Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

Есүсийн хэлсэн сүүлчийн үг ямар сургамжтай вэ?

Есүсийн хэлсэн сүүлчийн үг ямар сургамжтай вэ?

«Энэ бол миний хайртай хүү. Би хүүгээ таалан соёрхдог. Түүний үгийг дагаж байгтун» (МАТ. 17:5).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ a

1, 2. Есүс сүүлчийнхээ үгийг хэлэхдээ ямар нөхцөл байдалд байсан бэ?

 МЭ 33 ОНЫ нисан сарын 14-ний өдөр. Есүсийг хилсээр гүтгэж, үйлдээгүй гэмт хэргийнх нь төлөө ял оноосон. Дараа нь доромжилж, тамлан зовоож, тарчлаах шонд өлгөжээ. Гар хөлийг нь хадаасаар нэвт хадсан учир амьсгаа авах, үг хэлэх болгонд аймшигтай өвдөж байв. Гэхдээ маш чухал үг хэлэх хэрэгтэй байлаа.

2 Тарчлаах шон дээр шаналан зовохдоо Есүс юу гэж хэлснийг, хэлсэн үгээс нь юу сурч болохыг одоо ярилцъя (Мат. 17:5).

«ЭЦЭГ МИНЬ, ТЭДНИЙГ ӨРШӨӨГӨӨРЭЙ»

3. «Эцэг минь, тэднийг өршөөгөөрэй» гэж хэлэхдээ Есүс хэн хэнийг бодсон байж болох вэ?

3 Есүс юу гэж хэлсэн бэ? Шонд хадагдсан Есүс: «Эцэг минь, тэднийг өршөөгөөрэй» хэмээн залбирсан. Хэнийг өршөөгөөрэй гэсэн юм бол? Үүнийг Есүсийн хэлсэн дараах үгээс нь ойлгож болно. Тэрбээр: «Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна» гэжээ (Лук 23:33, 34). Есүс хөл гарыг нь шонд хадсан Ромын цэргүүдийг бодож байсан бололтой. Тэд Есүсийг чухам хэн болохыг мэдээгүй байжээ. Мөн Есүс өөрт нь ял оноохыг шаардаж байсан боловч хожим нь өөрт нь итгэдэг болох хүмүүсийн талаар бодсон байж ч магадгүй (Үйлс 2:36–38). Есүс шударга бус явдлын бай болсон ч уурлаагүй, өш хонзон санаагүй (1 Петр 2:23). Харин ч өөрийг нь хөнөөх гэж байгаа хүмүүсийг уучлахыг Еховагаас гуйсан.

4. Эсэргүүцэгчдээ дуртайяа уучилсан Есүсээс юу сурах вэ?

4 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Есүстэй адил бид бусдыг дуртайяа уучилдаг байх хэрэгтэй (Кол. 3:13). Зарим хүн, түүний дотор бидний хамаатнууд итгэл үнэмшил болон амьдралын хэв маягийг маань ойлгохгүй учраас эсэргүүцэж магадгүй. Тэд биднийг гүтгэж, олны өмнө доромжилж, ном хэвлэлийг маань устгаж, тэр бүү хэл хүч хэрэглэнэ гэж сүрдүүлж ч мэднэ. Ийм үед тэдэнд уурлаж хорсоод байхын оронд үнэнийг хүлээж авахад нь туслаач гэж Еховад залбирч болно (Мат. 5:44, 45). Ялангуяа шударга бус юм тохиолдоход уучлахад үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ уурлан хорсож, уучлахгүй бол өөрөө өөрийгөө л зовооно. Нэг Гэрч эмэгтэй: «Уучилна гэхээр намайг гомдоосон хүнийг зөвтгөх юм уу муу юм хийснийг нь өөгшүүлнэ гэсэн үг биш гэдгийг би ойлгосон. Харин уурлахаа больж, өш хонзон санахгүй байхыг хэлнэ» гэжээ (Дуу. 37:8). Тэгэхээр уучлахаар шийдсэн бол таагүй юм тохиолдоход гомдохгүй, уурлахгүй (Эф. 4:31, 32).

«ЧИ НАДТАЙ ХАМТ ДИВААЖИНД БАЙХ БОЛНО»

5. Хажууд нь шонд өлгөгдсөн гэмт хэрэгтэнд Есүс ямар амлалт өгсөн бэ? Яагаад?

5 Есүс юу гэж хэлсэн бэ? Есүсийн хажууд бас хоёр гэмт хэрэгтнийг шонд хаджээ. Анхандаа тэр хоёр бусдын адил Есүсийг доромжилж байлаа (Мат. 27:44). Гэхдээ нэг нь дараа нь бодлоо өөрчилжээ. Тэрбээр Есүсийг «ямар ч буруу юм» хийгээгүйг ойлгожээ (Лук 23:40, 41). Есүсийг үхээд, амилж хаан болно гэдэгт итгэдгээ илэрхийлж, шаналан буй Аврагчид хандан «Есүс ээ, та Хаан болохлоороо намайг санаарай» гэж хэлсэн (Лук 23:42). Ямар их итгэл бэ! Есүс түүнд «Чи надтай хамт [Хаант төрд бус] Диваажинд байх болно» гэж хариулжээ (Лук 23:43). Есүс «би», «чи», «надтай» гэсэн үг хэлж өөрт нь хамааруулж амлалт өгснийг анхаараарай. Эцгийнхээ өршөөнгүй сэтгэлтэйг мэддэг Есүс үхэх гэж буй гэмт хэрэгтэнд найдвар бэлэглэсэн (Дуу. 103:8).

6. Гэмт хэрэгтэнд хэлсэн Есүсийн үг ямар сургамжтай вэ?

6 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Есүс Эцгээ төгс дуурайсан (Евр. 1:3). Хэрэв бид өмнө үйлдсэн нүглээ чин сэтгэлээсээ гэмшиж, Есүсийн асгаруулсан цусны ачаар нүглээ уучлуулна гэдэгт итгэдэг бол Ехова биднийг дуртайяа уучилж өршөөнө (1 Ёох. 1:7). Гэхдээ урьдын алдааг нь Ехова уучилна гэдэгт эргэлздэг хүн байдаг. Та бас заримдаа эргэлздэг бол дараах зүйлийг эргэцүүлэн бодоорой. Өөрт нь дөнгөж итгэсэн гэмт хэрэгтэнд Есүс өршөөнгүй хандсан биз дээ. Тэгвэл тушаалыг нь биелүүлэх гэж хамаг чадлаараа хичээдэг үнэнч үйлчлэгчдэдээ Ехова бүр ч өршөөнгүй хандах нь гарцаагүй шүү дээ! (Дуу. 51:1; 1 Ёох. 2:1, 2).

«ЭНЭ БОЛ ТАНЫ ХҮҮ ... ЭНЭ БОЛ ЧИНИЙ ЭХ»

7. Ёохан 19:26, 27-г үзвэл Есүс, Мариа Ёохан хоёрт юу гэж хэлсэн бэ? Яагаад?

7 Есүс юу гэж хэлсэн бэ? (Ёохан 19:26, 27-г уншина). Есүс ээждээ санаа зовж байв. Тэр үед Мариа бэлэвсэн байсан бололтой. Есүсийн дүү нар ээжийнхээ махан биеийн хэрэгцээг хангах байсан байх. Харин Еховад үнэнч байхад нь хэн туслах вэ? Тухайн үед Есүсийн дүү нар дагалдагч нь болоогүй байсан бололтой. Харин Ёохан бол үнэнч элч, Есүсийн дотнын анд билээ. Есүс өөртэй нь хамт Еховаг шүтдэг хүмүүсийг гэр бүлийнхнээ гэж үздэг байв (Мат. 12:46–50). Есүс хайртай ээждээ санаа тавьж Ёоханд даатгажээ. Учир нь ээжийгээ Еховад үнэнч үйлчлэхэд нь Ёоханыг тусална гэдэгт Есүс итгэж байв. Есүс ээждээ «Энэ бол таны хүү», Ёоханд «Энэ бол чиний эх» гэж хэлсэн. Тэр цагаас хойш Ёохан Мариаг ээж шигээ үзэн санаа тавьсан. Есүс өөрийг нь төрүүлж өсгөсөн төдийгүй нас барахад нь хажууд нь байсан энэ эрхэм эмэгтэйг хайрладгаа ямар гайхалтай харуулаа вэ!

8. Мариа болон Ёоханд хэлсэн Есүсийн үгээс бид юу мэдэж авсан вэ?

8 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Итгэл нэгт ахан дүүс маань биднийг гэр бүлийнхнээс маань дутахааргүй хайрладаг. Хамаатан садан маань биднийг эсэргүүцэж, бүр орхиж ч мэднэ. Гэхдээ биднийг Ехова болон байгууллагатай нь ойр байдаг бол алдсанаа «100 дахин их авна» гэж Есүс амласан. Итгэл нэгтнүүд маань бидэнд хайртай хүү, охин, ээж, ааваас минь өөрцгүй болдог (Марк 10:29, 30). Бид Еховаг, итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ хайрладаг. Ийм хайраар нэгдсэн, итгэл үнэмшил нэгтэй гэр бүлийн гишүүн байх нь танд ямар санагддаг вэ? (Кол. 3:14; 1 Петр 2:17).

«БУРХАН МИНЬ, ЮУНД ТА НАМАЙГ ОРХИВ»

9. Матай 27:46-д хэлсэн Есүсийн үгээс бид юу мэдэж авах вэ?

9 Есүс юу гэж хэлсэн бэ? Есүс амьсгал хураахынхаа өмнөхөн «Бурхан минь, Бурхан минь, юунд та намайг орхив?» гэжээ (Мат. 27:46). Яагаад ингэж хэлснийг нь Библид тайлбарлаагүй. Гэхдээ энэ үгээс бид юу мэдэж авах вэ? Нэг талаас, үүнийг хэлснээрээ Дуулал 22:1 b бичсэн зөгнөлийг биелүүлсэн. Нөгөө талаас, Еховаг тэр үед Хүүгийнхээ «бүх талд нь хэрэм босгоогүйг» мэдэж болно (Иов 1:10). Эцэг нь эцсээ хүртэл соригдохыг нь зөвшөөрч, дайснуудынх нь мэдэлд өгснийг Есүс ойлгожээ. Тэрбээр ямар ч хүний соригдож байгаагүйгээр соригдсон. Түүнээс гадна цаазаар авхуулах ямар ч нүгэл үйлдээгүйг хэлсэн үг нь баталдаг.

10. Есүсийн Эцэгтээ хэлсэн үгээс юу мэдэж авах вэ?

10 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Нэгдүгээрт, бид итгэлийг маань сорьсон зовлон бэрхшээлээс Еховаг хамгаална гэж бодох учиргүй. Есүс эцсээ хүртэл соригдсон шиг бид бас Еховад үнэнч байхын тулд, шаардлагатай бол үхэхэд ч бэлэн байх ёстой (Мат. 16:24, 25). Гэхдээ Ехова биднийг хэрээс хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байж болно (1 Кор. 10:13). Хоёрдугаарт, бид ч Есүстэй адилаар шударга бусаар зовж магадгүй (1 Петр 2:19, 20). Хүмүүс биднийг ямар нэгэн юм буруу хийсэн гэж биш, харин энэ ертөнцийнх шиг байлгүй, үнэнийг тунхагладгаас маань болж эсэргүүцдэг (Ёох. 17:14; 1 Петр 4:15, 16). Ехова зовохыг нь яагаад зөвшөөрснийг Есүс ойлгож байсан. Есүсээс ялгаатай нь Еховагийн зарим үнэнч үйлчлэгч бэрхшээлтэй тулгарахаараа Еховаг яагаад зөвшөөрснийг нь ойлгодоггүй (Хаб. 1:3). Гэхдээ Бурхан маань энэрэнгүй, тэвчээртэй учраас тэднийгээ итгэл багатай гэж үздэггүй. Харин тэд тайвшрахыг хүсдэг бөгөөд зөвхөн Ехова л тайвшруулж чадна (2 Кор. 1:3, 4).

«ЦАНГАЖ БАЙНА»

11. Ёохан 19:28-д Есүс яагаад «Цангаж байна» гэж хэлсэн бэ?

11 Есүс юу гэж хэлсэн бэ? (Ёохан 19:28-ыг уншина). Есүс яагаад «Цангаж байна» гэж хэлсэн бэ? «Сударт бичсэнийг биелүүлэх гэснийх ажээ». Өөрөөр хэлбэл Дуулал 22:15-д байдаг «Миний хүч шаазангийн хэлтэрхий шиг хатаж, миний хэл түүшиндээ наалдсан» гэсэн зөгнөлийг биелүүлжээ. Мөн Есүс янз бүрийн зовлон амсаж, тарчлаах шон дээр зовсны эцэст маш их цангасан нь ойлгомжтой. Тийм учраас цангаагаа тайлахын тулд тусламж гуйх хэрэгтэй байлаа.

12. «Цангаж байна» гэж хэлсэн Есүсийн үгээс бид юу мэдэж авах вэ?

12 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Ямар санагдаж байгаагаа хэлэх нь сул доройн шинж гэж Есүс бодоогүй. Бид ч гэсэн ямар санагдаж байгаагаа хэлэх ёстой. Бидний зарим нь юу хэрэгтэй байгаагаа тэр болгон бусдад яриад байдаггүй. Гэвч бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй болсон бол тусламж гуйх хэрэгтэй. Жишээлбэл, өндөр настай юм уу бие муутай бол найзаасаа хүнсний дэлгүүр эсвэл эмнэлэг рүү хамт явахыг гуйж болно. Эсвэл сэтгэлээр унасан бол таныг сонсох юм уу «эелдэг үг» хэлж урамшуулах ахлагч эсвэл төлөвшсөн итгэл нэгтэндээ хандаарай (Сур. 12:25). Итгэл нэгтнүүд маань бидэнд хайртай бөгөөд хэцүү цагт туслахыг л боддог гэдгийг санаж явцгаая (Сур. 17:17). Гэхдээ тэд бидний юу бодож, юу мэдэрч байгааг мэдэхгүй шүү дээ. Тусламж хэрэгтэй байгаагаа бид л хэлэхгүй бол тэд маань яаж мэдэх вэ дээ.

«БҮХ ЮМ ГҮЙЦЛЭЭ!»

13. Есүс үхэн үхтэлээ үнэнч байснаараа юуг гүйцэлдүүлсэн бэ?

13 Есүс юу гэж хэлсэн бэ? Нисан сарын 14-ний өдрийн 3 цагийн алдад Есүс: «Бүх юм гүйцлээ!» гэж хэлжээ (Ёох. 19:30). Еховагийн даалгасан бүхнийг гүйцэлдүүлснээ амьсгал хураахынхаа өмнөхөн ийн хэлсэн ажээ. Тэрбээр үхэн үхтэлээ үнэнч байснаараа олон зүйлийг гүйцэлдүүлсэн юм. Нэгдүгээрт, Сатаны худалчийг баталсан. Сатан яаж ч сорьсон төгс хүн Бурханд төгс үнэнч байж чадахыг Есүс харуулсан. Хоёрдугаарт, Есүс амиа золиос болгон өгсөн. Ингэснээр төгс бус хүн Бурхантай дотно харьцаатай байж, ирээдүйд мөнх амьдрах боломжтой болсон. Гуравдугаарт, Есүс Эцгээ шударга захирагч гэдгийг баталсан, нэрийг нь ч цагаатгасан.

14. Бид өдөр бүр яаж амьдрахаар шийдсэн байх ёстой вэ? Тайлбарлана уу.

14 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Бид өдөр бүр үнэнч байхаар бат шийдсэн байх ёстой. «Гилеад» Библийн сургуулийн багш байсан Максвэл Фрэнд ахын хэлсэн үгийг бодож үзье. Тэрбээр олон улсын чуулган дээр үнэнч байх тухай илтгэл тавихдаа «Өнөөдөр хийж, хэлж чадах юмыг маргааш гэж бүү хойшлуулаарай. Маргааш амьд байх эсэхээ та мэднэ гэж үү? Өдөр бүрийг мөнх амьдрах шаардлага хангаснаа батлах сүүлчийн боломж гэж бодож амьдраарай» гэж хэлсэн. Иймээс өдөр бүрийг үнэнч байгаагаа батлах сүүлийн боломж гэж үзэцгээе! Тэгвэл үхэлтэй нүүр тулсан ч «Ехова Бурхан, би үнэнч байж, Сатаныг худалч гэдгийг баталж, таны нэр болон хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхийн тулд чадах бүхнээ хийсэн!» гэж хэлж чадна.

«АМЬ НАСАА ТАНД ДААТГАЯ»

15. Лук 23:46-г харвал Есүс юунд итгэлтэй байсан бэ?

15 Есүс юу гэж хэлсэн бэ? (Лук 23:46-г уншина). Есүс бат итгэлтэйгээр «Эцэг минь, амь насаа танд даатгая» гэсэн. Ирээдүй нь Еховагаас шалтгаална гэдгийг Есүс мэдэж байлаа. Мөн Эцэг нь өөрийг нь хэзээ ч мартахгүй гэдэгт итгэлтэй байсан.

16. 15 настай Гэрч залуугийн түүхээс та юу мэдэж авсан бэ?

16 Есүсийн хэлсэн үг ямар сургамжтай вэ? Амь насанд тань аюул тулгарсан ч Еховад үнэнч байгаарай. Ингэхийн тулд «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэх» хэрэгтэй (Сур. 3:5). Иошуа гэдэг 15 настай Гэрч залуугийн жишээг ярилцъя. Эдгэршгүй өвчин туссан тэрбээр Бурхны хуультай зөрчилддөг эмчилгээ хийлгэхээс татгалзжээ. Тэрбээр нас барахынхаа өмнөхөн «Ээж ээ, би Еховад өөрийгөө даатгасан. Ехова намайг амилуулна гэдэгт би бат итгэдэг. Бурхан надад юу бодогдож, ямар санагдаж байгааг мэддэг. Би түүнд үнэхээр хайртай» гэж ярьжээ. Хүн нэг бүр өөрөөсөө «Би итгэлийн сорилттой тулгараад амь насаа алдах боллоо гэхэд өөрийгөө Еховагийн гарт даатгаж чадах уу? Намайг амилуулна гэдэгт нь итгэдэг үү?» гэж асуугаарай.

17, 18. Бид Есүсийн хэлсэн үг бидэнд ямар сургамжтай вэ? ( «Есүсийн хэлсэн сүүлчийн үг ямар сургамжтай вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү).

17 Есүсийн хэлсэн үгээс олон чухал сургамж авлаа! Бусдыг уучлах ёстойг, бас Ехова биднийг уучилдагт итгэлтэй байх ёстойг мэдэж авлаа. Нэг нэгэндээ туслахад хэзээд бэлэн байдаг гайхалтай гэр бүлд багтдаг маань том завшаан юм. Иймээс шаардлагатай үед санаачилгатай байж бусдаасаа тусламж гуйдаг байх хэрэгтэй. Ямар ч бэрхшээл тулгарсан даван туулахад Ехова тусална гэдэгт бид огт эргэлздэггүй. Нас барвал Ехова амилуулна гэдэгт бат итгэн, өдөр бүрийг үнэнч гэдгээ батлах сүүлчийн боломж гэж үзэх нь хэчнээн чухал болохыг бид ойлголоо.

18 Шон дээр тарчлан зовж байхдаа Есүсийн хэлсэн үг нь үнэхээр гүн гүнзгий утгатай байлаа! Тиймээс сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлцгээе. Ингэдэг бол Еховагийн «Түүний үгийг дагаж байгтун» гэж Хүүгийнхээ талаар хэлсэн үгийг биелүүлж байгаа хэрэг юм (Мат. 17:5).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

a Матай 17:5-ыг үзвэл Ехова Хүүгийнх нь үгийг дагаж байхыг уриалсан. Тарчлаах шон дээр хадуулсан байхдаа Есүсийн хэлсэн үгээс ямар ямар сургамж авахыг энэ өгүүллээр үзнэ.

b Есүс яагаад Дуулал 22:1-д бичсэн үгийг эш татсан байж болохыг энэ дугаарын «Уншигчдын асуулт» булангаас үзээрэй.