Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 16

Золиосны төлөө талархаж явъя

Золиосны төлөө талархаж явъя

«Хүний Хүү ... олны төлөө амиа золихоор ирсэн» (МАРК 10:45).

ДУУ 149 Золиосны төлөө талархъя

ТОЙМ a

1, 2. Золиос гэж юу вэ? Бидэнд яагаад золиос хэрэгтэй вэ?

 ТӨГС хүн Адам нүгэл үйлдэж өөрөө мөнх амьдрах боломжоо алдаад зогсохгүй ирээдүйн үр хүүхдээ мөнх амьдрах боломжгүй болгосон. Адамын үйлдлийг зөвтгөх аргагүй. Тэрбээр санаатайгаар нүгэл үйлдсэн. Харин хүүхдүүдийнх нь хувьд юу хэлж болох вэ? Тэд Адамын үйлдсэн нүглийг үйлдээгүй (Ром 5:12, 14). Адам үхэх ял авсан нь зүйн хэрэг. Гэтэл үр удмыг нь үхлийн ялаас чөлөөлөх арга бий болов уу? Байлгүй яах вэ! Ехова Адамыг нүгэл үйлдсэний дараахан тэднийг нүгэл, үхлийн ялаас хэрхэн чөлөөлөхөө аажим аажмаар илчилсэн (Эх. 3:15). Товлосон цаг нь болоход Хүүгээ тэнгэрээс илгээж «олны төлөө ам[ийг нь] золих» байв (Марк 10:45; Ёох. 6:51).

2 Золиос гэж юу вэ? Грек Сударт золиос гэдгээр Адамын алдсаныг буцааж авахын тулд Есүсийн төлсөн үнийг хэлдэг (1 Кор. 15:22). Бидэнд яагаад золиос хэрэгтэй вэ? Учир нь Мосегийн хуульд бичсэнээр, Еховагийн шударга ёсны хэм хэмжээний дагуу амийг амиар төлөх ёстой (Ег. 21:23, 24). Адам төгс амиа алдсан. Харин Есүс Еховагийн шударга ёсонд нийцүүлэхийн тулд төгс амиа золиосолсон юм (Ром 5:17). Тийм учраас золиосонд нь итгэдэг бүх хүнд «Мөнхийн Эцэг» нь болдог (Ис. 9:6; Ром 3:23, 24).

3. Ёохан 14:31, 15:13-ыг харвал Есүс яагаад төгс амиа дуртайяа золиосолсон бэ?

3 Есүс тэнгэрийн Эцэгтээ, бидэнд хайртай байсан учраас амиа дуртайяа золиосолжээ (Ёохан 14:31; 15:13-ыг уншина). Энэ хайрандаа хөтлөгдөн эцсээ хүртэл үнэнч байж, Эцгийнхээ хүслийг биелүүлэх шийдвэр төгс байсан. Тиймээс үхэн үхтэлээ үнэнч байсан юм. Үүний үрээр хүн төрөлхтний болон дэлхийн талаарх Бурхны анхны санаа зорилго биелэх боломжтой болсон. Энэ өгүүллээр, Ехова Есүсийг яагаад тарчлан зовж үхэхийг зөвшөөрснийг ярилцана. Мөн золиосны төлөө талархах сэтгэлээр дүүрэн байсан Библийн нэгэн бичигчийн тухай товчхон авч үзье. Эцэст нь, золиосны төлөө Ехова болон Есүст талархлаа хэрхэн илэрхийлэхийг, бас талархах сэтгэлээ хэрхэн лавшруулахыг ярилцана.

ЕСҮС ЯАГААД ТАРЧЛАН ЗОВОХ ЁСТОЙ БАЙСАН БЭ?

Есүс бидний төлөө амиа золиослохдоо яаж зовж тарчилсныг эргэцүүлэн бодоорой! (4-р догол мөрийг үзээрэй)

4. Есүс хэрхэн зовж үхсэн бэ?

4 Есүсийн дэлхий дээрх амьдралын сүүлчийн өдөр ямар байсныг төсөөлөөрэй. Тэрбээр өөрийгөө хамгаалуулахаар асар олон тэнгэрийн элчийг дуудаж болох л байв. Гэвч тэгээгүй. Ромын цэргүүдийг барьж авахад нь эсэргүүцээгүй. Тэд Есүсийг хайр найргүй жанчив (Мат. 26:52–54; Ёох. 18:3; 19:1). Ташуурдах бүрд Есүсийн нуруу улаан нялга болж байв. Дараа нь нуруун дээр нь хүнд шон үүрүүлжээ. Есүс цаазаар авхуулах газар луу шонгоо чирч явав. Гэтэл удалгүй Ромын цэргүүд замд тааралдсан эрэгтэйд шонг нь үүрч явахыг тушаав (Мат. 27:32). Цаазаар авах газар ирэхэд нь Есүсийн гар, хөлийг шонд хадав. Тэгээд шонг нь босгоход хадаас махыг нь урна. Найзуудынх нь сэтгэл шимширч, ээж нь уйлж байхад Иудейн шашны удирдагчид Есүсийг элэглэн дооглоно (Лук 23:32–38; Ёох. 19:25). Зовлонт цаг мөч ар араасаа үргэлжилсээр. Цээж нь давчдаж, амьсгалахад улам хэцүү болж байв. Эцсээ хүртэл үнэнч байсан Есүс амьсгал хураахынхаа өмнө Еховад сүүлчийн удаа залбирсан. Тэгээд толгойгоо гудайлган амьсгал хураав (Марк 15:37; Лук 23:46; Ёох. 10:17, 18; 19:30). Есүс үнэхээр удаан тарчилж, гутамшигтайгаар үхжээ!

5. Есүс юунд их шаналж байсан бэ?

5 Есүс ингэж их тарчилсан болохоороо л сэтгэл нь зовсон юм биш. Харин үхэх болсон шалтгаанаа бодоод их шаналж байв. Бурхныг доромжилсон, өөрөөр хэлбэл Бурхныг болон нэрийг нь үл хүндэтгэсэн гэж гүтгүүлсэн ажээ (Мат. 26:64–66). Энэ нь Есүсийн сэтгэлийг маш их шаналгаж байсан учраас ингэж гутамшигтайгаар үхэхийг нь бүү зөвшөөрөөч гэж Эцгээсээ гуйсан (Мат. 26:38, 39, 42). Ехова яагаад хайртай Хүүгээ ингэж их зовж үхэхийг зөвшөөрсөн бэ? Одоо гурван шалтгааныг авч үзье.

6. Яагаад Есүсийг тарчлаах шонд өлгөх ёстой байсан бэ?

6 Нэгдүгээрт, Есүс иудейчүүдийг хараалаас ангижруулахын тулд шонд хадуулах ёстой байсан (Гал. 3:10, 13). Тэд Бурхны Хуулийг биелүүлнэ гэж амласан атлаа биелүүлээгүй учир хараагджээ. Энэ нь Адамын үр удам болох үхэх ялтай тэдэнд бүр нэрмээс болжээ (Ром 5:12). Үхвэл зохих нүгэл үйлдсэн хүнийг цаазаар авах ёстой гэж израйлчуудад өгсөн Бурхны Хуульд бичсэн байдаг. Цаазлуулсан хүний цогцсыг заримдаа шонд өлгөдөг байсан b (Д.Хууль 21:22, 23; 27:26). Есүс шонд хадуулснаараа өөрийг нь үгүйсгэсэн иудейчүүдийг хараалаас ангижрах боломжтой болгосон.

7. Бурхан Хүүгээ зовж үхэхийг зөвшөөрсөн хоёр дахь шалтгаан юу вэ?

7 Бурхан Хүүгээ зовж үхэхийг зөвшөөрсөн хоёр дахь шалтгааныг ярилцъя. Тэрбээр Есүсийг ирээдүйн Тэргүүн Тахилчийн үүрэгт ажилд бэлдэж байжээ. Хүнд сорилтын үед Бурханд дуулгавартай байх нь амаргүйг Есүс биеэрээ үзсэн. Маш их дарамтад орсон тэрбээр «чанга дуугаар, нулимс унаган» залбирсан. Сэтгэлийн зовлон эдэлсэн Есүс бидний хэрэгцээ шаардлагыг ойлгодог бөгөөд «биднийг соригдоход» «туслах чадвартай». «Мөхөс байдлыг маань ойлгож өрөвддөг», өршөөнгүй Тэргүүн Тахилчийг томилсон Еховад талархаад баршгүй (Евр. 2:17, 18; 4:14–16; 5:7–10).

8. Бурхан Есүсийг хүнд сорилтод орохыг зөвшөөрсөн гурав дахь шалтгаан юу вэ?

8 Гуравдугаарт, Ехова Есүсийг тарчлан зовохыг зөвшөөрсөн нь дараах чухал асуултад хариулахын тулд ажээ. Хүнд сорилт тулгарахаар хүн Бурханд үнэнч байж чадах уу? Сатаны хэлснээр бол чадахгүй аж. Хүмүүсийг Ехова Бурханд ашиг хонжоо харж үйлчилдэг бөгөөд өвөг эцэг Адамынхаа адилаар Еховад хайргүй гэж боддог (Иов 1:9–11; 2:4, 5). Харин Ехова Хүүгээ үнэнч байж чадна гэдэгт итгэлтэй байсан учир ямар ч хүний соригдож байгаагүйгээр соригдохыг нь зөвшөөрсөн. Үнэхээр ч Есүс үхэн үхтэлээ үнэнч байж, Сатаны худалчийг баталсан.

ЗОЛИОСНЫ ТӨЛӨӨ ГҮНЭЭ ТАЛАРХДАГ БИБЛИЙН БИЧИГЧ

9. Элч Ёохан бидэнд ямар жишээ үлдээсэн бэ?

9 Золиосны тухай сургаал нь Христийн олон дагалдагчийн итгэлийг батжуулдаг. Тэд хавчлага эсэргүүцлийг үл тоон дэлгэрүүлж, өтөл нас хүртлээ янз бүрийн сорилтыг давж гарсан байдаг. Элч Ёоханы тухай ярилцъя. Тэрбээр Христийн болон золиосны тухай үнэнийг 60 гаруй жил дэлгэрүүлсэн бололтой. Ёоханыг бараг 100 нас хүрч байхад Ромын засгийн газар маш аюултай хүн гэж үзэн Патмос аралд цөлжээ. «Бурхны тухай ярьж, Есүсийг гэрчилсэн» учраас тэр юм (Илч. 1:9). Бат итгэлтэй, тэвчээртэй байхын үнэхээр гайхалтай жишээ байгаа биз!

10. Ёохан золиосны төлөө талархдаг хүн байсан нь юунаас харагддаг вэ?

10 Ёохан өөрийнхөө бичсэн Библийн номууддаа Есүсийг хэчнээн их хайрладгаа, золиосных нь төлөө ямар их талархдагаа тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр золиос, золиосны ач тусын талаар 100 гаруй удаа бичсэн. Жишээлбэл, «хэн нэг нь нүгэл үйлдлээ гэхэд бидэнд туслагч бий. Тэр бол Эцэгтэй хамт байдаг, таалалд нь нийцүүлдэг Есүс Христ юм» гэж бичжээ (1 Ёох. 2:1, 2). Бас «Есүсийг гэрчлэхийн» чухлыг онцолсон байдаг (Илч. 19:10). Тэгэхээр Ёохан золиосны төлөө гүнээ талархдаг хүн байжээ. Тэгвэл бид талархдагаа хэрхэн харуулах вэ?

ЗОЛИОСНЫ ТӨЛӨӨ ТАЛАРХЛАА ХЭРХЭН ИЛЭРХИЙЛЭХ ВЭ?

Золиосны төлөө чин сэтгэлээсээ талархдаг бол нүгэл үйлдэхгүй байхаар бат шийднэ (11-р догол мөрийг үзээрэй) c

11. Хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй тулд яах вэ?

11 Нүгэл үйлдэхгүй байхаар шийдээрэй. Золиосны төлөө үнэн сэтгэлээсээ талархдаг бол «Хорхой хүргэм зүйлтэй тулгарвал тэгтлээ их тэмцээд байх шаардлагагүй. Нүгэл үйлдчихлээ гэхэд уучлалт гуйчихна» гэж бодохгүй. Харин ч «Болохгүй шүү дээ! Ехова Есүс хоёр миний төлөө юу хийлээ дээ! Би ингэж болно гэж үү?» хэмээн бодно. Тэгээд Еховагаас хүч гуйн хорхой хүргэм зүйлд дийлдэхгүй байхад туслаач гэж залбирна (Мат. 6:13).

12. 1 Ёохан 3:16–18-д бичсэн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

12 Итгэл нэгтнүүдээ хайрлаарай. Тэднийгээ хайрладаг бол золиосны төлөө талархдагаа харуулна. Яагаад? Есүс зөвхөн бидний төлөө бус, итгэл нэгтнүүдийн маань төлөө бас амиа өгсөн шүү дээ. Дуртайяа амиа өгсөн нь тэднийг маань маш их үнэлж эрхэмлэдгийн шинж юм (1 Ёохан 3:16–18-ыг уншина). Бид тэдэндээ хэрхэн хандаж байгаагаараа хайртайгаа харуулдаг (Эф. 4:29, 31—5:2). Жишээлбэл өвдөж зовсон эсвэл байгалийн гамшигт өртөх зэрэг хүнд бэрхийг үзэж байгаа нэгэндээ тусалдаг. Харин итгэл нэгтэн маань биднийг гомдоох юм хэлэх юм уу хийвэл яах нь зүйтэй вэ?

13. Яагаад уучилдаг байх хэрэгтэй вэ?

13 Танд итгэл нэгтнээ уучлахад заримдаа хэцүү байдаг уу? (Лев. 19:18). Тийм бол «Гомдох шалтгаан байлаа ч, хүлээцтэй хандаж, бие биеэ дуртайяа уучилж байгаарай. Ехова та нарыг дуртайяа уучилсны адил та нар бас дуртайяа уучлах учиртай» гэсэн зөвлөгөөг дагаарай (Кол. 3:13). Итгэл нэгтнээ уучлах бүрдээ золиосны төлөө чин сэтгэлээсээ талархдагаа тэнгэрийн Эцэгтээ батална. Бурхнаас ирсэн энэ бэлгийн төлөө талархах сэтгэлээ хэрхэн лавшруулах вэ?

ЗОЛИОСНЫ ТӨЛӨӨ ТАЛАРХАХ СЭТГЭЛЭЭ ХЭРХЭН ЛАВШРУУЛАХ ВЭ?

14. Золиосны төлөө талархах сэтгэлээ лавшруулах нэг арга нь юу вэ?

14 Золиосны төлөө Еховад талархан залбираарай. Энэтхэгт амьдардаг 83 настай Гэрч эмэгтэй Жоанна: «Еховад өдөр бүр залбирахдаа золиосны төлөө талархдаг байх нь чухал гэж би боддог» гэжээ. Та өдөр бүр Еховад залбирахдаа, ямар буруу юм хийснээ хэлж уучлалт гуйж байгаарай. Гэхдээ ноцтой нүгэл үйлдсэн бол бас ахлагчдаас тусламж гуйгаарай. Тэд таныг анхааралтай сонсож, Бурхны Үгэнд үндэслэсэн зөвлөгөө өгнө. Таны төлөө залбирч, нүглийг тань уучлахыг Еховагаас гуйж, Еховатай дахин дотно болоход тань тусална (Яак. 5:14–16).

15. Бид золиосны тухай цаг гаргаад судалж, эргэцүүлэн бодох хэрэгтэйн учир юу вэ?

15 Золиосны тухай эргэцүүлэн бодоорой. 73 настай Ражамани гэдэг Гэрч эмэгтэй: «Есүсийг хэрхэн зовж шаналсныг уншихлаар хоёр нүдийг минь нулимс бүрхдэг» гэжээ. Бурхны хүү яаж зовж тарчилсныг бодохоор таны ч сэтгэл бас өвддөг байх. Та золиосны тухай хэдийчинээ эргэцүүлэн бодно, төдийчинээ Есүсийг, Эцгийг нь хайрладаг болно. Тиймээс энэ тухай тусгайлан судалж болохгүй нь юу билээ?

Есүс энгийн зоог барьснаараа амиа золиосолсныг нь хэрхэн дурсаж байхыг харуулсан (16-р догол мөрийг үзээрэй)

16. Золиосны тухай заах нь ямар ач тустай вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

16 Золиосны тухай бусдад зааж байгаарай. Золиосны тухай ярих болгонд талархах сэтгэл маань улам лавширдаг. Есүс яагаад бидний төлөө амиа өгснийг бусдад тайлбарлахад тус болох олон сайхан ном хэвлэл, видео бий. Жишээлбэл, «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлын «Есүс Христ гэж хэн бэ?» гэсэн сэдэвтэй 4-р хичээл болон «Библиэс юу мэдэж авах вэ?» номын «Золиос бол Бурхны өгсөн хамгийн үнэтэй бэлэг» гэсэн сэдэвтэй 5-р бүлгээс тайлбарлаж болно. Бид жил бүр болдог Есүсийн нас барсныг дурсах цуглаанд оролцохоос гадна өөр олон хүнийг урьдаг. Ийнхүү золиосны төлөө талархах сэтгэлээ улам лавшруулдаг. Ехова бидэнд Хүүгийнх нь тухай заах ямар үнэ хүндтэй завшаан олгоо вэ!

17. Золиосыг Бурхнаас хүн төрөлхтөнд өгсөн хамгийн агуу бэлэг гэхийн учир юу вэ?

17 Золиосны төлөө талархахгүй байхын аргагүй. Тиймээс талархах сэтгэлээ улам бүр лавшруулцгаая. Бид төгс бус ч золиосны ачаар Еховатай дотносох боломжтой. Золиосны ачаар Диаволын бүх ажил үйлс устана (1 Ёох. 3:8). Золиосны ачаар Еховагийн дэлхийн талаарх анхны санаа зорилго биелнэ. Дэлхий тэр аяараа диваажин болж, хаашаа ч харсан Еховаг хайрладаг, түүнд үйлчилдэг хүмүүс байх болно. Тиймээс Бурхны хүн төрөлхтөнд өгсөн хамгийн агуу бэлэг болох золиосны төлөө өдөр бүр талархаж явцгаая!

ДУУ 148 Та цорын ганц Хүүгээ өгсөн

a Есүс яагаад тамлагдан зовж үхсэнийг энэ өгүүллээс мэдэж авна. Энэ нь золиосны төлөө талархах сэтгэлээ лавшруулахад тустай.

b Ромд ял авсан хүнийг амьдаар нь шонд хадах юм уу хүлэх заншил байсан. Ехова Хүүгээ ингэж үхэхийг зөвшөөрсөн.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гурван Гэрч эрэгтэй зохисгүй зураг үзэх, тамхи татах, авлига авах зэрэг хорхой хүргэм зүйлээс татгалзаж байна.