Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Би хүмүүсээс маш их юм сурсан!»

«Би хүмүүсээс маш их юм сурсан!»

ХАВ харанхуй шөнө. Манай франц хороо Алжирын уулан дээр буудаллаж байлаа. Тэр үед тулаан улам ширүүсэж байсан юм. Тэгэхэд би элсэн уут овоолсон харуулын цэг дээр пулемётоо атгаад ганцаархнаа харуулд гарч байв. Гэнэтхэн хөлийн чимээ ойртох нь сонстож, нам гүмийг эвдэв. Би айснаасаа болоод хөшчихөв. Дөнгөж 20 хүрч яваа би хэнийг ч алах, алагдах хүсэлгүй байв. Тэгээд «Бурхан минь, Бурхан минь» гэж өөрийн эрхгүй бувтнав.

Энэ аймшигт үйл явдал амьдралыг минь өөрчилсөн. Яагаад гэвэл би Бүтээгчээ хайж эхэлсэн. Тэр харанхуй шөнө юу болсныг ярихаасаа өмнө Бурхныг мэдэх хүсэлтэй болгосон, хүүхэд насанд тохиолдсон зарим явдлыг өгүүлье.

ААВААСАА СУРСАН МИНЬ

Би 1937 онд Францын хойд хэсэгт орших уурхайн хот Гэйнанд төрсөн. Уурхайчин ааваасаа хүнд хүчир ажлын үнэ цэнийг ойлгосон. Бас шударга бус явдлыг үзэн ядахыг ааваасаа сурсан. Уурхайчид шударга бус явдлын золиос болоод зогсохгүй маш хүнд нөхцөлд ажиллаж байв. Аав минь уурхайчдын эрхийг хамгаалах, ажлын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө тэмцдэг байгууллагуудад элссэн. Мөн орон нутгийн лам хуврагуудын хоёр нүүр гаргадгийг хараад их бухимдсан. Тэд харьцангуй тансаг амьдардаг байсан атлаа ядуу уурхайчдаас идэх юм, мөнгө нэхдэг байв. Лам хуврагуудын биеэ авч яваа байдлыг аав жигшдэг байсан тул надад шашны тухай ерөөсөө заагаагүй юм. Тэр бүү хэл Бурхан гэж ярьж байгаагүй.

Би том болохын хэрээр шударга бус явдлыг үзэн яддаг болсон. Яагаад гэвэл, жишээ нь Францад амьдардаг гадаадынхныг ялгаварлан үздэг хүн олон байв. Би цагаачдын хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглож, хөгжилдөх дуртай. Бас ээж минь франц биш польш хүн. Бүх үндэстний хүн амар тайван, эрх тэгш байвал гоё гэж боддог байлаа.

АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ БОДОЖ ЭХЭЛСЭН МИНЬ

Цэрэгт байхдаа

Би 1957 онд цэрэгт татагдсан. Алжирын уулан дээр болсон явдлыг дээр бичсэн минь ийм учиртай. «Бурхан минь, Бурхан минь» гэж бувтнасны дараа дайсны цэрэгтэй биш, зэрлэг илжигтэй нүүр тулах нь тэр! Сэтгэл ямар их амарсан гэж санана! Тэглээ ч гэсэн энэ явдал, бас дайн тулаан надад хүчтэй нөлөөлсөн. Тэгээд амьдралын утга учрыг нухацтай бодох болсон. Бид юуны төлөө амьдарч байгаа юм бэ? Бурхан бидэнд санаа тавьдаг уу? Үүрд мөнх амар тайван амьдрах цаг ирэх болов уу?

Хожим би чөлөөгөөр аав ээжийндээ байхдаа нэг Еховагийн Гэрчтэй уулзсан. Түүний өгсөн Библийг би Алжирт очоод уншиж эхэлсэн. Илчлэл 21:3, 4-ийг уншаад тун их гайхсан. Тэнд «Бурхны асар хүмүүсийн дунд байна! ... Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» * гэж байдаг. Би ийм үгийг хэзээ ч сонсож байгаагүй. «Үнэн гэж үү?» гэж өөрөөсөө асууж билээ. Тэгэхэд би Бурхан, Библийн талаар мэддэггүй байв.

Би 1959 онд цэргээс халагдсаныхаа дараа Франсуа гэдэг Гэрчтэй танилцсан. Тэрбээр надад Библиэс олон юм зааж өгсөн. Жишээ нь, Бурхны нэрийг Ехова гэдгийг Библиэс үзүүлсэн (Дуу. 83:18). Бас Ехова шударга ёсыг тогтооно, дэлхийг диваажин болгоно, Илчлэл 21:3, 4-т байдаг амлалтаа биелүүлнэ гэдгийг тайлбарласан.

Эдгээр сургаал ойлгомжтой санагдаж, сэтгэл минь хөдөлсөн. Гэхдээ уур маш их хүрсэн! Библид байдаггүй сургаал заадаг лам хуврагуудыг буруутгамаар байлаа! Аавынх шигээ үзэл бодолтой байсан надад тэвчихэд хэцүү, бүр тэр даруй арга хэмжээ авмаар санагдсан.

Франсуа болон Еховагийн Гэрч шинэ найзууд тайвшрахад минь тусалсан. Христийн дагалдагч хүн бусдыг шүүмжлэхийн оронд Хаант төрийн тухай сайн мэдээг ярих ёстойг тайлбарлаж өгсөн. Сайн мэдээг дэлгэрүүлэх энэ ажлыг Есүс ч, дагалдагчид ч хийж ирсэн (Мат. 24:14; Лук 4:43). Бас итгэл үнэмшлээс үл хамааран бүх хүнтэй найрсаг, эвтэйхэн ярьж сурах хэрэгтэй байв. Библид бичсэнээр «Эзний боол хэрэлдэх ёсгүй. Харин бүх хүнтэй эелдэг харьцдаг» (2 Тим. 2:24).

Би өөрчлөх ёстой юмаа өөрчилсөөр, 1959 оны дүүргийн чуулганы үеэр баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Тэр үед Анжел гэдэг Гэрч бүсгүйтэй танилцаж, сэтгэл минь татагдсаар түүний очдог цуглаанд явдаг болсон. Бид хоёр 1960 онд гэрлэсэн. Анжел маань ер бусын эмэгтэй, гайхалтай эхнэр, Еховагийн үнэтэй бэлэг юм (Сур. 19:14).

Хуримынхаа өдрөөр

УХААЛАГ, ТУРШЛАГАТАЙ ЭРЧҮҮДЭЭС ИХ ЮМ СУРСАН МИНЬ

Би олон жилийн турш ухаалаг, туршлагатай Гэрч эрчүүдээс ихийг сурсан. Нэг чухал юм нь, ямар ч хэцүү даалгаврыг амжилттай биелүүлье гэвэл даруу байж, Сургаалт үгс 15:22-т бичсэн «олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэсэн зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэдэж авсан.

Францад дүүрэг хариуцагчийн ажил хийж байхдаа, 1965

Бурхны агуу хүчээр бичүүлсэн дээрх үг хэчнээн үнэн болохыг би 1964 он гэхэд л ойлгосон. Тэр жил намайг дүүрэг хариуцагчаар томилсон. Тиймээс итгэл нэгтнүүдээ урамшуулж, Бурхантай дотно болоход нь туслах зорилгоор хурлуудад эргэлт хийдэг байлаа. 27-той туршлагагүй залуу би алдаа гаргадаг байсан ч алдаанаасаа сурахыг хичээж байв. Гэхдээ туршлагатай, чадвартай «олон зөвлөгчөөс» их юм сурсан.

Дүүрэг хариуцагч болоод удаагүй байхад болсон нэг явдал санаанд орлоо. Парисын нэг хуралд эргэлт хийсний дараа төлөвшсөн Гэрч эрэгтэй надаас уулзаж болох уу гэж асуулаа. Би «Болно, болно» гэв.

Тэрбээр: «Лүи, эмч хүн айлд очоод эрүүл хүнтэй уулздаг уу, өвчтэй хүнтэй уулздаг уу?» гэж асуув.

«Өвчтэй хүнтэй нь» гэв.

Тэрбээр: «Зүйтэй. Гэтэл чи хурал хариуцсан ахлагч зэрэг Бурхантай дотно хүмүүстэй ихэнх цагийг өнгөрөөж байгааг анзаарлаа. Манай хуралд сэтгэлээр унасан, шинэ, ичимхий олон итгэл нэгтэн бий. Тэдэнтэй хамт цаг өнгөрөөж, бүр гэрт нь очоод хамт хоол идвэл их баярлана даа» гэлээ.

Энэ Гэрч үнэлж баршгүй, сайн зөвлөгөө өгсөн. Еховагийн хоньдын төлөө гэсэн хайр нь миний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн. Алдаагаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч би зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлсэн. Ийм Гэрчүүдийг өгсөн Еховад би талархдаг.

1969, 1973 онд Парисын Коломбед болсон олон улсын хоёр чуулганы үеэр би хоол хүнс хариуцаж ажиллав. 1973 оны чуулганы үеэр 60 мянган хүнийг 5 өдөр хооллох хэрэгтэй байв. Би ч яана даа л гэж бодож байлаа. Гэтэл дахиад л Сургаалт үгс 15:22-т бичсэн зарчим аминд орж, даалгавраа амжилттай биелүүлэхэд тусалсан. Хүнсний үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай, төлөвшсөн эрчүүдээс тусламж авсан. Тэдний дунд мах зардаг, ногоо тарьдаг хүмүүс, тогооч, худалдан авагч нар байсан. Бид хамтдаа энэ том ажлын ард гарсан.

1973 онд эхнэр бид хоёр францын Бетелд үйлчлэхээр уригдав. Тэнд очоод авсан хамгийн эхний даалгавар маш хэцүү санагдсан. 1970–1993 оны хооронд манай үйл ажиллагаа хориотой байсан Африкийн Камерун дахь итгэл нэгтнүүддээ ном хэвлэл хүргэх ажлыг надад хариуцуулж өгсөн. Дахиад л би маш их сандарсан. Франц дахь манай үйл ажиллагааг хариуцсан нэг ах миний байдлыг анзаарсан бололтой. Намайг зоригжуулж «Камерун дахь итгэл нэгтнүүдэд маань бэлгэдлийн хоол маш их хэрэгтэй байна. Тэднийгээ хооллоцгооё» гэсэн. Тэгээд хооллосон.

Камеруны итгэл нэгтнүүд маань оролцсон Нигерид болсон тусгай цуглааны үеэр, 1973

Камерун дахь ахлагчидтай уулзахын тулд хил залгаа улсад нь хэд хэдэн удаа очсон. Итгэл нэгтнүүдээ бэлгэдлийн хоолоор тогтмол хангах ажлыг зохион байгуулахад минь эдгээр зоригтой, ухаалаг эрчүүд тусалсан. Ехова бидний хүчин зүтгэлийг ивээсэн нь тодорхой. 20 жилийн турш Камерун дахь итгэл нэгтнүүд маань «Харуулын цамхаг» сэтгүүл болон тухайн үед «Манай Хаант төрийн үйлчлэл» гэдэг байсан сар тутмын хэвлэлийг нэг ч дугаар алгасалгүй авч чадсан.

Анжел бид хоёр Камеруны дүүрэг хариуцагчид болон эхнэрүүдтэй нь Нигерид уулзахдаа, 1977

ХАЙРТАЙ ЭХНЭРЭЭСЭЭ СУРАЛЦСАН МИНЬ

Анжелтай үерхэж эхэлсэн цагаасаа л Бурхантай маш дотно гэдгийг нь анзаарсан. Гэрлээд үүнийг нь бүр ч их ойлгосон. Гэрлэсэн оройдоо л Анжел, Еховад үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийцгээе гээд, энэ тухай Еховад залбирч өгөөч гэж гуйсан. Ехова ч энэ залбиралд хариулсан.

Еховад найддаг байхад Анжел надад бас тусалсан. Жишээ нь 1973 онд биднийг Бетелд үйлчлүүлэхээр урихад би тээнэгэлзсэн. Дүүрэг хариуцагчийн ажилдаа дуртай байсан учраас тэр юм. Гэхдээ Анжел Еховад амь амьдралаа зориулсныг маань сануулж, бид хоёр байгууллагаас өгсөн бүх ажлыг хийх ёстой биз дээ? гэж билээ (Евр. 13:17). Би шууд л зөвшөөрсөн! Тэгээд Бетелд нүүж очсон. Олон жил ханилсан ухаалаг, дүн нуруутай, Бурхныг хайрладаг эхнэр маань зөв шийдвэр гаргахад тусалдаг байсан.

Бетелийн цэцэрлэгт Анжелтайгаа, Франц

Бид нас дээр гарч яваа. Гэсэн ч хайртай хань минь намайг үргэлж дэмжсээр ирсэн. Жишээлбэл манай байгууллагын ихэнх сургууль англи хэлээр хичээллэдэг. Тийм учраас сургуульд сурах зорилгоор бид хоёр англи хэлээ сайжруулах хэрэгтэй болсон. Үүний тулд 70 гарсан ч англи хэлний цуглаанд шилжсэн юм. Би Франц салбарын хорооны гишүүн учраас гадаад хэл сурах цаг зав гаргах амаргүй байлаа. Бид хоёр нэг нэгэндээ их тусалсан. Одоо 80 хүрсэн ч бид цуглаандаа англи, францаар бэлддэг. Цуглаан дээр аль болох олон удаа хариулахыг, бас олон цагаар дэлгэрүүлэхийг хичээж байна. Англи хэл сурах гэж хичээснийг маань Ехова ивээсэн.

2017 онд бид хоёр гайхалтай ивээл хүртсэн. Биднийг Нью-Йоркийн Паттерсон дахь Харуулын цамхаг сургалтын төвд явагддаг Салбарын хорооны гишүүд ба эхнэрүүдэд нь зориулсан сургуульд урьсан.

Ехова үнэхээр Агуу Багш (Ис. 30:20). Тийм учраас Бурхны үйлчлэгчид бид хөгшин залуу гэлтгүй бүгдээрээ хамгийн сайн боловсрол эзэмшдэг! (Д.Хууль 4:5–8). Еховаг ч, туршлагатай итгэл нэгтнүүдээ ч сонсдог залуучууд зөв шийдвэр гаргаж, Еховагийн үнэнч үйлчлэгч болдгийг би анзаарсан. Сургаалт үгс 9:9-д «Мэргэн хүнд заавар өг. Тэгвээс тэр хүн улам мэргэн болно. Шударга зөв хүнийг сурга. Тэгвээс тэр хүн мэдлэгээ арвижуулна» гэж байдаг.

60 жилийн өмнө Алжирын ууланд өнгөрүүлсэн тэр аймшигт шөнө заримдаа надад санагддаг. Намайг ямар сайхан, жаргалтай амьдрал хүлээж байгааг тэр шөнө мэдээгүй. Би хүмүүсээс маш их юм сурсан! Ехова Анжелд ч, надад ч үнэхээр гайхалтай, аз жаргалтай амьдралыг бэлэглэсэн. Тиймээс бид хоёр тэнгэрийн Эцгээсээ ч, түүнийг хайрладаг ухаалаг, туршлагатай итгэл нэгтнүүдээсээ ч суралцсаар байна гэж бат шийдсэн.

^ д/м 11 «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга».