Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 11

Баптисм хүртсэнийхээ дараа ч «шинэ хүнийг» өмссөөр байгаарай

Баптисм хүртсэнийхээ дараа ч «шинэ хүнийг» өмссөөр байгаарай

«Шинэ хүнийг өмс» (КОЛ. 3:10).

ДУУ 11 Еховаг баярлуулъя

ТОЙМ *

1. Зан чанарт юу хамгийн их нөлөөлдөг вэ?

 БИД баптисм хүртээд удаагүй ч бай, хэдэн арван жил болсон ч бай Еховад таалагдах зан чанартай хүн болохыг хүсдэг. Бодлоо сайтар хянаж байвал тийм хүн болно. Яагаад гэвэл юу боддог маань зан чанарт ихээхэн нөлөөлдөг. Махан биеийнхээ хүслийн дагуу боддог бол муу юм хэлнэ, хийнэ (Эф. 4:17–19). Нөгөөтээгүүр дандаа сайн зүйлийг боддог бол Эцэг Еховадаа таалагдах юмыг хэлж, хийхэд амар байна (Гал. 5:16).

2. Энэ өгүүллээс ямар асуултын хариуг авах вэ?

2 Өмнөх өгүүлэлд үзсэнээр, бид муу юм огт бодохгүй байж чадахгүй. Гэхдээ бодсоноо үйлдэхгүй байж чадна. Бид баптисм хүртэхээсээ өмнө Еховагийн үзэн яддаг юмыг хэлж, хийдгээ болих хэрэгтэй. Ингэх нь хуучин хүнээ тайлж хаях анхны бөгөөд хамгийн чухал алхам юм. Гэхдээ Еховад таалагдъя гэвэл бид «Шинэ хүнийг өмс» гэсэн тушаалыг бас дагах ёстой (Кол. 3:10). Энэ өгүүллээс бид дараах асуултын хариуг авна. «Шинэ хүнийг» өмссөн хүн ямар байдаг вэ? Шинэ хүнийг хэрхэн өмсөж, цаашдаа ч тайлахгүй байхын тулд яах вэ?

«ШИНЭ ХҮНИЙГ» ӨМССӨН ХҮН ЯМАР БАЙДАГ ВЭ?

3. Галат 5:22, 23-т бичсэнээр «шинэ хүнийг» өмссөн хүн яадаг вэ?

3 «Шинэ хүнийг» өмссөн хүн Еховаг дуурайдаг. Тийм хүн агуу хүчний нөлөөгөөр бодож, мэдэрч, үйлдэн Галат 5:22, 23 дурдсан зан чанарыг илэрхийлдэг (уншина). Жишээлбэл, тэрбээр Еховаг, ард түмнийг нь хайрладаг (Мат. 22:36–39). Бэрхшээл учирсан ч баяр хөөрөө алддаггүй (Яак. 1:2–4). Амар тайвныг эрхэмлэдэг (Мат. 5:9). Хүмүүст тэвчээртэй, энэрэнгүй ханддаг (Кол. 3:13). Сайныг хайрлаж, сайхан сэтгэл илэрхийлдэг (Лук 6:35). Тэнгэрийн Эцэгтээ бат итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг (Яак. 2:18). Хэн нэгэн дургүйг нь хүргэсэн ч дөлгөөн байдаг, сорилт тулгарахад биеэ захирдаг (1 Кор. 9:25, 27; Тит 3:2).

4. Шинэ хүнийг өмсөхийн тулд Галат 5:22, 23-т бичсэн зан чанарыг тус тусад нь хөгжүүлэх боломжтой юу? Тайлбарлана уу.

4 Бид шинэ хүнийг өмсөхийн тулд Галат 5:22, 23 болон Библийн бусад зүйлд бичсэн зан чанарыг бүгдийг нь хөгжүүлэх учиртай. * Гэхдээ энэ нь хувцсыг нэг нэгээр нь өмсөхтэй адилгүй. Эдгээр зан чанар нь өөр хоорондоо хамааралтай байдаг. Жишээлбэл, хэрэв та хүмүүсийг үнэн голоосоо хайрладаг бол тэвчээртэй, энэрэнгүй хандана. Бас жинхэнэ сайхан сэтгэлтэй хүн дөлгөөн зантай, биеэ захирдаг.

ШИНЭ ХҮНИЙГ ХЭРХЭН ӨМСӨХ ВЭ?

Есүс шиг бодож сурах тусам зан чанарыг нь илэрхийлнэ (5, 8, 10, 12, 14-р догол мөрийг үзээрэй)

5. «Христийнхтэй адил» бодолтой байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Яагаад амьдрал ахуйг нь судлах ёстой вэ? (1 Коринт 2:16).

5 1 Коринт 2:16-г уншина. Шинэ хүнийг өмсөхийн тулд бид «Христийнхтэй адил» бодолтой байх учиртай. Өөрөөр хэлбэл, Есүс хэрхэн боддог байсныг мэдэж аваад түүнийг дуурайх хэрэгтэй. Есүс Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг төгс илэрхийлдэг. Тэрбээр Еховагийн зан чанарыг нөлөөгүй тольтой адил яг таг тусгасан (Еврей 1:3). Бид Есүсийн амьдрал ахуйг судлаад түүн шиг боддог болох тусам түүн шиг үйлддэг болно, бас түүнтэй адил зан чанартай болно (Флп. 2:5).

6. Шинэ хүнийг өмсөх гэж хичээж байгаа бид юуг санах хэрэгтэй вэ?

6 Бид Есүсийг дуурайж үнэхээр чадна гэж үү? «Тэрбээр төгс. Тиймээс би яг түүн шиг байж чадахгүй» гэж бодогдож болох юм. Тэгвэл дараах зүйлийг санаарай. Нэгдүгээрт, та Ехова Есүс хоёрыг дуурайж чадахаар бүтээгдсэн. Тиймээс та хүсэх юм бол тодорхой хэмжээгээр дуурайх боломжтой (Эх. 1:26). Хоёрдугаарт, Бурхны агуу хүч бол орчлонт ертөнцийн хамгийн хүчирхэг нь юм. Үүний тусламжтайгаар та өөрийн хүчээр хэзээ ч хийж чадахгүй зүйлийг хийж чадна. Гуравдугаарт, Ехова танаас агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг төгс илэрхийлэхийг шаарддаггүй. Харин ч дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг төгс болоход 1 000 жил хэрэгтэй гэж үзсэн (Илч. 20:1–3). Өнөөдөр Ехова өөрт нь найдаж, хамаг чадлаараа хичээгээсэй гэж биднээс хүсдэг.

7. Одоо юу ярилцах вэ?

7 Бид Есүсийг яг яаж дуурайх вэ? Одоо, Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог дөрвөн зан чанарыг Есүс хэрхэн илэрхийлснээс бид юу мэдэж авахыг ярилцъя. Ингэхдээ, шинэ хүнийг өмсөх талаар хэр сайжирч байгаагаа мэдэж авахад тустай хэдэн асуултыг ярилцана.

8. Есүс хайраа хэрхэн илэрхийлсэн бэ?

8 Есүс Еховаг гэсэн халуун хайрандаа хөтлөгдөн Эцгийнхээ төлөө, бидний төлөө олон юмаа золиосолсон (Ёох. 14:31; 15:13). Тэрбээр дэлхий дээр байхдаа хүмүүсийг маш их хайрладаг нь илт байсан. Хүмүүсийг үргэлж, бүр өөрийг нь эсэргүүцсэн хүнийг ч хайрлаж өрөвддөг байв. Тиймдээ ч гол нь Хаант төрийн тухай ярьдаг байсан (Лук 4:43, 44). Мөн нүгэлтнүүдийн гарт тарчлан үхэхийг дуртайяа хүлээн зөвшөөрснөөрөө амин хувиа бодолгүй, Бурхан болон хүмүүсийг хайрладгаа баталсан юм. Үүний ачаар бид бүгдээрээ мөнх амьдрах боломжтой болсон.

9. Бид Есүсийг хэрхэн дуурайж хайраа илэрхийлэх вэ?

9 Бид тэнгэрийн Эцэгтээ хайртай учраас түүнд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн. Тэгэхээр бид Есүсийг дуурайж хүмүүст хэрхэн хандаж байгаагаараа Еховаг хайрладгаа харуулах учиртай. Элч Ёохан: «Харж байгаа ах дүүгээ хайрладаггүй бол, харж байгаагүй Бурхныг хайрлаж чадахгүй шүү дээ» гэж бичжээ (1 Ёох. 4:20). Бид өөрсдөөсөө ингэж асууж болох юм. «Би хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрладаг уу? Надад таагүй хандсан ч тэднийг өрөвддөг үү? Би цаг хүч, боломж бололцоогоо хүмүүст Еховагийн тухай үнэнийг мэдүүлэхийн тулд зориулдаг уу? Миний хичээл зүтгэлийг ихэнх хүн үнэлэхгүйгээр барахгүй, бүр эсэргүүцсэн ч би дэлгэрүүлсээр байдаг уу? Би шавь бэлдэх ажилд илүү их цаг зав зарцуулах арга замыг хайдаг уу?» (Эф. 5:15, 16).

10. Есүс амар тайвныг эрхэмлэдгээ хэрхэн харуулсан бэ?

10 Есүс амар тайвныг эрхэмлэдэг байсан. Хүмүүс өөрт нь муугаар хандахад бузар муугаар хариулаагүй. Үүгээр зогсохгүй санаачилга гарган амар тайвныг тогтоож, маргаанаа тасалж эвлэрэхийг уриалсан. Жишээлбэл, Еховаг таалалд нь нийцүүлж шүтье гэвэл ах дүүтэйгээ эвлэрэх ёстойг ойлгуулжээ (Мат. 5:9, 23, 24). Бас элч нарынх нь дунд хэн нь агуу вэ гэдэг маргаан гарах бүрд маргалдахаа болиход нь тусалсан (Лук 9:46–48; 22:24–27).

11. Бид амар тайвныг хэрхэн эрхэмлэх вэ?

11 Амар тайвныг эрхэмлэх гэдэг нь маргалдахгүй байхыг л хэлэхгүй. Харин эвлэрэх санаачилгыг түрүүлж гаргахыг, бас маргаж байгаа итгэл нэгтнүүддээ эвтэй байхыг уриалахыг хэлнэ (Флп. 4:2, 3; Яак. 3:17, 18). Бид өөрсдөөсөө дараах асуултыг асууж болох юм. «Би хүмүүстэй эвтэй байхын тулд эрх ашгаа хойш нь тавьж, чадах бүхнээ хийхэд бэлэн үү? Итгэл нэгтэн маань намайг гомдоовол уур бухимдлаа тээсээр явдаг уу? Маргаан, үл ойлголцол гарахад эвлэрэх санаачилга гаргахыг нь хүлээдэг үү? Эсвэл нөгөө хүний буруу юм шиг санагдсан ч би түрүүлж эвлэрэх алхам хийдэг үү? Мөн зохистой гэж үзвэл маргалдаж байгаа итгэл нэгтнүүддээ эвлэрэхийг уриалдаг уу?»

12. Есүс хэрхэн энэрэнгүй байсан бэ?

12 Есүс энэрэнгүй байсан (Мат. 11:28–30). Тиймээс хүмүүстэй үргэлж зөөлөн харьцаж, уян хатан байсан. Жишээ нь, финики эмэгтэй хүүхдээ эдгээж өгөхийг гуйхад тэрбээр эхлээд татгалздаг. Гэхдээ дараа нь бат итгэлтэйг нь хараад энэрэнгүй сэтгэл гаргаж хүүхдийг нь эдгээдэг (Мат. 15:22–28). Тэрбээр энэрэнгүй сэтгэлтэй байсан ч туйлширч байгаагүй. Заримдаа хайртай хүмүүстээ хатуу үг хэлж байсан нь жинхэнэ ёсоор энэрэнгүй байсных нь шинж юм. Жишээ нь, Еховагийн хүслийг биелүүлэхэд саад хийлээ гэж Петрийг шавь нарынхаа дэргэд зэмлэдэг (Марк 8:32, 33). Гэхдээ Петрийг басамжлан дорд үзсэндээ бус, харин өөртөө хэт эрдэж болохгүйг ойлгуулж, элч нарт сэрэмжлүүлэхийн тулд ингэжээ. Петр ичсэн нь ойлгомжтой ч энэ явдал түүнд сургамжтай байсан.

13. Бид хэрхэн жинхэнэ ёсоор энэрэнгүй байх вэ?

13 Бид хайртай хүмүүстээ заримдаа шулуухан хэлж зөвлөдөг. Ингэж жинхэнэ ёсоор энэрэнгүй ханддаг. Ингэхдээ хэлэх үгээ Бурхны Үгэн дэх зарчимд үндэслээрэй. Зөөлөн харьцаарай. Тэднийгээ сайнаар бодоорой. Тэд Еховаг болон таныг хайрладаг учраас сайхан сэтгэлээр өгч буй зөвлөгөөг тань дагана гэж итгээрэй. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Хайрладаг хүмүүсийн маань нэг нь буруу юм хийснийг мэдвэл шулуухан хэлчих эр зориг надад бий юү? Үнэхээр зөвлөгөө өгөх шаардлага гарвал би зөөлөн харьцах уу, эсвэл хатуу ширүүн харьцах уу? Би ямар сэдэл хандлагаар зөвлөгөө өгөх гэж байна вэ? Тэр хүндээ дургүй хүрсэндээ юү? Эсвэл түүний сайн сайхны төлөө юү?»

14. Есүс сайхан сэтгэлээ хэрхэн илэрхийлсэн бэ?

14 Есүс сайхан сэтгэл гэж юу болохыг мэдээд зогсохгүй, сайхан сэтгэлээр сайныг үйлддэг байсан. Тэрбээр Эцэгтээ хайртай байсан учраас үргэлж зөвийг, зөв сэдлээр хийдэг байсан. Сайхан сэтгэлтэй хүн бусдад туслах арга замыг хайж олоод сайныг үйлддэг. Юу нь зөв бэ гэдгийг мэдэх нь хангалтгүй. Харин зөв юмыг зөв сэдлээр хийх ёстой. «Буруу сэдлээр зөв юм хийх боломжтой юу?» гэж хэн нэгэн асууж болох юм. Боломжтой. Жишээ нь, Есүс ядууст өглөг өгөхдөө хүнд харуулах зорилго өвөрлөж байсан хүмүүсийн тухай ярьсан. Өнгөцхөн харахад энэ нь сайн үйлс хийж байгаа мэт боловч Еховад огт таалагдаагүй (Мат. 6:1–4).

15. Жинхэнээсээ сайхан сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

15 Жинхэнээсээ сайхан сэтгэлтэй хүн өөрийгөө бус, бусдыг бодож сайн үйл хийдэг. Та өөрөөсөө ингэж асууж болох юм. «Би зөвийг үйлдэхийг мэдээд зогсохгүй үйлддэг үү? Ямар сэдлээр сайныг үйлддэг вэ?»

ШИНЭ ХҮНИЙГ ӨМССӨН БОЛ ГОЁОР НЬ БАЙЛГАХЫН ТУЛД ЯАХ ВЭ?

16. Бид өдөр бүр яах ёстой вэ? Яагаад?

16 Бид баптисм хүртсэн бол шинэ хүнийг өмсчихлөө, одоо боллоо гэж бодох учиргүй. Харин аль болох гоёор нь байлгах хэрэгтэй. Энэ нь шинэ хувцас авахлаараа муухай болгохоос сэргийлэхтэй адил юм. Ингэх нэг арга нь Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг өдөр бүр илэрхийлэхийг хичээх юм. Яагаад? Ехова агуу хүчээрээ бүхнийг үйлддэг (Эх. 1:2). Тиймээс энэ хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар бидний үйл хэргээр илэрдэг, илрэх ч ёстой. Жишээ нь элч Яаков: «Үйлсгүй итгэл үхмэл юм» гэж бичжээ (Яак. 2:26). Бусад зан чанарын тухай ч ингэж хэлж болно. Дээрх зан чанарыг илэрхийлж байгаа маань Бурхны агуу хүч бидэнд нөлөөлж, ажлаа хийж байгаагийн шинж юм.

17. Хэрэв та хэн нэгэнд агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг илэрхийлж чадаагүй бол яах вэ?

17 Баптисм хүртээд олон жил болсон Гэрч ч цаг үргэлж сайхан зан чанар илэрхийлж чаддаггүй. Тэгвэл сэтгэлээр унахгүй байх нь чухал. Дараах жишээг бодож үзье. Хэрэв таны дуртай хувцас урагдсан бол шууд гаргаад хаячих уу? Үгүй шүү дээ. Харин оёчихно. Тэгээд дараа нь болгоомжтой өмсөнө. Үүнтэй адил, хэрэв та хэн нэгэнд энэрэнгүй, тэвчээртэй, хайрын сэтгэлээр хандаж чадаагүй бол сэтгэлээр бүү унаарай. Чин сэтгэлээсээ уучлалт гуйгаарай. Тэгвэл урагдсан хувцсаа оёхтой адил болно. Ингэвэл тэр хүнтэйгээ эргээд сайн харьцаатай болно. Цаашид ч сайхан зан чанарыг илэрхийлж байхыг улам бүр хичээгээрэй.

18. Бид юунд итгэлтэй байх вэ?

18 Есүс бидэнд үлгэр дуурайл үлдээсэнд талархаад баршгүй! Түүний бодол санаа, сэдэл хандлагыг дуурайхыг хичээх тусам түүн шиг үйлддэг болно. Түүн шиг үйлддэг болбол шинэ хүнийг өмсөнө. Энэ өгүүллээр бид агуу хүчний нөлөөгөөр бий болдог дөрвөн зан чанарыг л ярилцлаа. Та цаг гаргаад бусад зан чанарыг судалж, хэрхэн илэрхийлдгээ бодож болохгүй нь юу билээ? Та энэ талаар «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах»-ын «Христийн дагалдагчийн амьдрал» гэж ороод «Агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» гэдэг гарчгийн дор байгаа өгүүллээс судлаарай. Та шинэ хүнийг өмсөөд тайлахгүйн тулд өөрөө хичээвэл Ехова тусална.

ДУУ 29 Үнэнч явъя

^ д/м 5 Бид ямар ч нөхцөлд байсан «шинэ хүнийг» өмсөж чадна. Тэгэхийн тулд бодох аргаа өөрчилж, Есүс шиг болохыг хичээж байх хэрэгтэй. Энэ өгүүллээр, Есүс юмыг яаж бодож, үйлддэгийг жишээгээр авч үзнэ. Бас баптисм хүртсэнийхээ дараа ч Есүсийг хэрхэн дуурайж байхыг ярилцана.

^ д/м 4 Галат 5:22, 23-т Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог бүх зан чанарыг дурдаагүй. Энэ талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2020 оны 6-р сарын дугаарын «Уншигчдын асуулт» булангаас үзээрэй.