Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 32

Бүтээгчид итгэх итгэлээ батжуулъя

Бүтээгчид итгэх итгэлээ батжуулъя

«Итгэл бол ... харагдахгүй ч байдаг юмны нотолгоо» (ЕВР. 11:1).

ДУУ 15 Бүтээлүүд Еховаг алдаршуулдаг

ТОЙМ a

1. Та Еховагийн талаар юу мэдэж авсан бэ?

 ЕХОВАГИЙН ГЭРЧ эцэг эхийн гар дээр та өссөн бол багаасаа Еховагийн тухай заалгасан биз ээ. Ехова бүгдийг бүтээсэн, сэтгэл татам зан чанартай, хүн төрөлхтний талаар гайхалтай санаа зорилготой гэдгийг мэдэж авсан байх (Эх. 1:1; Үйлс 17:24–27).

2. Зарим хүн Бүтээгчид итгэдэг хүмүүсийн талаар ямар бодолтой явдаг вэ?

2 Харин олон хүн Бурхан бүгдийг бүтээсэн гэдэгт байтугай, Бурхан байдагт ч итгэдэггүй. Амьдрал тохиолдлоор бий болж, энгийнээс илүү нарийн бүтэцтэй болон аажмаар хувьссан гэдэг. Ингэж үздэг хүмүүсийн зарим нь эрдэмтэй хүмүүс байдаг. Тэд Библийг шинжлэх ухаантай тохирдоггүй гэж үздэг бөгөөд эрдэм чадлаар дорой, гэнэн хүмүүс л Бүтээгчид итгэдэг гэдэг.

3. Итгэлээ батжуулах нь яагаад чухал вэ?

3 Та мэдлэг боловсролтой хүмүүсийн ийм үзлээс болж Еховаг хайр халамжтай Бүтээгч гэдэгт эргэлзэх үү? Эргэлзэх эсэх нь Бүтээгчид яагаад итгэдгээс ихээхэн шалтгаална. Бурхан бүгдийг бүтээсэн гэж заалгасан болохоор л итгэдэг үү? Эсвэл баримт нотолгоог нягталж үзээд итгэсэн үү? (1 Кор. 3:12–15). Еховад үйлчлээд удсан ч бай, үгүй ч бай, бид бүгд итгэлээ батжуулсаар байх хэрэгтэй. Ингэдэг бол Бурхны Үгийг үгүйсгэдэг хүмүүсийн «гүн ухаан, худал сургаалд» хууртахгүй (Кол. 2:8; Евр. 11:6). Энэ өгүүллээр 1) хүмүүсийн Бүтээгчид итгэдэггүй шалтгааныг, 2) Бүтээгч Еховад яавал итгэдэг болохыг, 3) итгэлээ хэрхэн батжуулахыг мэдэж авъя.

ХҮМҮҮС ЯАГААД БҮТЭЭГЧИД ИТГЭДЭГГҮЙ ВЭ?

4. Еврей 11:1-д бичсэнээр жинхэнэ итгэл гэж юу вэ?

4 Батлах баримтгүй юманд итгэхийг итгэл гэж ойлгодог хүмүүс бий. Гэхдээ Библийнхээр бол үүнийг жинхэнэ итгэл гэхгүй (Еврей 11:1-ийг уншина). Нотолгоонд үндэслэн Ехова, Есүс, тэнгэрийн Хаант төр зэрэг харагдахгүй ч байдаг юманд итгэхийг итгэл гэснийг анхаараарай (Евр. 11:3). Нэг биохимич Гэрч: «Бид шинжлэх ухааныг уландаа гишгэн мухар сохроор итгэдэггүй» гэжээ.

5. Хүмүүс яагаад Бүтээгчид итгэдэггүй вэ?

5 Бурхан бүгдийг бүтээсэн нь нотолгоотой юм бол хүмүүс яагаад итгэдэггүй вэ? Зарим хүн баталгаа нотолгоог нягталж үзээгүй байдаг. Роберт гэдэг Гэрч: «Бурхан бүгдийг бүтээсэн гэж сургуульд заадаггүй байсан учраас би Бүтээгч байдагт итгэдэггүй байсан. Харин хорин хэдтэйдээ Еховагийн Гэрчүүдээс Бурхан бүгдийг бүтээснийг батлах авцалдаа сайтай, үнэмшилтэй нотолгоог Библиэс мэдээд итгэдэг болсон» гэж ярьжээ b ( «Эцэг эхчүүдэд» гэсэн хавсралтыг үзээрэй).

6. Хүмүүс Бүтээгчид итгэдэггүй нь өөр ямар шалтгаантай вэ?

6 Бүтээгчид итгэдэггүй өөр зарим нь харсан юмандаа л итгэнэ гэдэг. Гэхдээ тэд таталцлын хүч зэрэг харагдахгүй ч байдаг нь нотлогдсон юманд итгэдэг шүү дээ. Бид бас нотолгоонд үндэслэн «харагдахгүй ч байдаг юманд» итгэдэг (Евр. 11:1). Тэр нотолгоог нягтлахад цаг заваа зориулж хүчин чармайлт гаргах хэрэгтэй байдаг. Гэвч олон хүн судлахыг хүсдэггүй. Судлаагүй учраас Бурхныг байдаггүй гэж үздэг.

7. Мэдлэг боловсролтой бүх хүн Бүтээгчийг үгүйсгэдэг үү? Тайлбарлана уу.

7 Зарим эрдэмтэн нотолгоог нягталж үзээд Бурхан орчлонт ертөнцийг бүтээсэнд итгэдэг болжээ. c Дээр дурдсан Робертын адилаар Бурхан бүгдийг бүтээсэн гэж их сургуульд заалгаагүй болохоор л Бүтээгчид итгэдэггүй эрдэмтэд бий. Гэхдээ Еховатай танилцаад хайрладаг болсон эрдэмтэн олон. Бид ямар ч боловсролтой байсан, тэдгээр эрдэмтэн шиг Бурханд итгэх итгэлээ батжуулах учиртай. Хэн ч бидний өмнөөс итгэлийг маань батжуулж чадахгүй.

ЯАВАЛ БҮТЭЭГЧИД ИТГЭХ ВЭ?

8, 9. а) Одоо ямар асуултын хариуг мэдэж авах вэ? б) Бүтээлийг судлах нь ямар ач тустай вэ?

8 Та Бүтээгчид итгэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ? Хоёр аргыг мэдэж авъя.

9 Бүтээлийг нь судлах. Амьтан, ургамал, од эрхсийг ажиглавал Бүтээгчид итгэнэ (Дуу. 19:1; Ис. 40:26). Хэдийчинээ судална, төдийчинээ Ехова бүхнийг бүтээсэн гэдэгт итгэнэ. Манай байгууллагын ном хэвлэлд бүтээлийн талаар нарийн ширийн тайлбарласан өгүүлэл их гардаг. Ойлгоход амаргүй санагдсан ч заавал уншиж байгаарай. Тэгээд аль болох ихийг ойлгож авахыг хичээгээрэй. Мөн jw.org сайтаас сүүлийн хэдэн жилийн бүсийн чуулганаар гарсан бүтээлийн талаарх гоё бичлэгүүдийг үзэж байгаарай.

10. Бүтээгч байдгийг бүтээл нь хэрхэн баталдаг вэ? Жишээ хэлнэ үү (Ром 1:20).

10 Бүтээлийг судлахдаа Бүтээгчийн талаар юу мэдэж болохыг анхаараарай (Ром 1:20-ийг уншина). Жишээ нь нарнаас амьдралыг тэтгэх гэрэл, дулаан ялгарахаас гадна хэт ягаан туяа цацардаг. Энэ туяа хүнд хортой. Харин манай дэлхийн гадна байдаг озоны давхарга ийм хортой туяаг өөртөө шингээж байдаг учраас биднийг хамгаалдаг. Хэт ягаан туяа хүчтэй болох тусам озоны давхарга зузаардаг. Энэ бүхний цаана хайр халамжтай, оюун ухаантай Бүтээгч байдаг гэдэгтэй та санал нийлэхгүй гэж үү?

11. Бүтээлийн талаар сонирхолтой, итгэл бэхжүүлэх материалуудыг хаанаас үзэх вэ? ( «Итгэл бэхжүүлэх гарын авлагууд» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Бүтээлийн талаар сонирхолтой, итгэл бэхжүүлэх олон материалыг jw.org сайтаас үзээрэй. «Санамсаргүй бий болсон уу?» гэдэг булангийн богино өгүүлэл, бичлэгүүдийг үзэж болно шүү дээ. Тэндээс гайхалтай сонин амьтан ургамлын талаар мэдэж авна. Мөн эрдэмтэд байгалиас санаа авч шинэ зүйл зохион бүтээдгийг үзнэ.

12. Библиэс юу юуг судалж болох вэ?

12 Библийг судлах. Дээр дурдсан биохимич анхандаа Бүтээгчид итгэдэггүй байсан ч яваандаа итгэдэг болсон байна. Тэрбээр: «Би дан ганц шинжлэх ухааны баримтад тулгуурлан Бүтээгчид итгэдэг болсон юм биш ээ. Библийг сайн судлаад итгэдэг болсон» гэж ярьжээ. Та Библийг сайн мэддэг байж болох ч Бүтээгчид итгэхийн тулд Бурхны Үгийг судалсаар байх шаардлагатай (Иош. 1:8; Дуу. 119:97). Библид түүхийг үнэн зөв өгүүлдгийг судлаарай. Мөн зөгнөлүүд болон дотоод зохицлынх нь талаар судалж үзээрэй. Ингэвэл хайрын сэтгэлтэй, мэргэн ухаантай Бүтээгч биднийг бүтээсэнд итгэнэ. Түүнээс гадна Библийг Бурхан бичүүлсэнд итгэдэг болно d (2 Тим. 3:14; 2 Петр 1:21).

13. Бурхны Үгэнд байдаг мэргэн зөвлөгөөнөөс нэгийг хэлнэ үү.

13 Бурхны Үгийг судлахдаа зөвлөгөө нь хэр ач тустайг анхаараарай. Тухайлбал мөнгийг хайрлах нь хор хөнөөлтэй, «түмэн зовлонд» унагадаг гэж Библид бүр эртнээс сэрэмжлүүлсэн байдаг (1 Тим. 6:9, 10; Сур. 28:20; Мат. 6:24). Энэ сэрэмжлүүлэг өнөөдөр хэрэгтэй юү? Нэг номд «Эд хөрөнгийг чухалчилдаг хүмүүс бусадтай харьцуулахад илүү жаргалгүй, сэтгэл дундуур явдаг. Зүгээр ахиухан мөнгө олохыг боддог хүмүүс хүртэл сэтгэл тавгүйтэх, өвдөх магадлал өндөр байдаг» гэж тэмдэглэжээ («The Narcissism Epidemic»). Мөнгийг хайрлахаас сэрэмжлүүлсэн Библийн энэ зөвлөгөө үнэхээр ач тустай байгаа биз? Библид өөр ямар ашигтай зөвлөгөө байдаг вэ? Библийн зөвлөгөөг үнэлэх тусам хэзээ ч хуучирдаггүй зөвлөгөө өгдөг мэргэн ухаан, хайр халамжтай Бүтээгчдээ улам итгэдэг болно (Яак. 1:5). Тэгээд илүү жаргалтай болно (Ис. 48:17, 18).

14. Библийг судалбал Еховагийн юуг мэдэж авах вэ?

14 Еховаг улам сайн мэдэх зорилгоор Библийг судлаарай (Ёох. 17:3). Та бүтээлийг нь судлаад Еховагийн зан чанаруудыг мэдэж авсан шүү дээ. Тэгвэл Библийг судлах явцдаа бас тэр сайхан зан чанаруудыг нь олж харна. Еховагийн зан чанарыг мэдвэл бодитой оршдогт нь итгэнэ (Ег. 34:6, 7; Дуу. 145:8, 9). Тэгээд улам сайн мэдэхийн хэрээр итгэл батжиж, хайр гүнзгийрч, нөхөрлөл зузаарна.

15. Итгэл үнэмшлийнхээ тухай бусдад ярих нь ямар ач тустай вэ?

15 Итгэл үнэмшлийнхээ тухай бусдад яриарай. Ингэвэл таны итгэл батажна. Гэхдээ Бурхныг оршин байдагт итгэдэггүй хүнтэй таараад юу гэж хариулахаа мэдэхгүй бол яах вэ? Байгууллагын ном хэвлэлийг судалж Библийн үндэстэй хариуг нь олоод тэр хүнд үзүүлээрэй (1 Петр 3:15). Эсвэл туршлагатай Гэрчээс тусламж гуйгаарай. Дэлгэрүүлсэн хүн тань итгэх ч бай, үгүй ч бай судалгаа хийсний тань хэрэг гарна. Итгэл тань батажна шүү дээ. Тэгээд ухаантай, боловсролтой ч Бүтээгчид итгэдэггүй хүмүүсийн худал үгэнд хууртахгүй.

ИТГЭЛЭЭ ХЭРХЭН БАТЖУУЛАХ ВЭ?

16. Итгэлээ батжуулж байхгүй бол ямар аюул байдаг вэ?

16 Еховад үйлчлээд удсан хүн ч, шинэ хүн ч бүгдээрээ итгэлээ батжуулж байх шаардлагатай. Яагаад гэвэл итгэлээ батжуулж байхгүй бол сулрах аюул байдаг. Итгэл бол харагдахгүй ч байдаг юмны нотолгоо гэдгийг санаарай. Харахгүй юмаа хүн амархан мартдаг. Иймд Паул итгэл сулрахыг «амархан урхиддаг нүгэл» гэсэн юм (Евр. 12:1). Тэгвэл энэ урхинаас яаж хол байх вэ? (2 Тес. 1:3).

17. Юуны тусламжгүйгээр итгэлээ батжуулах боломжгүй вэ?

17 Юуны түрүүнд Еховагаас агуу хүчийг нь тогтмол гуйгаарай. Итгэл бол агуу хүчний нөлөөгөөр бий болдог чанар учраас тэр юм (Гал. 5:22, 23). Агуу хүчний тусламжгүйгээр Бүтээгчид итгэх итгэлээ батжуулах боломжгүй. Еховагаас гуйгаад л байвал тэрбээр заавал өгнө (Лук 11:13). «Илүү бат итгэлтэй болгож өгөөч» гэж тодорхой залбирч болно шүү дээ (Лук 17:5).

18. Дуулал 1:2, 3-т бичсэнээр бидэнд ямар боломж байдаг вэ?

18 Түүнээс гадна Бурхны Үгийг бие даан тогтмол судлаарай (Дуулал 1:2, 3-ыг уншина). Энэ дууллыг бичиж байх үед цөөхөн израйл хүнд л Бурхны Хууль бүтнээрээ байв. Хаан, тахилчид унших боломжтой тэр Хуулийг «эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд» болон Израйлд амьдардаг харь хүмүүст долоон жил тутамд дуудаж өгдөг байжээ (Д.хууль 31:10–12). Есүсийн үед цөөхөн хэдэн хүн л хуйлмал номтой байсан бөгөөд ихэнх хуйлмал ном синагогт хадгалагддаг байв. Харин одоо бараг бүх хүн Библийг бүтнээр нь юм уу хэсэгчлэн унших боломжтой. Алтан боломж биш гэж үү? Библи унших боломжтойдоо талархдагаа хэрхэн харуулах вэ?

19. Итгэлээ батжуулахын тулд яах хэрэгтэй вэ?

19 Тогтмол уншдаг бол талархдаг гэсэн үг. Зав гарахаараа л уншиж судлах учиргүй. Хуваарь гаргаад сайн баримталдаг бол итгэлээ батжуулна.

20. Бид яахаар эргэлт буцалтгүй шийдэх ёстой вэ?

20 Бид энэ ертөнцийн «эрдэм номтой, мэргэн хүмүүсээс» ялгаатай. Бурхны Үгэнд байдаг нотолгоонд үндэслэн Бүтээгчид бат итгэдэг (Мат. 11:25, 26). Бид Библийг судлаад дэлхийн нөхцөл байдал улам бүр дордож байгаагийн учрыг, Ехова тун удахгүй юу хийхийг мэдэж авдаг. Иймээс бүгдээрээ итгэлээ батжуулж, мөн Бүтээгчид итгэхэд нь аль болох олон хүнд туслахаар эргэлт буцалтгүй шийдэцгээе (1 Тим. 2:3, 4). Илчлэл 4:11-д «Ехова Бурхан минь ээ, алдар ... таных. Учир нь та бүх юмыг бүтээсэн» гэж байдаг. Дэлхий дээрх бүх хүн ингэж хэлэх тэр цагийг хүлээцгээе!

ДУУ 138 Таны нэр бол Ехова

a Библид Ехова Бурхныг Бүтээгч гэж тодорхой бичсэн байдаг. Гэвч Бурхан бүгдийг бүтээсэн гэдэгт итгэдэггүй хүн олон бий. Тэд амьдралыг хар аяндаа бий болсон гэдэг. Бид Бурхан болон Библид итгэх итгэлээ батжуулахын тулд чадах бүхнээ хийдэг бол итгэл сулрахгүй. Итгэлээ хэрхэн батжуулахыг энэ өгүүллээр үзнэ.

b Ер нь сургуульд амьдрал хэрхэн бий болсныг тайлбарлахдаа Бурхан бүх юмыг бүтээсэн байх боломжтой гэдгийг заадаггүй. Үүнийг зарим сурган хүмүүжүүлэгч сурагчдын шашин шүтэх эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг гэж үздэг.

c Бүтээгч байдагт итгэдэг эрдэмтэн сэхээтнүүдийн ярилцлагыг jw.org сайтын НОМЫН САН > ВИДЕО > ЯРИЛЦЛАГА гэж ороод «Амьдралын үүслийн талаарх үзэл бодол» гэсэн гарчгийн доороос үзнэ үү. Мөн «Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам» товхимлын хэсэг 4-ийн 3-р догол мөр, «Харагтун! Би бүхнийг шинэчилнэ» товхимлын 8, 9-р хуудасны 15-р догол мөр, «Сэрцгээ!» сэтгүүлийн 2018 оны №1-ийн 12-р хуудсыг үзнэ үү.