Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27

Тэвчээртэй Ехова Бурхнаа дуурайгаарай

Тэвчээртэй Ехова Бурхнаа дуурайгаарай

«Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна» (ЛУК 21:19).

ДУУ 35 Тэвчээртэй Бурхандаа талархъя

ТОЙМ *

1, 2. Бэрхшээлээ тэвчихэд Исаиа 65:16, 17-д бичсэн амлалт тустай гэхийн учир юу вэ?

«БҮҮ БУУЖ ӨГ!» гэсэн сэтгэл сэргээм сэдэвтэй бүсийн чуулган 2017 онд болсноос хойш дөрвөн жил өнгөрлөө. Бэрхшээлийг хэрхэн тэвчиж, даван туулахыг энэ чуулганаас мэдэж авсан. Бид бэрхшээлээр дүүрэн энэ ертөнцөд амьдарч байна.

2 Саяхан танд ямар бэрхшээл тохиолдсон бэ? Гэр бүлийнхээ хэн нэгнийг эсвэл дотнын найзаа үхэлд алдсан уу? Аминд аюултай өвчин туссан уу? Хөгшрөхийн зовлон амсаж байна уу? Байгалийн гамшиг, хүчирхийлэл, хавчлагад өртөөд байна уу? КОВИД-19 цар тахал зэрэг өвчнөөс болж янз бүрийн зовлон амсаж байна уу? Энэ бүхэн ор тас мартагдаж, бодогдохоо болих тэр өдрийг бид хүсэн хүлээдэг! (Исаиа 65:16, 17-г уншина).

3. Бид одоо яах ёстой вэ? Яагаад?

3 Энэ ертөнц дэх амьдрал бэрх бөгөөд хойшид улам илүү хэцүү болно (Мат. 24:21). Бид бүр ч илүү тэвчээртэй байж сурах хэрэгтэй. Яагаад? Есүс: «Эцэс хүртэл тэвчвэл амиа аварна» гэж хэлсэн (Лук 21:19). Биднийхтэй адил бэрхшээлтэй учирсан хүмүүс хэрхэн тэвчсэнийг эргэцүүлэн боддог бол тэвчиж сурна.

4. Еховаг тэвчээр хатуужлын хамгийн сайн үлгэр дуурайл гэж яагаад хэлж болох вэ?

4 Хэн тэвчээр хатуужлын хамгийн сайн үлгэр дуурайл болдог вэ? Ехова Бурхан. Үүнийг сонсоод та гайхаж байна уу? Гэхдээ сайтар эргэцүүлэн бодвол тийм ч их гайхахгүй байх. Диавол энэ ертөнцийн удирдагч учраас зовлон бэрхшээл дуусашгүй. Гэхдээ энэ бүгдэд Ехова Бурхан яг одоо цэг тавьж чадах ч, тогтоосон цагаа хүлээж байгаа (Ром 9:22). Тэр цаг болохыг хүлээнгээ олон юмыг тэвчиж байна. Тэдгээрээс есийг нь ярилцъя.

ЕХОВА ЮУ ЮУГ ТЭВЧИЖ БАЙГАА ВЭ?

5. Бурхны ариун нэрийг хэрхэн гутааж байгаа вэ? Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

5 Ариун нэрийг нь гутаахыг. Ехова нэрдээ хайртай. Нэрийг минь тэнгэрийн элч, хүмүүсийн хэн хэн нь хүндлээсэй гэж хүсдэг (Ис. 42:8). Гэвч түүний сайн нэрийг 6 000 жилийн турш гутаан гүтгэж байна (Дуу. 74:10, 18, 23). Энэ нь анх Еден цэцэрлэгт болсон явдлаас эхтэй. Аз жаргалтай амьдрахад хэрэгтэй юмыг нь Адам Ева хоёроос нуусан гэж Диавол («Гүтгэгч» гэсэн утгатай) Бурхныг гүтгэсэн (Эх. 3:1–5). Үүнээс хойш ч хүмүүст зайлшгүй хэрэгтэй зүйлийг нь өгдөггүй гэж Еховаг буруутган гүжирдэж байна. Ийнхүү Еховагийн нэрийг сэвтүүлж байгаа нь Есүсийн санааг зовоосон. Тийм учраас шавь нартаа «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай» гэж залбирч байхыг захижээ (Мат. 6:9).

6. Ехова яагаад хүн хүнээ захирах хангалттай хугацаа өгсөн бэ?

6 Хэмжээгүй эрх мэдлийг нь эсэргүүцэхийг. Зөвхөн Ехова л тэнгэр газар дээрх бүхнийг захирах эрхтэй бөгөөд түүний захирах арга хамгийн сайн юм (Илч. 4:11). Харин Диавол тэнгэрийн элч нар, хүмүүсийг төөрөлдүүлж, Бурхан ийм эрхгүй гэж бодуулахыг оролддог. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг, хамгийн сайн захирагч гэдгийг батлахад цаг хугацаа хэрэгтэй. Бурхны оролцоогүйгээр хүн хүнээ захирах нь хэзээ ч амжилтад хүрэхгүй. Бурхан үүнийг хүн төрөлхтөнд ойлгуулахын тулд өөрсдийгөө захирах хангалттай хугацаа өгсөн (Иер. 10:23). Бурхны тэвчээрийн ачаар энэ асуудал хожим нэгмөсөн шийдэгдэнэ. Хаант төр л жинхэнэ амар тайван, аюулгүй байдлыг тогтооно гэдгийг Бурхан батална. Ийнхүү хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөнө.

7. Еховагаас хэн хэн урвасан бэ? Тэднийг яах вэ?

7 Зарим хүүхдийнхээ тэрслэхийг. Ехова тэнгэрийн элч нарыг, хүмүүсийг төгс бүтээсэн. Гэхдээ тэрслүү тэнгэрийн элч Сатан («Эсэргүүцэгч» гэсэн утгатай) төгс хүн Адам Ева хоёрыг Еховагийн эсрэг босгосон. Түүнчлэн өөр тэнгэрийн элч нар, хүмүүс энэ бослогод нэгджээ (Юуд. 6). Хожим нь Бурхны сонгосон израйлчууд хүртэл Бурханд тэрсэлж, хуурамч бурхдыг шүтдэг болсон (Ис. 63:8, 10). Тэднийг өөрөөс нь урвахыг Ехова зүрх сэтгэлээрээ мэдэрсэн нь гарцаагүй. Гэлээ ч Бурхан тэвчсэн. Бүх урвагчийг устгана. Тэр болтол тэвчинэ. Түүнтэй хамт тэвчиж байгаа үнэнч хүмүүс Еховагийн тогтоосон цагт аз жаргалаар бялхана!

8, 9. Диавол Еховагийн талаар юу гэж худал ярьдаг вэ? Бид хэрхэн хариу барих вэ?

8 Диаволын байнга худал ярихыг. Сатан Еховагийн үнэнч үйлчлэгч Иовыг болон бүх үнэнч үйлчлэгчийг нь амиа бодсондоо Бурханд үйлчилдэг гэж гүтгэсэн (Иов 1:8–11; 2:3–5). Өнөөдөр ч ийн гүтгэж байгаа (Илч. 12:10). Бид сорилтыг тэвчдэг, Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн үнэнч байдаг бол Сатаны худалчийг батлахад нь хувь нэмэр оруулж чадна. Ехова Иовыг ивээсэн. Тэвчээртэй байвал биднийг ч ивээнэ (Яак. 5:11).

9 Ехова бол харгис Бурхан бөгөөд зовж байгаа хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж хуурамч шашны удирдагчид ярьдаг боловч тэдний цаана Сатан байгаа. Удирдагчдын зарим нь нас барсан хүүхдийн эцэг эхэд, Бурхан хүүхдийг чинь тэнгэрийн элч болгохоор тэнгэр лүү авч одсон гэж хэлдэг. Бурхныг үнэхээр гутааж байгаа биз! Гэхдээ бид учрыг нь мэддэг учраас хүнд өвчтэй болсон ч, хайртай хүнээ үхэлд алдсан ч Бурхныг хэзээ ч буруутгадаггүй. Бурхан ирээдүйд өвчтэй нэгнийг эдгээж, нас барсныг амилуулна гэдэгт итгэдэг. Сонсох хүсэлтэй бүх хүнд агуу хайрын Бурхан Еховагийн тухай ярьж, түүнийг муулагчид хариу барьдаг (Сур. 27:11).

10. Дуулал 22:23, 24-өөс Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

10 Хайртай үйлчлэгчдийнхээ зовохыг. Ехова өрөвч Бурхан. Бид хавчлага эсэргүүцэл, өвчин зовлон, төгс бусаасаа болоод зовдог. Үүнийг хараад Ехова бас зовдог (Дуулал 22:23, 24-ийг уншина). Ехова бидний зовлон шаналлыг мэдэрдэг. Зовлон бэрхшээлийг арилгахыг хүсдэг, арилгах ч болно (Египетээс гарсан нь 3:7, 8; Исаиа 63:9-тэй харьцуулаарай). «Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болох» тэр өдөр удахгүй (Илч. 21:4).

11. Ехова нас барсан үнэнч найзуудаа санаж байгаа болов уу?

11 Үнэнч найзуудынхаа үхэхийг. Ехова нас барсан үнэнч найзуудаа санаж байгаа болов уу? Тэднийгээ санадаг, дахин уулзахыг маш их хүсдэг! (Иов 14:15). Ехова найз Абрахамыгаа хэчнээн их санаж байгааг нь та төсөөлж байна уу? (Яак. 2:23). «Нүүр нүүрээрээ тулан ярьдаг» байсан Мосег ч мөн адил (Ег. 33:11). Бас Давид болон бусад дуулалчдын дуулдаг байсан магтаалын уянгат дуунуудыг сонсохыг хэчнээн их хүсдэг гээч! (Дуу. 104:33). Эдгээр үнэнч найз нь үхсэн боловч Ехова тэднийг мартаагүй (Ис. 49:15). Тэднийхээ зан чанарыг тун сайн мэддэг. Библид бичсэнээр «Түүний хувьд бүх хүн амьд» ажээ (Лук 20:38). Нэг л өдөр тэднийгээ амилуулж, чин сэтгэлийн залбирал болон магтаалыг нь дахин сонсоно. Үүнийг бодохоор дотнын хүнээ алдсан та тайвширч байгаа байх аа.

12. Ехова эцсийн энэ өдрүүдэд ялангуяа юунаас болоод маш их зовж байгаа вэ?

12 Дарангуйлагчдыг. Ехова хүн төрөлхтний амьдрах нөхцөл улам доройтно гэдгийг Еден цэцэрлэгт анхны хоёр хүн өөрт нь тэрслэх тэр үед мэдэж байсан. Ехова энэ ертөнцийн бузар муу, шударга бус явдал, хүчирхийлэл дарангуйллыг үзэн яддаг. Өнчин, бэлэвсэн зэрэг өөрийгөө хамгаалах чадваргүй дорой хүмүүсийг өрөвдөн хайрладаг (Зех. 7:9, 10). Ехова, ялангуяа үнэнч үйлчлэгчдийг нь дарамталж, шоронд хорьж байгааг хараад маш их зовж байгаа. Тэрбээр өөртэй нь хамт тэвчиж байгаа та бүхэнд үнэхээр хайртай.

13. Хүн төрөлхтөн ёс суртахууны хувьд хэрхэн доройтож байна вэ? Ехова удахгүй яах вэ?

13 Хүн төрөлхтний ёс суртахууны доройтлыг. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс ийнхүү доройтож байгааг Сатан хараад баяр хөөр болж байгаа. Бурхан Ноагийн үед «хүмүүсийн бузар гэм нь үлэмж их ... болсныг хараад Өөрөө хүнийг газар дэлхий дээр бүтээсэндээ харамсан, сэтгэл зүрхэндээ гашууд[сан]» (Эх. 6:5, 6, 11). Тэр цагаас хойш байдал дээрдсэн үү? Мэдээж үгүй! Эсрэг болон ижил хүйсийн хүмүүсийн садар самуун явдал бүх хэлбэрээр тархаж байгаа нь Диаволыг маш их баярлуулдаг! (Эф. 4:18, 19). Ялангуяа Еховаг шүтдэг хүмүүс ноцтой нүгэл үйлдэхэд Сатан алга ташин баярладаг. Өөрчлөгдөх хүсэлгүй, ёс суртахуунгүй амьдардаг бүх хүмүүсийг Ехова удахгүй зайлуулж, садар явдлыг хэчнээн их жигшдэгээ харуулна.

14. Хүн Бурхны бүтээлийг яаж байна вэ?

14 Бүтээлийг нь сүйтгэхийг. Хүн «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлээд» зогсохгүй арчлан тордох ёстой газар дэлхий, ан амьтдад хохирол учруулж байна (Ном. 8:9; Эх. 1:28). Зарим эрдэмтний сэрэмжлүүлснээр хүний үйл ажиллагаанаас болоод ойрын хэдэн жилд амьтад, ургамлын нэг сая төрөл зүйл * устгагдах ажээ. Байгаль дэлхий үнэхээр гамшгийн байдалд хүрчээ! Харин Ехова «дэлхийг устгагчдыг устгах» бөгөөд дэлхийг бүхэлд нь диваажин болгоно гэж амласан (Илч. 11:18; Ис. 35:1).

ЕХОВАГААС ЮУ СУРАХ ВЭ?

15, 16. Бид бас Еховаг дуурайн тэвчиж чадна гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

15 Зовлон бэрхшээлээс болоод тэнгэрийн Эцэг маань олон мянган жил хэчнээн шаналж байгааг бодоод үз дээ ( «Ехова юу юуг тэвчиж байгаа вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй). Энэ ёс бус тогтолцоог Ехова устгая гэвэл хэзээ ч устгаж чадна. Гэхдээ тэвчиж байгаа нь бидний хувьд ивээл юм! Үүнийг нэг жишээгээр бодъё. Эхнэр нөхөр хоёр удахгүй төрөх хүүхдийнхээ талаар мэдэж авчээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрж, ахархан наслахдаа их зовох ажээ. Асрахад хэчнээн хэцүү байлаа ч хүүхдээ төрөхөд баярладаггүй эцэг эх гэж байхгүй биз дээ. Тэд үрээ гэсэн хайрандаа хөтлөгдөн хүүхдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг тэвчинэ.

16 Үүнтэй адил, Адам Евагийн үр удам төгс бус төрдөг. Гэсэн ч Ехова тэднийг хайрлаж халамжилдаг (1 Ёох. 4:19). Жишээнд гардаг хүмүүн эцэг эхээс ялгаатай нь Ехова Бурхан хүүхдүүдийнхээ зовлонг дуусгавар болгох чадалтай. Цагийг нь ч товлосон байгаа (Мат. 24:36). Ехова бидэнд ямар их хайртайг бодож үзвэл бид бас тэр цаг болтол тэвчиж чадна.

17. Еврей 12:2, 3-т бичсэн үг бидэнд сэтгэлийн тэнхээ хайрлана гэхийн учир юу вэ?

17 Ехова тэвчээртэй байхын төгс үлгэр дуурайл болдог. Есүс ч Эцэг шигээ тэсвэр тэвчээртэй байсан. Тэрбээр дэлхий дээр байхдаа дайсагнасан үг яриа, ичгүүр гутамшиг, тарчлаах шонг тэвчсэн (Еврей 12:2, 3-ыг уншина). Есүс Еховагийн тэсвэр тэвчээрийн тухай бодоод тэвчээртэй байсан нь эргэлзээгүй. Үүнийг эргэцүүлэн бодохоор бид ч сэтгэлийн тэнхээтэй болдог.

18. 2 Петр 3:9-ийг үзвэл Ехова тэвчээртэй байснаар ямар боломж бүрдсэн бэ?

18 2 Петр 3:9-ийг уншина. Ехова энэ ёс бус тогтолцоог устгах хамгийн тохиромжтой цагийг мэддэг. Еховагийн тэвчээрийн ачаар үй олон хүнийг бүрдүүлэх сая сая шүтэгч цугларах боломж бүрдэж байгаа. Тэд Еховагийн тухай мэдэж, түүнийг алдаршуулдаг. Энэ ертөнцөд мэндэлж, Еховаг мэддэг, хайрладаг болж, түүнд өөрсдийгөө зориулсан. Үүнийг Еховагийн тэвчсэний ач гэдгийг ойлгоод баяртай байдаг. Эцэс хүртэл тэвчиж үнэнч байсан сая сая хүнийг Ехова шагнана. Еховагийн гаргасан тэвчих шийдвэрийн зөв нь шагнал өгөх тэр цагт нотлогдоно!

19. Бид яахаар шийдэх ёстой вэ? Ямар шагнал хүртэх вэ?

19 Баяр баясгалангаа алдахгүйгээр хэрхэн тэвчихийг бид Еховагаар заалгаж байна. Сатан зовлон бэрхшээл учруулдаг ч Ехова «жаргалтай Бурхан» хэвээрээ (1 Тим. 1:11). Ехова нэрээ ариусгаж, хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөж, бүх бузар муу муухайг зайлуулан, бэрхшээл зовлонг арилгана. Бид бас тэр болтол тэсэн хүлээнэ, баяр хөөртэй байна. Тэнгэрийн Эцэг маань тэвчээртэй тул бүгдээрээ тайван, тэвчээртэй байхаар шийдэцгээе. Тэгвэл «Сорилтыг тэвчдэг хүн жаргалтай. Сорилтыг давсан хүн амийг шагнал болгон авна. Ехова өөрийг нь хайрладаг хүмүүст тийм шагнал өгөхөөр амласан билээ» гэсэн үг биелэхийг харна (Яак. 1:12).

ДУУ 55 Хүсэн хүлээсэн мөнхийн амь

^ д/м 5 Бид бүгдэд янз бүрийн бэрхшээл тохиолддог. Давах боломжгүй бэрхшээлийг тэвчихээс өөр аргагүй. Зөвхөн бид биш, Ехова ч янз янзын бэрхшээлийг тэвчиж байгаа. Тэдгээрийн есийг энэ өгүүллээр ярилцана. Ехова тэвчсэний ач тус юу вэ, Еховагаас юу сурах вэ гэдгийг бас ярилцана.

^ д/м 14 «Төрөл зүйл» гэдгийг Бибид гардаг арай өргөн хүрээтэй «төрөл» гэдэг үгтэй андуурч болохгүй.