Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31

Та Еховаг хүлээж тэвчээртэй байх уу?

Та Еховаг хүлээж тэвчээртэй байх уу?

«Би ... хүлээнэ» (МИКА 7:7).

ДУУ 24 Шагналаа харж явъя!

ТОЙМ a

1, 2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ТАНД яг одоо хэрэгтэй илгээмж цагтаа ирэхгүй байвал яах вэ? Сэтгэлээр унах уу? Сургаалт үгс 13:12-т бичсэнчлэн «Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг» нь үнэн. Гэхдээ илгээмж ямар шалтгаанаар ирээгүйг нь мэдэж авбал тэсэн хүлээх биз ээ.

2 Энэ өгүүллээр тэсэн «хүлээхэд» тустай Библийн зарчмуудыг авч үзнэ (Мика 7:7). Бас Еховаг хүлээж тэвчээртэй байх шаардлагатай хоёр нөхцөлийг үзнэ. Эцэст нь тэвчээртэй хүмүүс ямар ивээл хүртэхийг мэдэж авна.

ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХАД ТУСТАЙ БИБЛИЙН ЗАРЧМУУД

3. Сургаалт үгс 13:11-д ямар зарчим байдаг вэ?

3 Сургаалт үгс 13:11-д тэвчихийн чухлыг ийн онцолжээ. «Хялбархан олсон мөнгө амархан дуусна. Харин аажмаар хуримтлуулсан мөнгө хуралдан овоорно» (МБН, 2015). Та зарчмыг нь ойлгосон уу? Аливааг адгаж яаралгүй, тэвчээртэй хийдэг бол мэргэн ухаантайн шинж.

4. Сургаалт үгс 4:18-д ямар зарчим байдаг вэ?

4 Сургаалт үгс 4:18-д «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж бий. Ехова ард түмэндээ санаа зорилгоо хэрхэн илчилдгийг энэ зүйл харуулдаг. Ехова санаа зорилгоо аажмаар илчилдэг. Түүнээс гадна энэ зүйлийг Христийн дагалдагч хүний төлөвших явцад хамааруулан ойлгож болдог. Хүн шууд л төлөвшчихгүй шүү дээ. Цаг хугацаа хэрэгтэй. Бурхны Үг болон байгууллагаас гаргадаг ном хэвлэлийг нямбай судалж, зөвлөгөөг нь хэрэгжүүлдэг бол аажмаар Христийнхтэй адил зан чанартай болно. Мөн Бурхны тухай илүү гүнзгий мэдлэгтэй болно. Есүс энэ санааг хэрхэн тайлбарласныг одоо үзье.

Ургамал аажим аажмаар ургадаг шиг Хаант төрийн сайн мэдээг хүлээж авсан хүн аажим аажмаар ахиц гаргадаг (5-р догол мөрийг үзээрэй)

5. Хүн аажмаар ахиц гаргадгийг Есүс юутай зүйрлэсэн бэ?

5 Есүс бидний тунхагладаг Хаант төрийн мэдээг өчүүхэн үртэй зүйрлэсэн. Энэ үр зөв зүрх сэтгэлтэй хүний зүрх гэдэг хөрсөнд аажмаар ургадаг. Тэрбээр: «Тариачин ... үр хэрхэн соёолж, томрохыг үл мэднэ. Газар өөрөө тариа будааг аажим аажмаар ургуулдаг. Эхлээд иш, дараа нь түрүү ургаж, тэгээд боловсорсон тариа бий болдог» гэжээ (Марк 4:27, 28). Есүс юу хэлэх гэсэн юм бол? Ургамал аажим аажмаар ургадаг шиг Хаант төрийн сайн мэдээг хүлээж авсан хүн ч аажим аажмаар ахиц гаргадаг. Жишээлбэл, суралцагч маань Еховатай дотносохын хэрээр амьдралаа бага багаар өөрчилж байгаа нь харагддаг (Эф. 4:22–24). Тэр өчүүхэн үрийг Ехова ургуулдгийг бид санах ёстой (1 Кор. 3:7).

6, 7. Ехова дэлхийг хэрхэн бүтээснээс юу ойлгох хэрэгтэй вэ?

6 Ехова юу ч хийсэн яардаггүй, тэвчээртэй байдаг. Ингэдэг нь нэрээ алдаршуулахын тулд, бас бусдын сайн сайхны төлөө юм. Одоо, жишээ болгон Ехова дэлхийг хүн төрөлхтөнд гэр орон болгон алхам алхмаар бэлдсэнийг авч үзье.

7 Ехова дэлхийг бүтээхдээ «хэмжүүрүүд», «сууриудыг» тогтоож, «булангийн чулууг» тавьсан гэж Библид бичсэн байдаг (Иов 38:5, 6). Түүгээр зогсохгүй хийж бүтээснээ нягтлан үзэх гэж цаг зарцуулжээ (Эх. 1:10, 12). Еховаг шинэ юм бүтээх болгонд тэнгэрийн элч нарт ямар санагддаг байсан бол? Бөөн баяр болдог байсан. Бүр «баярлалдан уухайлсан» гэдэг (Иов 38:7). Эндээс юу ойлгох хэрэгтэй вэ? Ехова бүгдийг бүтээхэд олон мянган жил шаардагджээ. Тэгээд нямбайлан бүтээсэн бүхнээ хараад «нэн сайхан» хэмээсэн (Эх. 1:31).

8. Одоо юуны тухай үзэх вэ?

8 Бурхны Үгэнд тэвчихийн чухлыг онцолдог олон зарчим байдгийг дээрх жишээнүүдээс мэдэж авлаа. Одоо, Ехова хүлээж тэвчээртэй байх шаардлагатай хоёр нөхцөлийг үзье.

ЕХОВАГ ЯМАР НӨХЦӨЛД ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

9. Еховаг хүлээх хэрэгтэй нэг нөхцөл юу вэ?

9 Залбирлынхаа хариуг хүлээх хэрэгтэй байж мэднэ. Сорилт бэрхшээлийг давах юм уу сул талаа ялан дийлэхэд туслаач гэж гуйсан ч Ехова хариулахгүй удаад байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгвэл Ехова бүх залбиралд яагаад тэр дор нь хариулдаггүй юм бол?

10. Залбирлынхаа хариуг авахын тулд яагаад тэвчээртэй байх хэрэгтэй вэ?

10 Ехова бидний залбирлыг чих тавин сонсдог (Дуу. 65:2). Чин сэтгэлээсээ залбирч байгаа биднийг хараад өөрт нь итгэдгээ баталж байна гэж үздэг (Евр. 11:6). Өөрт нь таалагдъя гэж залбирлаа гэхэд хүсэл тааллыг нь биелүүлэхээр бат шийдсэн эсэхийг маань бас мэдэхийг хүсдэг (1 Ёох. 3:22). Иймээс муу зуршил, дутагдлаа засахад туслаач гэж гуйсан бол тэвчээр алдрахгүйгээр залбирсныхаа дагуу хичээх учиртай. Заримдаа бид залбирлынхаа хариуг тэр дор нь авахгүйг Есүс хэлсэн. Тэрбээр: «Гуйгаад бай, тэгвэл танд өгнө. Хайгаад бай, тэгвэл та олно. Тогшоод бай, тэгвэл нээгдэнэ. Гуйдаг хүн бүрд өгдөг, хайдаг хүн бүрд олддог, тогшдог хүн бүрд нээгддэг» гэжээ (Мат. 7:7, 8). Энэ зөвлөгөөг дагаж «тогтмол залбирдаг» бол бидний залбирлыг тэнгэрийн Эцэг сонсоод хариулна гэдэгт эргэлзэх хэрэггүй (Кол. 4:2).

Бид Еховаг хүлээх зуураа залбирсаар байдаг (11-р догол мөрийг үзээрэй) b

11. Залбиралд маань хариулахгүй удаад байх шиг санагдах үед Еврей 4:16 тустай гэхийн учир юу вэ?

11 Залбиралд маань хариулахгүй удаад байх шиг санагдаж болох ч Ехова «хэрэгтэй цагт» хариулна гэж амласан (Еврей 4:16-г уншина). Иймд аливаа зүйл бидний бодсон цагт болохгүй байлаа ч Еховаг буруутгах учиргүй. Жишээ нь, олон хүн Бурхны Хаант төр энэ тогтолцоог устгаасай гэж залбирсаар ирсэн. Есүс ч ингэж залбирахыг заасан (Мат. 6:10). Гэтэл бидний бодсон цагт төгсгөл ирэхгүй байна гээд Бурханд итгэхээ болих нь юутай мунхаг хэрэг вэ! (Хаб. 2:3; Мат. 24:44). Бид мунхаг биш учраас Еховаг хүлээдэг, хариулна гэж итгэн залбирдаг. Бурхан төгсгөл болох «өдөр, цагийг» аль хэдийн товлосон. Төгсгөл яг цагтаа ирнэ. Тэр нь хамгийн тохиромжтой цаг байх болно (Мат. 24:36; 2 Петр 3:15).

Иосеф тэвчих талаар ямар жишээ үлдээсэн бэ? (12–14-р догол мөрийг үзээрэй)

12. Ялангуяа ямар үед тэвчих хэрэгтэй болдог вэ?

12 Шударга бус явдлыг тэвчих хэрэг гарч мэднэ. Энэ ертөнцийнхөн хүнийг хүйс, арьс өнгө, ахуй соёл, үндэс угсаагаар нь ялгаварладаг. Бас хөгжлийн бэрхшээлтэй юм уу сэтгэцийн өвчтэй хүмүүсийг дорд үзэх нь бий. Еховагийн олон үйлчлэгч Библид үндэслэсэн итгэл үнэмшлээсээ болж шударга бус явдлын бай болдог. Хүмүүс бидэнд шударга бусаар хандвал Есүсийн үгийг санах хэрэгтэй. Тэрбээр: «Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана» гэж хэлсэн (Мат. 24:13). Тэгвэл итгэл нэгтэн тань ноцтой нүгэл үйлдсэнийг мэдвэл та яах вэ? Ахлагчид энэ асуудлыг Еховагийн зааврын дагуу шийднэ гэж итгээд тэвчих үү? Ахлагчид ийм үед асуудлыг хэрхэн шийддэг вэ?

13. Ахлагчид ноцтой нүгэл үйлдсэн хүний хэргийг хэрхэн зөв шийддэг вэ?

13 Хурлын гишүүн ноцтой нүгэл үйлдсэнийг ахлагчид мэдвэл асуудалд Ехова шиг хандахын тулд «дээрээс ирдэг мэргэн ухаан» гуйдаг (Яак. 3:17). Тэд боломжтой бол нүгэлтнийг «буруу замаас нь эргүүлэхийг» зорьдог (Яак. 5:19, 20). Түүнчлэн хурлынхныг хамгаалж, хохирогчдыг тайвшруулахын тулд чадах бүхнээ хийдэг (2 Кор. 1:3, 4). Ахлагчид асуудлыг шийдэхийн тулд эхлээд бүх баримтыг цуглуулдаг. Үүнд ихээхэн цаг хугацаа зарцуулдаг. Тэгээд залбирч, сайн бодож байгаад Библиэс зөвлөгөө өгч, «шударгаар» сахилгажуулна (Иер. 30:11). Тэд асуудлыг шийдэхээс хойш суудаггүй боловч шийдвэр гаргах гэж яардаггүй. Ахлагчид асуудлыг Еховагийн заавраар зөв шийдсэн бол хурлынханд ач тустай. Гэхдээ асуудлыг зөв шийдсэн ч тэр хэргийг мэддэг хүмүүс болон хохирогчийн сэтгэлийн шарх хэвээрээ байж болох юм. Та тэдний нэг бол тайвшрахын тулд яах нь зүйтэй вэ?

14. Итгэл нэгтнээсээ болж хохирсон бол Библид гардаг хэний жишээг санаж тайвшрах вэ?

14 Та хэн нэгнээс юм уу эсвэл бүр итгэл нэгтнээсээ болж хохирч байсан уу? Ехова хэрэг явдлыг шударгаар шийднэ гэж итгээд тэвчээртэй хүлээсэн хүмүүсийн сайхан жишээ Библид байдаг. Иосеф шударга бусаар хандсан ах нартаа уурлаж бухимдаагүй. Харин Еховад үйлчлэхийг голлон анхаарсаар байсан. Ехова ч түүнийг тэвчсэнийх нь төлөө шагнасан (Эх. 39:21). Эцэст нь Иосеф өөрийг нь хохироосон хүмүүсийг уучилсан бөгөөд Бурхан хэрхэн ивээснийг ойлгожээ (Эх. 45:5). Иосефын адилаар Еховатай дотносоорой. Хэрэг явдлыг Ехова тохирсон цагт нь шударгаар шийднэ гэж итгээрэй. Тэгвэл та тайвширна (Дуу. 7:17; 73:28).

15. Нэг Гэрч хэний жишээг эргэцүүлээд таагүй хандсан хүнийг тэвчиж, тайван байсан бэ?

15 Бусдаас болж зовж байгаа хүн болгон Иосеф шиг хүнд зовлон амсахгүй нь мэдээж. Гэхдээ л шударга бусаар хохироод сэтгэлийн шарх олох нь тодорхой. Бусад хүн, түүний дотор итгэгч бус хүмүүс таагүй хандлаа ч Библийн зарчмыг баримталбал бидэнд сайн (Флп. 2:3, 4). Нэг явдлыг сонирхуулъя. Хамт ажилладаг эмэгтэй өөрийг нь муулж худал цуурхал тараасныг нэг Гэрч мэдээд их гомджээ. Өнөөх Гэрч юу юугүй давхиж очихын оронд тайван суугаад Есүсийн жишээг эргэцүүлэв. Есүс доромжлуулсан ч хариуд нь доромжлоогүй (1 Петр 2:21, 23). Тэр Гэрч үүнийг санаад энэ явдлыг зүгээр өнгөрөөхөөр шийджээ. Хожим ажлынх нь тэр эмэгтэй хүнд өвчнөөсөө болоод сэтгэл санаа нь гүн хямарсан байсныг мэдэв. Тэгээд хэлье гэж хэлээгүй юм байна гэж бодоод тэвчсэндээ баярлаж, тайвширчээ.

16. Шударга бусаар зовохдоо юуг санавал тайвшрах вэ? (1 Петр 3:12).

16 Хэрэв та шударга бус явдал юм уу өөр ямар нэг зүйлээс болж зовж байгаа бол «эмтэрсэн зүрхтэй хүнд» ойр байдаг Еховаг санаарай (Дуу. 34:18). Тэрбээр ачаагаа өөрт нь даатгаж тэвчээртэй байгаа танд хайртай (Дуу. 55:22). Ехова бол газар дэлхийн Шүүгч шүү дээ. Түүний нүднээс далд юм гэж ер үгүй (1 Петр 3:12-ыг уншина). Өөрөө шийдэж чадахгүй бэрхшээл тохиолдвол та Еховаг хүлээж тэвчээртэй байх уу?

ТЭВЧЭЭРТЭЙ ХҮМҮҮС ЯМАР ИВЭЭЛ ХҮРТЭХ ВЭ?

17. Исаиа 30:18-д Еховагийн талаар юу гэж байдаг вэ?

17 Тун удахгүй тэнгэрийн Эцгийн маань Хаант төр биднийг арвин их ивээнэ. Исаиа 30:18-д «ЭЗЭН та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна. Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна. Учир нь ЭЗЭН бол шударга ёсны Бурхан. Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!» гэж байдаг. Еховаг тэвчээртэй хүлээдэг хүмүүс одоо ч, шинэ ертөнцөд ч олон ивээл хүртэнэ.

18. Бид ямар ивээл хүртэх вэ?

18 Бурхны ард түмэн одоогийн зовлонгоо шинэ ертөнцөд дахин хэзээ ч эдлэхгүй. Шударга бус явдал, сэтгэлийн зовлон гэж үгүй болно (Илч. 21:4). Бүх юм элбэг дэлбэг байх учраас хэрэгцээнийхээ төлөө санаа зовох шаардлагагүй болно (Дуу. 72:16; Ис. 54:13). Ямар сайхан ивээл вэ!

19. Ехова ямар учраас бидэнд тусалдаг вэ?

19 Бид тэр цаг болтол Еховагийн тусламжаар муу зуршлаа хаяж, түүнд таалагддаг зан чанартай болдог. Ийнхүү захиргаан дор нь амьдрахад Ехова бидэнд одооноос тусалж байна. Та бүү бууж өгөөрэй. Сайхан цаг ойрхон байгаа! Үүнийг санаж амлалт нь биелтэл Еховаг хүлээж тэвчээртэй байцгаая!

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

a Еховад олон жил үйлчилсэн хүн: «Энэ нийгэмд хөгшрөх юм гэж огт санасангүй» гэж хэлэхийг та сонсож байсан уу? Ялангуяа хэцүү үед амьдардаг бид өнөөгийн тогтолцоог устгах Еховагийн тэр цаг болохыг тэсэж ядан хүлээдэг. Гэсэн хэдий ч бид тэвчиж сурах ёстой. Энэ өгүүллээр тэсэн хүлээхэд тустай Библийн зарчмуудыг авч үзнэ. Бас Еховаг хүлээж тэвчээртэй байх шаардлагатай хоёр нөхцөлийг үзнэ. Эцэст нь тэвчээртэй хүмүүс ямар ивээл хүртэхийг мэдэж авна.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Багаасаа залбирч сурсан Гэрч эмэгтэй байна. Хүүхэд байхдаа яаж залбирахыг аав ээжээсээ сурчээ. Том болоод эхлэгчээр үйлчилж эхэлсэн бөгөөд ивээл гуйж байнга залбирдаг байлаа. Олон жилийн дараа нөхрөө хүнд өвдөхөд зовлонг давах хүч гуйн залбирдаг байв. Бэлэвсэрч хоцорсон ч тэнгэрийн Эцэгтээ тогтмол залбирдаг хэвээрээ. Ехова залбиралд нь дандаа хариулж байсан шигээ одоо ч хариулна гэдэгт итгэдэг.