Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 6

«Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн»

«Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн»

«Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» (1 КОР. 11:3).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМ *

1. Ганц бие Гэрч эмэгтэй гэрлэх талаар бодож байгаа бол өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

ХРИСТИЙН бүх дагалдагч төгс тэргүүн Есүс Христэд захирагддаг. Гэхдээ Христийн дагалдагч эмэгтэй гэрлэвэл төгс бус хүнд захирагдах шаардлагатай болно. Ингэх нь тийм ч амархан биш. Хэрэв танд ирээдүйн хань болоход тохиромжтой санагдсан хүн байвал «Гэр бүлийн сайн тэргүүн болох ямар ямар шинж тэмдэг энэ хүнд байна вэ? Еховад үйлчлэхийг чухал гэж үздэг үү? Хэрэв тэгж үздэггүй бол би яагаад түүнийг өрхийн сайн тэргүүн болно, Еховатай дотно байхад минь тусалж чадна гэж бодсон юм бол?» гэдэг асуултуудыг бодож үзээрэй. Нөгөөтээгүүр, «Гэр бүлээ жаргалтай байлгахад хэрэгтэй ямар зан чанар надад байгаа вэ? Би тэвчээртэй билүү? Өгөөмөр үү? Еховатай дотно уу?» гэж өөрөөсөө асуугаарай (Ном. 4:9, 12). Хэрэв эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө зөв шийдвэр гаргавал гэрлэснийхээ дараа ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байна.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Сая сая Гэрч эмэгтэй нөхөртөө захирагдаж сайхан үлгэр дуурайл болдог. Үүнийх нь төлөө тэднийг магтууштай! Бид ийм үнэнч бүсгүйчүүдтэй хамт Ехова Бурхандаа үйлчилдэгтээ баяртай байдаг. Энэ өгүүллээс дараах гурван асуултын хариуг мэдэж авъя. 1) Эхнэрүүдэд ямар бэрхшээл тохиолддог вэ? 2) Эхнэр хүн яагаад нөхөртөө захирагддаг вэ? 3) Захирагдах талаар Гэрч эхнэр нөхрүүд Есүс, Абигаил болон Иосефын эхнэр Мариагаас юу сурах вэ?

ГЭРЧ ЭХНЭРҮҮДЭД ЯМАР БЭРХШЭЭЛ ТОХИОЛДДОГ ВЭ?

3. Гэрлэхээр яагаад бэрхшээл тохиолддог вэ?

3 Гэрлэлт бол Бурхны өгсөн төгс бэлэг юм. Гэхдээ хүмүүс төгс бус (1 Ёох. 1:8). Гэрлэхээр бэрхшээл тохиолдоно гэж Бурхны Үгэнд анхааруулсан байдаг. Тэрхүү бэрхшээлийг «махан биеийн зовлон» гэжээ (1 Кор. 7:28). Эхнэр хүнд тулгардаг зарим бэрхшээлийг бодож үзье.

4. Зарим эмэгтэй нөхөртөө захирагдахыг яагаад дорд үзэгдэж байна гэж ойлгодог вэ?

4 Зарим эмэгтэй төрж өссөн орчныхоо нөлөөнд автсанаас болоод нөхөртөө захирагдахыг дорд үзэгдэж байна гэж ойлгодог. АНУ-д амьдардаг Марисол: «Эмэгтэйчүүд эрчүүдтэй бүх юман дээр эрх тэгш байх ёстой гэж манай нутгийнхан ярьдаг. Ехова нөхрүүдэд эрх мэдэл оноосон, эхнэрүүдэд нөхөртөө захирагдах тушаал өгснийг би мэднэ. Эхнэрүүд хүндэтгэл хүлээх эрхтэйг ч мэднэ. Гэхдээ тэргүүллийн зарчмын талаар дүн нуруу алдахгүй байна гэдэг амархан биш» гэж хэлжээ.

5. Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн талаар ямар буруу үзэлтэй байдаг вэ?

5 Нөгөөтээгүүр, эмэгтэйчүүдийг эрчүүдээс дорд үздэг нөхөртэй эхнэрүүд байдаг. Өмнөд Америкт амьдардаг Ивон гэдэг Гэрч эмэгтэй: «Манай нутгийн заншлаар бол, эхлээд эрчүүд, дараа нь эмэгтэйчүүд хоолоо иддэг. Охид хоол хийж, гэрээ цэвэрлэх ёстой. Харин хөвгүүдийг “өрх гэрийн хаан” гэж үздэг учраас ээж эгч нар нь тэдэнд үйлчилдэг» гэжээ. Азид амьдардаг Инлин гэдэг Гэрч бүсгүй: «Эмэгтэй хүн ухаантай, чадвартай байх хэрэггүй гэсэн утгатай зүйр үг манай хэлэнд байдаг. Эмэгтэйчүүд гэр орны бүх ажлыг хийх үүрэгтэй. Нөхөртөө санаа оноогоо ч хэлэх эрхгүй» гэж ярьжээ. Нөхөр нь хайраа илэрхийлэхдээ маруухан, Библид бичсэнийг хэрэгжүүлэхдээ тааруухан бол эмэгтэйчүүдэд нөхөртөө захирагдах нь амаргүй байдаг. Есүсийг дуурайдаггүй тийм нөхрийг Ехова таашаахгүй (Эф. 5:28, 29; 1 Петр 3:7).

6. Эхнэр хүн Еховатай үргэлж дотно байхын тулд яах хэрэгтэй вэ?

6 Өмнөх өгүүллээр үзсэнчлэн, нөхөр хүн гэр бүлийнхнийхээ бие махбод, сэтгэл санааны хэрэгцээг хангахын зэрэгцээ Бурхантай дотно байхад нь туслах ёстой (1 Тим. 5:8). Гэхдээ эхнэр нь өдөр бүр цаг зав гаргаад Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодож, Еховад хандан чин сэтгэлээсээ залбирдаг байх хэрэгтэй. Энэ нь тийм ч амархан биш. Гэрлэсэн эмэгтэйчүүд бол завгүй хүмүүс. Тийм учраас энэ бүхнийг хийх цаг хүч байхгүй гэж бодож болох юм. Тэглээ ч гэсэн зав гаргах нь амин чухал. Яагаад? Ехова хүн нэг бүрийг өөртэй нь үргэлж дотно байгаасай гэж хүсдэг (Үйлс 17:27).

7. Эхнэр хүн яавал үүргээ биелүүлэхэд илүү хялбар байх вэ?

7 Эхнэр хүн төгс бус нөхөртөө захирагдахын тулд маш их хичээх хэрэгтэй нь ойлгомжтой. Нөхрөө хүндэлж, захирагдах ёстойн учир шалтгааныг ойлгож, хүлээн зөвшөөрвөл үүргээ биелүүлэхэд илүү хялбар байна.

ЭХНЭР ХҮН ЯАГААД НӨХӨРТӨӨ ЗАХИРАГДДАГ ВЭ?

8. Эфэс 5:22–24-ийг харвал, Гэрч эмэгтэй яагаад нөхөртөө захирагддаг вэ?

8 Эхнэр хүн нөхөртөө дуртайяа захирагддаг бол Еховагийн хүслийг биелүүлж буй хэрэг юм (Эфэс 5:22–24-ийг уншина). Тэрбээр тэнгэрийн Эцэгтээ итгэж найддаг. Ехова өөрийг нь үргэлж хайрладаг бөгөөд өөрт нь л тустай юм хийлгэдгийг мэддэг учраас тэр юм (Д.хууль 6:24; 1 Ёох. 5:3).

9. Эхнэр хүн нөхөртөө захирагдах нь ямар үр дүнтэй вэ?

9 Энэ ертөнцийнхөн эмэгтэйчүүдэд Еховагийн тогтоосон хэм хэмжээг үл тоомсорлохыг, нөхөртөө захирагдахыг гутамшиг гэж үзэхийг уриалдаг. Хайр халамжтай Бурхныг маань мэддэггүй хүмүүс л ийм үзлийг тараадаг. Ехова хайртай охидынхоо нэр төрийг гутаах тушаалыг хэзээ ч өгөхгүй шүү дээ. Еховагийн оноосон үүргийг биелүүлэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөдөг эмэгтэй гэр бүлээ амар амгалан байлгахад хувь нэмэр оруулдаг (Дуу. 119:165). Энэ нь нөхөрт нь ч, өөрт нь ч, үр хүүхдэд нь ч ач тустай.

10. Кэролын хэлсэн үгээс юу ойлгож авах вэ?

10 Эхнэр хүн төгс бус нөхөртөө захирагддаг бол тэргүүллийн зарчмыг бий болгосон Еховаг хайрлаж хүндэлдэг гэсэн үг. Өмнөд Америкт амьдардаг Кэрол гэдэг эмэгтэй: «Нөхөр маань алдаа гаргах нь мэдээж. Тэр үед нь нөхөртэйгөө яаж харьцаж байгаагаас Еховатай тогтоосон харьцаагаа хэр чухалд үздэг минь харагдана. Тийм учраас би тэнгэрийн Эцэгтээ таалагдахын тулд үргэлж нөхөртөө захирагдахыг хичээдэг» гэж ярьжээ.

11. Анийс яагаад нөхрөө уучилдаг вэ? Хэлсэн үгээс нь юу ойлгож авах вэ?

11 Эхнэрээ ойлгодоггүй, юунд санаа зовж байгааг нь ойшоодоггүй нөхөрт захирагдаж, түүнийг хүндлэх нь эхнэр хүнд амаргүй байж болох юм. Ийм үед Анийс гэдэг Гэрч эмэгтэй яадаг вэ? Тэрбээр: «Би уурлахгүй байхыг хичээдэг. Бид бүгдээрээ алдаа гаргадаг шүү дээ. Ехова яаж уучилдаг билээ, тэгж уучилж сурах нь миний зорилго. Би уучлахаараа тайван болдог» гэж хэлжээ (Дуу. 86:5). Эхнэр хүн ууч сэтгэлтэй бол нөхөртөө захирагдахад илүү хялбар байна.

БИБЛИД ГАРДАГ ХҮМҮҮСЭЭС ЮУ СУРАХ ВЭ?

12. Библид ямар хүмүүсийн жишээ байдаг вэ?

12 Зарим хүн дуулгавартай байхыг доожоо муутайн шинж гэж үздэг. Гэвч энэ нь үнэнд нийцэхгүй. Дуулгавартай хэр нь сэтгэлийн тэнхээтэй, хатан зоригтой олон хүний жишээ Библид гардаг. Есүс Абигаил Мариа нараас юу сурахыг бодоцгооё.

13. Есүс яагаад Еховад захирагддаг вэ? Тайлбарлана уу.

13 Есүс Еховад захирагддаг. Гэхдээ ухаан муутайдаа эсвэл чадваргүйдээ захирагддаг юм биш ээ. Тэрбээр энгийн, ойлгомжтой заадаг нь маш их ухаантайн шинж юм (Ёох. 7:45, 46). Ехова Есүсийн чадварыг өндөр үнэлдэг байсан учир орчлонт ертөнцийг бүтээхдээ гар бие оролцуулжээ (Сур. 8:30; Евр. 1:2–4). Мөн Есүсийг амилсных нь дараа «тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг» өгсөн (Мат. 28:18). Есүс авьяас чадвартай ч Еховагаас удирдлага заавар авдаг. Яагаад? Эцэгтээ хайртай учраас тэр юм (Ёох. 14:31).

14. Нөхрүүд а) эмэгтэйчүүдийн талаарх Еховагийн үзэл бодлоос, б) «Сургаалт үгс» номын 31-р бүлгээс юу ойлгож авах вэ?

14 Нөхрүүд юу сурах вэ? Ехова эхнэрүүдэд нөхөртөө захирагдахыг үүрэг болгосон нь эмэгтэй хүнийг эрэгтэй хүнээс дорд үзсэнийх биш юм. Есүстэй хамт төр барих завшааныг эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч олгосон нь үүний баталгаа болдог (Гал. 3:26–29). Ехова Хүүдээ итгэдэг учраас эрх мэдэл өгсөн. Үүнтэй адил, ухаалаг нөхрүүд эхнэртээ итгэн тодорхой хэмжээний эрх мэдэл олгодог. Гэр орныхоо ажлыг зохицуулж, газар худалдан авч, худалдаа наймаа эрхэлдэг сайн эхнэрийн тухай Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 31:15, 16, 18-ыг уншина). Тэрбээр саналаа хэлэх эрхгүй боол биш. Харин нөхөр нь түүнд итгэдэг бөгөөд санаа оноог нь сонсдог (Сургаалт үгс 31:11, 26, 27-г уншина). Нөхөр хүн эхнэрээ ингэж хүндэлдэг бол эхнэр нь түүнд дуртайяа захирагдана.

Мэдлэг чадвартай эхнэрүүд захирагдах талаар Есүсээс юу сурах вэ? (15-р догол мөрийг үзээрэй)

15. Эхнэрүүд Есүсээс юу сурах вэ?

15 Эхнэрүүд юу сурах вэ? Агуу үйлс бүтээсэн Есүс Еховад захирагдахыг дорд үзэгдэж байна гэж боддоггүй (1 Кор. 15:28; Флп. 2:5, 6). Үүнтэй адил, Есүсийг дуурайдаг мэдлэг чадвартай эмэгтэйчүүд нөхөртөө захирагдахыг дорд үзэгдэж байна гэж боддоггүй. Тэд зөвхөн нөхөртөө хайртай учраас биш, хамгийн гол нь, Еховаг хайрлаж хүндэлдэг учраас нөхрөө дэмждэг.

Абигаил Давид тэргүүтэй дайчдад хоол хүнс илгээж, өөрөө араас нь явжээ. Тэгээд Давидыг хармагцаа газар сөхрөн сууж мэхийн ёслоод, өшөө авч нүгэл үйлдэхгүй байхыг ятгаж байна (16-р догол мөрийг үзээрэй)

16. 1 Самуел 25:3, 23–28-ыг үзвэл, Абигаилд ямар бэрхшээл тохиолдсон бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

16 Абигаилын нөхрийг Набал гэдэг байв. Набал хувиа бодсон, бардам ихэмсэг, талархах сэтгэлгүй хүн байжээ. Тэглээ ч гэсэн Абигаил нөхрөөсөө салъя гэж бодоогүй. Давид болон түүний цэргүүд нөхрийг нь алах гэж байгааг мэдээд дуугүй өнгөрч болох байсан ч тэгээгүй. Харин ч нөхрийгөө болон гэрийнхнээ аврах арга хэмжээ авсан. Зэвсэг агссан 400 эрийн өөдөөс очиж, Давидтай хүндэтгэлтэй ярихын тулд ямар их зориг гаргасныг нь төсөөлөөрэй. Тэр битгий хэл, болчимгүй хэрэг хийсэн нөхрийнхөө өмнөөс уучлал гуйсан (1 Самуел 25:3, 23–28-ыг уншина). Ехова энэ зоригтой эмэгтэйгээр өөрт нь зөвлөгөө өгүүлж, ноцтой алдаа гаргахаас сэргийлснийг Давид шууд ойлгожээ.

17. Нөхрүүд Давид Абигаил хоёрт тохиолдсон явдлаас юу сурах вэ?

17 Нөхрүүд юу сурах вэ? Абигаил ухаалаг эмэгтэй байв. Давид бас ухаантай хүн байсан учраас Абигаилын зөвлөгөөг хүлээж аваад, гэмгүй хүмүүсийн цусыг урсгахаас зайлсхийж чадсан. Үүнтэй адил, ухаалаг нөхрүүд чухал шийдвэр гаргахдаа эхнэрийнхээ саналыг харгалзан үздэг. Яагаад гэвэл буруу шийдвэр гаргахгүй байхад эхнэрийнх нь санал хэрэг болж болох юм.

18. Эхнэрүүд Абигаилаас юу сурах вэ?

18 Эхнэрүүд юу сурах вэ? Нөхөр нь Еховад үйлчилдэггүй, хэм хэмжээг нь баримталдаггүй байлаа ч Еховаг хайрлаж хүндэлдэг эхнэр хүн гэр бүлийнхэндээ сайнаар нөлөөлдөг. Тэрбээр Библийн үндэслэлгүйгээр нөхрөөсөө салах тухай боддоггүй. Харин ч нөхрөө хүндэлж, түүнд захирагддаг. Ийнхүү биеэ зөв авч явдаг бол нөхөр нь Еховагийн тухай мэдэх хүсэлтэй болж болох юм (1 Петр 3:1, 2). Тэгэхгүй байлаа ч Ехова нөхөртөө захирагддаг үнэнч үйлчлэгчээ хараад баярладаг.

19. Эхнэр хүн ямар үед нөхөртөө захирагдахгүй вэ?

19 Гэрч эмэгтэй нөхөртөө захирагдах нь мэдээж. Гэхдээ нөхөр нь Бурхны хууль, зарчимд нийцэхгүй юм хийлгэх гэвэл татгалздаг. Жишээлбэл Гэрч биш нөхөр нь худлаа ярих, хулгай хийх гэх мэтийн Библийн зарчимтай зөрчилддөг үйл хэрэгт оролцуулах гээд байвал яах вэ? Христийн бүх дагалдагч, түүний дотор гэрлэсэн эмэгтэйчүүд Еховад дуулгавартай байхыг чухалчилдаг. Тийм учраас Гэрч эмэгтэй дээрх саналыг хүлээж авахаас татгалзана. Мөн үүнийхээ учрыг нөхөртөө эелдэг хэр нь шулуухан хэлнэ (Үйлс 5:29).

20-р догол мөрийг үзээрэй *

20. Мариаг Еховатай маш дотно байсан гэж дүгнэхийн учир юу вэ?

20 Мариа Еховатай маш дотно эмэгтэй байв. Тэрбээр Судрыг сайн мэддэг байсан нь харагддаг. Баптисм хүртээгч Ёоханы ээж Елизабеттай ярьж байхдаа Еврей Судраас 20 гаруй удаа эш татсан нь үүний тод жишээ юм (Лук 1:46–55). Бас нэг зүйлийг бодоод үз дээ. Мариа Иосефтой сүй тавьсан байв. Гэсэн ч, Еховагийн тэнгэрийн элч эхлээд Иосефтой биш, шууд Мариатай уулзаж ярьсан. Тэгээд Бурхны Хүүг төрүүлэх гэж байгааг нь хэлжээ (Лук 1:26–33). Ехова Мариаг сайн мэддэг байсан ба Хүүг нь хайрлаж халамжилна гэдэгт итгэлтэй байв. Есүсийг нас бараад тэнгэрт очсоны дараа ч Мариа Еховатай дотно хэвээрээ байсан нь эргэлзээгүй (Үйлс 1:14).

21. Нөхрүүд Мариагаас юу сурах вэ?

21 Нөхрүүд юу сурах вэ? Ухаалаг нөхөр хүн Судрыг сайн мэддэг эхнэртэйдээ баярладаг. Эхнэрийнхээ дор орох вий эсвэл эхнэр маань толгой дээр гарах вий гэж айдаггүй. Библи болон Библийн зарчмыг сайн мэддэг эмэгтэй гэр бүлдээ үнэтэй хувь нэмэр оруулдгийг тэрбээр ойлгодог. Эхнэр хүн нөхрөөсөө илүү мэдлэг боловсролтой байж болох ч гэр бүлийн хичээл болон Бурхныг шүтэхтэй холбоотой үйл ажиллагааг нөхөр нь удирдах үүрэгтэй (Эф. 6:4).

Эхнэрүүд Есүсийн эх Мариагаас юу сурах вэ? (22-р догол мөрийг үзээрэй) *

22. Эхнэрүүд Мариагаас юу сурах вэ?

22 Эхнэрүүд юу сурах вэ? Эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой ч итгэлээ батжуулах нь өөрийнх нь үүрэг юм (Гал. 6:5). Ингэхийн тулд цаг зав гаргаад Библиэ судалж, эргэцүүлэн бодох ёстой. Энэ нь Еховаг хайрлаж хүндлэхэд нь, мөн нөхөртөө дуртайяа захирагдахад нь тустай.

23. Эхнэрүүд нөхөртөө захирагддаг байх нь өөрт нь, гэр бүлд нь, хуралд ямар ач тустай вэ?

23 Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн нөхөртөө захирагддаг эхнэрүүд Еховагийн тогтоосон тэргүүллийн зарчмыг үл ойшоодог эхнэрүүдээс илүү баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдаг. Тэд залуучууд, бүсгүйчүүдийн хэн хэнд нь сайн үлгэр дуурайл болдог. Мөн хайраар бялхсан амар тайван орчныг гэр бүлдээ төдийгүй хуралдаа бүрдүүлдэг (Тит 2:3–5). Өнөөдөр Бурханд үнэнч үйлчилдэг хүмүүсийн ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг (Дуу. 68:11). Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй, бид бүгдээрээ хуралдаа чухал үүрэгтэй. Энэ үүргээ дор бүрнээ хэрхэн биелүүлж болохыг дараагийн өгүүллээр үзнэ.

ДУУ 36 Бурхан хамтад нь нийлүүлсэн

^ д/м 5 Ехова эхнэрүүдэд нөхөртөө захирагдаж байхыг үүрэг болгосон. Захирагдана гэж яахыг хэлдэг вэ? Энэ талаар Гэрч эхнэр нөхрүүд Есүс болон Библид гардаг эмэгтэйчүүдээс их юм сурах боломжтой.

^ д/м 68 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Мариа баптисм хүртээгч Ёоханы эх Елизабеттай ярьж байхдаа Еврей Судрын олон зүйлийг цээжээр эш татсан.

^ д/м 70 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эхнэрүүд бат итгэлтэй байхын тулд цаг гаргаад Библиэ судалдаг.