Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 10

Та «хуучин хүнээ ... тайл»

Та «хуучин хүнээ ... тайл»

«Хуучин хүнээ муу зуршилтай нь тайл» (КОЛ. 3:9).

ДУУ 34 Гэрчийн ёсоор амьдаръя

ТОЙМ *

1. Библи судалж эхлэхээсээ өмнө та ямар хүн байсан бэ?

 ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДТЭЙ Библи судлахаасаа өмнө та ямар хүн байсан бэ? Олон хүн өмнө нь ямар байснаа бодохоороо өөрийн эрхгүй санаа алддаг. Энэ ертөнцийнхний зөв буруугийн талаарх хэм хэмжээ гадаад байдал, зан төлөвт маань нөлөөлсөн байсан. Бид «энэ ертөнцөд итгэж найдах юмгүй, Бурхныг мэддэггүй» байж билээ (Эф. 2:12). Библи судлаад л бид өөрчлөгдсөн шүү дээ!

2. Та Библи судлаад юуг мэдэж авсан бэ?

2 Өөрийг тань маш их хайрладаг тэнгэрийн Эцэг байдгийг та Библи судлаад мэдэж авсан. Еховад таалагдаж, гэр бүлийнх нь гишүүн болъё гэвэл амьдралын хэв маяг, гадаад байдал, санаа бодлоо ихээхэн өөрчлөх хэрэгтэйг та ойлгосон. Мөн Бурхны өндөр хэм хэмжээний дагуу амьдарч сурах хэрэгтэй болов (Эф. 5:3–5).

3. Ехова биднээс Колосай 3:9, 10-т бичсэнээр ямар шаардлага тавьдаг вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бүтээгч, тэнгэрийн Эцэг Ехова гэр бүлийнхээ гишүүдээс юу хийхийг шаардах зүй ёсны эрхтэй. Тиймдээ ч баптисм хүртэхээсээ өмнө «Хуучин хүнээ муу зуршилтай нь тайл» гэдэг (Колосай 3:9, 10-ыг уншина). * Энэ өгүүллээс баптисм хүртэх гэж байгаа хүмүүс дараах гурван асуултын хариуг авна. 1) «Хуучин хүнийг» өмссөн хүн ямар байдаг вэ? 2) Ехова яагаад хуучин хүнээ тайлаарай гэдэг вэ? 3) Хэрхэн тайлах вэ? Харин баптисм хүртсэн хүн хуучин хүнээ дахин өмсөхгүй байхад энэ өгүүлэл тус болно.

«ХУУЧИН ХҮНИЙГ» ӨМССӨН ХҮН ЯМАР БАЙДАГ ВЭ?

4. «Хуучин хүнийг» өмссөн хүн ямар байдаг вэ?

4 «Хуучин хүнийг» өмссөн хүн ер нь нүгэлт хандлагадаа хөтлөгдөн боддог, үйлддэг. Тийм хүн аминч, амархан уурладаг, талархдаггүй, бардам байж болох юм. Бас порно материалыг таашаан үздэг, садар самуун, хүчирхийлэлтэй кинонд дуртай байж магадгүй. Тийм хүнд ч сайн зан чанарууд байдаг нь мэдээж. Бас муу юм ярьж, хийсэндээ гэмшиж явдаг байж болох юм. Гэсэн ч бодол хандлагаа өөрчлөхөд нь түлхэц болох юм байдаггүй (Гал. 5:19–21; 2 Тим. 3:2–5).

«Хуучин хүнээ» тайлчихвал нүгэлт хандлагадаа захирагдан бодохгүй, үйлдэхгүй (5-р догол мөрийг үзээрэй) *

5. Хуучин хүнээ бүрмөсөн тайлж чадах уу? Тайлбарлана уу (Үйлс 3:19).

5 Хүн төгс бус учраас зүрх сэтгэл, бодол санаанаасаа буруу бодол, хандлагаа бүрмөсөн арилгаж чадах хүн гэж нэг ч байхгүй. Тиймээс заримдаа харамсах юм хэлж, хийчихдэг (Иер. 17:9; Яак. 3:2). Гэхдээ хуучин хүнээ тайлчихвал нүгэлт хандлагадаа захирагдан бодохгүй, үйлдэхгүй. Нэг ёсондоо өөр хүн болдог (Ис. 55:7; Үйлс 3:19-ийг уншина).

6. Ехова бидэнд яагаад буруу бодол, муу зуршлаасаа салахыг уриалдаг вэ?

6 Ехова биднийг маш их хайрладаг, бас жаргалтай амьдраасай гэж хүсдэг болохоор буруу бодол, муу зуршлаасаа салахыг уриалдаг (Ис. 48:17, 18). Хүмүүс муу хүсэлдээ автаад өөрсдийгөө ч, эргэн тойрныхоо хүмүүсийг ч хохироодгийг Ехова мэддэг. Хэн хэн маань зовж байгааг хараад Еховагийн сэтгэл их өвддөг.

7. Ром 12:1, 2-д бичсэнээр бидэнд ямар сонголт байгаа вэ?

7 Зарим найз нөхөд, гэр бүлийн гишүүн өөрчлөгдөх гэж хичээж байгааг маань хараад эхэндээ шоолж болох юм (1 Петр 4:3, 4). Тэд танд «Хүн хүссэнээ хийх эрхтэй шүү дээ. Бусдын хэлснээр байх албагүй» гэж хэлж магадгүй. Гэхдээ Бурхны хэм хэмжээний дагуу амьдардаггүй хүмүүс юунд ч баригдалгүй амьдардаг гэсэн үг биш ээ. Үнэндээ тэд Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнцийн хэвэнд цутгуулсан (Ром 12:1, 2-ыг уншина). Бид бүгдэд Сатаны ертөнцийн хэвэнд цутгагдсан, нүгэлдээ боолчлогдсон хуучин хүнээ өмссөөр байх уу, эсвэл Еховагийн тусламжтайгаар төгс бус хүний хөгжүүлж чадах хамгийн сайн зан чанартай болж өөрчлөгдөх үү гэсэн хоёр сонголт бий (Ис. 64:8).

«ХУУЧИН ХҮНЭЭ» ХЭРХЭН ТАЙЛАХ ВЭ?

8. Буруу бодол, муу зуршлаасаа салахад бидэнд юу тус болох вэ?

8 Буруу бодол, муу зуршлаасаа салахад ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэйг Ехова мэддэг (Дуу. 103:13, 14). Тиймээс ч Ехова Үгээрээ, агуу хүчээрээ, байгууллагаараа бидэнд мэргэн ухаан, хүч өгч дэмжлэг үзүүлдэг. Ехова өмнө нь танд тусалсан нь эргэлзээгүй. Цаашдаа ч хуучин хүнээ бага багаар тайлсаар баптисм хүртэх шаардлага хангахад тустай юу юу хийхийг одоо авч үзье.

9. Бурхны Үг танд хэрхэн туслах вэ?

9 Библиэр өөрийгөө сайтар шалгаарай. Библи бол хэрхэн бодож, ярьж, үйлддэгээ дүгнэхэд тус болох толь юм (Яак. 1:22–25). Энэ толинд харахад Библийн багш тань юм уу төлөвшсөн Христийн дагалдагчид тусална. Жишээлбэл, тэд давуу болон сул талаа мэдэхэд тань хэрэг болох Библийн зүйлийг үзүүлж болох юм. Мөн муу зуршлаасаа салахад тустай Библид үндэслэсэн зөвлөгөөг яаж олохыг зааж өгнө. Түүнчлэн Ехова Бурхан ч танд туслахад хэзээд бэлэн байдаг. Зүрх сэтгэлд тань юу байгааг мэддэг тэрбээр хамгийн сайн аргаар тусална (Сур. 14:10; 15:11). Тиймээс байнга залбирах, Бурхны Үгийг өдөр бүр судлах хэвшилтэй болоорой.

10. Та Элигийн түүхийг уншаад юу ойлгосон бэ?

10 Еховагийн хэм хэмжээ хамгийн сайн гэдэгт итгээрэй. Еховагийн хий гэсэн болгон бидний сайн сайхны төлөө байдаг. Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахиж амьдардаг хүн өөрийгөө хүндэтгэж, зорилготой, жинхэнээсээ аз жаргалтай амьдардаг (Дуу. 19:7–11). Харин хэм хэмжээг нь үл тоомсорлож, нүгэлт хандлагадаа захирагдаж амьдардаг хүмүүс хор уршгийг нь амсдаг. Жишээ болгож Эли гэдэг хүний тухай ярилцъя. Тэрбээр Еховаг хайрладаг эцэг эхийн гар дээр өссөн. Гэхдээ өсвөр насандаа муу хүмүүстэй нийлж, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэж, ёс суртахуунгүй амьдарч, хулгай дээрэм хийдэг болжээ. Эли ууртай, хэрцгий, ааш авир гэж авах юмгүй болж байгаагаа анзаарчээ. Тэрбээр: «[Би] ер нь бол христиан хүнд зохисгүй гэж заалгасан бүх юмыг хийж үзсэн» гэжээ. Гэхдээ багадаа сурсан юмаа мартаагүй учир яваандаа дахиад Библийн хичээл хийж эхэлсэн. Тэгээд муу зуршлаасаа салах гэж тэмцсээр өөрчлөгдөж, 2000 онд баптисм хүртжээ. Эли Еховагийн хэм хэмжээний дагуу амьдардаг болоод ямар ач тус хүртсэн бэ? Эли: «Мөс чанар цэвэр, ухаан саруул явдаг» гэжээ. * Еховагийн хэм хэмжээг үл тоомсорловол өөрсдөө л зовдгийг түүнд тохиолдсон явдал харуулдаг. Гэхдээ Ехова Эли шиг хүмүүст туслахад бэлэн байдаг.

11. Ехова юуг үзэн яддаг вэ?

11 Еховагийн үзэн яддагийг үзэн ядаж сураарай (Дуу. 97:10). Библид бичсэнээр Ехова «ихэмсэг харц, худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гарыг» үзэн яддаг (Сур. 6:16, 17). Бас «цус урсгадаг, залилж мэхэлдэг хүнийг ... жигшдэг» (Дуу. 5:6). Ехова ийм хандлага болон бузар муу үйл хэргийг асар их жигшдэг. Тиймээс Ноагийн үед байсан хүчирхийлэх хандлагатай хүмүүсийг устгасан юм (Эх. 6:13). Өөр нэг жишээг үзье. Гэм зэмгүй ханиасаа салахын тулд зальжин арга хэрэглэдэг хүмүүсийг үзэн яддагаа Ехова зөнч Малахигаар хэлүүлсэн. Бурхан тийм хүмүүсийн шүтлэгийг үнэ цэнгүй гэж үздэг бөгөөд бузар муу юм хийсэн хүнийг шүүнэ (Мал. 2:13–16; Евр. 13:4).

Еховагийн хэлсэн бузар муу юмыг муудсан хоолтой адилтган үзэж жигших ёстой (11, 12-р догол мөрийг үзээрэй)

12. «Мууг жигших» гэж яахыг хэлдэг вэ?

12 Ехова «мууг жигшихийг» биднээс хүсдэг (Ром 12:9). Энд гарч байгаа «жигших» гэдэг үг нь хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг бөгөөд маш их үзэн ядах, зэвүүцэхийг хэлдэг. Танд муудсан хоол өгөөд идээрэй гэвэл яах вэ? Бодохоос л огиудас хүрнэ биз дээ? Еховагийн жигшдэг юмыг хийнэ гэж бодохоор ингэж дургүй хүрдэг байх ёстой.

13. Бодол санаагаа яагаад хамгаалах ёстой вэ?

13 Бодол санаагаа хамгаалаарай. Хүний бодол санаа үйл хэргээр нь илэрдэг. Тийм болохоор Есүс ноцтой нүгэл үйлдэхэд хүргэдэг юм битгий бодоорой гэсэн (Мат. 5:21, 22, 28, 29). Бид тэнгэрийн Эцгийнхээ таалалд нийцэхийг хүсдэг шүү дээ. Тэгэхээр ямар нэг муу бодол орж ирмэгц нэн даруй таягдан хаях нь хэчнээн чухал вэ!

14. Үг ярианаас юу харагддаг вэ? Ямар асуултуудад хариулах ёстой вэ?

14 Үгээ цэнээрэй. Есүс: «Амнаас гардаг юм зүрх сэтгэлээс гардаг» гэсэн (Мат. 15:18). Эндээс үзвэл юу ярьдгаас ямар хүн бэ гэдэг нь харагддаг. Та өөрөөсөө ингэж асуугаарай. «Би үнэнийг хэлээд хохирол амсах байсан ч худлаа ярихгүй байж чадах уу? Би гэрлэсэн хүний хувьд сээтгэнэхээс болгоомжилдог уу? Ёс суртахуунгүй юм ярихаас зайлсхийдэг үү? Хүн уур хүргэх юм хэлсэн ч тайван байж хариу хэлж чаддаг уу?» Эдгээр асуултад шударгаар хариулбал та ямар хүн болохоо тодорхой хэмжээгээр мэдэж авна. Хараал, худал үг, ёс суртахуунгүй яриа бол муу зан чанаруудыг хооронд нь залгасан оёдолтой адил. Хувцсыг оёдлоор нь ханзалж болдог шиг зохисгүй юм ярихаа больчихвол хуучин хүнээ тайлахад хялбар байна.

15. Хуучин хүнээ «шонд хадах» гэдгийг юу гэж ойлгох вэ?

15 Шийдэмгий алхам хийгээрэй. Амьдралын хэв маягаа өөрчлөхөд шийдэмгий алхам хийх нь маш чухал. Үүнийг ойлгуулахын тулд Паул хуучин хүнээ «шонд хадах» ёстой гэсэн (Ром 6:6). Есүс Еховад таалагдахын тулд дуртайяа шонд хадуулсан. Үүн шиг бид Еховагийн үзэн яддаг хандлага, зуршлаасаа ангижрахын тулд хуучин хүнээ шонд хадах ёстой. Ингэж л байж цэвэр мөс чанартай, мөнх амьдрах найдвартай болно (Ёох. 17:3; 1 Петр 3:21). Ехова өндөр хэм хэмжээгээ бидэнд тохируулж өөрчлөхгүйг санаарай. Бид л өөрсдийгөө өөрчилж, хэм хэмжээнд нь нийцүүлэх учиртай (Ис. 1:16–18; 55:9).

16. Буруу хүсэлтэйгээ тэмцсээр байя гэж бат шийдэх нь яагаад чухал вэ?

16 Буруу хүсэлтэйгээ тэмцсээр байгаарай. Баптисм хүртсэнийхээ дараа ч сул талтайгаа тэмцэж байх учиртай. Маурисио гэдэг эрэгтэйн тухай авч үзье. Тэрбээр залуугаасаа ижил хүйстэнтэйгээ явалддаг болсон байна. Тэгтэл Еховагийн Гэрчүүдтэй учирч Библийн хичээл хийж эхэлжээ. Өөрчлөх ёстой юмаа өөрчилсөөр 2002 онд баптисм хүртсэн. Тэрбээр Еховад олон жил үйлчилж байгаа ч «Заримдаа зохисгүй хүсэлтэйгээ тэмцэх үе байсан нь үнэн» гэжээ. Гэхдээ сэтгэлээр унаагүй. «Хүсэл тачаалдаа дийлдэхгүй байвал Еховаг баярлуулна гэж бодохлоор урам зориг ордог» гэж ярив. *

17. Набихагийн түүхээс юу нь танд урамтай байсан бэ?

17 Өөртөө бус Еховад найдан агуу хүчийг нь гуйж залбираарай (Гал. 5:22; Флп. 4:6). Хуучин хүнээ тайлж, дахин өмсөхгүй байя гэвэл эрс шийдвэртэй байх хэрэгтэй. Одоо Набиха гэдэг эмэгтэйн тухай ярилцъя. Түүнийг 6 настай байхад аав нь хаяж явжээ. Тэрбээр: «Үүнээс болоод би сэтгэлдээ гүн шархтай болсон» гэв. Набиха том болохын хэрээр улам л ууртай, түрэмгий болов. Мөн хар тамхи худалдсан хэргээр баривчлагдаж хэдэн жил шоронд суужээ. Тэнд байхдаа хоригдлуудад дэлгэрүүлэхээр ирсэн Гэрчүүдтэй уулзаж Библийн хичээл хийж эхэлсэн. Тэгээд их юмаа өөрчлөв. Тэрбээр: «Зарим муу зуршлаасаа амархан салсан ч тамхинаас гарах нь ёстой хэцүү байсан» гэж хэлжээ. Гэсэн ч жил гаруй тэмцээд тамхинаас гарсан. Юуны ачаар гарч чадсан юм бол? «Еховад байнга залбирсан минь тамхинаас гарахад хамгийн их тус болсон» гэж тэрбээр ярьсан юм. Одоо Набиха хүмүүст «Над шиг хүн өөрчлөгдөж чадсан юм чинь Еховад таалагдах хүсэлтэй хэн ч өөрчлөгдөж чадна!» гэж хэлдэг ажээ. *

ТА БАПТИСМ ХҮРТЭХ ШААРДЛАГА ХАНГАЖ ЧАДНА!

18. 1 Коринт 6:9–11-т бичсэнээр Бурхны олон үйлчлэгч яаж чадсан бэ?

18 Ехова I зуунаас эхлэн Христтэй хамтран захирах хүмүүсийг сонгосон. Тэдний зарим нь урьд нь завхайрагч, ижил хүйстэнтэй явалдагч, хулгайч байсан. Тэд Бурхны агуу хүчний тусламжтайгаар өөрчлөгдсөн (1 Коринт 6:9–11-ийг уншина). Өнөө үед ч олон сая хүн Библийн ачаар амьдралаа өөрчилжээ. * Тэд хэзээ ч салж чадахгүй гэж бодож байсан муу зуршлуудаасаа ангижирсан. Тэдний жишээ юуг баталдаг вэ? Та ч өөрчлөгдөж, муу зуршлаасаа салж, баптисм хүртэх шаардлага хангаж чадна гэдгийг баталдаг.

19. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Баптисм хүртэхийг хүсэж байгаа бол хуучин хүнээ тайлахаас гадна шинэ хүнийг өмсөх ёстой. Дараагийн өгүүллээр, бид шинэ хүнийг хэрхэн өмсөхийг, бусад нь хэрхэн туслахыг ярилцана.

ДУУ 6 Бурхны үйлчлэгчийн залбирал

^ д/м 5 Өөрчлөх ёстой зан чанар байгаагаа мэдсэн бол баптисм хүртэх шаардлага хангахын тулд дуртайяа өөрчлөх хэрэгтэй. Энэ өгүүллээр, хуучин хүнийг өмссөн хүн ямар байдгийг, түүнээсээ яагаад, хэрхэн салахыг үзнэ. Дараагийн өгүүллээр, баптисм хүртсэнийхээ дараа ч шинэ хүнийг хувцас мэт өмссөөр байхын тулд яах хэрэгтэйг үзнэ.

^ д/м 3 ҮГНИЙ ТАЙЛБАР: «Хуучин хүнээ тайлах» гэдэг нь Еховад таалагдахгүй хандлага, хүслээсээ ангижрахыг хэлдэг. Баптисм хүртэхээсээ өмнө өөрчлөгдөж эхлэх хэрэгтэй (Эф. 4:22).

^ д/м 10 Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 4 сарын 1-ний дугаарын «Библи хүнийг өөрчилдөг» булан дахь «Ехова руу буцаж ирсэн минь» гэсэн өгүүллийг уншаарай.

^ д/м 16 Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 10-р сарын 1-ний дугаарын «Библи хүнийг өөрчилдөг» булан дахь «Тэд надад сайхан сэтгэлээр хандсан юм» гэдэг өгүүллийг уншаарай.

^ д/м 17 Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 10-р сарын 1-ний дугаарын «Библи хүнийг өөрчилдөг» булан дахь «Би ууртай, түрэмгий зантай охин байсан» гэдэг өгүүллээс уншаарай (англи).

^ д/м 18  «Библи хүнийг өөрчилдөг» гэсэн хавсралтыг үзээрэй.

^ д/м 64 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Буруу хандлага, муу зуршлаасаа ангижрахыг хуучин хувцсаа тайлж хаяхтай адилтгаж болдог.