сахихыг хүүхдүүдээсээ шаардах эрх мэдэлтэй (Ис. 33:22). Хурлын тэргүүн Есүс ч хууль дүрэм гаргаж, түүнийгээ сахиулах эрхтэй (Гал. 6:2; Кол. 1:18–20).

5. Өрхийн тэргүүн ямар эрх мэдэлтэй вэ? Ямар нөхцөлд эрх мэдэл нь хязгаарлагдах вэ?

5 Өрхийн тэргүүн хүн Ехова Есүс хоёрын нэгэн адил, гэр бүлийнхээ өмнөөс шийдвэр гаргах эрх мэдэлтэй (Ром 7:2; Эф. 6:4). Гэхдээ эрх мэдэл нь хязгаартай. Тухайлбал, гаргасан хууль дүрэм нь Библийн зарчимд үндэслэсэн байх ёстой (Сур. 3:5, 6). Өрхийн тэргүүн хүн гэр бүлийнх нь гишүүн биш хүмүүст зориулж дүрэм гаргах эрхгүй (Ром 14:4). Мөн хүүхдүүд нь насанд хүрч, өрх тусгаарлавал аавынхаа гаргасан дүрэмд захирагдах шаардлагагүй болно. Гэхдээ аавыгаа урьдын адил хүндэлсээр байна (Мат. 19:5).

ЕХОВА ЯАГААД ТЭРГҮҮЛЛИЙН ЗАРЧМЫГ БИЙ БОЛГОСОН БЭ?

6. Ехова яагаад тэргүүллийн зарчмыг бий болгосон бэ?

6 Ехова гэр бүлээ хайрладаг учраас тэргүүллийн зарчмыг бий болгосон. Еховагийн өгсөн энэ бэлгийн ачаар гэр бүл нь эв нэгдэлтэй, эмх журамтай байх боломжтой (1 Кор. 14:33, 40). Хэрэв хэн нь эрх мэдэлтэй нь тодорхой биш бол Еховагийн гэр бүлийнхэн эмх замбараагүй, аз жаргалгүй болно. Яагаад гэвэл эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хэн удирдах вэ гэдгийг хэн ч мэдэхгүй шүү дээ.

7. Эфэс 5:25, 28-ыг үзвэл Ехова нөхрүүдээс эхнэртэйгээ хэрхэн харьцаасай гэж хүсдэг вэ?

7 Бурхны бий болгосон тэргүүллийн зарчим тийм сайн юм бол өнөөдөр яагаад нөхөртөө дарлагдан, дорд үзэгддэг эмэгтэй олон байдаг вэ? Яагаад гэвэл Еховагийн тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлон нутгийн ёс заншлыг дагадаг эрчүүд олон байдаг. Тэд бас амин хувийнхаа эрх ашгийг бодож эхнэртэйгээ зүй бусаар харьцдаг. Жишээ нь өөрийгөө хүндлүүлэх гээд эсвэл бусдад «жинхэнэ эр хүн» шиг харагдах гээд эхнэрээ дарладаг. Хайрыг нь хүчээр татаж чадахгүй ч эхнэрээ айлгаж чадна гэж боддог. Ийнхүү айлгаж байгаад атгандаа оруулдаг. * Хэрэв нөхөр хүн ингэж бодож, үйлддэг бол туйлын буруу. Учир нь эмэгтэй хүнийг зохих ёсоор хүндлэхгүй байгаа хэрэг юм. Энэ нь Еховагийн хүсэл таалалд огт нийцэхгүй (Эфэс 5:25, 28-ыг уншина).

ӨРХИЙН САЙН ТЭРГҮҮН БАЙХЫН ТУЛД ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

8. Эр хүн яавал өрхийн сайн тэргүүн болох вэ?

8 Ехова Есүс хоёр эрх мэдлээ хэрхэн эдэлдгийг дуурайдаг бол эр хүн өрхийн сайн тэргүүн болно. Ехова Есүс хоёрын илэрхийлдэг чанаруудаас хоёрыг нь авч үзье. Өрхийн тэргүүн хүн эхнэр хүүхэдтэйгээ харьцахдаа эдгээр чанарыг хэрхэн илэрхийлж болохыг анхаараарай.

9. Ехова даруу зантай нь юунаас харагддаг вэ?

9 Даруу зан. Ехова орчлонт ертөнц дэх хамгийн ухаантай Нэгэн атлаа үйлчлэгчдийнхээ санаа оноог сонсдог (Эх. 18:23, 24, 32). Тэдэнд санал бодлоо хэлэх боломж олгодог (Х.дээд 22:19–22). Өөрөө төгс боловч биднээс төгс байхыг шаарддаггүй. Харин ч өөрт нь үйлчилдэг төгс бус хүнд амжилт олоход нь тусалдаг (Дуу. 113:6, 7). Библид Еховаг «туслагч» гэж бичсэн байдаг (Дуу. 27:9; Евр. 13:6). Даруу зантай Ехова тусалсан учраас л даалгасан ажлыг нь гүйцэтгэж чадсанаа Давид хаан хүлээн зөвшөөрсөн байдаг (2 Сам. 22:36).

10. Есүс даруу зантай нь юунаас харагддаг вэ?

10 Есүсийн жишээг ярилцъя. Шавь нар нь түүнийг Эзэн гэдэг байсан. Гэвч Есүс тэдний хөлийг угаасан. Ехова үүнийг Библид бичүүлсний нэг шалтгаан нь юу вэ? Бүх хүн, ялангуяа, өрхийн тэргүүнүүд Есүсээс үлгэр жишээ аваасай гэснийх юм. Есүс өөрөө: «Миний хийснийг хийгээсэй гэсэндээ би та нарт жишээ үзүүлсэн» гэж хэлжээ (Ёох. 13:12–17). Тэрбээр маш их эрх мэдэлтэй хэдий ч өөртөө үйлчлүүлэхийг бус, харин бусдад үйлчлэхийг боддог байсан (Мат. 20:28).

Өрхийн тэргүүн даруу, хайр халамжтай бол гэрийн ажил хийлцэнэ, Бурхантай дотно байхад нь гэрийнхэндээ тусална (11, 13-р догол мөрийг үзээрэй)

11. Өрхийн тэргүүн хүн Ехова Есүс хоёрын жишээнээс даруу байх талаар юу мэдэж болох вэ?

11 Сургамж. Өрхийн тэргүүн даруу зантай бол энэ нь олон зүйлээс харагдана. Жишээ нь, эхнэр хүүхдээсээ төгс байхыг шаардахгүй. Гэрийнхэн нь өөртэй нь санал нийлэхгүй байсан ч тэднийхээ санаа бодлыг сонсоно. АНУ-д амьдардаг Марли: «Санал зөрөх юм нөхөр бид хоёрт гардаг л даа. Гэхдээ нөхөр маань шийдвэр гаргахаасаа өмнө миний саналыг асуугаад, сонсоод, сайтар боддог учраас намайг эрхэмлэж, хүндэлдгийг нь би ойлгодог» гэжээ. Зарим нутгийн хүмүүс гэр орны ажлыг эмэгтэй хүн хийх ёстой гэж үздэг. Нөхөр хүн даруу бол ийм үзэлд авталгүй эхнэртээ тусална. Ингэх нь амаргүй байж мэднэ. Яагаад? «Манай нутагт бол, эхнэртээ туслан аяга тавгаа угааж, гэр орноо цэвэрлэдэг нөхрийг “жинхэнэ эр хүн” биш, эхнэрээ толгой дээрээ гаргасан хүн гэж хөршүүд, хамаатнууд нь ярьдаг» хэмээн Рэйчил гэдэг Гэрч эмэгтэй ярьсан юм. Ийм хандлага танай нутагт түгээмэл бол Есүс шавь нарынхаа хөлийг угааж боолын гэгддэг ажил хийснийг санаарай. Өрхийн сайн тэргүүн өөрөө мундаг хүн болж харагдахыг бус, харин эхнэр хүүхдээ жаргалтай байлгахыг боддог. Тэргүүний үүргээ сайн гүйцэтгэхэд даруу зангаас гадна өөр ямар зан чанар чухал вэ?

12. Ехова Есүс хоёр хайрандаа хөтлөгдөн юу хийсэн бэ?

12 Хайр. Ехова бүх юмыг хайрандаа хөтлөгдөн хийдэг (1 Ёох. 4:7, 8). Тэрбээр Библиэр болон байгууллагаараа дамжуулан өөртэй нь дотносох боломжийг бидэнд олгодог. Үйлчлэгчдэдээ хайртайгаа батлан сэтгэл санааных нь хэрэгцээг хангадаг. Тэгвэл бие махбодын хэрэгцээг маань хангадаг уу? Ехова «баясаж цэнгэх бүх зүйлээр биднийг арвин их хангадаг» (1 Тим. 6:17). Алдаа гаргахад маань шийтгэдэг ч хайрлахаа больдоггүй. Хайрын сэтгэлдээ хөтлөгдөн золиосны арга хэмжээ авсан. Есүс ч бидэнд хайртайгаа батлан амиа өгсөн (Ёох. 3:16; 15:13). Юу ч тохиолдсон, Ехова Есүс хоёр үнэнч хүмүүсээ хайрлахаа хэзээ ч болихгүй (Ёох. 13:1; Ром 8:35, 38, 39).

13. Өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнээ хайрлах нь яагаад чухал вэ? ( «Шинэхэн нөхрүүд эхнэрийнхээ хүндэтгэлийг хэрхэн хүлээх вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

13 Сургамж. Өрхийн тэргүүн хүн юу ч хийсэн, хайрандаа хөтлөгдөх учиртай. Энэ нь яагаад чухал вэ? Энэ асуултад элч Ёохан хариулж: «Харж байгаа ах дүүгээ хайрладаггүй бол, харж байгаагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» хэмээн бичжээ (1 Ёох. 4:11, 20). Эхнэр хүүхдээ хайрладаг, Ехова Есүс хоёрыг дуурайдаг хүн гэрийнхнээ Бурхантай дотно байлгадаг, сэтгэл санаа, бие махбодынх нь хэрэгцээг хангадаг (1 Тим. 5:8). Хүүхдээ сургаж хүмүүжүүлдэг. Бас цаг ямагт Еховаг алдаршуулах, гэрийнхэндээ тус болох шийдвэр гаргадаг. Одоо, өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнийхээ бүх хэрэгцээг хэрхэн хангахыг ярилцаж, Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайхыг авч үзье.

ӨРХИЙН ТЭРГҮҮН ХҮН ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?

14. Өрхийн тэргүүн гэр бүлийнхнээ Бурхантай дотно байлгахын тулд яадаг вэ?

14 Бурхантай дотносоход нь гэрийнхэндээ туслаарай. Есүс дагалдагчдадаа бат итгэлтэй байхад нь тусалдаг байв. Ийнхүү Эцгийгээ дуурайдаг байсан (Мат. 5:3, 6; Марк 6:34). Өрхийн тэргүүний хийх ёстой хамгийн чухал зүйл нь гэрийнхнээ Бурхантай дотно байлгах явдал юм (Д.хууль 6:6–9). Ингэхийн тулд тэрбээр гэрийнхэнтэйгээ хамт Бурхны Үгийг уншиж, судалж, цуглаанд явж, сайн мэдээ дэлгэрүүлж, Бурхантай тогтоосон анд нөхдийн харьцаагаа зузаатгадаг.

15. Гэр бүлийнхнийхээ сэтгэл санааны хэрэгцээг хангах нэг арга юу вэ?

15 Гэрийнхнийхээ сэтгэл санааны хэрэгцээг хангаарай. Ехова Бурхан Есүст хайртайгаа ил тод хэлдэг байсан (Мат. 3:17). Есүс дагалдагчдаа хайрладгаа үгээрээ, үйлсээрээ илэрхийлдэг байсан. Элч нар нь ч түүнд хайртайгаа хэлдэг байжээ (Ёох. 15:9, 12, 13; 21:16). Өрхийн тэргүүн хүн эхнэр хүүхдээ хайрладгаа үйлсээрээ харуулах хэрэгтэй. Жишээ нь тэдэнтэйгээ Библи судалж болно. Тэднийгээ хайрладаг, эрхэмлэн хүндэлдэг гэдгээ хэлж байх учиртай. Мөн зохистой гэж үзвэл, олны өмнө магтаж байх нь зүйтэй (Сур. 31:28, 29).

Өрхийн тэргүүн хүн Еховад таалагдъя гэвэл гэр бүлийнхнийхээ бие махбодын хэрэгцээг хангах ёстой (16-р догол мөрийг үзээрэй)

16. Өрхийн тэргүүн өөр юу хийх ёстой вэ? Хэрхэн дүн нуруутай байх вэ?

16 Гэрийнхнийхээ бие махбодын хэрэгцээг хангаарай. Ехова израйлчуудыг дуулгаваргүй загналаа гэж шийтгэж байхдаа ч үндсэн хэрэгцээг нь хангасаар байсан (Д.хууль 2:7; 29:5). Бидний ч үндсэн хэрэгцээг хангадаг (Мат. 6:31–33; 7:11). Есүс бас дагалдагчдаа хооллож байсан (Мат. 14:17–20). Мөн өвчтэй олон хүнийг эдгээсэн (Мат. 4:24). Өрхийн тэргүүн хүн Еховад таалагдъя гэвэл гэр бүлийнхнийхээ бие махбодын хэрэгцээг хангах ёстой. Гэхдээ дүн нуруу алдаж болохгүй. Гэр бүлээ тэжээнэ гээд ажил төрлөө хэт их анхаарвал гэрийнхнээ Бурхантай ч дотно байлгаж чадахгүй, сэтгэл санааных нь хэрэгцээг ч хангаж чадахгүйд хүрнэ.

17. Ехова Есүс хоёр биднийг хэрхэн сургаж, сахилгажуулдаг вэ?

17 Сургаарай. Ехова бидний сайн сайхныг бодсондоо сургаж, сахилгажуулдаг (Евр. 12:7–9). Есүс Аавыгаа дуурайн, шавь нараа хайрын сэтгэлээр сургадаг (Ёох. 15:14, 15). Тэрбээр заримдаа хатуу сануулга өгдөг ч сайхан сэтгэл өвөрлөдөг (Мат. 20:24–28). Бас төгс бус, алдаа гаргадгийг маань ойлгодог (Мат. 26:41).

18. Өрхийн сайн тэргүүн юуг хүлээн зөвшөөрдөг вэ?

18 Ехова Есүс хоёрыг дуурайдаг өрхийн тэргүүн хүн гэр бүлийнхнийхээ төгс бусыг хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр эхнэр хүүхдэдээ хатуурхдаггүй (Кол. 3:19). Өөрөө ч төгс бус гэдгээ санаж, Галат 6:1-д байдаг зарчмын дагуу «аядуу зөөлөн байж», тэднийгээ «засаж залруулахыг хичээдэг». Зааж сургах хамгийн сайн арга бол, Есүсийн нэгэн адил, өөрөө үлгэр дуурайл үзүүлэх явдал гэдгийг ойлгодог (1 Петр 2:21).

19, 20. Өрхийн тэргүүн шийдвэр гаргахдаа Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайдаг вэ?

19 Шийдвэр гаргахдаа гэрийнхнээ бодоорой. Ехова бусдын сайн сайхныг бодож шийдвэр гаргадаг. Амь амьдралыг бий болгохоор шийдэхдээ өөрийгөө бодоогүй, харин хүмүүсийг аз жаргалтай амьдруулахыг хүсжээ. Нүгэлт хүн төрөлхтний төлөө Хүүгийнхээ амийг өг гэж хэн ч түүнээс шаардаагүй. Ехова биднийг бодсондоо ийм шийдвэрийг дуртайяа гаргасан. Есүс бас бусдын сайн сайхны төлөө шийдвэр гаргадаг байсан (Ром 15:3). Жишээлбэл хэчнээн ядарсан ч амрахын оронд олон түмэнд сургаалаа айлдсан (Марк 6:31–34).

20 Өрхийн тэргүүний хийх ёстой хамгийн ярвигтай юмны нэг бол гэр бүлийнхнийхээ төлөө зөв шийдвэр гаргах явдал юм. Өрх гэрээ сайн тэргүүлдэг хүн энэ үүрэгтээ хариуцлагатай ханддаг. Сайтар бодолгүй эсвэл сэтгэл хөдлөлдөө автан шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Харин зөв шийдвэр гаргах аргыг Еховагаар заалгадаг * (Сур. 2:6, 7). Ийм хүн өөрийнхөө бус, бусдын сайн сайхныг боддог (Флп. 2:4).

21. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Ехова өрхийн тэргүүнүүдэд амаргүй даалгавар өгсөн бөгөөд энэ даалгавраа хариуцлагатай биелүүлээсэй гэж хүсдэг. Нөхөр хүн Ехова Есүс хоёрыг дуурайхыг хичээдэг бол өрх гэрээ сайн тэргүүлнэ. Бас эхнэр нь үүргээ сайн биелүүлдэг бол гэр бүлээрээ жаргалтай байна. Эхнэр хүн тэргүүллийн зарчмыг хэрхэн үзэх ёстой вэ? Ямар хэцүү асуудал тулгардаг вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн өгүүллээр үзнэ.

ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно

^ д/м 5 Эр хүн гэрлэхээрээ шинэхэн өрх гэрийг тэргүүлж эхэлдэг. Энэхүү цуврал гурван өгүүллийн эхнийхээр, тэргүүллийн зарчим гэж юу болох, Ехова яагаад энэ зарчмыг бий болгосон, эрчүүд Ехова Есүс хоёрыг хэрхэн дуурайхыг ярилцана. Удаах өгүүллээр, эхнэр нөхрүүд Есүс болон Библид гардаг хүмүүсээс юу сурч болохыг авч үзнэ. Сүүлийн өгүүллээр, тэргүүллийн зарчмыг хуралд хэрхэн баримталдгийг үзнэ.

^ д/м 7 Нөхөр хүн эхнэртэйгээ зүй бусаар харьцаж, тэр бүү хэл, гар хүрч болно гэсэн үзлийг зарим кино, жүжиг, хошин шогийн тоглолт зэрэгт тусгасан байдаг. Ийм учраас эр хүн эхнэрээ дарлах нь буруу биш гэж хүмүүс боддог байж болох юм.

^ д/м 20 Зөв шийдвэр гаргах тухай дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2011 оны 4-р сарын 15-ны дугаарын 13–17-р хуудсанд нийтлэгдсэн «Бурхны алдрын төлөө шийдвэр гаргагтун» гэсэн өгүүллээс аваарай.