Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Библи бичигдэж байх үед папирусаар завь хийдэг байсан уу?

Папирус

Эртний египетчүүд гол төлөв папирусаар хийсэн цаасан дээр бичдэг байсныг олон хүн мэддэг. Грекчүүд ч, ромчууд ч папирусан * цаасан дээр бичдэг байсан. Харин папирус ашиглаж завь хийдэг байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Египетийн булшин дотроос олдсон хоёр төрлийн папирусан завь

Зөнч Исаиа 2 500 гаруй жилийн өмнө «Кушийн голуудын чанад дахь» хүмүүс «тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг» байсан гэж бичжээ. Харин Иов үүнээс ч олон зууны өмнө «хулсан завьнууд» бүргэд мэт хурдан байсныг хэлсэн үгэндээ дурджээ (Ис. 18:1, 2; Иов 9:26).

Дээр үед папирус ашиглан завь хийдэг байсан нь үнэн гэдгийг археологийн олдворууд нотолдог нь гайхах зүйл биш юм. Яагаад гэвэл Библийг Бурхан удирдаж бичүүлсэн (2 Тим. 3:16). Археологичид юу олж мэдсэн бэ? Египетчүүд папирусаар завь хийдэг байсныг нотлох баримт олжээ.

ПАПИРУСАН ЗАВИЙГ ХЭРХЭН ХИЙДЭГ БАЙСАН БЭ?

Египетийн булшнуудын зураг, товгор сийлбэрүүдэд папирусыг хэрхэн хурааж, завь хийдэг байсныг дүрсэлжээ. Эрчүүд папирусын ишийг огтолж, хэсэг хэсгээр нь багцлан бооно. Папирусын ишийг хөндлөн огтолж харвал гурвалжин хэлбэртэй. Тиймээс маш сайн чангалбал хатуу, бат бөх боодол болдог. Египепийн түүхийн тухай нэг номд бичсэнээр бүр 17 метрээс ч урт, 20 юм уу 24 сэлүүртэй папирусан завь байдаг ажээ.

Папирусан завь хийж байгааг дүрсэлсэн Египетийн товгор сийлбэр

ЯАГААД ПАПИРУСААР ЗАВЬ ХИЙДЭГ БАЙСАН БЭ?

Папирус нь Нил мөрний хөндийд элбэг дэлбэг ургадаг. Бас үүнээс гадна папирусаар завь хийх амархан. Том хөлөг онгоцыг модоор хийдэг болсны дараа ч загасчид, анчид папирусан сал, завийг амьдрал ахуйдаа хэрэглэсээр байсан бололтой.

Хүмүүс папирусан завийг олон жилийн турш хэрэглэж ирсэн. МЭӨ 1, 2-р зуунд амьдарч байсан грек зохиолч Плутархын үед ч папирусан салыг бас хэрэглэдэг байжээ.

^ д/м 3 Папирус нь хулстай төстэй ургамал бөгөөд намгархаг газар, зөөлөн урсгалтай усанд ургадаг. Ургамлын өндөр нь 5 метр, ишийг угаар нь хөндлөн огтолбол 15 сантиметрт хүрэх нь бий.