Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 28

Өрсөлдөхгүй байж, эв эеийг эрхэмлэе

Өрсөлдөхгүй байж, эв эеийг эрхэмлэе

«Бардам зан гаргахгүй, өрсөлдөхгүй, атаархахгүй байцгаая» (ГАЛ. 5:26).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. Өрсөлдөх хандлага ямар аюултай вэ?

ӨНӨӨГИЙН ертөнцийн ихэнх хүн хувиа хичээж, бие биетэйгээ өрсөлдөн тэмцэлддэг. Бизнесмен хүн өрсөлдөгчөөсөө дээр гарахын тулд муу арга заль хэрэглэж, харгис хэрцгий хандаж болох юм. Тамирчин хүн хожихын тулд өрсөлдөгч багийнхаа гишүүнийг санаатайгаар гэмтээх нь бий. Нэр хүндтэй их сургуульд орохын тулд элсэлтийн шалгалт өгөхдөө хуулан бичиж, мэхэлдэг сурагч ч бий. Ийм «нүгэлт хандлага» буруу гэдгийг Христийн дагалдагчид бид мэддэг (Гал. 5:19–21). Гэсэн ч бидний зарим нь өөрөө ч мэдэлгүй бие биетэйгээ өрсөлддөг. Энэ нь хурлын эв нэгдлийг эвдэн бусниулдаг учир ярилцах шаардлагатай маш чухал асуудал юм.

2. Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

2 Энэ өгүүллээр бие биетэйгээ өрсөлдөхөд хүргэдэг муу зангийн талаар ярилцана. Мөн өрсөлдөх урхинд орохоос зайлсхийсэн, Библид гардаг үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн жишээг үзнэ. Эхлээд, би ямар хандлагатай хүн бэ гэдэг талаар эргэцүүлэн бодъё.

БИ ЯМАР ХАНДЛАГАТАЙ ВЭ?

3. Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

3 Бид үе үе ямар хандлагатайгаа шалгаж байх нь зөв юм. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Бусадтай харьцуулж байж л өөрийнхөө сайныг мэдэж авдаг уу? Би бүх хүнээс эсвэл тодорхой нэг хүнээс илүү болохын тулд хичээдэг үү? Эсвэл зөвхөн Еховаг баярлуулахын тулд хамаг сайныгаа өгөх гэж хичээдэг үү?». Яагаад ингэж асуух хэрэгтэй вэ? Бурхны Үгэнд юу гэж байдгийг анхаарцгаая.

4. Галат 6:3, 4-т бичсэнээр бид яагаад өөрсдийгөө бусадтай харьцуулах ёсгүй вэ?

4 Библи биднийг нэг нэгэнтэйгээ харьцуулахгүй байхыг уриалдаг (Галат 6:3, 4-ийг уншина). Яагаад? Нэг талаар, өөрийгөө бусдаас илүү гэж бодвол бардам болох аюултай. Нөгөө талаар, бусад хүнийг өөрөөсөө дээр гэж бодвол сэтгэлээр унана. Аль нь ч бай, ингэж бодох нь ухаалаг биш юм (Ром 12:3). Грект амьдардаг Катерина * гэдэг Гэрч эмэгтэй: «Урьд нь би өөрийгөө царайлаг, чадварлаг дэлгэрүүлдэг, хүнтэй амархан найзалдаг итгэл нэгтэнтэйгээ харьцуулдаг байсан. Тэгээд өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог байлаа» гэжээ. Ехова биднийг царайлаг, уран цэцэн ярьдаг, нэр алдартай гээд бус, харин өөрийг нь хайрлаж, Хүүг нь сонсоно гээд өөр лүүгээ татсаныг санаж явах хэрэгтэй (Ёох. 6:44; 1 Кор. 1:26–31).

5. Хёон гэдэг Гэрч эрэгтэйд тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

5 Бас өөрөөсөө «Намайг хүмүүс маргаанч гэдэг үү, эв эеийг эрхэмлэгч гэдэг үү?» гэж асуугаарай. Өмнөд Солонгост амьдардаг Хёон гэдэг Гэрч эрэгтэйд юу тохиолдсоныг анхааръя. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүнийг өрсөлдөгчөө гэж үздэг байсан тэрбээр: «Би шүүмжлэмтгий, тэдэнтэй ихэнхдээ санал нийлдэггүй байсан» гэжээ. Тэгээд яасан бэ? «Миний энэ хандлага хуралд хагарал гаргахад хүргэдэг байв» гэж ярьжээ. Үүнийг ойлгоход нь Хёоны найзууд тусалсан. Тэгээд алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө өөрчилжээ. Өнөөдөр тэрбээр маш сайн ахлагчдын нэг. Хэрэв эв эеийг эрхэмлэдэггүй, өрсөлдөх хандлагатайгаа мэдвэл яаралтай арга хэмжээ авч, нэн даруй өөрчлөгдөх шаардлагатай.

БАРДАМ ЗАН, АТААРХЛААС СЭРГИЙЛЬЕ

6. Галат 5:26-г үзвэл ямар зантай хүн өрсөлдөх дуртай байдаг вэ?

6 Галат 5:26-г уншина. Ямар хүн өрсөлдөх дуртай байдаг вэ? Бардам хүн. Бардам хүн өөрийгөө бусдаас дээр гэж үздэг, хувиа боддог. Бас атаархуу хүн өрсөлдөх дуртай. Атаархуу хүн хүний юманд санаархаад зогсохгүй салгахыг хүсдэг. Тэгэхээр атаархлыг үзэн ядалтын нэг хэлбэр гэж хэлж болно. Тахал мэт аюултай бардам зан, атаархлаас хол явцгаая!

7. Бардам зан, атаархал юунд хүргэдгийг ямар жишээгээр тайлбарлаж болох вэ?

7 Бардам зан, атаархал зэрэг муу занг онгоцны түлшинд орсон бохирдолтой зүйрлэж болно. Онгоц хөөрсөн ч бохирдуулагч бодис нь шатахуун дамжуулах хоолойг бөглөж, газардахын алдад хөдөлгүүрүүд хүчээ алдаж онгоц сүйрч болзошгүй юм. Үүн шиг бардам зан, атаархалд автсан хүн Еховад хэсэгхэн зуур үйлчилдэг ч эцэстээ сүйрсэн онгоцтой адил болдог (Сур. 16:18). Тэрбээр Еховад үйлчлэхээ больж өөртөө ч, бусдад ч хохирол учруулдаг. Бардам зан, атаархлаас хэрхэн сэргийлэх вэ?

8. Бардам зангаас хэрхэн зайлсхийх вэ?

8 Элч Паулын филиппойчуудад өгсөн «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай» гэсэн зөвлөгөөг санадаг бол бардам зангаас зайлсхийх боломжтой (Флп. 2:3). Хэрэв бусдыг өөрөөсөө дээр гэж үздэг бол илүү авьяас чадвартай нэгэнтэйгээ өрсөлдөхгүй. Харин ч тэдний төлөө баярлана. Ялангуяа авьяас чадвараа Еховад үйлчлэхэд зориулж, түүнийг алдаршуулдаг бол бүр ч илүү баярлах нь дамжиггүй. Хэрвээ авьяаслаг, чадварлаг итгэл нэгтнүүд маань Паулын зөвлөгөөг дагавал бидний сайхан зан чанаруудыг олж харна. Тэгээд хурлаа эв нэгдэлтэй, амар тайван байхад нь бүгд хувь нэмрээ оруулна.

9. Атаархахгүй байхын тулд яах нь зүйтэй вэ?

9 Бид өөрсдийнхөө хэр чадлыг мэдэж, даруу байдаг бол атаархахгүй байж чадна. Даруу хүн өөрийгөө бусдаас илүү авьяастай, чадвартайг батлах гэж оролддоггүй. Харин чадварлаг нэгнээсээ суралцдаг. Жишээлбэл, Гэрч эрэгтэй илтгэл тавихдаа сайн бол хэрхэн бэлддэгийг нь асууж болно. Гэрч эмэгтэй хоол хийхдээ гаргууд бол түүнээс асуугаад суралцаарай. Хэрэв Гэрч залуу найзтай болж чаддаггүй бол хүмүүстэй амархан найзалдаг нэгнээс зөвлөгөө авч болно. Ийм маягаар атаархлаас зайлсхийж, чадвараа сайжруулах боломжтой.

БИБЛИД ГАРДАГ ХҮМҮҮСЭЭС СУРАЛЦЪЯ

Гидеон даруу байсан учраас ефраим эрчүүдтэй эвтэй байсан (10–12-р догол мөрийг үзээрэй)

10. Гидеон хэрхэн соригдсон бэ?

10 Манассе овгийн Гидеон болон Ефраим овгийн эрчүүдийн хооронд болсон явдлыг ярилцъя. Ехова тусалсан учраас Гидеон 300 эрсийнхээ хамт бахархам ялалт байгуулсан. Гэвч ефраимын эрчүүд Гидеоныг магтах гэж бус, маргалдах гэж очжээ. Гидеон Бурхны дайснуудтай тулалдахдаа эхнээсээ тэднээс тусламж гуйгаагүй. Иймээс тэдний бардам зан нь хөдөлжээ. Тэд овгийнхоо нэр хүндийг хэтэрхий бодсон учраас илүү чухал юмыг анхаараагүй. Үнэндээ Гидеон Еховагийн нэрийг алдаршуулж, ард түмнийг нь хамгаалсан шүү дээ (Шүү. 8:1).

11. Гидеон ефраимын эрчүүдэд юу гэж хэлсэн бэ?

11 Гидеон ефраимын эрчүүдэд «Та нартай харьцуулах юм бол миний үйлдсэн зүйл нь юу вэ?» гэж даруухнаар хэлээд Ехова тэднийг хэрхэн ивээснийг тодорхой жишээгээр дурдсан. Тэгэхэд тэдний «хилэн намдав» (Шүү. 8:2, 3). Гидеон Бурхны ард түмний амар тайвныг бодсон учир бардам занд автаагүй.

12. Ефраимын эрчүүд болон Гидеоноос юу мэдэж авах вэ?

12 Энэ явдлаас бид юу мэдэж авах вэ? Бид өөрсдийнхөө нэр хүндийг бус Еховаг алдаршуулах ёстойг ефраимын эрчүүдээс мэдэж авлаа. Өрхийн тэргүүнүүд болон ахлагчид Гидеоноос суралцах боломжтой. Бидний үйлдлээс болоод хэн нэгэн хүн гомдвол, яагаад гомдсоныг нь ойлгохыг хичээх ёстой. Ямар нэг сайн үйлсийг нь магтаж болох юм. Ингэхийн тулд даруу байх хэрэгтэй. Ялангуяа гомдсон хүний буруу нь тодорхой байсан ч даруу байгаарай. Өөрийнхөө зөвийг батлахаас илүү итгэл нэгтнүүдтэйгээ сайн харьцаатай байхыг эрхэмлэх нь чухал.

Ханна Еховад найддаг байсан учраас амар тайван болсон (13, 14-р догол мөрийг үзээрэй)

13. Ханнад ямар бэрхшээл учирсан бэ? Хэрхэн даван гарсан бэ?

13 Ханнагийн жишээг бас ярилцъя. Тэрбээр Елкана гэдэг леви хүнтэй гэрлэсэн бөгөөд нөхөр нь түүнд маш их хайртай байв. Гэхдээ Елкана Пенинна гэдэг бас нэг эхнэртэй байсан. Тэрбээр Ханнаг Пениннагаас илүү их хайрладаг ч «Пенинна хүүхэдтэй, Ханна хүүхэдгүй байжээ». Үүнээс болоод Пенинна түүнийг «бухимдуулахын тулд өддөг байв». Ханна яасан бэ? Маш их сэтгэлээр унасан. «Ханна уйлан, хоол унд ч иддэггүй байжээ» (1 Сам. 1:2, 6, 7). Гэхдээ Пениннагаас ямар нэг байдлаар өшөө авах гэж оролдож байсан тухай Библид ерөөсөө байдаггүй. Ингэхийн оронд Еховад сэтгэлээ уудлан залбирч, өөрт нь тусална гэдэгт итгэж байсан. Пенинна Ханнад арай өөрөөр ханддаг болсон уу? Энэ тухай Библид бас байдаггүй. Гэхдээ Ханна дахин хүч тэнхээтэй болж сэтгэл нь уужирсныг бид мэддэг. «Түүний нүүр царай нь уйтгар гуниггүй болсон» (1 Сам. 1:10, 18).

14. Ханнад тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

14 Ханнад тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ? Хэрэв хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар тантай өрсөлдөх гэж оролдвол та нөлөөнд нь автахгүй байж чадна гэдгээ санаарай. Бүү өрсөлдөөрэй. Мууг муугаар хариулахын оронд эвлэрэхийг хичээгээрэй (Ром 12:17–21). Сөргөлдсөн хүн хандлагаа өөрчлөөгүй ч та амар амгалан байж чадна.

Ехова ажил хөдөлмөрийг нь ивээдгийг мэдэж байсан учир Апол Паул хоёр бие биеэ өрсөлдөгчөө гэж үзэж байгаагүй (15–18-р догол мөрийг үзээрэй)

15. Апол Паул хоёр юугаараа төстэй байсан бэ?

15 Эцэст нь, Апол болон элч Паулын тухай ярилцъя. Тэр хоёр Ариун Судрыг маш сайн мэддэг байсан. Хоёулаа нэр хүндтэй, чадварлаг багш байсан төдийгүй Есүсийн шавь болоход нь олон хүнд тусалсан. Гэхдээ тэд хэзээ ч нэг нэгнээ өрсөлдөгчөө гэж үзэж байгаагүй.

16. Апол ямар хүн байсан бэ?

16 Апол нэгдүгээр зууны соёл боловсролын төв болсон «Александриад төрсөн». Тэрбээр чадварлаг илтгэгч бөгөөд «Судрыг сайн мэддэг» байсан (Үйлс 18:24). Аполыг Коринтод үйлчилж байхад хурлын зарим хүн түүнийг Паул зэрэг бусад эрчүүдээс илүү таашаадгаа илт харуулж байжээ (1 Кор. 1:12, 13). Хагарал гаргах ийм хандлагыг Апол дэмжсэн үү? Үгүй. Үүнийг яаж мэдэх вэ? Аполыг Коринтоос явсны дараа Паул түүнийг эргэж ирээрэй гэж бичсэн байдаг (1 Кор. 16:12). Хэрэв Апол хурал дахь хагарлыг дэмжиж байсан бол Паул хэзээ ч ингэж бичихгүй байв. Апол сайн мэдээг дэлгэрүүлэх болон итгэл нэгтнүүдээ зоригжуулах зэрэгт хүч чадвараа зориулдаг байсан нь тодорхой. Бас даруу хүн байсан. Жишээлбэл, Акул Прискила хоёр Аполд «Бурхны тухай нарийн зөв тайлбарлаж өгөхөд» гомдсон гэсэн утгатай юм Библид байдаггүй (Үйлс 18:24–28).

17. Паулыг яагаад эв эеийг эрхэмлэгч гэж хэлж болох вэ?

17 Элч Паул Аполын сайн үйлчилдгийг мэддэг байсан. Гэхдээ атаархаагүй. Паул даруу, дөлгөөн, ухаалаг байсан нь коринтчуудад өгсөн зөвлөгөөнөөс нь харагддаг. «Би Паулын шавь» гэж хэлсэн хүмүүст долигоноогүй. Харин ч хүмүүсийн анхаарлыг Ехова Бурхан болон Есүс Христэд хандуулж байсан (1 Кор. 3:3–6).

18. 1 Коринт 4:6, 7-д бичсэнийг үзвэл Апол Паул хоёроос бид юу мэдэж авах вэ?

18 Апол Паул хоёроос бид юу мэдэж авах вэ? Еховагийн төлөө шаргуу хөдөлмөрлөж, баптисм хүртэхэд нь хүмүүст туслаад ямар ч амжилтад хүрсэн бай Еховагийн ивээл гэдгийг санах хэрэгтэй. Бас нэг мэдэж авах зүйл бий. Хурлаараа эв нэгдэлтэй байхад хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн нөлөө маш их. Ахлагчид, туслах үйлчлэгчид Бурхны үгэнд үндэслэж зөвлөгөө өгдөг, хүмүүсийн анхаарлыг өөрсдөдөө бус, бидний үлгэр дуурайл Есүс Христэд хандуулдаг бол хурлын эв нэгдэлд тустай. Тиймээс бид тэдэндээ маш их талархдаг (1 Коринт 4:6, 7-г уншина).

19. Хүн бүр авьяас чадвараа юунд зориулах учиртай вэ? (Бас  «Өрсөлдөх хандлагаас сэргийлье» гэсэн хавсралтыг үзээрэй).

19 Ехова хүн бүрд авьяас чадвар хайрласан. Бид тэр авьяас чадвараа «нэг нэгэндээ үйлчлэхдээ» зориулах учиртай (1 Петр 4:10). Хийж байгаа юм маань өчүүхэн мэт санагдаж болох юм. Гэхдээ хурлын эв нэгдэлд оруулдаг өчүүхэн гэмээр хувь нэмрийг маань хувцасны хэсэг бүрийг хооронд нь холбож оёдог шаглаастай зүйрлэж болно. Өрсөлдөх сэтгэлгээг ул мөргүй арилгаж, хурлаа эв нэгдэлтэй, амар тайван байлгахын тулд бүгдээрээ чадах бүхнээ хийхээр шийдэцгээе (Эф. 4:3).

ДУУ 1 Еховагийн бахдам чанарууд

^ д/м 5 Шавар сав цуурахлаар хагарах аюултай байдаг шиг хурлынхан өрсөлдөхлөөр хагаралдах аюултай. Хэрвээ хурлынхан эв нэгдэлгүй байвал бид Бурхнаа амар тайван шүтэж чадахгүй. Энэ өгүүллээс яагаад өрсөлдөх ёсгүйг, яаж эв нэгдэлтэй байхыг ярилцана.

^ д/м 4 Нэрсийг өөрчлөв.