Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 14

Ахлагчид аа, элч Паулыг дуурайж байгаарай

Ахлагчид аа, элч Паулыг дуурайж байгаарай

«Намайг дуурай» (1 КОР. 11:1).

ДУУ 31 Бид бол Еховагийн Гэрч!

ТОЙМ *

1, 2. Элч Паулын үлгэр дуурайл өнөөгийн ахлагчдад тустай гэхийн учир юу вэ?

 ЭЛЧ ПАУЛ итгэл нэгт ах дүүсээ маш их хайрладаг байсан. Тиймдээ ч тэднийхээ төлөө эцэж цуцахыг үл мэдэн уйгагүй хөдөлмөрлөдөг байв (Үйлс 20:31). Итгэл нэгтнүүд нь ч Паулд их хайртай байсан. Нэг тохиолдлыг хэлэхэд Эфэсийн ахлагчид Паултай дахиж хэзээ ч уулзаж чадахгүй болсноо мэдээд «цурхиран уйлсан» гэж байдаг (Үйлс 20:37). Өнөөгийн ахлагчид Паулын адилаар ах дүүсээ хайрлаж, тэднийхээ төлөө цаг хүчээ харамгүй зориулдаг (Флп. 2:16, 17). Гэхдээ заримдаа тэдэнд бэрхшээл тулгардаг. Бэрхшээлийг давахад нь юу тус болох вэ?

2 Паулаас сурах юм ажилч хичээнгүй ахлагчдад их бий (1 Кор. 11:1). Паул тэнгэрийн элч шиг байгаагүй нь ойлгомжтой. Төгс бус байсан болохоор дандаа зөв юм хийхэд тэр бүр амар байгаагүй (Ром 7:18–20). Бас олон хэцүү асуудалтай тулгарч байсан. Гэхдээ хэзээ ч бууж өгөөгүй, баяр хөөрөө ч алдаагүй. Ахлагчид Паулыг дуурайвал бэрхшээлээ давна, Еховад баяр хөөртэй үйлчилнэ.

3. Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ?

3 Энэ өгүүллээр, ахлагчдад хийхэд амаргүй санагдсан ч анхаарах шаардлагатай дараах дөрвөн зүйлийг авч үзнэ. 1) Олон үүрэг даалгавартай ч дэлгэрүүлэх, 2) итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулах цаг гаргах, 3) сул талтайгаа тэмцэх, 4) бусдын төгс бусыг ойлгож харьцах. Бас энэ талаар Паул ямар жишээ үзүүлснийг, өнөө үеийн ахлагчид Паулыг хэрхэн дуурайхыг авч үзнэ.

ОЛОН ҮҮРЭГ ДААЛГАВАРТАЙ Ч ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

4. Ахлагчдад дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцох нь яагаад амаргүй санагдаж мэдэх вэ?

4 Энэ нь яагаад амаргүй санагдаж мэдэх вэ? Ахлагчид дэлгэрүүлэх ажилд манлайлах шаардлагатайгаас гадна өөр олон үүрэг даалгавар биелүүлдэг. Жишээлбэл, ажлын өдрийн цуглааныг хөтөлж явуулахаас гадна Библи судлалын цуглааныг удирддаг. Илтгэл тавих даалгавар авдаг. Бас туслах үйлчлэгчдийг сургаж, итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулдаг (1 Петр 5:2). Зарим ахлагч цуглааны танхим болон байгууллагын бусад барилга байгууламжийг барих, засаж тордох ажил хийдэг. Гэсэн хэдий ч хурлын бүх итгэл нэгтнүүдийн адил сайн мэдээ тунхаглах ажлыг эн тэргүүнд тавьдаг (Мат. 28:19, 20).

5. Сайн дэлгэрүүлэгч байсан Паул ямар жишээ үлдээсэн бэ?

5 Паулын жишээ. Паулын сайн дэлгэрүүлэгч байсных нь нууцыг Филиппой 1:10-т бичсэн «Илүү чухал юмыг магадалдаг байгаарай» гэсэн уриалгаас нь мэдэж болно. Паул өөрөө ч энэ үгээ хэрэгжүүлдэг байсан. Дэлгэрүүлэх даалгавар авсан цагаасаа хойш үүнийгээ хэдэн арван жил эн тэргүүнд тавьж ирсэн. «Олны өмнө мөн айлаар» дэлгэрүүлсэн (Үйлс 20:20). Тэрбээр дэлгэрүүлэх тодорхой цаг товлочихоод түүндээ баригдаад сууж байгаагүй. Харин боломж бүрийг алдалгүй ашигласан. Тухайлбал Афинд нөхрөө хүлээх зуураа нэр хүндтэй хэсэг хүмүүст дэлгэрүүлж зарим нэг сайн үр дүнд хүрчээ (Үйлс 17:16, 17, 34). Мөн «хоригдож байхдаа» ч эргэн тойрныхоо хүмүүст дэлгэрүүлдэг байсан (Флп. 1:13, 14; Үйлс 28:16–24).

6. Паул юу заасан бэ?

6 Паул цагаа маш үр бүтээлтэй ашигласан. Ихэнхдээ итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлдэг байв. Жишээлбэл миссионерын эхний аялалдаа Марк гэгддэг Ёоханыг, хоёр дахь аялалдаа Тимотыг дагуулж явсан (Үйлс 12:25; 16:1–4). Паул аялалын үеэр хурлыг зохион байгуулах, хоньчны ажлыг хийх, чадварлаг багш болохыг заахын тулд чадах бүхнээ хийсэн биз ээ (1 Кор. 4:17).

Паулыг дуурайн дэлгэрүүлэхэд бэлэн байгаарай (7-р догол мөрийг үзээрэй) *

7. Эфэс 6:14, 15-д байгаа Паулын үгийг ахлагчид хэрхэн хэрэгжүүлэх вэ?

7 Сургамж. Ахлагчид айлаар дэлгэрүүлэхээс гадна хаана ч, хэзээ ч дэлгэрүүлэхэд бэлэн байж Паулыг дуурайх хэрэгтэй (Эфэс 6:14, 15-ыг уншина). Дэлгүүр явахдаа ч, ажил дээрээ ч дэлгэрүүлээрэй. Мөн байгууллагын барилгын ажилд оролцохдоо хөршдөө, барилгын материал нийлүүлэгч нартаа дэлгэрүүлж болно. Элч Паул шиг итгэл нэгтнүүдтэйгээ, ялангуяа туслах үйлчлэгчидтэй хамт дэлгэрүүлж байхдаа тэднийг сургаж болно шүү дээ.

8. Заримдаа ахлагчид яах нь зөв байж болох вэ?

8 Ахлагчид хурал, дүүргийн ажил ихтэй гэдгээсээ болоод дэлгэрүүлэх цаг байхгүй гэж болохгүй. Дүн нуруутай байхын тулд зарим даалгаврыг авахгүй байх нь зөв байж болох юм. Тиймээс залбирч байгаад «Энэ даалгаврыг авбал илүү чухал ажлаа хийж чадахгүйд хүрэх юм биш биз» гэж бодоорой. Илүү чухал ажил гэдэгт долоо хоног бүрийн гэр бүлийн хичээл, идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэх, хүүхдээ сайн дэлгэрүүлэгч болгох зэрэг орно. Даалгавар авахгүй гэж хэлэх нь танд хэцүү санагдаж болох юм. Гэхдээ бүх зүйлд дүн нуруутай байхыг хичээж байгаа таныг Ехова ойлгоно.

ИТГЭЛ НЭГТНЭЭ УРАМШУУЛАН ЗОРИГЖУУЛАХ ЦАГ ГАРГАХ НЬ

9. Завгүй ахлагчдад яах нь амаргүй санагдаж мэдэх вэ?

9 Энэ нь яагаад амаргүй санагдаж мэдэх вэ? Еховагийн ард түмний дунд бэрхшээлгүй хүн гэж байхгүй. Өнөөгийн энэ эцсийн өдрүүдэд бид бүгдэд урам зориг, тус дэм, тайвшрал хэрэгтэй. Хааяа буруу хандлагатай нэгнээ сэрэмжлүүлэх шаардлага гардаг (1 Тес. 5:14). Мэдээж ахлагчид тэдэнд учирсан бүх бэрхшээлийг арилгаж чадахгүй. Гэхдээ Ехова ахлагчдаас хоньдыг нь хамгаалахыг, урамшуулан зоригжуулахыг хүсдэг. Ахлагчид завгүй ч ах дүүстээ туслахын тулд яаж цаг зав гаргах вэ?

Итгэл нэгтнүүдээ магтаж, урамшуулаарай (10, 12-р догол мөрийг үзээрэй) *

10. 1 Тесалоник 2:7-д бичсэнээр Паул Еховагийн ард түмэнд хэрхэн санаа тавьж байсан бэ?

10 Паулын жишээ. Паул итгэл нэгт ах дүүсээ магтах, урамшуулан зоригжуулах боломжийг хайдаг байсан. Ахлагчид ч Паулын адилаар чин сэтгэлээсээ хайрлан халамжлах учиртай (1 Тесалоник 2:7-г уншина). Паул тэдэнд хайртайгаа, бас Ехова ч тэднийг хайрладгийг хэлдэг байсан (2 Кор. 2:4; Эф. 2:4, 5). Хурлынхандаа цаг заваа зориулж найзалж нөхөрлөдөг байв. Алдаа дутагдал, санаа зовж байгаа зүйлийнхээ талаар ярьж, тэдэнд итгэдгээ харуулсан (2 Кор. 7:5; 1 Тим. 1:15). Гэхдээ бэрхшээлээ анхаарахын оронд итгэл нэгтнүүддээ тус болохыг боддог байв.

11. Паул итгэл нэгт ах дүүстээ яагаад зөвлөгөө өгдөг байсан бэ?

11 Паулд заримдаа ах дүүстээ зөвлөгөө өгөх шаардлага гардаг байв. Гэхдээ уурлаж бухимдсандаа бус, харин тэднийгээ хайрласандаа, олон аюулаас хамгаалах гэсэндээ зөвлөдөг байсан. Аль болох ойлгомжтой зөвлөгөө өгч, түүнийг нь дагаасай гэж хүссэн. Жишээ нь, Коринт дахь дагалдагчдад бичсэн захидалдаа хатуу сануулга өгсөн. Захиагаа явуулсныхаа дараа, яаж хүлээн авах бол гэж санаа зовоод Титийг бас явуулдаг. Коринтын дагалдагчид зөвлөгөөг нь дагасныг сонсоод Паул хэчнээн их баярласан бол оо! (2 Кор. 7:6, 7).

12. Ахлагчид Паулыг дуурайн итгэл нэгтнүүдийнхээ урмыг хэрхэн сэргээх вэ?

12 Сургамж. Паулыг дуурайдаг ахлагчид итгэл нэгтнүүддээ цаг заваа зориулдаг. Нэг арга нь цуглаанд эрт очоод хурлынхантайгаа ярилцаж урмыг нь сэргээх явдал юм. Богинохон хугацаанд ч итгэл нэгтнүүдээ урамшуулах боломжтой (Ром 1:12; Эф. 5:16). Мөн Бурхны Үгээр тэднийхээ итгэлийг батжуулж, Ехова тэдэнд хайртайг батлан хэлдэг. Бас өөрөө ч тэдэнд хайртайгаа илэрхийлдэг. Итгэл нэгтнүүдтэйгээ тогтмол харьцаатай байж, магтах боломж бүрийг алдалгүй ашигладаг. Зөвлөгөө өгөх шаардлага гарвал Бурхны Үгэнд үндэслэдэг. Зөвлөгөөг нь дагаасай гэсэндээ тодорхой ч, эелдэг зөөлөн хэлж өгдөг (Гал. 6:1).

СУЛ ТАЛТАЙГАА ТЭМЦЭХ НЬ

13. Ахлагчид сул талынхаа талаар ямар үзэлтэй болж магадгүй вэ?

13 Энэ нь яагаад амаргүй санагдаж мэдэх вэ? Ахлагчид бусдын л адил төгс бус, алдаа дутагдал гаргадаг (Ром 3:23). Заримдаа тэд сул талынхаа талаар зөв үзэлтэй байхад хэцүү байдаг. Зарим нь сул талаа хэтэрхий их анхаараад сэтгэлээр унадаг. Тийм чухал биш гээд сул талтайгаа тэмцэхгүй болчихдог ахлагчид ч байдаг.

14. Филиппой 4:13-т бичсэнээр Паул даруу зангийнхаа ачаар сул талтайгаа тэмцэж чадсан гэхийн учир юу вэ?

14 Паулын жишээ. Паул даруу учраас өөрийнхөө хүчээр бус, харин Бурхны хүчээр сул талтайгаа тэмцэх хэрэгтэйг хүлээн зөвшөөрдөг байсан. Тэрбээр өмнө нь Христийн дагалдагчдыг харгис ширүүн хавчдаг дээрэнгүй хүн байв. Гэхдээ гэмээ мэдээд хандлага, зан чанараа дуртайяа өөрчилсөн (1 Тим. 1:12–16). Паул Еховагийн тусламжтайгаар хайрын сэтгэлтэй, өрөвч, даруу хоньчин болсон. Төгс бус гэдгээ сайн мэддэг байсан ч дандаа энэ тухайгаа бодоод явалгүй Бурхан уучилна гэдэгт итгэдэг байсан (Ром 7:21–25). Төгс байх гэхийн оронд Христийн дагалдагчийн ёсоор улам сайн зан чанартай болохыг хичээсэн. Бас үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд даруу байж Еховад найдсан (1 Кор. 9:27; Филиппой 4:13-ыг уншина).

Сул талтайгаа тэмцээрэй (14, 15-р догол мөрийг үзээрэй) *

15. Ахлагчид төгс бус ч ямар зөв үзэлтэй байх хэрэгтэй вэ?

15 Сургамж. Ахлагчаар томилно гэдэг бол төгс гэж үзсэнийх биш. Гэхдээ Ехова ахлагчдыг алдаагаа хүлээн зөвшөөрч, Христ шиг сайхан зан чанартай болж төлөвшөөсэй гэж хүсдэг (Эф. 4:23, 24). Тэд Библи судлаад юуг сайжруулах хэрэгтэйгээ мэдэж аваад засаж залруулах шаардлагатай. Тэгвэл сайн ахлагч болж, баяр хөөртэй үйлчлэхэд нь Ехова тусална (Яак. 1:25).

БУСДЫН ТӨГС БУСЫГ ОЙЛГОЖ ХАРЬЦАХ НЬ

16. Ахлагчид бусдын алдаа дутагдлыг л анхаардаг бол юу болох вэ?

16 Энэ нь яагаад амаргүй санагдаж мэдэх вэ? Ахлагчид хурлынхантайгаа ойр ойрхон уулздаг болохоор тэднийхээ алдаа дутагдлыг мэддэг байж болох юм. Тиймээс болгоомжтой байхгүй бол уурлаж, шүүж, хатуурхаж магадгүй. Үүнийг Сатан л хүсдэгийг Паул Христийн дагалдагчдад анхааруулсан (2 Кор. 2:10, 11).

17. Паул итгэл нэгтнүүдийнхээ талаар ямар үзэлтэй байсан бэ?

17 Паулын жишээ. Паул итгэл нэгт ах дүүсийнхээ талаар өөдрөг үзэлтэй байсан. Тэдний алдааг анзаараад зогсохгүй, бүр түүнээс болж зовох үе байсан. Гэхдээ алдаа гаргалаа гээд муу хүн болчихгүйг нь мэддэг байв. Итгэл нэгтнүүдээ хайрладаг, сайн зан чанарыг нь олж харахыг хичээдэг байсан. Итгэл нэгтнүүд нь зөв юм хийж чадахгүй байлаа ч хүсэж байгаа, туслах л хэрэгтэй гэж үзэж байсан.

18. Паул Юүдиа Сунтухе хоёрт хэрхэн тусалснаас юу сурч болох вэ? (Филиппой 4:1–3).

18 Тухайлбал, Паул Филиппой хотын хоёр эмэгтэйд хэрхэн тусалсныг ярилцъя (Филиппой 4:1–3-ыг уншина). Юүдиа Сунтухе хоёр зан авир өөр байснаасаа болоод эвтэй байгаагүй бололтой. Гэхдээ Паул шүүмжлээгүй, хатуурхаагүй, харин ч сайн зан чанарыг нь анхаарсан. Тэр хоёр Еховад олон жил үнэнч үйлчилсэн. Ехова тэдэнд хайртайг Паул мэдэж байлаа. Тэрбээр хоёр эмэгтэйн тухай сайнаар боддог байсан учир тэдэнд эвлэрэхийг уриалсан. Зөв хандлагатай байсныхаа ачаар Паул баяр хөөрөө алдаагүй, Филиппой хурлынхантай улам дотносжээ.

Итгэл нэгтнүүдээ шүүмжлэхгүй байхыг хичээгээрэй (19-р догол мөрийг үзээрэй) *

19. а) Ахлагчид итгэл нэгтнүүдийнхээ талаар өөдрөг үзэлтэй байхын тулд яах вэ? б) Зурагт дүрсэлсэн, цуглааны танхим цэвэрлэж байгаа ахлагчийг харвал юу ойлгох вэ?

19 Сургамж. Ахлагчид аа, итгэл нэгтнүүдийнхээ сайн зан чанарыг олж харахыг хичээгээрэй. Бид бүгд төгс бус ч хүн бүрд сайхан зан чанар бий (Флп. 2:3). Итгэл нэгтнээ засаж залруулах шаардлага ахлагчдад гардаг нь үнэн. Зарим нь үг, үйлдлээрээ хүний дургүйг хүргэж мэднэ. Ахлагчид Паулын адилаар чухамдаа ямар хүн бэ гэдгийг нь олж харахыг хичээх учиртай. Еховаг хайрладаг, түүнд тэвчээртэй үйлчилдэг, сайн юм хийхийг хүсдэг л байж таарна. Ийм өөдрөг үзэлтэй ахлагчдын ачаар хурлынхан нэг нэгнээ хайрлаж дотно болдог.

ПАУЛЫГ ДУУРАЙСААР БАЙХ НЬ

20. Ахлагчид Паулаас илүү ихийг суръя гэвэл яах хэрэгтэй вэ?

20 Ахлагчид та нар Паулын жишээг үргэлжлүүлэн судалбал ач тус хүртэнэ. Жишээ нь, «Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН»-д ороод «Паул* ахлагч* жишээ*» гэж хайвал олон материал гарч ирнэ. Та эдгээрийг уншихдаа өөрөөсөө «Ахлагчаар баяр хөөртэй үйлчилье гэвэл Паулаас юу сурах вэ?» гэж асуугаарай.

21. Ахлагчид юунд итгэлтэй байж болох вэ?

21 Ахлагчид аа, Ехова та нараас төгс байхыг бус, үнэнч байхыг шаарддагийг бүү мартаарай (1 Кор. 4:2). Ехова Паулын ажилч хичээнгүй, үнэнч байсныг нь үнэлсэн. Таны ч нөр их хөдөлмөрийг өндөр үнэлдэг гэдэгт итгээрэй. «Та нар Бурхны нэрийг хайрладаг учир ариун хүмүүст үйлчилсэн, одоо ч үйлчилж байгаа. Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» (Евр. 6:10).

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

^ д/м 5 Хайр халамжтай ахлагчид бидний төлөө нөр их хөдөлмөрлөдөг. Бид ямар их ивээлтэй хүмүүс вэ! Энэ өгүүллээр, ахлагчдад тулгардаг, хийхэд амаргүй ч анхаарах ёстой дөрвөн зүйлийг авч үзнэ. Бас ахлагчид Паулын жишээнээс юу сурч болохыг үзнэ. Бид бүгдээрээ энэ өгүүллийг судлаад ахлагчдын сэтгэлийг ойлгоно. Мөн тэднийгээ хайрлаж, дэмжих хүсэл маань улам бадарна.

^ д/м 61 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй ажлаа тараад харих замдаа хамт ажилладаг хүндээ дэлгэрүүлж байна.

^ д/м 63 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагч ганцаархнаа сууж буй зожигдуу эрэгтэйтэй ярилцаад санаа тавьж байна.

^ д/м 65 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй гомдсон хүнд тус болох зөвлөгөө өгч байна.

^ д/м 67 ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагч цэвэрлэгээний үеэр утсаараа оролдож буй залууг хараад шүүмжлээгүй.