Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 12

Та Зехариагийн харсныг хардаг уу?

Та Зехариагийн харсныг хардаг уу?

«“Миний Сүнсээр [«агуу хүчээр», ШЕ]” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» (ЗЕХ. 4:6).

ДУУ 137 Зоригтой байхад туслаач

ТОЙМ *

1. Олзонд байсан иудейчүүдэд ямар боломж бүрдсэн бэ?

 ИУДЕЙЧҮҮДЭД баярт үйл явдал тохиолоо. Ехова Бурхан «Персийн хаан Корешийн сэтгэлийг хөдөлгөхөд» тэрбээр хэдэн арван жил Вавилоны олзонд байсан иудейчүүдийг чөлөөлөх тухай зарлиг гаргажээ. Үүний дагуу иудейчүүдийг нутаг буцааж «Израйлын Бурхан Еховагийн өргөөг сэргээн бариулах» байв (Езр. 1:1, 3). Ямар сайхан мэдээ вэ! Бурхны ард түмэн Еховагийн өгсөн газар нутагт жинхэнэ шүтлэгийг сэргээх нь ээ.

2. Иудейчүүд Иерусалимд ирээд удалгүй юу хийсэн бэ?

2 Иудейчүүдийн эхнийх нь Иудагийн өмнөд хаант улсын нийслэл Иерусалимд МЭӨ 537 онд иржээ. Тэд удалгүй сүмийг сэргээн барьж эхэлсэн бөгөөд МЭӨ 536 он гэхэд суурь нь хэдийнээ бэлэн болжээ!

3. Иудейчүүд ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ?

3 Тэд сүмийг ийнхүү сэргээн барьж эхэлсэн ч эсэргүүцэлтэй тулгардаг. «Тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгасан» (Езр. 4:4). Ингээд зогсоогүй байдал бүр дордов. МЭӨ 522 онд Перс улс Артаксеркс хэмээх шинэ хаантай боллоо. * Эсэргүүцэгчид энэ өөрчлөлтийг ашиглан «хууль дүрмийг зориудаар завхруулан» сүмийн барилгын ажлыг зогсоохоор төлөвлөв (Дуу. 94:20, МБН, 2015). Тэд Артаксеркс хаанд илгээсэн захидалдаа иудейчүүд таны эсрэг бослого төлөвлөж байна гэж бичжээ (Езр. 4:11–16). Хаан тэдний худал үгэнд итгэж сүмийг сэргээн барихыг хориглодог (Езр. 4:17–23). Үүнээс болоод, сүмийг нэгэн үе баяр хөөртэйгөөр сэргээн барьж байсан иудейчүүд ажлаа зогсоожээ (Езр. 4:24).

4. Эсэргүүцэгчид сүмийн барилгын ажлыг зогсооход Ехова яасан бэ? (Исаиа 55:11).

4 Нутгийн хүмүүс болон Персийн төлөө зүтгэдэг зарим захирагч сүмийг сэргээн барих ажлыг зогсоохоор бат шийдсэн байв. Гэхдээ Ехова энэ ажлыг урагшлуулахыг хүсэж байлаа. Тэрбээр санасан зорьсноо заавал биелүүлдэг (Исаиа 55:11-ийг уншина). Тиймдээ ч Зехариа хэмээх зоригтой эрийг зөнчөө болгож, түүнд сэтгэл хөдөлгөм найман үзэгдлийг үзүүлсэн. Зехариа эдгээрийг иудейчүүдэд мэдүүлж урамшуулан зоригжуулах ёстой байлаа. Итгэл батжуулам эдгээр үзэгдлийн ачаар тэд эсэргүүцэгчдээс айх шаардлагагүйгээ ойлгосон. Бас Еховагийн даалгасан ажлыг хийх урам зориг нь бадрав. Зехариагийн үзсэн тав дахь үзэгдэлд дэнлүү, хоёр чидун мод гардаг.

5. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

5 Бид бүгдэд зориг алдрах үе бий. Тийм үед бид Зехариагийн үзсэн тав дахь үзэгдлийг эргэцүүлэн бодвол урам зориг бадарна. Учрыг нь сайн ойлговол эсэргүүцэлтэй тулгарсан ч, нөхцөл байдал өөрчлөгдсөн ч, өгсөн удирдлага заавар нь ойлгомжгүй санагдсан ч Еховад үнэнчээр үйлчилсээр байна.

ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАХАД

Нэг суурь бүхий долоон дэнлүүг тосоор хангаж буй хоёр чидун модыг Зехариа үзэгдлээр үзэв (6-р догол мөрийг үзээрэй)

6. Зехариа 4:1–3-т гардаг дэнлүү, хоёр чидун модны үзэгдлийн учрыг ойлгоод иудейчүүд зоригжсон гэхийн учир юу вэ? (Сэтгүүлийн нүүрэн дэх зургийг үзээрэй).

6 Зехариа 4:1–3-ыг уншина. Иудейчүүд дэнлүү, хоёр чидун модны үзэгдлийн ачаар эсэргүүцэгчдэд бууж өгөхгүй байх зоригтой болсон. Яаж? Дэнлүү үргэлж тостой байдгийг та анзаарав уу? Хоёр чидун модноос гарсан тос том саванд нөөцлөгдөж, долоон дэнлүүг тасралтгүй хангадаг. Тийм болохоор дэнлүү байнга асаж байна. Зехариаг «Эдгээр нь юу вэ?» гэж асуухад тэнгэрийн элч хариуд нь «“Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр [«агуу хүчээр», ШЕ]” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна» хэмээн хэлдэг (Зех. 4:4, 6). Модноос гарч байгаа тос нь хэзээ ч дуусахгүй Еховагийн агуу хүчийг бэлгэддэг. Персийн эзэнт гүрний хүчирхэг арми Еховагийн агуу хүчний хажууд юу ч биш байлаа. Ийм хүчирхэг Бурхан сүмийг барьж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа учир тэд ажлаа амжилттай дуусгаж чадах байв. Ямар урам сэргээм утга агуулгатай үзэгдэл вэ! Иудейчүүдийн хувьд Еховад найдаж, сүмийг сэргээн барих ажлаа дахин эхлэхэд л хангалттай байлаа. Хэдийгээр сүм барихыг хориглосон ч тэд ажлаа үргэлжлүүлсэн юм.

7. Нөхцөл байдал яаж сайнаар эргэсэн бэ?

7 Дараа нь сүмийг баригчдын нөхцөл байдал сайнаар эргэв. МЭӨ 520 онд I Дариус Персийн хаан болсон. Хаан болсныхоо хоёр дахь жилд сүм барих ажлыг хориглосон нь хууль бус байсныг олж мэдсэн. Тиймээс тэр ажлыг дуусгахыг хаан зөвшөөрөв (Езр. 6:1–3). Энэ мэдээг сонсоод бүх хүн гайхсан нь лавтай. Гэтэл гайхах юм үүгээр дуусаагүй. Хаан сүмийн барилгын ажлыг эсэргүүцэгчдэд ажилд нь саад болохгүйг болон хэрэгтэй юмаар нь хангахыг тушаасан! (Езр. 6:7–12). Үүний үр дүнд иудейчүүд сүмийг сэргээн босгох ажлыг 4 жил гаруй хугацаанд буюу МЭӨ 515 онд дуусгасан (Езр. 6:15).

Хавчигдсан ч Еховагийн хүчинд найдаарай (8-р догол мөрийг үзээрэй)

8. Эсэргүүцэлтэй тулгарсан ч яагаад айх хэрэггүй вэ?

8 Өнөө үед ч Еховаг шүтдэг олон хүн эсэргүүцэл хавчлагатай тулгарч байна. Тухайлбал, зарим итгэл нэгтэн маань манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон улс оронд амьдардаг. Тэднийг баривчилж «захирагчид, хаадын» өмнө аваачих нь бий. Гэсэн ч ах дүүс маань үүнийг тэдэнд дэлгэрүүлэх боломж гэж үздэг (Мат. 10:17, 18). Заримдаа захирагч солигдох юм уу шударга шүүгч бидний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, Ехова Бурхнаа чөлөөтэй шүтэх боломжтой болдог. Бас өөр төрлийн эсэргүүцэлтэй тулгардаг Гэрчүүд ч бий. Тэд Еховаг шүтэхийг хориглодоггүй улсад амьдардаг ч гэрийнхэн нь ширүүн эсэргүүцэж болох юм (Мат. 10:32–36). Гэхдээ Еховад үйлчлэхийг нь хүчээр болиулж чадахгүйгээ ихэнх нь ойлгоод эсэргүүцэхээ больдог. Зарим нь бүр хүч хэрэглэдэг байсан ч дараа нь идэвх зүтгэлтэй Гэрч болдог. Тиймээс ямар ч эсэргүүцэл хавчлагатай тулгарсан битгий бууж өгөөрэй. Зоригтой байгаарай. Ехова агуу хүчээрээ танд туслах учраас юунаас ч бүү айгаарай!

НӨХЦӨЛ БАЙДАЛ ӨӨРЧЛӨГДӨХӨД

9. Зарим иудей хүн шинэ сүмийн суурийг хараад яагаад сэтгэлээр унасан бэ?

9 Шинэ сүмийн суурь тавигдахыг харсан зарим настай иудей хүн уйлж байв (Езр. 3:12). Соломоны сүр жавхлантай урьдын сүмийг мэддэг тэдэнд энэ сүм «юу ч биш» юм шиг санагдаж байв (Хаг. 2:2, 3). Хуучин ба шинэ сүмийн ялгаа асар их байсан учраас тэд гуниглаж байлаа. Сэтгэлээр унасан тэднийг дахиад баяр хөөртэй болоход Зехариагийн үзэгдэл тус болсон. Хэрхэн тус болсон бэ?

10. Зехариа 4:8–10-т байгаа тэнгэрийн элчийн үг иудейчүүдийг дахиад баяр хөөртэй болоход хэрхэн тус болсон бэ?

10 Зехариа 4:8–10-ыг уншина. Тэнгэрийн элч: «[Удирдагч] Заруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа [иудейчүүд] баярлах болно» гэж хэлсэн. Яагаад ингэж хэлсэн бэ? Тэгшлүүрээр юмны тэв тэгшхэн эсэхийг шалгадаг. Тиймээс хэдийгээр шинэ сүм зарим хүнд юу ч биш юм шиг харагдаж байгаа ч Еховагийн хувьд бүрэн бүтэн, санаанд нь яг таг нийцсэнийг тэнгэрийн элч тийн хэлсэн. Ехова таалж байгаа юм чинь иудейчүүд яагаад таалахгүй гэж? Ехова энэ шинэ сүмд таалалд нь нийцүүлэн өөрийг нь шүтэхийг л ард түмнээсээ хүссэн. Иудейчүүд Еховаг таалалд нь нийцүүлэн шүтэх болон сайшаалыг нь яаж хүлээхээ л анхаарвал дахиад баяр хөөртэй болох байлаа.

Нөхцөл байдал өөрчлөгдсөн ч өөдрөг байгаарай (11, 12-р догол мөрийг үзээрэй) *

11. Өнөөгийн Еховагийн үйлчлэгчдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

11 Нөхцөл байдал өөрчлөгдөх нь бидэнд хэцүү байдаг. Олон жил тусгай бүрэн цагийн үйлчлэгч байсан зарим хүн өөр томилолт авсан. Нас дээр гарснаас болж эрхэмлэдэг үүрэг даалгавраа бусдад шилжүүлсэн хүн бас байдаг. Ийм үед сэтгэлээр унах нь аргагүй. Эхэндээ яагаад ингэж шийдсэнийг бүрэн ойлгохгүй, эсвэл хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Өмнө нь үүрэг даалгавраа биелүүлээд сайхан байж дээ гэж бодогдож болох юм. Бас Еховагийн төлөө их юм хийж чадахгүй болчихлоо гээд сэтгэлээр унах үе бий (Сур. 24:10). Ингэж нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Еховад хамгийн сайнаа өгсөөр байхад Зехариагийн үзэгдэл хэрхэн тус болох вэ?

12. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод урам хугарвал Зехариагийн үзэгдэл ямар ач тустай вэ?

12 Бид Еховатай адилхан бодолтой байвал шинэ нөхцөлд амархан дасна. Ехова одоо ч агуу үйлс бүтээж байгаа. Хамтран зүтгэгч нь байх хосгүй завшаанаа эрхэмлэж явцгаая (1 Кор. 3:9). Үүрэг даалгавар өөрчлөгдсөн ч биднийг гэсэн Еховагийн хайр өөрчлөгдөхгүй. Тиймээс үүрэг даалгаврыг маань яагаад өөрчилсөн юм бол гэж бодоод явах хэрэггүй. «Урьдын өдрүүдээ» санагалзахын оронд залбираад өөрчлөлтийн сайн талыг харахыг хичээгээрэй (Ном. 7:10). Хийхээ больсон юмандаа биш хийж чадах зүйлдээ л анхаарал хандуулаарай. Зехариагийн үзэгдлээс өөдрөг байх нь хэчнээн чухал болохыг сурлаа. Бид ийм хандлагатай байвал нөхцөл байдал өөрчлөгдсөн ч баяр хөөртэй, үнэнч байж чадна.

ӨГСӨН УДИРДЛАГА ЗААВАР НЬ ОЙЛГОМЖГҮЙ САНАГДАХАД

13. Сүмийг дахин барьж эхэлсэн нь зарим иудей хүнд яагаад буруу шийдвэр мэт санагдсан бэ?

13 Сүмийг сэргээн барих ажлыг хориглосон хэвээр байсан ч ард түмнийг удирдахаар томилогдсон тэргүүн тахилч Иешуа болон удирдагч Зеруббабел «Бурханы өргөөг дахин барьж эхлэв» (Езр. 5:1, 2). Гэхдээ зарим иудей хүн тэднийг буруу шийдвэр гаргалаа гэж үзсэн байж магадгүй. Яагаад гэвэл сүмийн барилгын ажил олны нүдэнд ил учир дайснууд яаж ч саад хийж мэдэх байв. Тиймээс хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байсан Иешуа Зеруббабел хоёрт Ехова тусална гэсэн баталгаа хэрэгтэй байлаа. Тэд баталгаагаа ч авсан. Яаж?

14. Зехариа 4:12, 14-т бичсэнийг үзвэл тэргүүн тахилч Иешуа болон удирдагч Зеруббабел хэрхэн зоригжсон бэ?

14 Зехариа 4:12, 14-ийг уншина. Тэнгэрийн элч Зехариад хоёр чидун модоор «тослогдсон хоёр хөвгүүнийг» бэлгэддэгийг илчилсэн. Тэд бол Иешуа Зеруббабел хоёр юм. Тэр хоёрыг «бүх л дэлхийн Эзэн [Еховагийн] дэргэд зогсож байгаа» гэж бэлгэдлийн утгаар хэлжээ. Ямар агуу хүндлэл вэ! Ехова тэдэнд итгэж сүмийг сэргээн барих ажлыг даатгасан. Тийм учраас израйлчууд ямар ч эргэлзээгүйгээр тэдний удирдлага зааврыг дагаж болох байлаа.

15. Бурхны Үгэн дэх удирдлага зааварт хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ?

15 Ехова өнөө үед ч удирдлага заавраа өгч байгаа. Нэг арга нь өөрийн Үг Библиэр дамжуулан өгдөг. Бурхныг хэрхэн шүтвэл таалалд нь нийцэхийг энэ ариун номд бичсэн. Библиэр өгдөг Еховагийн удирдлага зааварт бид хүндэтгэлтэй ханддагаа хэрхэн харуулах вэ? Анхааралтай уншиж, ойлгохын тулд цаг зав зориулах хэрэгтэй. Та өөрөөсөө «Би Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл уншихдаа түр зогсоод эргэцүүлэн боддог уу? “Ойлгоход амаргүй” сургаалыг гүнзгийрүүлэн судалдаг уу? Эсвэл зүгээр гүйлгэн уншчихдаг уу?» гэж асуугаарай (2 Петр 3:16). Еховагийн заасныг зориуд цаг гарган эргэцүүлдэг бол өгсөн удирдлага зааврыг дагаж чадна, дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийнэ (1 Тим. 4:15, 16).

«Итгэмжит, ухаалаг боолын» өгсөн удирдлага заавар бүр ач тустай гэдэгт итгээрэй (16-р догол мөрийг үзээрэй) *

16. «Итгэмжит, ухаалаг боолын» зааврыг бүрэн ойлгоогүй ч дагахад юу тус болох вэ?

16 Ехова бас «итгэмжит, ухаалаг боолоороо» дамжуулан удирдлага заавраа өгдөг (Мат. 24:45). Заримдаа тэдний зааврыг бүрэн ойлгохгүй байж болох юм. Жишээлбэл, байгалийн гамшигт бэлдэх заавар өгөхөд манай энд гамшиг болдоггүй атал яагаад ийм заавар өгсөн юм бол гэж бодогдож магадгүй. Эсвэл цар тахлын үед «итгэмжит, ухаалаг боол» хэтэрхий их болгоомжлоод байгаа юм шиг бодогдож болох юм. Тэдний өгсөн заавар тохиромжтой юм шиг санагдахгүй бол бид яах хэрэгтэй вэ? Израйлчууд Иешуа Зеруббабел хоёрын өгсөн зааврыг дагаад ямар сайн үр дүнд хүрснийг бодоорой. Бас Библид гардаг үүнтэй төстэй бусад түүхийг уншаад эргэцүүлж бодвол сайн. Бурхны ард түмэн заримдаа хүний нүдээр харахад тохиромжгүй юм шиг зөвлөгөө авсан ч түүнийг дагаснаар амиа аварч байсан (Шүү. 7:7; 8:10).

ЗЕХАРИАГИЙН ХАРСНЫГ ХАРААРАЙ

17. Дэнлүү болон хоёр чидун модны үзэгдэл иудейчүүдэд ямар нөлөө үзүүлсэн бэ?

17 Зехариагийн үзсэн тав дахь үзэгдэл хэдий богинохон ч иудейчүүдийг өөдрөг байж, сүмийг барих, жинхэнэ шүтлэгийг сэргээх ажлыг дуусгахад тустай байсан. Тэд мэдэж авснаа хэрэгжүүлээд Ехова хайрын сэтгэлээрээ дэмжиж, удирдлага заавраа өгч байгааг ойлгожээ. Тэд Еховагийн агуу хүчний тусламжтайгаар ажлаа үргэлжлүүлэн хийж, дахиад баяр хөөртэй болсон юм (Езр. 6:16).

18. Зехариагийн үзсэн үзэгдэл танд ямар ач тустай вэ?

18 Зехариагийн үзсэн дэнлүү, хоёр чидун модны үзэгдэл танд ч ач тустай байх нь дамжиггүй. Энэ үзэгдлийг судалснаар эсэргүүцэл тулгарсан ч хүч тэнхээтэй байна; нөхцөл байдал өөрчлөгдсөн ч баяр хөөрөө алдахгүй; ойлгомжгүй мэт санагдах удирдлага заавар авсан ч Еховад итгэж найдан дуулгавартай дагана. Танд бэрхшээл тулгарвал яах хэрэгтэй вэ? Эхлээд Зехариагийн харсныг харахыг хичээгээрэй. Өөрөөр хэлбэл Ехова ард түмэндээ санаа тавьдгийн баталгааг олж хараарай. Тэгээд Еховад итгэж найдаарай. Бэрхшээл учирсан ч бүхий л сэтгэлээрээ Еховагаа шүтэж байгаарай (Мат. 22:37). Тэгдэг бол үүрд, баяр хөөртэй үйлчлэхэд тань Ехова тусална (Кол. 1:10, 11).

ДУУ 23 Ехова бол бидний хүч чадал

^ д/м 5 Ехова Зехариад сэтгэл хөдөлгөм цуврал үзэгдэл үзүүлсэн. Тэдгээр нь цэвэр шүтлэгийг сэргээх явцад тулгарах бэрхшээлийг давах хүчийг Зехариа болон Еховагийн ард түмэнд өгсөн. Өнөөгийн бидэнд ч бас бэрхшээлээ даван туулж, Еховад үнэнчээр үйлчлэхэд тус болно. Энэ өгүүллээр, Зехариагийн үзсэн дэнлүү болон чидун мод бүхий үзэгдлээс ямар чухал зүйлийг сурч болохыг авч үзнэ.

^ д/м 3 Олон жилийн дараа Нехемиагийн үед Артаксеркс гэдэг нэртэй өөр хаан байсан. Тэрбээр иудейчүүдэд элэгтэй нэгэн байв.

^ д/м 60 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй өндөр нас, өвчин хуучтай болсон ч хэрхэн дасан зохицох тухайгаа бодож байна.

^ д/м 62 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иешуа Зеруббабел хоёрт тусалж байсан Ехова өнөөдөр «итгэмжит, ухаалаг боолд» тусалж байгааг Гэрч эмэгтэй эргэцүүлэн бодож байна.