Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 37

«Би бүх үндэстнийг сэгсэрнэ»

«Би бүх үндэстнийг сэгсэрнэ»

«Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ [«Тэгэхэд бүх үндэстнээс үнэтэй нь цуглана», ШЕ]» (ХАГ. 2:7).

ДУУ 16 Бурхны Хаанчлалд хоргодогтун!

ТОЙМ a

1, 2. Хаггаин зөгнөснөөр өнөө үед бэлгэдлийн утгаар хэнийг сэгсэрч байна вэ?

 «НҮД ирмэхийн зуур дэлгүүр хоршоо, хуучин байшингууд нурж эхлэв». «Хаа сайгүй сандарч балмагдсан хүмүүс. ... Энэ бүхэн хоёрхон минут үргэлжилсэн гэдэг боловч надад бол их удах шиг санагдсан». 2015 онд Балбад болсон газар хөдлөлтийн үеэр амьд үлдсэн хүмүүс ийн ярьжээ. Та бас ийм аймаар юм үзсэн бол мартаж чадахгүй байх биз ээ.

2 Харин одоо ганц хот юм уу улсыг хамарсан газар хөдлөлтөөс илүү агуу үйл явдал болж байна. Юу гэвэл Ехова бүх үндэстнийг олон арван жилийн турш сэгсэрч байна. Үүнийг зөнч Хаггаи ийн зөгнөсөн. «Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тун удахгүй дахин нэг удаа Би тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсрэх гэж байна”» (Хаг. 2:6).

3. Бэлгэдлийн утгаар сэгсрэх нь газар хөдлөлтөөс ямар ялгаатай вэ?

3 Газар хөдлөхөд аливаа юм сүйрдэг. Харин бэлгэдлийн утгаар сэгсрэх нь сайн үр дүнтэй байдаг. Үүнийг Ехова Хаггаигаар ийн бичүүлжээ. «Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ [«Тэгэхэд бүх үндэстнээс үнэтэй нь цуглана», ШЕ]. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно» (Хаг. 2:7). Энэ зөгнөл Хаггаин үед хэрхэн биелсэн бэ? Өнөөдөр хэрхэн биелж байна вэ? Одоо энэ хоёр асуултын хариуг мэдэж авъя. Тэгээд өнөө үед болж буй үндэстнүүдийг сэгсрэх ажилд бид хэрхэн хувь нэмэр оруулж болохыг үзэцгээе.

ХАГГАИН ҮЕИЙН ИУДЕЙЧҮҮДИЙГ ЗОРИГЖУУЛСАН МЭДЭЭ

4. Ехова зөнч Хаггаиг ард түмэн рүүгээ яагаад явуулсан бэ?

4 Зөнч Хаггаи Еховагаас хариуцлагатай даалгавар авчээ. Тэр үед байдал ямар байсан бэ? МЭӨ 537 онд Вавилоны цөллөгөөс Иерусалимд буцаж ирсэн иудейчүүдийн дунд Хаггаи байсан бололтой. Тэр үнэнч хүмүүс Иерусалимд ирснийхээ дараахан Еховагийн өргөө буюу сүмийн суурийг тавьсан (Езр. 3:8, 10). Гэвч удалгүй эсэргүүцэл хавчлагаас болж зориг нь мохож ажлаа зогсоов (Езр. 4:4; Хаг. 1:1, 2). Иймээс МЭӨ 520 онд Ехова Хаггаиг тэдэн рүү явуулсан нь дахин хичээл зүтгэлтэй ажиллаж сүмийг барьж дуусгах урам зоригийг нь бадраахын тулд байлаа b (Езр. 6:14, 15).

5. Хаггаин мэдээ Бурхны ард түмэнд зориг хайрласан гэхийн учир юу вэ?

5 Хаггаин мэдээ Еховад итгэх иудейчүүдийн итгэлийг батжуулах байлаа. Зөнч урам нь хугарсан иудейчүүдэд «“Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав» гэсэн (Хаг. 2:4). Тэд «түмэн цэргийн ЭЗЭН» гэдэг үгийг сонсоод зориг орсон нь лавтай. Ехова тэнгэрийн дайчдаас бүрдсэн хүчирхэг армитай учраас иудейчүүд ажлаа амжилттай дуусгая гэвэл түүнд найдах учиртай байлаа.

6. Персийг сэгсрэх нь ямар ач тустай вэ?

6 Ехова бүх үндэстнийг сэгсэрнэ гэсэн мэдээгээ Хаггаигаар хүргүүлжээ. Тухайн үеийн олон үндэстнийг эрхэндээ оруулсан Персийн эзэнт гүрнийг сэгсрэх гэж байгааг зүрх нь мохсон үйлчлэгчид нь сонсоод зоригжсон. Сэгсрэх нь ямар ач тустай вэ? Нэгд, Бурхны ард түмэн сүмийг барьж дуусгана. Хоёрт, сэргээн барьсан сүмд иудейчүүдтэй цуг иудей биш хүмүүс ч Еховаг шүтнэ. Зориг хайрласан ямар сайхан мэдээ вэ! (Зех. 8:9).

ҮНДЭСТНҮҮДИЙГ СЭГСРЭХ АЖИЛ ӨНӨӨДӨР

Бүх үндэстнийг сэгсрэх ажилд та өөрийгөө бүрэн дайчлан оролцдог уу? (7, 8-р догол мөрийг үзээрэй) d

7. Өнөөдөр бид хэнийг сэгсрэх ажилд оролцож байна вэ? Яаж оролцдог вэ?

7 Хаггаин зөгнөл өнөөдөр хэрхэн биелж байна вэ? Ехова бүх үндэстнийг дахин сэгсэрч байгаа бөгөөд энэ ажилдаа биднийг оролцуулдаг. 1914 онд тэнгэрийн Хаант төрийнхөө Хаанаар Есүсийг томилсон (Дуу. 2:6). Бурхны Хаант төр захирч эхэлсэн нь энэ ертөнцийн удирдагчдын хувьд муу мэдээ байлаа. Яагаад гэвэл «үндэстнүүдэд олгосон цаг гүйцсэн» буюу Еховаг төлөөлдөг удирдагч дахин захирч эхэлсэн гэсэн үг байв (Лук 21:24). Ийм учраас Еховагийн ард түмэн, ялангуяа 1919 оноос эхлэн Бурхны Хаант төрийг хүн төрөлхтний цорын ганц найдвар хэмээн тунхаглаж байна. «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг» тунхаглан бүх үндэстнийг сэгсэрч байна (Мат. 24:14).

8. Дуулал 2:1–3-т бичсэнээр үндэстнүүдийн ихэнх нь энэ мэдээнд хэрхэн хандсан бэ?

8 Энэ мэдээнд хүмүүс хэрхэн хандсан бэ? Ихэнх нь эсэргүүцсэн (Дуулал 2:1–3-ыг уншина). Үндэстнүүд уурандаа шатсан. Еховагийн томилсон удирдагчийг хүлээн зөвшөөрөөгүй. Бидний тунхагладаг Хаант төрийн мэдээг «сайн мэдээ» гэж үздэггүй. Зарим засгийн газар бүр дэлгэрүүлэхийг маань хориглосон. Олон удирдагч Бурхан захирах эрхтэй хэмээдэг ч үнэн хэрэгтээ өөрсдөө захираад байх санаатай байдаг. Удирдагчид Есүсийг дэлхий дээр байхад эсэргүүцсэн. Өнөөгийн удирдагчид ч үнэнч дагалдагчид руу нь довтолж Еховагийн тосолсон нэгнийг эсэргүүцдэг (Үйлс 4:25–28).

9. Эсэргүүцэж буй үндэстнүүдэд Ехова хэрхэн ханддаг вэ?

9 Эсэргүүцэж буй үндэстнүүдэд Ехова хэрхэн ханддаг вэ? Хариу нь Дуулал 2:10–12-т бий. Тэнд «Тиймээс хаад аа, ухаалаг бай. Дэлхийн шүүгчид ээ, сургамж ав. Эмээн ЭЗЭНд үйлчилж, сүрдэн баясагтун. Хүүг үнс, эс тэгвэл Тэрээр уурлаж, чи замд сүйрэх болно. Учир нь Түүний уур хилэн удахгүй асах юм. Түүнд итгэлээ өгөгч бүхэн ерөөлтэй еэ!» гэж байдаг. Ехова эсэргүүцэгчдэд энэрэнгүй хандаж, үзэл бодлоо өөрчлөөд Хаант төрийг нь хүлээн зөвшөөрөх хугацаа олгосон. Тэр хугацаа дуусах дөхжээ. Бид энэ тогтолцооны «эцсийн өдрүүдэд» амьдарч байна (2 Тим. 3:1; Ис. 61:2). Иймд үнэнийг бушуухан мэдэж аваад Бурханд үйлчлэхээр шийдэх нь хүн бүрийн хувьд амин чухал болоод байна.

МЭДЭЭНД НААШТАЙ ХАНДДАГ ХҮМҮҮС

10. Хаггаи 2:7–9-д бичсэнээр сэгсрэх ажил ямар сайн үр дүнтэй вэ?

10 Хаггаин зөгнөсөн бүх үндэстнийг сэгсрэх мэдээнд нааштай ханддаг хүмүүс бас бий. Сэгсэрсний дүнд «бүх үндэстнээс үнэтэй нь [чин сэтгэлтэй хүмүүс]» (ШЕ) Еховаг шүтэх болно гэж тэрбээр зөгнөжээ c (Хаггаи 2:7–9-ийг уншина). Исаиа Мика нар ч «эцсийн өдрүүдэд» ийм юм болохыг зөгнөсөн (Ис. 2:2–4; Мика 4:1, 2).

11. Кэн Хаант төрийн тухай мэдээг анх сонсоод яасан бэ?

11 Үндэстнүүдийг сэгсрэх мэдээнд нааштай хандсан хүмүүсийн нэг бол байгууллагын төвд ажилладаг Кэн юм. Тэрбээр 40-өөд жилийн өмнө Хаант төрийн тухай мэдээг анх сонссон үеэ одоо ч тод санадаг. «Би үнэнийг анх мэдээд өнөөгийн тогтолцооны эцсийн өдрүүдэд амьдарч байгаагаа ойлгосондоо их баярлаж билээ. Бурхны сайшаалыг хүлээж мөнх амьдаръя гэвэл өнгөрөн одож буй энэ ертөнцийг дэмжихээ больж, түүний талд бат зогсох хэрэгтэйг би ойлгосон юм. Тэгээд залбирч тэр даруй үл ганхах Бурхны Хаант төрийн хамгаалалтад орсон» гэж ярьжээ.

12. Эцсийн өдрүүдэд Еховагийн сүм хэрхэн цог жавхлангаар дүүрч байна вэ?

12 Ехова ард түмнээ ивээж байгаа нь илт байна. Еховаг шүтдэг хүмүүс эцсийн энэ өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа билээ. 1914 онд хэдхэн мянга байсан бол одоо 8 сая гаруй болжээ. Бас жил бүр өөр олон сая хүн бидэнтэй цуг Есүсийн үхлийг дурсдаг. Ийнхүү бэлгэдлийн сүмийнх нь дэлхий дэх хашаа бүх үндэстний «үнэтэй» хүмүүсээр дүүрч байна. Бас тэд шинэ хүнийг өмсөн өөрчлөгдсөнөөр Еховагийн нэр алдаршиж, өргөө нь цог жавхлангаар дүүрч байна (Эф. 4:22–24).

Дэлхий даяарх Бурхны ард түмэн Хаант төрийн тухай баяр хөөртэй тунхаглаж байна (13-р догол мөрийг үзээрэй)

13. Еховаг шүтэгчид нэмэгдсэнээр өөр ямар зөгнөлүүд биелж байна вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

13 Еховаг шүтэгчид нэмэгдсэнээр өөр зөгнөлүүд бас биелж байна. Жишээлбэл Исаиа 60:22. Тэнд «Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно» гэж бий. Тэдгээр «үнэтэй» хүн Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглах чин хүсэлтэйн дээр олон янзын авьяас чадвартай. Тэд авьяас чадвараа Еховад зориулснаар ард түмэн нь «үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэнэ» гэсэн Исаиагийн зөгнөл бас биелж байна (Ис. 60:5, 16). Ийм үнэтэй хүмүүсийн тус дэмээр дэлгэрүүлэх ажлыг 240 улс оронд хийж, ном хэвлэлийг 1000 гаруй хэлээр гаргадаг.

ШИЙДВЭР ГАРГАХ ЦАГ

14. Хүмүүс одоо ямар шийдвэр гаргах ёстой болоод байна вэ?

14 Эцсийн энэ цаг үед үндэстнүүдийг сэгсэрч байгаа учраас хүмүүс шийдвэр гаргахаас өөр аргагүй болж байна. Бурхны Хаант төрийг дэмжих үү, энэ ертөнцийн төр засгийнхныг дэмжих үү гэдгээ хүн бүр шийдэх ёстой. Еховагийн ард түмэн нутаг орныхоо төр засгийнхны гаргасан хууль тушаалыг дагадаг ч энэ ертөнцийн улс төрд огт оролцдоггүй (Ром 13:1–7). Бурхны Хаант төр л хүн төрөлхтний бүх асуудлыг шийднэ гэдгийг мэддэг. Хаант төр энэ ертөнцийнх биш билээ (Ёох. 18:36, 37).

15. «Илчлэл» номд бичсэнээр бидний үнэнч байх эсэх хэрхэн соригдох вэ?

15 Эцсийн өдрүүдэд Бурхны ард түмний үнэнч эсэх нь соригдоно гэж «Илчлэл» номд бичсэн байдаг. Иймд ширүүн эсэргүүцэл хавчлага үргэлжилнэ. Энэ ертөнцийн улс төрийнхөн өөрсдийг нь шүтэхийг шаардана, шүтээгүй хүмүүсийг хавчина (Илч. 13:12, 15). Тэд «баруун гар юм уу духан дээрээ тэмдэг тавиул гэж эрх дархтай, эгэл жирийн, баян ядуу, чөлөөт хийгээд боол гээд бүх хүнийг албадна» (Илч. 13:16). Эрт цагт боолуудад хэнийх гэдгийг нь харуулах тэмдэг тавьдаг байжээ. Үүнтэй адилаар өнөө үед бүх хүнийг гар юм уу духан дээрээ бэлгэдлийн тэмдэг тавиулахыг шаардана. Өөрөөр хэлбэл үзэл бодол, үйл хэргээрээ улс төрийнхний мэдэлд байдгаа, дэмждэгээ батлахыг шаардана.

16. Бурханд үнэнч гэдгээ батлах нь хойшлуулшгүй чухал гэхийн учир юу вэ?

16 Тэгвэл бид тэр бэлгэдлийн тэмдгийг тавиулж улс төрийнхнийг дэмжих үү? Тэмдэг тавиулахаас татгалзсан хүмүүс зовно. «Илчлэл» номд цааш нь бичсэнээр «Тэмдэг ... тавиулаагүй ямар ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ» (Илч. 13:17). Харин Бурхан тэмдэг тавиулсан хүмүүсийг яахыг бид Илчлэл 14:9, 10-аас мэддэг. Иймд тэр тэмдгийг тавиулахын оронд гар дээрээ «ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] харьяат» гэж бичнэ (Ис. 44:5). Одоо бол Еховад үнэнч гэдгээ батлах цаг. Ехова үнэнч хүнийг минийх гэх болно.

СҮҮЛИЙН УДАА СЭГСРЭХ НЬ

17. Ехова мөнхөд тэвчих үү? Тайлбарлана уу.

17 Ехова хэнийг ч үхүүлэхийг хүсдэггүй учраас эцсийн энэ өдрүүдэд асар их тэвчиж байгаа (2 Петр 3:9). Гэмшиж зөв шийдвэр гаргах боломжийг бүх хүнд олгож байна. Гэхдээ мөнхөд тэвчихгүй. Хаант төрийг дэмжихээс татгалзсан хүмүүс Мосегийн үеийн Фараоны ойлгосныг ойлгоно. Ехова Фараонд «Би мутраа сунгаж, чамайг болон чиний ард түмнийг тахлаар цохисон бол чи дэлхийгээс устгагдах байсан. Харин Би Өөрийн хүчийг чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд, үүний төлөө чамайг босгосон юм» гэж хэлсэн (Ег. 9:15, 16). Үндэстнүүд бүгдээрээ эцэстээ Ехова бол цорын ганц жинхэнэ Бурхан гэдгийг ойлгоно (Езе. 38:23). Яаж тэр вэ?

18. а) Хаггаи 2:6, 20–22-д байдаг сэгсрэх гэдгээр юуг хэлдэг вэ? б) Хаггаин зөгнөл ирээдүйд биелэхийг бид хаанаас мэддэг вэ?

18 Хаггаиг өнгөрснөөс хойш хэдэн зууны дараа элч Паул агуу хүчээр удирдуулан Хаггаи 2:6, 20–22-ыг ирээдүйд биелэхийг бичжээ (Уншина). «Тэрээр: “Би дахиж нэг удаа газрыг төдийгүй тэнгэрийг сэгсэрнэ” гэж амласан. “Дахиж нэг удаа” гэсэн нь бүтээгдсэн, сэгсрэгдсэн юмсыг үгүй хийхийг илэрхийлдэг. Энэ нь үл сэгсрэгдэх юмсыг үлдээхийн тулд юм» гэж бичсэн (Евр. 12:26, 27). Энд гардаг сэгсрэх гэдэг нь Хаггаи 2:7-д байдгаас ялгаатай. Юу гэвэл Еховагийн захирах эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй Фараон шиг хүмүүсийг бүрмөсөн устгахыг хэлдэг.

19. Үл сэгсрэгдэх юм гэж юу вэ? Бид хаанаас мэддэг вэ?

19 Үл сэгсрэгдэх буюу үгүй болохгүй юм гэж юу вэ? Паул цааш нь «үл сэгсрэгдэх Хаант төрийг хүлээж авахаа ойлгоод Бурхнаасаа эмээн, биширч, үйлчлэх ариун үүргээ таалалд нь нийцүүлэн биелүүлэхийн тулд нигүүлслийг нь хүртсээр байя» хэмээн бичжээ (Евр. 12:28). Эцсийн удаа бүх үндэстнийг сэгсэрсний дараа үл сэгсрэгдэх Бурхны Хаант төр л байсаар байх болно (Дуу. 110:5, 6; Дан. 2:44).

20. Хүмүүс ямар шийдвэр гаргах ёстой вэ? Бид хэрхэн тусалдаг вэ?

20 Бага хугацаа үлджээ. Энэ ертөнцийнхний замаар явсаар сүйрэлд хүрэх үү, эсвэл амьдралаа өөрчилж Бурхны таалалд нийцүүлээд мөнх амьдрах уу гэдгээ хүн бүр шийдэх ёстой (Евр. 12:25). Бид ийм чухал шийдвэр гаргахад нь хүмүүст туслахын тулд дэлгэрүүлдэг. Бурхны Хаант төрийн талд ороход нь улам олон «үнэтэй» хүнд тусалцгаая. Бидний Эзэн Есүсийн хэлсэн «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар тунхаглана. Тэгээд төгсгөл ирнэ» гэсэн үгийг үргэлж санаж явцгаая (Мат. 24:14).

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

a Бид Хаггаи 2:7-г илүү зөв ойлгох боллоо. Энэ өгүүллээр, бүх үндэстнийг сэгсрэх ажилд бид хэрхэн хувь нэмэр оруулдгийг, мөн хүмүүсийн хандлага хоёр өөр байдгийг үзнэ.

b МЭӨ 515 онд сүмийг барьж дуусгасан. Иймээс Хаггаи даалгавраа амжилттай биелүүлсэн нь тодорхой.

c Энэ нь шинэчлэгдсэн ойлголт юм. Өмнө нь бид чин сэтгэлтэй хүмүүс Ехова руу ирэх нь бүх үндэстнийг сэгсэрснээс болоогүй гэж ойлгодог байсан. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 5-р сарын 15-ны дугаарын «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү (англи).

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Хаггаи Бурхны ард түмэнд сүмийг барьж дуусгахын тулд дахин хичээл зүтгэлтэй байхыг уриалсан. Орчин үеийн Бурхны ард түмэн сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлсээр ирсэн. Эхнэр нөхөр хоёр бүх үндэстнийг эцсийн удаа сэгсрэх тухай мэдээг тунхаглаж байна.