Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Еховагийн тухай мэдэх, заахын баяр баясгалан

Еховагийн тухай мэдэх, заахын баяр баясгалан

Би АНУ-ын Пеннсилвани мужийн Ийстон хотод өссөн. Их сургуульд орж их мундаг хүн болно гэж боддог байлаа. Ер нь их сурах дуртай хүүхэд байсан бөгөөд тоо, хими, физик гэх зэрэг хичээлд гаргууд сайн байв. Хар арьстай сурагчдынхаа дундаас сурлагаараа хамгийн сайн нь байсан учраас 1956 онд иргэний эрхийг хамгаалах нэг байгууллага намайг 25 доллараар шагнаж билээ. Гэхдээ хожим нь амьдралын минь зорилго өөрчлөгдсөн. Яагаад?

ЕХОВАГИЙН ТУХАЙ МЭДЭЖ АВСАН МИНЬ

Эцэг эх минь 1940-өөд оны эхээр Еховагийн Гэрчүүдээр Библи заалгадаг байв. Яваандаа хичээл заалгахаа больсон. Гэхдээ Гэрчүүд «Харуулын цамхаг» болон «Сэрцгээ!» сэтгүүлийн дугаарыг ээжид минь тогтмол авчирч өгдөг байв. 1950 онд Нью-Йоркт олон улсын чуулган болоход бид гэр бүлээрээ суусан.

Чуулганаас хойш Лоренс Жэфрис гэдэг Гэрч эрэгтэй манайд ирдэг болсон. Надад үнэнийг зааж өгөх чин хүсэлтэй байв. Эхэндээ би Еховагийн Гэрчүүд улс төрд оролцдоггүй, цэрэгт явдаггүйтэй нь санал нийлдэггүй байлаа. Тэгээд, хэрэв америк хүн бүр дайнд явахаас татгалздаг бол улс маань дайсанд эзлэгдэнэ шүү дээ гэж түүнтэй маргадаг байв. Харин Лоренс тэвчээртэйгээр «Хэрэв америкчууд бүгдээрээ өөрт нь үйлчилдэг болбол дайрч довтлох дайснуудыг Ехова Бурхан яах бол? Чи юу гэж бодож байна?» гэж асуухад би өөрийн эрхгүй эргэцүүлж бодсон. Энэ мэтчилэн өөр олон асуудлыг ярилцдаг байсны ачаар би буруу зөрүү бодож явдгаа ойлгосон. Тиймээс надад сонирхолтой санагдаж эхэлсэн.

Баптисм хүртэж байхдаа

Зооринд байсан ээжийн «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлийг би олон цагаар уншдаг байв. Яваандаа уншиж байгаа зүйл минь үнэн гэдгийг ойлгоод Библи судалъя гэсэн Лоренс ахын саналыг хүлээж авсан. Бас цуглаанд тогтмол явдаг болов. Библиэс мэдэж авсан үнэн нь зүрх сэтгэлийг минь хөдөлгөж би сайн мэдээний дэлгэрүүлэгч болсон. «ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] агуу өдөр ойрхон байгааг» мэдээд зорилгоо өөрчилсөн (Зеф. 1:14). Их сургуульд орохоо болиод Библийн үнэнийг хүмүүст заахаар шийдсэн.

Би 1956 оны 6-р сарын 13-нд ахлах сургуулиа төгсөөд гурван хоногийн дараа дүүргийн чуулганаар баптисм хүртсэн. Еховагийн тухай мэдэж аваад хүмүүст заахын ивээл ямар их байхыг тэр үед би төсөөлөөгүй.

ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙХДАА

Би баптисм хүртээд зургаан сарын дараа байнгын эхлэгч болсон. 1956 оны 12-р сарын «Христиан үйлчлэл»-д «Та хэрэгцээ ихтэй газар үйлчилж чадах уу?» гэсэн сэдэвтэй өгүүлэл гарсан юм. Би үйлчлэх боломжтой байсан тул дэлгэрүүлэгч цөөтэй газар очиж туслахыг хүссэн юм (Мат. 24:14).

Тэгээд Өмнөд Каролинагийн Эжфилд рүү нүүсэн. Тэндхийн хурал дөрөвхөн дэлгэрүүлэгчтэй. Надтай нийлээд тавуулаа болсон. Нэг Гэрч ахын том өрөөнд цуглаанаа хийдэг байв. Би сар бүр 100 цаг дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлгэрүүлэх ажлыг удирдаж, цуглаан дээр илтгэл тавьж тун ч завгүй байсан. Сонирхолтой нь Еховагийн төлөө ихийг хийх тусам түүний тухай илүү их юм мэдэж авдаг байлаа.

Надаар Библийн хичээл заалгадаг байсан нэг эмэгтэй манай хотоос хэдэн километрийн зайд орших Жонстон гэдэг хотод буяны ажилтай холбоотой бизнес эрхэлдэг байв. Сайхан сэтгэлтэй тэр эмэгтэй намайг цагийн ажилтай болгож, цуглаан хийх нэг жижигхэн байр гаргаж өгсөн.

Надад Библийн хичээл заадаг байсан Гэрчийн хүүг Жолли Жефрис гэдэг. Тэр Нью-Йоркийн Брүүклинээс нүүж ирээд надтай хамт эхлэгчээр үйлчилдэг болсон. Бид нэг Гэрч ахын дугуйтай чингэлэгт амьдарч байв.

Өмнөдийн цалин шалихгүй. Бүтэн өдөр ажиллаад 2–3-хан доллар авна. Нэг удаа би хүнсний дэлгүүрээс идэх юм аваад халаасаа хоослоод гарч явтал нэг эрэгтэй «Ажил хийх үү? Би цагийн нэг доллар өгнө» гэдэг байгаа. Тэр нь барилгын газарт цэвэрлэгээ хийх гурван өдрийн ажил байв. Эжфилдэд үйлчлэхэд минь Ехова тусалж байгаа нь тодорхой байлаа. Тиймдээ ч 1958 онд Нью-Йорк хотод болсон олон улсын чуулганд сууж чадсан.

Хуримынхаа өдрөөр

Чуулганы хоёр дахь өдөр Теннисси мужийн Галлатинд байнгын эхлэгчээр үйлчилдэг Руби Уадлингтон гэдэг эмэгтэйтэй танилцсан минь их онцгой явдал байв. Бид хоёр хоёулаа миссионер болох хүсэлтэй байсан учраас чуулганы завсарлагаар Гилеад сургуульд сурах хүсэлтэй хүмүүст зориулсан уулзалтад сууцгаасан. Хожим нь бид захиагаар харилцдаг болсон. Нэг удаа Галлатинд илтгэл тавих урилга авав. Энэ боломжийг ашиглаад түүнд гэрлэх санал тавьсан. Тэгээд Рубигийн хуралд шилжээд 1959 онд бид хоёр гэрлэсэн.

ХУРАЛД ҮЙЛЧИЛЖ БАЙХДАА

Намайг 23-тай байхад Галлатин хурлын үйлчлэгч буюу одоогийнхоор ахлагчдын зөвлөлийн зохицуулагчаар томилов. Чарльз Томпсон гэдэг Гэрч дүүрэг хариуцагчаар томилогдоод анхны эргэлтээ манай хуралд хийсэн. Тэрбээр туршлагатай байсан хэдий ч ах дүүст маань ямар хэрэгцээ байгааг, урьд өмнө ирж байсан дүүрэг хариуцагчид хуралд хэрхэн санаа тавьдаг байсныг надаас лавлаж билээ. Тэгэхэд нь би ямар нэг асуудлыг шийдвэрлэхдээ баталгаатай мэдээллийг олж авахын тулд асууж лавлах нь чухал байдгийг сурсан.

1964 оны 5-р сард Нью-Йорк дахь Ахлагч, туслах үйлчлэгчийн 1 сарын сургуульд суралцахаар болов. Тус сургуульд сурснаар Еховагийн тухай илүү ихийг мэдэх, түүнтэй улам бүр дотносох хүсэл минь бадарсан.

ДҮҮРГИЙН БОЛОН МУЖИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙХДАА

1965 оны 1-р сард Руби бид хоёрыг дүүргийн ажилд томилсон. Хариуцаж авсан анхны дүүрэг маань Теннисийн Ноксвиллээс бараг Вержиниагийн Ричмонд хүртэлх өргөн уудам газрыг хамарч байв. Үүнд хойд Каролина, Кентаки, Баруун Вержиниа дахь хурлууд ордог. Тухайн үед АНУ-ын өмнөд хэсэгт арьс өнгөөр тусгаарлах хууль үйлчилж, хар цагаан арьстай хүмүүс хамтдаа цуглах боломжгүй байсан тул би зөвхөн хар арьстай хүмүүсийн хуралд эргэлт хийдэг байв. Ах дүүс маань ядуу байсан учраас бид байгаа юмаа хуваалцаж сурсан. Олон жил дүүрэг хариуцагчаар үйлчилсэн нэг ах надад чухал юм зааж өгсөн. Тэрбээр: «Хурлуудад эргэлт хийхдээ дарга шиг биш, ах дүү шиг нь байгаарай. Чи тэдэнд ах дүү гэдгээ мэдрүүлбэл тусалж чадна» гэсэн.

Руби бид хоёр нэг жижиг хуралд эргэлт хийсэн. Нэг настай охинтой бүсгүйд Библийн хичээл заах хүнгүй байсан учраас Руби түүнтэй хичээл хийх болсон. Тэд захиагаар хичээлээ хийдэг байв. Дараагийн эргэлтээр очиход тэр бүсгүй цуглаан болгонд ирсэн. Дараа нь тэрбээр томилогдож очсон хоёр тусгай эхлэгчээр Библийн хичээлээ заалгасаар удалгүй баптисм хүртсэн. Энэ явдлаас хойш 30 орчим жилийн дараа 1995 онд Паттерсоны Бетелд, нэг залуу эмэгтэй Рубид өөрийгөө танилцуулсан. Тэрбээр Рубигээр хичээл заалгаж байсан бүсгүйн охин байв. Энэ охин нөхөртэйгөө хамт Гилеад сургуулийн 100-р ангийг дүүргэсэн ажээ.

Эргэлт хийх хоёр дахь дүүрэг маань Флоридагийн төв хэсэг. Тэр үед машин хэрэгтэй байсан учраас боломжийн үнээр нэг машинтай болов. Гэтэл эхний долоо хоног усны насос нь доголдож эхлэв. Засуулах мөнгөгүй учраас нэг Гэрч эрэгтэйг тусалж чадах байх гээд гуйсан. Тэрбээр ажилчдынхаа нэгээр машиныг маань засуулаад үнэ хөлс авалгүй «За, машин чинь зүгээр болчихлоо» гэж хэлсэн. Тэгээд зогсохгүй бидэнд мөнгө өгсөн. Энэ нь Ехова үйлчлэгчдээ үнэхээр халамжилдгийг харуулсан сайхан жишээ байлаа. Иймээс өгөөмөр байх хүсэл маань улам бадарсан.

Аль ч хуралд очоод бид ах дүүсийнхээ гэрт хоноглодог байв. Тиймээс олон сайн найзтай болсон. Би нэг өдөр хурлын тайланг бичгийн машинаар бичиж байтал ажил гараад дутуу орхиод явав. Орой нь ирсэн чинь айлын маань гурван настай хүү тайланг минь гүйцээж «тусалсан» байв. Би энэ тухай тэр хүүд олон ч удаа ярьж инээлцсэн дээ.

Би 1971 онд муж хариуцагчаар Нью-Йорк хотод үйлчлэх томилолт хүлээж авав. Бид маш их цочирдсон! Тийшээ нүүж очих үед би 34-хөн настай байсан. Ах нар маань хар арьстай анхны муж хариуцагч намайг халуун дотноор хүлээж авсан.

Муж хариуцагч би амралтын өдөр бүр дүүргийн чуулган дээр Еховагийн тухай заах завшаан эдэлсэн. Дүүрэг хариуцагчдын дунд надаас илүү туршлагатай хүн олон байв. Тэдний нэг нь намайг баптисм хүртэх үед баптисм хүртэгчдэд зориулсан илтгэл тавьсан ах юм. Бас нэг нь хожим Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Теодор Яарач ах. Брүүклиний Бетелд ч туршлагатай эрчүүд олон байв. Дүүрэг хариуцагчид болон бетелчид намайг дэмждэг байсанд би маш их талархаж явдаг. Энэ хайр халамжтай хоньчид Бурхны Үгээр удирдуулж байгууллагыг нь үнэнчээр дэмждэгийг би өөрийн биеэр мэдэрсэн. Даруу төлөв зантай тэдний ачаар муж хариуцагчийн ажлыг хийхэд амар байсан.

ЭРГЭЭД ДҮҮРГИЙН АЖИЛД ТОМИЛОГДСОН НЬ

1974 онд Удирдах Зөвлөл дүүрэг хариуцагчаар үйлчилж байсан өөр хэдэн хүнийг муж хариуцагчаар томилов. Тэр үед би дахин дүүрэг хариуцагчаар томилогдож Өмнөд Каролинад үйлчлэхээр болсон. АНУ-ын өмнөд хэсэгт хар цагаан арьстай хүмүүс хамтдаа цуглах боломжтой болсон нь баярлууштай хэрэг байлаа.

1976 оны сүүлээр намайг Атланта Коламбус хоёрын дундах Жоржиа дүүрэгт томилов. Хорлон сүйтгэгчид гэрийг нь шатаахад амиа алдсан хар арьст таван хүүхдийг дурсах цуглаанд илтгэл тавьснаа тодхон санаж байна. Түлэгдэж гэмтсэн эцэг эх нь эмнэлэгт хүргэгдсэн байв. Тэднийг тайвшруулахаар уван цуван яваа хар цагаан арьст Гэрчүүдээс ах дүүгээ гэсэн хайрыг нь мэдэрсэн. Өрөвч, энэрэнгүй сэтгэлтэй Бурхны үйлчлэгчдийн ачаар хэн ч ямар ч хүнд бэрхийг давж чадна.

БЕТЕЛД БАЙХДАА

1977 онд бид хоёр Брүүклиний Бетелд хэдэн сар ажиллаж амьдрах болов. Ажил бараг дуусах үед Удирдах Зөвлөлийн хоёр гишүүн бид хоёртой уулзаад байнгын бетелчин болох уу гэж асуусан. Бид хоёр ч дуртайяа зөвшөөрсөн.

Би 24 жил Үйлчлэлийн хэлтэст ажилласан бөгөөд тэнд төвөгтэй асуудлуудыг байнга шийддэг. Энэ хугацаанд Удирдах Зөвлөл Библийн зарчмын дагуу удирдамж өгсөөр ирсэн. Эдгээр удирдамжийг мөрдлөг болгон янз бүрийн асуултад хариулж, бас дүүрэг хариуцагчид, ахлагчид, эхлэгчдийг сургадаг. Энэ сургалтын ачаар олон хүн төлөвшсөн Христийн дагалдагч болсон. Мөн Еховагийн байгууллага ч улам бэхэжсэн.

Би 1995-аас 2018 оны хооронд төвийн төлөөлөгч буюу тухайн үед нэрлэж байснаар бүсийн харгалзагчийн ажлаар олон салбарт эргэлт хийсэн. Тэгэхдээ Салбарын хороо, бетелчид, миссионеруудтай уулзаж тэднийг урамшуулж, хүнд хэцүү асуудлаа даван гарахад нь тусалдаг байв. Ах дүүс маань туршлагаасаа хуваалцахад бид хоёр ч их урамшдаг байв. Жишээ нь бид 2000 онд Руандад эргэлт хийсэн. Ах дүүс маань болон Бетелийн гэр бүлийнхэн 1994 онд болсон геноцид буюу хүнд үеийг хэрхэн давсныг сонсоод бидний сэтгэл маш их хөдөлсөн. Тэр үед олон хүн хайртай дотнын хүнээ үхэлд алдаж гашуун зовлон үзсэн ч итгэл, найдвар, баяр баясгалангаа алдаагүй.

Хуримынхаа 50 жилийн ойгоор

Бид одоо 80 гарч байна. Сүүлийн 20 жил би АНУ-ын Салбарын хороонд үйлчилж байна. Би хэзээ ч их сургуульд орж боловсрол эзэмшээгүй ч Еховагийн байгууллагын олгодог хамгийн дээд боловсролыг эзэмшсэн. Үүний ачаар үүрдийн ашиг тустай Библийн үнэнийг хүмүүст заах боломжтой болсон (2 Кор. 3:5; 2 Тим. 2:2). Библийн үнэнийг мэдсэн хүмүүс сэтгэл хангалуун амьдарч, бүтээгчтэйгээ дотносдогийг би харсан (Яак. 4:8). Руби бид хоёр боломж л гарвал Бурхны тухай мэдэж аваад Библийн үнэнийг бусдад заах завшаанаа эрхэмлэж байхыг хүмүүст үргэлж уриалдаг. Энэ бол Еховагийн үйлчлэгчийн эдэлж болох хамгийн гайхалтай завшаан юм!