Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 8

Зовлон учирсан ч үргэлж баярлагтун

Зовлон учирсан ч үргэлж баярлагтун

«Ах дүү нар минь, элдвээр соригдохдоо баярла» (ЯАК. 1:2).

ДУУ 28 Шинэ дуу

ТОЙМ *

1, 2. Матай 5:11-ийг харвал зовлон, хавчлагыг юу гэж үзэх хэрэгтэй вэ?

ДАГАЛДАГЧИД НЬ жинхэнэ ёсоор жаргалтай байна гэж Есүс амласан. Мөн өөрийг нь хайрладаг хүмүүс хавчлага, эсэргүүцэлтэй нүүр тулгарна гэдгийг анхааруулсан (Мат. 10:22, 23; Лук 6:20–23). Бид Христийн шавь болсондоо баяртай байдаг. Гэхдээ гэрийнхэн эсэргүүцвэл, засгийн газар хавчвал, ажлынхан юм уу ангийнхан буруу юм хийлгэх гэж дарамталбал яах бол? Иймэрхүү юм бодоод байвал санаа зовж магадгүй.

2 Ер нь зовлон тохиолдоход баярладаг хүн байдаггүй. Гэхдээ Бурхны Үгэнд зовлон, хавчлагыг баяр хөөртэй байх шалтгаан гэж бичсэн байдаг. Жишээ нь, зовлон тохиолдоход сэтгэлээр унахын оронд баярлаарай гэж шавь Яаков бичжээ (Яак. 1:2, 12). Хавчигдсан ч жаргалтай байгаарай гэж Есүс захисан (Матай 5:11-ийг уншина). Бид зовлонг үл тоон хэрхэн баяр хөөртэй байх вэ? Христийн I зууны дагалдагчдад бичсэн Яаковын захидалд буй зарим зөвлөгөөг судалж үзвэл их юм мэдэж авна. Эхлээд, тэр үеийн дагалдагчдад ямар бэрхшээл учирч байсныг ярилцъя.

ХРИСТИЙН І ЗУУНЫ ДАГАЛДАГЧДАД ЯМАР БЭРХШЭЭЛ УЧИРСАН БЭ?

3. Яаковыг Есүсийн шавь болсны дараахан юу тохиолдсон бэ?

3 Есүсийн дүү Яаковыг шавь болоод удаагүй байхад Иерусалим дахь Христийн дагалдагчдын эсрэг хавчлага өрнөжээ (Үйлс 1:14; 5:17, 18). Шавь Стефаныг алагдахад Христийн дагалдагчид Иерусалимаас олноороо дүрвэн «Иудей, Самари даяар тархаж», цаашаа «Кипр, Антиох хүртэл явжээ» (Үйлс 7:58—8:1; 11:19). Тэд ямар хэцүү бэрхийг туулсан бол оо! Гэсэн ч очсон газар бүрдээ сайн мэдээг эрчимтэй түгээж байсан учир Ромын эзэнт гүрний харьяанд байдаг нутаг дэвсгэр дээр олон хурал үүсэн байгуулагджээ (1 Петр 1:1). Гэвч удалгүй Христийн эртний дагалдагчид бүр ч хатуу ширүүн зовлон туулсан юм.

4. Христийн эртний дагалдагчдад өөр ямар зовлон учирсан бэ?

4 Христийн эртний дагалдагчид янз бүрийн зовлон туулжээ. Жишээлбэл МЭ 50-аад онд Ромын эзэн хаан Клавдий бүх иудейчүүдийг Ромоос гаргах зарлиг буулгасан. Тиймээс Христийн дагалдагч болсон иудейчүүд орон гэрээ арга буюу орхиж, нүүхэд хүрчээ (Үйлс 18:1–3). Итгэл нэгтнүүд нь олны элэг доог болж, шоронд хоригдож, эд хөрөнгөө тонуулсан гэж элч Паул МЭ 61 оны үед бичсэн байдаг (Евр. 10:32–34). Мөн Христийн дагалдагчид бусдын л адил үгүйрэн хоосорч, өвдөж зовж явсан (Ром 15:26; Флп. 2:25–27).

5. Ямар асуултуудын хариуг мэдэж авах вэ?

5 Яаков захидлаа МЭ 62 оноос өмнө бичжээ. Тэрбээр итгэл нэгтнүүдээ ямар зовлон туулж байгааг маш сайн мэдэж байв. Зовлон учирсан ч баяр хөөртэй байхад нь тус болох зөвлөгөөг Ехова Яаковаар бичүүлжээ. Одоо Яаковын захидлыг судалж, дараах асуултад хариу авцгаая. Яаков ямар баяр баясгалангийн тухай бичсэн бэ? Христийн дагалдагч хүн юунаас болоод баяр хөөрөө алдаж мэдэх вэ? Ямар ч зовлон тохиолдсон, баяр хөөртэй байхад мэргэн ухаан, итгэл, зориг ач тустай гэхийн учир юу вэ?

ХРИСТИЙН ДАГАЛДАГЧ ХҮН БАЯР ХӨӨРТЭЙ БАЙДГИЙН УЧИР

Христийн дагалдагчийн зүрх сэтгэл дэх баяр баясгаланг шилэн дэнлүүн дотор асах галын дөлтэй зүйрлэж болно (6-р догол мөрийг үзээрэй)

6. Лук 6:22, 23-ыг харвал, Христийн дагалдагч хүн зовлон туулсан ч баяр хөөртэй байдгийн учир юу вэ?

6 Эрүүл саруул, их мөнгөтэй, гэр бүлээрээ амар тайван байсан цагт л аз жаргалтай байна гэж хүмүүс боддог. Гэхдээ Яаковын бичсэн баяр баясгалан нь Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог бөгөөд тухайн хүний нөхцөл байдлаас шалтгаалдаггүй (Гал. 5:22). Христийн дагалдагч хүн Еховад таалагддаг, Есүсийг дуурайдаг гэдгээ мэддэг учир баяр баясгалантай буюу жинхэнэ ёсоор жаргалтай байдаг (Лук 6:22, 23-ыг уншина; Кол. 1:10, 11). Христийн дагалдагч хүний зүрхэн дэх баяр баясгаланг шилэн дэнлүүн дотор асаж буй галын дөлтэй зүйрлэж болно. Эрүүл мэнд муудсан ч, мөнгө төгрөгөөр гачигдсан ч сүүмэлздэггүй. Гэрийнхэн юм уу бусад хүн шоолж, эсэргүүцсэн ч бүүдийдэггүй. Эсэргүүцэгчид унтраах гэж оролдоход бөхөхийн оронд улам тод асдаг. Итгэл үнэмшлээсээ болоод хавчигдан зовох нь Христийн жинхэнэ дагалдагч гэдгийг илтгэх шинж тэмдэг юм (Мат. 10:22; 24:9; Ёох. 15:20). Тийм ч учраас Яаков: «Ах дүү нар минь, элдвээр соригдохдоо баярла» гэж бичжээ (Яак. 1:2).

Сорилтыг яагаад төмөр хайлуулах галтай зүйрлэж болох вэ? (7-р догол мөрийг үзээрэй) *

7, 8. Итгэл соригдох нь ямар ач тустай вэ?

7 Христийн дагалдагчид бүр ч хүнд бэрхшээлтэй нүүр тулгарахад бэлэн байдгийн бас нэг шалтгааныг Яаков бичжээ. Тэрбээр: «Тийм сорилтыг давбал жинхэнэ ёсоор итгэдэг тань батлагдаж, улмаар тэсвэр хатуужилтай болдог» гэж бичсэн (Яак. 1:3). Сорилтыг төмөр хайлуулдаг галтай зүйрлэж болно. Ган илдийг улайтгаад хөргөхөд илүү бат бөх болдог. Үүнтэй адил, сорилтыг давахад итгэл батаждаг. Тийм учраас Яаков: «Тэсвэр хатуужлын үр дүн нь төгс байг. Тэгвэл та нар бүх талаар бүрэн гүйцэд, өөгүй ... байх юм» гэжээ (Яак. 1:4). Соригдох үед итгэл батаждаг. Хүн үүнийг мэдрэхээрээ сорилтыг баяр хөөртэй давж чаддаг.

8 Яаков бас захидалдаа баяр хөөрийг маань үгүй хийж мэдэх зарим зүйлийн талаар бичжээ. Тэдгээр нь юу вэ? Хэрхэн давах вэ?

БАЯР БАЯСГАЛАНГ ҮГҮЙ ХИЙДЭГ БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ НЬ

9. Бидэнд яагаад мэргэн ухаан хэрэгтэй вэ?

9 Бид юунаас болоод баяр баясгалангүй болдог вэ? Яахаа мэдэхгүйгээс болоод. Сорилт, бэрхшээл тулгарахад бид Еховад таалагдах шийдвэр гаргахыг, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулахыг, өөрсдөө үнэнч байхыг хүсдэг (Иер. 10:23). Тухайн нөхцөлд ямар арга хэмжээ авах, хавчиж эсэргүүцээд байгаа хүмүүст юу хэлэхээ мэдэхэд мэргэн ухаан хэрэгтэй. Яахаа мэдэхгүй бол сэтгэлээр унаж, баяр баясгалангаа амархан алдана.

10. Яаков 1:5-ыг үзвэл, мэргэн ухаантай болохын тулд яах ёстой вэ?

10 Баяр баясгалангаа алдахгүйн тулд яах вэ? Еховагаас мэргэн ухаан гуйгаарай. Сорилтыг баяр хөөртэй давъя гэвэл эхлээд Еховад залбирч, зөв шийдвэр гаргах мэргэн ухаан гуйх шаардлагатай (Яаков 1:5-ыг уншина). Ехова залбиралд маань тэр даруй хариулахгүй байгаа юм шиг санагдвал яах вэ? Яаковын зөвлөснөөр, гуйгаад л байх хэрэгтэй. Тасралтгүй гуйлаа гэж Ехова дургүйцэх ч үгүй, зэмлэх ч үгүй. Сорилтыг давах мэргэн ухаан гуйж залбирвал тэнгэрийн Эцэг маань «өгөөмөр сэтгэлээр өгдөг» (Дуу. 25:12, 13). Тэрбээр бидэнд тохиолдоод буй зовлонг мэддэг, биднийг өрөвддөг, туслах гэж хүсэн тэмүүлдэг. Энэ бол баяр баясгалантай байх шалтгаан яах аргагүй мөн! Тэгвэл Ехова мэргэн ухааныг хэрхэн өгдөг вэ?

11. Мэргэн ухаантай болохын тулд өөр яах хэрэгтэй вэ?

11 Ехова бидэнд Үгээрээ дамжуулан мэргэн ухаан өгдөг (Сур. 2:6). Мэргэн ухаантай болъё гэвэл Бурхны Үг болон Библид үндэслэсэн ном хэвлэлээ судлах ёстой. Гэхдээ мэдлэг хуримтлуулсандаа сэтгэл ханаж болохгүй. Бурхны мэргэн зөвлөгөөг ажил хэрэг болгох хэрэгтэй. Яаков: «Зүгээр нэг сонсогч биш, Бурхны үгийг ажил хэрэг болгогч бай» гэж бичсэн байдаг (Яак. 1:22). Бурхны зөвлөгөөг хэрэгжүүлэхийн хэрээр эв эеийг эрхэмлэдэг, зөрж гөждөггүй, өршөөнгүй болно (Яак. 3:17). Ийм хүн ямар ч бэрхшээлийг баяр хөөртэй давж чаддаг.

12. Библийг сайн мэддэг байх нь яагаад чухал вэ?

12 Бурхны Үгийг тольтой зүйрлэдэг. Бид толинд хараад юугаа, яаж засахаа мэдэж авдаг биз дээ? (Яак. 1:23–25). Жишээ нь хүн Бурхны Үгийг судлаад уураа барьж сурах хэрэгтэйгээ ойлгож болох юм. Уур хүргэсэн хүмүүстэй харьцахдаа эсвэл уур хүрмээр асуудал тулгарахад хэрхэн дөлгөөн байхыг Ехова заадаг. Дөлгөөн байвал төвөгтэй асуудлыг ухаалгаар шийдэж чадна. Сийрэг ухаанаар бодож, оновчтой шийдвэр гаргаж чадна (Яак. 3:13). Библийг сайн мэддэг байх нь үнэхээр чухал байгаа биз?

13. Бид яагаад Библид гардаг хүмүүсийн жишээг судлах шаардлагатай вэ?

13 Заримдаа бид алдаа гаргасныхаа дараа л яах ёстой байснаа ойлгодог. Алдаа гаргахаас сэргийлж сурах нь амархан биш. Гэхдээ мэргэн ухааныг олж авах нэг сайн арга бий. Энэ нь бусдын ололт амжилтаас ч, гашуун туршлагаас ч суралцах явдал юм. Тийм учраас Яаков Библид гардаг Абрахам Рахаб Иов Елиа нарын жишээнээс суралцахыг уриалсан (Яак. 2:21–26; 5:10, 11, 17, 18). Еховагийн энэ үнэнч үйлчлэгчид баяр баясгаланг нь үгүй хийж мэдэх зовлон, бэрхшээлийг тэвчиж чадсан. Бид бас Еховагийн тусламжаар тэвчиж чадна гэдгийг тэдний жишээ баталдаг.

14, 15. Эргэлзээгээ яагаад арилгах ёстой вэ?

14 Бид юунаас болоод баяр баясгалангүй болдог вэ? Эргэлздэгээсээ болоод. Бурхны Үгэнд бичсэн зарим зүйлийг ойлгоход амаргүй байдаг. Эсвэл Ехова залбиралд хүссэнээр маань хариулахгүй байж болох юм. Тэр үед эргэлзээ төрдөг. Эргэлзээ төрөхөд тоохгүй яваад байвал итгэл алдарч, Еховатай тогтоосон харьцаанд муугаар нөлөөлж болзошгүй (Яак. 1:7, 8). Тэр бүү хэл, ирээдүйдээ найдахаа больж мэднэ.

15 Элч Паул ирээдүйн найдварыг зангуутай зүйрлэсэн (Евр. 6:19). Зангуу нь шуургатай үед усан онгоцыг хөдөлгөөнгүй байлгаж, хад мөргөхөөс сэргийлдэг. Гэхдээ усан онгоцтой холбосон гинж нь тасраагүй бат бөх байх үед л зангуу ийм ач тустай. Гинж зэвэнд идэгдвэл тасардаг шиг, бид эргэлзээгээ арилгахгүй яваад байвал итгэл алдарна. Тэгээд эсэргүүцэлтэй тулгарахаараа Еховагийн амлалтад итгэхээ болино. Итгэл алдарвал найдвар үгүй болно. Яаков: «Эргэлздэг хүн салхинд туугдан, хаашаа л бол хаашаа долгиолох тэнгисийн давалгаа мэт юм» гэж хэлсэн (Яак. 1:6). Ийм хүн яаж баяр баясгалантай байх вэ дээ!

16. Эргэлзэж явдаг бол яах хэрэгтэй вэ?

16 Баяр баясгалангаа алдахгүйн тулд яах вэ? Эргэлзээгээ арилгаж, итгэлээ батжуулаарай. Нэн даруй арга хэмжээ аваарай. Зөнч Елиагийн үеийн Еховагийн ард түмэн шийдэмгий байгаагүй. Елиа тэдэнд «Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага» гэж хэлсэн (Х.дээд 18:21). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Ехова бол Бурхан, Библи бол түүний Үг, Еховагийн Гэрчүүд бол түүний ард түмэн гэсэн баталгааг олж авахын тулд судалгаа хийх хэрэгтэй (1 Тес. 5:21). Ингэвэл эргэлзээ арилж, итгэл батажна. Эргэлзээгээ арилгахад тань тусламж хэрэгтэй бол ахлагчдад хандаарай. Еховад үргэлж баяр хөөртэй үйлчлэхийн тулд шийдвэртэй арга хэмжээ аваарай.

17. Зориг мохвол юу болох вэ?

17 Бид юунаас болоод баяр баясгалангүй болдог вэ? Сэтгэлээр унаснаас болоод. Бурхны Үгэнд «Хэрэв чи бэрх цагт сул дорой байваас хүч тэнхээ чинь сул аж» гэж байдаг (Сур. 24:10). «Сул дорой байх» гэж орчуулсан еврей үг бас «зориг мохох» гэсэн утгатай. Зориг мохвол баяр баясгалангаа даруй алдана.

18. Тэвчих гэдэг нь ямар утгатай вэ?

18 Баяр баясгалангаа алдахгүйн тулд яах вэ? Тэвчих зориг өгнө гэж Еховад найдаарай. Бэрхшээлийг тэвчихэд зориг хэрэгтэй (Яак. 5:11). Яаковын бичсэн «тэвчих» гэдэг үгээр байрандаа хөдөлгөөнгүй зогсож буй хүнийг хэлж болно. Жишээ нь, дайснууд уулгалан дайрахад байрнаасаа алхам ч ухрахгүй бат зогсож байгаа зоригтой цэргийг төсөөлөөрэй.

19. Элч Паулаас юу сурах вэ?

19 Элч Паул зоригтой, тэвчээртэй байхын гарамгай жишээ үлдээжээ. Заримдаа тэрбээр хүчин мөхөстөж байсан. Гэхдээ хэрэгтэй хүчийг Ехова өгнө гэж найддаг байсан учир тэвчиж чадсан (2 Кор. 12:8–10; Флп. 4:13). Хэрэв бид Еховагаас тусламж авах хэрэгтэйгээ хүлээн зөвшөөрч даруу байдаг бол Паул шиг хүчтэй, зоригтой болно (Яак. 4:10).

БУРХАНТАЙ ДОТНОСОЖ, ҮРГЭЛЖ БАЯРЛААРАЙ

20, 21. Юунд итгэлтэй байж болох вэ?

20 Сорилт бол Еховагийн шийтгэл биш гэдэгт итгээрэй. Яаков: «Соригдож байгаа хэн ч “Бурхан намайг сорьж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан соригддоггүй бөгөөд хэнийг ч хорон санаагаар сорьдоггүй» гэж бичсэн (Яак. 1:13). Энэ үг үнэн гэдэгт итгэдэг бол хайртай тэнгэрийн Эцэгтэйгээ улам дотносно (Яак. 4:8).

21 Ехова өөрчлөгддөггүй (Яак. 1:17). Христийн І зууны дагалдагчдад зовлон тохиолдсон үед нь тусалсан шигээ бидэнд ч тусална. Еховад шаргуу залбирч мэргэн ухаан, итгэл, зориг гуйж байгаарай. Тэрбээр залбиралд тань заавал хариулна. Тэгэхээр, зовлон бэрхшээл тохиолдсон ч баяр хөөртэй байхад Ехова тусална гэдэгт та итгэлтэй байж болно!

ДУУ 24 Шагналаа харж явъя!

^ д/м 5 Бэрхшээлийг давахад тустай зөвлөгөө «Яаков» номд олон байдаг. Энэ өгүүллээр Яаковын бичсэн зарим зөвлөгөөг авч үзнэ. Тэдгээр зөвлөгөөг дагавал зовлон учирсан ч Еховадаа баяр хөөртэй үйлчилсээр байна.

^ д/м 59 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэйг гэрт нь баривчилж байна. Цагдаа нарт баригдаад явахыг нь эхнэр охин хоёр нь хараад зогсож байна. Түүнийг шоронд хоригдож байх үед итгэл нэгтнүүд нь гэрт нь ирж, эхнэр охин хоёртой нь гэр бүлийн хичээл хийж байна. Ээж охин хоёр сорилтыг тэвчих хүч гуйж Еховад шаргуу залбирч байна. Ехова тайвшруулж, зоригжуулдаг учраас итгэл нь улам батжиж, сорилтыг баяр хөөртэй тэвчиж байна.