Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 26

Та шавь бэлдэх ажилд оролцох боломжтой юу?

Та шавь бэлдэх ажилд оролцох боломжтой юу?

«Бурхан ... хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг» (ФЛП. 2:13).

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

ТОЙМ *

1. Ехова таны төлөө юу хийсэн бэ?

ТА ХЭРХЭН Еховагийн Гэрч болсон бэ? Та анх сайн мэдээг эцэг эхээсээ, хамт ажилладаг хүнээс юм уу ангийнхаа хүүхдээс, эсвэл айлаар дэлгэрүүлж явсан хүнээс сонссон байх (Марк 13:10). Дараа нь хэн нэгэн таны төлөө маш их цаг хүчээ зориулж Библийн хичээл заасан байх. Хичээлийн явцад та Еховаг хайрладаг болсон. Бас Ехова таныг хайрладгийг мэдэж авсан. Ехова таныг үнэн рүү татаж, одоо та Есүс Христийн шавь болоод зогсохгүй ирээдүйд мөнх амьдрах боломжтой болсон (Ёох. 6:44). Ехова хэн нэгнээр үнэнийг танд заалгаж өгсөнд, таныг өөрийнхөө үйлчлэгч хэмээн хүлээж авсанд нь та маш их талархдаг нь гарцаагүй.

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Үнэнийг мэддэг болсон бид одоо амийн зам дээр гарахад нь бусдад туслах завшаантай. Айлаар төвөггүй дэлгэрүүлдэг болсон ч, Библийн хичээл эхлэх юм уу удирдах нь хэцүү санагдаж болох юм. Танд бас ингэж санагддаг уу? Тийм бол энэ өгүүлэлд бичсэн зарим зөвлөгөө танд тустай байж болох юм. Шавь бэлдэх ажилд оролцоход юу тус болохыг ярилцана. Библийн хичээл эхлэхэд учирдаг саад бэрхшээлийг хэрхэн давахыг бас үзнэ. Бид сайн мэдээг дэлгэрүүлэхээс гадна заах ёстойн учрыг эхлээд ярилцъя.

ЕСҮС ДЭЛГЭРҮҮЛЭХИЙГ, БАС ЗААХЫГ БИДЭНД ТУШААСАН

3. Бид яагаад дэлгэрүүлдэг вэ?

3 Есүс дэлхий дээр байхдаа дагалдагчдадаа нэг даалгавар өгсөн. Энэ даалгавар хоёр хэсэгтэй байв. Нэгдүгээрт, Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэхийг тушааж, хэрхэн дэлгэрүүлэхийг үзүүлсэн (Мат. 10:7; Лук 8:1). Жишээ нь, хүмүүс сайн мэдээг хүлээж авбал, эсвэл хүлээж авахгүй бол яахыг Есүс зааж өгсөн (Лук 9:2–5). Түүнчлэн шавь нар нь «бүх үндэстэнд гэрчил[нэ]» гэсэн нь маш олон хүнд, олон газар нутагт дэлгэрүүлэхийг хэлжээ (Мат. 24:14; Үйлс 1:8). Хүмүүс сайн мэдээг хүлээж авах эсэхээс үл шалтгаалан Хаант төрийн тухай болон Хаант төр ирээдүйд юу хийхийг ярьж байхыг Есүс шавь нартаа тушаасан.

4. Матай 28:18–20-д бичсэний дагуу бид Хаант төрийн тухай дэлгэрүүлээд зогсохгүй яах ёстой вэ?

4 Есүсийн өгсөн даалгаврын хоёр дахь хэсэг нь юу байсан бэ? Тэрбээр тушаасан болгоныг нь сахин биелүүлэхийг шавь болох ирээдүйтэй хүмүүст заагаарай гэсэн. Зарим хүн дэлгэрүүлэх, заах ажлыг Христийн нэгдүгээр зууны дагалдагчид л хийх ёстой байсан гэж хэлж болох юм. Энэ үнэн үү? Үгүй. Есүс амин чухал энэ ажлыг өнөөдөр ч, бүр «энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал» хийх болно гэжээ (Матай 28:18–20-ийг уншина). Есүс энэхүү даалгавраа 500 гаруй шавьдаа үзэгдэх үедээ өгсөн байх (1 Кор. 15:6). Есүс бас Иоханд илчлэхдээ бүх шавь нь Еховагийн тухай хүмүүст заах ёстой гэдгийг тодорхой хэлсэн (Илч. 22:17).

5. 1 Коринт 3:6–9-ийг үзвэл Паул дэлгэрүүлэх болон заах ажил хоёр хоорондоо холбоотойг хэрхэн дүрсэлсэн бэ?

5 Элч Паул шавь бэлдэх ажлыг тариа тарихтай зүйрлэж, үр суулгахаас гадна өөр юм хийх ёстойг хэлсэн. Тэрбээр коринтчуудад «Би тарьсан, Апол усалсан. ... Та нар бол Бурхны тариалангийн талбай» гэж сануулсан (1 Коринт 3:6–9 -ийг уншина). «Бурхны тариалангийн талбайн» ажилчид бид үр суулгах буюу дэлгэрүүлдэг, бас суулгасан үрээ услах буюу үнэнийг заадаг (Ёох. 4:35). Гэхдээ Бурхан ургуулдгийг буюу хүмүүсийг өөртөө татдагийг мэддэг.

6. Библийн багш юу юу хийдэг вэ?

6 Бид «Мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг хайдаг (Үйлс 13:48). Тэднийг шавь болгохын тулд Библиэс мэдсэнээ 1) ойлгож, 2) хүлээн авч, 3) амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах ёстой (Ёох. 17:3; Кол. 2:6, 7; 1 Тес. 2:13). Шинэ хүмүүсийг цуглаанд ирэхэд нь хурлынхан бүгдээрээ халуун дотно хүлээн авч, хайраа илэрхийлж үлгэр дуурайл болбол Христийн шавь болоход нь тусалж байгаа хэрэг (Ёох. 13:35). Библийн багш нь суралцагчдаа цаг хүчээ зориулж, бат бэх цайз мэт гүн үндэстэй итгэл үнэмшил эсвэл муу зуршлаасаа салахад нь туслах хэрэгтэй (2 Кор. 10:4, 5). Суралцагч эдгээр алхмыг хийж, өөрчлөгдөж, эцэст нь баптисм хүртэх болтол олон сар шаардагдаж магадгүй. Гэхдээ багшийн гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй.

БИД ХАЙРАНДАА ХӨТЛӨГДӨН ШАВЬ БЭЛДДЭГ

7. Бид яагаад дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд оролцох хүсэлтэй болдог вэ?

7 Бид яагаад дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд оролцдог вэ? Нэгдүгээрт, бид Еховад хайртай. Та дэлгэрүүлэх, шавь бэлдэх тушаалыг дагаснаараа Бурханд хайртайгаа батална (1 Ёох. 5:3). Бодоод үз дээ. Та Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн айлаар дэлгэрүүлдэг болсон. Энэ тушаалыг дагахад эхэндээ амархан байсан болов уу? Үгүй л байх. Айлын хаалгыг анх тогшиж байхдаа та сандарч тэвдсэн үү? Мэдээж сандарсан байх! Гэхдээ энэ нь Есүсийн хүсэл гэдгийг ойлгосон учраас та үгийг нь дагасан. Тэгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлгэрүүлэх нь хэцүү санагдахаа больсон биз ээ. Одоо Библийн хичээл заах тухай бодож үзье. Хичээл заана гэж бодохоор танд аймаар санагдаж байна уу? Магадгүй. Гэхдээ та зориг хайрлаач, Библийн хичээлтэй болоход минь туслаач гэж залбирвал Ехова таныг дэмжинэ.

8. Марк 6:34-ийг үзвэл Библийн хичээл заах хүсэл бидэнд яагаад төрдөг вэ?

8 Хоёрдугаарт, бид хөршөө хайрлах хайрандаа хөтлөгдөн үнэнийг заадаг. Нэг удаа Есүс шавь нартайгаа идэвх зүтгэлтэй дэлгэрүүлээд их ядарсан байв. Тэд амрах газар хайж байлаа. Гэтэл олон хүн тэднийг олжээ. Есүс хүмүүсийг чин сэтгэлээсээ өрөвдөж, «олон зүйлийг» зааж эхлэв (Марк 6:34-ийг уншина). Тэрбээр ядарсан ч амаръя гэж бодоогүй. Яагаад? Хүмүүс ямар байдалтай байгааг ойлгож байсан. Хэчнээн их зовж байгааг нь, найдвар хэрэгтэй байгааг нь Есүс ойлгоод туслахыг хүсжээ. Өнөөгийн хүмүүс ч мөн адил. Хэдийгээр тэд аз жаргалтай, сэтгэл хангалуун харагдавч үнэндээ хоньчингүй, төөрсөн хоньдтой адил зовж зүдэрч яваа. Итгэж найдах юмгүй, Бурхныг мэддэггүй гэж тэдний тухай Паул бичсэн (Эф. 2:12). Тэд «сүйрэлд хүргэдэг» зам дээр зогсдог (Мат. 7:13). Хэсгийн маань хүмүүст Бурхны тухай мэдлэг хэрэгтэй гэж бодохоор хайр, өрөвдөх сэтгэлдээ хөтлөгдөн тэдэнд тусална. Тэдэнд туслах хамгийн сайн арга нь Библийн хичээл заах явдал юм.

9. Филиппой 2:13-ыг үзвэл Ехова танд хэрхэн туслах вэ?

9 Библийн хичээл заахад цаг хүч их шаардлагатай учир та хичээлтэй болохоос хойш суудаг байж магадгүй. Тийм бол энэ тухайгаа Еховад хэлээрэй. Библийн хичээлтэй болох хүсэл төрүүлж өгөөч гэж залбираарай (Филиппой 2:13-ыг уншина). Еховагийн хүсэл таалалд нь нийцүүлэн юу ч гуйсан Бурхан сонсдог гэж элч Паул батлан хэлсэн (1 Ёох. 5:14, 15). Тиймээс шавь бэлдэх ажилд хувь нэмэр оруулах хүсэлтэй болоход Ехова тусална гэдэгт итгэлтэй байгаарай.

БУСАД БЭРХШЭЭЛИЙГ ДАВАН ГАРАХ НЬ

10, 11. Библийн хичээл хийхэд юу саад болж магадгүй вэ?

10 Шавь бэлдэх ажилд хувь нэмрээ оруулахын тулд чадах бүхнээ хийхэд садаа мундахгүй ч зааж сургах нь маш чухал гэдгийг бид ойлгодог. Одоо юу саад болдгийг, хэрхэн давахыг ярилцъя.

11 Нөхцөл байдал саад болдог гэж санагдвал. Жишээ нь, өндөр настай юм уу бие муутай дэлгэрүүлэгч байдаг. Та тэдний нэг үү? Тийм бол КОВИД-19 цар тахал дэлгэрсэн өнөө үед бид юу мэдэж авсан билээ? Цахимаар Библийн хичээлийг үр дүнтэй хийж болдгийг мэдсэн! Тиймээс та гэр орондоо тухтай сууж байгаад л Библийн хичээл заах боломжтой болсон. Бас нэг давуу тал бий. Библийн хичээл хийх дуртай хүн байдаг. Гэхдээ бидний боломжтой үед тэд боломжгүй байх нь бий. Харин тэд өглөө юм уу оройн цагаар завтай байж болох юм. Тэгвэл дэлгэрүүлэгч та энэ үеэр нь хичээл заах боломжтой юу? Жишээ нь Есүс Никодемийн боломжтой үед, тухайлбал шөнийн цагаар түүнтэй ярилцсан шүү дээ (Ёох. 3:1, 2).

12. Библийн сайн багш болохын тулд яах хэрэгтэй вэ?

12 Библийн хичээл заах чадваргүй гэж боддог бол. Илүү мэдлэг, чадвартай болж байж Библийн хичээл заана гэж боддог хүн бий. Та бас ингэж боддог бол өөртөө итгэлтэй болоход тустай гурван зүйлийг анхаараарай. Нэгдүгээрт, Ехова таныг бусдад заах чадвартай гэж үздэг (2 Кор. 3:5). Хоёрдугаарт, тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхтэй Есүс танд бусдад заах эрхийг олгосон (Мат. 28:18). Гуравдугаарт, та бусдын тусламжид найдаж болно. Есүс юу ярьж хэлэхийг зааж сургасан Эцэгтээ найддаг байсан. Та бас найдаж болно (Ёох. 8:28; 12:49). Та дэлгэрүүлэх ажлын бүлэг хариуцагчаас, чадварлаг эхлэгчээс юм уу туршлагатай дэлгэрүүлэгчээс Библийн хичээлтэй болох, хичээл заах талаар тусламж гуйж болно. Библийн сайн багш болох нэг арга бол дээр дурдсан дэлгэрүүлэгчийн Библийн хичээлд оролцох явдал юм.

13. Бид яагаад шинэ аргаар хичээл зааж сурах хэрэгтэй вэ?

13 Шинэ арга барил эзэмших, шинэ багаж хэрэглэж сурахад амаргүй санагддаг бол. Библийн хичээл заах арга өөрчлөгдөж байна. Одоо «Үүрд жаргалтай амьдраарай!» гэдэг номоор хичээл заах боллоо. Заах арга нь урьдынхаас өөр, бас хичээлдээ сайтар бэлдэх шаардлагатай болсон нь энэ номын онцлог юм. Цөөхөн догол мөр уншина, суралцагчтайгаа их ярилцана. Түүнчлэн JW Library® зэрэг цахим багажийг түлхүү хэрэглэж, олон видео үзүүлнэ. Эдгээр багажийг яаж хэрэглэхээ мэдэхгүй бол заалгаарай. Аливааг хуучин аргаараа хийх нь амархан, шинэ аргаар хийж сурах нь тийм ч хялбар биш. Гэхдээ Ехова болон итгэл нэгтнүүдийнхээ тусламжтайгаар та шинэ арга барилыг амархан эзэмших биз ээ. Библийн хичээл ч сонирхолтой болно. Нэг эхлэгчийн хэлснээр Библи судлах энэ арга нь «суралцагч багш хоёрын хэн хэнийг сэргээдэг».

14. Дэлгэрүүлэх хэсэгт маань сонсдоггүй хүн их байдаг бол юуг санах хэрэгтэй вэ? 1 Коринт 3:6, 7 урам сэргээдэг гэхийн учир юу вэ?

14 Библийн хичээлтэй болоход амаргүй хэсэгт амьдардаг бол. Зарим хүн бидний хүргэдэг мэдээг үл тоомсорлож, бүр эсэргүүцэх нь ч бий. Ийм үед ч хэрхэн өөдрөг байх вэ? Энэ ертөнц зовлон бэрхшээлээр дүүрэн учир хүмүүсийн нөхцөл байдал өөрчлөгддөгийг санаарай. Урьд нь үнэнийг сонирхдоггүй байсан хүмүүс Бурхны удирдамж хэрэгтэйг ойлгож болох юм (Мат. 5:3). Хэвлэлийг маань авахаас байнга татгалздаг байсан зарим хүн Библийн хичээл заалгахаар шийдэх нь бий. Ехова бол ургацын Эзэн гэдгийг бид мэддэг (Мат. 9:38). Тэрбээр үр суулгаад услаад байгаарай гэдэг. Харин өөрөө ургуулдаг. (1 Кор. 3:6, 7). Хэдэн хүнд хэвлэл тараасан эсвэл хэдэн хүнд хичээл зааж байгааг бус хэр их зүтгэлтэй дэлгэрүүлж байгааг хараад Ехова шагнадаг. Үнэхээр урам сэргэмээр байгаа биз! *

ШАВЬ БЭЛДЭЖ БАЯР БАЯСГАЛАН ЭДЛЭЭРЭЙ

Дэлгэрүүлэх, заах ажил хүмүүст ямар ач тустайг анхаараарай (15–17-р догол мөрийг үзээрэй) *

15. Библийн хичээл заалгаад сурснаа амьдралдаа хэрэгжүүлэхэд Ехова яадаг вэ?

15 Библийн үнэнийг хүлээж аваад мэдсэнээ бусадтай хуваалцахад Ехова маш их баярладаг (Сур. 23:15, 16). Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, үнэнийг зааж байгаа ард түмнээ хараад Ехова маш их баярлаж байгаа нь эргэлзээгүй! Жишээ нь, дэлхий даяар цар тахал тархсан 2020 оны үйлчлэлийн жилд Библийн хичээл заалгаж байгаа 7 705 765 хүнээс 241 994 хүн Еховад өөрийгөө зориулж баптисм хүртсэн. Эдгээр шинэ шавь бас Библийн хичээл зааж, шавь бэлдэх ажилд оролцоно (Лук 6:40). Шавь бэлдэх ажилд оролцохлоор Ехова маш их баярладаг.

16. Ямар зорилго тавьж болох вэ?

16 Шавь бэлдэх ажил нөр их хөдөлмөр шаарддаг. Гэхдээ Еховаг хайрлахыг хүмүүст заах энэ чухал ажлыг хийхэд Ехова өөрөө тусалдаг. Тиймээс ядаж нэг Библийн хичээлтэй болох зорилго тавьж болохгүй нь юу билээ? Уулзсан хүн болгондоо Библийн хичээл заалгах санал тавивал ямар үр дүнд хүрэхийг хараад та лав гайхах байх. Таны хүчин чармайлтыг Ехова ивээнэ гэдэгт итгээрэй.

17. Библийн хичээл заадаг хүн ямар байдаг вэ?

17 Бид дэлгэрүүлэх, заах завшаантай ажилд оролцдог! Тиймээс бид үнэхээр жаргалтай хүмүүс. Тесалоникийн олон хүнд тусалж, шавь болгосон элч Паул сэтгэлээ хуваалцаж, «Эзэн Есүсийг ирэх үед хэн бидний найдвар, баяр баясгалан, шагнал байх вэ? Та нар биш гэж үү? Та нар бол бидний бахархал, баяр баясгалан мөн» гэж хэлсэн (1 Тес. 2:19, 20; Үйлс 17:1–4). Өнөөдөр ч олон хүн ийнхүү баяр хөөрөөр бялхаж явдаг. Стефани гэдэг Гэрч эмэгтэй нөхөртэйгөө хамт шавь бэлдэх ажилд оролцдог. Тэдний ачаар олон хүн үнэнийг мэдээд баптисм хүртжээ. Тэрбээр: «Хичээл заалгаад Еховад өөрсдийгөө зориулж буй хүмүүсийг харах шиг баяр баяр баясгалан гэж байхгүй» гэжээ.

ДУУ 142 Бүх хүнд дэлгэрүүлцгээе

^ д/м 5 Ехова бидэнд дэлгэрүүлэх болон Есүсийн тушаасан бүхнийг сахихыг заах завшаан олгосон. Яавал заах хүсэлтэй болох вэ? Дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд оролцоход ямар бэрхшээл учирдаг вэ? Бэрхшээлийг хэрхэн давах вэ? Эдгээр асуултын хариуг энэ өгүүллээс авна.

^ д/м 14 Бид шавь бэлдэх ажилд ямар үүрэг гүйцэтгэдгийг 2021 оны 3-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Суралцагчдыг ахиц гаргаж баптисм хүртэхэд нь хурлаараа тусалъя» гэдэг өгүүллээс үзээрэй.

^ д/м 53 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Библийн хичээл заалгасан хүн хэрхэн өөрчлөгддөг вэ? Эхэндээ энэ залуу юуны төлөө амьдарч байгаагаа ч, Еховаг ч мэддэггүй байсан. Дараа нь Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлж явахдаа түүнтэй уулзжээ. Тэрбээр Библийн хичээл хийхээр болов. Сурсан зүйлээ хэрэгжүүлсээр Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэв. Яваандаа шавь бэлдэх ажилд оролцдог болжээ. Тэд бүгдээрээ диваажин дэлхийд аз жаргалтай байна.