Skip to content

Гарчиг руу орох

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 38

Та итгэл хүлээсэн хүн гэдгээ батлаарай

Та итгэл хүлээсэн хүн гэдгээ батлаарай

«Итгэл хүлээсэн хүн үйл хэргийг нууцалдаг юм» (СУР. 11:13).

ДУУ 53 Эв нэгдэлтэй үйлчилцгээе

ТОЙМ *

1. Итгэл хүлээсэн хүн ямар байдаг вэ?

 ИТГЭЛ хүлээсэн хүн амлалтаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг, үнэнийг ярьдаг (Дуу. 15:4). Ийм хүнд найдаж болно гэдгийг хүмүүс мэддэг. Бид ч ах дүү нарынхаа итгэлийг хүлээсэн хүн байхыг хүсдэг. Ийм хүн болоход юу тустай вэ?

2. Итгэл хүлээсэн хүн гэдгээ юугаар батлах вэ?

2 Хүмүүсийг албадаж байгаад өөртөө итгүүлэх боломжгүй. Итгэл хүлээсэн хүн гэдгээ үйл хэргээрээ батлах учиртай. Зарим хүний ярьдгаар итгэлийг мөнгөтэй зүйрлэж болно. Олж авахад хэцүү, алдахад амархан. Ехова итгэл даасан Нэгэн мөн гэдэг нь гарцаагүй. «Түүний бүх ажлууд итгэлтэйгээр хийгдсэн» учраас түүнд итгэхээ болих ямар ч шалтгаан байхгүй (Дуу. 33:4). Бас өөрийг нь дуурайгаасай гэж биднээс хүсдэг (Эф. 5:1). Тэнгэрийн Эцгээ дуурайж итгэл хүлээсэн хүн гэдгээ баталсан Еховагийн зарим үйлчлэгчийн жишээг үзэцгээе. Итгэл хүлээсэн хүн болоход тус болох таван зан чанарын талаар бас ярилцана.

ЕХОВАГИЙН ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ҮЙЛЧЛЭГЧДЭЭС СУРАЛЦАХ НЬ

3, 4. Даниел итгэл хүлээсэн хүн гэдгээ хэрхэн баталсан бэ? Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

3 Зөнч Даниел итгэл хүлээсэн хүн гэдгээрээ гайхалтай жишээ үлдээсэн. Вавилончууд түүнийг олзлон авч явсан ч тэнд байхдаа итгэл хүлээсэн хүн гэдгээ харуулсан. Вавилоны хаан Небухаднезарын зүүдийг Еховагийн тусламжтайгаар тайлбарласных нь дараа хүмүүс түүнд бүр ч их итгэдэг болсон. Нэг удаа тэрбээр хаанд таагүй мэдээ буюу Ехова түүнийг таалахгүй байгааг хэлсэн. Энэ мэдээг дуулгахад эр зориг хэрэгтэй байв. Яагаад гэвэл Небухаднезар их догшин ширүүн хүн байсан (Дан. 2:12; 4:20–22, 25). Тэр цагаас хойш олон жилийн дараа Вавилоны хааны ордны ханан дээрх бичээсийн утгыг үнэн зөв тайлж итгэл хүлээсэн хүн гэдгээ бас дахин баталсан (Дан. 5:5, 25–29). Хожим нь Медегийн хаан Дариус болон томилогдсон сайд нар Даниелыг «ер бусын сүнсийг авсан» хүн гэдгийг анзаарчээ. Бас «түүнээс ямар ч хайхрамжгүй байдал эсвэл завхрал» олоогүй тул түүнийг «итгэмжтэй» хэмээн хүлээн зөвшөөрсөн (Дан. 6:3, 4). Тийм ээ, бүр харь үндэстний удирдагчид ч Еховагийн энэ үйлчлэгчийг итгэж болох хүн гэж үзсэн.

4 Даниелын жишээг бодонгоо бид өөрсдөөсөө «Гэрч бус хүмүүсийн дунд би хэр нэр хүндтэй вэ? Тэд намайг үүрэг даалгавраа сайн биелүүлдэг, итгэл даасан хүн гэж боддог уу?» гэж асуух хэрэгтэй. Ингэж асуух нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл бид итгэл даадаг бол Еховаг алдаршуулна.

Нехемиа чухал даалгаврыг биелүүлж чадах найдвартай хүмүүсийг сонгосон (5-р догол мөрийг үзээрэй)

5. Хананиа итгэмжит хүн байсны учир юу вэ?

5 Захирагч Нехемиа Иерусалимын хэрмийг сэргээн босгосны дараа, МЭӨ 455 онд хотыг хариуцуулж болох найдвартай хүмүүсийг хайж байв. Нехемиагийн сонгосон хүмүүсийн дунд цайзын жанжин Хананиа байсан. Библид бичсэнээр тэрбээр «итгэмжит хүн бөгөөд бусад олон хүмүүсээс илүүгээр Бурханаас эмээдэг хүн байв» (Нех. 7:2). Еховаг хайрладаг, итгэлийг нь эвдэхээс эмээдэг учраас Хананиа ямар ч даалгавар өгсөн нухацтай ханддаг байв. Бид ч гэсэн ийм зан чанаруудыг анхааран хөгжүүлбэл итгэл хүлээсэн Бурхны үйлчлэгч байна.

6. Тухик элч Паулын итгэл хүлээсэн найз нь гэдгээ хэрхэн баталсан бэ?

6 Элч Паулын анд итгэмжит Тухикийн жишээг ярилцъя. Паул гэрийн хорионд байхдаа Тухикт найддагаа илэрхийлж, түүнийг «Эзэнд үнэнч үйлчилдэг хайрт дүү» гэсэн (Эф. 6:21, 22). Бас Эфэс, Колосай дахь ах дүү нартаа Тухикээр захидал хүргүүлээд зогсохгүй тэднийг урамшуулан зоригжуулж, тайвшруулах даалгавар өгч итгэдгээ харуулсан. Тухикийн тухай бодохлоор биднийг Бурхантай дотносоход тусалдаг үнэнч, итгэл хүлээсэн эрчүүд санаанд ордог (Кол. 4:7–9).

7. Хурлын ахлагчид болон туслах үйлчлэгчид итгэл хүлээсэн хүн гэдэг нь юунаас харагддаг вэ?

7 Бид итгэл хүлээсэн ахлагчид болон туслах үйлчлэгч нартаа гүнээ талархдаг. Тэд Даниел, Хананиа, Тухикийн адил үүрэг даалгавраа хариуцлагатай биелүүлдэг. Жишээлбэл бид ажлын өдрийн цуглаанд суухдаа хөтөлбөрт тусгагдсан бүх даалгаврыг хүмүүст хуваарилсан гэдэгт эргэлздэггүй. Даалгавар авсан хүмүүс сайтар бэлдээд биелүүлбэл ахлагчид маш их баярладаг! Мөн илтгэл тавих хүн бэлдээгүй байх вий гэж эмээлгүйгээр амралтын өдрийн цуглаанд суралцагчаа итгэл төгс урьдаг. Бас дэлгэрүүлэхэд шаардлагатай хэвлэл бэлэн байгаа гэдэгт итгэдэг. Бидэнд санаа тавьдаг, итгэл хүлээсэн эрчүүдийг өгсөн Еховад талархдаг. Тэгвэл бид итгэл хүлээсэн хүн гэдгээ хэрхэн батлах вэ?

НУУЦЫГ ХАДГАЛДАГ ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ХҮН БАЙХ НЬ

8. Хүмүүст санаа тавихдаа хэрхэн дүн нуруу алдахгүй байх вэ? (Сургаалт үгс 11:13).

8 Бид ах дүүгээ хайрладаг, ямар байгааг нь сонирхдог. Гэхдээ хувийн хэрэгт нь оролцохгүй, нууцыг нь хадгалж дүн нуруу алдахгүй байх учиртай. Христийн І зууны зарим дагалдагчид «хов жив ярьдаг, бусдын хэрэгт оролцдог, ярих ёсгүй юмыг ярьж зуршсан» байв (1 Тим. 5:13). Бид тэдэн шиг байхыг хүсэхгүй. Гэхдээ хэн нэгэн танд нууцаа ярьсан гэж бодъё. Жишээлбэл Гэрч эмэгтэй эрүүл мэндтэй холбоотой асуудал учирснаа, эсвэл ямар сорилт тулгарснаа яриад хүн амьтанд битгий хэлээрэй гэвэл яах вэ? Бид хэлснээр нь байж хэнд ч, юу ч ярих ёсгүй (Сургаалт үгс 11:13-ыг уншина). * Нууцыг хадгалах нь үнэхээр чухал. Одоо үүнтэй холбоотой хэд хэдэн нөхцөлийг ярилцъя.

9. Гэр бүлийн гишүүн бүр итгэл хүлээсэн хүн гэдгээ хэрхэн харуулах вэ?

9 Гэр бүл дотроо. Гэр бүлийн гишүүн бүр гэрийнхнийхээ нууцыг хадгалах учиртай. Жишээлбэл Гэрч эхнэрийнх нь нэг зуршил нөхөрт нь инээдтэй санагддаг бол үүнийг нь хүмүүст ярьж эхнэрээ ичээх үү? Мэдээж үгүй. Нөхөр нь эхнэртээ хайртай бөгөөд түүнийхээ сэтгэлийг зовоох юм хийхгүй (Эф. 5:33). Бас хүүхэд залуус ч өөрсдөд нь хүндэтгэлтэй хандахад дуртай байдаг. Эцэг эхчүүд үүнийг нь санаж явах учиртай. Хүүхдийнхээ алдаа дутагдлыг хүмүүст ярьж эвгүй байдалд оруулж болохгүй (Кол. 3:21). Хүүхдүүд ч ухаалаг байж, гэрийнхнийхээ нууцыг бусдад ярьж эвгүй байдалд оруулах ёсгүй (Д.хууль 5:16). Хэрэв хүн бүр гэр бүлийнхнийхээ нууцыг хадгалдаг бол гэр бүлийнхэн улам бүр дотносно.

10. Жинхэнэ найз ямар байдаг вэ? (Сургаалт үгс 17:17).

10 Найз нөхдийнхөө дунд. Заримдаа бид зүрх сэтгэлээ дотнын анддаа уудлахыг хүсдэг ч тэр бүр хэлж чадахгүй үе байдаг. Магадгүй бид сэтгэлээ хуваалцаж үзээгүй байж болох юм. Бас таны ярьсныг найз тань тараачихвал ичсэндээ бүр газар доор ормоор санагдах байх гээд эмээж магадгүй. Гэхдээ нууцыг чандлан хадгалдаг, итгэл хүлээсэн найзтай байх нь үнэхээр баярламаар. Тийм хүн бол «[«жинхэнэ», ШЕ] анд найз» (Сургаалт үгс 17:17-г уншина).

Ахлагчид нууц мэдээллийг гэрийнхэндээ задруулдаггүй (11-р догол мөрийг үзээрэй) *

11. а) Ахлагчид болон эхнэрүүд нь итгэж болох хүмүүс гэдгээ хэрхэн харуулдаг вэ? б) Хурлынхаа хэн нэгний хувийн нууцыг сонсоод дараа нь гэртээ ирсэн ахлагчаас юу сурах вэ? (Зургийг үзээрэй).

11 Хурлынхныхаа дунд. Нууцыг хадгалдаг ахлагчид итгэл нэгтнүүддээ «салхинаас хоргодох газар мэт, ... халхавч мэт» байдаг (Ис. 32:2). Ярьсныг маань хэнд ч хэлэхгүй гэж ахлагчдад бат итгэдэг учраас бид санаа зовохгүйгээр ярьдаг. Тэднээс нууцыг мэдэх гэж оролддоггүй. Түүнчлэн нууц мэдээллийг нөхрөөрөө хэлүүлэх гэж оролддоггүй эхнэрүүдийг хүндэлдэг. Ахлагчид итгэл нэгтнүүдийнхээ талаарх хувийн мэдээллийг хэлдэггүй нь эхнэрүүдэд нь сайнаар нөлөөлдөг. Нэг ахлагчийн эхнэр ийнхүү ярьсан. «Манай нөхөр хоньчны эргэлт хийсэн хүмүүсийнхээ хувийн мэдээллийг чандлан хадгалж, бүр хэнтэй уулзсанаа ч хэлдэггүйд нь би их баярладаг. Нэгэнт миний шийдэж чадахгүй асуудлыг надад ярьж ачаа үүрүүлдэггүйг нь би үнэлдэг. Тийм учраас би хурлынхаа хэнтэй ч ердийнхөөрөө харьцдаг. Бас ярьсан юмыг минь хэнд ч хэлэхгүй гэдэгт бат итгэдэг учраас сэтгэл санаагаа, юу тохиолдсоноо нөхөртөө ний нуугүй ярьдаг». Бид бүгдээрээ итгэл хүлээсэн хүн байхыг хүсдэг нь ойлгомжтой. Үүний тулд ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэй вэ? Тавыг нь үзье.

ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН ХҮН БОЛОХОД ТУСТАЙ ЗАН ЧАНАРЫГ ХӨГЖҮҮЛЭЭРЭЙ

12. Хайрыг итгэлийн үндэс гэхийн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

12 Хайр бол итгэлийн үндэс юм. Еховаг болон бусдыг хайрлах нь хамгийн чухал хоёр тушаал гэж Есүс хэлсэн (Мат. 22:37–39). Итгэмжит байх талаар төгс жишээ үзүүлдэг Еховад бид хайртай учраас түүнийг дуурайх хүсэлтэй. Жишээ нь, ах дүүсээ гэсэн хайрандаа хөтлөгдөн тэднийхээ хувийн нууцыг хадгалъя гэж боддог. Бид итгэл нэгтнүүдийнхээ хувийн нууцыг тарааж хор учруулах, ичиж зовоох, өвтгөж шаналгах юмыг хэзээ ч хийхгүй (Ёох. 15:12).

13. Итгэл хүлээсэн хүн байхад ямар зан тустай вэ?

13 Итгэл хүлээсэн хүн болоход даруу зан тустай. Христийн дагалдагч хүн даруу зантай бол мэдэж авсан ямар нэг зүйлээ бусдаас түрүүлэн ярьж гайхуулах гэж оролддоггүй (Флп. 2:3). Бас ямар нэгэн нууцыг мэдэж байгаа гэсэн бодлыг бусдад төрүүлж олноос онцгойрохыг хүсдэггүй. Түүнчлэн Библи болон байгууллагын хэвлэлд гараагүй зүйлийн талаар хүмүүст таамаглан ярихаас зайлсхийдэг.

14. Ухаалаг байх нь итгэл хүлээсэн хүн байхад тустай гэж яагаад хэлж болох вэ?

14 Ухаалаг байх нь «дуугүй байх хийгээд ярих цагаа» ялгаж сурахад тустай (Ном. 3:7). Зарим улс оронд «Ярих нь мөнгө, харин дуугүй байх нь алт» гэсэн зүйр үг байдаг. Өөрөөр хэлбэл ярьснаас дуугүй байх нь заримдаа дээр гэсэн үг. Сургаалт үгс 11:12-т «Ухаалаг нэгэн дуугүй байна» гэж бий. Дараах жишээг бодож үзээрэй. Ярвигтай асуудлыг шийдэхэд туслаач гэж туршлагатай нэг ахлагчаас өөр хурлынхан гуйдаг байжээ. Түүний тухай өөр нэг ахлагч: «Тэрбээр бусад хурлын чухал мэдээллийг тараачих вий гэж үргэлж болгоомжилдог» гэжээ. Ийнхүү ухаалаг байдаг түүнийг хурлынх нь ахлагчид их хүндэлж, бас хурлынхаа нууцыг задруулахгүй гэдэгт нь бат итгэдэг.

15. Шударга байвал хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдгийг харуулсан жишээ хэлнэ үү.

15 Бас шударга байх нь итгэл хүлээсэн хүн байхад тустай. Шударга хүн дандаа үнэнийг ярьдаг учраас бид түүнд итгэдэг (Эф. 4:25; Евр. 13:18). Жишээлбэл та заах чадвараа улам сайжруулъя гэж боджээ. Тэгээд бэлдсэн даалгавраа хэн нэгэнд сонсгож юугаа сайжруулах хэрэгтэйгээ асууна. Та ямар хүнийг зөвлөгөө өгөхдөө шударга байна гэж бодох вэ? Чихэнд чимэгтэй үг хэлэх хүнийг үү, эсвэл яг юу засах хэрэгтэйг үнэнээр хэлэх хүнийг үү? Хариулт нь ойлгомжтой. Библид «Далдлагдсан хайраас ил зэмлэл нь дээр. Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй» гэж бий (Сур. 27:5, 6). Шударгаар хэлсэн найзынхаа үгийг сонсоход эхэндээ хэцүү санагдаж болох ч хожим нь ач тусаа өгнө.

16. Сургаалт үгс 10:19-д биеэ захирахын чухлыг хэрхэн онцолсон бэ?

16 Бас биеэ захирдаг байх нь хүмүүсийн итгэлийг хүлээхэд маш чухал. Биеэ захирч сурвал нууцыг хэлмээр санагдсан ч дуугүй байж чадна (Сургаалт үгс 10:19-ийг уншина). Гэхдээ олон нийтийн сүлжээ ашиглаж байхад биеэ захирах нь хэцүү байж магадгүй. Энэ үед болгоомжтой байхгүй бол маш олон хүнд нууцыг санаандгүй задруулах аюултай. Нэгэнт цахимаар цацагдсан бол энэ мэдээллийг хэн, яаж ашиглахыг, үүнээс болоод ямар хохирол учрахыг бид хянах боломжгүй. Мөн биеэ захирч чаддаг бол ах дүүст маань аюул учруулж болзошгүй зүйлийг хэлүүлэхийг оролддог эсэргүүцэгчдэд хууртахгүй, нууцыг задруулахгүй, дуугүй байна. Манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан юм уу хориглосон улс оронд цагдаагийнханд байцаагдах үед ийм явдал тохиолдож болох юм. Тэгвэл «амаа хазаарлах» гэсэн зарчмыг баримтлах нь тустай (Дуу. 39:1). Бид гэрийнхэн, найзууд, итгэл нэгтнүүд юм уу өөр хэнтэй ч харьцахдаа итгэл даах хүн байх хэрэгтэй. Ингэхийн тулд биеэ захирч сурах нь чухал.

17. Хурлынхан нэг нэгэндээ итгэдэг байхад нь хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

17 Нэг нэгнээ хайрладаг, итгэл хүлээсэн хүмүүсээс бүрдсэн гэр бүлийнхээ гишүүн болгосон Еховад бид маш их талархдаг! Бид ах дүүсийнхээ итгэл хүлээдэг байх ёстой. Хэрэв хурлын хүн нэг бүр хайр, даруу болон шударга занг хөгжүүлж, ухаалаг байж, биеэ захирч сурвал нэг нэгэндээ итгэдэг байхад нь хувь нэмрээ оруулж чадна. Итгэл хүлээсэн хүн болно гэдэг нь нэг л удаагийн хэрэг биш, үргэлжлэх үйл явц юм. Цаашдаа ч Ехова Бурхнаа дуурайж итгэл хүлээсэн хүн гэдгээ үргэлж баталж явъя.

ДУУ 43 Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун

^ Хүмүүс бидэнд итгэдэг байгаасай гэж хүсвэл эхлээд бид өөрсдөө итгэл хүлээсэн хүн гэдгээ батлах учиртай. Энэ өгүүллээр нэг нэгэндээ итгэдэг байх нь яагаад чухал болохыг болон итгэл хүлээсэн хүн болоход ямар зан чанар тустайг ярилцана.

^ Хэрэв хурлын нэг гишүүн ноцтой нүгэл үйлдсэнийг мэдвэл ахлагчид мэдэгдэхийг бид сануулах ёстой. Тэр хүн өөрөө хэлэхгүй байвал Ехова болон хуралдаа үнэнч байдаг бид ахлагчид хэлэх үүрэгтэй.

^ ЗУРГИЙН ТАЙЛБАР: Ахлагч хүний хувийн нууцыг гэрийнхэндээ яриагүй.