Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 43

Бүү шантар!

Бүү шантар!

«Шантрахгүйгээр сайныг үйлдэж байцгаая» (ГАЛ. 6:9).

ДУУ 44 Ургацын ажилд баяртай оролцъё

ТОЙМ *

1. Бид Еховагийн Гэрч болсондоо баярлаж, үүгээрээ бахархдагийн учир юу вэ?

БИД Еховагийн Гэрч болсондоо баярладаг, үүгээрээ бахархдаг. Хүмүүст дэлгэрүүлж, шавь болгосноороо Еховаг гэрчилдэг ард түмэн нь гэдгээ баталдаг. Бид «мөнх амь руу хөтлөх үнэнийг хүлээж авах зөв хандлагатай» хүмүүсийг үнэний зам дээр гарахад нь тусалсандаа их баяртай байдаг (Үйлс 13:48). Шавь нар нь сайн дэлгэрүүлээд буцаж ирэхэд Есүс «ихэд баярласан» шиг бид бас баярладаг (Лук 10:1, 17, 21).

2. Дэлгэрүүлэх ажилд нухацтай ханддаг маань юунаас харагддаг вэ?

2 Бид дэлгэрүүлэх ажилдаа туйлын нухацтай ханддаг. Элч Паул Тимотод «Ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч яв. ... Ингэвэл өөрийгөө ч, сонсогчоо ч аварна» гэж хэлжээ (1 Тим. 4:16). Тэгэхээр бид хүмүүсийн амь аврах ажил хийдэг байх нь ээ. Бид Хаант төрийн иргэд учраас «ямар байдгаа» үргэлж анхаарч явдаг. Еховаг алдаршуулан сайн мэдээнд тохируулан биеэ авч явахыг үргэлж хичээдэг (Флп. 1:27). Тэгвэл «юу заадгаа» хэрхэн анхаардаг вэ? Дэлгэрүүлэхээсээ өмнө сайн бэлдэж, Еховагаас тусламж гуйдаг.

3. Хүмүүс мэдээнд маань хэрхэн хандаж магадгүй вэ? Жишээ хэлнэ үү.

3 Бид чадах бүхнээ хийсэн ч хүмүүс үнэнийг нааштай хүлээж авахгүй байж магадгүй. 1929–1947 оны хооронд Исландаар хөндлөн гулд ганцаараа дэлгэрүүлсэн Георг Линдалын тухай авч үзье. Тэрбээр хэдэн арван мянган хэвлэл тараасан ч нэг ч хүн мэдээг нь нааштай хүлээж аваагүй байна. Георг: «Ихэнх хүн ерөөсөө сонирхдоггүй, зарим нь бүр дургүйцэж байсан» гэж ярьсан юм. Гилеад төгссөн миссионеруудыг ирснээс хойш ч анхны исландчууд Еховад өөрийгөө зориулж баптисм хүрттэл бүхэл бүтэн 9 жил өнгөрчээ.

4. Хүмүүс мэдээг маань сонирхохгүй бол бид яадаг вэ?

4 Иудейчүүд бүгд Есүсийг Мессиа гэж хүлээн зөвшөөрөөгүйгээс болоод Паул «туйлын их энэлэн шаналж, байнга зовж байсан» (Ром 9:1–3). Бид Паулд ямар санагдаж байсныг сайн ойлгодог. Хүмүүс мэдээг маань сонирхохгүй бол бид ч сэтгэлээр унадаг. Та хичээлээ сайн заах гэж маш их хичээж, суралцагчийнхаа төлөө байнга залбирдаг байж болох юм. Гэхдээ суралцагч тань ахиц дэвшил гаргахгүйн улмаас хичээл хийхээ болих шаардлагатай болоод байна уу? Эсвэл нэг ч суралцагч тань баптисм хүртээгүй юү? Тэгвэл таны буруу гэсэн үг үү? Ехова дэлгэрүүлэх ажлыг тань ивээхгүй байна гэсэн үг үү? Энэ өгүүллээр 1) та үр бүтээлтэй үйлчилдэг гэхийн учрыг, 2) дэлгэрүүлэхдээ ямар үзэлтэй байх ёстойг авч үзье.

ҮР БҮТЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛДЭГ ГЭХИЙН УЧИР

5. Дандаа санасандаа хүрэхгүй гэхийн учир юу вэ?

5 Библид Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүний «үйлс бүхэн нь өлзийтэй» гэж бий (Дуу. 1:3). Гэхдээ хүссэн болгон маань биелнэ гэсэн үг биш. Бид ч, бусад хүн ч төгс бус учраас амьдрал «бэрхшээлээр дүүрэн» (Иов 14:1). Түүнээс гадна эсэргүүцэгчид олон нийтэд чөлөөтэй дэлгэрүүлэхийг маань хориглох үе байдаг (1 Кор. 16:9; 1 Тес. 2:18). Гэлээ ч гэсэн бид үр бүтээлтэй үйлчилдэг гэхийн учир юу вэ? Библиэс хэдэн зарчмыг үзээд хариуг нь мэдэж авцгаая.

Айлаар, захиагаар, утсаар зэрэг ямар ч аргаар дэлгэрүүлсэн Ехова бидний хүчин чармайлтыг үнэлдэг (6-р догол мөрийг үзээрэй)

6. Ехова биднийг үр бүтээлтэй үйлчилдэг гэж дүгнэдгийн учир юу вэ?

6 Ехова хэр их хичээж, тэвчиж байгааг маань анхаардаг. Хүмүүс мэдээг маань сонссон ч, сонсоогүй ч хайрандаа хөтлөгдөн идэвх зүтгэлтэй тунхагладаг бол Ехова биднийг үр бүтээлтэй үйлчилдэг гэж дүгнэдэг. Паул: «Та нар Бурхны нэрийг хайрладаг учир ариун хүмүүст үйлчилсэн, одоо ч үйлчилж байгаа. Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» гэж бичсэн байдаг (Евр. 6:10). Суралцагч нараас тань нэг нь ч баптисм хүртээгүй байлаа ч Ехова таны хичээл зүтгэл, хайрыг санаж байдаг юм шүү. Иймээс санаснаар тань болоогүй ч «Эзний төлөөх ажил хөдөлмөр тань дэмий хоосон юм биш» (1 Кор. 15:58).

7. Элч Паулын үгнээс юу ойлгох вэ?

7 Элч Паул олон хотод шинэ хурал үүсгэн байгуулж явсан дайчин миссионер байлаа. Гэтэл зарим хүн Паулыг Судрыг сайн заадаггүй гэж шүүмжилж, өөрсдийгөө илүү мундаг багш нар гэсэн. Тэгэхэд нь Паул хэдэн хүнийг шавь болгосноо дурдаагүй. Харин «Би ... хийж бүтээснээрээ ч илүү» хэмээн хариулжээ (2 Кор. 11:23). Тиймээс Ехова бидний хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийг голлон анхаардгийг элч Паулын адилаар санаж явцгаая.

8. Дэлгэрүүлэхээрээ баяр хөөр болдгийн маань учир юу вэ?

8 Еховаг баярлуулдаг. Хаант төрийн мэдээг тунхаглуулахаар Есүсийн илгээсэн 70 шавь «баяр хөөр болсоор» буцаж ирдэг. Яагаад тэр вэ? Тэд: «Таны нэрээр тушаахад чөтгөрүүд хүртэл бидэнд захирагдаж байсан» гэсэн. Гэхдээ Есүс буруу үзлийг нь засан «Чөтгөрүүдийг захирсандаа бүү баярла. Харин нэрс тань тэнгэрт бичигдсэнд баярлацгаа» гэж хэлдэг (Лук 10:17–20). Дандаа ийм үр дүнд хүрэхгүйг тэрбээр мэдэж байсан. Үнэндээ тэднийг дэлгэрүүлэхэд сонссон хүмүүсийн цөөхөн нь л дагалдагч болсон байж магадгүй. Тиймээс шавь нар нь гаргасан амжилтдаа бус, хичээж мэрийж байгааг нь хараад Ехова баярласан гэдэгт баярлах учиртай байлаа.

9. Галат 6:7–9-ийг үзэхэд шантрахгүй дэлгэрүүлээд байх нь ямар үр дүнтэй вэ?

9 Шантрахгүй дэлгэрүүлээд байвал мөнх амьтай болно. Өөрийгөө дайчлан сайн мэдээг дэлгэрүүлэх, заах ажилд оролцсоноороо бид Бурхны агуу хүчээр үргэлж удирдуулан амьдарч байгаа хэрэг юм. Ингэж амьдрахыг Библид «Бурхны агуу хүчний удирдлагаар тарих» гэдэг. Суралцагч маань баптисм хүртсэн ч, хүртээгүй ч бид «бууж өгөхгүй», «шантрахгүй» байвал «мөнх амийг хурааж авна». Үүнийг Ехова амласан (Галат 6:7–9-ийг уншина).

ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙХ НЬ

10. Хүмүүс мэдээнд маань нааштай хандах эсэх нь юунаас шалтгаалдаг вэ?

10 Мэдээнд маань нааштай хандах эсэх нь тухайн хүний зүрхний хандлагаас голчлон шалтгаалдаг. Есүс энэ үнэнийг тариачны тухай сургаалт зүйрлэлээрээ тайлбарласан. Тариачин олон янзын хөрсөнд үр цацдаг ч сайн хөрсөнд унасан нь л ургац өгдөг (Лук 8:5–8). Энд гардаг олон янзын хөрс нь Бурхны Үгийг өөрөөр хүлээж авах янз янзын зүрхний хандлагатай хүмүүсийг хэлдэг (Лук 8:11–15). Тэгэхээр бидний тарьдаг Хаант төрийн үнэний үр ургах эсэх нь биднээс бус, харин тухайн хүний зүрхний хандлагаас шалтгаалдаг. Тиймээс энэ үрээ тарьсаар байх нь л бидний үүрэг юм. Энэ тухай элч Паул хүн бүр ямар үр дүнд хүрсэн гэдгээрээ бус, «хийсэн ажлынхаа төлөө шагнуулна» гэж хэлсэн (1 Кор. 3:8).

Ноа олон жил үнэнчээр дэлгэрүүлсэн ч гэрийнхнээс нь өөр хүн хөвөгч авдарт ороогүй. Гэсэн хэдий ч дуулгавартай байсан тул Бурхан түүнийг үр бүтээлтэй үйлчилсэн гэж үзсэн (11-р догол мөрийг үзээрэй)

11. Ехова Ноаг яагаад үр бүтээлтэй дэлгэрүүлсэн гэж үзсэн бэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

11 Эрт үед ч Еховагийн олон үйлчлэгчийн тунхагласан мэдээнд хүмүүс нааштай хандаагүй. Жишээ нь Ноа олон арван жил «шударга сайныг тунхагласан» (2 Петр 2:5). Тэрбээр олон хүн нааштай хандана гэж бодож байсан байх. Гэхдээ Ехова тэгж хэлээгүй. Харин хөвөгч авдар барих заавар өгөхдөө «Чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно» гэсэн (Эх. 6:18). Хөвөгч авдрыг ямар хэмжээтэй барих зааврыг сонсоод Ноа мэдээнд нь нааштай хандах хүн олон байхгүйг гадарласан биз ээ (Эх. 6:15). Гэтэл үнэндээ, нэг ч хүн нааштай хандаагүй шүү дээ (Эх. 7:7). Ехова Ноаг хий дэмий дэлгэрүүлсэн гэж үзсэн үү? Үгүй, хэлсэн бүгдийг нь үнэнчээр биелүүлсэн тул үр бүтээлтэй дэлгэрүүлсэн гэж үзсэн (Эх. 6:22).

12. Хүмүүс мэдээнд нь хайхрамжгүй хандаж бүр эсэргүүцсэн ч зөнч Иеремиа яагаад баяр хөөртэй дэлгэрүүлсэн бэ?

12 Хүмүүс мэдээнд нь хайхрамжгүй хандаж, бүр эсэргүүцсэн ч зөнч Иеремиа 40 гаруй жил тунхагласан. Гэхдээ хүмүүсийн «зэмлэл, доог тохуугаас» болоод даалгавраа биелүүлж чадахгүй нь гэж бодож байсан удаатай (Иер. 20:8, 9). Гэхдээ шантраагүй. Иеремиа юуг анхаарсан учраас таагүй бодлоосоо салж баяр хөөртэй дэлгэрүүлж чадсан бэ? Дараах хоёр зүйлийг анхаарсан. Нэгд, «ирээдүй ба найдварын» тухай тунхагласан (Иер. 29:11). Хоёрт, Ехова өөрийг нь сонгосон (Иер. 15:16). Бид ч энэ харанхуй ертөнцөд амьдардаг хүмүүст найдвар бэлэглэдэг. Мөн Ехова биднийг Гэрчээ болгон сонгосон. Бид ийм хоёр зүйлийг анхаардаг бол хүмүүс мэдээнд маань яаж ч хандсан баяр хөөртэй дэлгэрүүлнэ.

13. Марк 4:26–29-д гардаг жишээнээс бид юу мэдэж авах вэ?

13 Суралцагч аажмаар ахиц гаргадаг. Үүнийг Есүсийн ярьсан тариачны тухай сургаалт зүйрлэл харуулдаг (Марк 4:26–29-ийг уншина). Тариачин үрийг суулгадаг, харин газар өөрөө тариа будааг аажим аажмаар ургуулдаг. Үүнтэй адилаар суралцагч мэдэж авснаа амьдралдаа хэрэгжүүлтэл цаг хугацаа хэрэгтэй. Тариачин үр тариа ургахыг хүссэнээрээ хурдасгаж чадахгүйтэй адил та бас суралцагчаа ахиц гаргахыг нь хүссэнээрээ түргэлүүлж чадахгүй. Иймээс суралцагч хүссэнээр тань ахиц гаргахгүй удсан ч бүү шантраарай. Газар тариалангийн ажил тэвчээр шаарддаг. Суралцагчаа баптисм хүрттэл тэвчээртэй байх хэрэгтэй (Яак. 5:7, 8).

14. Дэлгэрүүлэх ажлын маань үр дүн аажмаар гардгийг ямар жишээ харуулдаг вэ?

14 Зарим нутагт олон жил дэлгэрүүлээд ч үр дүн гардаггүй. Гладис Аллен, Рүби Аллен гэдэг эгч дүү хоёрын тухай авч үзье. Тэд 1959 онд Канадын Кэбэк мужид байнгын эхлэгчээр томилогджээ. Хүмүүсийн дарамт шахалт, католик шашны нөлөөнөөс болоод тэндхийнхэн мэдээг нь сонсдоггүй байв. Гладис: «Бид бүтэн хоёр жилийн турш, өдөрт найман цаг айлаар дэлгэрүүлэхэд нэг ч хүн хаалгаа тайлдаггүй байсан. Хүмүүс хаалган дээрээ хүрч ирээд биднийг харангуутаа буцаад явчихдаг байв. Гэхдээ бид бууж өгөөгүй» гэж ярьжээ. Харин яваандаа хүмүүсийн хандлага өөрчлөгдөж тэднийг сонсдог болсон байна. Одоо тэр хот гурван хуралтай (Ис. 60:22).

15. 1 Коринт 3:6, 7-г үзэхэд шавь бэлдэх ажлын тухай юу мэдэж авах вэ?

15 Хамтын хүчээр хийдэг. Хэн нэгнийг баптисм хүртэхэд хурлынхан бүгдээрээ гар бие оролцдогийг бид мэддэг шүү дээ (1 Коринт 3:6, 7-г уншина). Нэг дэлгэрүүлэгч сонирхсон хүнд танилцуулга өгчээ. Харин өөрөө дахин очиж уулзах боломжгүй болсон тул өөр дэлгэрүүлэгчийг гуйжээ. Сүүлд очсон дэлгэрүүлэгч түүнтэй Библийн хичээл эхлэв. Хичээлдээ олон итгэл нэгтнээ урьдаг байлаа. Тэд бүгд суралцагчийг нь урамшуулсан. Тэгэхээр тэр суралцагчтай уулзсан бүх хүн услах ажилд оролцсон гэсэн үг. Ийм учраас тариачин ч, тариа хураагч ч хамт баярладаг гэж Есүс хэлсэн (Ёох. 4:35–38).

16. Та бие муутай ч баярлах шалтгаантай гэхийн учир юу вэ?

16 Та бие муутайгаасаа болоод дэлгэрүүлэх, заах ажилд хүссэнээрээ оролцож чадахгүй байна уу? Тэгсэн хэдий ч дэлхий дахины шавь бэлдэх ажилд хувь нэмэр оруулж баяр хөөр эдэлж чадна. Давид хаан болон цэргүүдийг нь дайнд явсан хойгуур амалекчууд гэрийнхэн, эд зүйлийг нь дээрэмдсэний дараа юу болсныг ярилцъя. Ихэд туйлдсан 200 цэргээрээ ачаа бараагаа харуулахаар үлдээжээ. Давид бусад цэргээ дагуулан амалекчуудтай тулалдаад их олз омогтой буцаж ирсэн. Гэхдээ олз омгоо дайтсан болон ард үлдсэн цэргүүддээ яг тэнцүү хуваахыг тушаажээ (1 Сам. 30:21–25). Энэ нь дэлхий даяар шавь бэлдэх ажилтай төстэй юм. Тэгэхээр их юм хийж чадахгүй мэт танд санагдсан ч чадах бүхнээ хийгээрэй. Тэгвэл суралцагч хүн баптисм хүртэж байгааг харах болгондоо бусадтайгаа баярлана.

17. Бид яагаад Еховад талархдаг вэ?

17 Үйлчлэлийг маань өндөр үнэлдэг Еховад бид талархдаг. Бид хүмүүсийг албадаж Бурхнаа шүтүүлж чадахгүйг тэрбээр ойлгодог. Бас өөрийг нь хэр их хайрлаж, хэр их хичээдгийг маань мэддэг, шагнадаг. Мөн ургацын ажилдаа баяр хөөртэй оролцох нууцыг хэлж өгдөг (Ёох. 14:12). Бид шантрахгүй л бол Еховагийн сайшаалыг хүртэнэ гэдэгт бат итгэдэг.

ДУУ 47 Сайн мэдээг тунхаглая

^ д/м 5 Хүмүүс мэдээнд маань нааштай хандвал бид баярладаг. Харин сонсохоос татгалзвал урамгүй болдог. Таны суралцагч ахиц дэвшил гаргахгүй байна уу? Эсвэл нэг ч суралцагч тань баптисм хүртээгүй юү? Тэгвэл та дэмий хоосон хөдөлмөрлөсөн гэсэн үг үү? Энэ өгүүллээр, таны хөдөлмөр талаар болоогүй гэхийн учрыг, мөн хүмүүс мэдээг маань сонсох ч бай, үгүй ч бай баяр хөөртэй байх боломжтойг авч үзнэ.