Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 23

Еховатай хамт байдаг хүн хэзээ ч ганцаардахгүй

Еховатай хамт байдаг хүн хэзээ ч ганцаардахгүй

«ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд ... ойр байдаг» (ДУУ. 145:18).

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

ТОЙМ a

1. Еховагийн үйлчлэгчид заримдаа яагаад ганцаарддаг вэ?

 ИХЭНХ хүн үе үе ганцаарддаг. Зарим нь тэгэсхийгээд гайгүй болдог ч, зарим нь удаан хугацаагаар ганцаардан шаналдаг. Олон хүний дунд байсан ч ганцаардах нь бий. Өөр хуралд шилжиж очсон бол найз нөхөдтэй болох нь амаргүй байдаг. Халуун дотно харьцаатай гэр бүлд байсан хүн гэрээсээ хол явахаараа ганцаарддаг. Дотнын хүнээ алдсанаас болоод ганцаардахын зовлон амсах нь ч бий. Еховаг шүтдэггүй гэр бүлийнхэн болон найзууд нь хавчих юм уу үл ойшоохоор зарим Христийн дагалдагч, ялангуяа үнэнийг мэдээд удаагүй байгаа хүн ганцаарддаг.

2. Ямар асуултын хариуг мэдэж авах вэ?

2 Ехова бидний хүн нэг бүрийг мэддэг, ойлгодог. Ганцаардан шаналахын зовлонг ч ойлгодог бөгөөд туслахыг хүсдэг. Ехова бидэнд яаж тусалдаг вэ? Бид өөрсдөө яах хэрэгтэй вэ? Мөн хурлынхны хэн нэгэн ганцаардвал бид яаж туслах вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авцгаая.

ЕХОВА БИДЭНД САНАА ТАВЬДАГ

Ехова тэнгэрийн элчээ Елиа руу илгээж, ганцаараа биш гэдгийг нь батлан хэлсэн (3-р догол мөрийг үзээрэй)

3. Ехова Елиад хэрхэн санаа тавьсан бэ?

3 Ехова үйлчлэгчдээ жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэрбээр бидний хүн нэг бүртэй хамт байдаг болохоор уйтгарлах юм уу сэтгэлээр унахыг маань мэддэг (Дуу. 145:18, 19). Ехова зөнч Елиад яаж санаа тавьсныг бодож үзээрэй. Энэ үнэнч эр Израйлын түүхийн хэцүү цаг үед амьдарч байсан. Еховаг эсэргүүцдэг дайснууд шүтэгчдийг нь харгислан хавчиж байв. Бас тэд Елиаг алах санаа өвөрлөжээ (Х.дээд 19:1, 2). Еховад үйлчилдэг зөнчдөөс ганцаархнаа үлдсэн гэж бодоод сэтгэл нь зовсон байх (Х.дээд 19:10). Ехова Елиад туслах арга хэмжээг тэр даруй авсан. Ганцаараа биш, Бурхнаас эмээдэг өөр олон израйлчууд байгаа гэдгийг батлахын тулд тэнгэрийн элчээ илгээсэн (Х.дээд 19:5, 18).

4. Марк 10:29, 30-ийг үзвэл гэрийнхнээсээ юм уу найз нөхдөөсөө тусламж авах боломжгүй болсон итгэл нэгтэнд маань Ехова хэр их санаа тавьдаг вэ?

4 Бидний зарим нь Еховад үйлчлэх шийдвэр гаргахдаа багагүй хохирол амсдаг. Еховад үйлчилдэггүй гэр бүлийнхэн, найз нөхөд маань бидэнд туслахаа больдог. Нэг удаа элч Петр Есүсээс «Бид бүхнээ орхиод таныг дагасан. Тэгвэл бид юу хүртэх вэ?» гэж асуухдаа сэтгэл зовсон янзтай байсан байх (Мат. 19:27). Есүс хайрандаа хөтлөгдөн шавь нартаа өнөр гэр бүлийн гишүүн болохыг нь батлан хэлсэн (Марк 10:29, 30-ийг уншина). Гэр бүлийн маань тэргүүн бол Ехова Бурхан бөгөөд өөрт нь үйлчилдэг хүнийг дэмжихээ амладаг (Дуу. 9:10). Еховагийн тусламжийг хүлээн авч, ганцаардлаа даван гарахын тулд юу хийх талаар бодож үзэцгээе.

ГАНЦААРДААД БАЙВАЛ ЯАХ ВЭ?

5. Ехова хэрхэн тусалсныг анхаарах нь ямар ач тустай вэ?

5 Ехова хэрхэн тусалдгийг анхаараарай. (Дуу. 55:22). Ингэвэл ганцаараа биш гэдгээ ойлгоно. Гэрээсээ ганцаараа Еховаг шүтдэг Кэрол b гэдэг ганц бие эмэгтэй: «Хүнд хэцүү үеийг даван гарахад Ехова хэрхэн тусалж байсныг бодохоор одоо ч ганцаарддаггүй. Энэ нь Ехова надад дандаа тусална гэдгийн баталгаа болдог» гэжээ.

6. 1 Петр 5:9, 10 ганцаардсан хүнд хэрхэн урам хайрладаг вэ?

6 Ганцаардаж буй итгэл нэгтнүүдэд маань Ехова хэрхэн тусалдгийг бодоорой. (1 Петр 5:9, 10-ийг уншина). Гэрээсээ ганцаархнаа Еховад олон жил үйлчилж байгаа Хироши гэдэг эрэгтэй: «Хурлын хүн болгон өөрийн гэсэн бэрхшээлтэй ч Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Гэрээсээ ганцаараа үнэний замаар явж байгаа хүн үүнийг мэдэхээрээ урамшдаг» гэжээ.

7. Залбирал танд хэрхэн тусалдаг вэ?

7 Тогтмол залбирч, Библиэ уншиж, цуглаандаа явж байгаарай. Сэтгэлд байгаа бүхнээ Еховад нэг бүрчлэн хэлээрэй (1 Петр 5:7). Массиел гэдэг залуухан Гэрч эмэгтэй Еховад үйлчлэхээр шийдээд маш их ганцаардсан байна. Яагаад гэвэл гэр бүлийнхэн нь Еховаг шүтдэггүй ажээ. Тэрбээр: «Ганцаардлаа даван туулахад тус болсон чухал зүйлийн нэг нь шаргуу залбирал юм. Би Еховаг аавыгаа гэж бодоод өдөр болгон, өдөрт олон удаа залбирч, ямар санагдаж байгаагаа хэлдэг байлаа» гэжээ.

Библи болон Библид үндэслэсэн хэвлэлийн аудио бичлэг сонсвол ганцаардлаа мартагнадаг (8-р догол мөрийг үзээрэй) c

8. Бурхны үгийг уншиж, эргэцүүлэн бодох нь танд яаж тусалдаг вэ?

8 Бурхны үгийг тогтмол уншиж, ялангуяа таныг гэсэн Еховагийн хайрыг онцолсон хэсгийг эргэцүүлэн бодоорой. Бианка гэдэг Гэрч эмэгтэйг гэрийнхэн нь үг хэлээр дайрч доромжлон, сэтгэлээр унагадаг ажээ. Тэрбээр: «Зовлон нэгтэй Еховагийн үйлчлэгчдийн тухай Библиэс уншаад эргэцүүлэн бодох нь их тустай байдаг» гэжээ. Христийн зарим дагалдагчид Ариун Судраас, жишээ нь Дуулал 27:10, Исаиа 41:10 зэрэг сэтгэл тайвшрам Библийн зүйлүүдийг цээжилдэг. Зарим нь цуглаандаа бэлдэх юм уу Библи унших үедээ аудио бичлэгийг нь сонсдог. Тэгээд ганцаардлаа мартагнадаг.

9. Танд цуглаан ямар ач тустай вэ?

9 Цуглаандаа тогтмол явахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Урам сэргээм цуглааны хөтөлбөр танд ач тустай. Бас итгэл нэгтнүүдтэйгээ дотно танилцана (Евр. 10:24, 25). Дээр дурдсан Массиэл: «Би угийн ичимхий хүн л дээ. Гэхдээ бүх цуглаандаа явж, хариулж байхаар шийдсэн. Ингэдэг болсноор хурлынхантайгаа их дотноссон» гэжээ.

10. Үнэнч итгэл нэгтнүүдтэй найзлах нь яагаад чухал вэ?

10 Христийн үнэнч дагалдагчидтай найзлаарай. Хурлынхаа үлгэр жишээ хүмүүстэй найз болоорой. Тэд танаас өөр соёлтой, насаар ах юм уу дүү ч байж болно. Библид «Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг» гэж бичжээ (Иов 12:12). Бас нөгөөтээгүүр үнэнч залуучуудаас ч сурах юм ахмадуудад их бий. Давид Ионатанаас олон насаар дүү байсан ч тэд үй зайгүй найзууд байсан (1 Сам. 18:1). Хүнд бэрхшээлийг үл тоон Бурхандаа үйлчлэхийн тулд нэг нь нөгөөдөө тусалдаг байжээ (1 Сам. 23:16–18). Гэрээсээ ганцаараа Еховад үйлчилдэг Ирина гэдэг эмэгтэй: «Итгэл нэгтнүүд маань бие биедээ аав ээж, ах дүү шиг л байдаг. Ехова Бурхан ийм гэр бүл өгсөн учир ганцаарддаггүй» гэж ярьж байна.

11. Итгэл нэгтнүүдтэйгээ дотнын найзууд болохын тулд яах ёстой вэ?

11 Ялангуяа ичимхий бол хүмүүстэй найз болоход амаргүй байх. Ратна гэдэг ичимхий эмэгтэйд эсэргүүцэл тулгарсан ч үнэнийг хүлээж аваад Гэрч болсон. Тэрбээр: «Хурлынхаа итгэл нэгтнүүдээс тусламж авах хэрэгтэйгээ ойлгосон» гэжээ. Ямар байгаагаа хүнд хэлэх амаргүй ч нууж хаалгүй ярилцдаг бол тэдэнтэйгээ дотнын найзууд болно. Найзууд таныг урамшуулан зоригжуулж, дэмжиж туслахыг л боддог. Гэхдээ тусламж хэрэгтэй байгаагаа хэлэхгүй бол тэд яаж туслахаа мэдэхгүй шүү дээ.

12. Дэлгэрүүлдэг бол сайн найзтай болдог гэхийн учир юу вэ?

12 Найзтай болох нэг сайн арга нь хурлынхантайгаа хамт дэлгэрүүлэх ажилд оролцох явдал юм. Дээр дурдсан Кэрол: «Дэлгэрүүлэх зэрэг янз янзын аргаар Еховад үйлчлээд олон сайхан найзтай болсон. Ехова найзуудаар маань туслуулаад олон жил болж байна» гэж ярьжээ. Христийн үнэнч дагалдагчидтай найз байх нь бидэнд сайн. Сэтгэлээр унасан үед, тухайлбал ганцаардвал Ехова тэднээр маань туслуулдаг (Сур. 17:17).

НЭГ ГЭР БҮЛИЙНХЭН ГЭДГИЙГ НЬ МЭДРҮҮЛЭЭРЭЙ

13. Хурлын гишүүн бүр ямар үүрэгтэй вэ?

13 Хурлын гишүүн бүр хайр, эв нэгдэл ноёлсон гэр бүлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Ингэвэл хэн ч ганцаардахгүй (Ёох. 13:35). Бид үг яриа, үйл хэргээрээ бусдыгаа урамшуулж чадна. Нэг Гэрч эмэгтэйн хэлсэн үгийг анхааръя. «Намайг Библи судалж эхэлсэн цагаас хурлынхан маань миний гэр бүл шиг болсон. Тэд туслаагүй бол би Гэрч болж чадахгүй байсан» гэж ярьжээ. Нэг гэр бүлийнхэн гэдгийг гэрээсээ ганцаараа Еховад үйлчилдэг хүнд мэдрүүлэхийн тулд та хэрхэн туслах вэ?

14. Шинэ хүнтэй хэрхэн найзлах вэ?

14 Санаачилга гарган найз нь болоорой. Шинэ хүнийг цуглаанд анх ирэхэд нь халуун дотноор угтаж аваарай (Ром 15:7). Гэхдээ ингээд л болчихгүй. Бид тэдэнтэй дотносох хэрэгтэй. Яаж? Шинэ хүмүүст сайхан сэтгэлээр хандаж, чин сэтгэлээсээ санаа тавиарай. Эвгүй байдалд оруулах асуулт асуухгүйгээр ямар бэрхшээл тулгарч байгааг нь мэдэхийг хичээгээрэй. Зарим нь бүх юмаа ярьж чадахгүй байж болох юм. Тийм учраас яриулах гэж хүчилсний хэрэггүй. Харин асуулт асуухдаа ухаалаг байж, хариулахыг нь анхааралтай сонсоорой. Жишээ нь, үнэнийг яаж мэдсэнийг нь асууж болно.

15. Бат итгэлтэй, туршлагатай Христийн дагалдагчид бусдад хэрхэн туслах вэ?

15 Бат итгэлтэй, туршлагатай Христийн дагалдагчид, ялангуяа ахлагчид бидэнд санаа тавьдаг бол хурлын хүн бүрийн итгэл батажна. Багаасаа ээжээрээ үнэнийг заалгасан Мелисса: «Надад цаг заваа зориулж, санаа тавьж, аав шиг минь байсан хурлынхаа ах нарт би маш их талархдаг. Чих тавин сонсох хүн дандаа байсан» гэжээ. Маурисио гэдэг Гэрч залуугийн Библийн багш нь үнэний замаас гарахад орь ганцаараа үлдсэн мэт санагджээ. Тэрбээр: «Ахлагчид санаа тавьдаг байсан нь их тус болсон. Тэд надтай тогтмол ярилцаж, хамт дэлгэрүүлж, Библиэ бие дааж судлаад олсон эрдэнэсээсээ хуваалцдаг байлаа. Тэр байтугай цаг заваа зориулж хамт хөгжилдөнө» хэмээн ярьжээ. Мелисса Маурисио хоёр хоёулаа Еховад бүрэн цагаар үйлчилдэг болсон.

Та цуглааныхаа хэнд цаг заваа зориулбал илүү их баярлах бол? (16–19-р догол мөрийг үзээрэй) d

16, 17. Бид хэрхэн сайныг үйлдэх вэ?

16 Сайныг үйлдээрэй. (Гал. 6:10). Гэрээсээ хол газар миссионерээр үйлчилдэг Лео: «Заримдаа ялимгүй гэмээр юм ч цагаа олохоороо их ач тустай байдаг шүү. Би нэг өдөр автын осолд орсноо санаж байна. Яаж ийж байгаад гэртээ ирэв. Маш их стресстсэн. Тэр үед, гэр бүлийн хоёр намайг цай уу гэж дуудсан юм. Би юу идэж ууснаа санадаггүй ч намайг анхааралтай сонсож байсныг л санаж байна. Тэгэхээр нь миний сэтгэл овоо дээрдсэн!» гэж ярьжээ.

17 Бид чуулганд суух дуртай. Яагаад гэвэл итгэл нэгтнүүдтэйгээ уулзаж, сонссон илтгэлийнхээ талаар хоорондоо ярилцдаг. Гэхдээ дээр дурдсан Кэрол: «Чуулганд суух нь надад маш хэцүү санагддаг» гэжээ. Яагаад ингэж хэлсэн юм бол? Тэрбээр: «Хэдийгээр зуу зуун, тэр бүү хэл мянга мянган итгэл нэгтнүүдийнхээ дунд байдаг ч тэд гэр бүлийнхэнтэйгээ хамт ирж суудаг. Тиймээс би бүр ч их ганцаарддаг» гэж ярьсан. Хайртай ханиа алдсаны дараа чуулганд анх удаа ганцаараа очиход амаргүй байдаг. Ийм зовлон амсаж яваа хүнийг та мэдэх үү? Хэрэв та мэддэг бол түүнийг гэр бүлээрээ уриад дараагийн чуулганд хамт сууж болохгүй нь юу билээ?

18. Та хэн нэгнийг урихдаа 2 Коринт 6:11–13-т бичсэнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

18 Хамт хөгжилдөөрэй. Итгэл нэгтнүүдтэйгээ хамтдаа хөгжилдөхдөө өөр өөр, ялангуяа ганцаардаж байгаа хүнийг уриарай. Тэдэндээ «зүрхээ өргөнөөр нээгээрэй» (2 Коринт 6:11–13-ыг уншина, зүүлт). Дээр дурдсан Мелисса: «Найзууд маань намайг гэртээ урьдаг. Тэдэнтэй хамт хөгжилдөх юм уу аялалд явахад их сайхан байдаг» гэжээ. Та хурлынхаа хэнийг гэртээ урьж, дайлмаар байна вэ?

19. Ямар үед цаг заваа зориулбал итгэл нэгтэн маань бүр ч их баярлах вэ?

19 Итгэл нэгтнээ урихад бүр ч их баярлуулах үе гэж бий. Яагаад гэвэл заримд маань баяр ёслолын үеэр итгэгч бус гэрийнхэнтэйгээ хамт байхад амаргүй санагддаг. Нөгөө заримд нь жилийн тодорхой өдөр, тухайлбал хайрт ханиа алдсан өдөр маш хэцүү байдаг. Ийм үед тэдэндээ цаг заваа зориулбал чин сэтгэлээсээ «санаа тавьж» байгаагаа харуулна (Флп. 2:20).

20. Ганцаардсан үед Матай 12:48–50-д байдаг Есүсийн үг тустай гэхийн учир юу вэ?

20 Христийн дагалдагчид бид заримдаа янз янзын шалтгаанаар ганцаарддаг. Гэхдээ бидэнд ямар санагдаж байгааг Ехова сайн мэддэгийг хэзээ ч мартах ёсгүй. Тэрбээр хэрэгтэй юмыг маань голдуу итгэл нэгтнүүдээр өгүүлдэг (Матай 12:48–50-ийг уншина). Харин Еховагийн хайрын сэтгэлээр хийдэг бүхэнд нь бид хэрхэн талархах вэ? Итгэл нэгтнүүддээ чадах чинээгээрээ туслаарай. Яаж ч хичээсэн хэцүү байвал Ехова бидэнтэй үргэлж хамт байдгийг санавал хэзээ ч ганцаардахгүй!

ДУУ 2 Ехова танд баярлалаа

a Та заримдаа ганцаарддаг уу? Тийм бол ямар санагдаж байгааг тань Ехова сайн мэддэг бөгөөд шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байдаг гэдэгт итгээрэй. Ганцаардаад байвал яах вэ гэдгийг энэ өгүүллээр ярилцана. Бас ганцаардсан итгэл нэгтнүүддээ хэрхэн дэм болохыг мэдэж авна.

b Зарим нэрийг өөрчлөв.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Бэлэвсэн Гэрч эрэгтэй Библи болон судлах гарын авлагын аудио бичлэгийг сонсож байна.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Сайхан сэтгэлтэй Гэрч эрэгтэй охинтойгоо хамт хурлынхаа настай ахынд очиж байна.