Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

Та «үг яриа[гаараа] ... үлгэр дуурайл болдог» уу?

Та «үг яриа[гаараа] ... үлгэр дуурайл болдог» уу?

«Чи үнэнч хүмүүст үг яриа[гаараа] ... үлгэр дуурайл бол» (1 ТИМ. 4:12).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ a

1. Бидэнд хэн ярих чадвар өгсөн бэ?

 ЯРИХ чадвар бол хайр халамжтай Бурхны өгсөн бэлэг юм. Ехова анхны хүн Адамыг ярих чадвартайгаар бүтээжээ. Тийм учраас тэнгэрийн Эцэгтэйгээ шууд ярилцаж эхэлсэн. Бас тэрбээр шинэ үг зохиогоод үгийн сангаа баяжуулах боломжтой байв. Ингээд ан амьтдад нэр өгөх даалгавраа биелүүлжээ (Эх. 2:19). Түүнчлэн үзэсгэлэн гоо эхнэр Еватайгаа анх харьцаад ямар их догдолсон бол оо! (Эх. 2:22, 23).

2. Эрт үед хүмүүс ярих чадвараа хэрхэн буруугаар ашигласан бэ? Өнөөдөр ямар байгаа вэ?

2 Тун удалгүй хүмүүс энэ чадвараа буруугаар ашиглаж эхэлсэн. Сатан Диавол Евад худал хэлснээс болж хүн төрөлхтөн нүгэлтэй, төгс бус болсон (Эх. 3:1–4). Адам өөрөө алдаа гаргачихаад буруугаа бусдад буюу Евад, тэр байтугай Еховад тохсон нь ярих чадвараа буруу ашигласан хэрэг байлаа (Эх. 3:12). Каин дүү Абелаа алсныхаа дараа Еховад худлаа ярьдаг (Эх. 4:9). Хожим нь Каины удмын Ламех гэдэг хүн тухайн үед хүчирхийлэл хэр газар авсныг харуулсан шүлэг зохиожээ (Эх. 4:23, 24). Өнөөдөр байдал ямар байна вэ? Улс төрийн удирдагчид бусдыг ил тод доромжилдог. Бас этгээд үг хэллэг хэрэглээгүй кино гэж бараг алга. Хүүхэд сургууль дээрээ, томчууд ажил дээрээ байнга ийм үг сонсох нь жирийн хэрэг болжээ. Гаж үг хаа сайгүй сонсогдох болсон нь энэ ертөнцөд ёс суртахууны хэм хэмжээ уруудан доройтсоны илрэл юм.

3. Бид ямар аюулаас зайлсхийх ёстой вэ? Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Бид болгоомжлохгүй бол муу үг сонссоор байгаад өөрсдөө ч ярьдаг болж магадгүй. Христийн дагалдагчид бид Еховад таалагдахыг хүсдэг учраас ийм үг ярианаас зайлсхийгээд зогсохгүй Еховаг алдаршуулах юм ярихыг хичээдэг. Энэ өгүүллээр, 1) дэлгэрүүлэхдээ, 2) цуглаанд суухдаа 3) өдөр бүр нэг нэгэнтэйгээ харьцахдаа ярих чадвараа хэрхэн зөв ашиглахыг ярилцана. Гэхдээ эхлээд, юу ярих маань Еховад яагаад чухал болохыг ярилцъя.

ЯРИХ ЮМ МААНЬ ЕХОВАД ЧУХАЛ

Үг яриа тань юуг илчилдэг вэ? (4, 5-р догол мөрийг үзээрэй) d

4. Малахи 3:16-гаас үзвэл юу ярьж хэлж байгаа маань Еховад яагаад чухал вэ?

4 Малахи 3:16-г уншина. Үг яриагаараа өөрөөс нь эмээдгээ, нэрийг нь эрхэмлэдгээ харуулдаг хүний нэрийг Ехова «дурсгалын номдоо» бичсэн. Яагаад? Бид зүрхэнд байгаагаа ярьдаг. Энэ тухай Есүс: «Зүрх сэтгэл нь юугаар дүүрнэ, түүнийгээ ярьдаг» гэжээ (Мат. 12:34). Ямар үг сонгож ярьдгаас Еховаг хэр их хайрладаг маань харагддаг. Ехова өөрийг нь хайрладаг хүмүүсийг шинэ ертөнцөд үүрд мөнх аз жаргалтай амьдруулахыг хүсдэг.

5. а) Шүтлэг үг яриа хоёр ямар холбоотой вэ? б) Зурагт дүрсэлснээр бид үг ярианы талаар юуг анхаарах ёстой вэ?

5 Шүтлэг маань Еховад таалагдах эсэх нь юу ярьдгаас шалтгаална (Яак. 1:26). Бурхныг хайрладаггүй зарим хүний үг түрэмгий, ширүүн, бардам шинжтэй байдаг (2 Тим. 3:1–5). Бид тэдэн шиг байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Бид үг яриагаараа Еховаг баярлуулахыг хүсдэг. Гэхдээ цуглаан дээр эсвэл дэлгэрүүлэхдээ эелдэг, найрсаг харьцдаг атлаа хэн ч хараагүй, сонсоогүй үед гэрийнхэнтэйгээ хатуу, ширүүн харьцдаг бол Еховад таалагдах уу? (1 Петр 3:7).

6. Кимберли сайн юм яриад ямар үр дүнд хүрсэн бэ?

6 Бид ярих чадвараа зөв ашигладаг бол Еховагийн үйлчлэгч гэдгээ батална. Эргэн тойрны хүмүүс ч «Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондох» ялгааг олж харна (Мал. 3:18). Энэ үгний үнэнийг харуулсан Кимберли гэдэг Гэрч эмэгтэйд тохиолдсон явдлыг бодож үзээрэй. b Тэрбээр ахлах сургуулийн сурагч бөгөөд ангийнхаа нэг охинтой хамт даалгавар биелүүлэхээр болжээ. Тэр охин Кимберлийг бусад сурагчаас ялгаатайг, тухайлбал хүүхдүүдийг далдуур шүүмжилдэггүй, дандаа сайнаар ярьдаг, муу үг хэлдэггүйг анзаараад гайхжээ. Тэгээд яваандаа Кимберлигээр Библийн хичээл заалгаж эхэлсэн. Үг яриагаараа бусдыг үнэн рүү татсан нь Еховаг ямар их баярлуулсан бол оо!

7. Ярих чадвар гэдэг Бурхны бэлгийг та хэрхэн ашиглахыг хүсэж байна вэ?

7 Бид бүгдээрээ ярих чадвараа зөв ашиглаж, Еховаг алдаршуулахыг, итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносохыг хүсдэг. Тиймээс «үг яриа[гаараа] ... үлгэр дуурайл» байхын тулд яах хэрэгтэйг одоо ярилцъя.

ДЭЛГЭРҮҮЛЭХДЭЭ

Дэлгэрүүлэхдээ эелдэг харьцах нь Еховаг баярлуулдаг (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8. Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа үг яриагаараа ямар жишээ үлдээсэн бэ?

8 Өдөөн хатгасан ч хүндэтгэлтэй яриарай. Есүсийг дэлхий дээр үйлчилж байхад хүмүүс түүнийг ховдог, архичин, Диаволын талынхан, Амралтын өдрийн хуулийг зөрчигч, тэр бүү хэл Бурхныг доромжлогч гэж буруутгаж байв (Мат. 11:19; 26:65; Лук 11:15; Ёох. 9:16). Тэглээ гээд Есүс уурлаагүй, элдвийн юм яриагүй. Хүмүүс бидэнтэй бүдүүлэг харьцсан ч Есүсийг дуурайж эелдэг байх хэрэгтэй (1 Петр 2:21–23). Мэдээж ингэх нь амаргүй (Яак. 3:2). Эелдэг байхын тулд яах вэ?

9. Дэлгэрүүлэх үеэр эелдэг харьцахад юу тус болох вэ?

9 Айлын хүний муухай харьцааг бүү анхаараарай. Сам гэдэг Гэрч эрэгтэй: «Энэ хүнд үнэнийг мэдүүлэх нь л чухал. Яваандаа өөрчлөгдөх боломжтой гэдгийг анхаарахыг хичээдэг» гэжээ. Зарим гэрийн эзэн тохиромжгүй цагт ирснээс болоод уурлах нь бий. Хэрэв уурласан хүнтэй тааралдвал Лусиа гэдэг Гэрч эмэгтэйг дуурайгаарай. Тэрбээр тайван байж эвгүй юм хэлэхгүй байхад туслаач гэж товчхон Еховад залбирдаг байна.

10. 1 Тимот 4:13-т бичсэнээр бид ямар зорилготой байх хэрэгтэй вэ?

10 Илүү чадварлаг багш болоорой. Тимот туршлагатай дэлгэрүүлэгч байсан ч заах аргаа улам сайжруулах хэрэгтэй байсан (1 Тимот 4:13-ыг уншина). Бид яаж илүү чадварлаг багш болох вэ? Сайн бэлдэх ёстой. Чадварлаг багш болоход шаардлагатай гарын авлага бидэнд их байгаа. Жишээ нь «Унших, зааж сургахыг анхаарч байгаарай» товхимол, «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын «Дэлгэрүүлэх чадвараа сайжруулах нь» хэсэгт байдаг материал тустай. Та эдгээрийг ашигладаг уу? Бид сайн бэлдвэл бага сандарч, илүү итгэлтэй заана.

11. Зарим Гэрч яаж илүү чадварлаг багш болсон бэ?

11 Бид хурлынхнаасаа суралцсанаар бас сайн багш болдог. Дээр дурдсан Сам зарим итгэл нэгтнээ яаж ийм сайн багш болсныг эргэцүүлэн боддог. Яаж зааж байгааг нь ажиглаж, дуурайхыг хичээдэг. Талиа гэдэг Гэрч эмэгтэй туршлагатай Гэрчүүдийн илтгэлийг анхааралтай сонсоод хүмүүсийн байнга асуудаг сэдвээр яаж ярихаа мэдэж авдаг.

ЦУГЛААН ДЭЭР

Цуглаан дээр чин сэтгэлээсээ дуулах нь Еховаг алдаршуулдаг (12, 13-р догол мөрийг үзээрэй)

12. Зарим хүнд яах нь хэцүү санагддаг вэ?

12 Бид бүгдэд хоолой нийлүүлэн дуугаа дуулж, сайн бэлдээд хариулах зэргээр цуглаанд идэвхтэй оролцох боломж бий (Дуу. 22:22). Харин заримд маань дуулах, хариулах нь хэцүү санагддаг. Танд ч тэгж санагддаг уу? Тийм бол айдсаа ялахад зарим хүнд юу тус болсныг мэдэж аваарай.

13. Та цуглаан дээр чин сэтгэлээсээ дуулахын тулд яах вэ?

13 Чин сэтгэлээсээ дуулаарай. Бид Хаант төрийн дууг дуулахдаа юуны түрүүнд Еховаг алдаршуулахыг анхаарах учиртай. Сара гэдэг Гэрч эмэгтэй өөрийгөө сайн дуучин гэж боддоггүй. Гэхдээ дуулж Еховаг алдаршуулах хүсэлтэй. Тэрбээр цуглаанд бэлдэхдээ дуугаа ч давтах нь ач тустай гэдгийг ойлгосон. Бас дууны үг нь тухайн өдрийн цуглааны сэдэвтэй ямар холбоотойг эргэцүүлэн боддог болжээ. Тэрбээр: «Энэ нь дуулах чадвартаа бус дууны үгэнд анхаарлаа хандуулахад тус болдог» гэж ярьсан.

14. Та цуглаан дээр хариулахдаа сандардаг бол яах вэ?

14 Тогтмол хариулаарай. Энэ нь зарим хүнд үнэхээр хэцүү байж болох юм. Дээр дурдсан Талиа: «Би олон хүний дунд юм ярихдаа аймаар сандардаг. Гэхдээ би намуухан дуутай учраас хүмүүс тэр бүр анзаардаггүй. Цуглаан дээр хариулах гэдэг нь надад үнэхээр хэцүү санагддаг» гэжээ. Гэхдээ Талиа хариулахаас хойш суудаггүй. Асуултад эхлээд хариулах хүн гол санааг товч, оновчтой хэлэх ёстойг санаад цуглаандаа бэлддэг. Талиа: «Гол санааг товч, энгийн хариулахад хангалттай. Яагаад гэвэл хөтлөгч ийм л хариултыг хүлээж байгаа» гэжээ.

15. Цуглаан дээр хариулахдаа юуг санах хэрэгтэй вэ?

15 Тийм ч ичимхий биш хүн ч заримдаа цуглаан дээр хариулдаггүй. Яагаад? Жулиет гэдэг Гэрч эмэгтэй: «Хариулт маань хэтэрхий энгийн, бас тийм ч сайн биш юм шиг санагдаад би хариулдаггүй» гэжээ. Гэхдээ Ехова чадахаараа л хариулаарай гэдгийг бүү мартаарай. c Заримдаа сандарч, айж эмээдэг ч Еховаг магтахын тулд чадах хариултаа хэлэхэд л тэрбээр маш их баярладаг.

ӨДӨР БҮР НЭГ НЭГЭНТЭЙГЭЭ ХАРЬЦАХДАА

16. Бид ямар үг ярианаас зайлсхийх ёстой вэ?

16 «Доромжлон гутаахаас» зайлсхийгээрэй (Эф. 4:31). Дээр дурдсанаар Христийн дагалдагч хүн нэг нэгнээ хэл амаар доромжлох ёсгүй. Өөрөө ч анзааралгүй доромжлох аястай үг хэлчихээс ч зайлсхийх учиртай. Жишээ нь соёл, хэлээрээ ялгаатай өөр үндэстний хүний тухай ярихдаа харьцуулж таагүй юм ярихаас болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн бид нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулах юм хэлэхгүйг хичээдэг. Нэг Гэрч эрэгтэй: «Би заримдаа гэм зэмгүй гэж бодоод хөгжилтэй хошигносон юм ярьчихдаг байсан. Гэтэл энэ нь бусдын сэтгэлийг шархлуулчихсан байдаг. Эхнэр минь намайг заримдаа утгагүй юм ярьж өөрийг нь болон бусдыг гомдоосныг ганцаарчлан хэлж өгдөг байв. Үүний ачаар би буруугаа ойлгосон» гэж чин сэтгэлээсээ ярьжээ.

17. Эфэс 4:29-д бичсэнээр бид нэг нэгэндээ хэрхэн дэм болох вэ?

17 Дэм болох юмыг яриарай. Шүүмжлэх юм уу гомдоллохын оронд хүмүүсийг магтаж байгаарай (Эфэс 4:29-ийг уншина). Израйлчуудад талархах шалтгаан их байсан ч дандаа гомдоллодог байв. Гомдоллох хандлага хажуугийн хүнд ч нөлөөлдөг. Арван туршуулын авчирсан муу мэдээ «Израилийн бүх хөвгүүд[ийг] Мосе[гийн] ... эсрэг гомдоллоход» хүргэснийг бид сайн санадаг (Тоол. 13:31—14:4). Нөгөөтээгүүр, магтаал нь хүнийг сайн үйлс хийх хүчтэй хөшүүрэг болдог. Найз охидынхоо магтаалын ачаар Иефтагийн охин үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх урам зоригтой болж байсан нь ойлгомжтой (Шүү. 11:40, ШЕ). Дээр дурдсан Сара: «Бид хэн нэгнийг магтвал тэр хүн Еховагаар, итгэл нэгтнүүдээрээ хайрлуулдгаа мэдэрдэг» гэжээ. Тиймээс итгэл нэгтнүүдээ магтах боломж бүрийг хайгаарай.

18. Дуулал 15:1, 2-ыг үзвэл бид яагаад үнэнийг ярих ёстой вэ? Үнэнийг ярих гэдэгт юу ордог вэ?

18 Үнэнийг яриарай. Хэрэв бид худлаа ярьдаг бол Еховад таалагдахгүй. Тэрбээр ямар ч худал үгийг үзэн яддаг (Сур. 6:16, 17). Өнөөдөр олон хүн худал ярихыг ерийн хэрэг гэж үздэг. Харин бид энэ талаар Еховагийн үзэл бодлыг баримталдаг (Дуулал 15:1, 2-ыг уншина). Бид улайм цайм худлаа ярихгүй ч буруу бодол төрүүлэх юм ч ярих ёсгүй.

Муу юм яривал ярианы сэдвийг өөрчилж сайн юм яриарай. Ингэх нь Еховад таалагддаг (19-р догол мөрийг үзээрэй)

19. Өөр юунаас сэрэмжлэх ёстой вэ?

19 Хов жив тараахаас зайлсхийгээрэй (Сур. 25:23; 2 Тес. 3:11). Дээр дурдсан Жулиет хов жив өөрт нь яаж нөлөөлдгийг ярьсан байна. Тэрбээр: «Хов жив сонсохоор урам хугардаг. Хов ярьж байгаа хүнд итгэх итгэл маань алдардаг. Эцсийн эцэст намайг ч муулаад явахыг үгүйсгэх аргагүй шүү дээ» гэжээ. Хэн нэгэн хов жив ярьж эхэлбэл ярианыхаа сэдвийг өөрчилж тустай юмыг яриарай (Кол. 4:6).

20. Та үг яриагаараа яая гэж бодож байна вэ?

20 Бид бузар муу үг тархсан энэ ертөнцөд амьдардаг учраас Еховад таалагдах юм ярихыг хичээх хэрэгтэй. Ярих чадвар маань Еховагийн өгсөн бэлэг гэдгийг санаж яваарай. Тиймээс үүнийгээ яаж ашигладгийг маань Ехова хардаг. Дэлгэрүүлэхдээ, цуглаанд суухдаа, өдөр бүр нэг нэгэнтэйгээ харьцахдаа сайн юм ярих гэж хичээж байгаа биднийг Ехова ивээдэг. Ёс бус энэ тогтолцоо устгагдаж, бидэнд нөлөөлөхөө болих тэр цагт Ехова Бурхнаа үг яриагаараа алдаршуулах нь илүү амар болно (Юуд. 15). Тэр цаг иртэл «амнаас ... гарах үгээрээ» Еховагаа баярлуулж явъя гэж бат шийдэцгээе (Дуу. 19:14).

ДУУ 52 Зүрхээ хамгаалъя

a Ехова бидэнд ярих чадвар гэдэг гайхалтай бэлэг өгсөн. Харамсалтай нь ихэнх хүн энэ чадвараа Еховагийн хүссэнээр ашигладаггүй. Баримтлах хэм хэмжээ нь уруудан доройтож буй энэ ертөнцөд амьдардаг бид үг яриагаа хэрхэн цэвэр байлгаж, бусдыгаа хэрхэн урамшуулан зоригжуулах вэ? Дэлгэрүүлэхдээ, цуглаанд суухдаа, өдөр бүр нэг нэгэнтэйгээ харьцахдаа үг яриагаараа Еховаг хэрхэн баярлуулах вэ? Энэ өгүүллээр дээрх асуултын хариултыг мэдэж авъя.

b Зарим нэрийг өөрчлөв.

c Цуглаан дээр хариулах талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 1-р сарын дугаарын «Цуглаан дээр Еховаг магтацгаая» гэсэн өгүүллийг үзээрэй.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Уурлаж буй гэрийн эзэнтэй муухай харьцаж байгаа Гэрч эрэгтэй; цуглаан дээрээ дуулахгүй байгаа Гэрч залуу; хов жив ярьж буй Гэрч эмэгтэй.