Уншигчдын асуулт
Христийн дагалдагч хүн мессеж бичдэг аппликейшн ашиглахдаа яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?
Христийн зарим дагалдагч орчин үеийн технологийн ачаар гэрийнхэн болон итгэл нэгтнүүдтэйгээ байнга холбоотой байдаг. Гэхдээ төлөвшсөн Гэрч дараах зөвлөгөөг санаж явдаг. «Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг» (Сур. 27:12).
Ехова биднийг хамгаалахыг хүсдэгийг бид ойлгодог. Тийм ч учраас хагарал гаргадаг, хурлаас хасагдсан, буруу үзэл бодлыг дэмждэг хүмүүстэй бид харьцдаггүй (Ром 16:17; 1 Кор. 5:11; 2 Ёох. 10, 11). Гэтэл биеэ зохисгүй авч явдаг хүн хурал дотор ч байдаг (2 Тим. 2:20, 21). Найз нөхдөө сонгохдоо үүнийг санах хэрэгтэй. Гэхдээ мессеж бичдэг аппликейшн ашиглаж байхдаа найз нөхдөө зөв сонгоно гэдэг амаргүй.
Хэдэн зуу, бүр хэдэн мянган гишүүнтэй мессежээр харилцдаг том бүлгүүд байдаг. Тийм бүлгийн хүмүүстэй харилцахдаа найз нөхрөө сонгох асуудалд онцгой болгоомжтой хандах нь чухал. Учир нь зарим Гэрч ийм бүлэгт нэгдээд горыг нь амсжээ. Хэрхэн болгоомжтой байх вэ? Бүлгийн хүн нэг бүрийн хэн болох, хэр бат итгэлтэй вэ гэдгийг мэдэх боломжгүй шүү дээ. Дуулал 26:4-т «Би хуурмаг хүмүүстэй хамт суудаггүй, дүр эсгэгч нартай хамт ч явахгүй» гэж байдаг. Зөвхөн таньж мэддэг хүмүүстэйгээ мессежээр харилцах нь ухаалаг хэрэг гэдгийг энэ зүйл хэлж өгч байна.
Жижиг бүлгийн цөөн хүнтэй харилцахдаа ч болгоомжтой байх нь зүйтэй. Юуны тухай бичиж байна, хэчнээн цаг зарцуулж байна гэдгээс үл хамааран, тэдэнтэй заавал холбогдож мессежид нь хариулах ёстой гэж бүү бодоорой. «Хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог» хүмүүс байдгийг Паул Тимотод сануулсан (1 Тим. 5:13). Өнөө үед цахим харилцаанд ч хүний хэрэгт оролцох явдал, хов жив гарахыг үгүйсгэхгүй.
Төлөвшсөн Гэрч хүн итгэл нэгтнүүдийнхээ талаар шүүмжилсэн сэтгэгдэл бичих юм уу нууц мэдээлэл тараадаггүй. Бас уншдаг ч үгүй (Дуу. 15:3; Сур. 20:19). Мөн дуулиантай эсвэл баталгаагүй мэдээллээс зайлсхийдэг (Эф. 4:25). Бид байгууллагынхаа jw.org вэб сайт болон JW телевизийн сар тутмын нэвтрүүлгээс баталгаатай, найдвартай мэдээлэл олж авдаг.
Зарим Гэрч мессеж бичдэг аппликейшн ашиглан юм зарах, худалдаж авах, бараа сурталчлах юм уу ажлын зар тавьдаг. Энэ нь худалдаа арилжааны зорилготой болохоос бус, бидний шүтлэгтэй огт хамаагүй. «Мөнгийг бүү хайрла» гэсэн тушаалыг биелүүлдэг хүн ах дүүгийн барилдлагыг худалдааны зорилгоор ашигладаггүй (Евр. 13:5).
Тэгвэл ядуу зүдүү эсвэл байгалийн гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтэндээ зориулан мөнгө цуглуулах зорилгоор мессеж бичилцэх нь зөв үү? Бид ах дүүдээ хайртай учраас тусалж дэмжин, урамшуулан зоригжуулахыг хүсдэг (Яак. 2:15, 16). Гэхдээ интернэт сүлжээ ашиглан итгэл нэгтэндээ туслах гэж оролдох нь орон нутаг дахь салбар, хуралд тусламжийн ажлыг илүү сайн зохион байгуулахад саад болдог (1 Тим. 5:3, 4, 9, 10, 16). Тэгээд ч бидний хэн маань ч Бурхны хоньдод санаа тавих тусгай үүрэгтэй гэсэн бодлыг бусдад төрүүлэхийг хүсэхгүй шүү дээ.
Бид «Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хийх» хүсэлтэй (1 Кор. 10:31). Тэгэхээр, мессеж бичдэг аппликейшн ашиглахдаа болзошгүй аюулыг тооцож, болгоомжтой байгаарай.