Skip to content

Гарчиг руу орох

Таны мэдлэгт

Таны мэдлэгт

Хүүрзгэнээр ч, тагтаагаар ч тахил өргөж болдог байсан нь ямар сайн талтай байсан бэ?

ХУУЛИЙН дагуу Еховад хүүрзгэнээр ч, тагтаагаар ч тахил өргөдөг байв. Тахилын тухай заасан хуульд энэ хоёр шувуу дандаа хамт дурдагддаг бөгөөд аль байгаагаар нь тахил өргөж болдог байжээ (Лев. 1:14; 12:8; 14:30). Энэ нь яагаад сайн талтай байсан бэ? Нэг шалтгаан нь хүүрзгэнэ зарим улиралд олддоггүй байв. Яагаад?

Хүүрзгэнэ

Хүүрзгэнэ бол Израйлын хаана ч амьдардаг нүүдлийн шувуу юм. Тэд жил бүрийн 10-р сард өмнө зүгийн дулаан оронд нүүдэллэж, хавар Израйлд буцаж ирдэг (Сол. 2:11, 12; Иер. 8:7). Тиймээс израйлчууд өвлийн улиралд хүүрзгэнээр тахил өргөх боломжгүй гэсэн үг.

Тагтаа

Харин тагтаа нүүдэллэдэггүй тул израйлчууд жилийн турш тагтаагаар өргөл өргөх боломжтой байв. Түүнээс гадна тагтааг гаршуулдаг байжээ (Ёохан 2:14, 16-тай харьцуулаарай). «Библийн ургамал ба амьтад» номд «Палестины бүх хот тосгодод тагтааг гэртээ тэжээж гаршуулдаг байсан. Айл болгон тагтааны үүртэй буюу гэрийнхээ хананд нүх гаргадаг байв» гэж бичжээ (Исаиа 60:8-тай харьцуулаарай).

Үүрэндээ байгаа тагтаа

Израйлчууд жилийн турш шувуугаар тахил өргөх боломжтой байсан нь Ехова нөхцөл байдлыг харгалздаг, хайр халамжтай Бурхан гэдгийг харуулдаг.