Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 27

«Еховад найдагтун»

«Еховад найдагтун»

«ЭЗЭНийг хүсэн хүлээгтүн [«Еховад найдагтун», ШЕ]. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун» (ДУУ. 27:14).

ДУУ 24 Шагналаа харж явъя!

ТОЙМ a

1. а) Ехова бидэнд ямар найдвар бэлэглэсэн бэ? б) «Еховад найдах» гэдгийг юу гэж ойлгох вэ? («Үгний тайлбар»-ыг үзээрэй).

 ЕХОВА өөрийг нь хайрладаг хүмүүст гайхалтай найдвар бэлэглэсэн. Тэрбээр удахгүй өвчин зовлон, уй гашуу, үхлийг үгүй болгоно (Илч. 21:3, 4). Өөрт нь найддаг «даруу хүмүүсийн» дэлхийг диваажин болгох ажил үйлсийг ивээнэ (Дуу. 37:9–11). Тэрбээр өнөөдөр бидэнтэй дотно байдаг ч ирээдүйд бүр ч дотно болно. Ямар сайхан найдвар вэ! Бид юунд үндэслэн Еховагийн амлалт биелнэ гэдэгт итгэдэг вэ? Ехова амлалтаа биелүүлээгүй тохиолдол нэг ч байхгүй. Тэгэхээр Еховад бүрэн дүүрэн «найдаж» болно (Дуу. 27:14). b Еховаг зорилгоо биелүүлтэл бид баяр хөөрөө алдалгүй тэвчээртэй хүлээснээрээ түүнд найддагаа харуулна (Ис. 55:10, 11).

2. Ехова аль хэдийн ямар амлалтаа биелүүлчихсэн байгаа вэ?

2 Ехова амласан бүхнээ биелүүлдэг Нэгэн гэдгээ аль хэдийн баталсан. Нэг тод томруун жишээг үзье. Эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтнээс бүрдсэн хүмүүс өөрт нь эв нэгдэлтэй үйлчилнэ гэж Ехова хэлсэн. Энэ хүмүүсийг «үй олон хүн» гэдгийг бид мэддэг (Илч. 7:9, 10). Тэд дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг үндэс угсаа, хэл соёл, боловсрол хүмүүжил, нас хүйсээрээ ялгаатай боловч эв найртай нэгэн гэр бүлд багтдаг (Дуу. 133:1; Ёох. 10:16). Тэд хичээл зүтгэлтэй дэлгэрүүлдэг. Удахгүй сайхан цаг ирнэ гэдгийг хүн болгонд дуулгах зорилготой (Мат. 28:19, 20; Илч. 14:6, 7; 22:17). Хэрэв та үй олон хүний нэг бол ирээдүйн найдвараа маш их эрхэмлэдэг биз ээ.

3. Сатаны зорилго юу вэ?

3 Диавол таны итгэл найдварыг үгүй хийхийг оролддог. Түүний зорилго бол Ехова танд санаа тавьдаггүй, амлалтаа ч биелүүлэхгүй гэдэгт итгүүлэх явдал юм. Хэрэв бид Сатанд хууртаад итгэл найдваргүй болчихвол зориг мохож, бүр Еховад үйлчлэхээ болино. Диавол Иовыг ч хуурах гэж оролдсон.

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ? (Иов 1:9–12).

4 Энэ өгүүллээр, Сатан Иовыг Еховад үнэнч бус болгохын тулд ямар арга хэрэглэснийг үзнэ (Иов 1:9–12-ыг уншина). Бас Иовоос юу сурахыг, Ехова биднийг хайрладаг бөгөөд амлалтаа биелүүлнэ гэдгийг яагаад санаж явах хэрэгтэйг ярилцана.

САТАН ИОВЫГ ИТГЭЛ НАЙДВАРГҮЙ БОЛГОХЫГ ОРОЛДСОН НЬ

5, 6. Иовд охорхон хугацаанд юу тохиолдсон бэ?

5 Иов сайхан амьдарч байв. Тэрбээр Еховатай дотно байсны зэрэгцээ өнөр өтгөн, эвсэг гэр бүлтэй, баян чинээлэг хүн байжээ (Иов 1:1–5). Гэтэл ганц өдрийн дотор бараг бүх юмаа алджээ. Эхлээд эд хөрөнгөгүй болов (Иов 1:13–17). Дараа нь хайртай бүх хүүхдээ үхэлд алддаг. Ямар их эмгэнэн гашуудсаныг нь бодоод үз дээ. Хүүхдүүдийнхээ нэгийг л алдсан эцэг эх маш их гашууддаг шүү дээ. Харин арвын арван хүүхдээ өнгөрснийг Иов эхнэртэйгээ мэдээд ямар их цочирдож, гашуудаж, цөхөрснийг төсөөлөхөд ч бэрх. Иов ихэд гашуудсандаа нөмрөгөө урж, газар унасан нь аргагүй шүү дээ! (Иов 1:18–20).

6 Дараа нь Сатан Иовыг яр хатгинд бариулсан, нэр төрийг нь унагасан (Иов 2:6–8; 7:5). Урьд нь Иов нутаг усандаа нэр хүндтэй, хүмүүс түүнээс зөвлөгөө авдаг байв (Иов 31:18). Харин одоо түүнээс дайждаг болжээ. Ах дүү, хамаатан садан, найз нөхөд, бүр зарц нар нь ч түүнийг гадуурхах болов (Иов 19:13, 14, 16).

Өнөөгийн олон итгэл нэгтэн маань Иовынхтой төстэй зовлон туулж байна (7-р догол мөрийг үзээрэй) d

7. а) Сорилтын цаана хэн байна гэж Иов бодсон бэ? Гэхдээ яагаагүй вэ? б) Зурагт дүрсэлсэнтэй төстэй ямар сорилт Христийн дагалдагч хүнд тулгарч болох вэ?

7 Сатан Иовд Еховагийн сайшаалыг алдсан учраас зовж байгаа гэж итгүүлэхийг хүссэн. Жишээ нь Иовын арван хүүхдийг хамтдаа цуглаад хоол идэж байхад Сатан хүчтэй салхи дэгдээж байшинг нь нураадаг (Иов 1:18, 19). Бас тэнгэрээс гал буулгаж, Иовын мал сүрэг болон хариулж байсан зарц нарыг нь устгадаг (Иов 1:16). Салхи дэгдээж, гал буулгасны цаана Ехова байгаа гэж Иов ойлгосон. Тийм ч учраас Еховаг уурлуулжээ гэж бодсон. Тэгсэн ч гэсэн Иов тэнгэрийн Эцгээ хараагаагүй. Олон жилийн хугацаанд Еховагаас олон сайн юм авснаа хүлээн зөвшөөрдөг. Тэгээд сайныг нь аваад баярладаг байсан юм чинь мууг нь ч авах нь зохистой гэж дүгнэсэн. Тиймээс тэрбээр: «ЭЗЭНий нэр алдаршиг» гэж хэлдэг (Иов 1:20, 21; 2:10). Хэдийгээр Иов эд хөрөнгөгүй болж, хүүхдүүдээ үхэлд алдаж, яр шарханд бариулсан ч Еховад үнэнч байсан. Гэхдээ Сатан Иовыг сорьж дуусаагүй байлаа.

8. Сатаны хэрэглэсэн дараагийн арга юу байсан бэ?

8 Сатан бас нэг арга хэрэглэсэн. Гурван хуурамч найзаар нь хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодлыг Иовд төрүүлэхийг оролдсон. Тэд Иовыг ингэж шаналж, зовж байгаа нь маш их гэм буруу үйлдсэнийх нь баталгаа гэжээ (Иов 22:5–9). Бас хэчнээн сайн юм хийсэн ч Бурхан ерөөсөө ойшоодоггүй гэж Иовд итгүүлэхийг оролджээ (Иов 4:18; 22:2, 3; 25:4). Тийм ээ, тэд Бурхан өөрийг нь хайрладаг, санаа тавьдаг, Бурханд үйлчлэх нь чухал гэдэгт эргэлзүүлэхийг оролдсон. Үүнээс болоод Иовын итгэл найдвар хөсөрдсөн байх.

9. Иов яаж эр зоригтой, хүч тэнхээтэй байж чадсан бэ?

9 Дараах дүр зургийг төсөөлөөрэй. Өвчин шаналалд автсан Иов үнсэн дунд сууна (Иов 2:8). Найзууд нь түүнийг буруутгаж нэр хүндэд нь халдахыг оролдсоор байна. Хүнд чулуу мэт сорилтод нухлагдаж, хүүхдүүдээ алдсан түүний зүрх сэтгэл шимширнэ. Эхэндээ Иов юу ч дуугараагүй (Иов 2:13—3:1). Найзууд нь Иовын чимээгүй сууж байгааг хараад Бүтээгчээсээ нүүр буруулах нь дээ гэж эндүү бодсон байж ч болох юм. Харин Иов: «Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй» гэж хэлсэн удаатай. Ингэхдээ Иов толгойгоо өргөөд хуурамч найзууд руугаа эгцлэн харж хэлсэн болов уу (Иов 27:5). Даахын аргагүй зовлонд унасан хэрнээ яаж ийм эр зоригтой, хүч тэнхээтэй байж чадав аа? Хайр халамжтай Бурхан өөрийг нь зовлон бэрхшээлгүй болгоно гэсэн найдвараа хамгийн хэцүү үед ч алдаагүй. Үхлээ гэхэд Ехова амилуулна гэдэгт бат итгэж байсан (Иов 14:13–15).

ИОВЫГ ХЭРХЭН ДУУРАЙХ ВЭ?

10. Иовд тохиолдсон явдлаас юу ойлгож авсан бэ?

10 Сатан биднийг Еховагаас хүчээр холдуулж чадахгүйг, бидний нөхцөл байдлыг Ехова нэг бүрчлэн мэддэгийг Иовд тохиолдсон явдлаас ойлгож болно. Бас энэ явдлаас, сорилт тулгарлаа гэхэд ямар асуудлыг бодох хэрэгтэйг илүү сайн ойлгож авна. Иовд тохиолдсон явдлаас зарим сургамжийг ярилцъя.

11. Еховад үргэлж бат итгэдэг бол юунд итгэлтэй байх вэ? (Яаков 4:7).

11 Еховад үргэлж бат итгэдэг бол ямар ч сорилтыг давж, бас Сатаныг ч эсэргүүцэж чаддагийг Иов бидэнд үлгэрлэн харуулсан. Бид Иовыг дуурайвал ямар үр дүнтэй вэ? Ариун Сударт бичсэнээр Диавол биднээс зайлна (Яаков 4:7-г уншина).

12. Амилах найдвар Иовыг хэрхэн батжуулсан бэ?

12 Ехова нас барагсдыг амилуулна гэдэг найдвараа бид тод санаж явах учиртай. Биднийг үнэнч бус болгохын тулд Сатан үхлээс айх айдсыг ашигладаг тухай өмнөх өгүүлэлд үзсэн. Сатан Иовыг амиа аврахын тулд юу ч хийхээс буцахгүй, бүр үнэнч бус болоход ч бэлэн гэж гүтгэсэн. Гэхдээ Сатан буруу бодсон. Иов амьдралынхаа хар бараан өдрүүдэд ч, үхлийн ирмэгт тулж байхдаа ч үнэнч байсан. Ехова сайн гэдэгт болон цаг нь болохоор засаж өөрчилнө гэдэгт итгэдэг байсан учраас тэвчиж чадсан. Амьд ахуйдаа үзэж чадахгүй байлаа ч Ехова амилуулна гэдэгт бат итгэлтэй байсан. Тийм ээ, амилах найдвар Иовын хувьд хий хоосон мөрөөдөл биш байв. Хэрэв бид амилах найдварт Иов шиг бат итгэдэг бол үхлээс айх айдас ч үнэнч байхад маань саад болж чадахгүй.

13. Иовд хэрэглэсэн Сатаны зальт аргуудыг бид яагаад мэддэг байх ёстой вэ?

13 Сатан Иовд хэрэглэсэн зальт аргаа өнөөдөр ч хэрэглэдэг. Тиймээс Иовд ямар арга хэрэглэснийг бид мэддэг байх ёстой. Сатан яаж гүтгэснийг анхаараарай. «Өөрт байгаа бүхнээ [зөвхөн Иов биш,] хүн амийнхаа төлөө өгдөг» гэсэн (Иов 2:4, 5). Өөрөөр хэлбэл Сатан биднийг ч бас гүтгэж Ехова Бурхнаа чин сэтгэлээсээ хайрладаггүй, амиа аврах шаардлага гарвал Бурхнаа эсэргүүцнэ гэсэн. Тэрбээр цааш нь Бурхан бидэнд хайргүй бөгөөд өөрийг нь баярлуулахын тулд гаргадаг хичээл зүтгэлийг маань огт үнэлдэггүй гэж хэлсэн. Еховад итгэж найддаг бид Сатаны энэ худал үгэнд итгэдэггүй. Яагаад гэвэл түүний зальт аргын талаар Ехова бидэнд урьдчилан анхааруулсан.

14. Сорилт тулгарахад юугаа мэдэх боломжтой вэ? Жишээгээр тайлбарлана уу.

14 Бид сорилтыг өөрийгөө таних боломж гэж үзэх учиртай. Иов сорилттой тулгараад сул талаа мэдэж аваад зассан. Жишээлбэл илүү даруу байх хэрэгтэйгээ ойлгосон (Иов 42:3). Бид ч адил. Нэлээд бие муутай хэр нь шоронд хоригдсон Николай c гэдэг Гэрч эрэгтэй: «Шоронг бүх юмыг нэвт хардаг рентген аппараттай зүйрлэж болно. Христийн дагалдагч хүний хувьд юун дээр асуудалтай байгаагаа мэдэж авдаг» гэжээ. Тэгэхээр ямар сул талтайгаа мэдэж авбал үүнийгээ засах гэж хичээнэ.

15. Бид хэнийг сонсох ёстой вэ? Яагаад?

15 Бид дайснуудыг бус, Еховаг сонсох ёстой. Ехова өөртэй нь ярьж байхад Иов маш анхааралтай сонссон. Иовыг эргэцүүлэн бодуулж «Би хэр хүчтэй, юу бүтээсэн билээ? Чамд юу тохиолдсоныг би бүгдийг нь мэдэж байгаа. Намайг санаа тавьж чадахгүй гэж чи бодож байна уу?» гэсэн утгатай үг хэлсэн. Иов Еховагийн сайхан сэтгэлийг ойлгон даруу байж «Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг» хэмээн хариулдаг (Иов 42:5). Иов үнсэн дунд сууж, бие нь тэр чигээрээ яр шарханд баригдсан, нас барсан хүүхдүүдийнхээ төлөө гашуудаж байхдаа дээрх үгийг хэлжээ. Гэсэн хэдий ч Ехова Иовыг хайрладаг, сайшаадаг гэдгээ батлан хэлсэн (Иов 42:7, 8).

16. Сорилттой тулгарвал Исаиа 49:15, 16-д бичсэнээр бид юуг санаж явах ёстой вэ?

16 Өнөөдөр ч хүмүүс биднийг доромжилж, хэнд ч хэрэггүй хүмүүс мэт үзэж харьцдаг. Тэд бидний болон манай байгууллагын нэр хүндийг унагах зорилгоор «элдвээр гүтгэдэг» (Мат. 5:11). Иовд тохиолдсон явдлыг харвал бидэнд сорилт тулгарсан ч өөрт нь үнэнч байж чадна гэж Ехова итгэдгийг ойлгосон. Ехова бидэнд маш их хайртай бөгөөд өөрт нь найддаг хүнийг хэзээ ч орхидоггүй (Исаиа 49:15, 16-г уншина). Бурханд дайсагнадаг хүмүүсийн ямар ч гүтгэлгийг бүү анхаараарай! Туркт амьдардаг Жэймсийн гэр бүл дааж давшгүй мэт сорилттой тулгарчээ. Тэрбээр: «Бурхны ард түмний тухай ярьсан худал үгийг сонсвол маш их сэтгэлээр унадаг юм билээ. Тиймээс бид Хаант төрийн ивээлийг түлхүү анхаарч Еховад идэвхтэй үйлчилж ирсэн. Ингэсний ачаар баяр баясгалангаа алдаагүй» гэжээ. Бид Иовыг дуурайж Еховаг сонсдог. Дайснуудын худал үг биднийг найдвараас маань салгаж чадахгүй.

НАЙДВАР ТАНЬ ХҮЧ ТЭНХЭЭ ХАЙРЛАНА

Үнэнч байсан Иовыг Бурхан шагнасан учраас эхнэртэйгээ урт насалж, аз жаргалтай амьдарсан (17-р догол мөрийг үзээрэй) e

17. Еврей 11-р бүлэгт дурдсан үнэнч хүмүүсийн жишээнээс юу мэдэж авах вэ?

17 Иов бол хүнд бэрх сорилттой тулгараад хүчтэй, эр зоригтой байж даван гарсан Еховагийн олон үйлчлэгчийн нэг юм. Элч Паул еврей итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа өөр олон хүнийг дурдаж, тэднийг «агуу том үүл мэт олон гэрч» гэжээ (Евр. 12:1). Тэд бүгдээрээ хүнд бэрх сорилттой учирсан ч Еховад үнэнч байхын гайхалтай жишээ үлдээсэн (Евр. 11:36–40). Тэсвэр хатуужилтай, хичээл зүтгэлтэй байсан нь талаар болсон уу? Огтхон ч үгүй! Тэд амьд байхдаа Бурхны бүх амлалт биелэхийг үзээгүй ч Еховад найдсаар байсан. Бас Ехова сайшааж байгааг мэдэж байсан тул амлалтууд нь ч биелнэ гэдэгт итгэж байжээ (Евр. 11:4, 5). Тэдний жишээний ачаар цаашид ч Еховад итгэж найдах шийдвэр маань бат байна.

18. Та яахаар шийдсэн бэ? (Еврей 11:6).

18 Өнөөдөр бид улам бүр уруудан доройтож буй ертөнцөд амьдарч байна (2 Тим. 3:13). Сатан Бурхны ард түмнийг сорьсоор байна. Ямар ч сорилттой тулгарснаас үл хамааран «амьд Бурхан [Еховад] итгэж найдан», түүний төлөө шаргуу хөдөлмөрлөхөөр бат шийдэцгээе (1 Тим. 4:10). Бурхан Иовыг шагнасан нь «их өрөвч, өршөөнгүйн» баталгаа юм (Яак. 5:11). Тиймээс «өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэж» үнэнч байцгаая (Еврей 11:6-г уншина).

ДУУ 49 Еховад хоргодъё

a Хүнд бэрх сорилт туулсан хүн гэхээр бидний санаанд шууд л Иов буудаг. Үнэнч энэ хүнд тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ? Сатан биднийг Еховагаас хүчээр холдуулж чадахгүй. Харин Ехова бидэнд юу тохиолдоод байгааг бүгдийг нь мэддэг. Иовыг соригдохын зовлонгүй болгосон шиг нэг л өдөр биднийг ч тийм зовлонгүй болгоно. Хэрэв бид энэ бүхэнд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг бол «Еховад найддаг» хүмүүсийн нэг болно.

b ҮГНИЙ ТАЙЛБАР: «Найдах» гэж орчуулсан еврей үг нь ямар нэгэн юмыг «хүсэн хүлээх» гэсэн утгатай. Бас хэн нэгэнд итгэх, түшиглэх гэсэн санааг илэрхийлдэг (Дуу. 25:2, 3; 62:5).

c Зарим нэрийг өөрчлөв.

d ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иов болон эхнэр нь хүүхдүүдээ үхэлд алджээ.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Иов сорилтыг тэвчээртэйгээр давсан. Ехова гэр бүлийг нь хэрхэн ивээснийг эхнэртэйгээ ярилцаж байна.