Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 7

«Мэргэдийн үгсийг сонс»

«Мэргэдийн үгсийг сонс»

«Чих тавин мэргэдийн үгсийг сонс» (СУР. 22:17).

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

ТОЙМ *

1. Бидэнд ямар үед зөвлөгөө хэрэгтэй вэ? Бүх хүнд зөвлөгөө хэрэгтэй гэхийн учир юу вэ?

 БИД бүхэнд зөвлөгөө хэрэгтэй үе байдаг. Заримдаа бид өөрсдийнхөө санаачилгаар хүндэтгэл хүлээсэн хүнээсээ зөвлөгөө авдаг. Бас «замаасаа хазайж» дараа нь харамсах вий гэсэндээ ахлагч зөвлөгөө өгч бидэнд санаа тавих нь бий (Гал. 6:1). Мөн ноцтой алдаа гаргасны дараа хэн нэгэн зөвлөгөө өгч болох юм. Аль ч тохиолдолд бид зөвлөгөөг чих тавин сонсох ёстой. Зөвлөгөөг дагах нь бидэнд сайн бөгөөд амийг ч аварч магадгүй юм (Сур. 6:23).

2. Сургаалт үгс 12:15-д бичсэнээр бид яагаад зөвлөгөөг сонсох ёстой вэ?

2 Энэ өгүүллийн Библийн гол зүйл бидэнд «мэргэдийн үгсийг сонсохыг» уриалдаг (Сур. 22:17). Бүх юмыг мэддэг хүн гэж огт байхгүй. Биднээс илүү мэдлэгтэй, туршлагатай хүн заавал байж л байдаг (Сургаалт үгс 12:15-ыг уншина). Тиймээс зөвлөгөөг сонсох гэдэг нь хэр хэмжээгээ мэддэг, зорилгоо биелүүлэхэд тусламж хэрэгтэйгээ ойлгодог даруу хүний шинж юм. Мэргэн ухаантай хаан Соломон Бурхны агуу хүчээр удирдуулан «Олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэж бичжээ (Сур. 15:22).

Алийг нь дагахад танд хэцүү байдаг вэ? (3, 4-р догол мөрийг үзээрэй)

3. Зөвлөгөө авах ямар хоёр арга байдаг вэ?

3 Бид зөвлөгөөг хоёр янзаар авч болох юм. Бид үзэл бодол, үйл хэргээ цаашид өөрчлөх хэрэгтэйгээ Библи болон байгууллагынхаа ном хэвлэлээс олж мэддэг (Евр. 4:12). Үүнийг шууд бус аргаар авдаг зөвлөгөө гэнэ. Ахлагч юм уу туршлагатай Гэрч эрэгтэй бидэнтэй уулзаад юугаа засахыг шууд хэлж өгч болох юм. Үүнийг шууд арга гэнэ. Хэрэв хэн нэгэн нь Библид үндэслэсэн зөвлөгөө өгч хайраа илэрхийлбэл үүнд нь талархаж, чих тавин сонсоод дагах ёстой.

4. Номлогчийн үгс 7:9-д бичсэнээр зөвлөгөө өгвөл бид яах ёсгүй вэ?

4 Үнэндээ шууд хэлж өгсөн зөвлөгөөг дагахад амаргүй байдаг. Бүр гомдож ч болох юм. Яагаад? Хэдийгээр бид төгс бус гэдгээ дуртайяа хүлээн зөвшөөрдөг ч гаргасан алдаа дутагдлыг маань хэлээд зөвлөгөө өгөхлөөр дургүйцдэг (Номлогчийн үгс 7:9-ийг уншина). Бас биеэ өмөөрч магадгүй. Зөвлөгөө өгсөн аргыг нь буруутгаж ч болох юм. «Надад зөвлөгөө өгөх эрхтэй юм уу? Өөрөө ч алдаа гаргадаг биз дээ!» гэж шүүмжлэн бодож магадгүй. Бас зөвлөгөө нь таалагдахгүй бол үл ойшоох юм уу эсвэл сонсохыг хүссэн зүйлийг маань хэлээд өгөх байх гэж горьдон өөр хүн дээр очдог.

5. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

5 Энэ өгүүллээр Библид гардаг, зөвлөгөөг дагасан болон дагаагүй хүмүүсийн жишээг үзнэ. Яавал зөвлөгөөг дагахад хялбар байх вэ, ямар ач тустай вэ гэдгийг бас үзнэ.

ТЭД ЗӨВЛӨГӨӨГ ДАГААГҮЙ

6. Рехобоам хаан зөвлөгөө өгөхөд хэрхэн хандсанаас юу мэдэж авах вэ?

6 Рехобоамын жишээг ярилцъя. Түүнийг хаан болсны дараа ард түмэн түүнд бараалхаж, эцэг Соломоныхоо үүрүүлсэн хүнд буулгыг хөнгөлж өгөхийг гуйжээ. Тэрбээр ямар хариу өгөхөө мэдэж авахын тулд ахмадуудтай зөвлөлдсөн нь магтууштай хэрэг юм. Ахмадууд хаанд ард түмний хүслийг биелүүлбэл өөрийг нь дэмжинэ гэж хэлж зөвлөжээ (Х.дээд 12:3–7). Ахмадуудын хэлсэн үгэнд Рехобоамын сэтгэл ханаагүй бололтой. Тийм учраас өөртэй нь хамт өссөн залуучуудтай зөвлөлдөв. Тэд 40 орчим настай хүмүүс учир амьдралын тодорхой туршлагатай байсан нь лавтай (Ш.дэд 12:13). Гэхдээ тэд муу юм зөвлөжээ. Ард түмнийхээ ачаан дээр ачаа нэмж, буулгыг нь улам хүнд болго гэсэн байна (Х.дээд 12:8–11). Тэс ондоо хоёр зөвлөгөөг сонссон Рехобоам Еховад залбирч алийг нь дагах вэ гэж асууж болох л байв. Гэвч тэрбээр ингэхийн оронд өөрт нь таалагдсан залуусын зөвлөгөөг дагахаар шийдсэн. Ингэснээр өөртөө ч, ард түмэндээ ч их гай тарьсан. Бидний хувьд ч зарим зөвлөгөө сэтгэлд нийцэхгүй байж болох юм. Гэхдээ Бурхны Үгэнд үндэслэсэн бол энэ зөвлөгөөг дагах ёстой.

7. Уззиа хаанд тохиолдсон явдлаас юу мэдэж авах вэ?

7 Уззиа хаан зөвлөгөөг дагахаас татгалзсан. Тэрбээр Еховагийн сүмийн зөвхөн тахилч нарт л зөвшөөрөгдсөн өрөөнд орж, утлага уугиулахыг оролдсон. Тэгэхэд нь тахилч нар: «Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага уугиулахаар ариусгагдсан ... тахилч нарын үүрэг юм» гэжээ. Уззиа яасан бэ? Хэрэв тэрбээр даруу байж зөвлөгөөг нь дагаад тэр даруй сүмээс гарч явсан бол Ехова уучлах байсан байх. Харин ингэхийн оронд бүр «уурлан хилэгнэсэн». Яагаад? Өөрөө хаан учраас юу хүссэнээ хийж болно гэж бодсон байх. Харин Ехова тэгж огт бодоогүй. Их зан гаргасны гайгаар уяман өвчин тусаж, «үхэх өдрөө хүртэл» өвчтэй байв (Ш.дэд 26:16–21). Уззиа хааны жишээнээс юу мэдэж авах вэ? Бид ямар ч үүрэгтэй байсан Библид үндэслэсэн зөвлөгөөг дагахаас татгалзвал Бурхны сайшаалыг алдана.

ТЭД ЗӨВЛӨГӨӨГ ДАГАСАН

8. Иов зөвлөгөөг сонсоод яасан бэ?

8 Библид бичсэн дээрх сэрэмжлүүлгээс гадна зөвлөгөөг дагаж ивээл хүртсэн дуурайвал зохих хүмүүсийн сайн жишээ байдаг. Одоо, Иовын тухай ярилцъя. Иов Бурхнаас эмээдэг ч төгс бус хүн байсан. Хүнд дарамтаас болоод буруу зөрүү бодсон. Тиймээс Елиху Ехова хоёр түүнд шулуухан зөвлөсөн. Иов яасан бэ? Даруу байж зөвлөгөөг дагасан. «Би ойлгоогүйгээ ... тунхагласан билээ. ... би хэлснээсээ буцаж, шороо ба үнсэн дунд гэмшье» гэв. Иов даруу байсан учраас Бурхны ивээлийг хүртсэн (Иов 42:3–6, 12–17).

9. Мосе зөвлөгөөг дагах талаар ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

9 Мосе сайн үлгэр дуурайл үзүүлсэн. Тэрбээр ноцтой алдаа гаргасан ч өгсөн зөвлөгөөг дагаж, алдаагаа засдаг. Нэг удаа тэвчээр алдаад ард түмэнд уурлаж, Еховаг алдаршуулаагүй. Үүнээс болоод Амласан газар орох завшаанаа алддаг (Тоол. 20:1–13). Тэрбээр Еховад хандаж, гаргасан шийдвэрээ эргэж нэг харахыг гуйдаг. Тэгэхэд нь Ехова: «Чи энэ тухай Надад дахин бүү ярь» гэжээ (Д.хууль 3:23–27). Тэгэхэд нь Мосе гомдож уурлаагүй. Харин ч Еховагийн шийдвэрийг дэмжиж, Ехова ч түүгээр Израйлыг удирдуулсаар байсан (Д.хууль 4:1). Иов ч, Мосе ч зөвлөгөөг дагах талаар дуурайвал зохих сайхан жишээ үлдээсэн. Иов бодлоо өөрчилсөн, өөрийгөө ч өмөөрөөгүй. Мосе эрхэмлэж байсан завшаанаа алдсаны дараа ч үнэнч байснаараа Еховагийн зөвлөгөөг дуртайяа дагаснаа харуулдаг.

10. а) Зөвлөгөөг дагахын ач тусын талаар Сургаалт үгс 4:10–13-т юу гэж бичсэн бэ? б) Зөвлөгөөний талаар зөв хандлагатай байсан хүмүүсийн жишээг хэлнэ үү.

10 Иов Мосе зэрэг үнэнч хүмүүсийг дуурайдаг бол бидэнд ач тустай (Сургаалт үгс 4:10–13-ыг уншина). Олон итгэл нэгтэн маань тэднийг дуурайдаг. Конгод амьдардаг Иммануел гэдэг Гэрч эрэгтэй сануулга аваад юу гэж хэлснийг анхаараарай. * «Манай хурлын төлөвшсөн ах нар Еховатай тогтоосон харьцаандаа сэв суулгах гэж байгааг минь анзаараад надад тусалсан. Би тэдний зөвлөгөөг дагаад олон бэрхшээлтэй нүүр тулахгүй, тойрч гарч чадсан». Канадын эхлэгч эмэгтэй Мэган: «Надад өгсөн зөвлөгөө нь миний сонсохыг хүссэн зүйл биш, харин сонсох шаардлагатай зүйл байдаг байсан» гэж ярьжээ. Хорватад үйлчилдэг Марко гэдэг Гэрч эрэгтэй: «Би сайхан завшаанаа алдсан. Гэхдээ эргээд бодоход тухайн үед өгсөн зөвлөгөөний ачаар би Еховатай дахин дотноссон» гэжээ.

11. Карл Клайн зөвлөгөөний талаар юу ойлгосон бэ?

11 Зөвлөгөөг дагаад ач тусыг нь хүртсэн нэг хүн бол Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Карл Клайн юм. Тэрбээр түүхээ ярьж байхдаа дотнын найз Жозеф Ф. Рутерфорд өөрийг нь хатуу зэмлэж, зөвлөгөө өгснийг дурдсан байдаг. Ингэхэд нь таагүй санагдсанаа ний нуугүй хэлж байжээ. Тэрбээр: «Дараа нь [Рутерфорд ах] надтай тааралдаад инээмсэглэн “Сайн уу, Карл аа?” гэж мэндчилсэн. Харин би их гомдсон байсан учраас “Сайн” гэж амандаа бувтнах аядав. Тэгсэн тэрбээр: “Карл аа, сэрэмжтэй байгаарай. Диавол чамайг отож байна шүү” гэсэн. Би сандраад “Би гомдоогүй” гэж хэлж билээ. Гэхдээ Рутерфорд ах гомдож байсныг минь мэдэж байсан учраас дахин сэрэмжлүүлж “Гомдоогүй бол сайн байна. Сэрэмжтэй байгаарай. Диавол чамайг отож байна шүү” гэжээ. Тийнхүү сэрэмжлүүлсэн нь үнэхээр зөв байсан. Бид ялангуяа хэлэх шаардлагатай юмыг хэлсэн хүнд гомдоод яваад байвал Диаволын урхинд орох аюултай» гэж ярьсан байдаг (Эф. 4:25–27). * Клайн Рутерфордын зөвлөгөөг дагасан. Тэд маш дотнын найзууд хэвээрээ байсан.

ЯАВАЛ ЗӨВЛӨГӨӨГ ДУРТАЙЯА ДАГАХ ВЭ?

12. Даруу хүн яагаад зөвлөгөөг дуртайяа дагадаг вэ? (Дуулал 141:5).

12 Бид яавал зөвлөгөөг дуртайяа дагах вэ? Бид төгс бус гэдгээ, бас үе үе мунхагладгаа санаж даруу байх хэрэгтэй. Дээр ярьсанчлан Иов буруу бодолтой байсан ч хожим нь үүнийгээ засаж Еховагийн ивээлийг хүртсэн. Яагаад? Учир нь Иов даруу байсан. Өөрөөс нь насаар хавьгүй залуу Елихугийн зөвлөгөөг хүлээн авч дагасан (Иов 32:6, 7). Бид ч даруу байдаг бол надад зөвлөгөө өгөх хэрэггүй гэж бодогдсон ч эсвэл насаар дүү хүн зөвлөгөө өгсөн ч дуртайяа дагана. Канадад байдаг ахлагч «Бид өөрсдийгөө хүний нүдээр харж чадахгүй учраас хэн нэгэн зөвлөхгүй л бол хэрхэн ахиц дэвшил гаргах билээ дээ!» гэжээ. Бид бүгдээрээ сайхан зан чанартай болж, сайн дэлгэрүүлэгч, багш болохыг хүсдэг шүү дээ (Дуулал 141:5-ыг уншина).

13. Зөвлөгөөг юу гэж үзэх ёстой вэ?

13 Зөвлөгөөг Бурхны хайрын илрэл гэж үзээрэй. Ехова биднийг сайн сайхан яваасай гэж хүсдэг (Сур. 4:20–22). Тийм учраас хайрладгаа харуулж өөрийн Үгэндээ болон Библид үндэслэсэн хэвлэлдээ зөвлөгөө бичүүлдэг. Бас төлөвшсөн итгэл нэгтнүүдээр маань зөвлөгөө өгүүлдэг. Зөвлөгөө нь Еврей 12:9, 10-т бичсэнээр «сайн сайхны маань төлөө» билээ.

14. Хэн нэгэн нь зөвлөгөө өгөхөд бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

14 Хэрхэн зөвлөснийг бус, юу зөвлөснийг анхаараарай. Зарим хүнд зөвлөгөө өгч буй хүний арга таалагдахгүй байж болох юм. Ер нь зөвлөгөө өгч байгаа хүн яаж өгөхөө бодох хэрэгтэй * (Гал. 6:1). Гэхдээ арай эвтэйхэн, найрсаг байдлаар зөвлөгөө өгч болоогүй юм байх даа гэж санагдсан ч юу зөвлөж байгааг анхаарах нь зүйтэй. Бид өөрсдөөсөө «Зөвлөгөө яаж өгч байгаа нь таалагдахгүй байгаа ч жаахан ч атугай үнэн юм яриад байна даа. Зөвлөж байгаа хүн алдаа дутагдалтай ч надад хэрэгтэй юмыг хэлээд байгаа юм биш биз?» гэж асууж болохгүй нь юу билээ? Ямар ч зөвлөгөөнөөс ач тус хүртэхийг бодох нь ухаалаг хэрэг юм.

ЗӨВЛӨГӨӨ АВЧ АЧ ТУСЫГ НЬ ХҮРТЭЭРЭЙ

15. Бид яагаад зөвлөгөө авах хэрэгтэй вэ?

15 Библид зөвлөгөө авч байхыг уриалдаг. Сургаалт үгс 13:10-т «Зөвлөгөөг авагсдад мэргэн ухаан байна» гэж бичжээ. Энэ ямар үнэн үг вэ! Ер нь зөвлөгөө өгөхийг хүлээж суухын оронд зөвлөгөө авах гэж хайдаг ухаалаг хүн зөв шийдвэр гаргана. Тиймээс санаачилгатай байж зөвлөгөө авч байгаарай.

Залуу Гэрч эмэгтэй яагаад төлөвшсөн Гэрчээс зөвлөгөө авч байгаа вэ? (16-р догол мөрийг үзээрэй)

16. Ямар үед зөвлөгөө авч болох вэ?

16 Бид итгэл нэгтнүүдээсээ ямар үед зөвлөгөө авч болох вэ? Бодож үзье. 1) Гэрч эмэгтэй туршлагатай Гэрчийг Библийн хичээлдээ уриад заах чадвараа хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авахыг хүсэж байна. 2) Ганц бие Гэрч эмэгтэй хувцас хунар худалдаж авах гэээд сонгож байна. Тэгээд сонгож байгаа хувцасны талаар ямар бодол төрснөө ний нуугүй хэлэхийг төлөвшсөн Гэрч эмэгтэйгээс асууж байна. 3) Гэрч эрэгтэй анх удаа илтгэл тавих даалгавар авчээ. Илтгэлийг сонсоод зөвлөгөө өгөхийг туршлагатай илтгэгчээс гуйж байна. Олон жил илтгэл тавьсан Гэрч ч туршлагатай хүнээс зөвлөгөө авах нь ач тустай байдаг.

17. Яавал зөвлөгөөний ач тусыг хүртэх вэ?

17 Бид бүгдэд шууд болон шууд бус аргаар зөвлөгөө өгсөөр байх болно. Тэр үед энэ өгүүллээр үзсэн зүйлүүдээ санаарай. Даруу байгаарай. Хэрхэн зөвлөснийг бус, юу зөвлөснийг анхаараарай. Зөвлөгөөг дагаарай. Бидний хэн ч мэргэн ухаантай төрөөгүй. Гэхдээ бид «зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж авдаг» бол «мэргэн байх болно» гэж Библид бичсэн байдаг (Сур. 19:20).

ДУУ 18 Бурхны хайр энэрэл

^ Еховагийн ард түмэн Библид үндэслэсэн зөвлөгөөг сонсоод дагах нь хэчнээн чухал болохыг ойлгодог. Гэхдээ зөвлөгөөг дуртайяа зөвшөөрөх нь тэр бүр амаргүй. Яагаад вэ? Бид яавал зөвлөгөөний ач тусыг хүртэх вэ?

^ Зарим нэрийг өөрчлөв.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1984 оны 10-р сарын 1-ний дугаарын 21–28-р хуудсыг үзнэ үү (англи).

^ Хэрхэн эвтэйхэн аргаар зөвлөгөө өгөхийг дараагийн өгүүллээр ярилцана.