Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 9

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайгаарай

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайгаарай

«Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» (ҮЙЛС 20:35).

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

ТОЙМ *

1. Еховагийн ард түмэн ямар сэтгэлээр үйлчилдэг вэ?

 АРД түмэн нь Есүсээр удирдуулж Еховад «сайн дураараа үйлчлэх болно» гэсэн зөгнөлийг Библид олон жилийн өмнө бичүүлжээ (Дуу. 110:3). Энэ зөгнөл өнөөдөр биелж байна. Идэвх зүтгэлтэй үйлчлэгчид нь жил бүр олон зуун сая цагийг дэлгэрүүлэх ажилд зориулдаг. Тэд сайн дураараа дэлгэрүүлж ямар ч цалин хөлс авдаггүй. Бас итгэл нэгтнүүддээ бодитой тусламж үзүүлж, тэднийг урамшуулж, итгэлээ батжуулахад нь хувь нэмэр оруулдаг. Ахлагчид болон туслах үйлчлэгчид цуглаан дээр тавих илтгэлээ бэлдэж, хоньчны эргэлт хийж итгэл нэгтнүүдээ урамшуулахын тулд тоймгүй олон цагийг зориулдаг. Яагаад энэ бүхнийг хийдэг юм бол оо? Еховаг болон бусдыг хайрладаг учраас тэр юм (Мат. 22:37–39).

2. Ром 15:1–3-т бичсэнээр Есүс юугаараа үлгэр дуурайл болдог вэ?

2 Есүс бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүр тавих талаар гайхалтай үлгэр жишээ үлдээсэн. Бид ч түүнийг дуурайхын тулд чадахаараа хичээдэг (Ром 15:1–3-ыг уншина). Ингэдэг бол Есүсийн хэлснээр «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэдгийг мэдэрнэ (Үйлс 20:35).

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Энэ өгүүллээр, Есүс хүний төлөө гэсэн сэтгэлтэй байсныг болон түүнийг хэрхэн дуурайхыг үзнэ. Бас бусдад туслах гэсэн чин хүслээ хэрхэн бадраахыг ярилцана.

ЕСҮСИЙГ ДУУРАЙГААРАЙ

Есүс ядарсан ч олныг хараад яасан бэ? (4-р догол мөрийг үзээрэй)

4. Есүс бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг нь юунаас харагддаг вэ?

4 Есүс ядарсан ч хүмүүст тусалсан. Есүс Капернаумын ойролцоох нэгэн уулын бэлд байсан бололтой. Тэгтэл олон түмэн өөртэй нь уулзахаар иржээ. Есүс яасан бол? Шөнөжин залбирч хоноод нэлээд ядарсан байсан ч олон түмнийг, ялангуяа ядуу өвчтэй хүмүүсийг хараад ихэд өрөвджээ. Тэгээд тэднийг эдгээснээр барахгүй хүн төрөлхтөнд урам хайрлаж зориг өгдөг хэзээ ч хуучирдаггүй алдарт илтгэлээ тавьсан юм. Үүнийг «Уулан дээр айлдсан сургаал» гэдэг (Лук 6:12–20).

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг хэрхэн дуурайх вэ? (5-р догол мөрийг үзээрэй)

5. Өрхийн тэргүүнүүд ядарсан ч Есүсийг хэрхэн дуурайдаг вэ?

5 Өрхийн тэргүүнүүд Есүсийг дуурайдаг. Дараах дүр зургийг төсөөлөөд үз дээ. Өдөржингөө ажилласан өрхийн тэргүүн орой гэртээ ядарсан иржээ. Хуваарийнхаа дагуу хийх ёстой гэр бүлийн хичээлээ хиймээргүй санагдсан ч Еховад залбирч хүч тэнхээ гуйлаа. Ехова ч залбиралд нь хариулж тэрбээр хуваарийн дагуу хичээлээ хийж чадав. Хүүхдүүд нь аавыгаа хараад Еховаг шүтэхийг эн тэргүүнд тавих хэрэгтэйг ойлгожээ.

6. Есүс өөртөө зориулах гэсэн цагаа бусдад хэрхэн зориулсныг жишээгээр хэлнэ үү.

6 Есүс өөртөө зориулах гэсэн цагаа бусдад зориулсан. Есүст баптисм хүртээгч найз Ёоханыг нь цаазалсныг сонсох ямар хэцүү байсныг төсөөл дөө. Маш их гашуудсан байх. Библид «Энэ явдлын талаар сонссон Есүс ганцаараа байх гэж завинд суун эзгүй газар луу явав» гэжээ (Мат. 14:10–13). Яагаад ганцаараа байхыг хүссэн нь ойлгомжтой. Бидэнд ч ингэмээр санагдана шүү дээ. Гэхдээ Есүст ганцаараа байх боломж гараагүй. Хүмүүс тэнд түрүүлээд очсон байв. Есүс яасан бэ? Хүмүүсийг хараад «өрөвдсөн». Тэдэнд Бурхны үгийг сонсгож тайвшруулах хэрэгтэй байсан учир «[ганц нэг зүйл бус,] олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:31–34; Лук 9:10, 11).

7, 8. Хайр халамжтай ахлагчид Есүсийг хэрхэн дуурайдаг вэ? Жишээ хэлнэ үү.

7 Хайр халамжтай ахлагчид Есүсийг дуурайдаг. Бидний төлөө сэтгэлээ зориулдаг ахлагчдын хийдэг бүхэнд бид туйлын их талархдаг! Хийдэг ажлын ихэнх нь бидэнд харагдахгүй. Жишээлбэл, итгэл нэгтнүүд маань эмнэлгийн яаралтай тусламж авах болбол Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүд яаран очдог. Ийм онцгой тохиолдол гол төлөв шөнө дунд гардаг. Тэглээ ч ах дүүгээ гэсэн өрөвч сэтгэлдээ хөтлөгдсөн хайрт ахлагчид болон тэдний гэр бүлийнхэн бусдын эрх ашгийг өөрсдийнхөөсөө дээгүүр тавьдаг.

8 Ахлагчид цуглааны танхим болон бусад барилга байгууламж барих, байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд туслах ажилд бас оролцдог. Түүнчлэн зааж сургах, урамшуулан зоригжуулах, тусалж дэмжихийн тулд хурлынхандаа маш их цаг зориулдгийг бид бүгд мэддэг. Ахлагчид ч, ар гэрийнхэн нь ч магтуулах үнэхээр зохистой хүмүүс. Итгэл нэгтнүүдээ гэсэн сэтгэлтэй тэднийг Ехова ивээх болтугай! Гэхдээ ахлагчид бусадтай л адил дүн нуруутай байх хэрэгтэй. Тэд хурлынхаа үйл ажиллагаанд хэтэрхий их цаг заваа зориулдаг бол гэр бүлийнхнийхээ сайн сайхныг умартах аюултай.

ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ЧИН ХҮСЛЭЭ ХЭРХЭН БАДРААХ ВЭ?

9. Филиппой 2:4, 5-д бичсэнээр бид бүгд ямар хандлагатай байх ёстой вэ?

9 Филиппой 2:4, 5-ыг уншина. Зөвхөн ахлагчид бус, бид бүгдээрээ хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайж чадна. Библид Есүсийг «боолтой адил болсон» гэж бичжээ (Флп. 2:7). Эндээс юуг ойлгож авах вэ? Хичээл зүтгэлтэй боол юм уу үйлчлэгч эзэндээ таалагдахын тулд бүхнийг хийдэг. Бид бол Еховагийн боол, бас итгэл нэгтнүүддээ үйлчилдэг. Харин яаж илүү сайн боол болж, итгэл нэгтнүүддээ илүү сайн үйлчлэх вэ? Одоо энэ тухай ярилцъя.

10. Бид өөрсдөөсөө юу гэж асууж болох вэ?

10 Ямар хандлагатайгаа бодож үзээрэй. Та өөрөөсөө ингэж асуугаарай. «Би бусдын төлөө дуртайяа цаг хүчээ зориулдаг уу? Жишээ нь, хэрэв хэн нэгэн надаас асрамжийн газарт байдаг Гэрч ахыг эргэх эсвэл настай Гэрч эгчийг цуглаанд авч явахыг гуйвал би яах бол? Чуулган болох газрыг цэвэрлэх юм уу цуглааны танхимыг арчиж тордох ажилд дуртайяа оролцдог уу?» Бид байгаа бүхнээ Еховад зориулна гэж амласан хүмүүс билээ. Тиймээс цаг хүч, эд юмаа итгэл нэгтнүүдээ дэмжихийн тулд ашиглавал Ехова маш их баярлана. Итгэл нэгтнүүддээ үйлчлэхийн тулд зарим талаар сайжрах хэрэгтэй гэж бодвол яах нь зүйтэй вэ?

11. Итгэл нэгтнүүддээ дуртайяа үйлчилдэг болоход залбирал тустай гэхийн учир юу вэ?

11 Еховад чин сэтгэлээсээ залбираарай. Та зарим нэг юмаа өөрчлөх шаардлагатайгаа ухаарсан ч өөрчилье гэсэн хүсэл төрөхгүй бол яах вэ? Еховад хандан шаргуу залбираарай. Үнэнээ хэлээрэй. Зүрх сэтгэлд байгаагаа илчлээд итгэл нэгтнүүддээ үйлчлэх «хүсэл төрүүл[ж], хүч чадал хайрлахыг» гуйгаарай (Флп. 2:13).

12. Хурлынхандаа үйлчлэх ямар боломж баптисм хүртсэн залуу эрчүүдэд байдаг вэ?

12 Та баптисм хүртсэн залуу бол хурлынхаа итгэл нэгтнүүддээ туслах хүсэлтэй болгож өгөөч гэж Еховагаас гуйгаарай. Зарим улс оронд туслах үйлчлэгчид ахлагчдаас цөөхөн бөгөөд тэдний олонх нь дундаж буюу түүнээс дээш насны хүмүүс байдаг. Байгууллага маань өргөжин тэлж байгаа тул Еховагийн ард түмэнд үйлчлэх залуу Гэрч эрэгтэйчүүд их хэрэгтэй байна. Та хэрэгцээтэй газар үйлчилбэл аз жаргалаар бялхана. Ингэж хэлэхийн учир юу вэ? Яагаад гэвэл та Еховаг баярлуулна, сайн нэртэй болно, итгэл нэгтнүүддээ үйлчлэхийн жаргалыг амсана.

Иудейд амьдарч байсан Христийн дагалдагчид Иордан голыг гаталж Пелла хот руу зугтав. Тэнд түрүүлж очсон дагалдагчид сүүлд ирсэн хүмүүст хоол хүнс тарааж байна (13-р догол мөрийг үзээрэй)

13, 14. Ах дүүстээ туслахын тулд яах хэрэгтэй вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

13 Ах дүүд тань юу хэрэгтэйг анзаардаг байгаарай. Элч Паул Иудейд амьдардаг Христийн дагалдагчдад «Сайн юм хийхийг, байгаагаа бусадтай хуваалцахыг бүү март. Яагаад гэвэл ийм тахил Бурханд таалагддаг» гэж захисан (Евр. 13:16). Энэ бол үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байлаа. Тэд энэ захидлыг хүлээж авснаасаа хойш хэдэн жилийн дараа гэр орон, хувийн аж ахуй, үл итгэгч хамаатан саднаа орхиж «уул руу зугтах» шаардлагатай болсон (Мат. 24:16). Тэр үед бие биедээ туслах нь бүр ч их чухал байсан. Энэ явдал болохоос өмнө Паулын зөвлөгөөг дагаж, байгаа юмаа нэг нэгэнтэйгээ хуваалцаж сурсан хүний хувьд шинэ газар очоод гачигдаж дутагдахыг үл тоон нөхцөл байдалдаа дасах амархан байсан.

14 Ах дүүс маань юу хэрэгтэй байгаагаа тэр бүр хэлэхгүй байж болох юм. Жишээ нь, эхнэр нь өөд болсон Гэрч эрэгтэйг бодож үзээрэй. Түүнд хоол унд, гэрийн ажил хийхэд тусламж хэрэгтэй байна уу? Унаагаар үйлчлүүлэх шаардлагатай болов уу? Тэрбээр бидэнд төвөг болно гэж бодоод туламж хэрэгтэйгээ хэлэхгүй байж магадгүй. Гэхдээ бид санаачилга гаргаж хэрэгтэй тусламжийг нь үзүүлбэл тэрбээр маш их баярлах байх. Түүнд тусалж байгаа хүн байгаа байх, эсвэл тусламж хэрэгтэй бол өөрөө хэлэх байх гэж бодох ёсгүй. Та өөрөөсөө «Хэрэв би ийм байдалд орсон бол надад ямар тусламж хэрэгтэй байх байсан бол?» гэж асуугаарай.

15. Бусдад туслахыг хүсвэл ямар хүн болох гэж хичээх ёстой вэ?

15 Харьцахад амар хүн болоорой. Танай хуралд бусдад дуртайяа тусалдаг эрэгтэй эмэгтэй Гэрчүүд байдаг нь гарцаагүй. Тэднийг туслахад итгэл нэгтэнд нь төвөг удчихлаа гэсэн бодол төрдөггүй. Тусламж гуйвал баараггүй тусална гэдэгт бид итгэдэг. Мөн тэдэн шиг байхыг хүсдэг. 45 настай Алан гэдэг ахлагч бүх хүнтэй найрсаг харьцаатай байхыг хичээдэг. Алан Есүсийн жишээг эргэцүүлэн бодоод ийнхүү ярьжээ. «Хэдийгээр Есүс завгүй хүн байсан ч бүх насныхан түүнээс айж ичилгүйгээр тусламж гуйдаг байсан. Яагаад гэвэл Есүс хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдгийг тэд мэддэг байв. Би Есүс шиг хайр халамжтай, харьцахад амар, бусдад санаа тавьдаг хүн болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна».

16. Дуулал 119:59, 60-д бичсэнийг хэрэгжүүлэх нь Есүсийн мөрөөр яг таг дагахад тустай гэхийн учир юу вэ?

16 Есүсийг төгс дуурайж чадахгүй гээд сэтгэлээр унах хэрэггүй (Яак. 3:2). Зураач болох гэж байгаа оюутан яг багш шигээ сайн зурж чадахгүй. Гэхдээ ямар алдаа гаргадгаа мэдэж аваад багшийгаа дуурайх гэж хичээдэг бол бага багаар сайжирна. Үүнтэй адилаар бид бие даан судалж, мэдсэнээ ажил болгож, алдаагаа засахын тулд чадах бүхнээ хийдэг бол Есүсийн үлдээсэн мөрөөр яг таг дагаж чадна (Дуулал 119:59, 60-ыг уншина).

ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ БАЙХЫН АЧ ТУС

Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайдаг ахлагчид залууст үлгэр дуурайл болдог (17-р догол мөрийг үзээрэй) *

17, 18. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайдаг бол ямар ач тустай вэ?

17 Бусдад тусалдгийг маань харсан хүмүүс бас туслах хүсэлтэй болдог. Тим гэдэг ахлагч: «Зарим Гэрч эрэгтэй бүр залуугаасаа туслах үйлчлэгч болсон. Яагаад гэдгийн нэг шалтгаан нь бусдад тусалж байгаа хүмүүсийг хараад тэдэн шиг болохыг хүссэн учраас тэр юм. Тэд хувиа бодолгүй хурлынхандаа үйлчилж ахлагчдад тус дэм болж байна» гэж ярьжээ.

18 Энэ ертөнц амин хувиа боддог хүмүүсээр дүүрэн байдаг. Гэхдээ Еховагийн ард түмэн тэс өөр. Есүс бусдын сайн сайхны төлөө явдаг нь зүрх сэтгэлийг маань хөдөлгөж, бид түүнийг дуурайя гэж бат шийдсэн. Мэдээж төгс дуурайх боломжгүй ч «мөрөөр [нь] яг таг дагаж» чадна (1 Петр 2:21). Хүний төлөө гэсэн сэтгэлтэй Есүсийг дуурайхыг хамаг чадлаараа хичээдэг бол бид ч Еховагийн сайшаалыг хүртэхийн сайхныг мэдэрнэ.

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

^ Есүс өөрийнхөө эрх ашгийг ямагт хойш нь тавьж үргэлж бусдын сайн сайхны төлөө явдаг хүн байсан. Есүсийг хэрхэн дуурайхыг энэ өгүүллээр үзнэ. Бас бусдыг гэсэн сэтгэлтэй байх нь ямар ач тустайг ярилцана.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Аавыг нь эргэж эмнэлэг дээр ирж байгаа хоёр ахлагчийг Дан харж байна. Хайр халамжтай ахлачдын үлгэр жишээ Даны сэтгэлийг хөдөлгөв. Ингээд хурлынхаа хэнд юу хэрэгтэй байгааг анзаардаг болж настай итгэл нэгтэндээ санаа тавьж байна. Үүнийг нь Бэн гэдэг бас нэг залуу анзаарав. Даны үлгэр жишээг дуурайж Бэн цуглааны танхимыг цэвэрлэх ажилд оролцож байна.