Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 18

Илүү сайн үйлчлэх зорилго тавьж, биелүүлэх нь

Илүү сайн үйлчлэх зорилго тавьж, биелүүлэх нь

«Ахиц гаргаж байгаа чинь бүх хүнд илэрхий болохын тулд эдгээрийг эргэцүүлэн бодож, өөрийгөө бүрэн зориул» (1 ТИМ. 4:15).

ДУУ 150 Бурхныхаа төлөө зүтгэцгээе

ТОЙМ a

1. Бид ямар зорилго тавьж болох вэ?

 ХРИСТИЙН жинхэнэ дагалдагчид бид Еховаг маш их хайрладаг. Тийм учраас түүнд хамаг чадлаараа үйлчлэхийг хүсдэг. Ингэхийн тулд Христийн дагалдагч хүний зан чанарыг хөгжүүлэх, хэрэгтэй чадвартай болох болон итгэл нэгтнүүддээ туслах боломжийг хайх зэрэг зорилго тавих хэрэгтэй.

2. Бид яагаад Еховагийн илүү сайн үйлчлэгч болох ёстой вэ?

2 Бид яагаад Еховагийн илүү сайн үйлчлэгч болох ёстой вэ? Юуны түрүүнд хайр халамжтай тэнгэрийн Эцэгтээ таалагдахыг хүсдэг. Бид авьяас чадвараа дайчлан түүнд хамаг чадлаараа үйлчилбэл Ехова маш их баярлана. Түүнчлэн ах дүүстээ тус дэм болохыг хүсдэг (1 Тес. 4:9, 10). Үнэний зам дээр гараад хэр удсанаас үл хамааран бид бүгдэд ахиц дэвшил гаргах боломж бий. Яаж гэдгийг одоо ярилцъя.

3. 1 Тимот 4:12–16-г үзвэл элч Паул Тимотод яахыг уриалсан бэ?

3 Элч Паулыг Тимотод анхны захидлаа бичих үед Тимот аль хэдийн туршлагатай ахлагч болчихсон байсан. Гэсэн хэдий ч Паул түүнд ахиц дэвшил гаргасаар байхыг уриалжээ (1 Тимот 4:12–16-г уншина). Паул хоёр зүйлийг Тимотод анхааруулав. Хайр, итгэл, цэвэр ариун байдал зэрэг Христийн дагалдагч хүнд байх ёстой зан чанаруудыг хөгжүүлэх болон олны өмнө унших, бусдыг ятгах, зааж сургах зэрэг чадвараа сайжруулахыг Тимот анхаарах ёстой болсон. Тимотын жишээг ярилцаад биелүүлж чадах зорилго тавих нь Еховагийн илүү сайн үйлчлэгч болоход хэрхэн тус болохыг одоо үзье. Мөн үйлчлэлээ өргөжүүлэх ямар боломж байдгийг ярилцана.

ХРИСТИЙН ДАГАЛДАГЧИЙН ЗАН ЧАНАРЫГ ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ

4. Филиппой 2:19–22-т бичсэнийг үзвэл Тимот яаж Еховагийн сайн үйлчлэгч болсон бэ?

4 Тимот яаж Еховагийн сайн үйлчлэгч болсон бэ? Христийн дагалдагчид байвал зохих зан чанарыг хөгжүүлсэн (Филиппой 2:19–22-ыг уншина). Паулын бичсэнээс үзвэл Тимот даруу, үнэнч, хичээнгүй, итгэл хүлээсэн, ах дүүстээ чин сэтгэлээсээ санаа тавьдаг хайр халамжтай нэгэн байжээ. Тиймээс Паул Тимотыг хайрладаг, эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр хэцүү даалгавар өгдөг байв (1 Кор. 4:17). Бид Тимотыг дуурайж Христийн дагалдагчийн зан чанарыг хөгжүүлбэл Еховагаар хайрлуулна, хуралдаа хэрэгтэй хүн болно (Дуу. 25:9; 138:6).

Христийн дагалдагчийн ямар зан чанарыг та хөгжүүлмээр байна вэ? (5, 6-р догол мөрийг үзээрэй)

5. а) Ямар зан чанар хөгжүүлэхээ яаж мэдэх вэ? б) Зураг дээр байгаа Гэрч бүсгүй илүү өрөвч сэтгэлтэй болох зорилгоо биелүүлэхийн тулд юу хийж байна вэ?

5 Тодорхой зорилго тавиарай. Еховад залбираад ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэйгээ эргэцүүлэн бодоорой. Тодорхой нэг зан чанарыг сонгоорой. Жишээлбэл илүү их өрөвч сэтгэлтэй юм уу тусч болох зорилго тавих нь ямар вэ? Эсвэл та хүмүүстэй илүү их эвсэг, уучламтгай болмоор байна уу? Итгэл хүлээсэн найзаасаа энэ зан чанарыг хэрхэн сайжруулахыг асууж болох юм (Сур. 27:6).

6. Сайхан зан чанар хөгжүүлэх зорилгоо яаж биелүүлэх вэ?

6 Зорилгоо биелүүлэхийн тулд ажиллаарай. Яаж? Нэг арга нь хөгжүүлье гэж бодож байгаа зан чанарынхаа талаар судлах явдал юм. Жишээ нь та илүү уучламтгай болъё гэж бодож байгаа бол уучилдаг болон уучилдаггүй хүмүүсийн тухай эхлээд Библиэс уншаад эргэцүүлж бодох байх. Есүс хүмүүсийг дуртайяа уучилдаг (Лук 7:47, 48). Бас хүмүүсийн алдаа дутагдлыг бус, сайхан зан чанарыг нь анхаардаг байжээ. Харин Есүсийн үед амьдарч байсан фарисайчууд «бусдыг басамжилдаг» байсан (Лук 18:9). Эдгээр жишээг уншаад эргэцүүлэн бодсоны дараа өөрөөсөө «Би хүмүүсийн юуг нь анхаардаг вэ? Ямар зан чанарыг нь анхааръя гэж бодож байна вэ?» гэж асуугаарай. Хэрэв хэн нэгнийг уучлахад амаргүй санагдвал түүний бүх сайхан зан чанарыг цаасан дээр бичээрэй. Тэгээд өөрөөсөө «Есүс энэ хүний талаар юу бодох бол? Уучлах болов уу?» гэж асуугаарай. Ингэх нь үзэл бодлоо өөрчлөхөд тустай. Таныг гомдоосон хүнийг уучлах нь эхэндээ амаргүй байж болох юм. Гэхдээ хичээгээд л байвал яваандаа уучилж сурна.

ХЭРЭГТЭЙ ЧАДВАРТАЙ БОЛООРОЙ

Цуглааны танхимаа засаж, тордож сураарай (7-р догол мөрийг үзээрэй) d

7. Сургаалт үгс 22:29-д бичсэнийг үзвэл Ехова чадварлаг ажилчдаар юу хийлгэдэг вэ?

7 Тавьж болох бас нэг зорилго бол хэрэгтэй чадвартай болох явдал юм. Бетелийн барилга байгууламж, чуулганы болон цуглааны танхимуудыг өдий төдий ажилчин барилцсан. Тэдний ихэнх нь туршлагатай итгэл нэгтнүүдтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж чадвартай болсон. Бас зурагт үзүүлснээр эрэгтэй ч, эмэгтэй ч чуулганы болон цуглааны танхимуудыг засварлах, тордох сургалтад хамрагддаг. «Мөнхийн Хаан» Ехова Бурхан, «хаадын Хаан» Есүс Христ дээрх болон бусад аргаар үйлчлэгчдээ чадвартай болгож, агуу үйлсийг бүтээдэг (1 Тим. 1:17; 6:15; Сургаалт үгс 22:29-ийг уншина). Бид өөрсдийгөө бус, Еховаг алдаршуулахын тулд чадвартай болж хичээл зүтгэлтэй ажиллахыг хүсдэг (Ёох. 8:54).

8. Ямар чадвар сайжруулахаа хэрхэн мэдэх вэ?

8 Тодорхой зорилго тавиарай. Та ямар чадвар хөгжүүлэх вэ? Энэ талаар хурлынхаа ахлагч юм уу дүүрэг хариуцагчаас асууж болох юм. Тэгтэл тэд ярих, заах чадвараа сайжруулаарай гэвэл яг юуг сайжруулах хэрэгтэйгээ асуугаарай. Тэгээд сайжруулахын тулд зүтгэл гаргаарай. Чухам яаж?

9. Заах чадвараа хэрхэн сайжруулах вэ?

9 Зорилгоо биелүүлэхийн тулд ажиллаарай. Та заах чадвараа сайжруулъя гэж боджээ. Тэгвэл «Унших, зааж сургахыг анхаарч байгаарай» товхимлыг нухацтай судлах нь зүйтэй. Ажлын өдрийн цуглаан дээр биелүүлэх даалгавар авсан бол бэлдээд биелүүлэхээсээ өмнө туршлагатай Гэрч эрэгтэйд сонсгож, юугаа сайжруулах талаар зөвлөгөө авах боломжтой. Та чадварлаг төдийгүй хичээнгүй, найдвартай хүн болоорой (Сур. 21:5; 2 Кор. 8:22).

10. Чадвараа сайжруулсан хүний жишээг ярина уу.

10 Та ямар нэгэн чадвараа сайжруулахыг хүсдэг ч тэр талаар угаасаа маруухан байвал яах вэ? Хэзээ ч битгий бууж өгөөрэй! Гарри гэдэг Гэрч эрэгтэй муу уншдаг байжээ. Цуглаан дээр чанга уншихдаа их сандардаг байснаа одоо ч мартдаггүй гэжээ. Гэхдээ хичээсээр байсан. Тэгээд байгууллагын сургалтын ачаар цуглаан, дүүргийн болон бүсийн чуулган дээр илтгэл тавьдаг болсон!

11. Бид яавал Тимотын адилаар нэмэлт үүрэг даалгавар биелүүлэх чадвартай болох вэ?

11 Тимот гарамгай илтгэгч юм уу шилдэг багш болсон уу? Библид энэ тухай дурдаагүй. Гэхдээ Паулын зөвлөгөөг дагаад үүрэг даалгавраа улам сайн биелүүлдэг болсон нь эргэлзээгүй (2 Тим. 3:10). Үүнтэй адил, бид чадвараа сайжруулаад байвал нэмэлт үүрэг даалгавар биелүүлэх чадвартай болно.

ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУСЛАХ АРГА ЗАМ ХАЙГААРАЙ

12. Та ямар тусламж авч ач тус хүртсэн бэ?

12 Бид бүгдэд тусламж хэрэгтэй. Жишээлбэл, эмнэлэгт хэвтэж байхад маань Эмнэлэгтэй хамтран ажиллах хороонд юм уу Өвчтөнд туслах бүлэгт ажилладаг Гэрчүүд эргэж ирэхлээр үнэхээр баярладаг. Бас бэрхшээл учрахад цаг гаргаад сонсож, тайвшруулж, санаа тавьдаг ахлагчдад маш их талархдаг. Түүнчлэн Библийн хичээл заахад тусламж хэрэгтэй үе байдаг. Тэр үед туршлагатай эхлэгч хичээлд маань оролцоод үнэтэй зөвлөгөө өгөхөд баярладаг. Бидэнд тусалсан тэд ч баярладаг. Бид ах дүүстээ тусалдаг бол тэдэн шиг баяр хөөр эдэлнэ. Есүс: «Авахаасаа өгөх нь илүү жаргалтай» гэж хэлсэн (Үйлс 20:35). Та Еховагийн төлөө илүү ихийг хиймээр байвал яах вэ?

13. Зорилго тавихдаа юуг санах хэрэгтэй вэ?

13 Хэтэрхий ерөнхий зорилго тавихаас зайлсхийгээрэй. Жишээлбэл та: «Би хурлынхныхаа төлөө илүү ихийг хийе» гэж бодож болох юм. Харин ийм ерөнхий зорилго тавихлаар үүнийгээ биелүүлэхийн тулд яах ёстойгоо ч, биелсэн эсэхийг ч мэдэхгүй байж болох шүү дээ. Тиймээс маш тодорхой зорилго тавиарай. Тэгээд бүр зорилгоо болон хэрхэн биелүүлэх төлөвлөгөөгөө цаасан дээр бичээрэй.

14. Зорилго тавихдаа бид яагаад уян хатан байх хэрэгтэй вэ?

14 Бид зорилго тавихдаа бас уян хатан байх хэрэгтэй. Яагаад? Учир нь бид бүх юмыг хүссэнээрээ байлгаж чадахгүй шүү дээ. Жишээ нь, элч Паул Тесалоникт шинэ хурал үүсгэхэд тусалсан. Тэгээд ч тэндээ үлдээд Христийн дагалдагч болсон шинэ хүмүүст туслах зорилготой байсан нь эргэлзээгүй. Гэхдээ эсэргүүцэгчдээс болж Паул хотоос явахаас өөр аргагүй болов (Үйлс 17:1–5, 10). Паул тэндээс яваагүй бол ах дүүс нь аюулд өртөх байлаа. Гэхдээ тэрбээр бууж өгөөгүй. Шинэ нөхцөлд тааруулан уян хатан байсан. Хожим нь Тесалоник дахь шинэ итгэл нэгтнүүдийнхээ итгэлийг батжуулахын тулд Тимотыг илгээдэг (1 Тес. 3:1–3). Аль хэрэгцээтэй газар үйлчлэх боломжтой Тимотыг хараад тесалоникчууд хэчнээн их баярласан бол оо!

15. Нөхцөл байдал өөрчлөгдөхөөр зорилго өөрчлөгддөгийг жишээгээр хэлнэ үү.

15 Паулыг Тесалоникт байхад тохиолдсон явдлаас сурах юм их бий. Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс болоод зорилгоо биелүүлж чадахгүй үе байдаг (Ном. 9:11). Хэрэв танд ийм юм тохиолдвол биелүүлж чадах өөр зорилго тавиарай. Тед Хайди гэдэг эхнэр нөхөр хоёр яг ингэжээ. Тэд эрүүл мэндийн асуудлаас болоод Бетелээс гарах шаардлагатай болсон. Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн үйлчлэлээ өргөжүүлэх өөр арга замыг хайв. Тэгээд юуны түрүүнд байнгын эхлэгч болцгоосон. Яваандаа тусгай эхлэгчээр томилогдож Тед дүүрэг хариуцагчийн орлогчийн сургалтад хамрагджээ. Тэгтэл насны хязгаар нь өөрчлөгдсөн учир дүүрэг хариуцагчаар үйлчлэх боломжгүй болов. Урам нь хугарсан ч Еховад үйлчлэх өөр боломж заавал байдгийг ухаарсан. Тед: «Хүссэн ганц л аргаараа Еховад үйлчилнэ гэж бодох ёсгүйг ойлгосон» гэжээ.

16. Галат 6:4-т бичсэнээс бид юу мэдэж авах вэ?

16 Амьдрал бидний хүссэнээр байдаггүй, үүрэг даалгавар ч өөрчлөгддөг. Тиймээс хариуцлагатай даалгавар биелүүлдэг хүнийг л Ехова өндөр үнэлдэг гэж бодож болохгүй. Бас өөрийгөө тийм хүнтэй харьцуулахгүй байх нь маш чухал. Хайди: «Өөрийгөө бусадтай харьцуулбал аз жаргалгүй болдог» гэжээ (Галат 6:4-ийг уншина). Еховад үйлчилж, итгэл нэгтнүүддээ туслах арга замыг хайдаг байх нь үнэхээр чухал. b

17. Ирээдүйд янз янзын аргаар үйлчлэхийн тулд яах вэ?

17 Та амьдралаа энгийн болгож, элдэв өр зээлээс зайлсхийдэг бол Еховад илүү их үйлчлэх боломжтой болно. Хэтийн зорилгоо биелүүлэхийн тулд жижиг зорилтууд тавиарай. Жишээ нь, байнгын эхлэгч болох гэдэг хэтийн зорилго тавьсан бол одоо туслах эхлэгчээр үйлчилж болохгүй нь юу билээ? Туслах үйлчлэгч болох хэтийн зорилготой бол дэлгэрүүлэх ажилд илүү оролцож, хурлынхаа өвчтэй, настай хүмүүсийг эргэж тойрч болохгүй нь юу билээ? Өнөөдөр ингэж туршлага хуримтлуулбал ирээдүйд Еховад янз янзын аргаар үйлчлэх боломжтой болно. Та хүлээж авсан даалгавраа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх шийдвэр төгс байгаарай (Ром 12:11).

Биелүүлж чадах тодорхой зорилго тавиарай (18-р догол мөрийг үзээрэй) e

18. Бэвэрлигээс юу сурах вэ? Зургийг харна уу.

18 Зорилго тавиад түүнийгээ биелүүлэхэд хөгшиднө гэж үгүй ээ. 75 настай Бэвэрли гэдэг Гэрч эмэгтэйн жишээг ярилцъя. Хүнд өвчний улмаас бараг явж чадахгүй болсон. Гэхдээ Дурсах цуглааны урилга тараах аянд оролцохыг маш их хүсэж байсан учир тодорхой зорилго тавьжээ. Тэгээд зорилгоо биелүүлээд маш их баярласан. Ямар их хичээж байгааг нь харсан хүмүүс дэлгэрүүлэх ажилд илүү түлхүү оролцох хүсэлтэй болжээ. Хийж чадах юм нь хязгаартай ч Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа настай ах эгч нарыг маань Ехова маш өндөр үнэлдэг (Дуу. 71:17, 18).

19. Бид ямар ямар зорилго тавьж болох вэ?

19 Биелүүлж чадах зорилго тавиарай. Еховад таалагдах зан чанарыг хөгжүүлээрэй. Еховад болон байгууллагад нь илүү хэрэгтэй хүн байхын тулд янз бүрийн чадвартай болоорой. Ах дүүстээ туслах арга замыг хайгаарай. c Тимот ахиц гаргасан шиг та ч Еховагийн ивээлээр ахиц гаргах болтугай! (1 Тим. 4:15).

ДУУ 60 Бурхан таныг бататгана

a Тимот чадварлаг дэлгэрүүлэгч байсан. Тэгсэн хэдий ч элч Паул түүнийг Христийн илүү сайн дагалдагч болохыг уриалсан. Тэрбээр Паулын зөвлөгөөг дагасан учир Еховад илүү хэрэгтэй, ах дүү нартаа илүү тустай хүн болсон. Та Тимот шиг хүн болмоор байна уу? Мэдээж хүсэж байгаа байх. Ингэхийн тулд ямар зорилго тавьж болох вэ? Зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

b «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» номын 10-р бүлгийн «Хэрэгцээтэй газар үйлчлэх нь» гэсэн дэд гарчгийн 6–9-р догол мөрийг үзээрэй.

c «Үүрд жаргалтай амьдраарай!» номын «Ахиц дэвшил гаргасаар байгаарай» гэсэн 60-р хичээлийг үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй хоёр эмэгтэйг засвар үйлчилгээний ажилд сургаж байна. Тэд заалгаснаа ажил болгох чадвартай болжээ.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрээсээ гарч чаддаггүй Гэрч эмэгтэй утсаар дэлгэрүүлэн Дурсах цуглаанд хүмүүсийг урьж байна.